Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 00135

 

 

Н.Дамдинсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Хэргийн индекс 142/2016/0146/Э

 

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Туяа даргалж, шүүгч З.Хосбаяр, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй,

 

Шүүх хуралдаанд:  

 

           Прокурор                                           Ч.Сэлэнгэ

            Шүүгдэгч                                           Н.Дамдинсүрэн

            Шүүгдэгчийн өмгөөлөгч               М.Ганзориг

            Нарийн бичгийн дарга                 Б.Ганчимэг  нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолтой Н.Дамдинсүрэнд холбогдох 201614000101 дугаартай, эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Дамдинсүрэн, түүний  өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр Архангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Эрдэнэт Дулааны цахилгаан станцад машиннист ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Орхон аймаг Баян-Өндөр сум Уртбулаг баг 5-17-56 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, АЯ85110498 регистрийн дугаартай, Боржигон овгийн Нацагдоржийн Дамдинсүрэн.

 

Шүүгдэгч Н.Дамдинсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт “Пирамид” төвийн хойд талын  авто замд “тоёото алион” маркийн 84-71 ОРО улсын дугаартай машин  жолоодож яваад явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Батцэцэгийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Боржигон овгийн Нацагдоржийн Дамдинсүрэнг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2., 208 дугаар зүйлийн 208.1.1.д заасныг баримтлан Нацагдорж овогтой Дамдинсүрэнд холбогдох эрүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүйг тус тус дурьдаж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 505 дугаар зүйлийн 505.1., 505.2.д зааснаар шүүгдэгч Н.Дамдинсүрэнгээс 1.009.000 төгрөг гаргаж хохирогч Б.Батцэцэгт олгох, хохирогч цаашид гаргах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдаж,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10.т зааснаар шүүгдэгч Н.Дамдинсүрэнгийн нэр дээр бүртгэлтэй 8471 ОРО улсын дугаартай тээврийн хэрэгслийг тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлж, түүний нэр дээрхи харилцах дансны зарлагын хөдөлгөөнийг хязгаарлан зогсоох шийдвэрийг хүчингүй болгож,

 

Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

 

Н.Дамдинсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 8471 ОРО улсын дугаартай автомашинтайгаа “Мэнд-Амар” худалдааны төвийн зүүн талын авто зам дээр явган хүний гарцтай хэсгээр хурдаа хасаад явж байгаад зам хөндлөн гарч явсан хохирогч Б.Батцэцэгийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөж зам тээврийн осол гаргаснаа хүлээн зөвшөөрдөг. Шинжээчийн 163, 222 тоот дүгнэлтүүдэд Б.Батцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан гэж үзсэн. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргаж Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 459 дүгээр дүгнэлтээр Б.Батцэцэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон. Б.Батцэцэгийн хүсэлтээр дахин Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 657 тоот дүгнэлтээр Б.Батцэцэгийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасны дагуу авагдсан шинжээчийн 459, 657 дугаар дүгнэлтүүдийг нотлох баримтын хэмжээнд үнэлж дүгнэлтгүй орхигдуулсан.

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт “шүүгдэгч Н.Дамдинсүрэн ...Б.Батцэцэгийг мөргөж түүний бие махбодид хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь ...шинжээчийн 163, 222 тоот дүгнэлтүүд, техникийн шинжээчийн 10 тоот дүгнэлт зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна” гэсэн атлаа мөн тодорхойлох хэсэгт “...харин шинжээчийн 459, 222 тоот дүгнэлтүүдийг нотлох баримтаас хасаж тооцсон болно” гэжээ энэ нь шүүхийн шийтгэх тогтоолыг ойлгомжгүй болгож байна. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлийн 294.2.д заасан шүүхийн тогтоол ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1.д заасныг баримтлан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Н.Дамдинсүрэн давж заалдах гомдолдоо:

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

 

Миний бие 2016 оны 01 дүгээр сарын 29-ний орой 17 цагийн үед өөрийн эзэмшлийн 8471 ОРО улсын дугаартай автомашинтайгаа “Мэнд-Амар” худалдааны төвийн зүүн талын авто зам дээр явган хүний гарцтай хэсгээр хурдаа хасаад явж байгаад зам хөндлөн гарч явсан хохирогч Б.Батцэцэгийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөж зам тээврийн осол гаргасан нь үнэн. Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч нарын 163, 222 тоот дүгнэлтүүдэд Б.Батцэцэгийн биед хүндэвтэр гэмтэл учирсан, 459, 657 тоот дүгнэлтүүдэд Б.Батцэцэгийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тус тус тогтоосон. Гэтэл шүүх хэт нэг талыг барьж шинжээчийн 163, 222 тоот дүгнэлтүүдийг үндэслэн шийдвэр гаргаж намайг гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна.

 

Иймд Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Сэлэнгэ дүгнэлтдээ:

 

Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна.

 

Давж заалдах шатны шүүх хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хянаж  үзлээ.

 

Шүүгдэгч Н.Дамдинсүрэн нь 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрт ”Пирамид “төвийн хойд авто замд “тоёото алион” маркийн, 84-71 ОРО улсын дугаартай машин жолоодож яваад явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч Б.Батцэцэгийг мөргөж биед нь хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

 - хохирогч Б.Батцэцэгийн “...явган хүний гарцаар зам гарч явахад машин ирж мөргөж хол шийдэгдэж унасан... Энэ ослоос хойш миний толгой өвдөнө, хөл мэдээгүй зогсох боломжгүй, нуруу өвдөөд тэргэнцэртэй явдаг болсон. Би эрүүл саруул хувиараа юм хийгээд хоёр хүүхдээ тэжээгээд яваад байсан. Маш их гомдолтой байна...” гэсэн мэдүүлэг,

 

-Шүүгдэгч Н.Дамдинсүрэнгийн “...Өөрийн эзэмшлийн машинтайгаа авто зам дээр явган хүний гарцтай хэсгээр хурдаа хасаад явж байгаад гарцаар зам хөндлөн гарч явсан Б.Батцэцэгийг машиныхаа баруун урд хэсгээр мөргөж зам тээврийн осол гаргасан нь үнэн...” гэсэн мэдүүлэг,

 

-Гэрч А.Батболд, С.Цогтбаяр нарын “...Авто зам дээр үүрэг гүйцэтгэж байхад ...явган хүний гарцтай хэсгээр зам хөндлөн гарч явсан явган зорчигч эмэгтэй хүнийг “тоёота алион” маркийн 84-71 ОРО улсын дугаартай авто машин мөргөсөн...” гэсэн мэдүүлэг,

 

-Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд,  тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, техникийн шинжээчийн “...Жолооч Н.Дамдинсүрэн нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.1.д заасан заалтыг зөрчсөнөөр зам тээврийн осол гарсан...” талаарх дүгнэлт, хохирогч Б.Батцэцэгийн өвчний түүх, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлтүүдээс хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзээд түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан гэсэн дүгнэлтүүдийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1.д заасан эрүүгийн хариуцлагад татах хугацаа өнгөрсөн  байх тул   хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол   үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Н.Дамдинсүрэн болон түүний өмгөөлөгчийн гаргасан ...хохирогч Б.Батцэцэгийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэсэн дүгнэлтүүдийг нотлох баримтанд үнэлээгүй..., шийтгэх тогтоол нь ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангаагүй.... тул тогтоолыг  хүчингүй болгож хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэсэн давж заалдах гомдлын дагуу хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзэхэд хохирогчид нийт 4 удаа гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт гарсан байна. Үүнд :

 

          1./ Шүүхийн шинжилгээний шинжээчийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 163 дугаартай:

         - Хохирогч Б.Батцэцэгийн биед бүсэлхийн 4-өөс 5 дугаар нугалам, бүсэлхийн 5-с ахар сүүлний 1 дүгээр нугалмуудын хоорондох жийргэвч мөгөөрсний цүлхийлт, ууцны хэсгийн ахар сүүлний баруун талын цууралт, бүсэлхий нурууны өвдөлт, тархи доргилт үүсчээ... Дээрх гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.3.1.д зааснаар гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна... гэсэн дүгнэлт,/ х.хийн 22.р хуудас/

 

2/ 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Орхон аймгийн шүүхийн шинжилгээний албаны  шинжээчийн  бүрэлдэхүүнтэй гаргасан 222 дугаартай:

 

-Хохирогч Б.Батцэцэгийн биед бүсэлхийн 4 ба 5, бүсэлхийн 5 ба ууцны 1-р нугалам хоорондын жийргэвч мөгөөрсний цүлхийлт, ууцны төгсгөл хэсэг болон ууц ахар сүүлний уулзвар хэсэгт баруун талд цууралт, баруун ууц аарцагийн дэлбээний холбоосын няцрал, суналт зэрэг гэмтэл үүсчээ... Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна, хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөх байдлыг эдгэрэлтээс шалтгаалан тогтооно. Гэмтлийн зэргийн зааврын 2.3.1-д заасны дагуу гэмтлийн “хүндэвтэр” зэрэгт хамаарна...  гэсэн дүгнэлт,/х.хийн 32.р хуудас/

 

3./ Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй хэргийн материалаар шүүх эмнэлгийн магадлан шинжилгээ хийсэн 2016 оны 04 дүгээр сарын 19-ний  өдрийн 459 дугаартай :

 

-Хохирогч Б.Батцэцэгийн биед бүсэлхийн 4-өөс 5 дугаар нугалам, бүсэлхийн 5-с ахар сүүлний 1-р нугалам нугаламнуудын хоорондох жийргэвч мөгөөрсний цүлхийлт, бүсэлхийн нурууны нугасны мэдрэлийн эмгэгшил, өвдөлт, тархи доргилт гэмтэл үүсчээ. ...Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна. Шинжээч эмч Ч.Буянзаяагийн 163 дугаар дүгнэлтийн 3, 4 дүгээр заалт, шинжээч эмч Ж.Гэрэлмаа, Д.Даваасүрэн, Л.Болд нарын 222 дугаар  дүгнэлтийн 4 дүгээр заалт нь үндэслэлгүй байна.... гэсэн дүгнэлт, / х.хийн 132.р хуудас/

 

4./Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн  2016 оны 05 дугаар сарын 26-ны 657 дугаартай:

 

-Хохирогч Б.Батцэцэгийн биед учирсан гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтүүд тус тус гарсан байна.

 

Дээрх дүгнэлтүүдээс үзэхэд хохирогч Б.Батцэцэгийн биед учирсан  гэмтлийн зэргийн талаар хүндэвтэр, хөнгөн гэсэн хоёр өөр дүгнэлтүүд гарчээ.

 

 Гэтэл бодит нөхцөл байдалд хохирогч Б.Батцэцэгийн биеийн эрүүл мэндийн байдал тухайлбал хохирогч Б.Батцэцэг одоог хүртэл хоёр хөл дээрээ явж чадахгүйн улмаас тэргэнцэр дээр сууж  байгаа, хохирогчийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар буюу 4 долоо хоногоос дээш хугацаагаар сарниулсан  болох нь мэргэжлийн шинжээчдийн дүгнэлтээр тогтоогдсон, түүнчлэн   2016 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэрээр хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдалтыг 50%-иар тогтоож 1 жилийн хугацаагаар хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэмж тогтоосон болох нь хэрэгт авагдсан эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын  шийдвэр, тэтгэмжийн дэвтэр зэрэг нотлох баримтаар тогтоогдож байгаа учраас хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна. / х.хийн 212., 213.р хуудас /

 

Өөрөөр хэлбэл  хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээч эмч нарын дүгнэлтүүдээс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 163 дугаар дүгнэлт, шинжээч эмч Ж.Гэрэлмаа мэдрэлийн их эмч Д.Даваасүрэн, гэмтлийн эмч Л.Болд нарын бүрэлдэхүүнтэй гаргасан 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 222 дугаар дүгнэлтүүдийг үндэслэн түүний биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзэж хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарчээ.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 85 дугаар зүйлийн 85.4.д зааснаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 459., 657 дугаар дүгнэлтүүд нь  хэргийн нөхцөл байдал болон  хохирогчийн биеийн эрүүл мэндийн бодит байдалтай нийцэхгүй  байгаа учраас  хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн “Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шинжээчийн 459, 222 дугаар дүгнэлтүүдийг нотлох баримтаас хасаж тооцсон гэж   дүгнэсэн нь буруу байна.

 

          Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Ганзориг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч магадлал гардан авснаас хойш 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ТУЯА                                                                                            

 

                    ШҮҮГЧИД                                                         З.ХОСБАЯР

 

                                                                                              С.ЦЭЦЭГМАА