Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 157/ШШ2025/00483

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

          Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч М.Энхмандах би,

Нэхэмжлэгч .......................... тоотод оршин суух, П.Б нэхэмжлэлтэй,

Хариуцагч .......................... тоотод оршин суух Г.Б холбогдох “түрээсийн гэрээний төлбөр 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянаад     

      ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “П.Б миний бие 2021 оны 9-р сарын 15-ны өдөр Г.Б өөрийн эзэмшлийн LC-300 маркийн эксковатор, 50 маркийн ковшийг 1 сарын 68,000,000 төгрөгөөр түрээслүүлсэн. Тухайн үед Г.Б нь Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын уурхайд нөхөн сэргээлт хийнэ гэж миний LC-300 маркийн эксковатор, 50 ковшийг түрээслэн ажиллуулсан бөгөөд тус түрээсийн төлбөрөөс одоо 31,000,000 төгрөг дутуу байгаа. Г.Б С-300 маркийн эксковатор, 50 маркийн ковш түрээслэсэн төлбөрөөс дутуу төлбөр болох 31,000,000 төгрөгийг нэхэх үед Г.Б нь өгнө гэж хэлээд өнөөдрийг хүртэл өгөхгүй намайг хохироосоор байх тул Г.Б LC-300 маркийн эксковатор, 50 ковшийн түрээсийн төлбөрт 31,000,000 төгрөгийг гаргуулж намайг хохиролгүй болгож өгнө үү.

Миний бие энэ асуудлыг 2023 оны 1-р сарын 17-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын цагдаагийн газарт өргөдөл өгч шалгуулахад Г.Б нь мөн л миний хохирлыг барагдуулна гэсэн бичгийг хийж өгч байсан юм.” гэжээ

2.Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Г.Б  миний бие П.Б  26,500,000 төгрөгийг 2025 ондоо багтаан 10,000,000 төгрөг, 2026 оны 04, 05 дугаар сард 16,500,000 төгрөгийг өгөхөөр тохиролцсон болно.” гэжээ.

3.Нэхэмжлэгч П.Б    шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...П.Б миний бие Бор-Өндөр сумын иргэн Н.Б үйлчилгээний түрээсийн төлбөр болох 31,000,000 төгрөгийг авах авлагатай бөгөөд үүнээс 4,500,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 26,500,000 төгрөгийг эвлэрэлцэн тохиролцсны улмаас үндсэн дээр 2025 оны 12 сард багтаан 10,000,000 төгрөгийг, үлдэгдэл мөнгийг 2026 оны 4-6 сард багтаан авахаар тохирсон болно.” гэжээ.

                                                          ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч П.Б нь хариуцагч Г.Б холбогдуулан “түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

2.Нэхэмжлэгч П.Б, хариуцагч Г.Б нарын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.

 

3.Зохигчдын хооронд байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэгч нь хариуцагчаас “түрээсийн гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 31,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.  

 

4.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч П.Б, хариуцагч Г.Б нар нь эвлэрч, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага болох 31,000,000 төгрөгөөс 4,500,000 төгрөгийг хасаж, нэхэмжлэгч нь 26,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар, хариуцагч нь 26,500,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр эвлэрч, тайлбарыг тус тус шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

5.Нэхэмжлэгч П.Б нь нэхэмжлэлийн шаардлага болох 31,000,000 төгрөгөөс 4,500,000 төгрөгөөр багасгаж, 26,500,000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч нь төлөхийг зөвшөөрч, тайлбарыг зохигчид бичгээр ирүүлсэн байгаа нь хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхолд харшлахгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

6.Нэхэмжлэгч П.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийн тал хувь болох 156,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 156,475 төгрөгийг мөн хариуцагч Г.Б зохигчийн эвлэрэн хэлэлцсэн үнийн дүн болох 26,500,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 290,450 төгрөгийн тал хувь болох улсын тэмдэгтийн хураамж 145,225 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч П.Б олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь: 

1.Нэхэмжлэгч П.Б нэхэмжлэлтэй хариуцагч Г.Б холбогдох 31,000,000 (гучин нэгэн сая) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа 4,500,000 төгрөгөөр багасгаж, хариуцагч нь нэхэмжлэгчид 26,500,000 (хорин зургаан сая таван зуун мянган) төгрөгийг төлөхөөр тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч П.Б улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 312,950 төгрөгийн тал хувь болох 156,475 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, төрийн сангийн данснаас улсын тэмдэгтийн хураамж 156,475 төгрөгийг, хариуцагч Г.Б улсын тэмдэгтийн хураамж 145,225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч П.Б олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг хариуцагч Г.Б нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1 дэх хэсэгт зааснаар уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 жилийн хугацаа өнгөрсөн тохиолдолд иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэхгүй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэхүү шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

                                 ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            М.ЭНХМАНДАХ