Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00356

 

 

 

 

 

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 210/МА2018/00356

 

 

 

Цагаан Хуаран Консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03826 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Цагаан Хуаран Консалтинг ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: М.Алтанзаанд холбогдох Орон сууц захиалгын гэрээний дагуу төлвөл зохих 55 300 000 төгрөгийг орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн эх үүсвэрээр төлөх байсан хугацаа буюу 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны алданги 3 682 980 төгрөг, хохирол 1 023 050 төгрөг, нийт 4 706 030 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Отгонтуяа

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Гантөмөр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Энэрэл нар оролцов.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Отгонтуяа болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Алтанзаан нь 2015 онд ашиглалтад оруулсан 432 айлын орон сууцны барилгаас орон сууц захиалж, урьдчилгаа төлбөр төлөн үлдэгдэл төлбөрийг ипотекийн зээлээр төлөхөөр тохиролцон гэрээ хийж, орон сууцанд орсон. Манай компанитай байгуулсан орон сууц захиалгын гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2, 5 дугаар зүйлийн 5.1, гэрээний хавсралт 1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор 70 хувийн төлбөрийг төлөх байсан боловч 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн байдлаар 329 хоногийн хугацаа хэтрэлттэй, үлдэгдэл төлбөр болох 55 300 000 төгрөг төлөгдөөгүй. Цагаан хуаран консалтинг ХХК нь орон сууц захиалгын гэрээний 3 дугаар зүйлийн 3.6-д заасны дагуу үлдэгдэл төлбөрийг төлөхийг М.Алтанзаанд утсаар болон бичгээр удаа дараа мэдэгдэл хүргүүлэн, мөн биечлэн уулзсан боловч төлбөрөө төлөхгүй байсан тул 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр орон сууц захиалгын гэрээг цуцалж, 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оын 05 дугаар сарын 29-ний өдрийн хооронд орон сууцаа чөлөөлж, компанийн санхүүгийн албатай холбогдож тооцоо нийлэхийг түүнд мэдэгдсэн.

Гэвч хариуцагч өнөөдрийг хүртэл орон сууцыг чөлөөлж, компанийн санхүүгийн албатай тооцоо нийлээгүй болно. Иймд нэхэмжлэгч Цагаан Хуаран Консалтинг ХХК нь хариуцагч М.Алтанзаанаас Иргэний хууль, 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн №230/4 тоот орон сууц захиалгын гэрээний холбогдох заалтуудыг үндэслэн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй 329 хоног хугацаа хэтрүүлсэн байх тул 5 458 110 төгрөгийн алданги гаргуулах, үүрэг хожим дуусгавар болсон тул Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 88а байрны 36 тоот орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгч Цагаан хуаран консалтинг ХХК-д шилжүүлэхийг даалгах, хариуцагчийг Баянзүрх дүүрэг 14 дүгээр хороо, 88а байр 36 тоот орон сууцнаас албадан гаргуулах, анх хүлээлгэн өгсөн байдлаар орон сууцыг сэргээн засварлах зардал 5 596 867 төгрөгийг гаргуулах, хариуцагч үүргээ хугацаанд нь гүйцэтгэсэн бол нэхэмжлэгчид зайлшгүй орох байсан орлого 329 хоног хэтэрсэн хугацаанд тохирсон 3 638 740 төгрөгийн хүүг гаргуулах шаардлагыг гаргасан боловч М.Алтанзаан нь Орон сууц захиалгын гэрээний дагуу төлвөл зохих 55 300 000 төгрөгийг орон сууцны ипотекийн 8 хувийн зээлийн эх үүсвэрээр төлөх байсан хугацаа буюу 2017 оны 03 дугаар сарын 11-ний өдрөөс хойш 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл хугацааны алданги 3 682 980 төгрөг, хохирол 1 023 050 төгрөг, нийт 4 706 030 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж байна. Хариуцагч нь орон сууцыг нийт 79 056 000 төгрөгөөр худалдан авахаар захиалаад, 2016 оны 01 дүгээр сарын 8-нд орон сууцны гэрээ байгуулсан. 100 хувийн төлөлтийн 15 хувийг өөрөө, 15 хувийн төлөлтийг Улаанбаатар сангаар тухайн үеийн төрийн албан хаагч нар дунд шалгаруулалт явагдаад шалгарсан нэг ажилтандаа олгосноор шийдсэн. 70 хувь болох 55 300 000 төгрөгийг Капитал банк ХХК-иас 5 хувийн зээлээр төлөхөөр болсон. Гэрээ байгуулснаас хойш Капитал банк ХХК-иас зээлийн мөнгө нь орж ирээгүй. Монгол банкны ерөнхийлөгчийн 2013 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн А/122 журам үйлчилж байсан, энэ журам 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хэрэгжсэн.

Гэрээ байгуулсан үед 8 хувийн зээлийн үйлчилгээ байсан тул 8 хувийн зээлд хамрагдана гэдгээ мэдэх боломжтой байсан гэсэн үг. Монгол банкны ерөнхийлөгчийн 2016 оны 03 дугаар сарын 11 өдрийн А/67 тушаалаар журам шинэчлэгдэн батлагдсан. Энэ журамд заагдсанаар ипотекийн зээлийн гэрээнд хамаарагдах гэж байгаа бол зээл хүсэгчийн нэр дээр нь бүртгэгдсэн байх ёстой гэснээс үүдээд гэрчилгээг гаргаж өгсөн. Манай байгууллагатй харилцаатай Капитал банк ХХК-д 5 хувийн зээлийн хэрэгжилт үйлчилж эхэлсэн болохоор банкинд хандахыг хэлсэн. Монгол банкнаас 5 хувийн зээлийн санхүүжилт зогссоноор 9 сард бүх банк зээлээ олгохоо зогсоосон байсан. Капитал банк ХХК нь манайд 11 дүгээр сарын 22-нд 5 хувийн зээлийн хүсэлтийг хүлээж авахгүй гэсэн албан бичиг ирүүлсэн. 8 хувийн зээлийн үйлчилгээнд хамрагдах боломж нь байсан, 5 хувь нь боломжгүй гээд төрийн байгууллага мэдэгдэл өгсөн. Манайд хандахдаа 8 хувийн зээлийн хэрэгжилтийн хугацаанд хандаж гэрээ хийсэн. Иймд гэрээний дагуу алдангиа тооцох ёстой. Гэрээний дагуу бол энэ хүнээс 9 сая гаруй төгрөг гаргуулах ёстой. Харин ч нөхцөл байдлыг нь ойлгоод 50 хувиар бууруулж тооцсон. Ипотекийн зээлийн гэрээгээр цугласан мөнгөө харилцагч банкиндаа байршуулдаг, бодогддог хүү маань жилийн 13-аас дээш хүүтэй байгаа. Гэхдээ хариуцагчийн хувьд энэ хүүгээр бодоогүй. Хугацаагүй хадгаламжаар тооцож, Иргэний хуулийн 222.5, 227.3, 229.1 дэх хэсэгт заасан заалтыг үндэслэж хоногийн 0.1, сарын 0.3, жилийн 3.6 хувиар тооцож өгсөн хүү болох 1 023 050 төгрөг, нийт 4 706 950 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч М.Алтанзаан түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Цагаан хуаран консалтинг ХХК-ийн дахин төлөвлөлтийн байрнаас захиалж авсан. Төрийн сангийн санхүүжилтээр төлөхөөр болсон. Төрийн сангийн санхүүжилтийн 15 хувьд хамрагдахын тулд дахин төлөвлөлтийн, 5 хувийн зээлэнд орох шаардлагатай болсон. Цагаан хуаран консалтинг ХХК-иас 42.8 м.кв байр ипотекийн зээлээр авсан. Тухайн үед зээлийн банкаа Цагаан Хуаран Консалтинг ХХК-тай хамтран ажиллаж байгаа Капитал банк ХХК-ийг сонгосон. Материалаа бүрдүүлж өгөөд 2016 оны 05 дугаар сарын 12-ны шийдвэрээр 5 хувийн зээлийн шалгуурыг хангасан. Гэвч Капитал банк Монгол банкнаас санхүүжилт байхгүй буюу орж ирээгүй шалтгаанаар зээлийг минь шийдэж өгөөгүй одоог хүрсэн. Монгол банкнаас гарсан А/64 тогтоолд 2016 оны 09 дүгээр сарын 15-аас өмнө зээлийн материалаа өгсөн хүмүүсийг 5 хувьд оруулна, үүнээс хойшихийг 8 хувьд оруулна гэсэн шийдвэр гарсан байсан. 5 болон 8 хувийн зээлийн хооронд 16 00 000 төгрөгийн зөрүү гарч байгаа. Бидний Цагаан хуаран консалтинг ХХК-иас байр авсан хэсэг оршин суугчид зээлээ 5 хувиар шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Энэ хугацаа хүртэл 5 хувь хүчингүй болж 8 хувь шийдвэрлэх саналыг Цагаан хуаран консалтинг ХХК мэдэгдсэн. Миний зээл Засгийн газрын 5 хувийн хууль тогтоомжийн дагуу цаг хугацаанд нь багтаж шийдвэр гарсан. 5 хувиар авах хүсэлтэй байсан. 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Капитал банк ХХК-тай дахин очиж 8 хувийн зээлээ шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, зээл шийдвэрлэгдэн Цагаан хуаран консалтинг ХХК-д үлдэгдэл 55 300 000 төгрөгийг шилжүүлсэн. 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Монголбанкнаас гарсан А/64 тогтоол байдаг. Засгийн газар, Монголбанкнаас хэрэгжүүлж байгаа ипотекийн зээлийг тус өдрөөс өмнө өгсөн иргэдийн зээлийг 5 хувиар олгохоор болсон. Капитал банк ХХК нь Монголбанкны шаардлагыг хангахгүй байсан. Засгийн газар болон Монголбанкнаас гаргасан уг хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн шаардлагыг хангахгүй, уг хөтөлбөрт нь хамрагдах боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад Цагаан хуаран консалтинг ХХК-тай гэрээ байгуулан, улмаар 5 хувийн зээл хүссэн иргэдийн материалыг хүлээн аваад банк өөрөө зээл олгохоор шийдсэн тогтоолоо 2015 оны 05 дугаар сарын 12-ны өдөр хамтран ажиллах гэрээтэй Цагаан хуаран консалтинг ХХК, харилцагч нарт мэдэгдсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын байгуулсан гэрээний 5.2-т заасан үүргээ биелүүлээгүй зүйл огт байхгүй. Гэрээнд үлдэгдэл 70 хувийн төлбөрийг үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор төлнө гэсэн. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг бид гарга гэж хэлээгүй. Капитал банк ХХК-иас Цагаан хуаран консалтинг ХХК-д илгээсэн 206809 гэсэн албан тоотоор бол Капитал банк ХХК нь Цагаан хуаран консалтинг ХХК-д гэрчилгээг гаргахыг даалгасан зүйл байхгүй. Санхүүжилт орж ирэхээр энэ бүртгэлийн ажлыг хийлгэе гэсэн. Энэ хоёр байгууллагын хооронд л хамтын ажиллагаа явагдсан, энэ нь үр дүнд хүрээгүй болсны хариуцлагыг иргэн М.Алтанзаанд нялзаах ёсгүй. Нэхэмжлэгч 8 хувийн зээл гарснаар төлөх боломжтой байсан хугацаагаар алданги тооцсон. М.Алтанзаан нь 2016 оны 1 дүгээр сард Капитал банкны өнөөдөр 8 хувийн зээл буюу тэр үеийн 5 хувийн зээлд хамрагдахаар материалаа өгсөн. Зээл олгох гэж байсан Капитал банк ХХК нь зээлдэгчийг судалсаныхаа үндсэнд зээл олгох шийдвэрээ гаргасан. Шийдвэр гаргаснаа Цагаан хуаран консалтинг болон зээлдэгчид мэдэгдсэн. Ингээд М.Алтанзаан зээлээ хүлээгээд л сууж байхаас өөр арга байхгүй. Гэвч 2016 оны 11 сарын сүүлээр зээлээ олгох боломжгүй гэдгээ иргэд болон Цагаан хуаран консалтинг ХХК-д мэдэгдсэн. Цагаан хуаран консалтинг ХХК-г хохироод байгааг мэдэж байна. Гэхдээ иргэн М.Алтанзаан биш Капитал банк ХХК-тай харилцаж, 5 хувийн зээлийн гэрээн дээр ажилласандаа өөрсдөө хохирсон гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Алтанзаанаас 3 682 980 /гурван сая зургаан зуун наян хоёр мянга есөн зуун наян/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Цагаан хуаран консалтинг ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1 023 050 /нэг сая хорин гурван мянга тавин/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 898 110 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч М.Алтанзаанаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 73 877 68 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Цагаан хуаран консалтинг ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Алтанзаан түүний өмгөөлөгч Б.Гантөмөр нар давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг маргааныг шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэдэгт маргах зүйлгүй боловч хариуцагч М.Алтанзааныг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй, мөн үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хугацаа хэтрүүлсэн нөхцөл байдал нь хариуцагч М.Алтанзааны гэм буруугаас болоогүй тул гэрээний дагуу нэхэмжлэгч Цагаан хуаран консалтинг ХХК-д үүргээ хугацаанд нь, зохих ёсоор гүйцэтгээгүйгээс түүнд учирсан хохирлыг барагдуулах, хугацаа хэтрүүлсний хариуцлага хүлээх үүрэгтэй үүрэг гүйцэтгэгч гэж үзэхгүй байгаа болно. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй гэжээ.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3 дахь хэсэгт заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг тогтоох нь хэсгийн 1-т 232 дугаар зүйлийн 232.6, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Алтанзаанаас 3 682 980 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Цагаан хуаран консалтинг ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Мөн тогтоох нь хэсгийн 2-т хариуцагч М.Алтанзаанаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүгд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 73 877 68 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Цагаан хуаран консалтинг ХХК-д олгож шийдвэрлэснийг тус тус хучингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргаанд хамааралтай нотлох баримтыг бүрдүүлэх болон үнэлэх журмыг зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Цагаан хуаран консалтинг ХХК нь хариуцагч М.Алтанзаанд холбогдуулан орон сууц худалдах худалдан авах гэрээний дагуу үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс алданги 3 682 980 төгрөг, хохирол 1 023 050 төгрөг, нийт 4 706 030 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, үүргийг хугацаанд нь биелүүлээгүйд гэм буруугүй, алданги болон хохирол төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

Цагаан хуаран консалтинг ХХК болон М.Алтанзаан нар нь 2016 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 230/4 тоот Орон сууц захиалгын гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, В1 блок байрны 43.2 м.кв орон сууцыг 79 056 000 төгрөгийн үнээр шилжүүлэх, 2015 оны 3 дугаар улиралд багтаан орон сууцыг ашиглалтад оруулах, төлбөрийг гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон үйл баримт хэрэгт авагдсан гэрээ, түүний хавсралт, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон байна. /хх-7-9/

Талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр гэрээ болох талаарх шүүхийн дүгнэлт нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасантай нийцсэн.

Нэхэмжлэгч гэрээгээр тохиролцсон орон сууцыг 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр, үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хариуцагчид хүлээлгэн өгсөн, хариуцагч гэрээний дагуу 30 хувийн төлбөрийг төлсөн, 70 хувийн төлбөр болох 55 300 000 төгрөгийг 2017 оны 11 дүгээр сард Капитал банкны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлээр төлж барагдуулсан ба энэ талаар талууд маргаангүй.

Харин орон сууцны үнийн үлдэгдэл 70 хувийг хугацаа хэтрүүлж төлсөнд алданги, хохирол төлөх үндэслэлтэй эсэх болон хариуцагч гэм буруутай эсэх талаар маргаж байгаа болно.

Зохигчдын гэрээний 4.2 болон гэрээний хавсралтад зааснаар хариуцагч 55 339 200 төгрөгийг үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаас хойш 7 хоногийн дотор төлөх үүрэгтэй байсан боловч ипотекийн 5 хувийн зээлийн шийдвэр, санхүүжилт саатсанаас хугацаа алдсан нөхцөл байдал нь хэрэгт авагдсан хамтран ажиллах гэрээ, Капитал банкны 2016 оны 05 сарын 12-ны өдрийн 2068/09 тоот албан бичиг, Цагааан хуаран консалтинг ХХК-ийн 2017 оны 04 сарын 06-ны албан бичиг, зохигчдын тайлбар зэргээр нотлогдож байна./хх-12,49,117/

Хэрэгт авагдсан дээрх баримт болон нэхэмжлэгч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тайлбараас үзэхэд Засгийн газраас хэрэгжүүлж байсан ипотекийн 5 хувийн зээлийн хөтөлбөр хэрэгжихгүй болсон, энэ талаар эрх бүхий байгууллага болох Монгол банкнаас мэдэгдсэн хугацаа буюу 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрөөс хойш хугацаанд орон сууцны 8 хувийн зээлийг хөөцөлдөж үлдэгдэл төлбөрийг төлөх боломжтой байхад үүргээ биелүүлээгүй нь хариуцагчийн гэм буруугаас болсон гэж үзэх үндэслэлтэй. Хариуцагч, түүний өмгөөлөгч нарын энэ талаарх тайлбар, гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

Талууд гэрээний 6.1-т ... төлбөрийг гэрээ болон хавсралтанд заасан нөхцөл хугацаанд төлөөгүй бол хэтэрсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0.03 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Цагаан хуаран консалтинг ХХК-д төлнө. гэж тохирсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч алданги шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, дээрх хугацаанаас буюу 2017 оны 03 сарын 11-ны өдрөөс нэхэмжлэлийн шаардлага өөрчлөгдсөн 2017 оны 10 сарын 27-ны өдөр хүртэлх хугацааны алдангийг гүйцэтгээгүй үүрэг 55 300 000 төгрөгөөс тооцож 3 682 980 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ./хх-75

Түүнчлэн нэхэмжлэгчийн шаардсан хохирлыг үүрэг гүйцэтгэгчтэй холбоотой учирсан бодит хохирол гэж үзэхгүй тул хохиролтой холбоотой нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1 Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 101/ШШ2017/03826 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 73 880 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5 дах хэсэгт зааснаар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргаж болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ИЧИНХОРЛОО

ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ

Б.НАРМАНДАХ