| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0065/э |
| Дугаар | 73 |
| Огноо | 2018-05-31 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 05 сарын 31 өдөр
Дугаар 73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч О.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд заасны дагуу яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ч-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О.Ч
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч О.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Э.Г-н эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-315126 маркийн автомашин дотор байсан УАЗ- 469 маркийн автомашины хурдны хайрцагийг хулгайлж 450,000 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.Чын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Урьд өгсөн мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй гэв,
Шүүгдэгч О.Чын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би өнгөрсөн 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 17 цагийн орчим Дорноговь аймгийн Хатанбулаг сумын төв орж самнасан ямааны ноолуураа тушаачихаад сумаас баруун урагш 50 км зайд байх өөрийн гэр лүү Саняа маркийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоцикльтой буцаж байсан юм. Манай гэр лүү явах замд таньдаг хүн болох Г-н бууцыг дайраад өнгөрдөг юм. Тэгээд явж байхад задалчихсан чулуугаар данхраадчихсан бор өнгийн УАЗ-315126 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан юм... Тэгээд би мотоциклиосоо буугаад очиход машины хаалга нь онгорхой байсан ба машин дотор талд нь УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн кроп байхаар нь цагаан берзинтен уутанд боогоод мотоциклийнхоо хойд талд нь ачиж хүлээд Г-н бууцнаас хойш 3-4 км зайд байх Дэргэх гэх газар манай бууц байдаг ба би тэнд кропоо амбаартаа хийгээд орхисон..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 дугаар хуудас/,
Хохирогч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Хороот гэх өвөлжөөн дээр ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-469 маркийн бор ногоон өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тарааж задлаад кроп буюу хурдны хайрцагыг салгаад тараасан байсан. УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн кабин дотор хойд суудлын орчим шалан дээр сул тавьж орхисон байсан... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд үзэхэд тээврийн хэрэгслийн кабин дотор байсан кроп буюу хурдны хайрцаг бүтнээрээ алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ДГО 824 дугаартай: “...Супер УАЗ 469 маркийн машины кроп 450,000 төгрөг...” гэсэн үнэлгээ /хх-ийн 17 дугаар хуудас/,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 03-08 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-70/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч О.Ч нь 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Дорноговь аймгийн Хатанбулаг сумын 1 дүгээр багийн нутагт иргэн Э.Г-н эзэмшлийн ... улсын дугаартай УАЗ-315126 маркийн автомашин дотор байсан УАЗ- 469 маркийн автомашины хурдны хайрцагийг хулгайлж 450,000 төгрөгний хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч О.Чын мөрлөн шалгах ажиллагаанд өгсөн: "... бор өнгийн УАЗ-315126 маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл байсан юм... Тэгээд би мотоциклиосоо буугаад очиход машины хаалга нь онгорхой байсан ба машин дотор талд нь УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн кроп байхаар нь цагаан берзинтен уутанд боогоод мотоциклийнхоо хойд талд нь ачиж хүлээд Г-н бууцнаас хойш 3-4 км зайд байх Дэргэх гэх газар манай бууц байдаг ба би тэнд кропоо амбаартаа хийгээд орхисон..." гэсэн мэдүүлэг, Хохирогч Э.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай Хороот гэх өвөлжөөн дээр ОХУ-д үйлдвэрлэсэн УАЗ-469 маркийн бор ногоон өнгийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг тарааж задлаад кроп буюу хурдны хайрцагыг салгаад тараасан байсан. УАЗ-469 маркийн тээврийн хэрэгслийн кабин дотор хойд суудлын орчим шалан дээр сул тавьж орхисон байсан... 2018 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 13 цагийн орчимд үзэхэд тээврийн хэрэгслийн кабин дотор байсан кроп буюу хурдны хайрцаг бүтнээрээ алга болсон байсан..." гэсэн мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ний 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн ДГО 824 дугаартай үнэлгээ, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч О.Ч-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Ч-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь улсын яллагчийн ялын саналыг хүлээн зөвшөөрсөн байдал болон хэргийн нотлогдсон байдал, гэм буруугийн болон хохирол төлбөрийн талаар маргаангүй, улсын яллагчийн ялын саналтай танилцсан байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал хангагдсан гэж шүүхээс үзлээ.
Шүүгдэгч О.Ч-д холбогдох гэмт хэрэгт Улсын яллагчаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлэхдээ шүүгдэгч О.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал ирүүлсэн нь шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохиролын хэм хэмжээнд тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч О.Ч-д 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч О.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хохирогч Э.Гийн ХААН банкны ............ дугаартай дансанд 250 000 төгрөгийг шилжүүлсэн ба хохирогч Э.Гнь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн тайлбартаа “ гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэснийг мөрдөгчийн тэмдэглэлд тэмдэглэсэн байх тул шүүгдэгч О.Чыг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Чын эзэмшлийн улсын дугааргүй Саняа маркийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 5/11 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан үндэслэлээр Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасны дагуу улсын орлогод оруулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурьдлаа.
Шүүгдэгч нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О.Ч-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч-д 250 / хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ч нь 250 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч О.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч О.Чын эзэмшлийн 800000 / найман зуун мянга/ төгрөгийн үнэ бүхий улсын дугааргүй Саняа маркийн мотоциклийг улсын орлогод оруулсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД