2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 12 өдөр

Дугаар 192/ШШ2025/09362

 

 

 

 

  

    2025              11            12                                              192/ШШ2025/09362

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж, 62/1 тоот хаягт байрлах “В” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 2 дугаар хороолол, Замчид гудамж, Давхарын ****дугаар байрны *** тоот хаягт оршин суух, Боржигон ургийн овогт Ж овогтой  З холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Зээлээр бараа нийлүүлэх гэрээний үүрэгт 30,068,250 /гучин сая жаран найман мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Балжинням, хариуцагч Ж.З, хариуцагчийн өмгөөлөгч Б.Болортуяа нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

            1.1. Манай компани Ж.Зтай 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ЗНБГ/23-01 тоот зээлээр бараа нийлүүлэх гэрээ байгуулсан. Гэрээний дагуу бид Ж.Зын өгсөн захиалгын дагуу зээлээр бараа нийлүүлж, тэрээр хүлээн авсан барааныхаа төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг хүлээн хамтран ажилладаг байсан.

            1.2. Тэрээр 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 02 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл нийт 9 удаагийн зээлээр авсан барааны үлдэгдэл төлбөр 29,545,500 төгрөгийг хугацаандаа төлж барагдуулаагүй. Энэ төлбөрөө 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн дотор төлөхөөр өөрөө хүсэлт гаргаж, компанитай төлбөр барагдуулах гэрээ хийсэн боловч төлж барагдуулаагүй.

1.3. Шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш 9,500,000 төгрөг төлж, одоо үндсэн төлбөрөөс 20,045,500 төгрөг үлдсэн бөгөөд энэ төлбөрийн үлдэгдлээс гэрээгээр тохирсон алданги тооцоход үндсэн үүргийн 50 хувиас хэтрэх учраас Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар үндсэн үүргийн 50 хувиар тооцож 10,022,750 төгрөгийн алдангийн хамт, нийт 30,068,250 төгрөг шаардаж байна.

1.4. Кассын орлогын баримт бол бэлэн мөнгө тушаах үед үйлдэгддэг. Үүнийг Ж.Золжарггал бэлэн мөнгө өгөөд 1,200,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө 1,500,000 төгрөг “З” гэдэг утгаар шилжүүлсэн байна. Үүнийг нь хасаад шүүхэд нэхэмжлэл гаргасан. Шүүхийн шатанд 9,500,000 төгрөг төлсөн байгаа. Компани гэрээ хийж байгаа хүмүүсийг камераар баримтжуулдаггүй, тэгэх шаардлагагүй. Зээлээр бараа нийлүүлэх гэрээг нэг удаа хийсэн. Барааг компанийн борлуулагч нь худалдан авагчид баримтаар олгодог. Хариуцсан борлуулагч нь Б. Тбайсан...гэв.

            2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

            2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би “В” ХХК-иас нэг ч ширхэг бараа авч байгаагүй. 2023 оны 04 дүгээр сард анх удаа манай найз Б.Эын “найз нь хүнд өглөгтэй юм, чи ганц хоёр баримтан дээр гарын үсгээ зураад жоохон хугацаа аваад өгөөч, борлуулагч нь зөвхөн захиралдаа үзүүлээд л устгана” гэж гуйсны дагуу хугацаа авах зорилгоор “В” ХХК-д очиж хэдэн баримтанд гарын үсэг зурсан.

            2.2. Би 2023 оны 02 дугаар сард бараа материал авч байгаагүй, ямар ч баримтанд гарын үсэг зураагүй. 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ямар ч гэрээнд гарын үсэг зураагүй. 2023 оны 04 дүгээр сараас өмнө “В” ХХК гэж мэддэг ч үгүй байсан. Надаас нэхэмжлээд байгаа 29,545,500 төгрөгийн барааны үнийг миний найз гэх Б.Э болон тус компанийн борлуулагч Б.Тнар өнөөдрийг хүртэл төлсөөр байгаа. “В” ХХК нь энэ хүмүүсээс төлбөрөө авч байгаа байж төөрөгдүүлж гарын үсэг зуруулсан баримтуудаа үндэслэн давхар барааны үнийг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм.

            2.3. Б.Этай харилцсан чат-д үзлэг хийсэн ба Б.Э нь “В” ХХК-иас зээлээр авсан бараа бүтээгдэхүүний мөнгийг төлөх ёстой гэдэг нь харагдана. Ж.З зөвхөн гэрээнд гарын үсэг зурахаар очсон гэдгийг борлуулагч Б.Тмэдэж байсан. Зөвхөн гарын үсэг зурсныг нь үндэслээд Ж.Зыг бараа материал хүлээж авсан гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд Ж.З биш байна...гэв.

            3. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, “В” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2023.01.01-ний өдрийн ЗНБГ/23-01 тоот Зээлээр бараа нийлүүлэх гэрээний хуулбар, 2023.04.03-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрээний хуулбар, Бараа хүлээлгэж өгсөн баримтуудын хуулбар, Итгэмжлэл, Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан, Харилцагчийн авлагын үлдэгдлийг шилжүүлэх тухай “В” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023.05.11-ний өдрийн 6-37 дугаар тушаал, “В” ХХК-ийн бэлэн мөнгөний орлогын баримт, “В” ХХК-ийн Хаан банк дахь харилцах дансны хуулга, Б.Эын иргэний үнэмлэхийн лавлагаа,

            4. Хариуцагч талын гаргасан баримтууд: Итгэмжлэл, Ж.Зын Б.Этай харилцсан чатны фото зураг, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссын шийдвэр, эмнэлгийн дэвтрийн хуулбар, Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолт, **дугаар ашиглагчийн талаарх “Юнител” ХХК-ийн тодорхойлолт, Я.Амарзаяагийн иргэний үнэмлэхийн лавлагаа, нас барсны гэрчилгээний хуулбар, З овогтой Итгэл эмчийн хяналтад байдаг тухай “**” Өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт,

            5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: **дугаар эзэмшигчийн талаарх “Мобиком корпораци” ХХК-ийн мэдээлэл, Ж.Зын фэйсбүүк мессенжэр аппликейшний Б.Этай харилцсан чат-д үзлэг хийсэн тэмдэглэл, **, ***тоот данс эзэмшигчдийн талаарх “Хаан банк” ХК-ийн лавлагаа, Б.Эын Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай Хил хамгаалах ерөнхий газрын тодорхойлолт, лавлагаанууд,

            Хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчоос гаргасан тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч Ж.Зхолбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 42,545,520 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад төлөгдсөн 9,500,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж, алдангийн хэмжээг багасган, нийт 30,068,250 төгрөг гаргуулахаар шаардсан.

            2.1. Нэхэмжлэлийн үндэслэлийг “бичгээр байгуулсан зээлээр худалдах, худалдан авах гэрээний дагуу 9 удаагийн баримтаар хүлээж авсан барааны төлбөрөөс төлөгдөөгүй үлдсэн 29,545,500 төгрөг, алдангид гүйцэтгээгүй үүргийн 50 хувиар тооцон 13,000,020 төгрөг шаардсан. Нэхэмжлэл гаргаснаас хойш төлсөн 9,500,000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасаж үлдэгдэл 20,045,500 төгрөг, алдангийг уг үнийн дүнгийн 50 хувьд тооцож 10,022,750 төгрөг, нийт 30,068,250 төгрөг шаардана” гэж тодорхойлж байна.

            3. Хариуцагч Ж.З нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “В” ХХК-тай зээлээр бараа нийлүүлэх гэрээг байгуулаагүй. Харин найзууд болох Б.Э, Б.Тнарын гуйлтын дагуу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Төлбөр барагдуулах гэрээ болон бусад баримтууд дээр гарын үсэг зурж өгсөн, ямар нэг бараа аваагүй, нэхэмжлэгчид би ямар ч төлбөр төлөөгүй. Тиймээс энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд би биш” гэж тайлбарлан маргав.

            4. Хэргийн үйл баримт:

            4.1. “В” ХХК-ийг төлөөлөн тус компанийн борлуулагч Б.Т, хариуцагч Б.З нарын хооронд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн Зээлээр бараа нийлүүлэх гэрээ бичгээр хийгдэж, гэрээний хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэж бичсэн боловч 24 сарын хугацаатай байхаар заасан байна. /хх-5/

            4.2. Дээрх гэрээгээр нийлүүлэгч “В” ХХК нь харилцагч Ж.Заас өгсөн захиалгын дагуу Монгол улсын чанарын стандартад нийцсэн янжуур тамхийг нийлүүлэх, харилцагч нь хүлээн авсан барааны үнийг гэрээнд заасан хугацааны дотор төлж барагдуулах, нийлүүлэх барааны дээд хэмжээ 20,000,000 төгрөг байх, зээлээр нийлүүлсэн барааны төлбөрийг бараа хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор төлж барагдуулах үүрэг хүлээжээ.

            4.3. Нэхэмжлэгч “В” ХХК-иас бараа хүлээлгэж өгөх 8 ширхэг баримтын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргасан. Эдгээр баримтуудад гарын үсэг зурсан болохоо хариуцагч Ж.З хүлээн зөвшөөрсөн боловч бодитоор бараа аваагүй, Б.Э, Б.Тнарын гуйлтаар гарын үсэг зурсан гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа.

            4.4. Бараа хүлээлгэж өгсөн баримтууд:

1/ 2023.02.03-ны өдрийн 12:08:57 цагт “НТ-2 Ц” гэх харилцагчид 6,307,500 төгрөгийн үнэ бүхий 1700 ширхэг бараа өгсөн,

2/ 2023.02.06-ны өдрийн /БАЛАРХАЙ-үнийн дүн харагдахгүй/ баримт,

3/ 2023.02.06-ны өдрийн 11:09 цагт “НТ-2 Ганаа 18 лангуу” гэх харилцагчид 6,065,000 төгрөгийн үнэ бүхий 1200 ширхэг бараа өгсөн,

4/ 2023.02.07-ны өдрийн 16:07 цагт “НТ-2 Ганаа 18 лангуу” гэх харилцагчид 5,780,000 төгрөгийн үнэ бүхий 1500 ширхэг бараа өгсөн,

5/ 2023.02.08-ны өдрийн 15:18 цагт “НТ-2 Баатараа” гэх харилцагчид 500,000 төгрөгийн үнэ бүхий 150 ширхэг бараа өгсөн,

6/ 2023.02.10-ны өдрийн 14:11 цагт “Т” гэх харилцагчид 3,872,500 төгрөгийн үнэ бүхий 1000 ширхэг бараа өгсөн,

7/ 2023.02.10-ны өдрийн 15:56 цагт “НТ-2 Баатараа” гэх харилцагчид 4,200,000 төгрөгийн үнэ бүхий 1500 ширхэг бараа өгсөн,

            8/ 2023.02.14-ний өдрийн “Т” гэх харилцагчид 6,007,500 төгрөгийн үнэ бүхий 1450 ширхэг бараа өгсөн байна.

            Дээрх баримтуудын нийлбэр дүн 32,732,500 төгрөг байх бөгөөд нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан Харилцагчийн дэлгэрэнгүй тайланд Ж.З 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хооронд нийт 12,200,000 төгрөг төлж, 20,045,500 төгрөгийн үлдэгдэлтэй, нийт авсан барааны үнэ 32,245,000 төгрөг болсныг тусгажээ. /хх-27/

            4.5. “В” ХХК-ийн Хаан банк дахь **тоот дансны хуулгаас тус компанид “З” гэх гүйлгээний утгаар иргэн БМ***тоот данснаас 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 1,500,000 төгрөг, иргэн Банзар Батбаатарын 5210032620 тоот данснаас 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдөр 2,500,000 төгрөг, мөн данснаас 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 7,000,000 төгрөг тус тус шилжүүлсэн байна. /хх-94-96/

            4.6. Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан, хэргийн 93 дугаар талд авагдсан 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар “В” ХХК-ийн борлуулагч Б.Т1,200,000 төгрөгийг “В” ХХК-д төлж, уг төлөлтийг хариуцагч Ж.З төлснийг гэрээний төлөлтөөс хасаж тооцсон талаар нэхэмжлэгч тал тайлбарласан. Тухайн баримтын гүйлгээний орлого хэсэгт “кассын орлого” гэж тэмдэглэгдсэн байна.

            4.7. Дахин 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр “В” ХХК-ийг төлөөлөн Г.Ц, Б.Тнар нь Ж.Зтай Төлбөр барагдуулах гэрээг бичгээр хийж, Ж.Зыг 32,245,000 төгрөгийн барааг зээлээр авсан, төлбөрийг 2023 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн дотор 2 хувааж төлөхөөр тохиролцсон талаар тусгаж, талууд гарын үсэг зуржээ. /хх-7/

4.8. Хариуцагч Ж.З нь иргэн Б.Э болон “В” ХХК-ийн борлуулагч Б.Тнартай найз нөхдийн холбоотой гэх тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй бөгөөд хариуцагчийн Б.Этай харилцсан чат-д шүүх үзлэг хийхэд маргаан бүхий мөнгөн төлбөрийг Б.Э төлөх ёстой талаар илэрхийлсэн байна. /хх-109-139/

            4.9. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б.Эыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж, нэхэмжлэгч талын хүсэлтээр тухайн иргэнийг хамтран хариуцагчаар татан оролцуулахаар шийдвэрлэсэн боловч тэрээр 2023 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр Монгол улсын хилээр гарч, түүнээс хойш буцаж ирээгүй талаарх Хил хамгаалах ерөнхий газрын албан бичгийг үндэслэн нэхэмжлэгч тал Б.Эыг хамтран хариуцагчаар оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.

5. Талууд зээлээр бараа нийлүүлэх гэрээ, бараа хүлээлгэж өгөх баримтууд болон төлбөр барагдуулах гэрээг тус тус бичгээр хийж, хариуцагч Ж.З гэрээ болон баримтуудад гарын үсэг зурсан, мөн “В” ХХК-ийн дансанд “З” гэх гүйлгээний утгаар төлбөр төлөгдсөн зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин гэрээний дагуу бараа материалыг хариуцагчид бодитоор өгсөн эсэх, төлбөрийг Ж.З хариуцах этгээд мөн эсэх талаар маргаж байна.

6. Бичгээр байгуулсан зээлээр бараа нийлүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар дээрх төрлийн гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх үүрэг, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

7. Талуудын бичгээр байгуулсан гэрээнд хариуцагч гарын үсэг зурсан болохоо хүлээн зөвшөөрч байгаа боловч гэрээнд бичигдсэн 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр бус, тухайн цаг хугацаанаас хойш буюу 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр Б.Э, Б.Тнарын гуйлтаар “В” ХХК-ийн байранд анх удаа очиж гарын үсэг зурсан, аливаа бараа материал аваагүй гэж тайлбарлан маргаж байна.

7.1. “В” ХХК-иас Ж.Згэрээний дагуу бараа хүлээлгэж өгөх үүргээ биелүүлсэн болохоо нотлохоор 8 ширхэг баримтыг нотлох баримтаар гаргасан. Эдгээр баримтуудын “хүлээн авсан” хэсэгт хариуцагч гарын үсэг зурсан байх боловч баримт бүрт бичигдсэн харилцагчийн мэдээлэл Ж.З бус, харин “НТ-2 Ц, НТ-2 Ганаа 18 лангуу, НТ-2 Баатараа, Т” гэх харилцагчдын нэрс бичигдэж, тухайн баримтуудад барааг хүлээлгэж өгсөн борлуулагч Б.Тгарын үсэг зурсан байна.

7.2. Бараа хүлээлгэж өгөх баримтыг “В” ХХК-ийн борлуулагч Б.Түйлдэж, харилцагчид хүлээлгэн өгөхдөө гарын үсэг зуруулдаг болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон бөгөөд хэрэгт байгаа дээрх баримтууд дахь өөр өөр харилцагчдад хүлээлгэж өгсөн баримтуудад Ж.З гарын үсэг зурснаар түүнийг нийт барааг хүлээн авсан гэж үзэх боломжгүй юм.

7.3. Түүнчлэн, Ж.З нь “В” ХХК-д гэрээний төлбөр төлж байгаагүй, түүний нэрээр нэхэмжлэгчид шилжсэн төлбөрийг гэрээ байгуулаагүй өөр иргэдээс болон борлуулагч Б.Тбэлнээр төлсөн байна.

8. Нэхэмжлэгч “В” ХХК нь хариуцагч Ж.Згэрээний дагуу бараа материал нийлүүлсэн болохоо хангалттай нотлоогүй ба Б.Э төлбөрийг хариуцах талаар илэрхийлсэн чат бүхий баримтыг нотлох баримтаар үгүйсгээгүй.

Иймд дээрх үндэслэлээр “В” ХХК-ийн нэхэмжлэлийг хариуцвал зохих этгээд Ж.З биш, харин барааг хариуцан хүлээж авсан борлуулагч Б.Тбарааны төлбөрийг хариуцахаар байна гэж дүгнэн, Ж.Заас 30,068,250 төгрөг шаардсан “В” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

9. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 370,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Заас 30,068,250 /гучин сая жаран найман мянга хоёр зуун тавин/ төгрөг гаргуулах тухай “В” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “В” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 370,700 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

 

ДАРГАЛАГЧ                         А.САРАНТУЯА