| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0073/э |
| Дугаар | 78 |
| Огноо | 2018-06-19 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 19 өдөр
Дугаар 78
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Урангоо,
Шүүгдэгч Э.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Э-т холбогдох эрүүгийн ....дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Э.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрээс хохирогч М.С-н мотоциклийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжгүй гэж үзэх үндэслэл тогтоогдож “Автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгчдэгч Э.Эын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөнхсаруулын мотоцикл гэдгийг мэдэж байсан. Эргүүлж өгөх гэж байтал гинж нь эвдэрсэн. Үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээж байна. тохиролцсон ял шийтгэлийг ойлгож байгаа гэв,
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч нь шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоох зорилгоор дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...16 дугаар байрны ард талаас БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар номергүй улбар шар өнгийн шинэвтэр мотоциклийг түрж байрны баруун талд гаргаж байгаад маниулаар гишгэж асаасан ...би уг мотоциклийг бариад Э ард сундлаад сумын төвөөс урд байдаг О гэх айлд очиж Э-г буулгасан ...сумын төвөөс баруун тийш хөдөө яваад холгүй 7- 8 км зайд уг мотоциклийн гинж нь тасраад хөдөө хэвтүүлж үлдээгээд өөрөө алхаад сумын төвд ирсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Хохирогч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай нөхөр М нь хөдөө гэрээсээ сумын төвд 16 дугаар байранд байдаг гэртээ ирсэн юм би өөрөө сумын төв дээр байдаг юм манай нөхөр М хөдөөнөөс ирээд унаж явсан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар номергүй улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклио байрныхаа гадаа цонхон доороо түшүүлээд тавьсан байсан. тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 04 сарын 07-ны өглөө гараад мотоциклио үзэхэд байхгүй болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 дугаар хуудас/,
Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Би тус өдөр орой 17 цагийн орчимд Иххэт сумын төвд хөдөө гэрээсээ БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар номергүй Даюун маркийн мотоцикльтой ирсэн ...сумын төвд ирээд мотоциклио өөрийн байр болох 16-р байрны ард талд цонхон доороо тавьсан байсан...маргааш өглөө нь би 08 цагийн орчимд мотоциклио үзэхэд байхгүй болсон байсан юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10 дугаар хуудас/,
Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...16-р байрны ард талд цонхон доор байх БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, даюун маркийн мотоцикль байсан...Э маниул дээр нь гишгэж асаагаад намайг сундлаад намайг гэр хороололд байх О гэх айлынд буулгаж өгчихөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч нь шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор түүний ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-44/ шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Э нь 2018 оны 04 дүгээр сарын 06-ны шөнө Иххэт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр 16 дугаар байрны гаднаас хохирогч М.С-н мотоциклийг хөдөө явах зорилгоор буюу завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан нь хулгайлах, дээрэмждэх гэмт хэргийн шинжгүй болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн нотлох баримтууд болох Шүүгдэгч Э.Эын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...16 дугаар байрны ард талаас БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар номергүй улбар шар өнгийн шинэвтэр мотоциклийг түрж байрны баруун талд гаргаж байгаад маниулаар гишгэж асаасан ...би уг мотоциклийг бариад Э ард сундлаад сумын төвөөс урд байдаг О гэх айлд очиж Э-г буулгасан ...сумын төвөөс баруун тийш хөдөө яваад холгүй 7- 8 км зайд уг мотоциклийн гинж нь тасраад хөдөө хэвтүүлж үлдээгээд өөрөө алхаад сумын төвд ирсэн...” гэсэн мэдүүлэг, Хохирогч М.С-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...манай нөхөр М хөдөөнөөс ирээд унаж явсан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугаар номергүй улбар шар өнгийн Даюун маркийн мотоциклио байрныхаа гадаа цонхон доороо түшүүлээд тавьсан байсан. тэгээд маргааш өглөө нь буюу 2018 оны 04 сарын 07-ны өглөө гараад мотоциклио үзэхэд байхгүй болчихсон байсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч Г.М-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "....сумын төвд ирээд мотоциклио өөрийн байр болох 16-р байрны ард талд цонхон доороо тавьсан байсан...маргааш өглөө нь би 08 цагийн орчимд мотоциклио үзэхэд байхгүй болсон байсан юм...” гэсэн мэдүүлэг, Гэрч Э.Э-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ”...16-р байрны ард талд цонхон доор байх БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй, даюун маркийн мотоцикль байсан...Э маниул дээр нь гишгэж асаагаад намайг сундлаад намайг гэр хороололд байх Ов гэх айлынд буулгаж өгчихөөд яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Э.Эт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Эт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргаж ирүүлсэн ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд түүнд 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч М.С нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Э.Э-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Эт 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Э.Э нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД