| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Хангал |
| Хэргийн индекс | 102/2024/02036/И |
| Дугаар | 192/ШШ2025/07159 |
| Огноо | 2025-09-12 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 192/ШШ2025/07159
|
|
|
|
2025 09 12 192/ШШ2025/07159
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Хангал даргалж, шүүгч Н.Батчимэг, А.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 73 дугаар байр, 111 тоотод оршин суух,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 3 дугаар хороо, 2 дугаар хороолол, 70 дугаар байр, 56 тоотод оршин суух,
Нэхэмжлэлийн шаардлага: гэм хорын хохиролд 4,239,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогч:
Нэхэмжлэгч Б.т
Хариуцагч Ө.Ц
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар
/Талуудын хүсэлтээр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хариуцагч Ө.Цэд холбогдох нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нэхэмжлэгч талаас дараах байдлаар тайлбарлав. Үүнд:
Миний бие нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдөр “Тоёота акуа” /Toyota aqua/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэйгээ төмөр замаас хойшоо чиглэлтэй явж байхад баруун талаас “Ниссан элгранд” /Nissan elgrand/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ө.Ц ирж мөргөсөн.
Би холбогдох газар нь гомдол өгч шалгуулсан. Тээврийн прокурорын газраас Ө.Цийн буруу болохыг тогтоосон боловч зөрчлийн шинжгүй гээд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээгүй. Харин прокурорын тогтоолоор надад 3,993,700 төгрөгийн хохирол учирсан болохыг тогтоож өгсөн. Гэвч хариуцагч Ө.Цийн надад учирсан хохирлыг төлөөгүй.
Иймд тээврийн прокуророос тогтоосон хохирол болох 3,993,700 төгрөг, уг үнэлгээг хийлгэхэд төлсөн 245,300 төгрөг, нийт 4,239,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Би өөрийн тээврийн хэрэгслийг цалингийн зээл авч янзлуулсан тул хохирлоо бүрэн барагдуулах хүсэлтэй гэжээ.
2. Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: А нэхэмжлэлтэй Ө.Цэд холбогдох гэм хорын хохиролд 4,239,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.
Миний бие 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн өглөө ажлаасаа гараад өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байх үедээ вокзалын хойд байрлах жижиг 4 замын уулзварын баруунаас зүүг зүг рүү нэвтэрч байхдаа 11 цаг 30 минутын үед Aqua prius маркийн хар өнгийн авто машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан.
Тухайн үед зүүнээс баруун чиглэлд 4 машин уулзвар нэвтэрч байсан. Би уулзар дээрээс хөдөлгөх үед машин харагдаагүй. Мөргөлдсөний дараа бууж очоод жолооч эмэгтэйгээс зүгээр байгаа эсэхийг лавлаж асуугаад, нөхөр болон даатгалаа дуудсан. Манай нөхрийг ирэх үед нөгөө жолооч эмэгтэйн нөхөр бас ирсэн байсан.
Ингээд тухайн үед нэхэмжлэгчтэй тохиролцоод хохирлоо барагдуулъя гэсэн боловч их хэмжээний мөнгө нэхсэн. Тохиролцоонд хүрч чадаагүй тул 1 цагийн дараа цагдаад дуудлага өгсөн. Цагдаа ирээд хэмжилтээ хийгээд байцаагчийнх өрөөнд очиж мэдүүлэг өгөөд гарсан. Хэд хоногийн дараа цагдаагаас яриагүй байхаар нь би өрөө очиж уулзаж энэ хэргийг түргэн хугацаанд шийдвэрлүүлж хэн хэнийхээ эрх ашгийг зөрчихгүйн үүднээс идэвх санаачилга гаргадаг байсан. Тэр үед байцаагч нөгөө машины эзэмшигч рүү нь залгаад машиндаа үнэлгээ хийлгэсэн эсэхийг тодруулж асуухад хийлгээгүй байгаагаа хэлсэн. Дахиад хэд хоногийн дараа байцаагчийн дуудсаны дагуу очтол нэг газраар үнэлгээ хийлгэсэн байсан нь 4 орчим сая төгрөгийн хохирол төлбөр гаргуулсан байсан. Би тухайн үед дараа нь байцаагчид үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа хэлсэн. Байцаагч би мэдэхгүй прокурор мэднэ гэсэн. Тэрнээс хойш надтай хэн ч холбогдохгүй би өрөө замын цагдаа дээр удаа дараа очсон бас прокурор дээр мөн адил өөрөө очиж уулзаж байж л торгуулиа төлөөд гарсан. Энэ хооронд нэхэмжлэгчтэй ярихад машинаа засуулсан гэж хэлсэн. Осол гарснаас хойш хохирлын үнэлгээ хийгдсэн гэх хугацаанд болсон бүхий л процесст намайг оролцуулалгүй, миний шаардлагыг хэрэгсэхгүйгээр машинаа янзлуулж зохиомол гэж үзэж болохоор хохирлын хэмжээг үндэслэж нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй юм.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа шалтгаан нь хохирлыг үнэлсэн үнэлгээ нь бодит байдалд нийцээгүй буюу хэт өндөр үнэлсэн. Тухайн осол болох үед нэхэмжлэгчийн машин нь зэвтэй, нэлээн сэвтэй машин байсан. Иймээс дээрх үнэлгээ нь тухайн машины элэгдэл, хорогдлыг тооцож хийгдсэн нь эргэлзээтэй, нөгөө талаар гэм хорын хохирлын хувьд үүрэг гүйцэтгэгч нь эд хөрөнгийг өмнөх байдалд нь сэргээх болохоос тухайн эд хөрөнгийг илүү сайжруулах үүргийг хүлээдэггүй.
Дээр дурдсанчлан осол болсноос хойш хохирлын үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгааг мэдэгдсээр байтал өөрөө үнэлгээ хийлгэж машинаа засуулсан нь нэхэмжлэгч талыг зориуд өөртөө ашигтай зохиомол оношилгоо, хохирлын үнэлгээ хийсэн гэж үзэхэд хүргэж байна. Нэхэмжлэгч нь автомашиндаа засвар хийлгэхдээ надад огт мэдэгдээгүйгээс миний дахин оношилгоо, үнэлгээ хийлгэх хүсэлт бүрэн хангагдах боломжгүй болсон.
Энэ нь Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасан бодит хохирлын хэмжээг үнэн зөв тогтооход хүндрэлтэй болгосон. Үүнээс үзэхэд гэм хорын хохирлын хувьд үүрэг гүйцэтгэгч нь үүрэг гүйцэтгэхийн тулд бодит хохирлын хэмжээнд л үндэслэж үүргээ гүйцэтгэх шаардлагатай юм.
Нөгөө талаас нэхэмжлэгч нь машинаа янзлуулахдаа мэдэгдээгүй бөгөөд тухайн засварыг хэрхэн хийж ийм хэмжээний үнийн дүн гарсан нь тодорхойгүй буюу засах боломжтой байсан зүйлийг шинэ зүйлээр солих гэх мэт нэхэмжлэгчийн ашиг хонжоо олох үйлдэл байсныг ч үгүйсгэхгүй.
Миний бие зам тээврийн осол надаас шалтгаалж гарсан талаар одоо маргахгүй. Харин нэхэмжлэгчид 4,239,000 төгрөгийн бодит хохирол учирсан нь эргэлзээтэй, хохирлын үнэлгээ нь бодит хохирлын хэмжээг илэрхийлэхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2,800,000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрнө. Үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
3. Нэхэмжлэгчээс дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн хуулбар /хх3/, тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хх4/, жолооны үнэмлэх /хх4/, Тээврийн прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 861 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол /хх5/, фото зураг /хх6-8/, “Мастер үнэлгээ” ХХК-ийн “Автомашин, техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлангийн хавсралт /хх9/.
4. Хариуцагчаас дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: иргэний үнэмлэхийн лавлагаа /хх11/.
5. Хариуцагчийн хүсэлтээр дараах баримтыг бүрдүүлсэн. Үүнд: “Хөрөнгийн үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх26-37/.
6. Шүүхийн санаачилгаар дараах баримтуудыг бүрдүүлсэн. Үүнд: Тээврийн прокурорын газрын прокурорын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн №861 дугаар “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол, холбогдох баримтууд /хх53-72/, Авто тээврийн үндэсний төвөөс дугаартай, Тоёота акуа /Toyota Aqua-p10/ маркийн хар өнгийн авто машины эзэмшигчийн лавлагаа /хх73-74/.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэг.
1. Нэхэмжлэгч Б.Тнь хариуцагч Ө.Цэд холбогдуулж зам тээврийн ослоос шалтгаалж тээврийн хэрэгсэлд учирсан хохиролд 4,239,000 төгрөгийг шаардан шүүхэд ханджээ.
2. Ө.Ц нь 2023 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 12 цаг 35 минутын орчим Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Ниссан элгранд” /Nissan elgrand/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 15.9-д “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас “Тоёота акуа” /Toyota aqua/ маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Б.Т 3,993,700 төгрөгийн хохирол учруулсан гэсэн дүгнэлтийг хийсэн Тээврийн прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 861 тоот “Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай” тогтоол хэрэгт авагдсан байна.
3. Хариуцагч Ө.Ц дээр дурдсан зам тээврийн ослыг гаргасан буюу түүний буруутай үйлдлийн улмаас шалтгаалан уг осол гарсан тал дээр маргаагүй.
4. Харин нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг зөвшөөрөхгүй байгаа шалтгаанаа “...нэхэмжлэгчид учирсан бодит хохиролд 2,800,000 төгрөгийг төлнө, ...үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй” гэсэн агуулгаар тайлбарлав.
Хоёр.
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаас үзэхэд бусдын эрх, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
2. Харин гэм хор учруулсан этгээд ийнхүү гэм хор учруулсан нь түүний буруугаас болоогүй гэдгийг нотолбол хуульд зааснаас бусад тохиолдолд гэм хор учруулсны хариуцлагаас чөлөөлөгдөхийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дахь хэсгээр зохицуулжээ.
3. Нэгэнт хариуцагч өөрийн буруутай үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд хохирол учруулсан тал дээр маргаагүй учир нэхэмжлэгчид зам тээврийн ослын улмаас өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг шаардах эрх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасны дагуу үүссэн байна.
4. Харин гэм хорыг арилгахад хариуцагчийн гэм буруугаас гадна түүний гэм буруутай үйлдлээс учирсан гэм хорын хэмжээ нотлогдсон байх ёстой ба шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дор дурдсан үндэслэлээр хангаж шийдвэрлэв. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч Б.Т нь өөрийн 4,239,000 төгрөгийн шаардлагын задаргааг “...хохирлын үнэлгээгээр гарсан 3,993,700 төгрөг, үнэлгээ хийлгэхэд төлсөн 245,300 төгрөг” гэж тодорхойлсон.
4.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсгүүдэд зааснаар иргэний хэргийн оролцогч өөрийн шүүхэд гаргасан шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
4.3. Зам тээврийн ослын талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцад С улсын дугаартай, “Тоёота акуа” /Toyota aqua/ маркийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг үндэслэлгүй тогтоосон гэсэн агуулга бүхий татгалзлаа нотлохоор хариуцагч талаас шинжээч томилуулсан.
4.4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн дүгнэлтэд “...автомашинд учирсан хохирлын бодит үнэ цэнэ 2,825,000 төгрөг” гэж тусгагджээ.
4.5. Эд хөрөнгийн бодит үнэ нь эд хөрөнгөд учирсан гэм хорд тооцогдох учир эд хөрөнгийн хохирол хүлээсэн этгээдийн зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөхдөө уг байдлыг шүүхээс харгалзан үзэхийг дээр дурдсан.
4.6. Зам тээврийн ослын талаарх гомдол мэдээллийг шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтийг иргэний шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэгчийн “...Тээврийн прокурорын газрын тогтоолд хохирлын үнэлгээг 3,993,700 төгрөг гэж тогтоосон” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.
4.7. Мөн нэхэмжлэгчийн “...би цалингийн зээл авч 3,993,700 төгрөгөөр засвар хийлгэсэн” гэх тайлбарыг нотлох баримт хэрэгт авагдаагүй буюу шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс өгсөн “Од сэлбэг” нэртэй 2,860,000 төгрөгийн үнэ бүхий зарлагын баримт нь нэхэмжлэгчийг уг мөнгийг улсын дугаартай, “Тоёота акуа” /Toyota aqua/ маркийн тээврийн хэрэгслийг засварлуулахад зарцуулсан гэдгийг нотолж чадахгүй байна.
4.8. Нэхэмжлэгч “...2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хохирлын үнэлгээ хийлгэхэд 245,300 төгрөг төлсөн” гэх боловч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн “” ХХК-ийн үнэлгээний төлбөрт 230,000 төгрөг төлжээ /хх 9, 60, 63/.
4.9. Иймд иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээчээр ажилласан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийн үнэлгээг үндэслэн 2,825,000 төгрөгийг, 2023 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хохирлын үнэлгээ хийлгэхэд төлсөн 230,000 төгрөгийн хамтаар хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэх нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Гурав.
1. Иргэдийн төлөөлөгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д заасныг баримтлан талуудын хүсэлтээр, иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шүүх хуралдааныг явуулсан болно.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд 110,000 төгрөгийг хариуцагч Ө.Цээс гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Ө.Цээс 3,055,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Та олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 1,184,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 82,744 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 63,830 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан шинжээчийн зардалд 110,000 төгрөгийг хариуцагч Ө.Цээс гаргуулан “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ХАНГАЛ
ШҮҮГЧИД Н.БАТЧИМЭГ
А.ЭНХЖАРГА
|
|