| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2018/0545/Э |
| Дугаар | 569 |
| Огноо | 2018-07-02 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.Анхбаяр |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 02 өдөр
Дугаар 569
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхжаргал,
улсын яллагч Н.Анхбаяр /томилолтоор/,
хохирогч Л.Э,
иргэний нэхэмжлэгч Ө.Э,
шүүгдэгч Э.Э, түүний өмгөөлөгч Л.Батаа /ҮД:1824/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.
Шүүх хуралдаанаар Тээврийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Их Монгол овогт Эын Эт холбогдох 1803001940159 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эмэгтэй, дээд боловсролтой, япон хэлний багш мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр 4 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо, Мон-Лаа ....тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Их Монгол овогт ЭЭын Э /РД: ..../.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн товч агуулга:
Э.Э нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнө 00 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хангай захын баруун замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн .... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Ө.Эын жолоодож явсан Тоёота Кроун маркийн ....УНЗ тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас зорчигч Л.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
1.Хохирогч Л.Эгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед гэрээсээ гараад охин Эын гэр лүү түүний машинаар явж байсан, тухайн үед би жолооч талын ард суудалд, машиныг Э, түүний хажууд Эын 8 настай охин М сууж явсан, би яаж байгаад осол болсныг мэдээгүй, замдаа явж байтал хажуунаас түг гээд хүчтэй мөргөсөн, тэгээд ослын дараа баруун гар санжиганаад хөдлөхгүй байсан, манай охин Э 103 дуудсан, удаагүй эмч ирээд үзээд явсан. ...Би гомдолтой байгаа, эм тарианы мөнгөө гаргуулж авна, цаашид хийгдэх эмчилгээ байгаа тул мөн гарах хохирлоо нэхэмжилмээр байна ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
2.Иргэний нэхэмжлэгч Ө.Эын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Тоёота Кроун маркийн ....УБЗ дугаартай автомашин миний өөрийн эзэмшлийн автомашин юм, осол болохоос өмнө миний автомашинд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Автомашины үнэлгээтэй танилцаад санал хүсэлт байхгүй, осол гаргасан жолооч эмэгтэй Э нь миний автомашиныг Вьетнам засварын газарт засуулж өгсөн, надад машин дээр гомдол санал байхгүй, шүүх хуралд суухгүй, миний охин Э.Мийн биеийн байдал зүгээр байгаа, ослын дараа эмчид үзүүлсэн эмч охиныг үзээд зүгээр хэвийн байна гэсэн. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй ... машины эвдрэлийн 2,500,000 төгрөгийн засварыг бүрэн барагдуулсан ... ” гэх мэдүүлэг /хх 44-45 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
3.Шүүгдэгч Э.Эийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 3 дугаар сарын 09-ний оройн 17 цагийн үед ажил дээрээ байж байтал манай нөхрийн найз Атарсүрэн нь нөхөр бид 2-ыг хүрээд ирээч гээд дуудсан, тэгээд би ажлаасаа, манай нөхөр гэрээсээ 4 хүүхдээ аваад тэднийд 18 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд очсон, тэгээд хоол унд идээд надад Атарсүрэн вино задлаад өгсөн, түүнийг уухгүй машин барьж байгаа гэтэл дуудлагын жолооч дуудаад өгнө гээд Атарсүрэн хундагатай вино өгөхөөр нь уучихсан юм. ...Тэгээд орой 23 цагийн үед тэднийхээс гараад би өөрийн машиныг унаад нөхөр хүүхдүүдээ аваад гэр рүүгээ явсан, замдаа 40 км цагийн хурдтай, 2 дугаар эгнээгээр явж байтал өөдөөс ирж байсан автомашины гэрэл гялбаад байсан, тэгээд зөрөөд өнгөрлөө гээд бодтол эсрэг урсгал руугаа ороод тэр машиныг мөргөчихсөн, би тухайн үед урсгал сөрөөд явж байсан юм билээ, тэрийгээ мэдэхгүй байсан, учир нь согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор мэдээгүй. Замын хажуугийн гэрэл асаалттай байсан. Тухайн үед дуудлагын жолоочоор машинаа бариулах гээд 19001950 руу залгахад Сонгинохайрхан 21 дүгээр хорооллын ойролцоо дуудлагын жолооч байхгүй байна гэсэн, тэгээд ойрхон газарт гайгүй байх гэж бодоод явсан. Би гэм буруугаа хүлээж байна ...иргэний нэхэмжлэгчийн хохиролд 2.500.000 төгрөг бүрэн төлсөн, хохирогч Л.Эгийн эмчилгээний зардалд 500.000 төгрөг төлсөн, цаашид гарах зардлыг төлнө ...” гэх мэдүүлэг /хх 76-77 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
4.Гэрч Ө.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “......2018 оны 3 дугаар сарын 09-ний орой 23 цагийн үед гэрээсээ ээж Э, эгч Э, түүний 7 настай хүүхдийнх хамт эгчийн гэр рүү, түүний Тоёота Кроун маркийн ....УБЗ дугаартай автомашинаар явж байсан, замдаа Хангай захын харалдаа явж байтал өөдөөс орж ирээд мөргөсөн, ослын дараа машинаас бууж ирээд, мөргөлдсөн автомашины жолооч талын хаалгыг онгойлгоход эмэгтэй хүн жолооны хүрд дээр сууж байсан, автомашины дотор нь 3 наснаас 15 насны 4 хүүхэд, нэг тахир дутуу хөлгүй эрэгтэй хүн байсан, би ослын талаар цагдаад дуудлага өгсөн, удаагүй 5 минутын дараа цагдаа ирж хэргийн газарт үзлэг хийсэн, ээж Эгаас өөр гэмтсэн хүн байхгүй, би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ...” гэх мэдүүлэг /хх 54 х/,
5.Гэрч Д.Лын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэртэйгээ 2011 онд танилцсан. Тэр үед манай эхнэр 5-н настай хүүтэй, би 7 настай охин, 8 настай охин буюу 2 охинтой байсан, тэгээд нийлээд нэг хүүтэй болсон, миний бага хүү Л.А нь 5-н настай, эхнэр бид 2 одоо хүүхдүүдтэйгээ амьдарч байгаа. Төмөр замын 236-р цэцэрлэгт туслах багшаар ажилдаг, миний хувьд гэр ахуйн цахилгаан хэрэгслийн засварт ажиллаж байгаад жил гаруйн өмнөөс өвчний улмаас гэртээ байгаа, эхнэр маань гэр бүлээ авч явж байгаа, миний хань байнга архи дарсны зүйл хэрэглээд байдаггүй, тухайн үед эмэгтэйчүүдийн баяр болоод жоохон юм уусан байсан, миний эхнэр хэрэг төвөгт орж байгаагүй, сайн эхнэр юм, зан төлвийн хувьд даруухан, хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй, миний 2 охиныг өөрийн охин шиг л хардаг. Гэр бүлийн зүгээс уг хэрэгт анхаарч байгаа. ...” гэх мэдүүлэг /хх 55 х/,
6. Шинжээчийн 678 дугаар дүгнэлт:
1.Л.Эгийн биед баруун атгаалын ясны шууны мэдрэлийг гэмтээсэн далд зөрөөтэй хугарал гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас баруун гарын сарвууны булчингийн хүч суларч, атгаах, тэнийлгэх хөдөлгөөн алдагдсан нь тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар 15% тогтонги алдагдуулна.
4.Ерөнхий хөдөлмөрийн чадвар 15% тогтонги алдагдах тул гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно. гэх дүгнэлт /хх 139-140 х/,
7.2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаартай мөрдөгчийн магадлагаа:
1.Тоёота Приус 20 маркийн .... УБӨ дугаартай автомашиныг жолоодож Э.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, “8.4. хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.
2.Тоёота Кроун маркийн ....УБЗ дугаартай автомашиныг жолоодож явсан Ө.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрсөн гэх үндэслэлгүй байна.
3.Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна. ...” гэх магадлагаа /хх 68-69 х/,
8.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл / хх 5 х/
9.Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 8-11, 64,106-110 х/
10. “Жолооч Э.Эт драйгер багаж ашиглан шалгахад 0,44 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” гэх тэмдэглэл /хх 16 х/
11.Хэргийн материал танилцуулсан тэмдэглэл / хх 129, 130 х/
12.Хохирлын баримтууд /хх 30-37, 155-164 х/
13.Хохирол төлсөн баримтууд /хх 80, 94-105 х/
14.“Хөрөнгө Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх 65 х/
15. Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 78 х/
16.Жолоочийн лавлагаа /хх 78 х/
17.Э.Эийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 82 х/
18.Оршин суугаа газрын тодорхойлолт /хх 83 х/
19.Гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 84 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.
Шүүгдэгч Э.Эийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтүүд, бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Э.Э нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны шөнийн 00 цаг 00 минутын орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Хангай захын баруун замд өөрийн эзэмшлийн Тоёота Приус маркийн .... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7-д заасан Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, мөн дүрмийн 8.4-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно” гэсэн заалтыг тус тус зөрчсөний улмаас Ө.Эын жолоодож явсан Тоёота Кроун маркийн ....УНЗ тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас зорчигч Л.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь:
Шүүгдэгч Э.Эийн “...өөдөөс ирж байсан автомашины гэрэл гялбаад байсан, тэгээд зөрөөд өнгөрлөө гээд бодтол эсрэг урсгал руугаа ороод тэр машиныг мөргөчихсөн, би тухайн үед урсгал сөрөөд явж байсан юм билээ, тэрийгээ мэдэхгүй байсан, учир нь согтууруулах ундаа уучихсан байсан болохоор мэдээгүй. Замын хажуугийн гэрэл асаалттай байсан. ...” гэх мэдүүлэг /хх 76-77 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/
Хохирогч Л.Эгийн “... явж байтал хажуунаас түг гээд хүчтэй мөргөсөн, тэгээд ослын дараа баруун гар санжиганаад хөдлөхгүй байсан, ...” / гэх мэдүүлэг /хх 20-21 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч Ө.Эын “... Хангай захын харалдаа явж байтал өөдөөс орж ирээд мөргөсөн, ослын дараа машинаас бууж ирээд, мөргөлдсөн автомашины жолооч талын хаалгыг онгойлгоход эмэгтэй хүн жолооны хүрд дээр сууж байсан, ... ээж Эгаас өөр гэмтсэн хүн байхгүй, ...” гэх мэдүүлэг /хх 54 х/,
Шинжээчийн 678 дугаар дүгнэлт:
1.Л.Эгийн биед баруун атгаалын ясны шууны мэдрэлийг гэмтээсэн далд зөрөөтэй хугарал гэмтэл учирч, уг гэмтлийн улмаас баруун гарын сарвууны булчингийн хүч суларч, атгаах, тэнийлгэх хөдөлгөөн алдагдсан нь тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3.Дээрх гэмтлийн улмаас ерөнхий хөдөлмөрийн чадвар 15% тогтонги алдагдуулна.
4.Ерөнхий хөдөлмөрийн чадвар 15% тогтонги алдагдах тул гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй болно. гэх дүгнэлт /хх 139-140 х/
2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаартай мөрдөгчийн магадлагаа:
1.Тоёота Приус 20 маркийн .... УБӨ дугаартай автомашиныг жолоодож Э.Э нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ согтууруулах ундаа, мансууруулах бодис, нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг чадхааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, “8.4. хөдөлгөөнтэй дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” гэх магадлагаа /хх 68-69х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн гэмт хэргийн нөхцөл байдлын талаарх хууль зүйн дүгнэлт:
Э.Эийн үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.4 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас Л.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг согтуугаар үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг хангах гол шалгуур нь Э.Э автомашин жолоодож явахдаа хийсэн дүрмийн бус үйлдэл, хохирогч Ө.Эын жолоодож явсан Тоёота Кроун маркийн ....УНЗ тээврийн хэрэгслийг мөргөж, ослын улмаас зорчигч Л.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийн хооронд шалтгаант холбоо тогтоогдсон байх, болгоомжгүй үйлдэл, хор уршиг хоёр нь цаг хугацааны хувьд дараалсан шинжтэй байж, уг үйлдэл нь хор уршигт зайлшгүй хүргэх нөхцөл болсон байх ёстой. Үүнийг шалгуур болговол Э.Эийн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсрэг урсгал сөрсөн үйлдлээс Замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтууд зөрчигдөж осол гарснаас Л.Эгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон учраас хууль бус үйлдэл, түүний улмаас үүдэн гарсан хор уршиг хоёр шууд шалтгаант холбоотой, мөн хохирогч Л.Эгийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх 57 х/ зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.
Уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь согтуугаар үйлдсэн байхыг шаардсан бөгөөд Э.Э зам тээврийн осол гаргахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь хавтаст хэргийн 16 дугаар талд авагдсан тэмдэглэлээр тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2-т зааснаар: “Эрүүгийн хуулиар тогтоосон насанд хүрсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ гэж заасан. Э.Э нь насанд хүрсэн, мөн түүний үйлдсэн гэмт хэрэг нь нийтлэг субъект шаарддаг болно.
Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.
Болгоомжгүй гэдэгт: Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан болохыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг.
Э.Э автомашин жолоодож явахдаа автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчсөн нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг урьдчилан мэдсэн, түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хор уршигт хүргэсэн гэх болгоомжгүй үйлдлийн улмаас уг гэмт хэрэг гарсан гэж дүгнэх боломжтой.
Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.
Шүүгдэгч Э.Э иргэний нэхэмжлэгч Ө.Эын автомашины эвдрэлд 2,491,600 төгрөг төлсөн бөгөөд хохирогч Л.Э эмчилгээний зардалд 1,641,000 төгрөг нэхэмжилсэн нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдож байгаа тул уг хохирлыг бүрэн гаргуулж, цаашид гарах зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Шүүгдэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн болохыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх хуульд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, Э.Эийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, хувийн байдлын хувьд шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, бага насны хүүхдүүдтэй, төрийн байгууллагад ажил эрхэлдэг, болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хуульд заасан нөхцөл байдлыг бүрэн хангаж байна гэж шүүх үзсэн тул түүнд хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг 02 жилээр оногдуулж, хохирогч Л.Эгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хүлээлгэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах нэмэгдэл ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Э.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулсан болно.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний жолооны үнэмлэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Их Монгол овогт ЭЭын Эийг Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүд, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Э.Эт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.Эийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Э.Эт мэдэгдсүгэй.
5.Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1-д заасныг баримтлан Э.Эээс 1641,000 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо 58а-49 тоотод оршин суух ЗЮ58022881 регистрийн дугаартай Л.Эд олгож, уг хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Э.Эт үүрэг болгож, цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлын нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Э.Эийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурьдсугай.
7.Хэрэгт хураагдан ирсэн ... дугаартай Э.Эийн жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Э.Эт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ