Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 2025/ДШМ/467

 

  2025           04             24                                         2025/ДШМ/467                                                   

 

 

                                      Г.Б, Д.И, Ц.О, Д.С, С.М, З.Э

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ганбулган,

яллагдагч Д.И-н өмгөөлөгч Т.Багахүү,

яллагдагч Ц.О-н өмгөөлөгч Б.Лхагвасүрэн,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/1773 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч дээд шатны прокурор Н.Амарсанаагийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 5 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Г.Б, Д.И, Ц.О, Д.С, С.М, З.Э нарт холбогдох эрүүгийн 1714 00159 0072 дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х овгийн Г-н Б, ..................., ял шийтгэлгүй, /РД: ............/,

2. Б овгийн Д-н И, .................., ял шийтгэлгүй, /РД: ............./,

3. Б овгийн С-н М, .................,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 324 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: ........./,

4. Б овгийн Д-н С, ....................., ял шийтгэлгүй, /РД: ............/,

5. Б овгийн Ц-ны О, ......................, ял шийтгэлгүй, /РД: ............../,

6. Л овгийн З-н Э, ......................., ял шийтгэлгүй, /РД: ................/,

1. Яллагдагч Г.Б нь ........... аймгийн Засаг дарга албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга албан тушаалтан Ц.О-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Э Г Л” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч З.Э-н ашиг сонирхлын үүднээс “Э Г Л” ХХК-ийг Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт байх “Тарган”, “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгаруулна гэж хуулиар хүлээсэн чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна “Э Г Л” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч З.Э-с 100,000,000 төгрөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О-р дамжуулан авч, хээл хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан;

2. Яллагдагч Ц.О нь Б аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус аймгийн Засаг дарга Г.Б-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Э Г Л” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч З.Э-н ашиг сонирхлын үүднээс “Э Г Л” ХХК-ийг Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт байх “Тарган”, “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгаруулна гэж хуулиар хүлээсэн чиг үүгийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна “Э Г Л” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч З.Э-с 100,000,000 төгрөгийг авч, хээл хахууль авах гэмт хэргийг гүйцэтгэсэн,

3. Яллагдагч Д.И нь Б аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/433 дугаартай “Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” захирамжийн дагуу ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллахдаа Б аймгийн Засаг дарга Г.Б, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О нарын хууль бус үүрэг даалгаврын дагуу “Э Г Л” ХХК-ийг Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт байх “Тарган”, “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгаруулах зорилгоор, нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2 хуралдаанаар “Э Г Л” ХХК-д Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дахь Тарган гэх газар 3 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр шалгарч, “Э Г Л” ХХК-тай гэрээ байгуулан ажиллахыг Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст чиглэл болгож шийдвэрлэсэн, харин Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дахь Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх талаар ажлын хэсгийн хуралдаанаас огт шийдвэр гараагүйг сайтар мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “Э Г Л” ХХК-тай байгуулах Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн “Тарган” хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”- ний төсөлд ажлын хэсгийн хуралдаанд хэлэлцэгдэж дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж тусгуулан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр НС2017/16 дугаартай “Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн Тарган, Хөшөөт хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээг "Э Г Л” ХХК-тай байгуулж, “Э Г Л” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон,

4. Яллагдагч Д.Са нь Б аймгийн Ж сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Б аймгийн Засаг дарга буюу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан Г.Б-н хууль бус үүрэг даалгаврын дагуу Б аймгийн Ж сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байх “Ж” ХХК-ийн эзэмшлийн 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэх нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэрээг “А Х” ХХК-нд байгуулж өгөх зорилгоор “А Х” ХХК-ийг Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй гэдгийг сайтар мэдсээр байж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай “Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г “А Х” ХХК-тай байгуулж Б аймгийн Засаг дарга буюу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан Г.Б, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтан Д.И, “А Х" ХХК-ийн захирал С.М нартай бүлэглэн Б аймгийн Ж  сумын Бөөрөгийн ам гэх газарт байх 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “А Х” ХХК-д олгох нөхцөлийг бүрдүүлэн С.М  болон “А Х” ХХК-д эдийн засгийн дагуу байдал бий болгосон гэмт хэрэгт хамжигчаар хамтран оролцсон,

5. Яллагдагч З.Э нь өөртөө давуу байдал бий болгох зорилгоор буюу “Э Г Л” ХХК-нд Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт байх “Тарган, “Хөшөөт” гэх газруудад нөхөн сэргээлтийн тендерт шалгарч, гэрээ байгуулах ашиг сонирхлын үүднээс Б аймгийн Засаг дарга Г.Б, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ц.О нарын албаны чиг үүрэгтэй нь холбогдуулан 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О-т 100,000,000 төгрөгийн хахууль өгсөн,

6. Яллагдагч С.М  нь өөрийн үүсгэн байгуулж, захирлаар нь ажилладаг “А Х” ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн хүрээнд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшдэггүй, тусгай зөвшөөрөл эзэмшдэг хуулийн этгээдтэй нэгдээгүй, түүний охин компаниар бүртгэгдээгүй, зөвхөн зочид буудлын үйл ажиллагаа, барилгыг дуусгах шатны ажил, нийтийн хоолны үйл ажиллагаа явуулдаг гэдгийн сайтар мэдсээр байж Б аймгийн Ж  сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байх “Ж” ХХК-ийн эзэмшлийн 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийх нэрээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах гэрээг байгуулж, өөртөө болон “А Х” ХХК-д давуу байдал бий болгох зорилгоор өөрийн найз болох Б аймгийн Засаг дараг буюу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан Г.Б-г санаатай гэмт хэрэг үйлдэхэд хүргэж, хатгасан,

Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И-р 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 7/848 дугаартай “Ж  3 дугаар багийн Бөөрөг гэдэг газарт байдаг танай компанийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд 2015, 2016 онд “Ж д” ХХК техникийн нөхөн сэргээлт хийсэн боловч хангалтгүй хийсэн байна. Иймд орон нутгийн иргэдээс тухайн талбайг нөхөн сэргээлгэх хүсэлт ирж байгаа тул аймаг орон нутгийн зүгээс “А Х” ХХК-иар техникийн сэргээлт хийлгэх болсон тул хамтарч ажиллана уу” гэсэн албан бичгийг “Ж” ХХК-д хүргүүлсэн, тус албан бичгийг үндэслэн “Ж” ХХК-тай Б аймгийн Ж  сумын Бөөрөгийн ам хэмээх газарт байрлах 5145А дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй талбайд нөхөн сэргээлт хийлгэхээр 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 03/17 дугаартай, 2018 оны 04 дүгээр сарын 01- ний өдөр 02 дугаартай нөхөн сэргээлт хийлгэх гэрээг “А Х” ХХК-тай 2 жил дараалан байгуулсан, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.И, Б аймгийн Ж  сумын Засаг дарга Д.С нартай 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 2к/01 дугаартай, 2018 оны 06 дугаар сарын 11-ний өдөр ТГ/01 дугаартай "Байгаль орчныг хамгаалах, уурхай ашиглах, үйлдвэр байгуулахтай холбогдсон дэд бүтцийг хөгжүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх тухай гэрээ”-г 2 жил дараалан байгуулж, тус гэрээг өөрийн найз болох Б аймгийн Засаг дарга буюу улс төр нөлөө бүхий нийтийн албан тушаалтан Г.Б-р батлуулж, Б аймгийн Засаг дарга буюу улс төрд нөлөө бүхий нийтийн албан тушаалтан Г.Б, Б аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтан Д.И, Б аймгийн Ж сумын Засаг дарга буюу нийтийн албан тушаалтан Д.С нартай бүлэглэн Б аймгийн Ж  сумын Бөөрөгийн ам гэх газарт байх 318 гектар талбайд ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулах эрхийг “А Х” ХХК болон өөртөө авч, эдийн засгийн давуу байдал бий болгосон гэмт хэрэгт хатгагчаар хамтран оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Б аймгийн прокурорын газраас: Г.Б-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.3 дахь хэсэг, 36 дугаар зүйлийн 36.1, 36.3 дахь хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар, мөн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Ц.О-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 1, 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.5, 36 дугаар зүйлийн 36.1, 36.3 дэх хэсгийн тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар,

Д.И-н үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

Д.С-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

С.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1,1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар,

З.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Хуульд зааснаар шүүгч өөрийн санаачилгаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан ба хэлэлцүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4, 6.15 дахь заалтад заасан асуудлын хүрээнд хэлэлцүүлэг явуулж яллах дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг дараах үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж үзэв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт дараах зүйлийг тусгана: 3.2 дахь заалтад яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тусгана гэж хуульчилжээ. Б аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Ганбулганы үйлдсэн 235 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт: яллагдагч Г.Б, Д.И нарыг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг бүрэн тусгаагүй, зарим ялласан гэмт хэргийг орхигдуулсан ноцтой зөрчилтэй байна. Тодруулбал: Яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт

-яллагдагч Г.Б-г Б аймгийн Засаг дарга албан тушаалтнаар ажиллаж байхдаа тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга албан тушаалтан Ц.О-тай урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн “Э Г Л” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч З.Э-н ашиг сонирхлын үүднээс “Э Г Л” ХХК-ийг Б аймгийн Б Ө сумын 4 дүгээр багийн нутагт байх “Тарган”, “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгаруулна гэж хуулиар хүлээсэн чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийхээр урьдчилан амлаж, 2017 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Б аймгийн Б сумын 1 дүгээр багийн 74 дүгээр байрны гадна “Э Г Л” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогч З.Э-с 100,000,000 төгрөгийг Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О-р дамжуулан авч, хээл хахууль авах гэмт хэргийг зохион байгуулсан гэж түүний холбогдсон 2002 оны Эрүүгийн хуулийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан хээл хахууль авсан гэх гэмт хэргийг тусгаж бичсэн, харин яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт Г.Б-г яллаж буй 2015 оны Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн товч агуулгыг тусгаагүй атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт бичсэн зөрчилтэй.

Мөн яллагдагч Д.И-г 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллахдаа яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт:

-яллагдагч Д.И нь Б аймгийн Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн А/433 дугаартай “Нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсэг томилох тухай” захирамжийн дагуу ажлын хэсгийн даргаар томилогдон ажиллахдаа Б аймгийн Засаг дарга Г.Б, тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.О нарын хууль бус үүрэг даалгаврын дагуу “Э Г Л” ХХК-ийг Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутагт байх “Тарган”, “Хөшөөт” гэх газар нөхөн сэргээлтийн тендерт шалгаруулах зорилгоор, нөхөн сэргээлт хийх аж ахуйн нэгжүүдийг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 2 хуралдаанаар “Э Г Л” ХХК-д Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дахь Тарган гэх газар 3 га газарт нөхөн сэргээлт хийлгэхээр шалгарч, “Э Г Л” ХХК- тай гэрээ байгуулан ажиллахыг Засаг даргын тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст чиглэл болгож шийдвэрлэсэн, харин Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн нутаг дахь Хөшөөт гэх газарт нөхөн сэргээлт хийлгэх талаар ажлын хэсгийн хуралдаанаас огт шийдвэр гараагүйг сайтар мэдсээр байж, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж “Э Г Л” ХХК-тай байгуулах “Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн “Тарган” хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-ний төсөлд ажлын хэсгийн хуралдаанд хэлэлцэгдэж дэмжигдээгүй “Хөшөөт” гэх газрыг нэмж оруулан 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдөр НС2017/16 дугаартай “Б аймгийн Б сумын 4 дүгээр багийн Тарган, Хөшөөт хэмээх газар нөхөн сэргээлт хийх гэрээ”-г “Э Г Л” ХХК-тай байгуулж, “Э Г Л” ХХК-д эдийн засгийн давуу байдал бий болгосон гэж тусгасан байх ба түүний үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн гэх эрүүгийн хэргүүдийг яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт огт тусгаагүй орхисон атлаа яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт тусгасан зөрчилтэй.

Мөн яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт: яллагдагч Д.С, С.М  нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулгыг огт тусгаагүй, тэдний үйлдсэн гэх хэргийг орхисон байна. Дээр дурдсан зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтыг зөрчсөн ноцтой зөрчилд тооцогдох бөгөөд яллагдагч нарын холбогдсон зарим гэмт хэргийг, эсхүл зарим яллагдагч нарын холбогдсон хэргийг бүхэлд нь орхигдуулсан эдгээр зөрчлийг үг үсэг, тоо, тооцооны техникийн шинжтэй алдаа гэж үзэхгүй, шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй зөрчлүүд байна. Нөгөө талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт дараах зүйлийг тусгана: 4.1 “яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгана.” гэж хуульчилсан. Тиймээс прокурорын үйлдсэн №235 дугаартай яллах дүгнэлт нь хуулийн шаардлагад нийцээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дээр дурдсан холбогдох заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэв.

2. Хэргийн материалтай танилцахад №235 дугаартай яллах дүгнэлтэд гэмт хэрэг нь Б аймгийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн талаар, мөн 1714001590072 дугаартай эрүүгийн хэргийг Улсын дээд шүүхийн харьяалал тогтоосон “Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд харьяаллын дагуу шилжүүлсүгэй” гэж тусгажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд Шүүхийн харьяаллын талаар хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 9 дэх хэсэгт “Эрүүгийн хэргийн оролцогч, гэрчийн олонх байгаа газарт, эсхүл дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно.” гэж хуульчилсан байна. Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 962 дугаартай тогтоолоор Г.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тогтоожээ. Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүний тогтоол гарсны дараа 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр шинэчлэн найруулсан Шүүх байгуулах тухай хууль батлагдаж, тус хуулийн 2 дугаар зүйлд анхан шатны шүүхийн байршил, тэдгээрийн нутаг дэвсгэрийн харьяаллыг доор дурдсанаар тогтооно: Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: шүүхийн нэр: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх, нутаг дэвсгэрийн харьяалал нь Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн бүх нэгжийг хамаарахаар хуульчилжээ. Шинэчлэн найруулсан Шүүх байгуулах тухай хууль нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх нь яллагдагч нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан байна. Тус хэрэгт Улсын Дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүний шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоосон тогтоол байгаа хэдий боловч тус тогтоолд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шүүхийн харьяаллыг өөрчлөн тогтоож байсан ба 2025 оны 01 дүгээр сарын 13-нд дээрх нэршилтэй шүүх үйл ажиллагаа явуулаагүй, шүүхийн бүтэц зохион байгуулалтаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн шүүх байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна. Тиймээс Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүний 2020 оны 11 дүгээр сарын 06- ны өдрийн 962 дугаар тогтоолоор Г.Б, Ц.О, Д.И, Д.С, С.М, З.Э нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх шүүхийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд тогтоосныг 2025 оноос үйл ажиллагаа явуулж буй Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн шүүхийн харьяалал гэж ойлгон шууд хамааруулах боломжгүй, шүүхийн харьяаллын асуудал тодорхойгүй байна. Түүнчлэн Шүүх байгуулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2024 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн хуулийн 1 дүгээр зүйлд Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн Гурав, Зургаа дахь хэсэгт заасан “анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргаан, эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг, маргааныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.” гэж заажээ. Дээрх хуулийн агуулгаас үзвэл шүүхийн харьяалан шийдвэрлэх нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд хэргийг шилжүүлэхээр хуульчилсан байх ба яллагдагч Г.Б, Ц.О, Д.И, Д.С, С.М, З.Э нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх хэрэг маргаан, нутаг дэвсгэрт хамаарахгүй, Баянхонгор аймагт үйлдэгдсэн гэмт хэрэг байна. Иймд 2020 онд шүүхийн харьяаллыг тогтоосон тогтоол гарснаас хойш хугацаанд 2025 онд шүүхийн бүтэц зохион байгуулалт өөрчлөгдсөн байхад прокуророос хэргийг харьяаллын дагуу Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсүгэй гэж 2024 онд батлагдсан Шүүх байгуулах тухай хуульд байхгүй шүүхийн нэршлээр бичиж хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд ирүүлсэн, мөн прокуророос шүүхийн харьяалал зөрчиж хэргийг шилжүүлсэн байх тул зөрчлөө арилгах, шүүхийн харьяаллыг тодорхой болгож хуульд нийцүүлэх шаардлагатай байна.

3. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт өмгөөлөгч Т.Багахүүгээс мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх хүсэлт гаргасан ба үндэслэлээ давж заалдах шатны шүүхийн магадлал биелэгдээгүй гэж тайлбарласан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, хүн, хуулийн этгээд биелүүлнэ.” гэж хуульчилсан. Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаартай магадлалд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд хэргийн бодит байдлыг тогтоох талаар тодорхой заасан бөгөөд үүнийг тогтоох нь гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэх, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэх үндэслэл болдог тул дээр дурдсан нотолбол зохих байдлуудыг хэрэг нэг бүрд холбогдсон этгээд тус бүрээр нотолсон байхыг шаардаж байхад шүүгдэгч Д.И-г хахууль авсан гэх хэргийн бүхий л нөхцөл байдлыг тодруулахад ач холбогдолтой, хамааралтай, шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүрэн хангалттай цуглуулан бэхжүүлээгүй, эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоогоогүй байна. ...” гэсэн байх бөгөөд магадлалд заасан нотолбол зохих, холбогдох ажиллагааг хангалттай явуулаагүй байна. Иймд Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 27 дугаартай магадлалд заасан бүхий л ажиллагааг мөрдөн шалгах ажиллагаагаар явуулж нотолбол зохих байдлыг хангалттай нотлон тогтоох, магадлалын заалтуудыг биелүүлэх шаардлагатай гэж үзэв. Тиймээс дээр дурдсан ажиллагаануудыг явуулж, шалгаж тогтоовол зохих асуудлуудыг “зөв, бүрэн” тогтоох нь гэм буруутай этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын шинж чанар, хэр хэмжээнд нөлөөлөх, улмаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим, шаардлагад нийцүүлэх үндэслэлтэй тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хүрээнд эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм. Хэргийг прокурорт очтол яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн нэг ширхэг ДВД, ярианы бичлэг бүхий нэг ширхэг сиди зэргийг хэргийн хамт прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслахад даалгаж, хэрэгт Г.Б-н өмчлөлийн Б аймгийн Б сумын 1 дүгээр баг, ............ тоот орон сууц, Ц.О-н өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-0............ дугаарын бүртгэлтэй Б аймгийн Б сумын 5-р баг,........................ тоот орон сууцыг тус тус битүүмжлэгдсэн болохыг дурдаж шийдвэрлэжээ.  

Дээд шатны прокурор Н.Амарсанаа бичсэн эсэргүүцэлдээ: “... Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж дүгнэж дараах үндэслэлээр эсэргүүцэл бичиж байна. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокурорын яллах дүгнэлтийн хуулийн шаардлагыг хуульчилсан. Прокуророос хуулийн дээрх заалтын дагуу яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт: харилцан уялдаа холбоотой 2 үйл баримт, 3 гэмт хэргийн шинжийг хангасан 4 яллагдагчид холбогдох гэмт хэргийн утга болон тухайн гэмт хэргүүдэд хамааралтай нотлох баримтуудыг үргэлжлүүлэн тусгасан, мөн 1 үйл баримт, 1 гэмт хэргийн шинжийг хангасан 4 яллагдагчид холбогдох гэмт хэргийн утга болон тухайн гэмт хэргүүдэд хамааралтай нотлох баримтуудыг үргэлжлүүлэн тусгасан. Тодруулбал, яллагдагч Г.Б, Ц.О нарын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт заасан “Э Г Л” ХХК-ийн менежер З.Э-с 100,000,000 төгрөгийн хээл хахууль авсан гэмт хэрэг, яллагдагч З.Э-н Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Г.Б, Ц.О нарт хахууль өгсөн гэмт хэрэг, яллагдагч Д.И-ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Э Г Л” ХХК болон тус компанийн менежер З.Э-д давуу байдал бий болгон гэмт хэргүүдийн товч утга, холбогдох нотлох баримтуудыг; мөн яллагдагч Г.Б, Д.И, Д.С, С.М  нарын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “А х” ХХК болон С.М-д давуу байдал бий болгосон гэмт хэргийн товч утга, холбогдох нотлох баримтуудыг дараалуулан тусгасан яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт тусгасан байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримтыг тэмдэглэх хэсэгт тусгана гэсэн шаардлагыг бүрэн хангасан гэж үзнэ. 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2 дугаар зүйлд Шүүхийн харьяаллын талаар хуульчилсан ба 9 дэх хэсэгт “... дагнасан чиг үүрэгтэй алба, нэгжийн мөрдөн шалгах ажиллагаа явуулсан эрүүгийн хэргийн шүүхийн харьяаллыг прокурорын саналыг үндэслэн Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын тэргүүн өөрчлөн тогтоож болно....” гэж хуульчилсан ба яллагдагч нарт холбогдох эрүүгийн 1714001590072 дугаартай хэрэгт Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс мөрдөн шалгах ажиллаагаа явуулж, хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Б.Ганбулган нь шүүхийн харьяаллыг тогтоолгох прокурорын санал гаргаж, Монгол Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 962 дугаартай захирамжаар хэргийн шүүхийн харьяаллыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр шүүхийн харьяаллыг тогтоосон. ...2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчлэн найруулсан ба 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөж Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн тойргийн шүүх гэх нэршилтэйгээр хэрэг маргааныг шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр Монгол Улсын Дээд шүүхийн тэнхимийн тэргүүний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 962 дугаар захирамжаар шүүхийн харьяаллыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тогтоосон шийдвэрийг үгүйсгэж болохгүй. ... Нөгөөтэйгүүр, Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 962 дугаартай захирамжаар хэргийн шүүхийн харьяаллыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлүүлэхээр тогтоон шийдвэрлэсэн шийдвэр хүчин төгөлдөр байхад, шүүхийн нэршил өөрчлөгдсөн гэх үндэслэлээр хэргийг буцааж, шүүхийн харьяаллыг дахин тогтоолгох гэсэн нь ойлгомжгүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

3. Эрүүгийн 1714001590072 дугаартай яллагдагч Г.Б, Ц.О, Д.И, Д.С, С.М, З.Э нарт холбогдох хэрэгт, яллагдагч Д.И-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэг, 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж, шүүхэд шилжүүлж байсан, Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг прокурорт буцаахдаа, яллагдагч Д.И-н хахууль авсан гэх үйлдэлд нэмэлт мөрдөн байцаалт хийлгэх шаардлагатай гэж үзсэн. Хавтаст хэрэгт яллагдагч Д.И-т холбогдох үйлдэлд хамааралтай бүхий л мөрдөн шалгах ажиллагааг хийж гүйцэтгэж, нотлох баримтуудыг хавтаст хэрэгт бүрэн тусгасан байдаг, өөрөөр хэлбэл, магадлалд зааснаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийхээр бол урьд хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааг дахин хийх нөхцөл байдал үүсэх бөгөөд Эргүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилт, зарчимтай зөрчилдөж байна. Б аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Б.Ганбулган нь урьд Д.И-г Нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Улс төрд нөлөө бүхий этгээдүүд болох Г.Б, Ц.О нартай бүлэглэн хахууль авсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт дахин хийж, Д.И-г эрх, мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэж дүгнэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй юм. Иймд анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025/ШЗ/1773 дугаартай захирамж нь хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул хүчингүй болгуулж, хэргийг шүүхээр дахин хэлэлцүүлэхээр дээд шатны прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.

Прокурор Б.Ганбулган тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурорын яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт хэргийн утга буюу 4 яллагдагчид холбогдох үйл баримт, гэмт хэргийн шинжийг тусгасан. Мөн хэргийн товч утга болон холбогдох нотлох баримтуудыг үргэлжлүүлэн тусгасан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т “яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа, учруулсан хохирол, зайлшгүй шаардлагатай нотлох баримт” гэж заасан шаардлага хангагдсан. ... Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүний 2020 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 962 дугаартай захирамж хүчин төгөлдөр байгаа. Шүүхийн нэршил өөрчлөгдсөн гэдэг утгаараа Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх энэ хэргийг хүлээн авч шийдвэрлэхгүй байх үндэслэл болохгүй. Яллагдагч Д.И-г улс төрд нөлөө бүхий этгээдүүдтэй бүлэглэн хахууль авсан гэмт хэрэгт анх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж байсан. Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээс яллагдагч Д.И-т холбогдох хахууль авсан гэмт хэрэгтээ холбоотойгоор нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуул гэсэн агуулга бүхий магадлал гарсан. Хуульд зааснаар шүүхийн магадлалыг заавал биелүүлэх үүрэгтэй. Гэхдээ 2017 оноос хойш шалгагдсан хэрэг дээр “Э Г Л” ХХК-д Д.И давуу байдал олгосон мөн Г.Б, Ц.О нар хахууль авсан үйлдэлтэй холбоотой нотлох ажиллагаа бүгд хийгдсэн. Д.И-н тухайн үед ажлын хэсэгт орж ажилласантай холбоотой бүх гэрчээс мэдүүлэг авч, холбогдох нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. ... Улсын яллагчийн зүгээс тухайн хахуулийн гэмт хэргийг харин улс төрд нөлөө бүхий хүмүүсийн өгсөн үүрэг даалгаврын дагуу албан үүрэг, бүрэн эрх албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийн шинжтэй гэдэг байдлаар дүгнэлт хийгээд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийг дахин шүүхэд шилжүүлсэн. Иймд дээр дурдсан 3 үндэслэлээр анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах саналтай байна. ...” гэв.

Яллагдагч Д.И-н өмгөөлөгч Т.Багахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...  Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагаа огт хийгдээгүй буюу миний үйлчлүүлэгч Д.И-тай холбоотой ажиллагааг давж заалдах шатны шүүхээс хийж гүйцэтгэ гэсэн боловч энэ ажиллагаа хийгдээгүй. ... Прокурорын зүгээс хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шалгаж судалсны үндсэн дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн гэж байна. Ямар нотлох баримтад үндэслэж, ямар ажиллагаа хийж, яагаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилсэн гэдэг талаар нотлох баримт авагдаагүй. ... Миний бие 2021 оноос хойш хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, шүүхийн хэлэлцүүлэгт Д.И-н ямар үйлдэл нь гэмт хэрэг юм бэ, ямар гэмт хэрэг юм бэ, үүнийг нэг бүрчлэн тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж, шүүхээс хүсэлтийг хүлээж авдаг боловч мөрдөн шалгах ажиллагааны шат болон прокурорын шатанд тухайн ажиллагааг хийж гүйцэтгэдэггүй байсан. ... н.Энхбат, н.Дашцэрэн, бичиг хэргийн ажилтан, нарийн бичиг зэрэг хүмүүсээс гэрчийн мэдүүлэг аваагүй. “Ж” ХХК, “А Х” ХХК-тай холбоотой Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 2 дугаар сарын магадлал гарсан. Мөн 2021 оны Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тогтоол байдаг. Эдгээр шүүхийн шийдвэрүүдэд “Ж” ХХК тусгай зөвшөөрөлтэй талбай дээрээ нөхөн сэргээлтийн үйл ажиллагааг бусад аж ахуйн нэгж, компаниудтай гэрээ байгуулан хийдэг байсан эсэхийг шалган тогтоох, тухайн гэрээ байгуулсан аж ахуйн нэгж, компаниуд нь тусгай зөвшөөрөлтэй байсан эсэх асуудлыг шалган тогтоох” талаар дурдсан боловч энэ ажиллагаа одоог хүртэл хийгдээгүй. Ийм учраас “Ж” ХХК, “А Х” ХХК-д давуу байдал олгосон эсэх асуудал тодорхойгүй байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж эхэлснээс хойш энэ хэргийг эцэслэн шийдвэрлэх хүртэл Д.И нь төрийн албанд ажиллахгүй, тухайн орон нутгийн төрийн өмчийн компанид мэргэжилтнээр ажиллаж байгаа бөгөөд тус албан тушаал нь нийтийн албан тушаалд хамаардаггүй. Тэгэхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөх боломжгүй гэдгийг харгалзан үзэх нь зүйтэй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Яллагдагч Ц.О-н өмгөөлөгч Б.Лхагвасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгч Т.Багахүүгийн гаргасан тайлбарыг дэмжиж байна. Яллах дүгнэлт нь хэргийн үйл баримт, үйлдэл холбогдлыг тодорхой тусгаж, хууль зүйн дүгнэлтийг ойлгомжтой байдлаар бичигдсэн, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэсэн байх ёстой. Гэтэл энэхүү нөхцөл байдал үгүйсгэгдэж байгааг шүүгчийн захирамжид тодорхой дурдсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдлыг тогтоох, нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор хянах үүргээ улсын яллагчийн зүгээс биелүүлээгүй гэж үзэж байна. ... 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дүүргийн шүүх нь тойргийн шүүхийн статустай болсон. Тэгэхээр эсэргүүцэлд дурдсан үндэслэл үгүйсгэгдэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих ажиллагаа хийгдээгүй гэж үзсэн шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй. ...” гэв.

           ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ дээд прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Яллагдагч Г.Б, Ц.О, Д.И, Д.С, С.М, З.Э нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл муутай байна.

Хэргийг хянахад, яллагдагч нарт холбогдох хэргийг 2017 оноос эхлэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн ба хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудын талаар шалгасан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой, энэ талаарх нотлох баримтууд хангалттай цугларчээ.

Шүүгчийн захирамжид “яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллагдагч Г.Б, Д.И, Д.С, С.М  нарын холбогдсон гэмт хэргийн товч агуулга болон зарим яллаж буй хэргийн талаар бичилгүй орхигдуулсан”  гэж дүгнэсэн боловч хэргийн 21 дэх хавтасны 135-136, 176-180 дугаар талд энэ талаар дэлгэрэнгүй тусгасан байна.

Түүнчлэн, хэргийн харьяалал зөрчсөн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан нь хуульд нийцэхгүй байна. Учир нь, Г.Б, Ц.О, Д.И, Д.С, С.М, З.Э нарт холбогдох эрүүгийн хэрэг нь урьд Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүний 2020 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 962 дугаартай захирамжаар шүүхийн харьяаллыг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гэж тогтоосон.

Дээрх Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүний захирамж гарснаас хойш шүүхийн харьяаллын асуудал хөндөгдөөгүй байсаар хэрэг дахин Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдөр прокуророос хэрэг шилжиж ирсэн. Улмаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 04 тоот албан бичгээр хэргийн бүрдэл дутуу үндэслэлээр хэргийг хүлээн аваагүй бөгөөд дахин 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр буцаан ирүүлснийг шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэх боломжгүй.

Нөгөөтэйгүүр, 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн Шүүх байгуулах тухай хуульд зааснаар дээрх шүүх нэршлийн хувьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх болон үйл ажиллагаа явуулж байгааг шүүхийн харьяалал өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд Монгол Улсын Шүүхийн тухай хуулиар харьяалуулсан өмнөх нутаг дэвсгэрийн шүүхийн эрх залгамжлах процесс хэвээр хадгалагдах учиртай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/1773 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, үүнтэй холбоотой яллагдагч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЗ/1773 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

2. Яллагдагч Г.Б, Д.И, Д.С, З.Э, С.М  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, яллагдагч Ц.О-т урьд авсан Монгол улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

                        ШҮҮГЧ                                                            Ц.МӨНХТУЛГА

                             ШҮҮГЧ                                                            М.АЛДАР