Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 09 сарын 28 өдөр

Дугаар 210/ма2018/02085

 

 

 

 

 

 

 

 

 

Соёо-Өндөр ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Т.Туяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/01557 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Соёо-Өндөр ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч Нийслэлийн газрын алба, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын санхүү, төрийн сангийн хэлтэст тус тус холбогдох,

 

Дуудлага худалдааны анхны үнийн зөрүүд илүү төлсөн 11 028 160 төгрөг гаргуулах тухай хэргийг

 

Хариуцагч Нийслэлийн газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.Цэндсүрэн

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Соёо-Өндөр ХХК-ийн захирал Ц.Төмөрболд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Соёо-Өндөр ХХК нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/1010 тоот захирамжийг үндэслэн үйлчилгээтэй орон сууцны зориулалттай 3315 м.кв газрыг эзэмших эрх нь баталгаажиж газрын эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 52 509 600 төгрөгийг 2013 оны 9 дүгээр сарын 18-нд, 2014 оны 3 дугаар сарын 18-нд тус тус Төрийн сан банкны 200051049 дансанд төлсөн.

Нийслэлийн Аудитын газрын хийсэн шалгалтаар уг газар дээр тооцож төлсөн дуудлага худалдааны анхны үнийг илүү тооцсон гэж үзэн 46 689 280 төгрөгийг буцаан олгох шийдвэр гарсан.

Соёо-Өндөр ХХК нь хувьцаа эзэмшигч Г.Алтанцэцэгтэй түүний Баянгол дүүргийн Засаг даргын 2009 оны 478 тоот захирамжтай 3377 м.кв газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ болох 35 661 120 төгрөгийг Г.Алтанцэцэгийн 8022/5116 тоот гэрээтэй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд харилцан суутган тооцохоор тохиролцож гэрээ байгуулсныг Нийслэлийн газрын алба баталгаажуулан хүлээн зөвшөөрч суутгал хийж шийдвэрлэсэн. Нийслэлийн Аудитын газрын даргын тушаалаар дээрх төлбөрийг 2015 оны 9 дүгээр сарын 25-ны дотор шийдвэрлэхийг Нийслэлийн газрын албанд даалгасан боловч манайд хариу ирүүлээгүй, илүү төлсөн төлбөрийг шилжүүлээгүй байна.

Бид Нийслэлийн газрын албанд илүү төлсөн үлдэгдэл төлбөрөө буцаан авах талаар албан бичгээр хандсан боловч дээрх мөнгийг буцаан олгох боломжгүй талаараа дурдсан учраас газрын гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд илүү төлсөн үлдэгдэл 11 028 160 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнхжин шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Газрын албанд 2015 оны 03 дугаар сард хийгдсэн Нийслэлийн Аудитын газраас явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 14 хороонд байрлах Соёо-Өндөр ХХК-д НАГ-АХ/2015/ГАII-14-01/ГА дугаар актаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А309, А/915, 2014 оны А/807 дугаар захирамжуудыг хэрэгжүүлээгүй гэсэн үндэслэлээр акт тогтоосон боловч актын хавсралт №12-оор Соёо-Өндөр ХХК-д холбогдох 46 689 280 төгрөгийн дуудлага худалдааны анхны үнийг илүү тооцож төсөвт төвлөрүүлсэн гэж тогтоосон.

Нийслэлийн Засаг даргын 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр А/309 дүгээр Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний анхны үнэ төлүүлэх тухай захирамжаар Газрын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасныг үндэслэн 2003 оны 01 дүгээр сарын 01-нээс хойш дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтаас бусад хэлбэрээр газар эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээдээс газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны үнийг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тодорхойлж, төлбөрийг авч төвлөрүүлэхийг үүрэг болгосон.

Соёо-Өндөр ХХК-д Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 дүгээр захирамжаар үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар 3,300 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгосон байдаг бөгөөд тухайн газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжтай болгох хүсэлтийн дагуу 2013 оны 03 дугаар сарын 15-ны өдөр А/309 тоот захирамжийг үндэслэн Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын Сайдын 2010 оны 206 дугаар тушаалаар баталсан аргачлалын дагуу тодорхойлж 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Соёо-Өндөр ХХК-аас газрын дуудлага худалдааны анхны үнэ 52 272 000 төгрөг нэхэмжилж төлбөрөө тушаасан байдаг.

Гэвч Нийслэлийн Аудитын газрын 2015 оны 3 дугаар сарын 13-ний өдрийн НАГ-АХ/2014-2015/ГА11-14-01/ГА дугаар актаар Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/307, А309, А/915, 2014 оны А/807 дугаар захирамжуудыг хэрэгжүүлээгүй хэмээн үндэслэн акт тогтоосон боловч актын хавсралт №12-оор Соёо-Өндөр ХХК-д холбогдох 46 689 280 төгрөгийн дуудлага худалдааны анхны үнийг илүү тооцож төсөвт төвлөрүүлсэн гэж тогтоосон.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 дүгээр захирамжаар Соёо- Өндөр ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 3 300 м.кв газрыг 5 жилийн хугацаатай олгосон байтал үйлчилгээний зориулалтыг орхигдуулан Барилга, хот байгуулалтын 2007 оны 136 дугаар тушаалаар батлагдсан аргачлалын дан орон сууцны зориулалтын 1 м.кв газрыг 1 760 төгрөгөөр тооцохоор тогтоосон байдаг.

Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 136 дугаар тушаалаар батлагдсан аргачлалаар Үйлчилгээтэй орон сууцны 1 м.кв газрыг 13 200 төгрөгөөр төлөхөөр, ЗТБХБС-ын 2010 оны 206 дугаар тушаалаар Үйлчилгээтэй орон сууц 1 м.кв газрыг 15 840 төгрөгөөр тооцож төсөвт төвлөрүүлсэн нь үндэслэлтэй учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Нийслэлийн Газрын албанаас 10 774 720 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Соёо-Өндөр ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 252 440 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Нийслэлийн Газрын албанаас 187 345 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Соёо-Өндөр ХХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 191 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байна. Соёо-Өндөр ХХК-д олгосон 2013 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн А/1010 тоот захирамж нь 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүртэл хүчинтэй ба газрын төлбөрөө үйлчилгээний орон сууцны зориулалтаар болно.

Анхан шатны шүүхийн шийдвэрт Барилга, хот байгуулалтын сайдын 2007 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 136 тоот тушаал нь Зам тээвэр барилга, хот байгуулалтын сайдын 2010 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 206 тоот тушаал гарснаар хүчингүй болсон байх ба аудитын газрын дээрх акт нь хүчингүй болсон тушаалыг үндэслэл болгосон нь ойлгомжгүй байна гэж дурдсан байгаа нь Нийслэлийн Аудитын газрын 2015 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн НАГ-АХ/2014-2015/ГАII-14-01/ГА дугаар актын хавсралт №12-оор Соёо-Өндөр ХХК-д холбогдох хэсгийг хууль бус акт болохыг тодорхойлж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Нэхэмжлэгч Соёо-Өндөр ХХК нь хариуцагч Нийслэлийн газрын албанд холбогдуулан дуудлага худалдааны анхны үнийн зөрүүд илүү төлсөн 11 028 160 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нийслэлийн Өмчийн харилцааны газар нь нэхэмжлэгч Соёо-Өндөр ХХК-тай 2013 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах үйлчилгээтэй, орон сууцны зориулалтаар 3 315 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр гэрээ байгуулсан байна. /хх-ийн 35-37/ Хариуцагч нь Нийслэлийн Засаг даргын 2013 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/309 тоот Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэ төлүүлэх тухай захирамжийг үндэслэн газрын эрх эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд 52 272 000 төгрөг тушаах нэхэмжлэхийг нэхэмжлэгчид хүргүүлсний дагуу тэрээр 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 52 509 600 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон. /хх-ийн 27, 28/

 

Зохигчид 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр Дуудлага худалдааны анхны үнэ шилжүүлэн суутган тооцоо хийх тухай протокол үйлдэж ...Нийслэлийн аудитын газрын хийсэн шалгалтаар газар дээр дуудлага худалдааны анхны үнийг илүү тооцож авсан 46 689 280 төгрөгийг буцаан олгох шийдвэр гарсан байна. ...35 661 120 төгрөгийг Г.Алтанцэцэгийн 8022/5116 тоот гэрээтэй газрын газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд харилцан суутган тооцохоор тохирлцсон байх ба хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 06/5335 тоот ...Газар эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд тушаасан мөнгийг буцаан олгох боломжгүй бөгөөд өөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын дуудлага худалдааны анхны үнэд суутган тооцох боломжтой байна гэсэн албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж байжээ.

 

Нийслэлийн аудитын газрын 2015 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн НАГ-АХ/2014-2015/ГАII-14-01/ГА тоот актын хавсралт №12-т ...Соёо-Өндөр ХХК-д үйлчилгээтэй орон сууцны зориулалтаар 0,33 га газрыг 5 жилийн хугацаатайгаа эзэмшүүлэх эрх олгож, ... дуудлага худалдааны анхны үнийг БХБС-ын 2007 оны 136 дугаар аргачлалын дагуу орон сууцны зориулалтаар 1 м.кв газрыг 1 760 х 3316 = 5 836 160 төгрөгөөр тооцохоор байтал ЗТБХБС-ын 2010 оны 206 дугаар тушаалаар баталсан бүх төрлийн үйлчилгээ 1 м.кв газрыг 15 840 төгрөгөөр тооцон 46 689 280 төгрөгийг илүү авсан талаар дүгнэсэн байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс газрын эрх эзэмших эрхийн гэрчилгээний дуудлага худалдааны анхны үнэд 10 774 720 төгрөг илүү төлүүлсэн байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзнэ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, нэхэмжлэгч Соёо-Өндөр ХХК-ийн дуудлага худалдааны анхны үнийн зөрүүд илүү төлсөн 10 774 720 төгрөгийг хариуцагч Нийслэлийн газрын албанаас гаргуулж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 сарын 08-ны өдрийн 182/ШШ2018/01557 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

ШҮҮГЧИД Т.ТУЯА

Д.ЦОГТСАЙХАН