| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0162/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/172 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 11.1, |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/172
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******
Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-д холбогдох 1821000450130 дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Баянтүмэн суманд 1978 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг ...... тоотод оршин суух, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Дөхөм” гэх газарт оршин суух иргэн *******ын гэрийн гадна хохирогч *******-ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Миний мөрдөн байцаалтын шатанд ярьсан зүйл үнэн зөв. Ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Өөр ярих зүйлгүй” гэжээ.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр *******, Гүенбаатар, Борхүү, Дүүрэнжаргал бид нар Баянтүмэн сумын 3 дугаар багт байрлах Хатанболд ахын малын бойг хийж дуусаад хүн бүр 20.000 төгрөг гаргаж нийлүүлээд аймгийн төв рүү явж архи авч уухаар болсон. Гүенбаатарын эхнэрт хадгалуулсан архиа аваад гарах гэтэл Алтантулга орж ирээд миний архийг аваад шидээд хагалчихаар нь би “Наадахыг чинь би мөнгөөрөө авсан” гээд маргалдахад Алтантулга миний толгой руу хэдэн удаа цохиход Борхүү ирээд салгаад авсан. Тэгээд би босох гэж байтал ******* ирээд намайг түлхэж унагаагаад миний гэдсэн дээр 2-3 удаа дэвсэж өшиглөсөн. Тэгсэн чинь миний гэдсэн доогуур хүчтэй өвдөөд босч чадахгүй болсон. Тухайн үед би нилээн уугаад согтсон болохоор тэд нарт агсарсан юм шиг байна лээ. Надад учирсан гэмтлийг ******* учруулсан. Алтантулгын цохилтоос надад айхтар гэмтэл учраагүй. Гүенбаатар, ******* бид хэд нилээн согтсон байсан боловч болж байгаа асуудлыг мэдэх ухаантай байсан. Дүүрэнжаргал, Цогтбаатар нар сүүлийн 2-3 шил архинаас уусан учраас их согтоогүй байх. Борхүү, Алтантулга хоёр архи уугаагүй эрүүл байсан. Одоогоор хохирлын тооцоог нарийн гаргаагүй боловч ойролцоогоор 8-9 сая төгрөгийн зардал гарсан. Үүнээс ******* ах 9.9 сая төгрөг өгсөн. Цаашид эмчилгээ хийлгэх болохоор гарах зардлын баримтыг өгнө...” гэжээ. /хх-ийн 18-19 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...******* ах гарч ирээд бие засч байхад ******* дуугүй болохгүй чи муу үзэмчний шээс гээд элдэв бусаар хэлээд ******* ах руу салаавч өгөөд өөдөөс нь яваад очиход ******* ах түүнийг алгадаж унагаагаад гэдэс рүү нь 2-3 удаа өшиглөхөд ******* ах дуугарч чадахгүй болоод гэдсээ дараад эвхрээд ёолоод байхаар нь би босгох гэхэд босч чадахгүй байсан...” гэжээ. /хх-ийн 49-50 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “******* хажуугаас нь миний эхнэрийг чи дуугүй бай, гичий минь гэхэд ******* ах чи найзынхаа эхнэрийг гичий гэж болохгүй гэхэд ******* чи битгий хуцаад бай, үзэмчний шээс гэж хэлээд маргахад нь Мөнхсувд уурлаад *******ийг хөөгөөд гэрээс гаргасан. ******* ах уурласан болохоор *******ийн араас гарсан. Маргааш өглөө нь Борхүүтэй хамт *******ийн гэрээр ирэхэд ******* зүүн талын орон дээр эвхэрсэн байдалтай урдаа хувин тавьчихсан хэвтэж байсан. Би *******оос яасан бэ хөгшөөн, зүгээр үү гэхэд хөгшин нь өчигдөр орой ******* ахад зодуулчих шиг боллоо, шөнөжин эвхрээд унтаж чадсангүй гэж хэлсэн...” гэжээ. /хх-ийн 39-40 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Удалгүй ******* эргэж орж ирээд архиа ууж дуусаагүй байхад явуулах гэлээ, өөр нэг шил архи байх ёстой, тэрнийгээ гарга гээд олон юм яриад байхаар нь би түүнд чи одоо яв, согтсон байна гэж хэлэхэд намайг гичий янхан, өөр нутгийн хүн байж энд биеэ үнэлж амьдарлаа гэх мэтээр доромжлоод байхаар нь ******* ах намайг өмөөрч Ган******* чи өөрөө эхнэртэй хүн байж хүний эхнэрийг ингэж хэлж болохгүй, одоо яв яв гэж хэлсэн чинь ******* гэрийн хаалгаар гарч явахдаа Зоригоо Тулгаа та хоёр үзэмчний шээс, хазгар, доголон гэх мэтээр нэлээн олон юм хэлж доромжилж байсан” гэжээ. /хх-ийн 43-44 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Тэгж байтал Борхүү орж ирээд ******* ахыг машины дэргэд ******* унагаад гэдэс рүү нь өшиглөчихлөө, ******* ёо ёо гээд юм дуугарч чадахгүй байна гэж хэлсэн. Алтантулга *******ийг зодсон гэж хэлээгүй, дээр нь гараад сууж байна гэж хэлсэн. Харин Зоригоо ******* ахыг унагаагаад дээрээс нь дэвсээд хаячихсан юм биш үү” гэжээ. /хх-ийн 47-48 тал/
Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Маргааш өглөө нь би *******оос асуухад ******* бид хоёр маргалдаад намайг газарт унагаагаад гэдэс рүү өшиглөж зодсон гэж хэлсэн” гэжээ. /хх-ийн 51-52 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 271 тоот актын дүгнэлтэд
1. *******ийн биед нойр булчирхайн язрал, няцрал, бага сэмжний язрал гэмтэл, мэс заслын дараах байдал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэжээ. /хх-ийн 57-58 тал/
- *******ийн өвчтөний түүх, үзлэгийн тэмдэглэл, мэс заслын тэмдэглэл, үзлэгийн картын хуулбарууд /хх-ийн 67-75 тал/
- Хохирлын талаарх баримт /хх-ийн 77-90 тал/
- Урьд ял шийтгэгдсэн эсэхийг ял шалгах хуудас /хх-ийн 96 тал/
- Өвчтөний түүх /67-75 тал/
- *******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 64 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь согтуурсан үедээ 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 08-нд шилжих шөнө Дорнод аймгийн Баянтүмэн сумын 3 дугаар баг “Дөхөм” гэх газарт оршин суух иргэн *******ын гэрийн гадна хохирогч *******ийг зодож эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч *******, гэрч *******, *******, *******, , Ө.Нандинцэцэг нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 251 тоот дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-д холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан шүүгдэгч *******-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч *******-ийн биед хүнд гэмтэл учирсан, түүний эмчилгээний болон бусад зардалд шүүгдэгч ******* 9900.000 төгрөг төлсөн бөгөөд хохирогч ******* нь одоогоор шүүгдэгчээс нэхэмжилсэн зүйл байхгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн ...... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ