| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 2403008531038 |
| Дугаар | 2025/ДШМ/487 |
| Огноо | 2025-04-30 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.3., 27.11.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 04 сарын 30 өдөр
Дугаар 2025/ДШМ/487
2025 04 30 2025/ДШМ/487
Э.А-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Ганцэцэг,
хохирогч Ж.Д-н өмгөөлөгч Б.Мянган,
шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Алтанжигүүр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/406 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн Э.А-д холбогдох 2403 00853 1038 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б овогт Э-н А, ....................., ял шийтгэлгүй, /РД: ............./;
Шүүгдэгч Э.А нь согтуурсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 27 минутын орчим Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн замд “Тоёота Приус” маркийн ...... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2-т заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүйг нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 49 настай, эмэгтэй Ж.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
мөн жолооч Э.А нь осол гарсан даруйдаа цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ, а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газраас: Э.А-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.А-г жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэснийг тус тусад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д шийтгэсэн 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д шийтгэсэн зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд өөрийн оршин суух бүртгэлтэй Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж, шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэсэн 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг түүнд шийтгэсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь хохирогч Ж.Д-н эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой 5,048,925 төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Э.А-с 10,223,225 төгрөг гаргуулж, Эрүүл мэндийн даатгалын санд 9,957,560 төгрөгийг, хохирогч Ж.Д-т 265,695 төгрөгийг олгож, хохирогч Ж.Д нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид гарах эмчилгээний зардал болон гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд болох Э.А-с нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар шийтгэсэн 4 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд шийтгэсэн хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Э.А энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч Ж.Д гомдолтой гэснийг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Миний бие эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасныг үндэслэн шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргаж байна. ...
Эрүүгийн хуулийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээ, эрх зүйн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээг тогтооход зарчмын хувьд ач холбогдолтой асуудлын нэг нь “гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” эрхийн асуудал мөн юм. Яллагдагч, шүүгдэгч гэм буруугаа хүлээх эрх нь нийгэм, хууль зүйн үр дагавар бүхий хуулиар олгогдсон боломж бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн эрхийн хамгаалалтыг илэрхийлдэг. “Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” эрхийн асуудал нь ардчилсан улс орнууд түүний дотор мөрдөн шалгах ажиллагааны “сонгодог” болон “холимог” хэв шинжтэй улсуудын эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “гэм буруугүйд тооцох” зарчимтай зэрэгцэн хэрэгжиж, яллагдагч, шүүгдэгчийн хэргээ хүлээсэн мэдүүлэг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохоос “урьдчилан сэргийлэх” аливаа эрүүдэн шүүлт “гэм буруугаа хүлээлгэх” шахалт дарамт, дур зоргоор авирлахаас хүний эрхийг хамгаалах, нөхөн сэргээх шүүхийн үүргийг тодорхойлдог. Гэм буруугаа хүлээх эрх нь шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарлах чин сэтгэлээсээ хүлээх гэсэн сэтгэхүйн дотоод харьцааг илэрхийлэх хандлага бодит байдлын нийлэмжтэй бүтцээр тодорхойлогддог хуульд заасан боломж байдаг. Эдгээр эрхийн агуулга шинжүүдийг бүрэн тогтсон тохиолдолд шүүгдэгчид оногдуулах эрүүгийн ял, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх хууль зүйн зохицуулалтыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл “Эрүүгийн хариуцлага хүлээлгэх”, 6.5 дугаар зүйл “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, 6.7 дугаар зүйл “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх”, 7.1 дүгээр зүйл “Тэнсэх” зэрэг эрүүгийн эрх зүйн \институци\ буюу бие даасан ойлголтын хүрээнд зохих зүйлүүдэд хуульчлан заажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэрэглээний хувьд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрөх эрхэд хамаарах хууль зүйн үндэслэлүүдийг мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг “Шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хүн, хуулийн этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй”, 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” гэж тус тус хуульчлан заажээ. “Шүүгдэгч \яллагдагч\ гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” ойлголтын онол арга зүйн үндэслэл, үзэл баримтлал, хууль зүйн зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч гэм буруугаа хүлээх шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарлах чин сэтгэлээсээ хүлээх нь “гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” эрхээр нөхцөлдсөн шүүгдэгчээс хууль ёсны эрх ашиг, сонирхлоо хамгаалах, эрүү шүүлт түүний аливаа хэлбэрээс ангид байх, шударга шүүхээр шүүлгэх хуулиар олгогдсон “боломж” юм. Шүүгдэгч хуульд заасан эрхээ хэрэгжүүлэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шатаар хязгаарлахгүй нь эрхийн хэрэгжилтийн баталгаа болох төдийгүй аль ч үе шатанд түүнчлэн бүх шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгч, шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөх тасалгаанд орохоос өмнө “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” эрхийг эдлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Өмгөөлөгчийн дүгнэлт: Дээрх эрүүгийн хуулийн болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээ, эрх зүйн зарчим, хууль зүйн зохицуулалтаас үзэхэд Э.А-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх, Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.
Нотлох баримт: Э.А-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх түүнчлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх Эрүүгийн хуулийн хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэл нь Э.А-с мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн болон шүүхийн хэлэлцүүлэгт судлан шинжилсэн баримтуудаар хохирогчид хэргийн улмаас учирсан зардал, хохирол хэсэгчлэн төлсөн баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруу болон зүйлчлэлийн асуудлаар маргахгүй, шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Хуулийн хэрэглээ үйл баримтыг харьцуулан шалгахад: Миний үйлчлүүлэгч Э.А нь согтуурсан үедээ тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний тухай хууль болон дүрмийн зохих заалтуудыг зөрчиж, 49 настай эмэгтэй Ж.Д-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан, Э.А нь хэргийн газрыг зориудаар орхиж зугтаасан хэргийн зүйлчлэл болон үйл баримт, гэм буруугийн асуудлаар шүүгдэгч маргаагүй нь дээр дурдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн шударга ёсны болон энэрэнгүй ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн ангилал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан, Э.А-д Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж өмгөөлөгчийн хувьд дүгнэх үндэслэл бий болсон байна.
Иймд Э.А-д хүлээлгэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэв.
Хохирогч Ж.Д-н өмгөөлөгч Б.Мянган тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийн талаар хохирогч болон миний зүгээс тусгайлан гаргах санал байхгүй. Харин хохирогчийн биеийн байдал өнөөдрийг хүртэл хэвийн байдалдаа ороогүй, эмчилгээ үргэлжлэн хийгдэж байгаа бөгөөд анхан шатны шүүх хуралдаанаас хойш 2.000.000 гаруй төгрөгийн эмчилгээ хийгдсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 янзаар тогтоосон эргэлзээтэй асуудлууд байдаг. Хохирогчийн эрүүл мэндийн байдал, түүнд учирсан сэтгэцийн өөрчлөлтийг харгалзан мөрдөгч 5 дугаар зэрэглэлээр дахин тогтоосон нь үндэслэлтэй. Иймд давж заалдах шатны шүүх эрх хэмжээний хүрээнд сэтгэцэд учирсан хор уршгийг 5 дугаар зэрэглэлээр тогтоож өгөхийг хүсэж байна. ...” гэв.
Прокурор Ц.Ганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдвэрлэсэн төлбөрийг шүүгдэгч төлж барагдуулсан байна. Анхан шатны шүүх хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлт гаргуулж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн. Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг боловч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь санаатай, холимог шинжтэй. Шүүгдэгч Э.А нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон мөн хэргийн газрыг орхиж зугтаасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсанаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл тогтоогдохгүй байна. Хохирол төлбөр төлөгдсөн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн хөнгөрүүлэх эсхүл тэнсэж шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Э.А нь согтуурсан үедээ буюу 2024 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 20 цаг 27 минутын орчим Хан-Уул дүүргийн 23 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нүхтийн замд “Тоёота Приус” маркийн .... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 3.7-д заасан Жолоочид дараах зүйлийг хориглоно. а/согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 12.2-т заасан Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүйг нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, мөн дүрмийн 12.3-т заасан жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч болох 49 настай, эмэгтэй Ж.Д-г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан,
мөн жолооч Э.А нь осол гарсан даруйдаа цагдаа болон эмнэлгийн байгууллагад мэдэгдэлгүй Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.5-д заасан “зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ, а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагад яаралтай мэдэгдэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Ж.Д-н “...Би ганцаараа гэрээсээ гараад Нүхтийн машин замын бродюр дотор талаар алхаад явж байсан. Нүхтийн замыг шинээр засаж зам тавих ажил хийгдэж байсан болохоор замын хажуугаар явган хүний зам байхгүй, тавигдаагүй элс шороо буулгасан явган хүн явахад ямар ч боломжгүй гэрэлтүүлэг байхгүй учраас замын зорчих хэсгээр алхаж явж байсан. Тэгээд юу болсныг санахгүй байна, нэг мэдсэн ослын маргааш өдөр нь гэмтлийн эмнэлэг дээр сахиуртай хэвтэж байснаа мэдэж байгаа. ...Би урдаас хойшоо Яармагийн төв зам руу орох гээд хойшоо явах урсгалд замын захыг бариад цайвар өнгийн хүрэмтэй хар өмдтэй аль нэг гартаа хар өнгийн хүүхдийн хүрэм барьсан алхаж байсан. ...” /хх 15-16/,
иргэний нэхэмжлэгч, хариуцагч Г.О-н “... .... УБӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2020 онд ...худалдаж авсан, ...миний машины урд гупер, баруун урд толь, баруун урд их гэрэл зэрэг эд зүйлс эвдэрсэн. ...2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр найз Г.Ц-д өгч явуулсан. Гадуур хувийн ажил төрлөө амжуулах хэрэгтэй байна, хэд хоног машинаа өгөөч гэхээр нь надад машин унах шаардлага байхгүй байсан болохоор өгч явуулсан. ...Э.А нь Г.Ц-той найз нөхдийн холбоотой юм байна лээ, би танихгүй. ...” /хх 20-21, 27/,
иргэний нэхэмжлэгч С.Сувд-Эрдэнийн “...Дээрх хэргийн улмаас ...9,957,560 төгрөгийг эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байгааг Э.А-с гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь дансанд төлүүлж өгнө үү...” /хх 24/,
мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Э.А-н “... Нүхтэд хүмүүстэй цуг байж байгаад ...найзыгаа авах гээд ...ажлын газрын ах Цээгийгийн машиныг жолоодоод 20 цаг өнгөрч байхад гараад явсан. Нүхтийн замаар уруудаж байхад нэг эмэгтэй хүн замын зорчих хэсэг дээгүүр алхаж байсан ба ойролцоогоор 20 орчим метрийн зайнаас харсан. Тэгээд тулаад ирэхэд нь тойроод гарлаа гэж бодоход тэр хүнийг машиныхаа баруун талын гэрэл хэсгээр мөргөсөн. Тэгээд машины толь хумигдчихаар нь би зогсож байгаад толио дэлгээд толиндоо харахад хүн зогсож байгаа юм шиг харагдахаар нь чигээрээ явчихсан. ... Жолооч талын урд хэсгээр мөргөсөн. ...” /хх 70/ гэсэн мэдүүлгүүд,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн “... Ж.Д-н биед баруун зулай, дагз, чамархай, хөхлөг сэртэн, суурь ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан дээрх цусан хураа, аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр тал бөмбөлгийн дух, бага тархины баруун дэлбэнгийн эдийн няцрал, баруун 2-р хавирганы хугарал, дагзны хуйх, баруун зовхи, доод уруулд шарх, хамар, хоёр нүдний дээд, доод зовхи, зүүн гуя, өвдөг, шилбэнд цус хуралт, дух, хамар, зүүн хоншоорт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх, амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3-т зааснаар хохирлын хүнд зэрэгт хамаарна. Уг гэмтэл нь тухайн осол гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэсэн 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 13686 дугаартай дүгнэлт /хх 36-38/,
Тээврийн Цагдаагийн албаны мөрдөгчийн “... Жолооч Э.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1. “3амын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.2 “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3 “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.”, 3.7 “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.5 “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ. а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 9.5-д заасны дагуу тавьж тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх, б/ осолд өртсөн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж түргэн тусламж дуудах, хугацаа алдаж болзошгүй тохиолдолд уг хүнийг ойр байгаа эмнэлэгт аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу бололцоогүй бол өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд биеийн байцаалт /иргэний үнэмлэх буюу жолоодох эрхийн үнэмлэх гэх мэт/ тээврийн хэрэгслийн гэрчилгээг үзүүлж өөрийн овог нэр утасны дугаар, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаарыг тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх, г/ тухайн ослын талаар цагдаагийн байгууллагын ажилтанд яаралтай мэдэгдэж ослыг гэрчлэх хүмүүсийн овог нэр, хаяг, утасны дугаарыг тэмдэглэж аваад цагдаагийн ажилтныг хүлээх ба түүнийг иртэл осолд холбогдол бүхий эд мөрийн баримт ул мөрийг хамгаалах бусад тээврийн хэрэгсэл тойрч гарах нөхцөлийг бүрдүүлэх талаар бололцоотой арга хэмжээ авах” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Ж.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1 “Явган зорчигч нь явган хүний замаар тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөр явна. Явган хүний зам хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам эсхүл зорчих хэгсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар/ цуварч явна. Явган зорчигч зорчих хэсгийн захаар явахдаа тээврийн хэрэгслийн хөдөлгөөний чигийн эсрэг харин хөгжлийн бэрхшээлтэй хүний тэргэнцэртэй буюу мотоцикл, мопед, унадаг дугуй хөтөлж яваа хүн хөдөлгөөний чигийн дагуу явна” гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй. ...” гэсэн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 1896 дугаартай магадлагаа /хх 57-58/,
дуудлагын лавлагааны хуудас /хх 3/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 5-10/, жолоочийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх 11/, Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №1000389 дугаартай дүгнэлт /хх 45-51/, мөрдөгчийн магадалгаа /хх 73/, Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягтын загвар /хх 74, 82/, хохирлын баримтууд /хх 79-81/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх шүүгдэгч Э.А-г тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж Ж.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутай гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байх ба түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс Э.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялуудыг тус тусад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.
Шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтөөс “...шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд заасан хэм хэмжээг хэрэглэж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Учир нь, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7, 7.1 дүгээр зүйлүүдэд зааснаар тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх эрх хэмжээг хуулиар шүүхэд олгожээ.
Хэдийгээр шүүгч Э.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хохирогчид гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан хохирлыг нотлох баримтын хэмжээнд нөхөн төлсөн, цаашид гарах хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн боловч уг гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Д-н эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэг үйлдсэн зэргээс үзэхэд түүнд оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэм бурууд тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг тус тус хангасан гэж үзэхээр байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.А нь хэргийг давж заалдах шатны шүүхээр хянагдах явцад гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо хохирогч Ж.Д-т 256.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 9.900.000 төгрөгийг тус тус нөхөн төлснийг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Э.А нь анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш буюу 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 83 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/406 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.А-н өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Э.А нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролдоо Ж.Д-т 256.000 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 9.900.000 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Э.А нь 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс энэ өдрийг хүртэл нийт 83 /наян гурав/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ М.АЛДАР