Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/00123

 

2017 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 210/МА2017/00123

 

 

 

С.Эрдэнэболорын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01060 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэболорын нэхэмжлэлтэй

Хариуцагч Юу би эйч проперти ХХК-д холбогдох

 

Байр захиалгын гэрээний төлбөрт илүү төлсөн 8 591 600 төгрөг, банкны хүүд төлсөн 978 570 төгрөг, байрны хэмжилт хийлгэхэд гарсан зардалд 84 700 төгрөг нийт 9 654 870 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч С.Эрдэнэболор

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.    

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Юу би эйч проперти ХХК-тай Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороололд байрлах Хаппи таун орон сууцны хотхонд 61.91 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг захиалан бариулах гэрээ байгуулж, 1 м.кв-ыг 1 880 000 төгрөгөөр буюу нийт 116 390 800 төгрөгөөр бариулахаар тохиролцсон. Энэ байрыг худалдан авахын тулд 53 390 800 төгрөгийг бэлнээр, үлдсэн 63 000 000 төгрөгийг жилийн 8 буюу сарын 0.67 хувийн хүүтэйгээр банкнаас зээлж, 2014 оны 10 сарын 10-ны өдөр 100 хувь бүрэн төлж барагдуулсан. Юу би эйч проперти ХХК нь Орон сууц захиалгаар бариулах гэрээний 1.1, 1.2, 1.3, 1.5, 2.1, 4.2.1, 4.2.3 дах заалтуудыг зөрчиж 57.34 м.кв байр хүлээлгэн өгсөн байна. Тоонто гранд ХХК нь Стандартчилал хэмжил зүйн газрын Орон сууц барилгын доторх сууцны талбай тооцох аргачлалын 3.4, 7.1 болон Юу би эйч проперти ХХК-тай хийсэн гэрээний 1.5-д заасны дагуу хэмжиж нийт талбайн хэмжээг 57.34 м.кв гэж тогтоосон. Энэ нь гэрээний 1.2, 1.3, 2.1-д заасан орон сууцны 61.91 м.кв талбайгаас 4.57 м.кв-аар дутаж байгаа юм. Иймд м.кв-ын зөрүүд илүү төлсөн 8 951 600 төгрөг, түүнд ногдох хүү сарын 57 563 төгрөг болж байгаа ба үүнийг 17 сарын хугацаанд үржүүлэхэд 978 570 төгрөг болж байна. Мөн хэмжилт хийлгэхэд төлсөн 84 700 төгрөгийг орон сууц захиалгаар барих гэрээний 5.3-т заасны дагуу нэхэмжилж байна. Нийт 9 654 870 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 2013/04-12 тоот Үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах гэрээний дагуу Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 15-р хороолол, Хаппи таун хотхонд байрлах ХД-71, 72, 73 тоот 70%-ийн гүйцэтгэлтэй барилгыг Өндөр буянт холдинг ХХК-иас шилжүүлэн авсан бөгөөд уг барилгыг худалдан авахдаа барилгын батлагдсан зураг, бүх төрлийн ажлын акт, холбогдох зөвшөөрлийг үндэслэн хүлээн авсан. Мөн 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн Захиалгаар барилга, байгууламж бариулах тухай шинэчилсэн гэрээний дагуу Өндөр буянт холдинг ХХК-иар дээрх барилга угсралтын ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд барилгын зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл бүхий эрх бүхий байгууллагын гаргасан батлагдсан зургийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцон, борлуулалтын үнээ тогтоосон. Бид борлуулалтын талбайн хэмжээ, үнийг иргэдэд урьдчилсан байдлаар танилцуулдаг бөгөөд захиалагч өөрөө сонголтоо хийн орон сууцны талбайн хэмжээ, үнийг хүлээн зөвшөөрч, Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон. С.Эрдэнэболортой байгуулсан гэрээ нь хэдийгээр Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээ хэмээн нэрлэгдсэн боловч худалдах, худалдан авах гэрээ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 349.1-т зааснаар Юу би эйч проперти ХХК-иас байрны захиалгын гэрээний төлбөрт илүү төлсөн 8 591 600 төгрөг, банкны хүүнд төлсөн 978 570 төгрөг, байрны хэмжилт хийлгэсэн зардал болох 84 700 төгрөг, нийт 9 654 870 төгрөг гаргуулах тухай С.Эрдэнэболорын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 169 450 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч С.Эрдэнэболороос шинжээчийн зардалд 158 015 төгрөгийг гаргуулан Лэндс ХХК-д олгож шийдвэрлэжээ.  

 

  Нэхэмжлэгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийн заалтыг хэрэглээгүй гэдэг үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч хуулиар тогтоосон гомдлын шаардлага гаргах хугацааны дотор хариуцагчид гомдол гаргаж байсан бөгөөд улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт барилга байшингийн ийм дутагдлын талаар ажил хүлээн авсанаас хойш гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэсэн заалтыг шүүх хэрэглэх боломжтой байсан атал шүүх хэрэглээгүй, 1 жил гэсэн хугацааг хэрэглэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 349.1-т заасан дээрх заалтыг үндэслэн орон сууц нь газраас салгаж үл болох барилга байгууламжид хамаарах учир гомдол гаргах хугацааг 3 жил гэж ойлгож байна.

Талуудын хооронд байгуулсан гэрээгээр баталгаат хугацаа тогтоосон байсан. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.2.6-д барилгын баталгаат хугацаа орон сууцыг хүлээлгэн өгсөнөөс хойш 3 жил байх ...гэснээс үзэхэд дутагдлыг илрүүлсэн өдрөөс буюу 2016 оны 1 сарын 20-ны өдөр тусгай зөвшөөрөл бүхий "Тоонто гранд" ХХК-иар хэмжилт хийлгэж мэдсэн өдрөөс эхлэж 3 жилийн хугацааг тоолох ёстой байсан гэж үзэж байна.

Шүүх хуулиар тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг хэрэглээгүй. Иргэний хуулийн 349.1 дэх хэсэгт гурван жилийн дотор гомдлын шаардлага гаргаж болно гэснийг үзвэл энэ хугацаа өнгөрсний дараа хөөн хэлэлцэх хугацааг тоолохоор байна. Иргэний хуулинд заасан 349-т заасан гомдол гаргах хугацаа нь гэрээний талууд гэрээний талаар хоорондоо гомдлын шаардлага гаргах эрхийн талаарх тогтоосон хугацааг ойлгодог. Эндээс харахад нэхэмжлэгч миний гомдлын шаардлага гаргах болон хөөн хэлэлцэх хугацааны аль аль дуусаагүй эрхээ шүүхээр хамгаалуулах боломжтой байна.

MNS6058:2009 стандартын дагуу дутсан м.кв-ын талбайг хариуцагч хариуцах ёстой гэж үзэж байна. Шүүх 4.45-4.57 м.кв-аар дутуу байгаа нь нотлох баримтаар тогтоогдож байгаа ч зөрүү төлбөрийг "Юу би эйч" ХХК хариуцах үндэслэлгүй гэж дүгнэхдээ орон сууцны барилгыг батлагдсан зураг төслийн дагуу 2008 онд нэгэнт барьж эхэлсэн байсан тул барилгын ажил эхэлсний дараа батлагдаж мөрдөгдсөн стандартыг хэрэглээгүй гэж буруутгах үндэслэлгүй байна гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зохигч талууд маргаж байгаа орон сууцыг MNS 6058:2009 стандартын дагуу хэмжсэн зөв, буруу эсвэл энэ стандартаас өөр стандарт дүрэм журмаар хэмжүүлэх ёстой байсан эсэх талаар огт маргадаггүй. Үүний илрэл хариуцагч өөрөө шүүхэд хандаж, м.кв дутуу байгаа эсэх талаар дахин шинжээч томилуулах хүсэлт гаргаж, уг хүсэлтийг шүүх хангаж шийдвэрлэсэн. Шинжээчийн дүгнэлтээр м.кв дутуу гэсэн дүгнэлт гарч хариуцагчийн бурууг нотолсоор байхад нэхэмжлэгчээр шинжээчийн зардлыг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа аливаа хуулийн этгээд Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг дагаж мөрдөх ёстой. MNS 6058:2009 стандарт мөрдөгдөхгүй бол өмнө нь мөрдөгдөж байсан дүрэм журам буюу Барилга, хот байгуулалтын сайдын тушаалаар 2006 оны 02 дугаар сарын 15-ны өдөр батлагдсан Айлын сууцны талбай хэмжээг тооцох журам-ыг баримтлах ёстой байсан.

Иргэний маргаанд талууд өөрсдөө тайлбар үндэслэлээ нотлох ёстой байдаг. Гэтэл хариуцагч талаас уг барилгыг Өндөр буянт холдинг ХХК-иас худалдан авсан учраас хариуцахгүй гэсэн тайлбар хийдэг боловч энэ талаар нотлох баримт байдаггүй. Мөн уг барилгын зураг төслийн дагуу миний худалдан авсан орон сууцыг барьсан эсэх, уг зураг төсөл дээр миний худалдан авсан хэсэг ямар хэмжээтэйгээр тусгагдсан байсан талаар ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй байна.

Орон сууцны захиалагч миний бие "Өндөр буянт холдинг" ХХК-тай ямар нэг байдлаар огт харилцаж байгаагүй, түүнтэй гэрээ байгуулаагүй. "Өндөр буянт холдинг" ХХК болон "Юу би эйч проперти" ХХК-ийн хооронд байгуулсан гэрээний улмаас хохирох ёсгүй. Миний бие "Юу би эйч проперти" ХХК-тай л гэрээ байгуулж, гэрээний үүргээ 100 хувь биелүүлсэн тул учирсан хохирлоо нэхэмжлэх эрхтэй гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч С.Эрдэнэболор нь хариуцагч Юу Би Эйч Проперти ХХК-д холбогдуулан Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээний дагуу 61.91 м.кв талбай бүхий орон сууцыг шилжүүлэх атал 57.43 м.кв талбай бүхий орон сууц шилжүүлсэн тул орон сууцны талбайн дутуу 4.57 м.кв талбайн үнэд илүү төлөгдсөн 8 591 600 төгрөгөөс гадна орон сууцны талбайн хэмжилт хийлгэсэн ажлын хөлс 84 700 төгрөг болон м.кв-ын үнэд илүү төлсөн 8 591 600 төгрөгийн банкны хүүд 17 сарын хугацаанд 978 571 төгрөг төлсөн гэж хохиролд тооцон нийт 9 654 870 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, батлагдсан зураг төслийн дагуу орон сууцны талбайн хэмжээг тооцож барилгын ажлыг гүйцэтгэсэн, талбайн хэмжээг танилцуулсан, нэхэмжлэгчтэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж маргажээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн Орон сууц захиалгаар бариулах тухай гэрээгээр С.Эрдэнэболор нь Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол хаягт байрлах Happy town орон сууцны ХД-73 дугаар байрны 3 дугаар орцны 7 давхрын 61.91 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 116 390 800 төгрөгөөр захиалан бариулж төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр, Юу Би Эйч Проперти ХХК нь орон сууцны барилгыг 2014 оны 01 дүгээр улиралд багтаан гүйцэтгэхээр тохиролцсон байна.

 

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заагдсан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй байх боловч нэхэмжлэгч нь хэвийн байдлаар хүлээн авах үед илрүүлэх боломжгүй барилга байгууламжийн дутагдлын талаар Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт заасан 3 жилийн хугацаанд гомдол гаргасан байхад анхан шатны шүүх гомдлын шаардлага гаргах хугацааг 1 жил гэж тодорхойлсон нь буруу байна.

 

Дээрх гэрээний дагуу захиалагч С.Эрдэнэболор нь нийт 116 390 800 төгрөгийг төлж орон сууцыг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсны дараа тусгай зөвшөөрөл бүхий Тоонто гранд ХХК-иар сууцны талбайг хэмжүүлэхэд гэрээнд заасан хэмжээнээс 4.57 м.кв, шүүхээс томилогдсон шинжээч Лэндс ХХК-ийн дүгнэлтээр 4.45 м.кв талбай дутуу болох нь тогтоогдсон ба Лэндс ХХК нь хэмжилт хийхдээ MNS 6058:2009 стандартыг баримталсан байна.

 

Ажил гүйцэтгэх гэрээгээр гүйцэтгэгч нь гэрээний зүйл болох орон сууцыг гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт нийцүүлэн, захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн захиалан бариулсан орон сууцны талбайн хэмжээ нь гэрээнд заасан хэмжээнд хүрэхгүй байх тул уг доголдлын улмаас ажлын үр дүн буурсан хэмжээгээр хувь тэнцүүлэн ажил гүйцэтгэгчид төлсөн хөлсийг буцаан шаардсан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т заасантай нийцнэ.

 

Иймд шүүхээс томилогдсон шинжээч Лэндс ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын орон сууцны талбайн зөрүү үнэд 8 366 000 төгрөгийг /1 880 000 х 4.45 м.кв/ хангаж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Мөн нэхэмжлэгч С.Эрдэнэболор нь ажил гүйцэтгэх гэрээний үр дүнгийн доголдлыг арилгуулахаар шаардаж байх тул Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.7-д зааснаар орон сууцны талбайн хэмжилт хийлгэсний ажлын хөлсөнд нэхэмжлэгчийн төлсөн 84 700 төгрөгийг хохиролд тооцон хариуцагч Юу би эйч проперти ХХК-иас гаргуулах үндэслэлтэй.

 

Харин байрны урьдчилгаанд төлсөн мөнгөн хөрөнгө, банкнаас авсан зээлийн аль хэсэг нь доголдолтой холбоотой болохыг тодорхойлох боломжгүй тул нэхэмжлэгчийн банкны зээлийн хүүд төлсөн 978 570 төгрөгийг хохиролд тооцон хангах үндэслэлгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууцны м.кв-ын үнэд илүү төлсөн 8 366 000 төгрөг, талбайн хэмжилт хийхэд төлсөн 84 700 төгрөг буюу нийт 8 450 700 төгрөгийг хангаж, үлдэх 978 570 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. Мөн шинжээч Лэндс ХХК-ийн дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж байгаа тул хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-иас шинжээчийн зардалд 158 015 төгрөгийг гаргуулан Лэндс ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 181/ШШ2016/01060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 352 дугаар зүйлийн 352.2.3-т зааснаар хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-иас 8 450 700 төгрөг гаргуулах нэхэмжлэгч С.Эрдэнэболорт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 978 570 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дах заалтын 56.1 гэсний дараа 56.2 гэж, мөн заалтын нэхэмжлэгч С.Эрдэнэболороос шинжээчийн зардалд 158 015 төгрөгийг гаргуулан Лэндс ХХК-д олгосугай" гэснийг хариуцагч Юу Би Эйч проперти ХХК-иас шинжээчийн зардалд 158 015 төгрөгийг гаргуулан Лэндс ХХК-д, 150 161 төгрөг гаргуулж нэхэмжлэгч С.Эрдэнэболорт тус тус олгосугай гэж нэмж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч С.Эрдэнэболорын төлсөн 171 960 төгрөгийг улсын орлогоос гаргуулж буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Д.БАЙГАЛМАА

 

Н.БАТЗОРИГ