| Шүүх | Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ванд-Очир Цэцэнбилэг |
| Хэргийн индекс | 2412001850216 |
| Дугаар | 2025/ДШМ/30 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Б.Тулга |
Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/30
2025/ДШМ/30
Р.Ө, Ө.А нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор: Б.Тулга
Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П, Н.Ж
Шүүгдэгч: Р.Ө, Ө.А
Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ө.А давж заалдах гомдол гаргасныг үндэслэн шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт холбогдох 2412001850216 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 дугаар сарын 0-ний өдөр А аймгийн Х суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Х сумын Ж баг, Оорцгийн ар гэх газар оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2006 оны 01 сарын 10-ны өдрийн 20 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хорих ял,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 сарын 19-ний өдрийн 2019/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 сарын 27-ны өдрийн 2020/ШЦТ/211 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/198 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, тус ялыг 2021 оны Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд заасны дагуу 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар сольсон,
А аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/304 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэх тогтоолоос эдлээгүй үлдсэн 4 сар 2 хоногийн ял дээр нэмж нэгтгэн 7 сар 2 хоногийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Рийн Ө /ИБД:00000000/,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 сарын 0-ны өдөр А аймгийн И суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн И сумын Б багийн Ш гэх газар оршин суух, урьд А аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 сарын 08-ны өдрийн 14 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, Б овгийн Өын А /ИБД:000000000000/
Шүүгдэгч Р.Ө, Ө.А нар нь 2024 оны 05 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А аймгийн И сумын Яний “Зайвар” гэх газраас бүлэглэж, иргэн Ц.Огийн өмчлөлийн 20.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий олон тооны мал болох 17 тооны адууг, үйлдлээ хөнгөвчлөн түргэтгэх зорилгоор Ө.А эзэмшлийн “Bers” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль ашиглан, нууцаар, хууль бусаар тууж, өөрсдийн захиран зарцуулах эрхэнд авч хулгайлж, хохирогч Ц.Од 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
А аймгийн Прокурорын газраас Р.Ө, Ө.А нарт холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Б овгийн Рийн Ө, Б овгийн Өын А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т заасан бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Р.Өыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Аг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Өад оногдуулсан 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ө.Ад оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц А аймгийн Прокурорын газрын прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 15 дугаар эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Р.Ө, Ө.А нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 686.000 (зургаан зуун наян зургаан мянга) төгрөгийн үнэлгээ бүхий Bers маркийн улсын дугааргүй мотоциклийг улсын орлого болгож, Шүүгдэгч Р.Ө, Ө.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь сэтгэцэд учирсан хохирол нэхэмжлээгүй болохыг, хохирогч адуу хайсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч, хохирогч нар нь шийтгэх тогтоолыг гардуулсан эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Р.Ө, Ө.А нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ө.А давж заалдах гомдолдоо ... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар 2 жил нээлттэй хорих ялаар шийтгүүлсэн. Ө.А миний бие уг гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд өөрийн ар гэрийн хүнд хэцүү байгаа бага насны 5 хүүхэд, өөрийн хувийн байдал, эрүүл мэнд эрхзүйн байдлыг дээрдүүлэх үүднээс өмгөөлөгчийн гаргасан саналыг анхан шатны шүүх хүлээн аваагүй учир гомдолтой байгаа тул гомдлыг минь хүлээн авч хэлэлцэж шийдэж өгнө үү ... гэжээ.
Прокурор Б.Тулга давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... Анхан шатны шүүх Эрүүгийн хууль буруу тайлбарлаж хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, хэргийн оролцогч нарын эрхийг хязгаарлаагүй үндэслэл бүхий шийдвэр болсон. Гэмт хэрэг үйлдэгдээд баригдахаараа уучлалт гуйж, хохирол төлж байгаа нь хорих ялыг хөнгөрүүлж багасгах гарцаагүй нөхцөл болдоггүй. Гомдолд дурдсан нөхцлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарахгүй учир гомдлыг хангахгүй байж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Ж шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Шүүгдэгч Ө.А нь бага насны 5 хүүхэдтэй. Анхнаасаа хэргээ хүлээж хохирол төлбөрөө төлсөн, хохирогч гомдол саналгүй гэсэн зэрэг байдлыг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7 зүйлийн 1.3-т заасныг хэрэглэхэд хууль зөрчих зүйл байхгүй. Ө.А нь анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон олон бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан хөнгөрүүлж өгөөч гэсэн байр суурьтай байна ... гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн дагуу гарсан. Харин Р.Өын хувьд ходоодны хорт хавдартай эцгийгээ харж ханддаг бага насны хүүхэдтэй учраас ялыг доод хэмжээгээр болгоод өгөөч гэж хүсэж байна. Хохирол хор уршиг байхгүй ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.
Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч Р.Ө, Ө.А нар нь 2024 оны 05 сарын 21-нээс 22-нд шилжих шөнө А аймгийн И сумын Яний “Зайвар” гэх газраас бүлэглэж, иргэн Ц.Огийн өмчлөлийн 20.800.000 төгрөгийн үнэлгээ бүхий олон тооны мал болох 17 тооны адууг, үйлдлээ хөнгөвчлөн түргэтгэх зорилгоор Ө.А эзэмшлийн “Bers” маркийн улсын дугааргүй, улаан өнгийн мотоцикль ашиглан, нууцаар, хууль бусаар тууж, өөрсдийн захиран зарцуулах эрхэнд авч хулгайлж, хохирогч Ц.Од 20.800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Огийн ... Би 2024 оны 05 дугаар сарын 21-ний шөнө өөрийн хонгор азаргатай 17 тооны адуугаа А аймгийн И сумын Э багийн Ж, Я гэх газар бэлчээрт гаргаад маргааш өглөө нь азаргандаа тэжээл өгөх гэж бэлчээрт гаргасан газраа хайгаад олоогүй. Манай адуу уг бэлчээрийн газраасаа холддоггүй учир хулгайд алдчихлаа гэж бодсон. Тэгээд 5-6 хоног адуугаа ойр орчмоор хайгаад олоогүй. 2024 оны 05 дугаар сарын 27-ны өдөр санаж байна адуугаа И сумын Б багийн Ш гэх газар буюу А гэрийн хажуугаас 10 тооны адуугаа олж авахад үлдсэн 7 тооны адуу нь байхгүй байсан. Сүүлд Х сумын Ж багийн нутгаас Өын аав Рийн гэрийн араас өөрийн 6 тооны адуугаа олж авахад миний алдагдсан бор гүү унагалчихсан, 7 тооны адуу байсан. Түүнд сартай хүрэн зүсмийн шүдлэн үрээ байхгүй байсан. Тухайн 7 тооны адуунууд бүгд им тамгагүй, хур дэлтэй адуунууд байсан. Үүнд 1 тооны хар дэлтэй хонгор зүсмийн нас нийлсэн гүү, 1 тооны сартай хээр зүсмийн нас нийлсэн гүү, 1 тооны хүрэн зүсмийн нас нийлсэн гүү, 1 тооны нас нийлсэн хөх бор зүсмийн гүү, 1 тооны цагаан хонгор зүсмийн эр даага, 1 тооны хар дэлтэй хонгор зүсмийн охин даага, 1 тооны дэлийг нь зассан сартай цавьдар зүсмийн шүдлэн үрээ байсан. Алдсан адуугаа хайгаад явж байтал А аймгийн Х сумын Ж багийн нутаг Б гэх газарт оршин суух Р гэх айлын ар талд тухайн айлаас 300 метр орчим зайтай голын ширгэн дээр манай алдсан адуунууд байсан ... гэсэн мэдүүлгүүд,
гэрч Д.Агийн ... маргааш нь буюу 05 дугаар сарын 22-ны өдөр намайг Шэд А гэрт очиход Ө, А 2 хонгор азаргатай эзэнгүй хэдэн адуу энд байгаа орой хамт ачилцаарай гэсэн. Тэгэхэд 17-18 цагийн үед санагдаж байна. А эхнэр аймгаас ирсэн. Би тэгээд гэр рүүгээ мотоцикльтойгоо явсан. Ө тэр өдрөө Х сум руу явсан. Надад эзэнгүй адуу ачилцаад өг гэж яриад байсан хэдэн адуугаа ачаад явсан байх. Хэдэн адуу ачиж явсныг мэдэхгүй. Х руу хоосон явж байхаар хэдэн адуу ачуулаад өгөөрэй л гэж архи ууж байхдаа яриад л тохирсон байсан. Ө, А хоёр ачсан байх. Би Ө, А хоёрыг хаанаас хэний адууг ачсаныг мэдээгүй, тэр адууг хараагүй. Сүүлд нь 4-5 хоногийн дараа надаас О 17 тооны адуугаа алдаад Бын Ш танай доошоо орчихсон байх юм харсан уу гэж асууж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Д.Бийн ... манай адуу бүгд зөв талын гуяндаа 15 тоо тамгатай бөгөөд дээрх үрээ манай үрээ мөн. Тухайн үрээ нь адуунаасаа 2024 оны 04 дүгээр сарын 20-ны үеэр айлын үрээнүүдтэй салж, нийлээд явдаг байсан. Одоо Х сумын Ж багийн нутаг Б гэх газарт байгаа. Тэр хавиар байгаад байдаг юм. Уг үрээ нь өмнө нь Б гэх газарт байх Р гэх айлын ойр хавьд адуу хураасан талаар 2024 оны 06 дугаар сарын 12-нд мэдээд Рийн адууны хашаанд байхаар нь очиж авсан. Тухайн үед ямар нэгэн им тамгагүй, хур дэлтэй, 4 тооны гүү 2 тооны даага, 1 тооны нялх унагатай адууг хураасан байсан. Тэр адуу нь А аймгийн И сумаас хулгайд алдсан адуу гэж байсан. Эзэн нь тэр үед өөрөө цагдаатай хамт явж байсан. Тухайн адуу нь сүүлд хүмүүсийн ярьснаар Р гэх айлын ойр хавиар хэд хоносон гэж байсан ... гэсэн мэдүүлэг, гэрч Б.Тын ... Сартай хүрэн шүдлэн үрээ өмнө нь адуундаа байсан. Манай адуу алга болдог шөнө сартай хүрэн шүдлэн үрээ хамт алга болсон. Хэрвээ ганцаараа салаад энд тэнд ямар нэгэн газар руу явсан бол сураг гарах байх гэж бодоод өдий хүртэл хайгаад угаасаа сураг гарахгүй байгаа юм. Тэгэхээр Х сум руу алдагдсан адуутай хамт явсан гэж бодож байна ... гэсэн мэдүүлэг, Адуунд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан шүүгдэгч Р.Ө, Ө.А нарын бусдын олон тооны малыг, бүлэглэж, машин механизм ашиглаж хулгайлсан үйлдэлд үндэслэлтэй дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгч нарын хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн.
Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Р.Өыг 3 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Ө.Аг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын хувьд тэдгээрийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тус тус тохирсон байна.
Шүүгдэгч Ө.А … Ө.А миний бие уг гэмт хэрэгт анх удаа холбогдож байгаа, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Иймд өөрийн ар гэрийн хүнд хэцүү байгаа бага насны 5 хүүхэд, өөрийн хувийн байдал, эрүүл мэнд эрхзүйн байдлыг дээрдүүлэх үүднээс өмгөөлөгчийн гаргасан санлыг анхан шатны шүүх хүлээн аваагүй учир гомдолтой байгаа тул гомдлыг минь хүлээн авч хэлэлцэж шийдэж өгнө үү ... гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, тэдгээрт тус бүрт нь эрүүгийн хариуцлагыг ялгамжтай оногдуулсан нь үндэслэлтэй.
Мөн шүүгдэгчийн гомдолд дурдсан шалтгаан нь түүнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, чөлөөлөх хуульд заасан үндэслэл биш тул шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Ан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хэрэг давж заалдах шатны шүүхэд хэлэлцэх хугацаанд шүүгдэгч нар нь 85 хоног цагдан хоригдсон байх тул тэдгээрийн ял эдлэх хугацаанд тус бүр оруулан тооцохоор шийдэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Ан гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. БЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ В.ЦЭЦЭНБИЛЭГ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Б.БОЛОР-ЭРДЭНЭ