2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 22 өдөр

Дугаар 192/ШШ2025/08519

 

 

 

 

  

    2025              10            22                                              192/ШШ2025/08519

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, *** тоот хаягт оршин суух, Мянгад ургийн овогт Б овогтой Мын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 25 дугаар хороо, **** тоот хаягт оршин суух, Бэсүд ургийн овогт Н овогтой Эд холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: Хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 30,648,300 /гучин сая зургаан зуун дөчин найман мянга гурван зуун/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: хариуцагч Н.Э оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

            1.1. Б.М би Н.Этай харилцан тохиролцож 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр *** /***/ маркийн *** УЕК улсын дугаартай автомашиныг 30,000,000 төгрөгөөр худалдан авч, тухайн өдрөө мөнгийг бүрэн шилжүүлсэн. Хариуцагч нь машинд хийх юмгүй, ямар нэгэн эвдрэл доголдолгүй гэсэн тул итгэсний үндсэн дээр оношлуулалгүйгээр шилжүүлж авсан.

            1.2. Машиныг авсан өдөр мэдэгдээгүй байсан боловч мотор нь халахаараа яндангаас утаа гараад байсан ба “check” гэрэл асаад байхаар нь 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Н.Этай холбогдож энэ талаар асуухад утаа гарч байсан гэж хэлсэн. Үйлчилгээ хийлгээд засрах байх гэж бодоод сервис үйлчилгээ хийлгэсэн боловч засарсангүй. Хэрвээ утаа хаяж, чек гэрэл асаад байгаа гэж үнэнээ хэлсэн бол би оношилгоо хийлгээд худалдаж авах эсэхээ шийдвэрлэх байсан. Надад машины доголдлыг хэлэлгүй зарсан байна.

            1.3. Энэ доголдлыг засварчинд очиж оношлуулахад кольц муудсан, засварын хөлс 2,500,000 төгрөг болно, засвар авахгүй бол мотор солиход 8,000,000-15,000,000 төгрөг болно гэсэн. Машинд оношилгоо хийлгэх, зарим үйлчилгээ хийлгэх зэргээр 648,300 төгрөгийг би өөрөөсөө зарцуулсан боловч засал авахгүй байсан тул “***” ХХК-ийн засвар үйлчилгээний төвд оношлуулахад чек асаж байгаа нь хөдөлгүүрийн таг цуурсантай холбоотой, цаашид турбо гэмтэлтэй тул солих эсэхийг шалгах шаардлагатай гэсэн ба нийт зардал, хөлс 17,542,677 төгрөг гарахаар байгаа талаар танилцуулсан.

            1.4. Би 30,000,000 төгрөгөөр худалдаж авчихаад дахин 17,000,000 төгрөгөөр засвар хийх ямар ч боломжгүй, энэ машины үнэлгээ өөрийн бодит үнээсээ хэт өндөр болж байгаа тул биет байдлын доголдолтой машиныг мэдсээр байж надад худалдаж хохироож байгаа тул Н.Этай 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр хийсэн автомашин худалдах, худалдан авах хэлцлийг хүчингүйд тооцож, машины үнэд төлсөн 30,000,000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэсэн 648,300 төгрөг, нийт 30,648,300 төгрөгийг гаргуулж өгнө үү. Машиныг Н.Эд буцаан өгөх болно...гэжээ.

            2. Хариу тайлбар, татгалзлын үндэслэл:

            2.1. Миний бие 2023 оны 05 дугаар сарын 13-нд Америкийн нэгдсэн улс руу явахаар төлөвлөж байсан тул аяллын зардалдаа ашиглахаар 2023 оны 04 дүгээр сард машинаа худалдах зар тавьж байсан. Энэ үед Б.М зараар надтай холбогдож, машиныг ирж үзээд үнийн дүнд Акуа автомашин оролцуулж, үлдсэн мөнгийг бэлнээр өгч худалдаж авъя гэсэн. Энэ санал нь надад таалагдаагүй учир зөвшөөрөөгүй. Удалгүй миний аяллын зардал шийдэгдсэн учир машинаа худалдах шаардлагагүй болж зараа устгаад АНУ яваад ирсэн. Энэ цагаас хойш Б.М удаа дараа над руу машинаа зарах хэвээрээ эсэхийг лавлаж 2023 оны 04 дүгээр сараас хойш 4 сарын турш холбогдсоор байсан.

            2.2. Дахин 2023 оны 08 дугаар сарын 20-ны өдөр холбогдоход нь машинд минь нүдний хор орсон мэт төвөгтэй санагдаж Акуа машинаа оролцуулалгүй шууд бэлэн мөнгөөр худалдаж авбал ав гэж хариу өгсөн. Ингээд 08 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл фейсбүүк чатаар харилцаж, машиныг худалдаж авахаар тохирсон.

2.3. Б.М машиныг өмнө нь үзсэн байсан учраас дахиж үзэх санал огт гаргаагүй. Би машинаа ажилдаа хэвийн унаж хэрэглэдэг байсан. Гэтэл машин авснаасаа хойш хэдхэн хоногийн дараа кольц солих шаардлагатай учраас 2,500,000 төгрөг өгөхийг надаас шаардахад нь би шууд татгалзсан. Учир нь машин зарах үед кольц эвдэрсэн, эсвэл гэрэл ассан зүйл байгаагүй. Машин авъя гээд байнга гуйгаад байхаар нь анх зар дээр тавьсан байсан үнээсээ 5-6 сая төгрөгөөр хямдруулж зарсан.

2.4. Машиныг шалгаж авах нь худалдан авагчийн үүрэг бөгөөд тухайн үед оношлуулаад авах боломж нь нээлттэй байсан. Хэрэв оношлуулаад авъя гэсэн бол надад татгалзах зүйл байгаагүй ба машин анхнаасаа эвдрэлтэй байсан бол би зараа устгахгүйгээр анх авъя гэхэд нь дуртайяа зарах байсан. Б.Мын энэ үйлдэл нь анхнаасаа санаатайгаар миний машины үнийг унагаах зорилготой байсан байна гэж би одоо хардаж байна.

2.5. Б.М тухайн машиныг өөрөө зарчихсан байгаа юм билээ. Би автобокс аппликэйшнээр орж харсан. Доголдлыг нотлоно гэж гаргаад байгаа баримт нь зөвхөн үнийн санал л байгаа болохоос оношилгоонд орсон гэсэн баримт байхгүй байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.

3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Б.Мын Голомт банк дахь харилцах дансны хуулга, “***” ХХК-ийн засвар үйлчилгээний нэхэмжлэл, төлбөрийн баримт, ажлын хуудас, үнийн санал, хариуцагч Н.Этай харилцсан чатны фото зургууд,

4. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Н.Эгийн иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт,

5. Зохигчийн хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: *** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгчийн талаарх түүхчилсэн лавлагаа, Б.М, Н.Э нарын фэйсбүүк чатаар харилцсан зурваст үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгчийн захирамжаар томилогдсон шинжээч ШУТИС-ийн Механик инженер, Тээврийн сургуулийн дүгнэлт гаргахаас татгалзсан албан бичиг,

6. Нэхэмжлэгч Б.М шүүх хуралдааны товыг мэдсэн боловч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Ганзориг шүүх хуралдаан давхцсан гэх үндэслэлээр хурал хойшлуулах хүсэлт ирүүлсэн. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хүсэлт баримтаар нотлогдоогүй буюу шүүх хуралдаан давхцсан хүндэтгэн үзэх шалтгаантай гэх байдал тогтоогдохгүй байх тул түүний хүсэлтийг хангахаас татгалзаж, хариуцагч талын гаргасан хүсэлтийг үндэслэн нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Б.Мын гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            2. Нэхэмжлэгч Б.М нь хариуцагч Н.Эд холбогдуулан тээврийн хэрэгслийн үнэд төлсөн 30,000,000 төгрөг, засвар үйлчилгээ хийлгэсний зардал 648,300 төгрөг, нийт 30,648,300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

            2.1. Нэхэмжлэлийн шаардлагад “хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэлийн үндэслэл, агуулгаар Б.М нь Н.Этай байгуулсан тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээнээс татгалзсан гэж үзэхээр байна.

            2.2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлийг “хариуцагч Н.Э гэрээний зүйл биет байдлын доголдолтой болохыг мэдсээр байж нуун дарагдуулж худалдсан учраас гэрээний дагуу төлсөн төлбөрийг буцаан гаргуулж, уг гэрээний улмаас учирсан хохирлыг мөн шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч Н.Э нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг “нэхэмжлэгчийн үндэслэл болгож буй оношилгооны хуудсанд доголдлыг засуулах шаардлагатай гэж бичээгүй, тухайн 17,000,000 төгрөгийн баримт нь үнийн санал бөгөөд тээврийн хэрэгслийг доголдолтой, цаашид ашиглах боломжгүй гэж дүгнээгүй, Б.М гэрээний зүйлийг бусдад худалдсан байсан” гэж тайлбарлан маргаж байна.

            4. Хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдов. Үүнд:

            4.1. Талуудын хооронд 2023 оны 08 дугаар сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ аман хэлбэрээр хийгдэж, хариуцагч Н.Эгийн *** УЕК улсын дугаартай Мини куупэр контримэн маркийн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.М 30,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцжээ.

            4.2. Гэрээний зүйлийг хариуцагчаас нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлж, нэхэмжлэгч нь хариуцагчид 29,916,000 төгрөгийн төлбөрийг дансаар шилжүүлж гэрээний үүргийг талууд биелүүлсэн байна. /хх-5, 99-100/

            4.3. Нэхэмжлэгч Б.М 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хариуцагч Н.Эд чек гэрэл асаж, яндангаас утаа гарж байгаа талаар чатаар харилцаж байсан нь шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдсон.

            4.4. Нэхэмжлэгч “***” ХХК-ийн засвар үйлчилгээний нэхэмжлэл, үнийн санал зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан ба 177,650 төгрөгийн хөлс төлсөн засвар үйлчилгээний баримтаар 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр *** УЕК улсын дугаартай тээврийн хэрэгсэлд компьютер болон хөдөлгүүрийн оношилгоо хийлгэсэн байна. Уг оношилгоогоор тээврийн хэрэгслийн “хөдөлгүүрийн таг цуурсан, цилиндр даралтын тэст хэвийн, турбо чаржерийн орох хоолой болон шахах хоолой тостой, турбо задалж шалгах, турбо күүлэр задалж шалгаж цэвэрлэх шаардлагатай” гэж оношилж, 3 нэр төрлийн сэлбэг 17,542,677 төгрөг болох тухай үнийн санал гаргасан байна.

            4.5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шүүгчийн захирамж гарч, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Механик инженер, Тээврийн сургуулийг шинжээчээр томилсон ба шинжээч дүгнэлт гаргаж ирүүлсэн.

            5. Зохигчид гэрээний хүчин төгөлдөр байдал болон гэрээний зүйлийн үнийн талаар маргаагүй. Харин гэрээний зүйл биет байдлын доголдолтой эсэх, доголдолтой байсныг хариуцагч мэдсээр байж нуун дарагдуулсан эсэх талаар маргасан.

            6. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээг талууд аман хэлбэрээр хийж, хэлцлийн гол нөхцөлийн талаар тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсгүүдэд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан байна.

            7. Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.2 дахь хэсэгт зааснаар хэрэв гэрээнд эд хөрөнгийн чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой эд хөрөнгийг биет байдлын доголдолгүй гэж үзнэ.

            Харин Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар худалдагч эд хөрөнгийг шилжүүлэх үед түүний доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан бол энэ хуулийн 255.1 хамаарахгүй буюу худалдан авагч шаардах эрхээ алдахгүй.

            8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан “***” ХХК-ийн засвар үйлчилгээний нэхэмжлэл, үнийн санал зэрэг баримтууд болон талуудын хоорондоо харилцсан чат зэрэг баримтуудаар гэрээний зүйл болох тээврийн хэрэгслийг нэхэмжлэгчид худалдах үед биет байдлын доголдолтой байсан, хариуцагч доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

            8.1. Тодруулбал: гэрээний зүйлийг нэхэмжлэгч өмчлөлдөө шилжүүлж авснаас хойш 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр дээрх оношилгоог хийлгэсэн байна. Иргэний хуулийн 255 дугаар зүйлийн 255.2 дахь хэсэгт зааснаар худалдагч санаатайгаар эд хөрөнгийн доголдлыг нуусан байхыг ойлгох ба хариуцагч Н.Э ийнхүү доголдлыг мэдсээр байж нуун дарагдуулсан гэх нэхэмжлэлийн үндэслэл баримтаар нотлогдсонгүй.

            8.2. Нэхэмжлэгч тээврийн хэрэгслийг худалдаж авснаас хойш ашиглаж байсан бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр техникийн хяналтын үзлэг оношилгоонд орж тэнцсэн болох нь нийтэд илэрхий баримт болох www.autobox.mn вэбсайт дахь мэдээллээс харагдаж байгаа талаар хариуцагч тал тайлбарласан ба түүний тайлбарт дурдсан үйл баримт тогтоогдож байна.

            9. Иймд дээрх үндэслэлээр хариуцагч Н.Эг мэдсээр байж гэрээний зүйлийн доголдлыг нуун дарагдуулсан гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нэхэмжлэгч Б.М баримтаар нотлоогүй тул гэрээнээс татгалзах, хохирол шаардах эрхгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            10. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,392 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсэн болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 255 дугаар зүйлийн 255.2, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Н.Эгаас 30,648,300 төгрөг гаргуулах тухай Б.Мын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 381,392 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА