2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 192/ШШ2025/09529

 

 

 

 

 

 

 

       2025          11              17                                           192/ШШ2025/09529

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: *******,*******,*******,*******, 233 тоот хаягт байрлах “Гуо Хуй олон улсын тээвэр” ГХОХХК (РД:6290817)-нд холбогдох

 

Хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор 42,469,200 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалин хөлс болох 1,818,000 төгрөгийг гаргуулах, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 60,850,650 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин 4,295,000 төгрөг гаргуулах, утасны 2023 оны 01, 02 дугаар сарын төлбөр 100,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

Зээлийн гэрээний үлдэгдэл 14,620,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

Хэргийг 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч нь хариуцагч компанид холбогдуулан хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор 42,469,200 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалин хөлс болох 1,818,000 төгрөгийг гагуулах, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 60,850,650 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин 4,295,000 төгрөг гаргуулах, утасны 2023 оны 01, 02 дугаар сарын төлбөр 100,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байна. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

1.1.Би хариуцагч компанид 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд 10,000 юанийн үндсэн цалинтайгаар ажиллах, цалинг шилжүүлэх өдрийн Монголбанкны ханшаар тооцон олгохоор тохиролцсон. Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулахыг шаардсан боловч өдийг хүртэл бичгээр байгуулаагүй. 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр цалин хөлс дутуу олгосныг гаргуулах, амласан 30,000 юанийг авах хүсэлт гаргахад хөөж, ажлаас үндэслэлгүй халж, хариуцсан эд зүйлийг хураан авсан. Иймд 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргаж, тус хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс болох 10,000 юанийг гаргуулах, дутуу цалин хөлс болох 1,818,000 төгрөгийг гагуулах, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 60,850,650 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин 4,295,000 төгрөг гаргуулан авах, утасны төлбөр 100,000 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийхийг хариуцагч компанид даалгаж шийдвэрлэсэн. 2023 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн ханш болох 471.88 төгрөгөөр тооцсон болно.

1.2.Хариуцагч компанийн хувьд өдөрт багадаа 4 цагаар илүү ажиллуулдаг, өөр компанийн жолооч нартай холбоотой маргааныг шийдвэрлэх 3 кэмпийн үйл ажиллагааг хариуцуулан хийлгэдэг байсан боловч нөхөж амраагаагүй, илүү цагийн хөлс олгоогүй. Мөн ээлжийн амралт эдлүүлээгүй гэв.

 

2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгчтэй 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22-02/02 дугаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Цагаанхад” гэх газарт байрлах нэгжид орчуулагчаар ажиллуулсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 4 ажилтны хамт ажлын байрыг орхиж яваад ажилдаа эргэж ирээгүй. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг баримтлан захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн.

2.2.Нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулж байгаагүй, түүнд олгох цалинг бүрэн олгож байсан гэв.

 

3.Хариуцагч компани нь нэхэмжлэгчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 14,620,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:

3.1.Нэхэмжлэгчтэй 2022 оны 11 дүгээр сарын 14-нй өдөр зээлийн гэрээ байгуулж, 25,000,000 төгрөгийг 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хүүгүй олгосон ба сар бүр 3,220,000 төгрөгийг цалингаас нь суутгаж байхаар тохиролцсон. Нэхэмжлэгчийн хувьд нийт 10,380,000 төгрөгийг эргэн төлж, үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэв.

 

4.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

4.1.2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 25,000,000 төгрөг зээлж авч, сар бүр цалингаас суутгуулж байхаар тохиролцсон нь үнэн. 2022 оны 11 дүгээр сараас 2023 оны 01 дүгээр саруудад тус бүр 3,000,000 төгрөг, 2023 оны 02 дугаар сард 1,380,000 төгрөг төлсөн. Иймд ажилдаа эргэж ормогц үлдэгдэл 14,620,000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

 

5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Хаан банк дахь ын эзэмшлийн 5753567602 дугаар дансны 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацааны хуулга, Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн тэмдэглэл, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 139 дугаар шийтгэх тогтоол,

Хариуцагч талаас итгэмжлэл, итгэмжлэл, “Гуо хуй олон улсын тээвэр” ГХОХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариу тайлбар, хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 22/03, 2023 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 23/1-1 дугаар тушаалууд, уг тушаалуудын хавсралтаар баталсан хөдөлмөрийн дотоод журам, ажилтан сонгон шалгаруулж, ажилд авах тухай журмын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30/23-Б/ч дугаар тушаалын эх хувь, зохигч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 22-02/02 дугаартай хөдөлмөрийн гэрээний эх хувь, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дунды прокурорын газрын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 38 дугаартай прокурорын мэдэгдэл гэх баримтын тус прокурорын газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, уг мэдэгдэлтэй холбоотой хариу хүргүүлсэн хариуцагч компанийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн албан бичгийн дээрх прокурорын газрын архивын хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулсан хуулбар, хариуцагч компанийн гүйцэтгэх захиралд олгосон Монгол Улсад түр оршин суух зөвшөөрлийн лавлагаа, хууль зүйн туслалцаа, өмгөөллийн үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ, хариуцагч компанийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, зөрчил бүртгэлийн хуудас, ажилтнуудын цагийн бүртгэл, зохигч талуудын хооронд байгуулагдсан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн зээлийн гэрээ, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Гашуун сухайт дахь Гаалийн газарт хаягласан гадаад худалдааны үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн системийн хэрэглэгчийн нэр болон нууц үгийг шинээр авах тухай хариуцагч компанийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Автотээврийн үндэсний төвд хаягласан тээврийн нэгдсэн системийн компанийн нууц үг шинээр авах тухай хариуцагч компанийн 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн албан бичгийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, хариуцагч компаниас нэхэмжлэгчид илгээсэн илгээмжийг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр гардуулсан тухай баримтыг тус тус нотлох баримтаар гаргаж өсгөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талуудын хүсэлтээр Г,,, нарыг гэрчээр дуудаж, мэдүүлэг авсан, Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Эрүүгийн хэргийн тусгай архиваас Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 139 дугаар шийтгэх тогтоолт, шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар гаргуулан авсан болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

2.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ би хариуцагч компанид хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд сарын 10,000 юанийн үндсэн цалинтайгаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулалгүйгээр ажиллаж байсан. Ажиллаж байх хугацаанд өдөр бүр 4-өөс дээш цагаар илүү ажиллуулж, өөр компанийн ажлыг хариуцуулан хийлгэдэг байсан боловч илүү цагийн хөлс олгоогүй, нөхөж амраагаагүй, ээлжийн амралт эдлүүлээгүй. Энэ талаар компанид хандахад 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас хөөж, үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж тодорхойлжээ.

 

3.Хариуцагч компани нь татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчтэй 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 22-02/02 дугаар хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг “Цагаанхад” гэх газарт байрлах нэгжид орчуулагчаар ажиллуулсан. Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр нэр бүхий 4 ажилтны хамт ажлын байрыг орхиж яваад ажилдаа эргэж ирээгүй. Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-д заасныг баримтлан захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. Нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулж байгаагүй, олговол зохих цалинг бүрэн олгосон гэж тайлбарлаж байна.

 

4.Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэхэмжлэгч нь 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн орчуулагчийн албан тушаалд ажиллаж, 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлыг байрыг орхин явсан. (хавтаст хэргийн 1-2, 50, 110-117 дахь тал)

4.2.Нэхэмжлэгчийг хариуцагч компанийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 30/23-Б/ч дугаар тушаалаар ажлаас нь чөлөөлсөн. (хавтаст хэргийн 67 дахь тал)

 

5.Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.5-д “хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзвэл эрх бүхий этгээдэд гомдол гаргах” гэж зааснаар нэхэмжлэгч нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон шийдвэрт холбогдуулан Хан-Уул дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан ба тус хорооны 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаар маргалдагч талууд харилцан тохиролцоогүй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.5 дахь хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороогоор хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж талууд гарын үсэг зурснаар маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ дуусгавар болно” гэж зааснаар хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болжээ. (хавтаст хэргийн 33-36 дахь тал)

 

Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг үндэслэлгүйгээр дуусгавар болгосон тухай шаардлагын хүрээнд:

 

6.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр үндэслэлгүйгээр ажлаас халсан” гэж тодорхойлж байгаа бол хариуцагч компани нь татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлын байраа орхиж, түүнээс хойш ажилдаа эргэж ирэлгүй хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчил гаргасан” гэж тайлбарлаж байна.

 

6.1.Энэ тохиолдолд нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж зааснаар 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас халсан үйл баримтыг нотлох үүрэгтэй.

 

6.2.Хэрэгт авагдсан баримт, зохигч талуудын тайлбараас үзэхэд хариуцагч компани нь нэхэмжлэгчийг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлаас нь чөлөөлсөн гэх үйл баримт тогтоогдохгүй харин нэхэмжлэгч нь тус өдөр ажлын байрыг орхиж явсан үйл баримт тогтоогдож байна.

 

6.3.Иймд шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн ажлын байрыг орхиж явсан үйлдлийг хөдөлмөр эрхлэлтийн харилцааны ямар ойлголт болохыг тодорхойлох буюу энэ талаар дүгнэлт хийх шаардлагатай байна.

 

6.4.Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.5-д “ажил хаялт гэж хөдөлмөрийн сонирхлын хамтын маргаан, эсхүл энэ хуулийн 25.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргааныг шийдвэрлэх зорилгоор ажилтан ажил үүргээ гүйцэтгэхээ сайн дурын үндсэн дээр тодорхой хугацаагаар бүрэн буюу хэсэгчлэн зогсоохыг”;

54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт “Ажилтан дараах нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах эрхтэй”, 54.1.1-т “ажилтны болон гуравдагч этгээдийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулж болзошгүй нөхцөл байдал үүссэн”, 54.1.2-т “ажил олгогч хуулиар тогтоосон илүү цагийн дээд хэмжээг хэтрүүлэн ажиллахыг шаардсан”, 54.1.3-т “ажил олгогч ажилтны цалин хөлсийг олговол зохих өдрөөс хойш 30 хоногийн хугацаанд олгоогүй”;

79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “Ажилтан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажил олгогчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдсэн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй…”;

80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дараах үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж болно”;

93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт “Амралтын цаг дараах төрөлтэй байна”, 93.1.1-д “амрах, хооллох завсарлага”, 93.1.2-т “дараалсан ажлын хоёр өдөр хоорондын тасралтгүй амралт”, 93.1.3-т “долоо хоног бүрийн амралт”, 93.1.4-т “нийтээр амрах баярын өдөр”, 93.1.5-д “ээлжийн амралт”;

100 дугаар зүйлийн 100.1 дэх  хэсэгт “Ажил олгогч ажилтны хүсэлтээр хувийн чөлөө олгож болно” гэж тус тус зааснаар хувийн чөлөө олгосон, ажилтны болон ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан, амралтын цаг эхэлсэн, ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзах үндэслэл бүрдсэн, ажил хаялт зарласан зэрэг тохиолдолд ажилтны хувьд ажлын байрыг орхих эрхтэй байна.

 

6.5.Хэрэгт авагдсан баримтаар ажил олгогч болон ажилтны санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан, амралтын цаг эхэлсэн, хувийн чөлөө олгосон, ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан гэх байдал тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн ажлын байрыг орхиж явсан үйлдлийг ажил хаялт гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Тодруулбал, нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр... хөөсөн буюу ажлаас үндэслэлгүйгээр халж, ажлаас халсан тушаал, шийдвэрээ танилцуулаагүй, бичгээр өгөөгүй, хариуцсан эд зүйлийг хураан авсан..., 2023 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан...” гэж дурдсан, нэхэмжлэгчийг 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг харьцуулан үзэхэд 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар хариуцагч болон нэхэмжлэгчийн зүгээс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай хүсэлт гаргаагүй, амралтын цаг эхлээгүй, хувийн чөлөө олгоогүй байжээ. Мөн нэхэмжлэгч нь үндэслэлгүйгээр ажлаас халсан гэж үзэж ажлын байрыг орхиж явсан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт зааснаар ажил үүргээ гүйцэтгэхээс татгалзсан үйлдэл гэж үзэх боломжгүй юм.

 

6.6.Шүүх нэхэмжлэгчийн ажлын байрыг орхиж явсан үйлдлийг ажил хаялт байсан гэж үзсэн учир Хөдөлмөрийн тухай хуулийн 25, 26, 27, 28 дугаар зүйлд заасан журмыг баримталсан эсэхийг дүгнэх шаардлагатай.

 

Ажилтан ажил хаях эрхтэй хэдий ч энэ эрхээ эдлэхийн тулд Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “Тухайн аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгжийн нийт ажилтны дийлэнх олонх ажил хаялт зарлах эсэх санал хураалтад оролцож, олонх нь дэмжсэн тохиолдолд ажил хаялт зарлах асуудлыг тухайн шатны үйлдвэрчний эвлэлийн удирдлага шийдвэрлэнэ” гэж зааснаар хамтын шийдвэр гаргах шаардлагатай байдаг.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “Ажил хаялт зарлах тухай шийдвэрт дараах асуудлыг тусгана” гэж зааснаар ажил хаялт зарлах шийдвэрт ажил хаяхад хүргэсэн санал зөрүүтэй асуудал, ажил хаялт эхлэх он, сар, өдөр, цаг, хамрах хүрээ, ажил олгогчтой харилцах үүрэг хүлээсэн хувь хүн, хэлэлцээ хийх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг заавал тусгах журамтай.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь дээр дурдсан журмыг баримталсан гэх байдал тогтоогдохгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан”, Хөдөлмөрийн гэрээний 9.3.5-д “Ажилдаа ирэх боломжгүйгээ урьдчилан мэдэгдэлгүйгээр 2 болон түүнээс дээш өдөр дараалан ажил тасласан”, 9.3.27-д “Хуульд заагдсан шаардлагыг хангаагүй ажил хаялтанд оролцох, оролцохоор завдах, түүнчлэн дээрх шаардлагыг хангаагүй ажил хаялтыг зохион байгуулах, ажил хаяхыг шаардах, уриалах, өдөөн турхирах зэрэг үйлдэлд бусдыг татан оролцуулсан үйлдэл, эс үйлдэл гаргасан” гэж заасныг тус тус үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан хариуцагч компанийн шийдвэр үндэслэлтэй байна.

 

Цалин хөлстэй холбоотой шаардлагын хүрээнд:

 

7.Нэхэмжлэгчийн зүгээс ажлаас үндэслэлгүй халагдсан учир ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 42,469,200 төгрөг гаргуулахаар шаардсан ба өмнө дүгнэсэнчлэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцласан ажил олгогчийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно” гэж зааснаар нэхэмжлэгч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор шаардах эрхгүй юм.

 

7.1.Нэхэмжлэгчийн зүгээс дутуу олгосон цалин хөлс болох 1,818,000 төгрөг, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 60,850,650 төгрөг, ээлжийн амралтын цалин 4,295,000 төгрөг, 2023 оны 01, 02 дугаар сарын утасны төлбөр 100,000 төгрөгийг тус тус гаргуулахаар шаардсан бол хариуцагч нь илүү цагаар ажиллуулж байгаагүй, цалин хөлсийг бүрэн олгосон гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлаж байна.

 

7.2.Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрийн шаардлагын үндэслэлээ нотлох үүрэгтэй буюу ажил олгогч байгууллагаас шаардлагатай баримтуудыг гаргуулах эрхтэй.

 

7.3.Ажилтны ажилласан цагтай холбоотойгоор хариуцагч компаниас ажилтны ирцийн бүртгэлийг гаргаж өгсөн ба түүнээс үзэхэд нэхэмжлэгчийг илүү цагаар ажиллуулж байсан гэх байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс гаргуулах шаардлага үндэслэлгүй байна.

 

7.4.Нэхэмжлэгч нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр ажлын байрыг орхиж явснаас хойш ажил үүргээ гүйцэтгээгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-т “гүйцэтгэсэн ажил үүрэгт нь тохирсон цалин хөлсийг тогтоосон хугацаанд ажилтанд олгох…” гэж зааснаар түүнд 2023 оны 02 дугаар сарын цалин, утасны төлбөрийг бүтэн олгох үүргийг хариуцагч компани хүлээхгүй.

 

7.5.Нэхэмжлэгч нь үндсэн цалинг 10,000 юань байсан гэж тайлбарласныг хариуцагч нь эс зөвшөөрч байх бөгөөд хэрэгт авагдсан зохигч талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний 5.1-д “Хийснээр” гэж тусгасан, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод даатгуулагчийн цалин 800,000 гэж дурдсан байх тул “цалин 10,000 юань, ээлжийн амралтын цалин 4,295,000 төгрөг” гэх нэхэмжлэгчийн тооцоолол үндэслэлгүй байна.

 

8.Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч компанид холбогдох хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор 42,469,200 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалин хөлс болох 1,818,000 төгрөгийг гагуулах, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 60,850,650 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин 4,295,000 төгрөг гаргуулах, утасны 2023 оны 01, 02 дугаар сарын төлбөр 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн хүрээнд:

 

9.Зохигч талууд 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр зээлийн гэрээ байгуулж, хариуцагч компани нь нэхэмжлгэчид 25,000,000 төгрөг зээлдүүлсэн, уг гэрээний үүрэгт нэхэмжлэгч нь нийт 10,380,000 төгрөг төлсөн үйл баримтын хувьд маргаангүй, хэрэгт авагдсан хариуцагч компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ (хавтаст хэргийн 155 дахь тал)-ээс харахад хариуцагч компани нь зээлийн үйл ажиллагаа явуулах эрхгүй байх тул зохигч талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

9.1.Хариуцагч компани нь зээл олгох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй атлаа иргэнд зээл олгосон нь Компанийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэгт “Хуульд өөрөөр заагаагүй бол компани нь зөвшөөрөл шаардагдах үйл ажиллагааг хуульд заасны дагуу холбогдох эрх бүхий байгууллагаас олгосон зөвшөөрлийн үндсэн дээр эрхэлнэ”, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль (2001 он)-ийн 15 дугаар зүйлийн 15.3.4-т “банкнаас бусад этгээд хадгаламж, зээлийн үйл ажиллагаа эрхлэх” гэж тус тус заасанд нийцэхгүй учир Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж зааснаар зохигч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

 

9.2.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт “Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй” гэж зааснаар хариуцагч компани нь үлдэгдэл 14,620,000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй.

 

10.Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчээс 14,620,000 төгрөг гаргуулж, хариуцагч компанид олгож шийдвэрлэлээ.

 

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д заасны тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964,757 төгрөг, хариуцагч компанийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс 231,050 төгрөгийг гаргуулж, хариуцагч компанид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Гуо хуй олон улсын тээвэр” ГХОХХК-нд холбогдох хятад хэлний орчуулагч, даргын туслах албан тушаалд эгүүлэн тогтоолгох, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтыг бичгээр байгуулахыг даалгаж, ажилгүй байсан хугацааны олговор 42,469,200 төгрөг гаргуулах, дутуу олгосон цалин хөлс болох 1,818,000 төгрөгийг гагуулах, 13 сарын хугацаанд илүү цагаар ажилласны нэмэгдэл хөлс 60,850,650 төгрөг гаргуулах, ээлжийн амралтын цалин 4,295,000 төгрөг гаргуулах, утасны 2023 оны 01, 02 дугаар сарын төлбөр 100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч оос 14,620,000 төгрөгийг гаргуулж хариуцагч “Гуо хуй олон улсын тээвэр” ГХОХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 964,757 төгрөг, хариуцагч “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 231,050 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч оос 231,050 төгрөгийг гаргуулж хариуцагч “Гуо хуй олон улсын тээвэр” ХХК-нд олгосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухйа хуулийн 119.2 119.7 120.2 дахь хэсэгт  зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй зохигчид хуульд заасан хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Г.ТӨРБОЛД