Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/32

 

2025/ДШМ/32

 

 

        

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

 А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч В.Цэцэнбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, шүүгч Б.Болор-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: С.Э

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П, В.У, М.Б    

Шүүгдэгч: А.Б

            Нарийн бичгийн дарга: Г.Гүн-Эрдэнэ нарыг оролцуулан

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан прокурорын эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч А.Бд холбогдох 2309000001242 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч шүүгч В.Цэцэнбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

 

  Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1900 оны 0 сарын 0-ны өдөр А аймгийн Ө суманд төрсөн, 0 настай, эрэгтэй, дээд боловсролтой, автомеханик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 0, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Т сум, С баг, Байшин хорооллын 50-01 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Н овогт Аийн Б/РД:0000000000000000/.

 

Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийг техник урлалын багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх 000000000 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2007 оны 09 сарын 01-ний өдрөөс А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн Дизайн технологийн багшаар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

А аймгийн Прокурорын газраас А.Бд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолд: Шүүгдэгч Н овогт Аийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 2.500/хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 2.500/хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол улсын Боловсролын их сургуулийн 000000000 дугаартай “Боловсролын бакалавр” зэргийн диплом 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Шүүгдэгч А.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

            Прокурор эсэргүүцэлдээ ... Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийг техник урлалын багш мэргэжпээр төгсөөгүй атлаа 2007 онд төгссөн гэх 00-00 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2007 оны 09 сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд багшаар ажилд орсон бөгөөд ажиллах хугацаандаа татвар, шимтгэл төлж, гар дээр нийт 125.816.245 төгрөгийн цалин авсан ба үүнээс жил жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгөн дүнгийн нийлбэр болох 43.871.600 төгрөгийг хасаж, зөрүү болох 81.944.645 төгрөгийн хохирлыг улсад учруулсан байна. Гэтэл анхан шатны шүүх ... шүүгдэгч А.Б нь 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж эхэлсэн гэх тайлбарыг гаргасан бөгөөд түүний хөдөлмөр эрхэлж олсон хугацааны цалин хөлсний талаарх баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч, хохирогч байгууллагын төлөөлөгч хохирол нэхэмжпэхгүй гэсэн байр суурьтай байгаа тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь шүүгдэгч А.Б нь хуурамч бичиг баримт буюу хуурамч диплом ашиглан 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2024 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд багшийн ажил эрхэлж улсаас авах ёсгүй цалинг авсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон. Харин гарт олгогдсон нийт цалингийн хэмжээнээс жил жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний мөнгөн дүнг хасаж, зөрүү үнийн дүнгээр буюу 81.944.645 төгрөгийн хохирлыг улсад учруулсан гэсэн “Д” ХХК-ний 2024 оны 08 сарын 31-ний өдрийн 00-00 дугаартай, А.Бын багшлах хугацааны гарт олгогдсон цалингийн талаарх дүгнэлт, мөрдөгч Ш.Ггийн 2024 оны 09 сарын 09-ний өдрийн, А.Бын гарт олгогдсон нийт цалин, үүнээс жил жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний цалингийн дүнг хасаж, зөрүүг нь улсад учруулсан хохиролд тооцсон талаарх тэмдэглэл зэрэг баримтууд хэрэгт авагдсан байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "...Монгол Улсын иргэн цалин хөлс авах эрхтэй..." гэж заасантай нийцүүлэн, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах суурь зарчим, эрхийг тусгаж өгчээ. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3-д "Тодорхой боловсрол, тусгай мэргэжил үл шаардагдах энгийн ажил үүрэг гүйцэтгэхэд олгох үндсэн цалингийн нэг цагт ногдох доод хэмжээг Үндэсний хороо Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуульд заасны дагуу тогтооно", 107.4-д "Ажил олгогч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс доогуур үндсэн цалин тогтоохыг хориглоно”, 101 дүгээр зүйлийн 101.1-д "Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, ээлжийн амралтын цалин, шагнал урамшууллаас бүрдэнэ" гэж тус тус заасан зэргийг харгалзан тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож хохирлын хэмжээг тогтоосон нь үндэслэл бүхий байна. Гэтэл хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон аймгийн Боловсролын газрын дарга Ц.М нь уг гэмт хэргийн улмаас төрд учирсан хохирлыг нэхэмжлэхээс татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд түүнд ийм эрх хэмжээ олгогдоогүй байхад анхан шатны шүүх түүний мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч А.Быг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Монгол Улсын Дээд шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 98, 2023 оны 09 дүгээр сарын 131 зэрэг тогтоолуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан хуурамч боловсролын үнэмлэх, диплом ашиглах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдэж олсон цалин хөлсийг гаргуулахдаа “ажил олгогч цалин хөлснийхөө хариуд ажлын гүйцэтгэл, тодорхой үнэ цэнэ олж авсан, нөгөөтээгүүр хууль бус үйлдлийг шалгах, нягтлах үүрэгтэй ажил олгогчийн хайхрамжгүй үйлдэл, Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт “Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно” гэж заасныг үндэслэн тухайн үед дагаж мөрдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хасаж, зөрүүг гэмт хэрэг үйлдэж олсон орлого гэж дүгнэсэн” хяналтын шатны шүүхийн шийдвэр хууль хэрэглээний практик тогтоосон байна. Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив ... гэжээ.

 

Прокурор С.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ ... А.Бын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. 2007 оноос хойш багшаар ажиллаж, ажиллах хугацаандаа төрөөс цалин хөлс авч төрд хохирол учруулсан байна. Шинжээчийн дүгнэлтийг үнэлэх боломжгүй байна гэж анхан шатны шүүх үзсэн. Тийм учраас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх. Энийг шийдүүлэхэд хэргийн бодит байдал , зүйчлэлд  нөлөөлөх зүйл байхгүй. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хэдийгээр хохирол нэхэмжлэхгүй гэсэн гэдэг үндэслэлээр шийтгэх тогтоолд бусдад төлөх төлбөргүй гэсэн нь хууль зөрчиж байна ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байна. Энэ хэрэг нь хэлбэрийн төдий хэрэг юм. Хохирогч нь А аймгийн боловсрол соёлын газрын дарга Ц.М тогтоогдсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол нэхэмжлэхгүй гэсэн. Хэдийгээр хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохоор анхан шатны шүүх бусдад төлөх төлбөргүй гэж гаргасан хууль ёсных болсон. Прокурор хэдийгээр хохирол нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээхээр эсэргүүцэл бичсэн нь боломжгүй юм. Хохирол, иргэний нэхэмжлэл хоёр өөр асуудал. Энэ хэрэг дээр хохирлын асуудал ярьж байгаа болохоос иргэний нэхэмжлэл яригдаагүй. Ямар нэг бодит хохирол байхгүй, байдаггүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хэвээр үлдээж өгнө үү ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйл болон 8.2 дугаар зүйлд тодорхой заасан байгаа. Энэ хуулиар хохирогч болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын эдлэх эрхийг заагаад өгсөн байгаа. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг зөв буруу тогтоогдсон гэдэг асуудал яригдаагүй. Тийм учраас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хуулиар олгосон эрх байгаа. Тухайн албаны чиг үүргийг хэрэгжүүлсний төлөө хөлсөө авч байгаа. Тийм учраас хохирол гэдэг эргэлзээтэй. Анхан шатны шүүх дээр хоёр ч удаа 60 хонгоор хойшилсон захирамж гарч энэ хугацаанд мөрдөн байцаалтаар тогтоогоогүй зүйлийг яах вэ гэдэг бас хуулийн зохицуулалт бүрхэг байдаг. Шүүгчийн захирамжид заасан хэдэн төгрөгийн хохирол учирсан юм бэ гэдгийг нотолж чадаагүй байдаг. Шүүх үндэслэлээ тэгж гаргасан байсан. Хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохоор гэм буруу дээр маргаагүй. Хэрвээ хохирол нэхэмжлэх байсан бол гэмт хэрэг мөн юм уу биш юм уу гэдэг дээр ярих байсан. Хуурамч гэдгийг мэдэж байсан үгүйг яаж тогтоогоод байгаа. А.Б тухайн газар суралцаж байсан төлбөрөө цаг тухайд нь өгч байсан байдаг. Энэ дипломын дугаар давхцаж байгаа гэдэг үндэслэлээр хуурамч гэдэг. А.Б тухай сургуульд сурч байсан дипломын ажиллаа хийж өгч байсан байдаг. Тухайн үеийн шалгалтын дүн журнал зэргийг устгадаг юм байна. А.Б өөрийгөө гэм буруугүй гэдгийг нотлох үүрэггүй юм. Энэ асуудлыг огт шалгаагүй байдаг. Энэ дээр хохирлын хэмжээг нарийн тогтоож чадаагүй. Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэх хэсэг дээр шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэсэн байдаг. Одоо шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжгүй. Хохирлыг нэхэмжлэхгүй гээд байхад нэхэмжил гээд өөрчилж болохгүй ... гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан саналдаа ... Анхан шатны шүүх хууль ёсны үндэслэлтэй шийдсэн гэж үзэж байна. Үндсэн хуулийн 16.4-т зааснаар иргэн бүр ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, амрах, цалин хөлс авах эрхтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн 101 дүгээр зүйлд зааснаар цалин хөлс гэдэгт юу юу хамаарах вэ гэдгийг заасан байгаа. Хохирлын хэмжээг бодитойгоор тогтоож чадаагүй. Прокурорын зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодож хасах гэж байгаа бол урамшуулал, амралтын мөнгө энэ бүгдээс бас хасах ёстой байсан. Шинжээчийн дүгнэлт нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа. Хэдийгээр А.Б нь цохих сургалтад хамрагдаад ажил үүргээ гүйцэтгээд өөрийн ур чадвараар ажиллаад цохих цалин хөлсийг авсан. Ажил үүргээ хийж байсан учраас ээлжийн амралт авч байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогддог. Түүнчлэн А.Б нь ажиллаж байх хугацаандаа өөрөө болон сурагч нар нь уралдаан тэмцээнд оролцож шагналт байранд орж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Энэ нөхцөл байдлаас харахаар төрд хохирол учирсан гэдэг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Прокурорын эсэргүүцлийг харахаар хохирогч талын эрх хэмжээнд халдсан байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрхийнхээ хүрээнд гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгийг албан бичгээр ирүүлсэн мөн өөрийн тайлбараа ирүүлсэн байхад та заавал хохирол нэхээ гэж байгаа юм шиг гаргасан. Энэ нь хохирогчийн эрхэнд халдаж байгаа зүйл гэж өмгөөлөгчийн зүгээс харж байна. Эрүүгийн хуулийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ямар үйлдлээр яаж хохироод байгаа нь тодорхойгүй байна. Магадгүй тухайн хүн хуурамч диплом ашиглаад тухайн сургуульд ажиллаад цалин авсан энэ цалин хохирол юм аа гэдэг байдлаар хохирлын хэмжээ тогтоож байгаа нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгөөч гэсэн хүсэлттэй байна ... гэв.

 

Шүүгдэгч А.Б давж заалдах  шатны шүүх хуралд гаргасан тайлбартаа ... Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.  Миний диплом хуурамч гэдгийг би мэдээгүй байсан. Тухай ажиллаж байх хугацаандаа өөрийгөө дайчлан чин сэтгэлээсээ ажиллаж байсан ... гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь  хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянав.

 

А аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Быг Монгол Улсын Боловсролын их сургуулийн Дүрслэх урлаг, технологийн сургуулийг техник урлалын багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх 000000000 дугаартай “БОЛОВСРОЛЫН БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2007 оны 09 сарын 01-ний өдрөөс А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуулийн Дизайн технологийн багшаар ажилд орохдоо ашигласан гэж дүгнэж, А.Бд холбогдох хэргийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, прокурорын яллах дүгнэлт үйлдэн, хавтаст хэргийг А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлгүй байна.

Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад энэ хэрэгт хохирогч байгууллагын төлөөлөгчөөр тогтоогдсон Ц.М нь ...Т сумын ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад технологийн хичээл сургалтыг зааж сургасан тухайн үед суралцаж байсан хүүхдүүдээс хэн нэгэн хүүхэд энэ багшаас болж хохирсон зүйл байхгүй, ер нь бол энэ хүн ажлаа хийгээд сар, улирал, хагас бүтэн жилээр ажлаа дүгнүүлэн хөдөлмөрийн гэрээнд заагдсан ёсоор цалин хөлсөө авсан байна. Ийм учраас төр энэ хүнээс аливаа хохирол нэхэмжлэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн. Энэ хүн ажил хийж цалин авсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь А.Б нь ажил эрхэлж цалин авсан учраас тухайн мөнгийг нэхэмжлэх нь буруу байх гэж дүгнэсэн … гэж мэдүүлснээр шүүгдэгч А.Б нь багш мэргэжлээр суралцаагүй боловч тус сургуульд хуурамч диплом ашиглан багшаар томилогдож, 2007 оны 09 сарын 01-ээс 2024 оны 1 сар хүртэл хугацаанд ажиллахдаа тус сургуулийн хэвийн үйл ажиллагаа, хүүхдийн эрх ашигт бодитой хохирол, хор уршиг учруулсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна энэ талаар хэн нэгэн гомдол гаргаагүй байна.

 

Гэхдээ дээр дурдсан нөхцөл байдал нь шүүгдэгч А.Быг өөртөө хууль бус давуу байдал бий болгож, улсад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй байхад анхан шатны шүүх хохирлыг гаргуулахгүйгээр шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэж шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байна.

 

Анхан шатны шүүх хөдөлмөр эрхэлж олсон хугацааны цалин хөлсний талаарх баримт гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй гэж үзэж буй тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шинжээч томилж дүгнэлт гаргуулах боломжтой байхад шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэсэн үндэслэлээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахгүйгээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

 

 Мөн анхан шатны шүүх шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэсэн атлаа яагаад нотлох баримтын шаардлага хангахгүй байгаа үндэслэлээ тайлбарлаагүй, энэ талаар дүгнээгүй байх тул хохирлыг хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоож, шүүгдэгч хохирол төлбөртэй эсэхийг харгалзан, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй болно.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч хуульд заасан үндэслэл журмын дагуу тогтоосон хохирлыг төлөөгүй үед шүүх хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд шүүгдэгчид торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлага оновчгүй, биелэгдэх боломжгүй гэж дүгнэхээр байна.

  Иймд А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.   

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

                                                                      ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 2025/ШЦТ/88 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч А.Бд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оролцогч, прокурор, дээд шатны прокурор  шүүхийн хууль хэрэглээний зөрүү арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      В.ЦЭЦЭНБИЛЭГ

 

                            ШҮҮГЧИД                                       Т.ДАВААСҮРЭН

 

                                                                                     Б.БОЛОР-ЭРДЭНЭ