| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0164/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/175 |
| Огноо | 2018-06-18 |
| Зүйл хэсэг | 27.10.3., |
| Улсын яллагч | Б.Догмиддорж |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 18 өдөр
Дугаар 2018/ШЦТ/175
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Шүүгдэгч *******
Хохирогч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821002960176 дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1995 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 2, эхнэрийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр баг, ...... газар оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Хавирга Өртөө” гэх газарт Либеро маркийн .... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5, 7 дугаар бүлгийн 7.6-д заасан заалтыг зөрчсөний улмаас 2 настай иргэн *******-г дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр багийн байр цэвэрлэхээр эхнэр хүүгийн хамт явсан. Би багийн байрны хашаан доторх хогийг цэвэрлээд машинаа хөдөлгөөд хогоо ачиж байтал эгч танай хүүхэд ингэж унтдаг юм уу гээд очсоноо муухай хашгирсан. Би бас хашгирсан. Тухайн үед манай хүү хашаан дотор тоглож байсан” гэв.
Хохирогч *******нужин шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “04 дүгээр сарын 28-ны өдөр багийн байр цэвэрлэхээр явах замаараа Туул эгчийг аваад очсон. ******* гадаахаа цэвэрлээд би дотор талд цонх арчиж байтал Туул эгч танай хүүхэд ингэж унтдаг юм уу гээд гарснаа муухай хашгирсан. Тэгээд очтол манай хүүгийн хамар амнаас цус гарчихсан газар хэвтэж байсан. Тэгээд ******* айл руу утсаар түргэн дуудаад машинаараа эмнэлэг явсан” гэв.
Хохирогч *******нужин мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2018 оны 04 дүгээр сарын 28-ны өглөө манай багийн Засаг дарга буюу манай хадам ээжийн ах Дашбаатар ах манай руу утсаар багийн төвийн байрыг цэвэрлэчих, хуралтай гэж ярихаар нь нөхөр бид хоёр хүүгийн хамт гурвуулаа гэрээсээ 11 цагийн орчим “Либеро” маркийн цагаан өнгийн улсын дугаартай өөрсдийн ачааны машинаар багийн төв явсан. Ингээд байрны гадаа ирээд нөхөр ******* хашаа руу ордог хаалганы урд харалдаа машинаа баруун тийш харуулж зогсоогоод нөхөр гадаа хог цэвэрлэж би байранд орж цэвэрлэгээ хийсэн. Хүү ******* Ундармаа эгчийн хүү болох Наранхүүтэй гадаа тоглоод үлдсэн. Цуг цэвэрлэгээ хийж байсан эгч жаал чинь гадаа унтаж байгаа юм уу ингэж унтдаг юм уу гээд байшингаас гарахаар нь цонхоор хартал манай хүүгийн толгой зүүн тийш харсан зүүн гар талаараа хэвтчихсэн байсан. Би тухайн үед юм бодоогүй. Тэгсэн эгч муухай бахирсан. Мөн нөхөр ******* бас бахирсан. Тэгэхээр нь би очиход хүүгийн маань хамар, ам, чихнээс цус гарчихсан байсан. Ингээд машинаа асаагаад сум явахад замд эмч таарч үзээд машиндаа суулгаад аваад явсан. Сумын төв дээр ирээд нас барсан болохыг мэдсэн” гэжээ. /хх-ийн 19-20 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... багийн байрыг цэвэрлээд 10 минут болж байхад хүүхэд гадаа хэвтэж байна, яагаад шороон дээр хэвтэж байгаа юм бол гээд очсоноо удалгүй муухай орилсон. Тэгэхээр нь Анужин бид хоёр гарч очиход *******-ын хүү *******-гийн ам хамар нь цус болчихсон нэг талынх нь хацар шороотой холилдоод цус болчихсон хэвтэж байсан. Ингээд аав ******* нь зүүн урд талын 4 байшин руу гүйж түргэн дуудаад бүгдээрээ хүүг аваад эмнэлэг явцгаасан. Замдаа ******* хүүгээ хараад орилж бахираад эвгүй болоод байхаар нь манай гадаа буулгаад манай нөхөр Санчираар машиныг бариулаад цааш явж байх замдаа эмчтэй таараад хүүг үзүүлсэн. Гэтэл эмч үзээд зүрх зогссон байна, амьсгалахгүй байна гээд машиндаа аваад орсон. Тэгээд эмнэлэгт ирсэн. Хүү замдаа ямар нэг байдлаар дугараагүй ба ээж нь тэврээд л яваад байсан...” гэжээ. /хх-ийн 22-23 тал/
Цагдаагийн газрын замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 тоот актын дүгнэлтэд
1. Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5 “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”,
7.6 “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Жолооч ******* нь хөдөлгөөн эхлэхдээ аюулгүй байдлыг хангасан гэдгийг биечлэн мэдэж, /зогсож байгаа тээврийн хэрэгслийн ойролцоо хүүхэд тоглож, зам дээр болон ойр орчимд ямар нэгэн саад байгаа эсэх/ толинд болон эргэж харсны дараа хөдөлгөөнөө эхлээгүйгээс осол гарах шалтгаан болсон гэж үзлээ гэжээ. /хх-ийн 51-52 тал/
Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 103 тоот актын дүгнэлтэд “Талийгаач *******гийн цогцосны гадна үзлэгийн явцад зүүн мөрнөөс хэвлийн ар хэсэг хүртэл үүссэн мөрний урт нь 17 см урттай, дугаартай тээврийн хэрэгслийн хойд талын дугуйны мөртэй тохирно. Харьцуулах шинжилгээнд ирүүлсэн гэрэл зургийн № 1, 2 зургийг харж, хэмжиж үзэхэд ерөнхий шинж “дугуй хээний дотогш илүү гарсан хэсэг нь 0.4 см хэмжээтэй уг цогцосны ар нуруу хэсэгт байх мөрний хээнээс илүү гарсан жижиг хэсгүүдийг 0.3 см болон 0.4 см хэмжээтэй” үзэхэд тэмдэгээр тохирч байна” гэжээ. /хх-ийн 54 тал/
Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 64 тоот актын дүгнэлтэд “*******-гийн цогцост гавал тархины, цээжний битүү гэмтэл, гавлын орой болон суурь ясны хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн дух хэсгийн тархины няцрал, тархины баруун тал бөмбөлөгийн зулай, чамархай хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн тал бөмбөлөгийн зүүн зулай, чамархайн аалзан хальсан доорхи цус харвалт, баруун, зүүн уушигны гялтан хальсны доорх цус хуралт, хуйхны дотор гадаргын цус хуралт, хоншоор ясны хугарал, дух ясны зүүн тал, хуйханд баруун, зүүн чамархай, зулай, зүүн хацар, зүүн завьжны зулгаралт, зүүн нүдний доод зовхи, хамрын нуруу, зүүн чихний урд, баруун нүдний дээд, доод зовхи, баруун, зүүн чихний дэлбэн, буйлны цус хуралт, хүзүүний зулгаралт, хүзүү, баруун эгэмний доод хэсэг, баруун мөр, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн сарвуу, баруун хөлний ул, ар нурууны цус хуралт гэмтэл тогтоогдлоо, талийгаачид шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй, талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас барсан болно, *******-гийн цогцост тогтоогдсон гэмтлүүд нь тээврийн хэрэгсэлд мөргүүлэх, дайрагдсаны улмаас үүссэн байх боломжтой” гэжээ. /хх-ийн 41-43 тал/
- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9 тал/
- Зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг /хх-ийн 10-11 тал/
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14 тал/
- Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-17 тал/
- *******-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 63-64 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2018 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “Хавирга Өртөө” гэх газарт “Hyundai Lepiro” маркийн ДОР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон хөдөлгөөн эхлэх үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1 дүгээр бүлгийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул саад, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 7 дугаар бүлгийн 7.6-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхдээ зам, орчны байдлыг биеэр шалгаж, байр эзлэх, хөдөлгөөний чиг өөрчлөхөд бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх бүх нөхцлийг хангана” гэсэн заалтыг зөрчсөний улмаас 2 настай иргэн *******-г дайрч, амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, гэрч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, Цагдаагийн газрын замын цагдаагийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 25 тоот актын дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 103 тоот дүгнэлт, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 64 тоот актын дүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зам тээврийн осол дээр тогтоосон акт, схем зураг, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй болно.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын .... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******ын ..... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ