Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ/26

 

  2025 оны  5 сарын   12                                                2025/ДШМ/26                        

 

Г.А-т  холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Л.Нямдорж даргалж, шүүгч Б.Цэрэнпүрэв, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Ганчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанд                                  

   Прокурор Б.Буяндалай

   Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав

   Шүүгдэгч Г.А                                                  

   Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч М.Мандахбаяр даргалж, шүүгч Д.Цэцэгээ, шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/54 дүгээр цагаатгах тогтоолтой Г.А холбогдох эрүүгийн 2426000000313 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлээр 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Г.А,

Г.А нь нийтийн албан тушаалтан буюу зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтны хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд 2024 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдөр хяналт шалгалт хийх үедээ Өвөрхангай аймгийн ... сумын ... дугаар баг, .... оршин суух иргэн Т.Ш-ыг “зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан байж болзошгүй” зөрчлийг илрүүлсний дараа Т.Ш  руу утсаар холбогдож “...та надад 1,000,000 төгрөг зээлчих, чухал мөнгөний хэрэг болоод байна, би таныг хамгаална, би таны ар тал болно...”, “...би таны арыг даана, би тантай сайхан эгч дүүс байя, хүнээс авч чадахгүй байгаа мөнгөнүүдийг чинь авч өгч чадна шүү дээ, надад 1,000,000 төгрөгийн яаралтай хэрэг байна...” гэх зэргээр түүнээс ашиг сонирхлынх нь үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд 1,000,000 /нэг сая/ төгрөгийн хахууль өгөхийг хясан боогдуулах аргаар шаардсан гэмт хэргийг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өвөрхангай аймгийн Прокуророос: Г.А-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн прокуророос шүүгдэгч Г.А-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч Г.А  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар цагаатгах тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Г.А  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдан шийдвэрлэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Прокурор Б.Буяндалай би, шүүгдэгч Г.А  холбогдох 2426000000313 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар зүйлчлэн 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр 307 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Хэргийг анхан шатны шүүх хүлээн авч, хянан хэлэлцээд 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/54 дугаартай цагаатгах тогтоолоор “...гэрч Т.Ш ын мэдүүлэг зөрүүтэй, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэжээ.

...шүүгдэгч Г.А   нь тус эрүүгийн хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүйн улмаас гэм буруутайд тооцоход эргэлзээтэй байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгчийн гэм буруутайг тогтоож буй нотлох баримтын эх сурвалж нь хангалттай, хүрэлцэхүйц, эргэлзээгүй буюу үнэн бодит, хүлээн зөвшөөрөхүйц эсэх нь эргэлзээтэй, энэ талаар эргэлзээгүй шалгаж тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

...Хахууль өгөх гэмт хэргийн нэг шинж нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрөөр хэлбэл хахууль өгч байгаа этгээдийн тавьж байгаа хүсэл, шаардлага бөгөөд хахууль авагч хахууль өгөгчийн хүсэлт болгосон санал шаардлагыг хүлээн авч гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх, өөрт олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй байх гэх зэрэг түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ нийгэмд аюултай үйлдэл бий болдог. Шүүгдэгч Г.А   нь гэрч Т.Ш ын ямар ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс шууд хахууль өгөхийг шаардсаныг нь тогтоогоогүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

Иймд шүүгдэгч Г.А  холбогдох хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч түүний гэм буруутай эсэхэд эргэлзээтэй байх тул "Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд ...эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ" гэсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.А-д холбогдох 2426000000313 дугаартай хэргийг хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.А  ийг цагаатгаж...” шийдвэрлэжээ Цагаатгах тогтоолыг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч танилцаад, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн буюу илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1.Хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлийн тухайд: Шүүх бүрэлдэхүүн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн субьектив шинжийг “...Хахууль өгөх гэмт хэргийн нэг шинж нь нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс өөрөөр хэлбэл хахууль өгч байгаа этгээдийн тавьж байгаа хүсэл, шаардлага бөгөөд хахууль авагч хахууль өгөгчийн хүсэлт болгосон санал шаардлагыг хүлээн авч гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийх, өөрт олгогдсон эрх хэмжээг зориудаар биелүүлэхгүй байх гэх зэрэг түүний ашиг сонирхлын үүднээс гүйцэтгэх ёстой үүргээ гүйцэтгэхгүй байх буюу гүйцэтгэх ёсгүй үйлдэл хийдгээрээ нийгэмд аюултай үйлдэл бий болдог...” хэмээн тайлбарлаж, улмаар шүүгдэгч Г.А   нь гэрч Т.Ш ын ямар ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд түүнээс шууд хахууль өгөхийг шаардсаныг нь тогтоогоогүй байна гэж дүгнэжээ.

Гэтэл прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүгдэгч Г.А  ийг гэм буруутайд тооцуулахаар дүгнэлт гаргасан гэмт хэргийн тухайд шүүгдэгчийг гэрч Т.Ш оос хахууль буюу 1,000,000 төгрөг өгөхийг шаардсан, энэ гэмт хэргийг хянан боогдуулах аргаар үйлдсэн гэж үзэж байгаа бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 22.4 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид гэмт этгээдийн “хахууль өгөхийг шаардсан”, “хахууль авсан” гэх хоёр өөр үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсны “шаардсан” гэх үйлдэл нь үг зүйн болон үйлдлийн илэрхийлээрэй зөвхөн гэмт этгээд төрсөн санаа, зорилгын дагуу хахууль өгөгч рүү чиглэсэн үйлдэл юм. Энэ тохиолдолд хахууль өгөгч өөрийн ашиг сонирхлоо илэрхийлээгүй байдаг нь “хахууль авсан” үйлдлээс ялгаатай. Ашиг сонирхол гэдэг нь аливаа харилцаанд заавал байх, илэрхийлсэн эсэхээс үл хамаарч тухайн харилцааны явцад бий болдог өөрт нь ашигтай санаа, зорилго юм. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас гэрч Т.Ш ын “өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан үйлдэлдээ зөрчлийн хэрэгт холбогдон шалгагдахгүй байх, улмаар шийтгүүлэхгүй байх” нь түүний ашиг сонирхол гэж шууд дүгнэх боломжтой байхад шүүх бүрэлдэхүүн гэрч Т.Ш-ыг  зөвхөн “...хүсэлт, шаардлага тавиагүй...” байгааг нь ямар ашиг сонирхолтой байсан нь тогтоогоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

1.2.      “...гэрч Т.Ш ын мэдүүлэг зөрүүтэй, түүний мэдүүлгийг давхар нотолсон нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ. ...шүүгдэгч Г.А   нь тус эрүүгийн хэргийг үйлдсэн болох нь эрүүгийн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн баримтаар хангалттай нотлогдоогүйн улмаас гэм буруутайд тооцоход эргэлзээтэй байна...” гэсэн дүгнэжээ. Гэтэл хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдсан гэрч Т.Ш ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн 3 удаагийн, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 1 удаагийн мэдүүлгүүдэд “...шүүгдэгч Г.А   нь хяналт,  шалгалт хийж гэрт нь ирээд явсныхаа дараа түүнээс 1,000,000 төгрөг өгөөч, би таны ар тал болно, хамгаална гэж хэлсэн...” гэх мэдээлэл буюу тодруулбал “шүүгдэгч Г.А   нь гэрч Т.Ш оос 1,000,000 төгрөг өгөхийг шаардсан” гэх гэмт хэргийн үйл баримтын талаарх мэдээлэл агуулж буй хэсэг нь өөр хоорондоо зөрүүгүй, ямар нэгэн эргэлзээгүй ойлгогдохоор байхад тухайн мэдүүлгийн нотлох баримтын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хэсгийг анхаарч үзэлгүй, зөвхөн гэрч Т.Ш ын үйл явдал болж өнгөрснөөс хойш 7 сарын хугацаа өнгөрсний дараа хэргийн талаар удаа, дараа мэдүүлж ярихдаа агуулга нь адил боловч үгийн сонголтын хувьд өмнөх мэдүүлгээс өөрөөр ярьсан байдлыг зөрүүтэй мэдүүлэг өгсөн гэж дүгнэсэн нь хэт явцуу бөгөөд үндэслэлгүй дүгнэлт болсон байна. Учир нь мэдүүлгийн эх сурвалж гэж мэдүүлэг өгөгч хэргийн талаар мэдэх болсон бодит үндэслэл, шалтгааныг ойлгох  бөгөөд үүнийг хэргийн үйл баримттай холбон үзвэл хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлэг болон шалгалтын удирдамж, зөрчлийн 2426000278 дугаартай хэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтууд нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх цаг хугацаанд шүүгдэгч Г.А   нь гэрч Т.Ш ын гэрт шалгалт хийж, улмаар илэрсэн зөрчлийг гомдол, мэдээллийн бүртгэлд оруулан шалгах харилцааны явцад болсон үйл явдлыг гэрч Т.Ш  мэдүүлж байгаа нь мэдүүлгийн эх сурвалж тодорхой, эргэлзээгүй гэсэн дүгнэлтэд хүргэж байна. Мөн гэрч Т.Ш ын 2024 оны 10 дугаар сарын 29-ний өдрөөс хойш өгсөн мэдүүлгүүдийг давхар нотолсон түүний зөрчлийн 2426000278 дугаартай хэрэгт холбогдон шалгагдаж байхдаа Өвөрхангай аймгийн прокурорын газарт хандаж 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж байсан гомдлын хуулбар болон гэрч Т.И-ийн  мэдүүлэг зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байхад давхар нотолсон нотлох баримт хэрэгт хангалттай авагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Учир нь шүүгдэгчийн гэм буруутайг тогтоохоос бусад нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг шалгах, үнэлэхэд үүссэн эргэлзээ нь “шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд үүссэн эргэлзээ” гэсэн ойлголтод хамаарахгүй  бөгөөд анхан шатны шүүхийн гэрч Т.Ш ын мэдүүлгийг өөр хоорондоо зөрүүтэй гэж үзсэн нь “шүүгдэгчийн гэм буруутайг тогтоохоос бусад нөхцөл байдлыг тодруулахад үүссэн эргэлзээ”, харин тухайн мэдүүлгийн эх сурвалжийг хүлээн зөвшөөрөхүйц эсэх нь эргэлзээтэй, давхар нотолсон баримт хангалтгүй гэж үзсэн зэрэг нь “нотлох баримтыг шалгах, үнэлэхэд үүссэн эргэлзээ” гэж үзнэ. Иймд Анхан шатны шүүхээс энэхүү хэргийн онцлог байдлаас хамааран мөрдөн шалгах ажиллагаа явуулж болох хэмжээ, хязгаарын дотор цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгах, үнэлэхдээ үүссэн эргэлзээг шүүгдэгчийн "гэм буруутай эсэхэд" үүссэн эргэлзээ гэж дүгнэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

2. Илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон гэх үндэслэлийн тухайд: Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн гэрч Т.Ш , Т.И  нарын мэдүүлэг, зөрчлийн 2426000278 дугаартай хэргийг шалгах ажиллагааны явцад Өвөрхангай аймгийн прокурорын газарт хандаж 2024 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр гаргаж байсан гомдлын хуулбар, Өвөрхангай аймгийн Засаг даргын орлогчийн баталсан “Хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хуулбар зэрэг болон эдгээр нотлох баримтуудын эх сурвалжийг бататгасан бусад гэрч нарын мэдүүлгүүдээр хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон байхад шүүх бүрэлдэхүүн “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т "гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/", 1.3-т "гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр" заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлогдон тогтоож чадаагүй...” гэж шууд дүгнэсэн байна. Энэ нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгаж, хянах болон талуудын мэтгэлцээний явцаас хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, тухайн үйл баримт нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч Г.А   нь гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байтал ямар ч бодит үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэж буй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн илт үндэслэлгүй шийдвэр болсон гэж үзэж байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/54 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Прокурор Б.Буяндалай давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Прокуророос шүүгдэгч Г.А  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.  Гэтэл анхан шатны шатны шүүхээс Г.А  холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн. Энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24 дүгээр зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэл бүхий эргэлзээ гэсэн ойлголтыг Монгол Улсын дээд шүүхийн тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтаар хахууль өгөгч буюу гэрч Т.Ш  нь ямар ашиг сонирхолтой байсан гэдэг нь тогтоогдоогүй учраас үндэслэлгүй гэж дүгнэсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлд заасан хахууль авах шинж нь хахууль өгөгч нь ашиг сонирхлоо гүйцэтгүүлэх зорилгоор ашиг сонирхлоо хахууль авч байгаа хүндээ тавьдаг. Хавтаст хэрэгт авагдсан үйл баримтуудаас ямар үйл явдал болсон нь тодорхой харагдаж байгаа. Шүүгдэгч Г.А   нь эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байхдаа зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлж илрүүлснийхээ дараа зөрчлийн холбогдогч болох хүнээсээ 1,000,000 төгрөг шаардсан ийм л үйл явдал болсон. Т.Ш  зээлдүүлэх үйл ажиллагаа явуулсан зөрчлийн шинжтэй үйл ажиллагаагаа шалгуулахгүй байх хүсэл зоригтой байсан. Үүнийг заавал нотлох баримтаар тогтооно эсвэл өөрөөр нь хүсэл зориг илэрхийлсэн байна гэж дүгнэхэд боломжгүй. Хахууль өгөхийг шаардсан хэрэгт зөвхөн гэмт хэрэг үйлдэж байгаа хүний хүсэл зориг байна гэдгийг анхаарч авч үзэх шаардлагатай. Мөн Т.Ш  анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгсөн. Энэ мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүтэй байна гэж анхан шатны шүүх дүгнэсэн. Гэтэл хэрэгт хамааралтай буюу 1,000,000 төгрөгийг нэхсэн үү, шаардсан уу  гэдгийг л тогтооно. Шүүгдэгч Г.А   нь Т.Ш оос 1,000,000 төгрөгийг шаардсан гэдэг нь 4-н удаагийн өгсөн мэдүүлгээр тогтоогддог. Т.Ш  нь 70-н нас гарсан өндөр настай хүний хувьд асуусан асуултад тухайн үед болсон үйл явдлыг маш дэлгэрэнгүй ярьдаг. Т.Ш  эхний ярьсан мэдүүлгээ дараа нь үг үсэггүй давтаж яриагүй байгаа нь мэдүүлгийн зөрүү гэж үзэх боломжгүй. Мэдүүлэг зөрүүтэй гэдгээр гэмт хэрэг үйлдэгдсэн эсэх нь тогтоогдоогүй байна гэж дүгнэж болохгүй. Т.Ш ын мэдүүлгийг давхар нотолсон баримт байхгүй нь эргэлзээтэй нөхцөл байдлыг үүсгэсэн гэж үзсэн. Гэрчээс хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан. Гэрч Т.Ш  прокурорын газарт 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн гомдол байдаг. Гомдолдоо Г.А   байцаагч надаас 1,000,000 төгрөг нэхээд байна надаас мөнгө нэхсэн учраас энэ хүнээр хэргээ шалгуулмааргүй байна гэсэн агуулгатай гомдлыг гаргасан байдаг. Тухайн үед гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа нь 2024 оны 2 дугаар сарын 27-28-ны өдөр хяналт шалгалт хийх явцдаа 1,000,000 төгрөг өгсөн гэж Т.Ш  мэдүүлсэн. Мөн Ичинхорлоо гэж Т.Ш ын төрсөн хүүхдээс гэрчийн мэдүүлэг авсан нь давхар нотлогдож байгаа. Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дугаартай нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын 1 дэх хэсгийн 1.2-т шүүгдэгчийн гэм буруутайг тогтоохоос бусад нөхцөл байдлыг тодруулах нотлох баримтыг шалгах үнэлэхэд үүссэн эргэлзээг хамруулахгүй гэж тайлбарласан. Анхан шатны шүүх Т.Ш ын мэдүүлэг эргэлзээтэй, давхар нотлогдохгүй байна гэж нотлох баримтыг үнэлж шалгахдаа гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж эргэлзээтэй гэж хамааруулсан тайлбарт зааснаар үгүйсгэгдэж байна. Мөн хэргийг илт үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон. Шүүгдэгч Г.А-ийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэхэд бодит үйл баримтыг тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэргийн байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр, мөн хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тогтооно гэж үүрэг болгосон хэм хэмжээг зөрчсөн.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/54 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Лхааганжав давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжихгүй байна. Хэргийн бодит байдал бол мөнгөн зээлийн үйлчилгээтэй холбоотой хэргээр хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан. 02 дугаар сарын 23-ны хоёр өдөр Засаг даргын удирдамжийн дагуу тодорхой ажлын хэсэг гарсан. Тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Цагдаагийн газар, Статистик, Санхүүгийн зохицуулах хороо, Шударга бус өрсөлдөөнийг зохицуулах газраас хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулсан. Энд ганцхан Т.Ш той холбоотой асуудал биш байсан. Тухайн хяналт шалгалт тодорхой үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүд болон хувь хүн, байгууллагуудад хяналт шалгалтыг явуулсан. Хавтаст хэрэгт авагдсан гэрч Мөнхтогтох, Болорбаатар, Дэнжиндулам Нацагням зэрэг хүмүүсийн мэдүүлэгт тухайн хяналт шалгалтыг Т.Ш  гуайн гэрт нь очиж хяналт шалгалтыг танилцуулж тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүн бүгдээрээ очиж хяналт шалгалтыг хийсэн байдаг. Энэ үйл явдал болсны дараа зохих зөвшөөрөлгүйгээр өөрийн гэртээ барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулж байна гэсэн үндэслэлээр Г.А   торгуулийн шийтгэл оногдуулсан. Т.Ш  торгуулийн шийтгэлийг эс зөвшөөрч Захиргааны хэргийн шүүхэд хандсан байдаг. Захиргааны хэргийн шүүхээс гомдлыг хүчингүй болгосон. Үүнтэй холбоотойгоор Т.Ш ын зүгээс Г.А   надаас 1,000,000 төгрөгийг 2024 оны 02 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд нэхсэн гэдэг. Энэ өдөр Г.А   болон ажлын хэсгийн бүрэлдэхүүн хяналт шалгалт хийсэн асуудал байхгүй. Харин 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хяналт шалгалт хийж Т.Ш ын гэрт орсон байдаг. Прокурорын зүгээс ярихдаа гэрчүүдийн мэдүүлгээр үйл баримт нотлогдон тогтоогдож байгаа гэж хэлдэг. Гэтэл гэрчийн мэдүүлгүүд зөрүүтэй байдаг. Энхжаргал мэдүүлэг өгөхдөө шударга өрсөлдөөний залуу гэсэн байдаг. Залуу гэж эрэгтэй хүнийг л хэлж байгаа ойлголт юм. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийг хэн үйлдсэн нь тодорхой байх ёстой. Гэрч Ичинхорлоо ээжийнхээ мэдүүлэгтэй уялдуулаад 2024 оны 02 дугаар сарын 27, 28-ны үед манай ээжийн барьцаалан зээлдүүлэх төв дээр нь биш гэрт нь хяналт шалгалт хийж хийсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байдаг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд тухайн гарсан нөхцөл байдлыг тодорхой мэдэх хүнийг л гэрч гэж хэлдэг. Хяналт шалгалт хийж хууль зөрчсөн үйлдэлд нь торгууль ноогдуулсных нь төлөө охинтойгоо нийлж бусдыг гүтгэсэн байна. Орчин цагт техник технологи өндөр хөгжиж байгаа үед  Г.А   мөнгө нэхсэн бол бичлэг хийх эсвэл тухайн ярианыхаа дуудлагаа хадгалж нотлох баримтаар бэхжүүлэх байх гэж бодож байна. Прокурор сая Т.Ш  гуай 70 нас гарсан хэдий ч бусдын үйл явдлыг сайн баримттайгаар хэлж чаддаг хүн гэж яриад байгаа. Г.А  ийг хахууль авч 1,000,000 төгрөг нэхсэн гэх үйлдлийг ээж, охин хоёрын мэдүүлгээр л нотлогдож байна. Гэвч хэрэгт авагдсан нөхцөл байдал нотлох баримтуудын хүрээнд гэмт хэрэг гарсан байдал, гэмт гэмт хэргийг хэзээ хаана яаж үйлдсэн, хэн үйлдсэн гэдгийг хэлж чадахгүй байгаа. Г.А  гэдэг залуу л гэж яригддаг залуу гэж эрэгтэй хүнийг хэлнэ. Гэрч Ичинхорлоо нь Т.Ш ын мэдүүлэгтэй уялдуулан мэдүүлэг өгсөн байдаг. Энэ хэрэгт ийм эргэлзээ бүхий нөхцөл байдлууд байгаа учраас анхан шатны шүүхээс цагаатгах тогтоол гарсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг хэзээ хаана үйлдсэн гэмт хэргийг хэн үйлдсэн гэдгийг нотолбол зохих байдлуудыг бүрэн тогтоох ёстой. Гэтэл эдгээр нөхцөл байдлууд бүрэн нотлогдож тогтоогдож чадаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэхээр хуульчилсан. Энэ хэрэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал байхад прокурорын зүгээс өөрөөр тайлбарлаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Г.А  1,000,000 төгрөгийг Т.Ш оос нэхсэн гэх үйл баримт хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд буюу цаг хугацаа, орон зай болон гэрч Ичинхорлоогийн мэдүүлгээр нотлохгүй байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/54 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.А   давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1,000,000 төгрөгийг нэхсэн асуудал байхгүй. Би Т.Ш той 3-н удаа утсаар ярьсан. Эхний удаа тэр хүн өөрөө залгаж ярьсан. Дараагийн удаа намайг залгахад чи манай гэрт прокурорын зөвшөөрөлгүй орсон байна, чи намайг оролдож байна, чи манай гэрт орох ёсгүй, манай хүүхдүүд тагнуулын ерөнхий газарт ажилладаг шүү гэж хэлээд утсаа салгасан. 2024 оны 3 дугаар сарын 14-ний өдөр болсон процессыг би 3 дугаар сарын 13-ны өдөр Т.Ш  гуайтай утсаар яриагүй. Т.Ш  гуай өөр өөр ярьдаг. Эхлээд Г.А  1,000,000 төгрөг өгсөн гэж ярьдаг. Дараа Г.А   надаас зээлсэн эсвэл шаардсан гэж ярьдаг. Зээлэх, шаардах нэхсэн гэдэг чинь өөр өөр агуулгатай. Тэр хүн угаасаа мөнгө зээлүүлдэг хүн байгаа. Яагаад заавал би тэндээс мөнгө зээлэх ёстой гэж. 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр прокурорын зөвшөөрөлтэйгөөр зөрчлийн хэрэг нээсэн. Зөрчлийн хэрэг нээгээд явж байхад маш олон итгэмжлэлээр хүүхдийн халамжийн мөнгийг авдаг үйл баримт тогтоогдсон. Шүүхээр орж эрхээ хасуулсан Отгонжаргал гэдэг эмэгтэй надтай ирж уулзаж гомдол гаргасан. Прокурорын ярьж байгаагаар 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Т.Ш  гуай гомдол гаргасан гэсэн. Миний зөрчлийн торгох хуудсыг 5 дугаар сарын 10-ны өдөр бичсэн. Би амралтын 2 өдрийг хасаж 7 хоногийн дараа Т.Ш  гуай надтай 1,000,000 төгрөг өгсөн авсан гэж яриаг сүүлд мэдсэн. Т.Ш  гуай эгч нь үйл ажиллагаагаа явуулахаа больсон гэж хэлж байсан. Энэ хүн 2 талд өөр өөр зүйлийг яриад явдаг. Ийм хүнээс хэзээ ч би 1,000,000 төгрөг өг гэж нэхэхгүй. Т.Ш  гуай 29-н жил мөнгөн зээлийн үйл ажиллагаа явуулж байгаа. Хэрвээ намайг зээл өгөөч гэж ярьсан бол аль хэдийнээ утасны дугаар тэмдэглэж аваад скрийншот хийж эсвэл микрофон бариад явуулахгүй байсан. Би 3-н удаа Т.Ш  гуайтай уулзахад утсаа бариад бичлэг хийгээд явдаг ийм л хүн байгаа. Прокурорын ярьж байгаагаар Т.Ш  гуай 70-н нас гарсан хүн илүү дутуу юм ярьдаг, буруу зөрүү ярьдаг гэж байна. Гэтэл Т.Ш  гуай дэлгэрэнгүй маш цэгцтэй ярьдаг, иргэний эрх зүйн боловсролтой хүн байгаа. Би Т.Ш  гуайгаас хэзээ ч 1,000,000 төгрөг нэхсэн, шаардсан, зээлсэн агуулгатай нэг ч үг, өгүүлбэр байхгүй. Харин ч эсрэгээрээ би энэ ажлыг хийсэндээ маш их эргэлзэж, маш их дарамт ирж байгаа. Тэгсэн хэдий ч би энд зогсож л байна. Би санхүүгийн боловсролгүй хүмүүсийн эрхийг хамгаалах гэж акт тавьсан. Яагаад энэ талаар ярихгүй мөртлөө ээж охин хоёрын яриагаар ингэж байгаа юм бэ. Т.Ш  гуай манай хүү Авлигатай тэмцэх газар ажилладаг гэж хэлсэн.  Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/54 дүгээр цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, цагаатгах тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хэргийг хянан шийдвэрлэлээ.

Прокурор Б.Буяндалайгаас давж заалдах шатны шүүхэд... шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг шалгаж, хянах болон талуудын мэтгэлцээний явцаас хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, тухайн үйл баримт нь гэмт хэрэг мөн эсэх, шүүгдэгч Г.А   нь гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх байтал ямар ч бодит үйл баримтыг тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэж байгаа нь шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно гэсэн үүрэг болгосон хэм хэмжээг зөрчиж илт үндэслэлгүй шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү... гэх агуулга бүхий эсэргүүцлийг бичжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг шийдвэрлэсэн гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Анхан шатны шүүх Г.А  холбогдох эрүүгийн 2426000000313 дугаартай хэргийг 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авсан байна.

Гэтэл Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг сольж томилсон шийдвэрийг албажуулах тухай 2025/ЕШЗ/64 дүгээр захирамжаар /2 дугаар хавтас, 168/ Г.А  холбогдох эрүүгийн 2426000000329 дугаартай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилжээ.

Эрүүгийн 2426000000329 дугаартай хэргийг хянан шийдвэрлэхээр томилогдсон шүүх бүрэлдэхүүн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Г.А  холбогдох эрүүгийн 2426000000313 дугаартай хэргийг хянан шийдвэрлэж 2025/ШЦТ/54 дүгээр цагаатгах тогтоол гаргасан  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “Энэ зүйлд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг шүүгчдийн зөвлөгөөнөөс тогтоосон журмын дагуу томилно.” гэж заасныг зөрчсөн байна.

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг сольж томилсон шийдвэрийг албажуулах тухай 2025/ЕШЗ/64 дүгээр захирамжид Г.А  холбогдох хэргийн дугаарыг буруу бичсэнийг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй.  

Мөн Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн шүүх бүрэлдэхүүн болон шүүх хуралдаан даргалагчийг томилох тухай шийдвэрийг албажуулах тухай 2025/ЕШЗ/15 дугаар захирамжид Г.А  холбогдох 2426000000329 дугаартай эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнийг томилсон шийдвэрийг албажуулсан байгааг дурдав. 

Иймд Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/54 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А  энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчвөл уг таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл болохыг  тайлбарлахаар хуульчилсан. Гэтэл шүүгчид хуулиар олгогдсон эрх хэмжээг шүүгчийн туслах хэрэгжүүлэхээр шийдвэрлэж байгаа нь буруу /хх 157-158/,

Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай Баримт№1-д иргэний бичиг баримтыг хуулбарлаж эсхүл түүнтэй адилтгах лавлагааг хавсаргахаар байхад яллагдагчийн бичиг баримтыг хавсаргаагүй /хх 159/ зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байгааг дурдах нь зүйтэй байна.

Хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул прокурорын бичсэн эсэргүүцэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй болно.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/54 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

Шүүгдэгч Г.А  энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Л.НЯМДОРЖ

                                        ШҮҮГЧИД                                 Б.ЦЭРЭНПҮРЭВ

                                                                                          Т.ГАНЧИМЭГ