Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 06 өдөр

Дугаар 2025/ДШМ/525

 

  2025             05             06                                      2025/ДШМ/525

 

Б.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Очмандах, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Өнөбат,

шүүгдэгч Б.Д, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, А.Сэлэнгэ, Ц.Энхбаяр,

хохирогч М.Дгийн өмгөөлөгч Ж.Баярмаа,

хохирогч Н.Бын өмгөөлөгч Ө.Учрал,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2309028020318 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

Б.Д, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, “**********” мэргэжилтэй, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Газарчин * дугаар гудамжны ** тоотод оршин суух албан ёсны хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, “********” хороолол, ***-*** тоотод түр оршин суудаг гэх, /РД:**00000000/;

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар 500.000 төгрөгийн эд хөрөнгийг хурааж, 11 жилийн хорих ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 2022/ШЦТ/700 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5000 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 5.000.000 төгрөгийн торгох ялаар,

-Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/813 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Д нь үргэлжилсэн үйлдлээр:

1. **** констракшн ХХК-ийн захирлаар ажилладаг хэмээн өөрийгөө иргэн Х.М.Дд танилцуулж “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн нутаг дэвсгэрт 220м2 талбай бүхий 1 айлын орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж өгнө” гэж итгүүлэн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулж, мөн өдөр 75.000.000 төгрөгийг **** констракшн ХХК эзэмшигчтэй Худалдаа хөгжлийн банкны 417102486 тоот дансаар шилжүүлэн авч бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 75.000.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол,

2. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул 2” худалдааны төвд махны худалдаа эрхэлдэг иргэн Л.Раас 1.615.950 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг үхрийн мах, 868.580 төгрөгийн үнэ бүхий хонины 5 ширхэг гулууз махыг “ажилчдын хоол бэлдэнэ” гэж шилжүүлэн авч хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нийт 2.484.530 төгрөгийн хохирол,

3. 2021 оны 08 дугаар сард иргэн Г.Бд “Канад улсын виз гаргаж өгнө”, “Ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 800 ам.доллар /2.278.800 төгрөг/, 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1800 ам.доллар /5.127.516 төгрөг/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10.200 ам.доллар /29.054.190 төгрөг/, мөн өдөр 1800 ам.доллар /5.127.210 төгрөг/ буюу нийт 14.600 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 41.587.716 төгрөг /бэлнээр/ Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах багшийн дээдийн автобусны буудал орчим 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 830.000 төгрөгийг бэлнээр, мөн өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ байхад нь О.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 5516013791 тоот дансаар 500.000 төгрөг буюу тухайн өдөр нийт 1.330.000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлэн авч хохирогч Г.Бд 42.917.716 төгрөгийн хохирол,

4. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Н.Бд “барилгын зураг төслийн ажил олж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, хохирогч Н.Быг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Академи хотхоны 34а байрны 2401 тоотод байхад нь 15.000.000 төгрөгийг “*****” ХХК-ийн эзэмшлийн 417031635 тоот дансаар шилжүүлэн авч 15.000.000 төгрөгийн хохирол,

5. Хохирогч Н.Эыг “төрийн албаны шалгалтад тэнцүүлж өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Даар дамжуулан О.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 5516013791 тоот дансаар шилжүүлэн авч нийт 4.000.000 төгрөгийн хохирол,

6. “Аоа” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ит шүүхийн шийдвэрийн дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-иас бүтээгдэхүүн авахаар болсон, 275 тонн арматур төмөр нийлүүлнэ” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аоа” ХХК-ний ажлын байран дээр “Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” тухай 23/0629 дугаартай гэрээг байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт хохирогч А.Иээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Д Г” ХХК эзэмшигчтэй Капитрон банкны 3022063952 тоот дансаар 5.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр О.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5516013791 тоот дансаар 10.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Д Г” ХХК эзэмшигчтэй Капитрон банкны 3022063952 тоот дансаар 12.500.000 төгрөг буюу нийт 32.500.000 төгрөгийн хохирол,

7. Иргэн Б.Бид “тендер авч өгнө” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөгийг бэлнээр, мөн өдөр Б.О эзэмшигчтэй “Хаан” банкны 5077129939 тоот дансаар 1.120.000 төгрөг, мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэртээ байхад нь түүнд “хүнтэй уулзахад мөнгө хэрэгтэй байна” хэмээн О.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 1516013791 тоот дансаар 500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөн дансаар 600.000 төгрөг тус тус авч, нийт 11.220.000 төгрөгийн хохирол,

8. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эт “манай хуурай ах төмөр замын удирдах газарт боломжийн албан тушаал дээр ажилладаг, вагон явуулж өгөх эрх мэдэлтэй, 5-10 сая төгрөгийн урьдчилгаа өгөх юм бол захиалга чинь баталгаажаад 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд вагон явуулчихна” хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүнээс 5.000.000 төгрөгийг “Ш” ХХК эзэмшигчтэй Голомт банкны 1415103206 тоот дансаар, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “та урьдчилгаагаа нэмээд өгөх юм бол ер нь бүтэх гээд байна, баталгаатай болно, өөр хүмүүс илүү мөнгө өгөөд урдуур чинь дайрах гээд байна” хэмээн дахин 5.000.000 төгрөгийг О.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 5516013791 тоот дансаар дамжуулан тус тус шилжүүлэн авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг үйлдэж, бусдад нийт 193.122.246 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Дг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Дг Эруүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дд энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/813 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 3 сар 19 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 4 жил 9 сар 19 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн энэ хэрэгт 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон болон 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрөөс 05-ны өдөр хүртэл сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан хоног болох нийт цагдан хоригдсон 294 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгээс нийт 193.122.246 төгрөгийг гаргуулан хохирогч Х.М.Дд 75.000.000 төгрөг, Л.Рт 2.484.530 төгрөг, Г.Бд 42.917.716 төгрөг, Н.Бд 15.000.000 төгрөг, Н.Эад 4.000.000 төгрөг, А.Ит 32.500.000 төгрөг, Б.Бид 11.220.000 төгрөг, Б.Эт 10.000.000 төгрөгийг тус тус олгуулж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй ба хэрэгт хавсаргаж ирүүлсэн 5 ширхэг “Сиди”-ийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Д давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…1. Дээрх шүүхэд хянан хэлэлцүүлэхээр шилжүүлсэн хавтаст хэргүүдэд нэгээс бусад дээр надаас огт мэдүүлэг аваагүй бөгөөд намайг хуульд заасан эрхийн хүрээнд мэдүүлэг өгөх боломжоор хангаагүй юм.

Учир нь, миний бие хэргийн үйл баримтын талаар мөрдөгч, прокурортой ярилцаж, нотлох баримтууд шалгуулж, энэ хэрэг гэж томъёолоод буй асуудлуудад оролцож, ял завшин үлдсэн бусад этгээдүүдийг нэрлэж, хохирогчийн анхны санаа зорилгыг илчилж, үнэн зөвөөр мэдүүлэг өгч, мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг хийлгэж, өөрийн цагаатгах нотлох баримтуудыг бэхжүүлэхийг хүссэн хүсэлтээ илэрхийлсэн боловч намайг 2024 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Говьсүмбэр аймаг дахь нээлттэй хорих 0425 дугаар ангиас Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөгч н.Мөнхбат цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид шүүхийн захирамжийн дагуу авчирсанаас хойш шүүхэд шилжих хүртэл хугацаанд буюу 2024 оны 11 дүгээр сар хүртэл тус мөрдөгч надтай 4 удаа, прокурор Г.Баярмаа нь 14 хоногт нэг удаа цахимаар уулзсан.

Цагдан хорих байранд 4 удаа ирж уулзсаны нэг нь мэдүүлэг авахаар цахим уулзалтаар ярилцаж тохирсны дагуу прокурор, мөрдөгчийн хамт ирсэн боловч өмгөөлөгчийн маань шүүх хурал давхацсан байсан бөгөөд өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөхөө илэрхийлтэл өмгөөлөгчгүйгээр мэдүүлэг авах хуулийн үндэслэлийг тайлбарлаж, шүүгдэгч надаас өөрийнхөө эсрэг мэдүүлэг гаргуулахаар шаардаж, шахалт үзүүлж, гэм буруутай гэж хүлээхийг тулган шаардаж, “хэрвээ гэм буруугаа хүлээвэл яллах үед сонсгох ялыг бодолцож үзнэ” хэмээн амлаж, хэргийг дахин хугацаа сунгахын тулд нийслэлийн прокурорт хянуулж зөвшөөрөл авах болчихоод байна, тиймээс өөрөөс чинь мэдүүлэг аваад шүүхэд шилжүүлнэ” гэсэн нь миний өгсөн мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжлүүлэн хийхгүй гэдэг нь нэгэнт тодорхой байсан тул миний бие мэдүүлэг өгөхөөс эрс татгалзсан.

Гэтэл сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч мэдүүлэг өгөх нь хэргийн нөхцөл байдлыг тогтооход чухал ач холбогдолтой боловч нөгөө талаас өөрийгөө өмгөөлөх, хамгаалах Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар олгогдсон боломж, эрх, эрхийн хэрэгжилт байтал мөрдөгч, прокурор нь яллагдагч, шүүгдэгч намайг мэдүүлэг өгөх үүрэгтэй мэтээр миний эрхэд халдсан тул миний мэдүүлэг өгөх эрх ноцтой зөрчигдсөн бөгөөд яллагдагч, шүүгдэгч нь хэргийн оролцогчийн хувьд хэргийн үйл баримтын тодорхой дараалал, гэмт хэрэг мөн гэж үзвэл хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл байдлаар хэн нэгнийхээ эрхшээлд нь байдаг эсэх, хувийн ашиг сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохих шаардлагатай байтал хяналтын прокурор Г.Баярмаа нь хуулийн дээрх чухал зорилт, амин чанарыг орхигдуулж, намайг учир битүүлгээр байцаах, мэдүүлэг өгөхийг шаардах явдал гаргаснаар:

2. Яллах дүгнэлт танилцуулах үед “бүхэлд нь зөвшөөрөхгүй, гарын үсэг зурахгүй” гэснийг гардаж авахгүй гэсэн мэтээр гуйвуулж тайлбарлан, яллах дүгнэлт гардуулаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүсэлт, гомдлуудаа гаргаж чадаагүй, ямар хэрэгт яллуулж байгаагаа мэдэхгүйгээр шүүх хуралдаанд оролцсон, хэрэг хэзээ шүүхэд шилжиж очсон, шүүх хэргийг хүлээж авсан эсэх, урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах эсэхийг шийдэхэд шүүгдэгчийн хувьд тодорхойгүй, хязгаарлагдмал нөхцөл байдал үүсгэж, эрхийг ноцтойгоор зөрчсөн,

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг өгөөгүй тул өөрийн мэдүүлгийг үнэлүүлэхийн тулд хавтаст хэрэгтээ танилцах боломжоосоо татгалзсан нь прокурор, мөрдөгчийн үүсгэсэн хязгаарлагдмал, тодорхойгүй нөхцөл байдалтай холбоотой бөгөөд хэрэв хавтаст хэрэгтээ танилцсаны дараа шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөд түүнийг үнэн гэж хүлээж авахад, дүгнэхэд эргэлзээтэй нөхцөл байдал үүснэ гэж ойлгогдож байх тул шүүх хуралдаанд санаа сэдэлт, хөнгөрүүлэх, цагаатгах нөхцөл байдлыг мэдүүлж хэрэгт авагдсан нотлох баримтын талаар өөрийн дүгнэлт, няцаалтыг хэлэх, бусад оролцогч нарын оролцоог илчлэх боломжтой тул яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээс илүү өргөн хүрээний мэдээллийг агуулах боломжтой бөгөөд яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг нь анхдагч нотлох баримт болдог онцлогтой тул түүнийг үндэслэн мөрдөгч өөрийн эзэмшсэн тусгай мэдлэгийн хүрээнд эсвэл тусгай мэдлэг эзэмшсэн мэргэжилтнээр хэргийн оролцогч нарын мэдүүлэгт дурдагдсан нөхцөл байдлуудыг тал бүрээс нь судлан шалгаж, шаардлагатай бол нүүрэлдүүлэн байцаах зэрэг зайлшгүй хийх ёстой мөрдөн шалгах ажиллагаануудыг мэдүүлэгт дурдсанаар шалгаж хохирогч, гэрч, яллагдагч нарын мэдүүлгүүдийн зөрүүг гаргаж, хөдлөшгүй нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдож, нотлогдсон мэдүүлгийг нотлох баримтаар тооцож яллах болон цагаатгах нөхцөл байдлыг ижил хэмжээнд үнэлэн хэргийг боох ёстой гэж ойлгогдож байна.

Мөн гэрч, хохирогч хэт хэтрүүлэггүй үнэн зөв мэдүүлж байгаа эсэх, эсвэл өөрийн үйлдсэн, үйлдэхээр сэдсэн, өөртөө ашигтай давуу байдал бий болгож буй эсэхийг, гэрч хохирогч нар хоорондоо садан төрлийн, найз нөхдийн гэх мэт харилцаатай эсэх, тэр бүү хэл гэрч, хохирогч санхүүгийн болон бусад өгөх мэдүүлгээ үнэ цэнэтэй байлгахын тулд хавтаст хэрэгтээ танилцахгүй, эрхээсээ татгалзахаас өөр арга надад байсангүй.

4. Миний өмгөөлөгч нар прокурорын шатанд надад холбогдуулж үйлдсэн яллагдагчаар татсан тогтоолын хуулбарыг авахыг хүсэхэд хувь хүний нууц гээд гаргаж өгөхөөс татгалзсан тохиолдол мөн гарсан.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн тогтоох ажиллагаа зөвхөн нотлох баримтад үндэслэнэ. Шүүх эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бүх талаас нь шинжлэх, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм бурууг тогтоохдоо мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан анхдагч болон дамжмал, яллах болон цагаатгах, шууд болон шууд бус бүхий л нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгээр шинжлэн нэг бүрчлэн судалсаны үндсэн дээр хэнээс ч хараат бусаар шийдвэрлэдэг ажээ.

Гэтэл миний бие дээр дурдсанчлан ямар ч мэдүүлэг өгөөгүй, яллах дүгнэлтгүй, хавтаст хэрэгтээ танилцаагүйгээр ямар хэрэгт буруутгагдаж байгаагаа бүрэн мэдэхгүй, зөвхөн өмгөөлөгч нарынхаа өгч буй мэдээллээр мэтгэлцэх ямар ч боломжгүй хязгаарлагдмал нөхцөл байдалд хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй хавтаст хэрэгт цуглуулсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын бүрдүүлбэр хууль бус, нотлох баримтын хүрэлцэхүйц байдал бүрдээгүй, урьдчилсан нөхцөл хангагдаагүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох, нотлох баримтын нотолгооны стандарт зөрчигдсөн, гэрч, хохирогч нар хоорондоо ойр дотно харилцаатай, бие биенээсээ харилцан хамааралтай этгээдүүд нэгдмэл зорилготой мэдүүлэг өгсөн гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг эрс зөрүүтэй, нэг үйл баримтын талаарх мэдүүлгүүд маш их ялгамжтай, зарим нэр бүхий гэрчүүдийн мэдүүлгийг үнэн гэж үнэлэх боломжгүй нөхцөл байдал үүссэн буюу гэрч Э.Дыг худал мэдүүлсэн гэх хэд хэдэн үндэслэлээр Улсын ерөнхий прокурорын газрын шүүхэд төрийг төлөөлөх хэлтэс, Баянгол дүүргийн прокурорын газрын 02 дугаартай “шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянуулахаар хэрэг үүсгэх тухай” тогтоол, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 1208 тоот Баянгол дүүргийн прокурорын газрын хариу мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн мэдэгдэл байхад хэрэг гэх зүйлийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөлд шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх бүрэлдэхүүн шийдвэр гаргасан нь буруу гэж үзэж байна.

6. Шүүхийн шатанд урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах тухай хүсэлтээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр ангийн захиргаагаар дамжуулан 2024 оны 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн шүүхэд гаргасан боловч хууль бус үндэслэлээр урьдчилсан хэлэлцүүлэг явуулаагүй бөгөөд тус шүүхийн шүүгч н.Алдар миний хүсэлтийг шүүхэд ирээгүй байх тул шууд гэм буруугийн хурал товлосон гэж 2024 оны 12 дугаар сарын 20-ны өдөр товлогдоод хойшилсон шүүх хуралдаан дээр хэлсэн боловч орой цагдан хорих ангид ирмэгц тус шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2352 тоот хариу ирүүлсэн. /хавсаргав/

Хууль бус үндэслэлээр, надаас хамаарахгүй нөхцөл байдлаас болж урьдчилсан хэлэлцүүлэг хийлгүй эрхийг минь зөрчин, шууд гэм буруугийн хурлыг товлосон.

7. 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 482 дугаар шийтгэх тогтоолд миний шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгийн 10 хүрэхгүй нь тусгагдсан байна. Мөн миний мэдүүлгийн утгыг алдагдуулж, ямар ч хүн уншсан ойлгохгүй нөхцөл байдал үүссэн байна. Би өөрийнхөө мэдүүлгийг уншаад өөрөө ч ойлгохгүй болтол найруулга зүй, үгийн болон өгүүлбэрийн утга санааг өөрчилж буулган миний мэдүүлгийн үнэ цэнийг байхгүй болгосон.

Тухайн өдрийн шүүх хуралдаан өглөөний 10 цагаас эхлэн дундаа 15 минут, 30 минутын хоёр удаагийн завсарлагатайгаар оройн 18 цаг 30 минут хүртэл үргэлжилж, миний бие бүтэн хоёр цагийн турш мэдүүлэг өгч, асуултанд хариулсан байдаг. Гэтэл ямар ч утга агуулгагүй, ойлгомжгүй болгож буулгасан 10 хүрэхгүй хувийн мэдүүлэг шийтгэх тогтоолд бичигдсэнийг уншлаа. Иймд шийтгэх тогтоол стандартын дагуу бичигдээгүй, хууль зүйн чадамжгүй байна.

Хамгийн гол нь мэдүүлэг хэсэгт дурдсан хэргийн оролцогчийн нэрс, байгууллагын нэр, тендерийн нэр, миний нэрлэн заасан хүмүүс, хэргийн үйл баримтын талаарх мэдээлэл огт дурдагдаагүй байхыг анхаарч үзнэ үү.

8. Энэ хэрэгт хоорондоо харилцан хамаарал хамгийн багатай гэрч Б.Наранчулуун, Н.О нар худлаа мэдүүлгийг зориудаар өгчээ. Гэрч Б.Наранчулуун нь 2016-2020 онд Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, дүүргийн засаг даргын орлогчоор ажиллаж байсан бөгөөд энэ нөхцөл байдлаараа Н.Одончимэгээр далимдуулан “Э Г” ХХК-ийн захирал Н.Бтай холбогдож 2020 онд зарлагдсан Баянзүрх дүүргийн Ахмадын өргөөний зураг төслийг боловсруулах ажилд буюу зөвлөх тендерт оролцуулж манай “*****” ХХК-ийн дансаар “Э Г” ХХК-иас орж ирсэн мөнгөнөөс дансаараа шилжүүлж авсан атлаа хавтаст хэрэгт байх шийтгэх тогтоолд дурдагдсан мэдүүлэг нь худал байна.

Энэ мэтчилэн гэрчүүд худал мэдүүлсэн Ч.Түмэнбаяр, н.Жаргалсайхан, Б.Наранчулуун гэх мэт хүмүүс гэрч болж хувирсан. Э.Д, Т.Б, н.Б.Б зэрэг хүмүүс өөрсдөдөө ашигтай байдал бий болгож, гэмт хэрэгт холбогдохгүйн тулд санаатайгаар удаа дараа худал мэдүүлэг өгсөн нь тэдний мэдүүлгийг нягтлаагүй нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох, нотлох баримтын нотолгооны стандарт зөрчигдсөн нь хэрэг гэх зүйлийн үйл баримтын үнэн зөвийг бодитой тогтооход, түүнд хууль зүйн дүгнэлт хийхэд, гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэг, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.8 дахь хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтууд зөрчигдөж, оролцогчийн эрхийг хангаагүйгээр бусад хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн байсныг арилгахгүйгээр шүүхийн шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү…

...Дээр дурдсан үйлдлүүдийг би хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би зохиомол байдлыг зориудаар бий болгож залилан мэхэлсэн үйлдлүүд хийгээгүй. Мөн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийтгүүлэхэд эдгээр зүйлүүд дээр цагдаа болон прокурор дээр яллагдагчаар татсан тогтоол үйлдсэн байхад энэ асуудлыг анхан шатны шүүхээс нэгтгэж өгөөгүй. Хоёрдугаарт, намайг дуудлагаар авчираад бүтэн жилийн хугацаанд цагдан хорьж байгаа хэр нь надаас нэг ч удаа тайлбар, мэдүүлэг аваагүй. Надаас мэдүүлэг, тайлбар авч, миний өгөх нотлох баримтуудыг шалгаж, миний өгөх хүмүүсийн мэдүүлгийг шалгаж, нотолж хөдөлбөргүй нотлох ёстой баримтуудаа цуглуулаагүй атлаа хэргийг шүүхэд шилжүүлж миний эрх зүйн байдлыг дордуулсан. Жишээлбэл, би н.Одончимэг гэх хүнийг танихгүй. Э.Д гэх хүн өмнө нь хохирогчоор орж ирсэн. 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн шийтгэх тогтоолыг Баянгол дүүргийн прокурорын газрын 02 дугаартай “шинээр илэрсэн нөхцөл байдлаар шүүхийн шийтгэх тогтоолыг дахин хянуулахаар хэрэг үүсгэх тухай” тогтоолоор шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Хавтаст хэрэгт Баянгол дүүргийн прокурор н.Мөнх-Одын 2024 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр өгсөн хариу мэдэгдэх хуудас авагдсан. Үүний дагуу 02 тоот тогтоол гараад Баянгол дүүргийн цагдаагийн газарт шалгагдаж байгаа. Мөн би Б.Бүтээмж гэх хүнийг танихгүй. н.Болортуяа гэх хүн миний нэрийг барьж мөнгө авчихсан. “Максимал” ХХК-тай хийсэн гэрээ нь авлига өгсөн гэрээ юм. Тендерт оролцсон компаниуд нь хоорондоо хамтарч оролцох гээд мөнгийг нь аваад цааш нь н.Жаргалсайхан, н.Түмэнбаяр нараас дамжуулж өгсөн асуудлууд байгаа. Цаана нь өөр хүмүүс ял завшчихсан. Ер нь хувийн компанийн захирлууд ашиг олъё гээд тухайн цаг хугацаанд хоорондоо ярьж сууж байгаад ажиллагаа хийсэн. Би А3 сертификаттай тендерт явдаг байсан бөгөөд давуу байдлаа ашиглая, та наанаа байгаа мэдээллээрээ хэн, хэндээ байгаа нөөц бололцоогоороо ашиг олъё гэсэн зорилготой байсан. Гэтэл Б.Д гэх хүн ял аваад явахаар сэтгэл дундуур үлдсэн нөхөд нь бүгдээрээ Б.Д намайг залилчихлаа гэж мэдүүлэг өгөөд өөрсдийнхөө анхны гэмт хэргийн сэдлийг нуун дарагдуулж, худал мэдүүлэг өгч, намайг залилан мэхэлсэн үйлдэлд унагаачихаад байгаа юм. Дээр дурдсан компаниуд бүгд “Д Г” ХХК-ийн эзэмшлийн компаниуд мөн, би “Д Г” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг. “*****” ХХК барилгын тусгай зөвшөөрөлтэй, “*********” ХХК барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй, “Ш” ХХК харуул хамгаалалтын тусгай зөвшөөрөлтэй юм. Би Л.Р гэх хүний танихгүй. Манай компани 2017-2020 оны хооронд БНХАУ руу дулаан аргаар боловсруулсан мах экспортолж байсан. Тухайн үед “Ковид-19” цар тахлын нөхцөл байдал бий болсон. Тухайн үеийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан махны компани, тээврийн компаниудыг яаманд цуглуулж урагшаа махаа явуул гээд хилийн ачаалал үүсэж, манай 10 машин мах яваад 5 машин мах буцаж ирсэн бөгөөд өнөөдрийг хүртэл агуулахад хадгалагдаж байгаа. Тэгээд мах, махан бүтээгдэхүүн нийлүүлж, экспортолж байгаа компаниуд 10 хувиа бодлогын гэрээний дагуу шуурхай штабт нийлүүл, үгүй бол үнэ тогтворжуулах нөхцөлтэйгөөр нөөцийн мах нийлүүл гэсэн юм. Манай компани шуурхай штабт ажиллаж байгаа алба хаагчдын махыг нийлүүлэхээр болоод махаа нийлүүлсэн. Хэрэв мөрдөн шалгах ажиллагааны явцад надаас мэдүүлэг авч, манай компанийн Худалдаа хөгжлийн банкны 499260744 тоот дансны хуулгыг аваад шалгасан бол Монгол Улсын шуурхай штабын ажилчдаас орж ирж байсан махны үнэ харагдана. Мөн шуурхай штабаас бичиг авсан гэх зүйл анхан шатны шүүх хуралдаан дээр ярьдаг. Энэ нь авах ёстой байгууллагаа андуураад явуулчихсан асуудал байгаа. Хуульд зааснаар бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг аваад яллах, цагаатгах, хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой байтал зөвхөн хэдэн хүний мэдүүлгээр байцаадаг ажлаа хийгээд мөрддөг ажлаа хийхгүйгээр, цагдан хоригдож байгаа миний эрх зүйн байдлыг дордуулж нотлох баримт гаргуулах, тайлбар мэдүүлэг авах боломжоор прокурор нь санаатай юм уу, санамсаргүй юм уу үйлдлээр хязгаарлаж байгаад намайг шүүхээр шилжүүлж ял шийтгүүлсэн. Миний эрх зүйн байдал дордож 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн байсан. Хэрэв тухайн үед 1 жилийн хугацаа оруулаад шалгуулсан бол өнөөдөр миний эрх зүйн байдал өөр болоод явчихаар байлаа. н.Болортуяа, Э.Д, н.Одончимэг, Б.Б нарын асуудлыг би мэдэхгүй. Мөн н.Эрхэмбаяртай гэрээт харуул хамгаалалтын үйлчилгээ үзүүлдэг ажил хийсэн болохоос Улаанбаатар төмөр замын вагоны талаар яриагүй. Хохирогч гэх Н.Эыг танихгүй. Хан-Уул дүүргийн цагдаагийн газар байцаалт өгөх гэж очихдоо нэг харсан, сүүлд анхан шатны шүүх хуралдаан дээр танилцсан. Би яагаад эхнэрийнхээ дансаар мөнгө авсан гэхээр өөрийнхөө хууль ёсоор авах ёстой өрийг буцааж авч байгаа учраас Э.Даас 23 цагт мөнгөө нэхэж авсан. Гэтэл Э.Д нь Н.Эад тэгж хэлээд авчихсан байдаг. Тэгээд Дашка гэсэн дугаараас мессежээр харилцсан гэж ярьдаг. Энэ дугаар нь миний дугаар мөн эсэхийг хэн ч тогтоогоогүй. Ер нь намайг цагаатгах, эдгээр хүмүүсийн үнэн, худал ярьж байгааг тогтоолгүйгээр энэ хүн ял эдэлж байгаа учраас тийм л байна гэсэн дээр дурдсан зүйлүүдийг хараад явуулчихсан. Би хувийн компанийн захирал, Монгол Улсад татвар төлж ажлын байр бий болгоод өөрөө өөрийгөө авч явж байгаа жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч юм. “Максимал” ХХК-ийн захирал Н.Б, М.Д нартай тендерт оролцох талаар ярилцаж байгаад явсан. Манай ажилтан Лушаагийн Цэцэгжаргал гэх хүнээр дамжуулж танилцсан. Өөрсдийн авлига өгөх гэж байсан сэдлийг нуун дарагдуулж надаар барилгын ажил гүйцэтгүүлнэ гэж хийсэн гэрээгээ бариад сууж байгаа юм. Бодит байдалд тэднийхээс 75.000.000 төгрөг, “Д Г” ХХК-иас 45.000.000 төгрөг гараад нийт 130.000.000 төгрөгийг н.Түмэнбаяр гэх хүнээр дамжуулаад н.Жаргалсайханд өгөхөд М.Д болон түүний нөхөр Н.Б, зөвлөх инженер н.Баяраа нар байсан. Тиймээс хэргийг прокурорт буцааж, миний хэлээд байгаа зүйлүүдийг шалгаж хөдөлбөргүйгээр тогтоож, намайг гомдолгүй болгож өгнө үү. Мөн Баянзүрх дүүргийн прокурорын газраас прокурор н.Сүхчулуун хоёр долоо хоногийн өмнө ирж уулзсан. 2023 онд өгсөн гомдлыг шалгаж байгаа учраас хэргийг нэгтгэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, үнэн зөвийг тогтоож өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Б.Дгийн цагаадсан болон шийтгүүлсэн хэрэг дээр ажиллаж байсан. Одоо энэ хэрэгт үнэ төлбөргүй туслалцаа үзүүлж байгаа. Миний үйлчлүүлэгч бие даасан гомдол гаргасан. Өмгөөллийн тухай хуульд өмгөөлөгч өөрийн үйлчлүүлэгчийн эрх ашигт захирагдана гэсэн нэмэлт өөрчлөлт орсон. Би үйлчлүүлэгчийнхээ эрх ашгаас зөрөх хуулиар тогтоосон хязгаарлалт байхгүй. Гэхдээ давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэлд хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь хянах учраас миний үйлчлүүлэгчийн гомдолд дурдсан нөхцөл байдлуудыг хянаж өгнө үү. н.Жаргалсайхан, н.Түмэнбаяр нар хамтарч бизнес хийж байсан эсэх, тодорхой хувиар хөрөнгөө нийлүүлсэн талаар тохиролцсон боловч өмнөх хэрэгт шийтгүүлсний дараа мөнгөө алдлаа гэдэг байдлаар хандсан гэх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар хэрхэн тогтоогдсон бэ гэдэг асуудлыг бид анхан шатны шүүхэд тавьсан. Анхан шатны шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд нотлогдсон байна гэдэг шийдвэр гаргасан. н.Жаргалсайхан, н.Түмэнбаяр нарын хувьд хууль зүйн туслалцаа үзүүлж байх явцад өмгөөлөгчид мэдэгдсэн байдал, бусад нөхцөл байдлаас хамтарч бизнес хийж байгаа гэсэн яриа өгүүлэмжтэй байсныг би өмгөөлөгчийнхөө хувьд мэдэх юм. Гэхдээ би үүнд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүй. Тэгэхээр миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдлын үндэслэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа үйл баримтад гомдлоор нь хязгаарлагдахгүй дүгнэлт хийж өгнө үү” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Сэлэнгэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан саналыг дэмжиж байна. Нэмж хэлэх зүйл байхгүй.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Үйлчлүүлэгчийнхээ гаргасан гомдлыг дэмжиж байна. Өмгөөлөгчийн зүгээс нэмэлт ажиллагаа хийгдэх шаардлагатай байсан гэж үзэж байгаа. Учир нь, М.Д 75.000.000 төгрөгөөр хохирсон гэж байна. Гэтэл М.Дтэй гэрээ байгуулаагүй, “Максимал” ХХК-тай гэрээ байгуулсан. М.Д нь гэрээ байгуулах үедээ “Максимал” ХХК-ийн төлөөлөх эрхтэй этгээд биш байсан. М.Д нь “Максимал” ХХК-ийг тус эрүүгийн хэрэгт тус компанийн итгэмжлэгдсэн буюу хууль ёсны төлөөлөгчөөр итгэмжлэлийн үндсэн дээр төлөөлж байгаа этгээд юм. Гэтэл М.Д хохирогч гээд яваад байдаг. Дансны хуулганы гүйлгээг харахад “Максимал” ХХК ажлын төлбөр” гэсэн агуулгаар мөнгө шилжүүлсэн. Тэгэхээр энэ мөнгө “Максимал” ХХК-ийн мөнгө үү, эсхүл М.Дгийн мөнгө үү гэдгийг шалгах шаардлагатай байсан гэж үзэж байна. Дээрээс нь М.Д нь яагаад хохирогч болсон бэ гэдэг асуудал байгаа. Мөн “Орон сууц бариулах гэрээ”-ний 3 дугаар хуудсанд “нийт 65 м.кв талбайд барина” гээд арагшаа эргүүлэхээр м.кв өөрчлөгдсөн. Өөрөөр хэлбэл, 1 м.кв талбайн үнэ 1.154.000 төгрөгөөр тооцож хийсэн гэрээ харагддаг. 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр барилга барих гэрээг байгуулаад “Максимал” ХХК-иас 75.000.000 төгрөг орж ирдэг бөгөөд ирсэн даруйдаа данснаас гарч н.Түмэнбаяр гэх хүний дансанд орсон. н.Түмэнбаяр тухайн мөнгийг тендер шалгаруулдаг юм уу, н.Жаргалсайханд өгсөн нөхцөл байдал байгаа. Мөрдөн шалгах ажиллагааны шатанд дансны хуулгаар энэ мөнгийг хаашаа орсон гэдгийг тогтоох, мөн н.Түмэнбаярыг гэрчээр асуух боломжтой байсан. Энэ мөнгө гэрээний дагуу орж ирсэн мөнгө үү, гэрээ байгуулагдаад цаана өр авлага яваад байна уу, эсхүл залилах гэмт хэргийн шинжтэй үйлдэл яваад байна уу гэдгийг ялгаж тогтоох бүрэн боломжтой байсан. Мөн махны асуудал байдаг. Өмгөөлөгчийн хувьд иргэн хоорондын мах худалдаж авч байгаа худалдах, худалдан авах гэрээний харилцаа гэж харж байгаа. Учир нь, зах дээр очоод мах худалдаж авсан. Б.Дгийн гаргасан гомдолд “ажилтнууддаа хоол хийж өгнө гэж мах худалдаж авсан” гэж дурдсан байдаг. Хүн дэлгүүрээс юм худалдаж авахдаа худалдагчид би ийм зориулалтаар авч байгаа, худалдаж авч байгаа зориулалтынхаа дагуу ашиглахгүй бол би таныг залилчихлаа гэсэн агуулга худалдах авах гэрээний харилцаанд байдаггүй. Ийм харилцаа байхад Б.Дг мах худалдаж авсан, гэхдээ залилаад аваад явчихлаа гэсэн байдлаар дүгнэсэн. Энэ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлд зааснаар дэлгүүр, захаас мах худалдаж авч байгаа харилцаа байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байгаа. Н.Э, Э.Д гэх 2 хүний асуудал байдаг. Энэ хоёр “Доогий мөнгөө авъя” гэхэд “би боломжгүй, мөнгөгүй байна. Би чиний хараалаас 10 дахин хараал хэлээд байж байна” гэсэн агуулгатай мессеж байдаг. Үүнээс харахад Н.Э нь Э.Дт мөнгөө өгсөн. Харин Э.Д Н.Эаас авсан мөнгөө Б.Дд өрөндөө өгсөн асуудал байгаа. Тэгэхээр Б.Д Н.Эаас “би төрийн албанд шилжүүлж өгье” гэдэг байдлаар огт уулзаагүй, тэгж хэлж мөнгө аваагүй асуудал байхад үүнийг Б.Дг авсан мэтээр эрүүгийн хэрэг үүсгэсэн байна гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Тиймээс эдгээр нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байгаа түл хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах шаардлагатай. Нөгөөтэйгөөр, Баянгол дүүргийн прокурорын газар, Баянгол дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст Э.Дтай холбоотой худал мэдүүлэг өгсөн асуудлаар мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Учир нь, өмнөх ялыг тус хэрэгт нэмж нэгтгэсэн учраас Э.Д худал ярьсан асуудалтай холбоотой гомдол гаргасан. Баянгол дүүргийн прокурорын газраас ахлах прокурор н.Бадамгарав хэрэгт бүртгэлтийн хэрэг нээх 02 тоот тогтоол гаргаж, одоо мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа. Өмгөөлөгчийн зүгээс прокурорын тогтоолын хуулбар авах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээж аваагүй. Дээр дурдсан нөхцөл байдлууд байгаа учраас зарим зүйлийг тодруулах шаардлагатай, зарим хүнээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай. Тэгснээр шүүгдэгчийн эрх зүйн байдал өөрчлөгдөх магадлалтай байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

Хохирогч М.Дгийн өмгөөлөгч Ж.Баярмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дэмжсэн байр суурьтай оролцож байна. “Максимал” ХХК-ийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр М.Д оролцож байгаа бөгөөд итгэмжлэл хавтаст хэрэгт авагдсан гэдгийг дурдах нь зүйтэй. М.Д нь “Максимал” ХХК-ийн хувьцааг эзэмшдэг. “Максимал” ХХК-ийн захирал Н.Б нь М.Дгийн нөхөр буюу нэгдмэл ашиг сонирхолтой гэр бүлийн хүмүүс юм. Тиймээс М.Д хохирогчоор тогтоогдсон нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хохирогч Н.Бын өмгөөлөгч Ө.Учрал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Э Г” ХХК, Н.Бын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, түүний өмгөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд болон анхан шатны шүүх хуралдаанд оролцсон. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Прокурор Б.Өнөбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Б.Дгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын хууль зүйн үндэслэлийг дүгнэвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Б.Д дараах үйл баримтууд дээр маргаж байна. Г.Б залилуулсан үйлдлийн тухайд гэрч, хохирогч нарын мэдүүлэг, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, гэрчийн мэдүүлэг болох Г.Бы эхнэрийн мэдүүлэг, Г.Бы өөрийн мэдүүлэгтээ тохирсон. Мөн Н.Эыг танихгүй, түүнийг Э.Д залилчихаад энэ үйлдлээ надад өгч байна гэсэн агуулгатай гомдол гаргасан. Гэвч Э.Д нь Н.Эын ярьдаг төрийн албаны шалгалтад тэнцүүлж өгнө гэсэн асуудал дээр өөрөө хүртэл 1.000.000 төгрөг нэмж шилжүүлсэн. Мөн Э.Д нь Б.Дд залилуулсан талаараа тусад нь шалгагдаж байгаа гэж дурдсан байна. Б.Д буюу хохирсон байгаа хүн өөр бусад хүнийг залилаад түүний гаргасан гомдолд дурдсан үндэслэл бүхий нөхцөл байдлыг үүсгэх боломжгүй юм. Энэ нь логикийн алдаатай, зөрчилтэй гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой, өөр хоорондоо таарч байгаа эсэхийг нягт нямбай шалгаж дүгнэн шийтгэх тогтоол гаргасан. Иймд шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан байх тул хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

1. “*********” ХХК-ийн захирлаар ажилладаг хэмээн өөрийгөө иргэн Х.М.Дд танилцуулж “Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо, Сэлбийн нутаг дэвсгэрт 220м2 талбай бүхий 1 айлын орон сууцыг 2023 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн мөн оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хооронд хийж гүйцэтгэж өгнө” гэж итгүүлэн 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр “Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ”-г Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байгуулж, мөн өдөр 75.000.000 төгрөгийг **** констракшн ХХК эзэмшигчтэй Худалдаа хөгжлийн банкны 417102486 тоот дансаар шилжүүлэн авсан болох нь:

хохирогч М.Дгийн “…миний бие 2023 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Наран дэлгүүрийн 5 давхарт Б.Д болон жолооч Дүгэрсүрэн, манай нөхөр Ц.Н.Б бид 4 уулзаад зуслангийн газар дээрээ 2 хаус бариулахаар гэрээ хийж урьдчилгаа 75.000.000 төгрөгийг өөрийн Хас банкны 5001626237 тоот данснаас Б.Дгийн “*********” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 417102486 тоот дансруу шилжүүлсэн. …” /1хх 92, 5хх 107/,

гэрч Ц.Н.Бын “…Наран моллын 5 давхарт байрлах хоолны газарт намайг сууж байхад Б.Д гэх хүнтэй танилцсан. Тухайн үед надад тусгай зөвшөөрөл болон гэрчилгээний хуулбар үзүүлсэн. Тэгээд би эхнэр М.Дд “ийм өндөр дүнтэй гэрээ учраас нотариатаар баталгаажуулсан дээр” гэсэн. Тэгээд би эхнэр М.Дд итгэмжлэл хийж өгөөд Б.Дтэй гэрээ байгуулсан. …” /5хх 119/ тус тус мэдүүлгүүд,

Барилга угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /1хх 93-103/, “*********” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх 104/, 75.000.000 төгрөг шилжүүлсэн баримт /1хх 109/, “*********” ХХК-ийн эзэмшигчтэй Худалдаа хөгжлийн банкны 417102486 тоот дансны хуулга /1хх 124/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1хх 141-142, 5хх 50-51/, “Максимал” ХХК-ийн захирал Ц.Н.Бын М.Дд эрх олгосон итгэмжлэл /1хх 146/,

2. 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нарантуул 2” худалдааны төвд махны худалдаа эрхэлдэг иргэн Л.Раас 1.615.950 төгрөгийн үнэ бүхий 1 ширхэг үхрийн мах, 868.580 төгрөгийн үнэ бүхий хонины 5 ширхэг гулууз махыг “ажилчдын хоол бэлдэнэ” гэж шилжүүлэн авсан болох нь:

хохирогч Л.Рын “…2021 оны 10 дугаар сарын 21-ний өдөр зах дээр наймаагаа хийгээд байж байсан. Тэгтэл нэг залуу, одоогийн энэ Б.Д гэгч нь надтай 99995472 дугаартай гар утсаараа ярьж байсан. Өглөөний 09 цагийн үед “манай компани махаа авах гэж байгаа юм, тэгээд өдөртөө нэг үхэр, таван хоньны мах байнга авч баймаар байна” гэсэн утгатай зүйл ярьж байсан. Тэгээд тэр өдөртөө эхний махнуудаа авч байсан. Тэр нь 3.070.000 төгрөгийн нэг ширхэг үхэр, таван ширхэг хонины мах авсан юм, …миний зарсан махны мөнгийг өгөхгүй алга болсон тул цагдаагийн байгууллагад хандсан. …” /2хх 89/,

гэрч Б.Ягийн “…2021 оны 10 дугаар сарын 21-ний өглөө Л.Р над руу өглөөний 10 цагийн үед гар утсаараа залгаж ярьж байсан. Нэг ширхэг үхэр, таван ширхэг хоньны махны гарал үүслийн бичиг Нарантуул 2 захын эмчээс аваад наадах хүндээ өгчих гэж хэлж байсан. Тэр хүн нь тэр махыг Л.Раас худалдаж авч байсан танихгүй хоёр залуу тул би түүний хэлсэн ёсоор нь нөгөө бичгийг нь захаас аваад нөгөө хоёр залууд өгөөд явуулсан” /2хх 92/ тус тус мэдүүлгүүд,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /2хх 109-112/,

3. 2021 оны 08 дугаар сард иргэн Г.Бд “Канад улсын виз гаргаж өгнө”, “Ногоон паспорт гаргаж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон түүнээс Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байхдаа 2021 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 800 ам.доллар /2.278.800 төгрөг/, 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1800 ам.доллар /5.127.516 төгрөг/, 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 10.200 ам.доллар /29.054.190 төгрөг/, мөн өдөр 1800 ам.доллар /5.127.210 төгрөг/ буюу нийт 14.600 ам.доллар /тухайн үеийн Монгол банкны ханшаар 41.587.716 төгрөг /бэлнээр/, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах багшийн дээдийн автобусны буудал орчим 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр 830.000 төгрөгийг бэлнээр, мөн өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ байхад нь О.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 5516013791 тоот дансаар 500.000 төгрөг буюу тухайн өдөр нийт 1.330.000 төгрөгийг бэлнээр тус тус шилжүүлэн авч, хохирогч Г.Бд 42.917.716 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Г.Бы “…Б.Д хамгийн анх 2021 оны 08 дугаар сарын 20-нд 800 ам.долларыг гадаад явдлын яамны хүнд өгнө гэж хэлээд хүнсний 50 дугаар дэлгүүрийн урд талд зам дээр машин дотроо авсан. Тэгээд дараа нь 2021 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр 1800 ам.доллар хэрэгтэй байна, баталгааны мөнгө хийнэ гэж хэлээд бас 50 дугаар дэлгүүрийн ойр орчимд авсан. Дараа нь 10.200 ам.долларыг 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэр бүлээрээ явах бол нэг хүнийх нь 5000-6000 ам.доллар болдог гэж байна, таныг гадаад явдлын яамны ажилтан гэдэг утгаар явуулж байгаа учраас ингэж хямдхан явуулж байна гэж хэлээд 50 дугаар дэлгүүрийн орчимд авсан. Тэгээд удалгүй 2021 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 1800 ам.долларыг нөгөө хүн маань ажлаа аваад удаагүй болохоор сайн мэдэхгүй байна, одоо ингээд таны өгөх мөнгө яг болсон гэж хэлээд 50 дугаар дэлгүүрийн орчим надаас авсан. 2022 оны 03 дугаар сарын 08-ны орой над руу залгаад та гадаад яамны ажилтны шугамаар виз мэдүүлж байгаа болохоор ногоон паспорттой байх хэрэгтэй байна, маргааш өглөө гадаад паспортны зураг 1.430.000 төгрөг авчирч өгөх хэрэгтэй байна гэсний дагуу би Б.Дтэй багшийн дээд дээр уулзаад 1.330.000 төгрөгийг өгөхөөр болж тухайн газарт бэлнээр 830.000 төгрөг өгсөн. Хэсэг хугацааны дараа манай эхнэр Гэрэлтуяа нь Б.Дгийн өгсөн эхнэрийнх нь данс руу нь 500.000 төгрөгийг гэрээсээ шилжүүлж байсан. …” /2хх 189-190, 192, 5хх 115/,

гэрч Г.Гэрэлтуяагийн “…нөхөр маань Б.Дтэй холбогдоод хэд хэдэн удаа уулзаад түүнд бичиг баримтынхаа хуулбаруудыг өгсөн. …2021 оны 09 дүгээр сард… 14.000 ам.доллар бэлнээр авсан, …2022 оны 04 дүгээр сард ногоон паспортны мөнгө гээд 1.330.000 төгрөг гэхээр нь мөнгөгүй байсан болохоор 830.000 төгрөгийг Б.Дгийн эхнэрийн данс руу хийсэн. …Г.Б нь Б.Д рүү мөнгө шилжүүлэх боллоо гэж хэлээд данс өгөхөөр нь 500.000 төгрөгийг гэртээ байхдаа шилжүүлэхэд Б.Дгийн эхнэрийн данс байсан. …” /2хх 195,197/,

гэрч Г.Сарантуяагийн “…манай нөхөр Батболд Б.Дтэй явж байхад миний төрсөн дүү Г.Б уулзсан, …төрсөн дүү Г.Б нь Канад улсын виз мэдүүлэхээр Б.Дд мөнгө өгсөн. Уг мөнгөө миний төрсөн эгчээс мөнгө зээлж өгсөн байдаг. …нөхөр бид хоёр Б.Дгээс манай дүүгийн Канад улсын виз гарах асуудал нь юу болсон талаар асуухад Б.Д нь удахгүй бүтэх гэж байгаа, болж байгаа гэж хэлдэг, ... үүнээс хойш Б.Д нь виз гаргаж өгсөн зүйл байхгүй. …” /2хх 199/,

гэрч Р.Батболдын “…би Г.Б, Б.Д хоёрыг хооронд нь уулзуулж, танилцуулж байсан. …Г.Б, Б.Д хоёр нь хоорондоо яриад Канад улсын виз гаргуулахаар ярилцсан, үүний дараа удалгүй Г.Б нь Б.Дд Канад улсын виз гаргуулахаар мөнгөө өгсөн гэдгийг Г.Б хэлдэг, мөнгийг нь авсан гэж Б.Д ч гэсэн хэлж ярьж байсан. …” /2хх 201/ тус тус мэдүүлгүүд,

Хаан банкны 500.000 төгрөг шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /2хх 171/, Г.Бы Хаан банкны 5031366622 тоот дансны хуулга /2хх 172/, Хаан банкны 10.200 ам.доллар шилжүүлсэн шилжүүлгийн мэдээлэл /2хх 173/, Сиди-нд үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 175-184/, бичгийн нотлох баримт хуулбарлан авсан тэмдэглэл /3хх 10-12/, мөрдөгчийн тэмдэглэл /3хх 13/, Монгол банкнаас зарласан ханшийн лавлагаа /3хх 14-16/,

4. 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн Н.Бд “барилгын зураг төслийн ажил олж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогч Н.Быг Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Академи хотхоны 34а байрны 2401 тоотод байхад нь 15.000.000 төгрөгийг “*****” ХХК-ийн эзэмшлийн 417031635 тоот дансаар шилжүүлэн авч 15.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Бын “…Б.Д гэх залуу надруу өөрөө залгаж орж ирээд “надад зураг зуруулах ажил байна, уулзая” гээд манай ажил дээр ирж уулзсан. ... тэр 150 сая төгрөгийн ажил байгаа гэсэн ба би өөрөө ажил олж өгсөний 10 хувь болох 15.000.000 төгрөгийг авна шүү гэсэн. Би ч зөвшөөрч түүнд 15.000.000 төгрөгийг өгөхөөр болсон. Үүнээс хойш 5 хоногийн дараа надаас мөнгө нэхээд байсан учир би 2021 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр би түүний надад өгсөн данс болох “*****” ХХК-ийн Худалдааны хөгжлийн банкны 417031635 дугаартай дансанд 6 хуваагаад өөрийнхөө интернет банкаар ажил дээрээсээ болон гэрээсээ 15.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. ...” /3хх 68-69, 5хх 117/,

гэрч Н.Оийн “…би Н.Б эгчийг Б.Дтэй уулзуулж байсан, …удалгүй тэр явдлаас хойш 2 сар орчимын дараа яриад танай шавь Б.Д надаас дансаар 15.000.000 төгрөг шилжүүлж авчихаад өгөхгүй байна гэж хэлж байсан. …би тэр хоёрыг ажил дээрээ дуудаад уулзсан, тэр үед Б.Д компанийн дансанд 9.000.000 төгрөг нь байгаа, удахгүй буцаагаад өгчихнө гэж хэлж байсан. …би дахиад дуудаж Б.Дтэй уулзахад удахгүй өгнө л гээд байсан. …сүүлдээ Б.Д миний утсыг авахаа больсон, …манай шавь нараас Б.Дг хүн амьтан залилж явдаг, цагдаа шүүх дээр байнга асуудалтай явж байгаа гэх мэтийн зүйл ярьж байсан. …” /3хх 76/ тус тус мэдүүлгүүд,

“Э Г” ХХК-ийн 1415100862 тоот Голомт банкны дансны хуулга /3хх 86/, “*****” ХХК-ийн 417031635 тоот Худалдаа хөгжлийн банкны дансны хуулга /3хх 91-92, 5хх 93/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /3хх 95-96/, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа /5хх 12/,

5. Хохирогч Н.Эыг “төрийн албаны шалгалтад тэнцүүлж өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 1.000.000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Э.Даар дамжуулан О.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 5516013791 тоот дансаар шилжүүлэн авч нийт 4.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Н.Эын “…би Долгорбаярын 5075366564 тоот Хаан банкны данс руу 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 3.000.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр дээрх данс руу 1.000.000 төгрөг, нийт 4.000.000 төгрөг тус тус шилжүүлсэн, …миний шалгалтыг ч аргалаагүй, мөнгөө ч өгөхгүй байхаар нь лавлаад асуутал Б.Д гэх хүнд өгсөн гэж хэлж байсан. …” /3хх 161, 5хх 121/,

гэрч Э.Дын “…2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Н.Э над руу 3.000.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд яг тэр үеэр Б.Д мөнгөө өгчих гэсэн учир тэр даруй би түүнд 3.000.000 төгрөгийг түүний надруу явуулсан 5516013791 О.Б гэсэн нэртэй дансанд нь шилжүүлэн өгсөн. Удахгүй Н.Э надруу 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдөр үлдсэн 1.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн. Тэрийг нь би Б.Дд өгөх гэсэн чинь дахиад 2.000.000 төгрөг өгчих гэхээр нь би өөрөөсөө 1 сая төгрөг нэмээд мөн дээрх данс руу нь өөрийнхөө Голомт банкныхаа данснаас шилжүүлсэн. ... тохирсоноороо бол 2021 оны 12 дугаар сарын дундуур болох шалгалтанд тэнцүүлж өгнө гэж хэлсэн. Гэтэл Н.Э шалгалтанд орсон боловч уначихсан. Тэгээд энэ тухай түүнд хэлэхэд “удахгүй зохицуулна, байж бай” гээд байснаа сүүлдээ алга болчихсон. ...” /3хх 164/ тус тус мэдүүлгүүд,

О.Бгийн 5516013791 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 172-173/, Н.Эын Хаан банкны 5070137356 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /3хх 181-182/, 

6. “Аоа” ХХК-ний гүйцэтгэх захирал А.Ит шүүхийн шийдвэрийн дагуу “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-с бүтээгдэхүүн авахаар болсон, 275 тонн арматур төмөр нийлүүлнэ” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аоа” ХХК-ний ажлын байран дээр “Цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах” тухай 23/0629 дугаартай гэрээг байгуулж, гэрээний урьдчилгаа төлбөрт хохирогч А.Иээс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “Д Г” ХХК эзэмшигчтэй Капитрон банкны 3022063952 тоот дансаар 5.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 5.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдөр О.Бгийн эзэмшлийн “Хаан” банкны 5516013791 тоот дансаар 10.000.000 төгрөг, 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдөр “Д Г” ХХК эзэмшигчтэй Капитрон банкны 3022063952 тоот дансаар 12.500.000 төгрөг тус тус авч, нийт 32.500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч А.Иийн “…миний бие “Д Г” ХХК-ийн захирал Б.Дтэй 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр №23/0629 дугаартай цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдах авах гэрээг Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Бриж групп цогцолбор байрны 401 тоотод байгуулсан. …Б.Д нь Дарханы төмөрлөгийн үйлдвэрээс 275 тонн арматур авах шүүгчийн захирамжийг надад харуулсан, …би 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 5876230522 тоот данснаас Капитрон банкны Даадаа групп ХХК гэсэн эзэмшигчтэй 003022063952 гэсэн тоот дансруу 5.000.000 төгрөг, 07 дугаар сарын 03-ны өдөр өөрийн 5030343832 данснаас Капитрон банкны Даадаа групп ХХК гэсэн эзэмшигчтэй 003022063952 тоот данс руу 5.000.000 төгрөг, …07 дугаар сарын 18-ны өдөр 5305058596 тоот данснаас Б.Дгийн эхнэр гэх О.Бгийн 5516013791 тоот данс руу 10.000.000 төгрөг, …07 дугаар сарын 20-ны өдөр 5427084594 тоот данснаас Капитрон банкны Даадаа групп ХХК гэсэн эзэмшигчтэй 003022063952 тоот данс руу 12.500.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Би нийт Б.Д гэх хүнд 32.500.000 төгрөгийг шилжүүлсэн. …” /4хх 52, 5хх 111/ мэдүүлэг,

цувимал бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ /4хх 54-59/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /4хх 60-61/, М.Энхжаргал, Д.Батцэцэг нарын эзэмшлийн 5876230522 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 64-67/, А.Иийн Хаан банкны 5030343832 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 68/, А.И, Д.Батцэцэг нарын эзэмшлийн Хаан банкны 5305058596 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 69/, “Ану оюу арвижих констракшн” эзэмшигчтэй 5427084594 тоот Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 70/, О.Бгийн 5516013791 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /4хх 74-76/, Капитрон банкны 3022063952 тоот Даадаа группын дансны дэлгэрэнгүй хуулга /5хх 54-55/,

7. Иргэн Б.Бид “тендер авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт 9.000.000 төгрөгийг бэлнээр, мөн өдөр Б.О эзэмшигчтэй “Хаан” банкны 5077129939 тоот дансаар 1.120.000 төгрөг, мөн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байх гэртээ байхад нь түүнд “хүнтэй уулзахад мөнгө хэрэгтэй байна” гэж О.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 1516013791 тоот дансаар 500.000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөн дансаар 600.000 төгрөг тус тус авч, нийт 11.220.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Бийн “…UB паласын хажууд Т.Б, Б.Д бид гурав уулзсан. Тэгэхэд Б.Д “таван ширхэг машин нийлүүлэх тендер байгаа, тэр тендерт өмнө нь хүн оролцож байгаагүй, одоо оролцоод авах бүрэн боломжтой, урьдчилгаа 10.000.000 төгрөг өгөх хэрэгтэй...” гэж надад хэлсэн. ...хэд хоногийн дараа над руу дахин дахин залгаад “мөнгөө бэлдсэн үү, тендер зарлагдах гээд байна, яаралтай хэрэгтэй байна” гээд залгаад байсан. ...Би Б.Дд 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ТБД андуудын хажуугийн АТМ-ээс 10.000.000 төгрөг бэлнээр авч тэр оройгоо Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 11 дүгээр сургуулийн орчимд уулзаж би машин дотор нь сууж байхдаа 10.000.000 төгрөгийг Б.Дд бэлнээр өгсөн. ...ингээд маргааш өдөр нь над руу залгаад “дахиад надад мөнгө хэрэгтэй болоод байна, хүн амьтантай уулзахад мөнгө хэрэгтэй байна, чи ядаж 1.500.000 төгрөг шилжүүлчих” гэж хэлсэн. Тэгэхэд нь би хүнээс зээлээд Б.Дгийн надад өгсөн данс болох Хаан банкны 5516013791 дугаартай дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн, ...мөн дараа өдөр нь буюу 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдөр мөн л “мөнгө хэрэгтэй байна” гэхэд нь би боломжоороо 600.000 төгрөгийг өөрийн данснаасаа мөн л дээрх эхнэрийнх нь гэх Хаан банкны 5516013791 тоот О.Б гэсэн дансанд шилжүүлсэн. ...” /4хх 119-120, 175, 5хх 109/,

гэрч Б.Оийн “…2021 оны өвөл найз Б.Б над руу залгаад бид хоёр ярилцаж байгаад би Б.Бээс “чи ямар ажил хийж байгаа вэ” гэхэд “би ажлаасаа гараад хувиараа тендер аваад ажил хийж байгаа” гэж хэлсэн. Тэгэхээр би “манай найз Болор-Эрдэний танидаг хүн машин нийлүүлэх тендер зарлагдсан байгаа, тендерийн материал авах хугацаа тулсан байгаа” гэж хэлсэн. Тэгэхэд Б.Б “чи намайг тэр хүнтэйгээ холбоо бариулаад өгөөч” гэхээр нь би Болор-Эрдэний утасны дугаарыг өгсөн. …” /4хх 136/,

гэрч Т.Б “…2021 онд Б.Д нь намын их хурал дээр надтай ирж уулзаад “би Баянзүрх дүүргийн тендерийн үнэлгээний хороонд ажиллаж байгаа, одоо Баянзүрх дүүргийн эмнэлэг, Баянзүрх дүүргийн хороодууд тээврийн хэрэгсэл нийлүүлэх тендер задарна, хэрвээ чи энэ шалгуурт тэнцэх компани байвал оролцуулж болно шүү” гэж хэлж байсан. Тэгээд би Одончимэгт энэ талаар хэлэхэд Б.Б гэх залуу надруу залгаад “би Одончимэгийн найз байна, тендерийн талаар мэдээлэл авъя” гэж хэлсэн. Би Б.Б гэх залуутай уулзаад найз Б.Дгийн утасны дугаарыг өгөөд “та энэ хүнээс тендерийн талаар мэдээлэл аваарай” гэж хэлээд явуулсан. …” /4хх 138/ тус тус мэдүүлгүүд,

Хаан банкны 5003113798 тоот Б.Бийн депозит дансны хуулга /4хх 122-123/,

8. 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Эт “манай хуурай ах төмөр замын удирдах газарт боломжийн албан тушаал дээр ажилладаг, вагон явуулж өгөх эрх мэдэлтэй, 5-10 сая төгрөгийн урьдчилгаа өгөх юм бол захиалга чинь баталгаажаад 12 дугаар сарын 25-ны өдөр гэхэд вагон явуулчихна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж түүнээс 5.000.000 төгрөгийг “Ш” ХХК эзэмшигчтэй Голомт банкны 1415103206 тоот дансаар, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр “та урьдчилгаагаа нэмээд өгөх юм бол ер нь бүтэх гээд байна, баталгаатай болно, өөр хүмүүс илүү мөнгө өгөөд урдуур чинь дайрах гээд байна” гэж дахин 5.000.000 төгрөгийг О.Б эзэмшигчтэй “Хаан” банкны 5516013791 тоот дансаар дамжуулан тус тус шилжүүлэн авч 10.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Эын “…Б.Д надад хэлэхдээ “манай хуурай ах Төмөр замын удирдах газарт боломжийн албан тушаал дээр ажилладаг, вагон явуулж өгөх эрх мэдэлтэй, 5-10 сая төгрөгийн урьдчилгаа өгөх юм бол захиалга чинь баталгаажаад 12 сарын 25-ны өдөр гэхэд вагон явчихна” гэж хэлсэн. Тэгээд би саналыг нь зөвшөөрөөд 2022 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Б.Дгийн өөрийнх нь Шижирболд компанийн данс гээд Голомт банкны данс өгсөн ба тэр данс руу нь 5.000.000 төгрөгийг би Батхуяг гээд дүүгийнхээ найзын данснаас шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Б.Д надтай дахин яриад “та урьдчилгаагаа нэмээд өгчих юм бол ер нь бүтэх гээд байна, баталгаатай болно, өөр хүмүүс илүү мөнгө өгөөд урдуур чинь дайрах гээд байна” гэхээр нь Хаан банкны данс өгчих гэхэд Б.Д надруу манай эхнэрийн данс гээд Хаан банкны О.Б гэсэн данс өгсөн ба тухайн өдөртөө би Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, Хаан банкны төв салбараас 5.000.000 төгрөг дахин шилжүүлсэн. …” /4хх 206/ мэдүүлэг,

мөнгө шилжүүлсэн баримт /4хх 222-223/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 226-227/, Голомт банкны 1415103206 тоот “Ш” ХХК-ийн эзэмшлийн дансны хуулга /4хх 231/ зэрэг нотлох баримтуудаар болон мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Дг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Түүнчлэн, шүүгдэгч Б.Дгийн “орон сууц барьж өгнө”, “ажилчдын хоол бэлдэнэ”, “Канад улсын виз гаргаж өгнө”, “барилгын зураг төслийн ажил олж өгнө”, “төрийн албаны шалгалтанд тэнцүүлж өгнө”, “275 тонн арматур төмөр нийлүүлнэ”, “тендер авч өгнө”, “вагон явуулж өгнө” гэх зэргээр залилан мэхлэж, нэр бүхий 8 хохирогчоос нийт 193.122.246 төгрөг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Б.Д “…Дээрх шүүхэд хянан хэлэлцүүлэхээр шилжүүлсэн хавтаст хэргүүдэд нэгээс бусад дээр надаас огт мэдүүлэг аваагүй бөгөөд намайг хуульд заасан эрхийн хүрээнд мэдүүлэг өгөх боломжоор хангаагүй, … яллах дүгнэлт гардуулаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хүсэлт, гомдлуудаа гаргаж чадаагүй, ямар хэрэгт яллуулж байгаагаа мэдэхгүйгээр шүүх хуралдаанд оролцсон, …урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулах эсэхийг шийдэхэд шүүгдэгчийн хувьд тодорхойгүй, хязгаарлагдмал нөхцөл байдал үүсгэж, эрхийг ноцтойгоор зөрчсөн, ... гэрч Б.Наранчулуун, Н.О нар худлаа мэдүүлгийг өгсөн, …худал мэдүүлсэн Ч.Түмэнбаяр, н.Жаргалсайхан, Б.Наранчулуун гэх мэт хүмүүс гэрч болж хувирсан, Э.Д, Т.Б, н.Б.Б зэрэг хүмүүс өөрсдөдөө ашигтай байдал бий болгож, гэмт хэрэгт холбогдохгүйн тулд санаатайгаар удаа дараа худал мэдүүлэг өгснийг нягтлаагүй нь хэргийн бодит байдлыг тал бүрээс нь бодитой хянаж, эргэлзээгүй тогтоох, нотлох баримтын нотолгооны стандарт зөрчигдсөн нь хэрэг гэх зүйлийн үйл баримтын үнэн зөвийг бодитой тогтооход, түүнд хууль зүйн дүгнэлт хийхэд, гэм буруугийн болон эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 1, 3 дах хэсэг, мөн зүйлийн 6 дахь хэсгийн 6.1, 6.8 дахь хэсэг, 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.14 дэх заалтууд зөрчигдөж, оролцогчийн эрхийг хангаагүйгээр бусад хуулийн заалтуудыг ноцтойгоор зөрчсөн байсныг арилгахгүйгээр шүүхийн шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй, …шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэж өгнө үү. … 2023 онд өгсөн гомдлыг шалгаж байгаа учраас хэргийг нэгтгэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж, үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хуурч мэхлэх нь бусдын эд хөрөнгө, түүнийг өмчлөх эрхийг өөртөө хууль бусаар олж авахын тулд үгээр буюу үйлдлээр, бодит байдлыг гуйвуулах, нуун дарагдуулах, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлсэн байдаг.

Бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн субъектив санаа зорилго гэмт этгээдийн хувьд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бий болсон байдгаараа залилан мэхлэх гэмт хэрэг нь гэрээний харилцаанаас үүссэн маргаанаас ялгагддаг.

Залилан мэхлэх гэмт хэргийн халхавч болсон гэрээ хэлцэл нь хуурч мэхлэх, итгэл эвдэх арга дээр үндэслэгдсэн, шунахай сэдэлтээр, дан ганцаар ашиг олох, гэрээнд оролцогч нөгөө талаа хохироох зорилгоор хийгдсэн байдаг бол иргэний эрх зүйн гэрээний харилцаа нь талуудын чөлөөт байдал, тэгш эрх, харилцан тодорхой үр дүнд хүрэхийн тулд хийгддэг учир гэрээ анхнаасаа биелэгдэх бодит боломжгүй байсан нь тогтоогдсон, үүнийгээ гэрээний нэг тал урьдчилан мэдсээр байж байгуулсан, нөгөө тал /хохирогч/ нь мэдээгүй буюу мэдэх боломжгүй байсан бол залилан мэхлэх гэмт хэрэг гэж үздэг.

Шүүгдэгч Б.Дгийн “орон сууж барьж өгнө”, “ажилчдын хоол бэлдэнэ”, “Канад улсын виз гаргаж өгнө”, “барилгын зураг төслийн ажил олж өгнө”, “төрийн албаны шалгалтанд тэнцүүлж өгнө”, “275 тонн арматур төмөр нийлүүлнэ”, “тендер авч өгнө”, “вагон явуулж өгнө” гэсэн өөрөө биелүүлэх боломжгүй амлалтуудад хохирогч нар хууртан мөнгөө шилжүүлэн өгч, залилах гэмт хэргийн хохирогч болсон байх бөгөөд шүүгдэгчийн энэхүү хууль бус үйлдлийн үр дүнд хохирогч нарт эд хөрөнгийн хохирол учирсан болох нь хохирогч, гэрч нарын хэзээ, хэрхэн, хэдэн төгрөгийг шүүгдэгч Б.Дд өгсөн талаараа тодорхой мэдүүлсэн мэдүүлгүүд, тэдний дансны гүйлгээний хуулга болон шүүгдэгч Б.Дгийн хамаарал бүхий “Эс Ди Эс Си констракшин” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 417102486 тоот, “*****” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 417031635 тоот, “Д Г” ХХК-ийн эзэмшлийн Хаан банкны 5516013791 тоот, “Д Г” ХХК-ийн эзэмшлийн Капитрон банкны 3022063952 тоот, “Ш” ХХК-ийн эзэмшлийн Голомт банкны 1415103206 тоот данснууд болон эхнэр О.Бгийн эзэмшлийн Хаан банкны 5516013791 тоот дансаар тус тус тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Дгийн Х.М.Дг залилсан үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх 1-3/, Л.Рыг залилсан үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /1хх 229-230/, Г.Быг залилсан үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол, /2хх 143-146/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /2хх 148/, Н.Быг залилсан үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3хх 32-34/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /3хх 36/, Н.Эыг залилсан үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /3хх 123-125/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /3хх 127/, А.Иийг залилсан үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4хх 24-27/, мөрдөгчийн тэмдэглэл /4хх 28/, Б.Бийг залилсан үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4хх 98-100/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолыг танилцуулсан тэмдэглэл /4хх 101/, Б.Эыг залилсан үйлдэл дээр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /4хх 181-183/, мөрдөгчийн тэмдэглэл /4хх 187/ тус тус үйлдэж, ямар хэрэгт яллагдаж байгааг мэдэгдэж, мэдүүлэг өгөх, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхийг нь тайлбарлан өгсөн, тэрээр хуульд заасан эрхээ эдэлжээ.

Түүнчлэн, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /5хх 5-7/ тогтоолыг шүүгдэгч Б.Дд уншиж сонсгоход тэрээр тогтоолтой танилцахгүй, гарын үсэг зурахгүй, мэдүүлэг өгөхгүй гэсэн талаар мөрдөгч тэмдэглэл үйлджээ.

Мөн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай /6хх 79-81/ тогтоолыг шүүгдэгч Б.Дд уншиж сонсгоход тэрээр тогтоолтой танилцахгүй, гарын үсэг зурахгүй, мэдүүлэг өгөхгүй гэсэн талаар мөрдөгч тэмдэглэл үйлдсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Яллагдагч ... мэдүүлэг өгөх, ... мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй” гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Дд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, өөрчлөлт оруулах тухай тогтоолыг уншиж сонсгоход тэрээр тогтоолтой танилцахгүй, гарын үсэг зурахгүй, мэдүүлэг өгөхгүй гэснийг яллагдагч хуульд заасан мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхээ эдэлсэн гэж үзнэ.

Шүүгдэгч Б.Дд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлын талаар шалгаж, хэргийн үйл баримтын талаар шүүхээс дүгнэлт хийж болохуйц хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж, прокурор яллах дүгнэлт үйлджээ.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн гомдлоор хэргийг бүхэлд нь хянаж үзэхэд, анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар олгогдсон хэмжээ хязгаарын дотор шүүгдэгч Б.Дгийн гэм буруу, учруулсан хохирлын асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн байна.

Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно.

Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог.

Шүүгдэгч Б.Д нь Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2023/ШЦТ/813 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө буюу 2021 оны 08 дугаар сараас 2023 оны 07 дугаар сар хүртлэх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар залилах гэмт хэргийг үйлдсэн нь уг шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу Б.Дгийн үйлдсэн энэ гэмт хэрэгт хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 03 сар 19 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтоосныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, уг хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг шүүгдэгчид оногдуулснаас гадна түүний ялуудыг нэгтгэхдээ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай дээрх хуулийн 6.9 дүгээр зүйлүүдийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Иймд шүүгдэгч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Б.Дгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 83 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/482 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Дгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дгийн шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 83 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                Н.БАТСАЙХАН

ШҮҮГЧ                                                Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР