Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 001/ХТ2017/00185

 

Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Д.Цолмон, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05932 дугаар шийдвэр,        

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1962 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй

Хариуцагч “Сорани” ХХК-д холбогдох,

2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 2 дугаар гудамж 1 тоотод байрлах үл хөдлөх хөрөнгийг Б.Мөнхбатын нэр дээр буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батнасангийн гаргасан гомдлыг үндэслэн, 

Шүүгч Ц.Амарсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.         

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Ууганбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нармандах, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Батнасан, нарийн бичгийн даргаар И.Хажидмаа нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Ж.Энхбаяр нь “Сорани” ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ажлын байр түрээслэх гэрээг 15 жилийн хугацаатайгаар байгуулж, түрээсийн байрандаа нийт 400-аад сая төгрөгийн тохижилт, хөрөнгө оруулалтын ажил хийж, түрээс болон барьцаанд нийт 150 орчим сая төгрөгийг төлж, 2016 оны 01 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулж байсан. Энэ хугацаанд эдийн засгийн хямралаас болж тухайн компанид 50 орчим сая төгрөгийн түрээсийн өртэй болсон байсан. Ингээд бид Төлбөр барагдуулах гэрээ болон Барьцааны гэрээ байгуулсан. “Сорани” ХХК-ийн зүгээс барьцаанд гэрээний зүйл болсон иргэн Б.Мөнхбатын эзэмшлийн Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчдын 2 дугаар гудамжны 1 тоотод орших гараашийг өөрийн компанийн нэр дээр шилжүүл, тэгэхгүй бол түрээсийн гэрээгээ үргэлжлүүлэх боломжгүй гэж тулгасан тул тухайн үл хөдлөх хөрөнгийг зохиомлоор худалдах-худалдан авах гэрээ байгуулж өөрийн нэр дээр шилжүүлэн авсан.“Сорани” ХХК-ийн тулган шаардалтаар хийсэн 3 сая төгрөгийн үнийн дүнтэй худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл бөгөөд 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл, 56.1.3-д зааснаар өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл, 56.1.4-т зааснаар үнэн санаанаасаа бус, хөнгөмсгөөр хандаж, түүнийгээ илэрнэ гэж урьдаас тооцож, тодорхой хүсэл зориг илэрхийлэн хийсэн хэлцлүүд хүчин төгөлдөр бус байна гэснийг зөрчсөн тул хуулийн дагуу хүчингүйд тооцож, Налайх дүүрэг 1 дүгээр хороо, Уурхайчдын 2 дугаар гудамж 1 тоотод орших үл хөдлөх хөрөнгийг эзэмшигч Б.Мөнхбатын нэр дээр буцаан шилжүүлж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Маргаж байгаа худалдах-худалдан авах гэрээг 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан. Энэ гэрээг байгуулсаны учир нь түрээсийн 55 969 069 төгрөгийн төлбөр гарсан тул төлбөр барагдуулах гэрээ болон барьцааны гэрээ байгуулсан. Энэ гэрээг байгуулах саналыг нэхэмжлэгчийн төлөөлөгч Ж.Энхбаяр өөрөө гаргасан. Тэрээр Б.Мөнхбатын нэр дээр байгаа гарааш нь миний хөрөнгө юм гээд, Б.Мөнхбатаас итгэмжлэл авч, гэрээний үүргээ биелүүлэхийн тулд худалдах-худалдан авах гэрээ байгуулж түрээсийн гэрээний төлбөртөө өгөхөөр тохиролцсон. Эдгээр гэрээнүүдийг байгуулахдаа талууд бүгд хүсэл зоригоо илэрхийлж, хэн нэгний дарамт шахалтгүй байгуулсан.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ярьж байгаа шиг тулган шаардаж, хүч хэрэглэсэн, дүр үзүүлсэн зүйл байхгүй. Манай компанийн зүгээс 2015 оны 05 дугаар сараас 2015 оны 11 дүгээр сарын түрээсийн төлөгдөөгүй 55 969 069 төгрөгийн төлбөрт дээрх гараашийг авсан тул энэ мөнгийг Ж.Энхбаяраас нэхэмжилж байгаагүй. 2015 оны 11 дүгээр сараас хойш түрээсийн гэрээний харилцаа тусдаа гэрээгээр зохицуулагдах бөгөөд мөн л түрээсийн төлбөрт нэг ч төгрөг төлөөгүй. Бид нэхэмжлэгчийн санал болгосны дагуу өөрийнх нь хүсэлтээр маргааны зүйлийг түрээсийн гэрээний төлбөрт шилжүүлж авсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05932 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.1.3, 56.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан “Сорани” ХХК-д холбогдох 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгож, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх тухай нэхэмжлэгч Б.Мөнхбатын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1962 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/05932 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзэж, Налайх дүүргийн 1 дүгээр хороо, Уурхайчид 2 дугаар гудамж 1 тоотод байрлах 1033 м.кв талбай бүхий гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч Б.Мөнхбатад буцаан шилжүүлэхийг хариуцагч “Сорани” ХХК-д даалгасугай” гэж, 2 дахь заалтын “үлдээсүгэй” гэснийг “үлдээж, хариуцагч “Сорани” ХХК-иас 63 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхбатад олгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3. дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгожээ.

Хариуцагчийн өмгөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Б.Мөнхбатын нэхэмжлэлтэй хэргийг анхан шатны шүүхээс хэлэлцэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүхийн 1962 дугаартай магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д зааснаар гомдол гаргаж байна.Хариуцагчийн зүгээс барьцааны гэрээг бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх боломжгүй учир худалдах-худалдан авах гэрээ байгуулсан гэж тайлбар огт өгөөгүй байхад ийм тайлбар өгсөн мэтээр магадлалд бичиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн үндэслэлээ болгожээ. Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ, төлбөр барагдуулах гэрээ, барьцааны гэрээ, үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ бүгд тухай бүртээ талууд хууль зүйн үр дагавар үүсгэх хүсэл зоригоо илэрхийлж, сайн дурын үндсэн дээр харилцан тохиролцож хийсэн гэрээнүүд юм. Эдгээр гэрээний аль нь ч нэхэмжлэгчийн хэлж байгаа шиг хүч хэрэглэж, дүр үзүүлж, халхавчилсан, айлган сүрдүүлсэн гэрээ биш байсан бөгөөд түрээсийн төлбөрийг хэрхэн, ямар байдлаар төлөх асуудлыг талууд эцэстээ үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авах гэрээгээр шийдвэрлэсэн юм. Энэ нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүх эсрэгээр тайлбарлан барьцааны гэрээг хэрэгжүүлэхийн тулд халхавчлан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.Хэрвээ ингэж үзвэл түрээсийн гэрээний дараа байгуулагдсан төлбөр барагдуулах, барьцааны гэрээ нь түрээсийн гэрээг халхавчилсан гэрээ гэж мөн тооцогдохоор байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” нь зөвхөн хэлцлийн гадаад илэрхийллийг бий болгож, халхавчлагдсан, халхавчилсан хоёр хэлцэл зэрэг хийгдсэн, дүр үзүүлсэн хэлцэл гэж үздэг бол маргаж байгаа худалдах, худалдан авах гэрээ нь эдгээр шинж огт байхгүй, ямар ч хэлцлийг халхавчлаагүй, хариуцагчаас түрээсийн гэрээний 55.9 сая төгрөгийн төлбөрт эд хөрөнгө шилжүүлэн авсан учраас цаашид энэхүү түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчээс шаардаагүй, үүнтэй холбоотой маргаан байхгүй талаар анхан шатны шүүхэд талууд тайлбар өгсөн, шүүхээс ч мөн тодруулсан байдаг юм. Хэрвээ зөвхөн барьцааны гэрээний хэрэгжилтийг хангуулахаар худалдах-худалдан авах гэрээг байгуулсан бол хариуцагч нь үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсны дараа түрээслэгчээс үргэлжлүүлэн түрээсийн төлбөрийг шаардах, эсвэл уг шилжүүлэн авсан обьектийг худалдан борлуулах арга хэмжээ авах байсан нь тодорхой юм. Барьцааны гэрээ хэрэгжээгүй нь зөвхөн улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй учраас биш бөгөөд түрээслэгч нь барьцааны гэрээний хугацаанд төлбөрийг төлөх боломжгүй болсноо мэдэгдсэнээс болон бусад олон нөхцөл байдлаас шалтгаалсан. Иймээс дараагийн гэрээ буюу худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн юм. Хэрвээ давж заалдах шатны шүүх анхаарсан бол барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй бол өмчлөх эрхийг шилжүүлэх хэлцэл ч адилхан улсын бүртгэлд бүртгэгдэх боломжгүй байсан. Иймд барьцааны гэрээг худалдах-худалдан авах гэрээгээр халхавчилсан гэж үзэх нь үндэслэлгүй юм. Иймээс талуудын хооронд хийгдсэн 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хийгдсэн худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээнэ үү гэжээ.

                                                                                 ХЯНАВАЛ:  

Давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны үйл баримтын талаар бүрэн эрхийнхээ хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийжээ. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэлийн шаардлагыг хангасан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д заасан хэлцэл хүчин төгөлдөр бус байх үндэслэлүүдээс тухайн маргаантай харилцаанд хамааралтай хэсгийг баримтлаагүй нь алдаатай болсон тул магадлалд өөрчлөлт оруулах журмаар хууль хэрэглээний алдааг залруулах боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч Б.Мөнхбат нь хариуцагч “Сорани” ХХК-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, тухайн эд хөрөнгийн өмчлөх эрхийг өөрийн нэр дээр буцаан бүртгүүлэх шаардлагыг шүүхэд гаргажээ. Хариуцагч “Сорани” ХХК нь уг үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн төлбөрийн өрөнд шилжүүлэн авсан гэж марган, нэхэмжлэлийг татгалзсан байна.

Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр байгуулагдсан Налайх дүүрэгт байрлах 1033 мкв талбай бүхий гараашийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3 сая төгрөгөөр  худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжгүй, харин түрээсийн гэрээний төлбөр төлөх үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгсэл болох зорилготой байсан гэж үзсэнийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна. Худалдах-худалдан авах гэрээ байгуулсан шалтгаан, хүсэл зоригийн талаар нэхэмжлэгч “барьцааны гэрээг халхавчлах зорилготой байсан” гэж, харин хариуцагч “барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжгүй байсан учир”, “түрээсийн төлбөрийн үүрэгт тооцохоор тохиролцсон” гэж тайлбарлажээ. Худалдах-худалдан авах гэрээний зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн үнэ, төлбөр төлөх журам, эд хөрөнгийн чанар зэрэг худалдах-худалдан авах гэрээний гол нөхцлүүдийн талаар талууд харилцан тохиролцож, гэрээ байгуулсан гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

Барьцааны гэрээ нь хуулиар зөвшөөрөгдсөн үүргийн гүйцэтгэлийг хангах арга хэрэгслийн түгээмэл хэрэглэгддэг арга тул энэ талаарх хэлцлийг өөр хэлцлээр халхавчлах шаардлага байхгүй юм. Харин зохигчид худалдах-худалдан авах гэрээг зөвхөн хэлбэр төдий байгуулж, үл хөдлөх эд хөрөнгийг түрээсийн төлбөр төлөх үүргийг хангах арга хэрэгслийн хувьд ашиглах зорилготой байсан тохиолдолд худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2.-т заасан дүр үзүүлсэн хуурамч хэлцэлд хамааруулан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх нь илүү оновчтой байжээ.

Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн аливаа хэлцэл нь дүр үзүүлсэн хуурамч хэлцэл болдог боловч дүр үзүүлсэн хуурамч хэлцэл бүрийг өөр хэлцлийг халхавчлах зорилготой гэж үзэхгүй.  

Анхан шатны шүүх зохигчдын хооронд худалдах-худалдан авах хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2., 56.1.3.-т заасан зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж чадаагүйгээс гадна мөн хуулийн 195 дугаар зүйлийн 195.1., 195.3.-т заасан эрх зүйн хэм хэмжээг анхаараагүй байна. Нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдтэй эрх үүргийн хувьд  холбогдохоор хандан хүсэл зоригоо бодитойгоор, хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэдэг бөгөөд хуульд заасан буюу гэрээнд зайлшгүй тусгавал зохих нөхцлийг гэрээний гол нөхцөл гэдэг. Худалдах-худалдан авах гэрээг талууд бичгийн хэлбэрээр байгуулсан боловч хүсэл зоригийн илэрхийлэл нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг нэгнийхээ өмчлөлд шилжүүлэх, хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгийг хүлээн авах буюу худалдах-худалдан авах гэрээний үүрэгт чиглэгдээгүй байгааг шүүх анхаарч, эрх зүйн зөв дүгнэлт хийгээгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэх талаар хяналтын журмаар гаргасан хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн  2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 1962 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “56.1.3.” гэснийг “56.1.2.” гэж өөрчлөн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4.-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                                        Ц.АМАРСАЙХАН