Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 03 сарын 30 өдөр

Дугаар 161

 

Б.Б, Б.У нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Энхтунгалаг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

   Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1642 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1236 дугаар магадлалтай, Б.Б, Б.У нарт холбогдох 1906050061960 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Говь-Алтай аймгийн Тайшир суманд төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй, О овогт Б-н У,

Монгол Улсын иргэн, 1985 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн аймгийн Дөрвөлжин суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засалчин мэргэжилтэй, урьд

Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 265 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 2.5-д зааснаар 5 жил 1 хоног хорих ялаар шийтгүүлж байсан Ж овогт Б-н Б нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогджээ.  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “... шүүгдэгч Б.Б, Б.У нарыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Быг 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Б.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Шүүгдэгч Б.Б, Б.У нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр” шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх “... шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нар гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1642 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1236 дугаар магадлалд Б.Б болон түүний өмгөөлөгч Д.Энхтунгалаг нарын зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр хяналтын шатны шүүхэд гомдол гаргаж байна.

Шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх үндэслэл болсон мэдүүлэг нь хохирогч Р.А-н мэдүүлэг бөгөөд дээрх мэдүүлгээрээ Б.Б-ыг 2 удаа цохиж унагаасан /эхний мэдүүлэгт/, мөн 2 удаа зүүн шанаанд цохисон /2 дахь мэдүүлэгт/ хэмээн мэдүүлсэн байдаг.

Хохирогч Р.А анх хохирогчоор мэдүүлэхдээ Г.А-н хуучин үерхэж байсан найз охин нь гэх эмэгтэй /Б.У/ ирээд Г.А-г цохиод байхаар нь би хажуугаас нь юу болоод байгаа юм гэж асуухад үгийн зөрүүгүй шууд намайг цохисон. Тэр үед би яаж зодуулснаа бол санахгүй байгаа. Ямар ч байсан намайг шилэн аягаар цохисон шилэн аяга нь хагарсан байсан. Миний зүүн нүд хавдаж юм харж чадахгүй байсан, нүүр зүсэгдсэн, толгой өвдөж би тухайн үед шоконд орсон байсан гэж мэдүүлсэн.

Б.Б болон өмгөөлөгчийн зүгээс хохирогч нь дээрх гэмтлийг Б.У-т шилэн аягаар цохиулахдаа олсон гэмтэл гэж үзэж байгаа бөгөөд дээрх гэмтлийн улмаас олсон шархандаа оёдол тавиулсан байдаг. Мөн дээрх гэмтлийг хурц үзүүртэй зүйлээр үүссэн шарх гэж үзэхээр байгаа болно.

Шүүх эмнэлгийн дүгнэлтийн хэсэг газрын үзлэгт авагдсанаар хохирогч Р.А-ын биед: зүүн нүдний дээд зовхины гадна хэсэгт 1.5х0.1 см оёдол тавигдсан шархтай, зүүн нүдний дээд, доод зовхи овойж хавдсан гэсэн байна.

Дээрх гэмтлийг авахдаа хохирогч Р.А-ын шархнаас цус их гарсан байдаг бөгөөд энэ үйл явдал нь Б.Б дээр очихоосоо өмнө болжээ гэдэг нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог.

Гэрч Г.А нь Б.У нь барьж байсан аягаараа Р.А-ын нүүр рүү цохисон гэх мэдүүлэг /хх 14/, гэрч Т.Дэлгэрмөрөн нь Б.У нь шилэн аягаар Р.А-ын толгой руу цохисон. Р.А-ын толгойноос цус гараад байсан бөгөөд Б.У нь Р.А-ын үснээс нь зулгааж нүүр рүү нь цохиод байсан гэх мэдүүлгээр хохирогч нь Б.Б дээр очихоосоо өмнө зүүн нүдний зовхиндоо гэмтэл авсан гэж үзэхээр байна. Мөрдөн байцаалтын явцад Б.Б нь удаа дараа зүүн хацарт нь алгадсан хэмээн болсон үйл баримтыг үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд энэ нь хохирогчийн ... намайг харж байхад Хуягаа нь Г.А-тэй маргалдаад цохиод байхаар нь би очиж Хуягаад хандан яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон. Гэтэл Хуягаа нь ахин миний зүүн шанаа хэсэгт нэг удаа цохисон гэж мэдүүлсэнтэй тохирсон байгаа.

Хэрэгт авагдсан нотлох баримтаар Б.Б нь хохирогч Р.А-ын зүүн нүдэнд цохисон талаарх үйл баримт тогтоогдоогүй. Харин зүүн шанаа хэсэгт цохисон бөгөөд хохирогчийн шанаа хэсэгт гэмтлийн зэрэг тогтоогдоогүй. Шүүхээс Б.Б-ын хохирогчийн шанаан хэсэгт цохисон гэх үйлдлээр түүний зүүн нүдэнд оёдол тавигдтал шарх үүссэн байна хэмээн гэм буруутай гэж үзсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, Б.Б нь Р.А-ын биед хөнгөн хохирол учруулсан гэдэг үндэслэлээр түүнийг гэм буруутай хэмээн үзэж ял оногдуулсан байх тул Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, түүнд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Б.У нь Р.А-ын биед Шүүх эмнэлгийн дүгнэлтийн шинжээчийн дүгнэлтэд дурдсан дагзны хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруул, зүүн нүдний доод зовхи, баруун өвдөгт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт бүхий хөнгөн гэмтэл, Б.Б нь нүүрэн тус хоёр удаа алгадаж, зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт бүхий хөнгөн гэмтлийг учруулсан болох нь хохирогчийн удаа дараагийн мэдүүлэг, шинжээч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож тогтоогдсон. Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүх тухайн зүйл, хэсгээр ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байна. Давж заалдах шатны шүүх хяналтын журмаар гаргасан гомдолтой ижил агуулга бүхий гомдлоор хэргийг хэлэлцэж, гомдлыг хүлээж аваагүй үндэслэлийг тодорхой дурдсан. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гаргасан гомдлыг үндэслэн Б.У, Б.Б нарт холбогдох хэргийг хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Б.У нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран Уулын өвөр гэх газарт хохирогч Р.А-ыг зодож, улмаар түүний эрүүл мэндэд “дагзны хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруул, зүүн нүдний доод зовхи, баруун өвдөгт зулгаралт, эрүүнд цус хуралт” гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

Б.Б нь 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороо Жамсран Уулын өвөр гэх газарт хохирогч Р.А-ын нүүрэн тус газар 2 удаа алгадаж, улмаар түүний эрүүл мэндэд “зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт” гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон гэж үзэж, уг үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд болсон үйл баримтыг зөв тогтоож дүгнэсэн хэдий ч түүнд хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Шүүх хэргийн ач холбогдол бүхий үйл явдлыг нотлох баримтад тулгуурлан сэргээн тогтоож үнэлэлт дүгнэлт өгөхдөө буруутгагдаж буй хүний гэм бурууг хөдөлбөргүй тогтоосны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндсэн зарчимтай байдаг.

Эрүүгийн хуульд тодорхойлсон гэмт хэргийн бүх шинжийг агуулж буй үйлдэл хийсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг бөгөөд эрүүгийн эрх зүйн онол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт гэмт хэргийн шинж гэдэгт тодорхой нийгэмд аюултай үйлдлийг тодорхойлж буй Эрүүгийн хуульд заасан объектив болон субъектив шинжүүдийн нэгдлийг ойлгодог.

Түүнчлэн шүүхийн шийдвэрт тусгагдсан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 10220 тоот дүгнэлт, шинжээч эмч Т.Ч, хохирогч Р.А нарын мэдүүлэг нь хохирогчийн биед“... зүүн нүдний дээд зовхи шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний доод зовхины зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсныг нотолсон агуулгатай байх боловч тухайн гэмтлийг Б.У, Б.Б нарын хэн нь учруулсан болохыг нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнээгүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хохирогч Р.А*ын “... Б.У нь намайг шилэн аягаар цохисон, шилэн аяга нь хагарсан байсан, миний зүүн нүд хавдаж юм харж чадахгүй нүүр зүсэгдсэн”, гэрч Г.Д-н “... Б.У нь шилэн аягаар Р.А-ын толгой руу цохисон, мөн үснээс нь зулгааж нүүр рүү нь цохиод байсан, дараа нь харахад нүүр нь хавдсан байсан”, гэрч Г.А-ийн “... Б.У нь барьж байсан аягаараа нүүр рүү нь цохисон”, Б.У-ын “... барьж байсан аягаар Р.А-ын толгой руу нь цохисон, бид хоёр харилцан зодолдсон, би нүүрийг нь маажсан” гэж хэргийн үйл баримтын талаар харилцан зөрүүгүй мэдүүлснийг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, шүүгдэгч Б.Б-ийн гэм бурууг эргэлзээгүй, хөдөлбөргүй нотолсон баримт хэрэгт авагдаагүй болно.

Өөрөөр хэлбэл, хохирогч Р.А-ын биед учирсан “зүүн нүдний дээд зовхинд шарх, зөөлөн эдийн няцрал, дагзны хуйханд шарх, дух, хамрын нуруу, зүүн хацар, уруул, зүүн нүдний доод зовхи, баруун өвдөгт зулгаралт, эрүүнд цус хуралт, баруун гарын алга, зүүн бугуйнд зулгаралт, зүүн гуя, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл нь Б.У-ын гэм буруутай үйлдлээс үүссэн гэж үндэслэлтэй байна.

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Б-ийг “бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон гэж түүнийг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар хэргийг бодит байдлыг тогтоох, шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх” нотолгооны стандарт шаардлагыг илтэд хангаагүй гэж үзсэн болно.

Шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийн талаар мөрдөн байцаалтад цугларсан нотлох баримтууд нь түүний гэм бурууг хөдөлбөргүй нотолж чадаагүй, прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг бүрэн хангаагүй байх тул энэ талаар гаргасан шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтунгалагийн гомдлыг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд эргэлзээ гарвал түүнийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмын дагуу шүүгдэгч Б.Б-т холбогдох хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1642 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1236 дугаар магадлалд:

“Б.Б-т холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт...

Шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч Б.Б-ийн өмгөөлөгч Д.Энхтунгалагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.

 

 

                                         ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                         ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                             Б.БАТЦЭРЭН

                                                                                                             Д.ГАНЗОРИГ

                                                                                                             Ч.ХОСБАЯР