Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сономпилын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2016/0645/З |
Дугаар | 982 |
Огноо | 2016-11-29 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 29 өдөр
Дугаар 982
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Я.О*******, Э.Н*******, итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, Ж.А*******
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн А/335 дугаар захирамж, 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн А/131 дүгээр захирамжийн М.Н*******ад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Я.О*******, нэхэмжлэгч Я.О*******, Э.Н******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, нэхэмжлэгч О.О*******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н, Г.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч Ц.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Я.О*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* нар шүүхэд гаргасан нэхэмжлэдээ болон А.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн хуучнаар 15 дугаар хороо одоогоор 19 дүгээр хорооны Шарга морьтод зуслангийн газар авч, 2004 онд байшингаа барьсан. Улмаар өөрийн ашиглаж байсан газраа 2 хувааж тал газрыг нь өөрийн хүргэн хүү Э.Н*******ын нэр дээр шилжүүлсэн. Бидний эзэмшиж, ашиглаж хил хязгаар татаж олон жил амьдарч байшин газрыг маань бусдад давхцуулан олгох нь газрын тухай хуулиар хориотой үйлдэл юм байна. Гэтэл үл таних этгээдүүд манай хашаан дотор байшин барихаар хайрга барилгын ажил эхэлсэн. Иймд холбогдох газарт хандаж улмаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад албан тоотоор хариу өгч байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Монгол улсын иргэн эрх зөрчигдвөл шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэж нэхэмжлэгч гаргахад хүрлээ. Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гомдлын хариуг аваад хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргалаа. Иймд бидний хашаа дотор бусад газар олгосон Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар тоот захирамжийн М.Н*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгож зөрчигдсөн эрхийг хамгаалж өгнө үү.
М.Н******* гэх хүн бол тус газарт ямар ч хамаарал байхгүй. М.Н*******ын захирамж танил талаа ашиглан өөрийн нэрийг хууль бусаар оруулсан гэж үзэж байна. Түүний нэр дээр гарсан захирамжид гаргасан өргөдөл байдаггүй. Өргөдөлгүй захирамжууд нь ихэвчлэн газрын албаны танил тал, хамаатан садангаар дамжуулан захирамж гаргасан байдаг. Захирамж гарсны дараа өргөдлийг хойноос нь нөхөж оруулдаг. Өргөдлийг бүртгэлийн дэвтрээс шүүхэд бүх өргөдөл гарч ирдэг. Бүртгэлгүй өргөдөл гэж байдаггүй. Бүртгэлгүй өргөдөл нь ихэвчлэн Газрын алба, Засаг даргын тамгын газрын албан хаагчдын ах, дүү, хамаатан, садан найз нөхдөдөө өргөдөлгүй захирамж гаргасан байдаг. Э.Н******* нь өргөдөл болон холбогдох бүх баримтыг бүрдүүлэн өгсөн байдаг. Гэтэл газрын мэдээллийн сангаас Э.Н*******ыг хасч, М.Н*******ын мэдээллийг оруул гэсэн баримтууд гарч ирсэн. М.Н******* нь манай барилгын суурь байсан газрыг хашаа барьж авсан гэсэн худал зүйлийг ярьдаг. Хашааг хэзээ баригдсан байсныг бүх хүмүүс мэднэ. Зуслангуудад харуул, манаач, зохион байгуулагч гэсэн хүмүүс бусдаас мөнгө авч хүний газрыг өөр этгээдэд дур мэдэн өгдөг асуудал байдаг.
Газрын маргааны хувьд тухайн газар хэний эзэмшил ашиглалтад байна вэ? гэдгийг харах ёстой. Мөн тухайн газар нь хуулийн дагуу олгогдсон эсэхийг тогтоох ёстой. Газрын албанаас М.Н*******ын нэрийг захирамжид шургуулан оруулсан гэж үзэж байна. Учир нь М.Н*******ын нэр дээр гаргасан өргөдөл байдаггүй. Өргөдөл байхгүй бол хуулийн дагуу эрх үүсээгүй гэж үзэж байна.
Газар эзэмших эрх маань 2 байдлаар гарч байна. Нэг нь бодит байдлаар газар дээрээ газрыг эзэмшиж байна. Нөгөөх нь бичиг цаасны эрхийн асуудал гарч байна. Бичиг цаасны хувьд М.Н*******ад эрх байхгүй байна. Өргөдөл байхгүй тохиолдолд бичгээр эрхийг олгох боломж байхгүй. Хавтаст хэрэгт авагдсан кадастрын зургийг судалж үзэхэд хаана ч байхгүй кадастрын зургийг оруулж байгаад дараа нь Э.Н*******ын нэрийг хасч түүний нэгж талбарын дугаарыг өөрийн кадастрын зурагт оруулсан байдаг. Тэгэхээр М.Н*******ад олгосон нэгж талбарын дугаар нь худал, хуурамч болох нь харагдаж байна. Нэгж талбарын дугаарт давхцал байх ёсгүй. М.Н*******ад өргөдөл байхгүй тохиолдолд бусад материал нь хууль бус байх боломжтой. Тухайн газар нь бодит байдал дээр Э.Н*******ын эзэмшил, ашиглалтад 2003 оноос хойш 13 жил байгаа газар дээрээ хашаа барьсан. Хэрэв М.Н******* нь тухайн үед байшин барихаар хундам цутгаж байсан газарт хашаа барьсан бол тухайн цаг үедээ буюу 2003 онд гомдол гаргаад явах байсан. М.Н******* нь 2003 онд газраа авсан гэдэг боловч 2003 онд газрыг эзэмшихээр гаргасан өргөдөл байдаггүй. Э.Н*******т олгогдсон гэрчилгээ, газар эзэмших эрхийг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэс байхгүй.
Хашаанд нэвтрэн орж газар ухсан хүмүүс газрыг эзэмших эрхтэй гэж үзэж байсан юм бол 13 жил хаана юу хийж явсан юм бэ?, Нэгж талбарын дугаар нь тухайн газар эзэмшигчийн регистрээр явдаг. Гэтэл 1976 онд төрсөн хүний регистрийн дугаар 1930 онд төрсөн хүний регистрийн дугаар болж өөрчлөгдчихдөг юм бэ? Энд хууль бус зүйл явагдаад байна. Э.Н*******ын хувьд ямар нэгэн зөрчил байхгүй. Иймд Э.Н*******ын нэр дээрээс М.Н*******ад шилжүүлэн нэгж талбарын дугаар олгосон үйлдэл, захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн хуучнаар 15 дугаар хороо одоогоор 19 дүгээр хорооны шарга морьтод зуслангийн газар авч 2004 онд байшингаа барьсан. Улмаар өөрийн ашиглаж байсан газраа 2 хувааж тал газрыг нь өөрийн хүргэн хүү Э.Н*******ын нэр дээр шилжүүлсэн. Бидний эзэмшиж, ашиглаж, хил хязгаар татаж олон жил амьдарсан байшин, газрыг бусдад давхцуулан олгох нь Газрын тухай хуулиар хориотой үйлдэл юм. Гэтэл үл таних этгээдүүд манай хашаан дотор байшин барихаар хайрга, барилгын материал буулгаж барилгын ажил эхэлсэн. Иймд холбогдох газарт хандаж улмаар Нийслэлийн Засаг даргад гомдол гаргахад албан тоотоор хариу өгч байгаа нь бидний эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Монгол Улсын иргэн эрх зөрчигдвөл шүүхэд маргаанаа шийдвэрлүүлэх эрхтэй гэж үзэн нэхэмжлэл гаргахад хүрлээ. Нийслэлийн Засаг даргаас 2016 оны 5 дугаар сарын 24-ний өдөр гомдлын хариуг аваад хуульд заасан хугацаанд нэхэмжлэлээ гаргалаа.
Нэхэмжлэгч Э.Н******* нь 2003 оны 02 дугаар сарын 15-нд хуулийн дагуу өөрийн хашаалсан 1000 м.кв бүхий газрыг эзэмших хүсэлтийг хорооны Засаг даргаар цохуулаад Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны Засаг даргаар цохолт хийлгээд хуулийн дагуу газраа зассан. Ингэснээр 2003 оны 131 тоот захирамжид нэр нь орж газар эзэмших эрх нь үүссэн. 2008 онд газраа сунгуулах хүсэлт гаргасан. 2008 оны 10 дугаар сарын 17-нд тухайн газраа сунгуулах хүсэлт гаргаад 260 тоот Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар 15 жилийн хугацаатай газраа сунгуулсан байна. Энэ газар 491 м.кв талбайтай, 1864332750289 гэсэн нэгж талбарын дугаартай. Өнөөдрийн маргааны үндэслэл бол хэний газар дээр давхцал үүссэн талаар яригдаж байна. Я.О*******т 2010 оны 9 дүгээр сарын 9-ний өдрийн 320 тоот шийдвэрээр 581 м.кв талбай бүхий 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн 1******* нэгж талбарын дугаартай газрын давхцал байхгүй гэдэг нь шүүхэд цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна.
Газрын гол маргаан нь 2006 онд Э.Н*******ын нэр дээр нэгж талбарын дугаарыг мэдээллийн санд оруулсан байна. Энэ нэгж талбарын дугаар дээр гуравдагч этгээд М.Н*******ын газар давхцуулсан асуудал үүсч, Газрын тухай хуульд зааснаар газар эзэмших өргөдөл өгсөнд нь газар эзэмших эрх үүсдэг. 2003 онд Э.Н******* өргөдлөө өгч, хорооны дарга н.Балжиннямаар цохолтоо хийлгээд 2004 оны Засаг даргын захирамжид нэрээ оруулж, хуулийн дагуу газар эзэмших эрхтэй болсон. 2003 онд М.Н******* гэх хүн өргөдөл гаргаагүй. Э.Н*******ын өргөдөл архиваас гарч ирсэн. Гуравдагч этгээд М.Н*******ын хувьд ямар нэгэн өргөдөл хүсэлтгүй, зөвхөн захирамжид нэр нь хавсаргагдсан байгаа.
Нэгэнт газар эзэмших эрхтэй болсон бол газартаа хил хязгаар татаж, хашаа барих зэрэг хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл М.Н*******ын тухай ийм асуудал байгаагүй. 2006 онд Э.Н*******ын кадастрын нэгж талбарын дугаар мэдээллийн санд орсон. М.Н******* гэх хүнд нэгж талбарын дугаар байхгүй байгаад 2008 онд газраа сунгуулах хүсэлт гаргасны дараа Э.Н*******ын нэгж талбарын дугаарыг хасч оруулсан. Энэ нь Геодези зураг зүйн газраас ирүүлсэн албан бичгээр харагдаж байгаа. М.Н******* нь захирамжтай гэж байгаа боловч газрыг эзэмшиж ашиглаагүй, хөрөнгө оруулсан зүйл байхгүй. Э.Н*******ын хуулийн дагуу авсан газартай давхцаж байна. Мөн өргөдөл, хүсэлт гаргасан зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Я.О******* гэх хүн яагаад хамтран нэхэмжлэгчээр орох болсон бэ гэх асуудал яригдана. Я.О******* хашаа барьж авсан газрынхаа байшин байгаа хэсгийг 2010 онд эзэмших хүсэлт гаргаж, газар эзэмших эрх нь нээгдэн, нэгж талбарын дугаар олгогдсон. Ямар нэгэн давхцал байхгүй болохыг шүүхэд нэхэмжлэл гаргасныхаа дараа мэдсэн. ” гэжээ.
Нэхэмжлэгч Я.О*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******, Ж.А******* нар нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: “... Э.Н******* нь анх 2003 онд хэн ч ашиглаагүй хоосон газарт хашаа хатгаж байшин барьсан. Энхэүү хатгасан хашаа маань өнөөдрийг хүртэл энэ хэвээр байгаа. Газрын албанд хүсэлт гаргахад иргэн том газар олгохгүй гэсэн учраас хадам ээж буюу Я.О******* тал газраа хувааж кадастрын зураг хийлгэсэн. Гэтэл газрын албаны эрх мэдэлтэнгүүд бусдын газарт шунаж бидний эзэмшиж, ашиглаж байгаа газартай давхцуулан газар олгож кадастр хийлгэсэн байна. М.Н******* нь 2003 оноос өнөөдрийг хүртэл Шарга морьт зусланд огт амьдарч байгаагүй. 2003 оны 8 дугаар сараас өнөөдрийг хүртэл М.Н******* гэгч этгээд хашаа хатгаагүй, газраа огт ашиглаж байгаагүй. Өөрөөр хэлбэл бидний хашаа хатгаад 13 жилийн болж байгаа манай газарт2003 онд ямар нэгэн маргаан гаргаж М.Н******* гэгч этгээд газар чөлөөлүүлэх болон газрын албанд ямар нэгэн маргаан гаргаж байгаагүй.
Хэрэв М.Н******* нь 2003 онд 400 м.кв талбай газар эзэмших эрхтэй болсон бол яагаад өөрийн газрын хил хязгаар, заагийг тогтоож хашаа хатгаагүй юм бэ гэдэг асуулт гарч ирж байна. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д газраа 2 жил дараалан газраа ашиглаагүй бол газар эзэмших эрх хүчингүй болдог хуультай. Хэрэв М.Н******* нь 2003 оны газрын гэрчилгээтэй байсан бол шүүхэд газар чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргасан бол бид тухайн үед газрын маргаанаа шийдвэрлүүлэх боломжтой байсан. Ер нь М.Н*******ын газар хүссэн өргөдөл болон сонгож авсан газар нь хаана байсан нь ч эргэлзээтэй байсан болно. Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 тоот захирамжийн М.Нанчдад холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Я.О*******, Э.Н******* нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамж, 2008 оны 335 дугаар захирамжийн М.Н*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Үүнд: Тус дүүргийн 19 дүгээр хороо, Шаргаморьтын зусланд иргэн М.Н*******ад дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар 400 м.кв, 2008 оны 335 дугаар захирамжаар 389 м.кв газрыг тус тус 5-15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн. Нэхэмжлэгч Э.Н*******т мөн зусланд тус дүүргийн 2003 оны 131 дүгээр захирамжаар 400 м.кв, 2008 оны 260 дугаар захирамжаар 491 м.кв газрыг 15 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн байна. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй газрын давхцал байгаа эсхүл, тус газарт ямар эрх нь зөрчигдсөн эсэх нь шүүхэд гаргасан нэхэмжлэлд тодорхой бус байна.
Мөн Я.О*******ийн асуудал өнөөдрийн маргаанд яригдахгүй. Сүүлийн 3 орон тоо нь 279 гэсэн нэгж талбарын дугаар бүхий газар нь М.Н******* гэх хүний нэр дээр байхгүй. Я.О******* нь нэхэмжлэгч биш юм. 2003 оны 131 дүгээр, 2008 оны 335 дугаар захирамжаар газрыг гуравдагч этгээдэд олгосон. 2010 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн нотариатаар батлуулсан өргөдөл байдаг. Өргөдөлд Э.Н******* миний бие 2003 он газрыг эзэмшсэн. Гэтэл 2010 онд давхар кадастрын зураг хийлгэсэн М.Н******* гэх хүн гарч ирсэн гэж тайлбарласан байдаг. Энэ өргөдлөөс харахад 2010 онд нэхэмжлэгч Э.Н******* миний эрх нь зөрчигдөж байна гэдийг 6 жилийн өмнө мэдсэн байна. Түүнээс хойш 6 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Энэ нь нэхэмжлэл гаргах хугацаагаа алдсан гэж үзэж болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 335 дугаар захирамжийн М.Н*******ад холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тэдний нэхэмжлэлийн шаардлагад дараах байдлаар хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд: М.Н*******ад Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо Шарга морьт зуслангийн газарт 388.6 м.кв 1******* нэгж талбарын дугаартайгаар 5 жилийн хугацаатай эзэмших эрхийг олгож, 2003 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 010407070 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болсон. 2004 онд газрын кадастрын зургийг хийлгэж, 2008 онд эдлэн газрын улсын бүртгэл бүртгүүлж, 2009 онд архивын зурган мэдээллээр тус газар НЭ30093000 регистрийн дугаартай М.Н*******ын эзэмшилд бүртгүүлж байсан. 2008 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн буюу гэрчилгээнд заасан хугацаанд хугацаа сунгах өргөдөл гаргаснаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжаар сунгагдсан.
Харин Э.Н*******, Я.О******* нар Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн 15 дугаар хороо, Шарга морьт зуслангийн газарт 400 м.кв талбайтай 1******* нэгж талбарын дугаартай газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмших эрхийг олгож, 2005 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 049920 дугаартай газар эзэмших эрхтэй болсон. Гэтэл 2010 онд М.Н*******ын кадастрын зургийг устгаж Э.Н*******ын кадастрын зургийг Газрын мэдээллийн санд оруулж, 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр буюу гэрчилгээнд заасан хугацаанаас 3 жилийн өмнө Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар захирамжаар сунгалт хийлгэсэн.
М.Н******* Монгол Улсын Газрын тухай хуульд зааснаар газар эзэмшиж, газар эзэмшигчийн бүхий л эрх, үүргийг гүйцэтгэж, улмаар эзэмшлийн газар дээр байшин барихаар байшингийн суурь барьж байгуулсан бөгөөд 2010-2015 онуудад эрүүл мэндийн шалтгаанаар гадаадад удаа дараа зорчиж байсан ба М.Н*******ын эзэмшлийн газар дээр Э.Н*******, Я.О******* нарт давхардуулан газар эзэмших эрх олгосныг мэдээгүй байсан болно. М.Н******* Монгол Улсын хүчин төгөлдөр үйлчилж буй аль ч хууль тогтоомжийг зөрчөөгүй бөгөөд Газрын тухай хуульд заасан журмаар газар эзэмших хүсэлт, өргөдөл гаргаж, газар эзэмших эрх авсан бөгөөд түүний ийнхүү шударгаар олж авсан эзэмших эрх бүхий газар дээр иргэн Я.О*******, Э.Н******* нарт давхардуулан эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. Иймд Газрын тухай хууль тогтоомжийн хэм хэмжээг зөрчин М.Н*******ын эзэмшлийн газар дээр давхцуулан Э.Н*******, Я.О******* нарт газар эзэмших эрх олгосон нь хууль зүйн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
М.Н******* гэх хүн нь миний ээж одоо 85 настай. 2003 онд бүхий л баримтаа ном, журмын дагуу өгч газраа авсан. Өргөдөл яагаад алга болсон бэ? гэдэг дээр нэхэмжлэгч нарыг хардаж байна. Нэхэмжлэгч нар маш олон удаа газрын албаар явсан байдаг. Газар дээрээ барилгын суурь цутгасан. Энэ газрын гэрчилгээ нь хууль ёсны гол нотолгоо гэж үзэж байна. Энэ гэрчилгээг өргөдөлгүй ямар ч этгээдэд өгдөггүй. 2003 онд өргөдөл өгөөд энэ гэрчилгээг захирамжаар авсан учраас 2008 онд 5 жилийн хугацаанд хууль ёсоороо сунгасан. 2008 оны сунгасан баримтаа хадгалаад гадаад явахдаа хаана хийснээ санахгүй байж байгаад сая олсон. Гэтэл Э.Н******* 2003 онд захирамж гарахад яагаад 2005 онд гэрчилгээ авсан байдаг. Хэргийг үзэж байхад кадастрын зургийг том, жижиг болгоод өөрчилсөн байдаг. Би кадастрын албанд очиж байгаагүй. Хэн өөрчилж байгааг нь мэдэхгүй байна. Я.О*******ийн захирамжийг гарахдаа өөр хүний регистрийн дугаартай өөр хүний нэр дээр байдаг. Манай гэрчилгээ хууль ёсны байгаа учраас маргаан үүсгээгүй явж байгаа.” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийг авч үзэхэд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой, үндэслэл нь бодитой байх ёстой. Хэрэгт авагдсан баримтаар анх Э.Н******* 2003 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжаар 400 м.кв газрыг эзэмших эрхийг олж авсан байдаг. Я.О******* тайлбарлахдаа Э.Н******* аваад бид нар 2 хуваасан гэж ярьсан. Хавтаст хэрэгт 18 дугаар хуудаст авагдсан нотлох баримтаар цагдаагийн байгууллагын гаргасан өргөдөл байгаа. Түүнд “...Би анх энэ газрыг аваад Э.Н*******т талыг нь өгсөн” гэж ярьдаг. Гэх мэт нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэж байгаа үйл баримтууд нь тодорхойгүй, бодитой биш байна гэж үзэж байна.
Я.О*******ийн тайлбарласнаар газраа 2 хуваасан гэж үзэх юм бол анх Э.Н*******ын 2003 онд авсан 400 м.кв газар хуваагдах ёстой байтал өнөөдрийн байдлаар Э.Н*******ын 400 м.кв газар нь 491 м.кв газар, Я.О******* 581 м.кв газартай болсон. Нийт эдгээр хүмүүс 1072 м.кв газартай болсон байна. Гэтэл 2003 оны байдлаар Я.О*******т газар эзэмших эрх огт байгаагүй. Өөрийнх нь тайлбарлаж байгаагаар анх Э.Н******* аваад 2 хуваасан гэдэг нь үндэслэлтэй байна. Гэтэл М.Н*******ын газрыг нэмж аваад 2 хуваасан байгаа. Ингээд нэхэмжлэлийн шаардлага бодит биш гэж үзэж байна.
Нэхэмжлэлийг Я.О*******, Э.Н******* нар гаргасан гэх боловч нэхэмжлэлд Я.О******* гарын үсэг зурсан. Э.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э******* гарын үсэг зурсан байгаа. 2016 оны 5 дугаар сарын 9-нд олгосон итгэмжлэлээр тодорхойлж хэлэхдээ газрын маргаантай асуудлыг шийдвэрлэхдээ миний өмнөөс шүүхэд төлөөлөх итгэмжлэл олгож байна гэсэн эрх олгосон. Гэтэл ямар газрын маргаантай шийдвэрлэхэд оролцох эрх олгож байгаа нь тодорхойгүй. Мөн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах эрхийг олгоогүй байна. Харин гаргасан нэхэмжлэл дээр оролцох эрхийг олгосон байгаа. Иймд итгэмжлэл нь А.Э*******т өөрийг нь төлөөлж нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байхад нэхэмжлэл гаргаад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд орж байна. Энэ итгэмжлэлийг хууль зүйн талаас нь дүгнэж үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа Э.Н*******ыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т заасны дагуу Э.Н******* өөрөө гарын үсэг зураагүй нэхэмжлэл гаргах эрх олгоогүй байдлаар гаргасан нэхэмжлэлийг шүүхэд гаргасан нэхэмжлэл гэж үзэж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Я.О******* нь Э.Н*******тай газар хувааж авсан гэх нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй. Хавтаст хэргийн 106 дугаар хуудсанд газрын албанд гаргасан өргөдөл байдаг. Мөн хавтаст хэргийн 18 дугаар хуудсанд Я.О******* анх 2008 оны 162 дугаар захирамжаар газар эзэмших эрх баталгаажуулж авсан. Гэтэл М.Н******* 2003 оны 131 дүгээр захирамжаар газар эзэмших эрх авсан байсан. 2003 оны захирамж Я.О*******ийн эрхийг зөрчих хууль зүйн үндэслэл байхгүй гэж үзэж байх тул Я.О*******ийн эрх ашиг нь зөрчигдөөгүй байна. Мөн хавтас хэрэгт Сүхбаатар дүүргийн Газрын албаны 2016 оны 11 дүгээр сарын 14-ны 11/1554 дугаар албан бичгээр Я.О*******т газар эзэмших эрх олгоогүй гэсэн тодорхойлолт ирсэн байна. Тухайн үед мэдээллийн сан бүрхэг байсныг ашиглан, төөрөгдүүлэх замаар Э.Н*******тай хувааж авсан гэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзэж байна.
Мөн газрын харилцаа геодези зураг зүйн албанаас ирүүлсэн баримтаар 2008 онд 289 нэгж талбайн газрыг М.Н******* гэдэг хүнд кадастрын мэдээллийн санд газар эзэмших эрхтэй гэж бүртгэгдсэн байсан. Гэтэл 2010 онд хэн нэгний итгэмжлэлгүйгээр төрийн захиргааны байгууллагад Я.О******* өргөдөл гаргаж М.Н*******ын газрын кадастр болон нэгж талбарын дугаарыг өөрчлүүлсэн байна. Энэ нь төрийн захиргааны байгууллагын хууль бус ажиллагаа явагдаж байна гэж үзэж байна. Үүнээс харахад Я.О*******ийн эрх ашиг зөрчигдөөгүй байна, Э.Н*******ыг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна. Мөн эдгээр хүмүүсийн эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэж байна иймээс нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нараас эзэмшлийн газарт давхцуулан М.Нанчдад газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн засаг даргын үйл ажиллагаа хууль бус гэж марган Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжийн М.Нанчдад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжийн М.Нанчдад холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогчдоос хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх талаар санал, хүсэлт гаргаагүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг товлон зарлаж, шүүх хуралдаанаар хэргийн хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно. Шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар, шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж, үнэлээд дараах хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлтийг хийж, нэхэмжлэгч Я.О*******ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Э.Н*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр захирамжаар Э.Н*******, М.Н******* нарт “Шарга морьт” гэх газарт тус бүр 400м2 газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлэхээр шийдвэрлэж, уг шийдвэрийг үндэслэн М.Нанчдад 2003 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 010407070 тоот гэрчилгээ , Э.Н*******т 2005 оны 06 дугаар сарын 17-ны өдөр 049920 тоот гэрчилгээ олгожээ.
Газрын тухай хуулийн 29 дүгээр 29.1-т иргэнд гэр бүлийнх хамтын хэрэгцээнд зориулан гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар 0.07 га газрыг үнэ төлбөргүйгээр эзэмшүүлэхээр, газар эзэмшихийг хүссэн иргэд мөн хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан зүйлийг тусгасан хүсэлтийг гаргахаар байна. 2003 онд Э.Н*******, М.Н******* нарын газар эзэмших хүсэлт, Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасан тухайлбал эзэмших газрын хэмжээ, зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг болон холбогдох баримт газрын хувийн хэрэгт байхгүй, газар эзэмшүүлсэн захирамжид газрын байршил, хаягийг тодорхой заагаагүй, эргэлтийн цэгийг нь бэхэлж, нэгж талбарыг хүлээлгэж өгөөгүй зэрэг нөхцөл байдлаас үүдэлтэйгээр маргаан үүсчээ.
Нэхэмжлэгч талаас Э.Н*******ын хувьд 2003 онд анх газар эзэмших өргөдлийг гаргаж, тухайн үеийн хорооны Засаг даргад уламжилж байсан, харин М.Н******* нь өргөдөл гаргаж байгаагүй гэж маргасан ч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131 дүгээр захирамжаар тус бүрт газар эзэмшүүлсэн байх тул хэн нэг нь газар эзэмших эрхтэй эсэх талаар маргах үндэслэлгүй юм. Мөн М.Н******* нь газрыг эзэмших эрхтэй болсноос хойш газраа зориулалтаар ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэлтэй гэх тайлбарын хувьд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эсэхийг тухайн шатны Засаг дарга шийдвэрлэх эрхтэй ба М.Нанчдын газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэр гараагүй нь нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарахгүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нараас маргаан бүхий акт буюу М.Нанчдад газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 131, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгасан 2008 оны 335 дугаар захирамжийн холбогдох хэсгийг эзэмшлийн газартай давхацсан гэх үндэслэлээр хүчингүй болгуулахыг хүссэн ба шүүх хуралдааны явцад Я.О*******ийн эзэмшлийн газарт давхцалгүй, зөвхөн Э.Н*******ын эзэмшил бүхий газартай бүрэн давхцалтай гэж тайлбарлаж, газрын хэмжээний хувьд тусгайлан маргаагүй болно.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Н шүүхэд гаргасан тайлбартаа “....М.Н******* эзэмшил газартаа хашаа хатгаж, байшин барихаар суурь цутгаж байсан, эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад удаа дараа зорчиж байсан, М.Нанчдын эзэмшлийн газарт Э.Н*******, Я.О******* нарт газар давхцуулан олгосон.” гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч Я.О*******ийн “...2003 онд анх Э.Н******* өргөдөл гаргасан. Газрын албаны хүмүүс аваачиж үзүүлээд газар том байна гээд хувааж авсан ,....2004 оны намар хашаалсан. Хашаалсан хэлбэр, хэмжээ өөрчлөгдөөгүй” гэх тайлбар , нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******гийн “.....Э.Н******* нь 2003 оны 2 дугаар сарын 15-нд хуулийн дагуу өөрийн хашаалсан 1000м2 бүхий газрыг эзэмших хүсэлтийг хорооны Засаг даргаар цохуулаад ....2003 оны 131 тоот захирамжид нэр нь орж газар эзэмших эрх нь үүссэн.”гэх тайлбар , шүүхээс маргаан бүхий газарт хийсэн үзлэгээр Я.О*******, Э.Н******* нарын эзэмшил газрын хил хязгаарыг тогтоож тусгаарласан зүйлгүй, нийт хашаалсан байдалтай байсан зэргээс үзвэл бодит байдал дээр Э.Н******* хууль ёсоор эзэмших газраас илүү газрыг хашаалан эзэмшиж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Я.О******* нь Шарга морьтод газар эзэмшихээр хүсэлт гаргасан хугацаа, байршил, хэмжээс тодорхойгүй ч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар 579м2 газрыг 15 жилийн хугацаагаар эзэмшүүлжээ. Гэтэл уг захирамжийг бус Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2010 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 320 дугаар захирамжийг үндэслэн 581м2 газрыг эзэмших эрхийн 2010 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 0318472 тоот гэрчилгээг авсан байх ба нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 162 дугаар захирамжаар анх эзэмшсэн 579м2 газрын талаар газрын мэдээллийн санд байхгүй харин 2010 онд эзэмшсэн 581м2 газрын нэгж талбарын дугаар бүртгэлтэй байна. Эндээс дүгнэвэл Э.Н*******аас Я.О*******т газар эзэмших эрхээ шилжүүлсэн шийдвэр гараагүй, Я.О******* нь тус газар шинээр газар эзэмшсэн байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 162 дугаар захирамжаар Я.О*******т 15 жилийн хугацаагаар газар эзэмшүүлсэн байхад 2010 онд дахин газар эзэмшүүлэх эсвэл хугацаа сунгах хууль зүйн үндэслэлгүй боловч нэхэмжлэгч Я.О******* 2008 оны 162 дугаар захирамжаар газар эзэмших эрхтэй талаар маргаагүй бөгөөд шүүх хуралдаанд нэхэмжлэгч Я.О******* болон түүний төлөөлөгч Ж.А******* нараас М.Н*******ын эзэмшлийн газар түүний эзэмшил газарт давхцаагүй болохоо зөвшөөрч, Э.Н*******ын эзэмшиж буй газарт анх амьдарч байсан, тус газрын эзэмшлийн байдлын талаар сайн мэдэхийн хувьд харж хандаж байдгийн хувьд хамтран нэхэмжлэл гаргасан талаар тайлбарласан болохыг тэмдэглэж байна.
Иймд нэхэмжлэгч талаас 2003 онд М.Нанчдад газар эзэмшүүлсэн нь тэдний эзэмшлийн газартай давхцаж газар эзэмших эрх зөрчигдсөн талаар маргаж байхад Я.О******* нь 2010 онд хууль ёсоор газар эзэмших эрхээ баталгаажуулсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар болон өөрийн тайлбараа тогтоогдож байх тул түүнийг нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой маргах үндэслэлгүй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
2. 2008 онд Э.Н*******, М.Н******* нарт газар эзэмшүүлсэн 5 жилийн хугацаа дуусч, Э.Н*******ын хүсэлт /хүсэлтийг хэзээ гаргасан тодорхойгүй, огноо байхгүй ч өргөдөл дээр хүлээн авсан байгууллагынх байж болох 2008.08.04 гэсэн тэмдэглэгээтэй/-ээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 260 дугаар захирамжаар 491 м2 газрыг, М.Нанчдын 2008 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр гаргасан хүсэлтээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 335 дугаар захирамжаар 389 м2 газрыг тус тус зуслангийн зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмшүүлсэн байна.
Газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахад Э.Н*******, М.Н******* нарын эзэмшиж байсан газар өөрчлөлт орж, уг хэмжээсээр газрын кадастрын зургийг Э.Н******* Сүхбаатар дүүргийн Газрын албаар, М.Н******* мэргэжлийн холбогдох байгууллага /”Бичил Оюу” ХХК/-аар хийлгэсэн байх ба тус кадастрын зургийг газрын мэдээллийн нэгдсэн санд оруулахдаа газрын газар эзэмшигчийн нэрийг удаа дараа өөрчлөн бүртгэж байжээ.
Газрын харилцаа геодези зураг зүйн газраас ирүүлсэн зураг, тайлбараас [17] харвал газрын мэдээллийн нэгдсэн санд 2006 онд нэгж талбарын 18643327508289 дугаар бүхий 491 м2 газар нь Э.Н*******ын нэрээр бүртгэлтэй байсан байх 2008 онд газарт өөрчлөлт орж нэгж талбарын 1******* дугаар бүхий 388м2 газар бүртгэлтэй болж, 2009 оноос хойш М.Н*******ын нэрээр бүртгэгдэж, 2010 оны 07 дугаар сард дахин Э.Н*******ын эзэмшлийн газар өмнөх нэгж талбарын дугаар, хэмжээгээр дахин бүртгэгджээ. Харин 1******* дугаар бүхий 581м2 газар нь 2010 оны 7 сард Я.О*******ийн нэрээр бүртгэгдсэн байна.
Газрын хувийн хэрэгт авагдсан материалаас үзвэл анхны кадастрын зураг М.Н*******ын 2008 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр зураг /нэгж талбарын дугааргүй/ авагдсан байх ба уг зураг дээр Э,Н*******, М.Н******* нарын газрын байршил зэрэгцээ байрлалтай буюу Э.Н*******ын эзэмшил газар нь ертөнцийн зүгээр М.Н*******ын газрын баруун талд байрлалтай болохыг зааж нэрийг бичсэн харагдах ба уг зураг дээр 2008 оны 10 дугаар сарын 27-ны өдөр газрын мэдээллийн санд Э.Н*******ыг хасч, М.Н*******ыг оруулах талаар цохолт хийгдсэн. Э.Н*******ын эзэмшлийн газрын байршлыг 2010 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар гаргасан кадастрын зурагт мөн Э.Н*******, М.Н******* газрын байршилд өөрчлөлт ороогүй, зураг дээр М.Нанчдын кадастрын зургийг устгаж, Э.Н*******ын кадастрын зургийг газрын мэдээллийн санд оруулах цохолт хийгдсэн байх ба зургийн зүүн дээд өнцөгт гар бичмэлээр 1******* дугаарыг тэмдэглэсэн мөн өдөр Я.О*******ийн эзэмшлийн газрын байршлын кадастрын зураг хийгдсэн байх ба уг зураг Э.Н*******, М.Н******* нарын эзэмшил газрын аль хэсэгт хамаарч байгаа нь ойлгомжгүй, зураг дээр Э.Н*******ыг устгаж, Я.О*******ийг газрын мэдээллийн санд оруулах талаар цохолт хийж, зургийн зүүн дээд өнцөгт гар бичмэлээр 1******* дугаарыг тэмдэглэжээ.
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27 дугаар зүйлийн 27.1 “Газрыг ....... зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.3 “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна.” 31 дүгээр 31.3 “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна.”гэж зааснаас тус тус үзвэл нэгж талбар бүхий дугаартай газар нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээр баталгаажиж, өөрөөр хэлбэл давхцалгүй байхаар байна. Иймээс М.Н******* 2003 онд, Э.Н******* 2005 онд газар эзэмших эрхийн гэрчилгээтэй болж, 2008 онд тус тус бүр эрхийн гэрчилгээгээ сунгуулсан байх тул хоёулаа хууль ёсоор газар эзэмших эрхтэй бөгөөд, газрын мэдээллийн сан дахь мэдээллээс үл хамааран эзэмшил газрын байршил нь давхцалгүй болох нь дээрх баримтуудаар нотлогдож байна гэж үзлээ. Харин, М.Н******* нь газраа эзэмшилдээ байлгаж эзэмшиж, ашиглаагүйгээс Э.Н*******ын эзэмшил газрын байршил, хил заагийг тодорхойлохгүй явсаар яваандаа Я.О*******т газар эзэмших боломж үүссэн байна. Гэхдээ Я.О*******ийг газар эзэмших эрхтэй болох үед буюу 2010 оны 09 дүгээр сараас өмнө М.Н*******ын эзэмшил газар газрын мэдээллийн санд бүртгэлтэй байсан болох нь Газрын харилцаа, зураг зүйн зүйн газраас ирүүлсэн тайлбараар нотлогдож байна.
Иймд маргаан бүхий акт гарахаас өмнө нэхэмжлэгч Я.О*******т газар эзэмших эрх үүсээгүй, хууль бусаар газар эзэмшин амьдарч байсан байх тул М.Нанчдын газрын эзэмшлийн талаар маргах эрхгүй этгээд гэж үзэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, маргаан бүхий актын улмаас нэхэмжлэгч Э.Наранбаатрын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдөөгүй байна гэж дүгнэж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5, 109.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Я.О*******, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А*******, А.Э******* нарын “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжийн М.Нанчдад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.
2. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэг, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3 дахь хэсэг, 31 дүгээр зүйлийн 31.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Э.Н*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э*******ийн “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2003 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 131 дүгээр, 2008 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 335 дугаар захирамжийн М.Нанчдад холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай .
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, өмгөөлөгч мөн хуулийн 108 дугаар зүйлийн 108.3 дах хэсэгт заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ОЮУНГЭРЭЛ