Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 86

 

“А а б” ХХК-ийн гомдолтой,

Х-У дүүргийн ТХ-ийн ХШТ-ийн

туб Ц.А,Ч.Э нарт холбогдох

 зөрчлийн хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

       Даргалагч:                    Танхимын тэргүүн М.Батсуурь                       

       Шүүгчид:                       Б.Мөнхтуяа

                                             Д.Мөнхтуяа

                                             П.Соёл-Эрдэнэ                                  

       Илтгэгч шүүгч:             Г.Банзрагч

       Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал

Гомдлын шаардлага: “Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0756 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч: Гомдол гаргагчийн төлөөлөгч М.Б, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г нарыг оролцуулж,

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Б болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н-ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

       Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0756 дугаар шийдвэрээр: Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 17 дугаар зүйлийн 17.2-т тус тус заасныг баримтлан “А а б” ХХК-ийн “Татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 тоот “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0756 дугаар шийдвэрийн “Тогтоох” хэсгийн 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг баримтлан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 дугаар шийтгэлийн хуудсаар “А а б” ХХК-ийн 2014, 2015 онд гаргасан зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг зохих журмын дагуу өршөөн хэлтрүүлэхийг хариуцагч нарт даалгасугай” гэж нэмж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г, Г.Б: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 128/ШШ2019/0756 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 29 дүгээр магадлалыг эс зөвшөөрч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. “А а б” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарт холбогдох захиргааны хэргийг хоёр шатны шүүх хянан шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч талын хувьд хоёр шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна.

5. Давж заалдах шатны шүүхийн 29 дүгээр магадлалын ХЯНАВАЛ хэсэгт: “...Тодруулбал, утга агуулгын илэрхий алдаатай гэдэг нь тухайн захиргааны актыг эрх зүйн мэдлэггүй, ердийн ухамсрын түвшинд хэн ч хараад хуульд нийцсэн байх боломжгүй гэсэн дүгнэлтийг хийхүйц байхыг ойлгодог”, түүнчлэн бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэдэг нь “хувийн болон нийтийн эрх зүйн аль ч салбарт бодит нөхцөл байдалд тохирохгүй, үүрэг ногдуулж болохгүй” гэсэн эрх зүйн үндсэн зарчимд нийцсэн байхыг ойлгоно. Гэтэл Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн зөрчилд шийтгэл оногдуулах тухай 232018012 дугаар шийтгэлийн хуудас нь дээрх тайлбарт тодорхойлсон байдлаар дүгнэгдэх боломжгүй байна....” гэжээ.

6. Нэхэмжлэгч “А а б” ХХК-д 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 232018012 дугаар шийтгэлийн хуудсаар торгууль оногдуулсан. Ингэхдээ Татварын ерөнхий хууль болон Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн зарим зүйл хэсэг заалтыг үндэслэн зөрчил гаргасан болохыг тогтоосон нь хууль бус гэж үзэж байна. Учир нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Зөрчлийн тухай  хуулийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хууль, захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн, энэ хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг зөрчил” гэнэ гэж заасан байдаг.

7. Мөн хуулийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг энэ хуулиар тогтооно”, 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд хуулийн этгээдэд шийтгэл оногдуулна” гэжээ. Өөрөөр хэлбэл, “А а б” ХХК–ийг зөрчил үйлдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийг нь эдлүүлээгүй, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн ямар зүйл хэсэг заалтыг зөрчсөн болохыг дурдалгүй зүгээр л зөрчил үйлдсэн гэх үндэслэлээр торгууль оногдуулсан 232018012 дугаар шийтгэлийн хуудас нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай, түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Эрх зүйн мэдлэггүй, ердийн ухамсрын түвшинд хэн ч хараад ямар зөрчил гаргасныг нь бичилгүй шууд шийтгэл оногдуулсан захиргааны актыг хуульд нийцсэн байх боломжгүй гэдгийг ойлгоно, зүйрлэвэл Эрүүгийн хуульд заасан ямар нэг гэмт хэрэг үйлдсэн талаар огт дурдалгүй хорих ял оногдуулсантай утга нэг юм.

8. Нийтийн эрх зүйн салбарын хувьд авч үзвэл, ямар зөрчил үйлдсэнийг тогтоолгүй, шийтгэл оногдуулсныг бодит нөхцөл байдалд тохирохгүй гэж үнэлж дүгнэгдэхээр байгаа болно. Зөрчлийн үндсэн шинж буюу бүрэлдэхүүний талаар Зөрчлийн тухай хуулийн ерөнхий ангид тодорхой заасан байдаг /объект, объектив тал, субъект, субъектив тал/. Хавтаст хэрэгт дээр дурдсан бүрэлдэхүүн байгаа эсэхийг шалгаж тогтоосон талаарх бичгийн нотлох баримт байхгүй болно. Иймд 232018012 дугаар шийтгэлийн хуудас, анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0756 дугаар шийдвэр, давж заалдах шатны шүүхийн 29 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан прокурорт буцааж өгнө үү гэжээ.

9. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н: ...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасныг үндэслэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1-д “А а б” ХХК-ийн 2014, 2015 онд гаргасан зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг өршөөн хэлтрүүлснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

10. Маргаан бүхий “А а б” ХХК-тай холбогдолтой 232018012 дугаар  шийтгэлийн хуудас нь 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарсан байхад Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль”-ийн 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэж заасныг баримтлан “А а б” ХХК-ийн 2014, 2015 онд гаргасан зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг өршөөн хэлтрүүлсэн нь хуульд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй тул давж заалдах шатны шүүх хууль бус магадлал гаргасан гэж үзэж байна.

11.  Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1-д нь “А а б” ХХК-ийн 2014, 2015 онд гаргасан зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг өршөөн хэлтрүүлснийг хүчингүй болгож, “А а б” ХХК-ийн 2014, 2015 онд гаргасан зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг хуульд нийцэж байгааг харгалзан хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

12. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалын шийдэл зөв боловч Тогтоох хэсгийн бичиглэл буруу байна.

13. Гомдол гаргагч “А а б” ХХК-иас хариуцагч татварын улсын байцаагч нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 тоот шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий гомдол гаргасныг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв байна.

14. Тодруулбал, хариуцагч нар “А а б” ХХК-ийн 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оныг дуустал хугацааны татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, зөрчил илрүүлсэн тул Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, 4, 1.5 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг баримтлан Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1.3, 74.1.4, 74.2, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт заасныг үндэслэн маргаан бүхий шийтгэлийн хуудсаар тус компанид шийтгэл оногдуулсан байх бөгөөд уг актад баримталсан Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж заажээ.

15. Иймд, Зөрчлийн тухай хуулийн уг зүйлийн дагуу хариуцагч нараас зөрчил гарах үед хүчин төгөлдөр үйлчилж байсан татварын хуулиудын холбогдох зүйл, заалтыг үндэслэн шийтгэл оногдуулсан нь үндэслэлтэй байх тул “...Зөрчлийн тухай хуулийн ямар зүйл, заалтыг зөрчсөн болохыг дурдалгүйгээр шийтгэл оногдуулсан нь утга агуулгын илэрхий алдаатай, бодит байдалд биелүүлэх боломжгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн, зүйрлэвэл Эрүүгийн хуульд заасан ямар нэг гэмт хэрэг үйлдсэн талаар огт дурдалгүй хорих ял оногдуулсантай утга нэг...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 6-8-д заасан гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

16. Өөрөөр хэлбэл, маргаан бүхий шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3, 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус актад хамаарахгүй, энэ талаарх шүүхүүдийн дүгнэлт үндэслэлтэй. 

17. Давж заалдах шатны шүүх Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн /цаашид Өршөөлийн хууль гэх/ 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт заасны дагуу гомдол гаргагч “А а б” ХХК-ийн зөрчил үйлдсэн цаг хугацааг харгалзан маргаан бүхий шийтгэлийн хуудсаар ногдуулсан зөрчилд холбогдох төлбөрийн зарим хэсэг болох торгууль, алданги, хүүг уг хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд нийцүүлж өршөөн хэлтрүүлэх үндэслэлтэй талаар зөв дүгнэсэн.

18. Учир нь, Өршөөлийн хуулийн үйлчлэх хугацааг уг хуулийн Нийтлэг үндэслэл болох 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан, мөн ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх хэлбэрийг зохицуулсан 4 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл хууль хэрэглэх журмыг зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.1 болон 10.2 дахь хэсгийг тус тусдаа бие даасан үндэслэл гэж тайлбарлах нь зүйтэй.

19. Тодруулбал, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан этгээдэд хамааралтай бол, харин 10.2 дахь хэсэг нь ял, шийтгэл хүлээсэн этгээдийн хувьд, өөрөөр хэлбэл, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр ял, шийтгэл эдэлж буй бол эдлээгүй үлдсэн эсхүл гүйцэтгэгдээгүй /захиргааны шийтгэл хүлээсэн боловч биелэгдээгүй байгаа/ ял, шийтгэлээс нь өршөөн хэлтрүүлэх үндэслэл юм.

20. Өршөөлийн хуулийн үйлчлэх хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө адилхан гэмт хэрэг, эсхүл зөрчил үйлдсэн хоёр этгээдийн нэг нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр ял, шийтгэл хүлээсэн гэдэг үндэслэлээр өршөөлд хамаарч, харин хоёр дахь нь түүний үйлдлийг эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаанаас хойно илрүүлж, тогтоон, шийтгэсэн гэсэн үндэслэлээр уг хуулийг хэрэглэхгүй байх нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлд тунхагласан төрийн үйл ажиллагааны “тэгш байдал”, “шударга ёсны” зарчимд нийцэхгүй, иймээс “... маргаан бүхий акт 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гарсан байхад давж заалдах шатны шүүх “А а б” ХХК-ийн 2014-2015 онд гаргасан зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг өршөөн хэлтрүүлсэн нь хуульд нийцээгүй...” гэсэн утгатай энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 9-10-д заасан хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй.

21. Харин давж заалдах шатны шүүх өөрөө маргаан бүхий шийтгэлийн хуудсаар оногдуулсан “А а б” ХХК-ийн 2014-2015 онд гаргасан зөрчилд хамаарах алданги торгууль, хүүг хуульд заасан хугацаагаар буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаар зааглан өршөөн хэлтрүүлэх боломжтой байтал тухайн онд хамаарах хүү, торгууль, алдангийг бүхэлд нь “өршөөн хэлтрүүлэхийг хариуцагчид даалгаж” шийдвэрлэсэн нь буруу байна.

22. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалын Тогтоох хэсэгт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.          

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 29 дүгээр магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Ц.А, Ч.Э нарын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 232018012 дугаар шийтгэлийн хуудсаар “А а б” ХХК-ийн 2014-2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнөх зөрчилд оногдуулсан алданги, торгууль, хүүг зохих журмын дагуу өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчилж, магадлалын бусад  хэсгийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

 2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар гомдол гаргагчаас тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

            ШҮҮГЧ                                                                  Г.БАНЗРАГЧ