Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00913

 

 

 

 

 

2021 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2021/00913

 

 

 

 

М.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Ч.Цэнд, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2021/00618 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч М.Нын хариуцагч Ж, Н.С, Л ХХК, З.А нарт холбогдуулан гаргасан барьцааны гэрээг хүчингүй болгуулж, хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жамиймаа, хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Тогмид, хариуцагч Л ХХК болон Н.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Ган-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.С нь 2017 оны 4 сард зээл авахдаа үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг 2 сарын хугацаанд ашиглаад өгье гэж хэлж итгэмжлэл гаргуулан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг авсан. Жижиг дунд үйлдвэрлэлийн газрын Л ХХК болон З.А нартай байгуулсан 2016 оны 12 сарын 20-ны өдрийн 2016/З-70 тоот зээлийн гэрээгээр Л ХХК болон З.А нар нь 500 000 000 төгрөгийн зээл авч Л ХХК-ийг төлөөлж Н.С гэрээнд гарын үсэг зурсан байна. Мөн барьцааны гэрээнд М.Нын өмчлөлийн Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3 дугаар хороолол, 44-15 тоот хаягт байрлалтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061652 дугаарт бүртгэгдсэн орон сууцыг барьцаалсан. Иргэн М.Н 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр олгосон итгэмжлэлээрээ дээрх орон сууцыг Жижиг дунд үйлдвэрийн газарт барьцаанд тавих, гарын үсэг зурах төлөөлөх бүрэн эрхийг Н.Ст 2 сарын хугацаатай олгож, нотариатаар гэрчлүүлсэн. Гэтэл барьцааны гэрээнд Л ХХК-ийг төлөөлж Н.С, мөн З.А нар гарын үсэг зурсан байна. Иргэн М.Н нь зөвхөн Н.Ст эрх олгосон ба Л ХХК, З.А нарт эрх олгоогүй байхад дээрх үл хөдлөх эд хөрөнгийг барьцаанд тавьсан нь итгэмжлэлээр олгосон хэлбэрийг зөрчиж, итгэмжлэл олгосон этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байна. Уг итгэмжлэл 2017 оны 06 сарын 27-ны өдөр дууссан тул мөн төлөөлөх эрх дуусгавар болсон. Иймд Ж болон Л ХХК, З.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 05 сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээг хүчингүй болгож, барьцааны зүйл болох орон сууцны гэрчилгээг гаргуулж, хөрөнгийг барьцаанаас чөлөөлж өгөхийг хариуцагч нарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Жижиг, дунд үйлдвэрийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан Л ХХК болон З.А нартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, гэрээг улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй. Мөн М.Н нь 2017 оны 04 сарын 27-ны өдөр өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг манай сангийн зээлийн барьцаанд тавьж, гэрээ байгуулах бүрэн эрхийг олгосныг Баянгол дүүргийн тойргийн нотариатч Ч.Эрдэнэбаяр гэрчилсэн. Тус итгэмжлэлд ... ХХААХҮЯамны Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих зээлийн барьцаанд тавихыг зөвшөөрч байгаа тул холбогдох гэрээ хийх, гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, төлөөлөх бүрэн эрхийг олгож байна гэжээ. Гэрээ байгуулсан Л ХХК нь хариуцагч Н.Сын үүсгэн байгуулсан, түүний 100 хувь эзэмшдэг компани юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Л ХХК болон Н.С нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Н.С миний бие хуванцар вакум цонх үйлдвэрлэх төсөл өгч зээл авах төслөөр шалгарсан ба гэрээ байгуулж санхүүжилт авсан. Ажил эхлээд явж байхад нэмэлт санхүүжилт хэрэгтэй болсон ба зарим эд хөрөнгөө худалдах зорилгоор барьцаа хөрөнгийг солих шаардлагатай болсон юм. Энэ зорилгоор М.Нын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгийг нэмэлт гэрээ байгуулан барьцаанд тавьсан. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ тооцоолсноос хэт өндөр үнэтэй байсан тул үйлдвэр байгуулах төсөл удааширсан. Үүнээс болж сангийн зүгээс зээлээ буцаан шаардсан. Иймд М.Нын нэхэмжлэл гаргаж байгааг ойлгож байна. М.Нын байрыг чөлөөлж өгөхөөр сангийн ажилтнуудтай ярилцаж байгаа. М.Н эгч ямар зорилгоор, яагаад тухайн хөрөнгийг барьцаалж байгааг, эрх зүйн ямар үр дагавартайг ойлгож байгаа. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Агийн шүүхэд гаргасан тайлбарт: З.А би өөрийн хүү болох Н.Сын Хуванцар вакум цонхны профайл үйлдвэрлэх төслийг санхүүжүүлэх гэрээнд шаардлагын дагуу хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон. Мөн 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдөр байгуулсан барьцааны нэмэлт гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр орж гарын үсэг зурсан. Харин Н.С, М.Н нарын хооронд хийгдсэн итгэмжлэлд оролцоогүй, хамтран итгэмжлэл аваагүй тул хариуцагчаар татагдах хууль зүйн үндэслэлгүй гэж бодож байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 56.1.8, 57 дугаар зүйлийн 57.1-д заасан үндэслэлгүй тул Ж болон Л ХХК, З.А нарын хооронд байгуулагдсан 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэрээг хүчингүй болгож, эрхийн улсын бүртгэлийн Ү-2205061652 дугаарт бүртгэгдсэн, Баянгол дүүргийн 9 дүгээр хороо, 3-р хороолол /16095/ 44-р байрны 15 тоот хаягт байрлах, 37.93 м.кв талбайтай орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг буцаан гаргуулах, уг хөрөнгийг барьцаанаас чөлөөлүүлэхийг хариуцагч нарт даалгахыг хүссэн М.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2, 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг зөрчиж нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг бодитоор үнэлэлгүй, хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж, нэхэмжлэлийг бүхэлд нь үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.

Хариуцагч Л ХХК болон Н.С нар Л ХХК болон Н.С нар нь М.Нын нэхэмжлэлийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тул хуулийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна гэж шүүхэд хариу тайлбар гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн гэж буруу дүгнэсэн. Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д зааснаар хүчингүй болох ёстой гэж үзсэн. Харин Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-д заасан зохицуулалт нь зохих этгээдийн зөвшөөрөл авах хуулийн шаардлага нь өмчлөгчийг эсхүл хэлцэл хийгч нэг тал, зарим тохиолдолд талуудын хэн алины эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилготой юм. М.Н нь Л ХХК болон З.А нарт өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавих эрх олгоогүй байхад Л ХХК болон З.А нар нь М.Нын зөвшөөрөлгүйгээр түүний өмчлөлийн эд хөрөнгийг барьцаанд тавьсан болох нь бүрэн нотлогдож байна.

М.Наас Н.Ст олгосон итгэмжлэлд ... өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих эрхийг зөвхөн Н.Ст олгож, итгэмжлэл нь олгосон өдрөөс эхлэн 2 сарын хугацаанд хүчинтэй бөгөөд итгэмжлэлийн хугацаанд гуравдагч этгээдэд шилжүүлэх эрхгүйгээр олгосон болно. гэж итгэмжлэлд тодорхой заасан байхад гуравдагч этгээд болох Л ХХК болон З.А нар нь Н.Ст олгосон итгэмжлэлийг зөрчиж М.Нын өмчлөлийн эд хөрөнгийг өөрсдийн авсан зээлийн барьцаанд тавих эрхгүй болох нь дээрх нотлох баримтуудаар нотлогдсон. Иймд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан-ийн Л ХХК болон З.А нартай байгуулсан 2017 оны 05-р сарын 02-ны өдрийн Зээлийн барьцааны гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлт гэсэн гэрээнд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8, 56.4, 56.6, 56.5, мөн хуулийн 57 зүйлийн 57.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн М.Нын зөвшөөрөлгүйгээр итгэмжлэлийн тохирсон хэлбэрийг зөрчсөн хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэгч М.Нын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Нэхэмжлэгч М.Н нь хариуцагч Ж, Л ХХК, Н.С, З.А нарт холбогдуулан барьцааны гэрээг хүчингүй болгуулж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулах, хөрөнгийг барьцаанаас чөлөөлөхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгийг Жижиг дунд үйлдвэрийн газарт барьцаанд тавих эрхийг иргэн Н.Ст олгосон, харин итгэмжлэл олгоогүй этгээд болох Л ХХК болон З.А нар 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээ байгуулсан гэж тайлбарласан.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэл, 57 дугаар зүйлд заасан хүчин төгөлдөр бус гэж тооцож болох хэлцэл гэсэн хуулийн өөр өөр зохицуулалтуудыг хэрэглэн хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулаагүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагч Л ХХК, З.А нарт барьцааны гэрээ байгуулах эрх олгоогүй байхад 2017 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж, өөрийнх нь хөрөнгийг барьцаалсан гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзэж, барьцааны зүйлийг чөлөөлөхөөр шаардаж байхад анхан шатны шүүх хариуцагч барьцааны гэрээний нөгөө талыг төөрөгдсөн гэж дүгнэсэн нь ойлгомжгүй, нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй хууль хэрэглэсэн байна.

Түүнчлэн, хариуцагч Л ХХК, Н.С нар шүүх хуралдаанд эхлээд эвлэрэн хэлэлцэх хүсэлт гаргасныг хариуцагч Жижиг дунд үйлдвэрийн газар зөвшөөрсөн тайлбар гаргаж байхад анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, 26 дугаар зүйлийн 26.3 дах хэсэгт заасан хэргийн оролцогчийн эрхийг хангаагүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.4-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаарх мэдээллийг бүрэн өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд эвлэрэх, эвлэрүүлэн зуучлагчийн туслалцаа авах боломжтойг сануулах ажиллагааг явуулахаар зохицуулсан.

 

Мөн нэхэмжлэлд заагдсан үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ хариуцагч нарын хэнд нь байгаа нь тодорхой бус байхад хэргийг шийдвэрлэх боломжгүй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргуулахаар шаардаж байгаа тохиолдолд энэ нь хариуцагч нарт байгаа эсэх нь ач холбогдолтой. Дээрх байдлаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой болсноор шүүх шаардах эрхийн үндэслэл болсон эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, холбогдох хуулийн зохицуулалтыг оновчтой тайлбарлан хэрэглэх боломжтой болох юм.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.3 дах заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 184/ШШ2021/00618 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Нын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

ШҮҮГЧ Ч.ЦЭНД

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ