Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,

Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ч

Хохирогчийн өмгөөлөгч Б.Дагийнамжил

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,

Шүүгдэгч Д.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Дүүрэнбилэгийн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  Д.Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .....дугаартай хэргийг 2018 оны 05 дугаар  сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

           

Мо Д.Т  

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурьдсанаар/

 

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.-н эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Д.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г-тэй 2017 оны 09 дүгээр сарын 24-нд пиво хувааж ууж байгаад салсан. Муудсанаа мэдэхгүй байна. Г-г эхнэртэйгээ муудалцаж байхад нь би салгасан. Тэгээд л дундуур нь ороод Г-тэй ноцолдсон байх. Цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцна гэв,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ч-ны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бид өндөр настны цэнгүүнд явах гэж байсан. 09 өнгөрч байхад эмнэлэг дээр ирсэн байна ир гэсэн. Намайг очиход сувилагч нь оёдол хийсэн гэж хэлсэн. Яаралтай хагалгаанд ор гээд хагалгаанд ороод би өөрөө сахиж хэвтсэн. Цаашид манай хүүхэд өрөөсөн нүдтэй болсон, үлдсэн нүдийг нь бас үзүүл гэсэн. Одоогоор үзүүлсэн эмчилгээний зардлыг өгсөн. Сая шилэн нүд хийлгэсэн. Цаашид энэ хүүхэд юм дуулахгүй, уцаартай болсон. Гомдолтой байна. Олон жоохон хүүхэдтэй, хэлж ярьж чадахгүй болсон. Энэ зодооноос болоод сэтгэцэд нь нөлөөлсөн байх. ... Т олон нялх хүүхэдтэй болохоор хорих ял шийтгэнэ гэхэд хэцүү байна, харин хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж болох ба цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилмээр байна ... гэв,

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн:  “...миний хүү Г нь чих дүлий юм сонсохгүй учир нь хүн юм асуухад тэрийг бол бүрэн гүйцэт ойлгож хариулах чадвар муу. Тийм болохоор энэ хэрэгт нь би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байгаа юм. Г нь хүн юм асуухаар их л ойлгож байгаа юм шиг яриад байдаг тэгээд дараа нь тэр ярьсан ярианы талаар нь асуухлаар ярьсан яриагаа санадаггүй, шал ондоо өөр юм яриад байгаа юм..." гэсэн мэдүүлэг,  /хх- ийн 116 дугаар хуудас/

 

Хохирогч Ц.Г-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би одоо яг юугаар цохисоныг бол мэдэхгүй байгаа. Би бол гараараа цохьсон байх гэж бодож байгаа. Манай хүүхэд намайг гэрт хөтөлж ирсэн байсан. Би тухайн үед яг юу болсон талаар санахгүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар хуудас/,

 

Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаар “… 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхийг үзэхэд Ц.Г-н биед /гэмтлийн дараах зүүн нүдний алиман дотор цус хуралт, эвэрлэг болон солонгон бүрхүүл, шиллэг биеийн урагдал/-ын улмаас зүүн нүдний хараагүйдэл, хөмсөгний шарх, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 65 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 9-11 дүгээр хуудас/,

  

Насанд хүрээгүй гэрч О.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би одоо өдрийг нь бол мэдэхгүй байна. Тэр өдөр манай гэрт Т агаа тэгээд манай аав хоёр пиво уусан. Манай аав Г, Т хоёр манай гэрт 2 ширхэг том пиво уусан. Тухайн үед манай гэрт ээж манай ээж О, аав Г, Т бид нар байсан. Тэгээд тэр пивоо ууж дуусаад Т агаа манай аавыг цуг явъя гэж хэлсэн. Тэгсэн ээж О битгий яв гэж хэлсэн. Тэгсэн манай аав гэрээс гараад явахаар нь би гараад цуг аавтайгаа мотоцикль дээр цуг суугаад гэрээс баруун урагшаа явсан. Тухайн үед гадаа харанхуй шөнө болж байсан. Тэгээд хөдөө очиж зогсож байгаад манай аав Г, Т агаа хоёр мотоциклиос буугаад хоорондоо ноцолдоод эхэлсэн. Тэгээд Т агаагийн хүүхэд бид хоёр уйлсан. Тэр хоёр ноцолдоод байсан. тухайн үед гадаа харанхуй байсан учир юу ч харагдаагүй. Тэгээд тэр газраа мотоциклио орхиод аав намайг явъя миний хүү гэж хэлсэн. Тэгээд аав Г бид хоёр тэндээс явган гэрлүүгээ алхаад явсан. Тэгээд гэрт ороод аавынхаа нүдийг харсан чинь цус гарчихсан байсан...”, “...манай аав Г гэрлүү цуг явж байхдаа ёооё нүд өвдөөд байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуудас/,

  

   Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09-р сарын 24-ний өдөр би төвийн дуудлагын эмчээр Мандах сумын эмнэлэгт ажилтай байсан. Тухайн үед харанхуй болчихсон 21 цагийн орчимд байх -ний эхнэр О гэж хүн эмнэлэг дээр өөрөө дуудлага өгсөн гэж надад хэлсэн, сувилагчид дуудлага өгсний дагуу сувилагч Н болон манай сумын хэсгийн төлөөлөгч Б бид нар очсон. Бид нар Г-ий гэрт нь очиход Г нь согтуу өөрийгөө авч явах чадваргүй байдалтай байсан. Г-ий хувцас хунар нь тоос болчихсон бөөлжсөн байдалтай амнаас нь спиртийн төрлийн зүйл үнэртсэн, асуусан асуултанд хариулах чадваргүй байдалтай байсан. Мөн Г-ний зүүн нүдний дээд зовхи нь хавдсан, нүднээс нь цус гарсан байдалтай байсан...”, “...Намайг үзэх үед нүдний бүрэн бүтэн байдал алдагдсан дүүрэн цус хуралттай байсан. Би зовхи нь нилээн хавдчихсан байсан учир нүдийг нээж үзэхэд нүд нь ямар нэгэн гэрлийн урвалгүй байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-38 дугаар хуудас/,

 

Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09-р сарын 24-ний өдөр... манай гэрээс гарч явах үедээ Т эхлээд хүүхдээ сундлаад гараад явсан. Харин Г хүү Ц-г мотоцикль дээрээ сундлаад би Т-г гаргаж өгнө гээд гараад явсан. Би харин гэртээ ганцаараа үлдсэн. Тэгээд Г гэрээсээ гараад нилээн удаж байгаад ирсэн. Би яг хэр удсаныг бол мэдээгүй. Тэгээд Г хүү Ц-г дагуулчихсан нүүр, ам нь цус болчихсон явган гэртээ ирсэн. Би тэгэхээр нь явж эмнэлэг дээр очиж түргэн дуудсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

 

Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2017 оны 09-р сарын 25-ны өдөр ... тухайн үед Г-н зүүн нүдний зовхи хавдаж хөхөрсөн, зүүн нүдэнд ямар ч гэрлийн урвал байхгүй, нүдний тонус алдагдсан битүү цустай байсан...”, “...шинжилгээгээр Г- зүүн нүдний бүтэц бүрэн алдагдсан, битүү цус хурсан, дахин сэргэх ямар ч боломжгүй байсан...”, “...бид эхний хагалгаагаар нүдний шингэн, дараа нь 2 дахь удаагийн хагалгаагаар нүдний бүтцийг орлуулах бөмбөлөг суулгасан. 2 дахь хагалгаа нь нүүрний тэгш хэмийг хадгалах, нөхөн сэргээх мэс засал байсан. Дээрх эмчилгээнүүд нь Ц.Г-н харж байгаа нэг нүдэнд нөлөөлөхөөс сэргийлэх, гоо сайхны хувьд тэгш хэм алдагдахаас сэргийлж хийсэн. Цаашид ямар нэгэн хүндрэл /ноцтой хүндрэл/ гарахгүй гэж бодож байна. Хоёр хос эрхтний нэгийг алдсан тохиолдолд хөдөлмөрийн чадвар алдалт тогтоодог. Бидний зүгээс боломжтой бүх арга хэмжээг авч ажилласан...” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 236-237 дугаар хуудас/,  

 

           Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх-ийн 4-5 дугаар хуудас/,

 

         Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дугаар хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

           Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Т нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Дорноговь аймгийн Мандах сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Гийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан шүүгдэгч Д.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Г-тэй 2017 оны 09 дүгээр сарын 24-нд пиво хувааж ууж байгаад салсан. Муудсанаа мэдэхгүй байна. Г-ийг эхнэртэйгээ муудалцаж байхад нь би салгасан. Тэгээд л дундуур нь ороод Г-тэй ноцолдсон байх. Цаашид гарах эмчилгээний зардлыг хариуцна” гэсэн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч О.Ц-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хөдөө очиж зогсож байгаад манай аав Г, Т агаа хоёр мотоциклиос буугаад хоорондоо ноцолдоод эхэлсэн... Тэгээд гэрт ороод аавынхаа нүдийг харсан чинь цус гарчихсан байсан...”, “...манай аав Г гэрлүү цуг явж байхдаа ёооё нүд өвдөөд байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг,   гэрч О.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г нь согтуу өөрийгөө авч явах чадваргүй байдалтай байсан. Г хувцас хунар нь тоос болчихсон... Г зүүн нүдний дээд зовхи нь хавдсан, нүднээс нь цус гарсан байдалтай байсан...”, “...Намайг үзэх үед нүдний бүрэн бүтэн байдал алдагдсан дүүрэн цус хуралттай байсан. Би зовхи нь нилээн хавдчихсан байсан учир нүдийг нээж үзэхэд нүд нь ямар нэгэн гэрлийн урвалгүй байсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г хүү Ц-г дагуулчихсан нүүр, ам нь цус болчихсон явган гэртээ ирсэн...”гэсэн мэдүүлэг, Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г-н зүүн нүдний зовхи хавдаж хөхөрсөн, зүүн нүдэнд ямар ч гэрлийн урвал байхгүй, нүдний тонус алдагдсан битүү цустай байсан...”, “...шинжилгээгээр Г-н зүүн нүдний бүтэц бүрэн алдагдсан, битүү цус хурсан, дахин сэргэх ямар ч боломжгүй байсан...”, “...бид эхний хагалгаагаар нүдний шингэн, дараа нь 2 дахь удаагийн хагалгаагаар нүдний бүтцийг орлуулах бөмбөлөг суулгасан. 2 дахь хагалгаа нь нүүрний тэгш хэмийг хадгалах, нөхөн сэргээх мэс засал байсан...” гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ... дугаар “… 2017 оны 09-р сарын 25-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн өвчний түүхийг үзэхэд Ц.Г-н биед /гэмтлийн дараах зүүн нүдний алиман дотор цус хуралт, эвэрлэг болон солонгон бүрхүүл, шиллэг биеийн урагдал/-ын улмаас зүүн нүдний хараагүйдэл, хөмсөгний шарх, зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.31.1-т зааснаар цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 65 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт, хавтаст хэргийн 170-186 дугаарт авагдсан хохирогч Ц.Гийн өвчний түүх, хавтаст хэргийн 221-232 дугаарт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт, яаралтай тусламжийн хуудас, эмнэлэгт өвчтөн илгээх хуудас, нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 0081396 дугаарт шийдвэр зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна гэж үзлээ.

 

Учир нь: Шүүгдэгч Д.Т нь тухайн үйлдэл, үйл явдлыг санахгүй байна, муудаж маргалдаагүй, эхнэртэйгээ маргахад нь салгасан, тэгээд л ноцолдсон байх гэсэн мэдүүлэг өгсөн нь хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар болгоомжгүй үйлдэл тогтоогдоогүй болно.

 

Харин хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь санаатай гэм буруугийн хэлбэртэй, шууд ба шууд бус санаатай байна. Шүүгдэгч Д.Т нь хохирогчийн гэрээс зүүн урагш хөдөө очиж хоорондоо ноцолдсон нь тухайн үйл явдал болсон газарт байсан насанд хүрээгүй гэрч О.Ц-н “...хөдөө очиж зогсож байгаад манай аав Г, Т агаа хоёр мотоциклиос буугаад хоорондоо ноцолдоод эхэлсэн... Тэгээд гэрт ороод аавынхаа нүдийг харсан чинь цус гарчихсан байсан...”, “...манай аав Г гэрлүү цуг явж байхдаа ёооё нүд өвдөөд байна гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг нь Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г хүү Ц-г дагуулчихсан нүүр, ам нь цус болчихсон явган гэртээ ирсэн...”гэсэн мэдүүлэг, Гэрч Б.А-н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Г-н зүүн нүдний зовхи хавдаж хөхөрсөн, зүүн нүдэнд ямар ч гэрлийн урвал байхгүй, нүдний тонус алдагдсан битүү цустай байсан...”, “...шинжилгээгээр Г-н зүүн нүдний бүтэц бүрэн алдагдсан, битүү цус хурсан, дахин сэргэх ямар ч боломжгүй байсан...” гэсэн мэдүүлгээр давхар нотлогдож, цаг хугацаа, орон зайн хувьд шүүгдэгчийн мэдүүлсэн зүүн урд зүгт гэрээс холгүй газарт болсон нь тогтоогдож байна. Тухайн үйл явдал харанхуй орчинд, хөдөө хээр болсон бөгөөд насанд хүрээгүй бага насны гэрч бүрэн дүүрэн харах боломжгүй байсан ч ноцолдсон үйлдлээс хүүхдүүд айж уйлсан, хохирогч Г, шүүгдэгч Д.Т нар нь найз нөхдийн харилцаатай атлаа тухайн үйл явдлаас болж тус тусдаа яваад өгсөн нь таарамжгүй харилцаа үүссэнийг нотолж байна. Шүүгдэгч Д.Т нь хохирогчтой ноцолдсон үйлдлийн үр дагаварт хайхрамжгүй хандсан нь шууд бус санаатай ба хохирогч Ган-Эрдэнийн зүүн нүд харах үүргээ биелүүлэх ямар ч боломжгүй болсон тул мэс ажилбараар нүдээ авахуулж хиймэл эрхтэн хийлгэн хос эрхтэний нэг нь бүрмөсөн хараагүй болж эрхтэнээсээ хагацсан байна.

 

            Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь шүүгдэгч Д.Т-г шууд бус санаатайгаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэл болж байна.

 

Шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хүний эрүүл мэндэд учруулсан хохирол төлбөрөө нөхөн төлсөн, хохирогчийн талаас шүүгдэгчийн өгсөн 1 500 000 төгрөг, идэшний тэмээ авснаа хүлээн зөвшөөрч хохирол төлөгдсөн гэсэн мэдүүлэг, хохирогчийн талаас шүүгдэгч Д.Тид хорих ял оногдуулахыг хүсэхгүй байгаагаа шүүх хуралдаанд мэдүүлсэн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах санал гаргасныг улсын яллагчийн зүгээс татгалзаагүй, шүүгдэгч Д.Тийн ар гэрийн болон хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан торгох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж шүүх үзсэн болно.

 

Торгох ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн хөрөнгө болох ХААН банкин дахь харилцах дансны үлдэгдэл, хувийн малын тоо толгой, орлого олох боломж зэргийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлж улсын орлогод оруулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Ч шүүхийн хэлэлцүүлэгт: “...олон нялх хүүхэдтэй хүнийг хорих ял шийтгэнэ гэхэд хэцүү байна, харин хохирол төлбөр төлөгдсөн гэж үзэж болох ба цаашид гарах эмчилгээний зардал нэхэмжилмээр байна...” гэсэн тул цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нээлттэй орхиж нотлох баримтаа хуульд заасан журмаар бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Т-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тид 10000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10000000 / арван сая /  төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Тид оногдуулсан торгох ялыг ялтны хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж, улсын орлогод оруулахаар тогтоосугай.

 

4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

           5. Шүүгдэгч Д.Т нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, түүний иргэний баримт бичиг тус шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

 6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ө.Чулуу нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Тид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                

ДАРГАЛАГЧ                                Н.АДЪЯА