Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 2025/ДШМ/543

 

 

  2025             05             08                                       2025/ДШМ/543

 

Н.Нт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор П.Болормаа,

шүүгдэгч Н.Н,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/612 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Нын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2411012270917 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

**** овгийн Н.Н, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, ***** хотхоны ** дугаар байрны * дүгээр орцны жижүүр ажилтай гэх, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, *** ** дугаар гудамжны *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/;

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 311 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял,

- Чингэлтэй дүүргийн шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 265 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 2019/ШЦТ/1580 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,

Шүүгдэгч Н.Н нь Б.Оын эзэмшлийн 00-00 *** улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг 5 хоногийн хугацаанд түрээслэж байхдаа  хохирогч А.Аын фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан машин авна гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож, дээрх 00-00 *** улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг худалдана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр нийт 3.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Н.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Н.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч” залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ныг нэг /1/ жил гурван /3/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Наас 3.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч А.Аод олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Н.Н давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…миний бие өөрийн үлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. Би хохирогч А.Аод машин зарна гэж худал хэлэн 3 сая төгрөгийг залилан авч ашигласан нь үнэн, мөн төлж барагдуулаагүй удсан нь ч үнэн болно. Одоо миний бие хохирогч А.Аоос авсан 3 сая төгрөгийг яаралтай барагдуулах хүсэлтэй байна.

Манай ар гэрийн хувьд, 6-22 насны 3 оюутан, 2 сурагч хүүхдүүдтэй. Өөрийн хүүхдүүддээ муу үлгэр дууриалал үзүүлж байгаадаа гэмшиж, маш их ичиж байна. Ар гэрийнхний хувьд өр барагдуулах хүн надаас өөр байхгүй. Том охин маань саяхан жирэмсэн болсноо хэлэхэд өөрийгөө өвөө болох гэж байгаагаа мэдээд маш их баярлаж, бас өөрийгөө буруутган, буруу зүйл хийсэндээ гэмшиж байна.

Анх цагдаад баригдахдаа хураалгасан 100 гаруй мянган төгрөгийг өөрийн өр төлбөртөө оруулах хүсэлтэй байна.

Ийм учир миний бие нь 01 жил 03 сар хорих ялыг хорихоос өөр ял болгуулах хүсэлтэй байна. Хэрэв надад оногдуулсан хорих ялыг өөр ялаар соливол хохирогч А.Аод 3 сая төгрөг яаралтай төлж дуусгах, өөрийн үр хүүхэд болон ач зээгээ өсгөн зөв хүмүүжүүлэн, гэр бүлийн дулаан амьдралдаа хоолтой хоолгүй нь хамаагүй амар тайван амьдарч баймаар байна…” гэв.

Прокурор П.Болормаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Н нь гэм буруу дээр маргадаггүй. Хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэх гомдлыг гаргасан байна. ... залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтууд болон шүүгдэгч Н.Нын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн удаа дараагийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Хэргийн бүрдэл бүрэн хангагдсан. Шүүхээс шүүгдэгч Н.Нт 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан. Үүнийг улсын яллагчийн зүгээс шударга ёсны зарчимд нийцсэн, түүний үйлдсэн хэрэгт тохирсон гэж үзэж байгаа. Учир нь, миний бие улсын яллагчаар анхан шатны шүүх хуралдаанд оролцохдоо өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт гурав удаа ял шийтгүүлсэн байдал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд хохирол төлбөр төлөөгүй байдал, хохирол төлбөр төлөх талаар санал, санаачилга гаргаагүй байдал, түүнчлэн шунахайн сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох зорилгоор хохирогчийн өмчлөх эрхэд халдсан байдал зэргийг нь харгалзан нэг жил гурван сарын хугацаагаар хорих ялыг хаалттай байгууллагад эдлүүлэх санал гаргасан. Шүүхээс уг прокурорын саналын дагуу хэргийг шийдвэрлэж, түүнд нэг жил гурван сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг түүний үйлдсэн хэрэгт тохирсон, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзсэн.

Шүүгдэгчийн гомдолд “...мөрдөгчид 100.000 төгрөг хураалгасан, үүнийг хохирол төлбөрт тооцуулах хүсэлт гаргасан...” байна. Миний бие анхан шатны шүүх хуралдаанд томилолтоор оролцсон. Энэ хэрэгт хяналт тавьж яллах дүгнэлт үйлдсэн н.Мөнгөншагай прокурор тухайн үед ээлжийн амралттай байсан. Хэргийн материалтай танилцахад 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр буюу анх цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл ирсэн өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаах тасгийн мөрдөгч н.Сэргэлэн шүүгдэгч Н.Нын биед үзлэг хийсэн. Үзлэг хийх үед тодорхой хэмжээний мөнгө байсан талаар тэмдэглэлд дурдсан байсан. Харин түүний биед байсан эд зүйлүүдийг хураан авсан талаар баримт хэрэгт авагдаагүй. Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын хяналтад ирэхэд ямар нэгэн эд зүйл хураагдаж ирсэн, эд мөрийн баримтаар хураагдсан зүйл байгаагүй. Иймд шүүхийн хэлэлцүүлэгт энэ талаар хөндөгдөөгүй. Шүүгдэгч Н.Н нь шүүх хуралдаанд цагдаагийн байгууллагад мөнгө хураалгасан, уг мөнгийг хохиролд тооцуулах талаар яриагүй. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт яригдаагүй тул шүүхийн шийдвэрт тусгагдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Наас гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Н.Н нь Б.Оын эзэмшлийн 00-00 *** улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг 5 хоногийн хугацаанд түрээслэж байхдаа  хохирогч А.Аын фейсбүүк олон нийтийн цахим сүлжээнд байршуулсан машин авна гэсэн зарын дагуу түүнтэй холбогдож, дээрх 00-00 *** улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг худалдана гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон хуурч 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр нийт 3.000.000 төгрөг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Аын “...Миний бие 2024 оны 04 дүгээр сарын 14-15-ны өдөр өөрийн А.А гэх нэртэй хувийн фэйсбүүк хаяг дээрээ “Автомашин авна гэх утгатай зар мэдээлэл оруулсан юм. Тухайн зарын дагуу надруу 2024 оны 04 сарын 17-ны орой 23 цагийн орчимд миний фэйсбүүк хаягруу “Mount Bayar” гэх нэртэй фэйсбүүк хаягнаас чат ирсэн. Тухайн хаягнаас надруу чат бичихдээ “Акуа автомашин байна, урьдчилгаа 3.000.000 төгрөг өгөөд хувь зээлээр машин зарна” гэж чат бичсэн. Тэгээд би тэр хүнтэй 2024 оны 04 сарын 18-ны өглөө 07 цагийн үед Баянхошууны 74 дүгээр сургуулийн урд талын автобусны зогсоол дээр уулзсан юм. Тэгэхэд тухайн чат бичсэн хүн 00-00 *** улсын дугаартай хар өнгийн Акуа автомашин авч ирсэн. ...Тэр хүнтэй уулзаад уг автомашиныг үзэхэд бичиг баримт нь өөр хүний нэр дээр байсан бөгөөд эзэмшигч нь ажил явдал гарчихсан яаралтай зарах гэж байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би тэр хүнтэй уулзаад хамт байж байхдаа өөрийн Хаан банкны 5913171054 дугаарын данснаас тэр хүний Хаан банкны 5920035725 дугаартай Энхжаргал гэх нэртэй дансруу 2.500.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн юм. …Би тэр Акуа машиныг унаад тэндээсээ яваад өгсөн. 2024 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр … би гэртээ ирээд өөрийн Хаан банкны 5913171054 дугаарын данснаас тэр хүний Хаан банкны 5920035725 дугаартай Энхжаргал гэх нэртэй дансруу 22 цаг 10 минутад 500.000 төгрөгийг 1 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. …2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр эхнэр Аззаяагийн хамт явж байгаад тухайн машин зарсан хүнтэй Сансарын колонк дээр дахин уулзаад хамт Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хороо, Шадивлан орчимд ирсэн юм. Тухайн эрэгтэй нь уг Акуа автомашинд хурд хэмжигч гэх зүйл байдаг юм, тэрийг нь хурдтай давхиж явж үзэж байгаад салгадаг гэж хэлсэн. Тэгээд эхнэр, хүүхэд бид гурвыг буугаад үлдчих гээд байсан бөгөөд Шадивлан дээр байсан “CU дэлгүүрт би эхнэр Аззаяатайгаа буугаад үлдсэн юм. Тэр хүнийг ойролцоогоор 2 цаг орчим хүлээгээд, утас нь холбогдохоо больсон тул сэжиглээд дуудлага өгсөн. ...” /хх 32-33/,

гэрч Б.Оын “...Миний бие хувиараа 10-аад тооны автомашиныг бусадтай хамтран хүмүүст төлбөртэй түрээслүүлж ажилладаг юм. 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Акуа загварын 00-00 *** улсын дугаартай автомашиныг манай зарын дагуу нэг хүн холбогдож уулзаад 1 хоногоор түрээслэхээр болсон юм. Тэгээд түрээслэчихээд цаашаагаа нэмж хоног сунгасан юм. Хамгийн анх 2024 оны 04 сарын 16-ны өдрөөс 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүртэл түрээслэсэн юм. Тухайн хүнд машин түрээслүүлэхдээ гэрээ байгуулсан. Тухайн хүн нь Наранцэцэг овогтой Н.Н байсан бөгөөд өөрийн биеэр гэрээгээ байгуулсан юм. Наранцэцэг овогтой Н.Н гэх хүн нь надаас Акуа загварын 00-00 *** улсын дугаартай автомашиныг түрээслэсэн иргэн байгаа юм. …” /хх 42/,

шүүгдэгч Н.Нын яллагдагчаар өгсөн “...2024 оны 04 дүгээр сарын эхээр он, сар, өдрийг нь сайн санахгүй байна, би машин түрээслэх фэйсбүүк дээрээс машин түрээслэнэ гээд фэйж рүү ортол 89303303 дугаарыг тависан байсан. Уг зарын дагуу нэг залуутай холбогдоод бичилд 13 дугаар сургуулийн ойролцоо очиж уулзан 08-55 УБР улсын дугаартай тоёото акуа маркийн машиныг өдрийн 80.000 төгрөгөөр түрээслэхээр болж гэрээ байгуулсан юм. Ингээд би машинаа түрээслэж унаад 2-3 хоног сунгуулсан ба 2024 оны 04 дүгээр сарын дундуур өдрийг нь сайн санахгүй байна, “автомашин авна зарна” гэсэн зар дээр хямдхан машин авна гээд утасны дугаараа үлдээсэн байхаар нь уг зарын дагуу нэг эрэгтэй хүнтэй холбогдоход хямдхан машин авна гээд байхаар нь түрээсээр авсан 08-55 УБР улсын дугаартай хар бараан өнгийн тоёото акуа маркийн машиныг 3.000.000 төгрөгөөр зарахаар болоод маргааш өглөө нь Баянхошуунд сургуулийн ойролцоо уг машиныг унаж очин уулзахад 20 насны орчим нэг залуу байсан ба тэр залууд “3.000.000 сая төгрөгөөр зарна машины эзэн нь байхгүй байгаа, дараа нь уулзаж нэр дээрээ шилжүүлье” гэж худал хэлэхэд зөвшөөрсөн юм. Мөн “энэ машин хурд хэмжигчтэй, хурд хэтрүүлвэл дуут дохио ирдэг, дараа нь үлдэгдэл мөнгөө өгөхөөрөө хурд хэмжигчийг нь салгаж өгье” гэж хэлээд тухайн залуугаас 2.500.000 төгрөгийг эхнэр Энхжаргалын Хаан банкны 5920035725 тоот дансаар аваад машинаа тухайн залууд хүлээлгэж өгөөд салцгаасан. Маргааш өдөр нь би тухайн залуу руу залгаад “үлдэгдэл мөнгөө яахаар байна” гэтэл “орой өгье” гэж хэлсэн ба сансарын клонкийн ойролцоо тухайн залуутай уулзаад үлдэгдэл 500.000 төгрөгийг мөн адил Энхжаргалын Хаан банкны дансруу шилжүүлэн авсан. Тэгээд маргааш өглөө хурд хэмжигчийг нь салгаж өгье гэж салж яваад маргааш өглөө нь Сансарын клонкийн ойролцоо уулзахад тэр залуу намайг ирж авсан ба машин дотроо эхнэр, хүүхэдтэйгээ явж байсан юм. Тэгээд би хойшоо машин багатай газар очиж хурд хэмжигчийг нь салгаж өгье гээд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлин хүртэл яваад CU худалдааны төвийн гадаа ирж зогссон ба би тухайн залууд ганцаараа яваад хурд хэмжигчийг нь салгачаад ирье гэж машиныг жолоодоод шууд хөдлөөд 3, 4 дүгээр хорооллоос хүүхдүүдээ авах гээд төрсөн ээж Наранцэцэгийн байрны гадаа зам дагуу очиж байршуулж тавиад гэрлүү орсон юм. Тухайн залуу залгаад байхаар нь би утсаа аваагүй бөгөөд орой 23 цагийн үед машин түрээслэсэн залуу машин дээрээ хүрээд ирээч гээд гар утсаар дуудхаар нь гараад очтол түрээслэгч залуу, мөн машин худалдаж авсан залуу цагдаа нартай хамт байж таараад би цагдаад баригдсан юм” /хх 74/ тус тус мэдүүлгүүд,

тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 28/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 46-56/, таньж олоуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зураг /хх 57-64/, хохирогчоос гаргаж өгсөн фэйсбүүк чат, дансны хуулга /хх 121-125/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Н.Ныг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Н.Нын “00-00 *** улсын дугаартай Тоёота Акуа загварын тээврийн хэрэгслийг 5 хоногийн хугацаанд түрээслэхдээ А.Аод дээрх машинаа зарна гэж хэлээд 2024 оны 04 дүгээр сарын 18, 19-ний өдрүүдэд 2 удаагийн гүйлгээгээр нийт 3.000.000 төгрөг шилжүүлэн авч, 2024 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 24 дүгээр хорооны нутаг дэвсгэрт худалдсан автомашинд тохиргоо хийнэ гэж хэлэн автомашиныг авч явсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч Н.Н “…миний бие хохирогч А.Аоос авсан 3.000.000 төгрөгийг яаралтай барагдуулах хүсэлтэй, … анх цагдаад баригдахдаа хураалгасан 100 гаруй мянган төгрөгийг өөрийн өр төлбөртөө оруулах хүсэлтэй, … 01 жил 03 сар хорих ялыг хорихоос өөр ял болгуулах хүсэлтэй байна…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн хуулийн нөхцлийн агуулга нь шүүгдэгчийн уг илэрхийлэл бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаар тодорхойлогдох учиртай.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа болон боломжит хугацаанд даруй нөхөн төлөхөө баримтаар нотолсон байхыг ойлгоно.

Хавтаст хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрээс гарах үр дүн бодит байдалд хэрэгжих боломжтой байх нь түүний заавал биелэгдэх шинжтэй холбоотой байдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Н.Нт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн дөрвөн төрлийн ялаас хорих ялыг сонгож, 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээнээс 01 жил 03 сарын хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөн хөнгөрүүлэх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Түүнээс гадна хавтаст хэрэгт шүүгдэгч Н.Нын биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх 46/ авагдсан боловч түүний биед байсан эд зүйлийг хураан авсан талаарх нотлох баримт байхгүй байх тул Н.Н энэ талаарх хүсэлт, гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтойг дурдаж байна.

Иймд шүүгдэгч Н.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Н.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/612 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Нын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Нын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 63 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                     Г.ГАНБААТАР

                        ШҮҮГЧ                                                     Т.ӨСӨХБАЯР