| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Билгүүн |
| Хэргийн индекс | 192/2025/09534/И |
| Дугаар | 192/ШШ2025/08762 |
| Огноо | 2025-10-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2025/08762
2025 10 30 192/ШШ2025/08762
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Билгүүн даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Өмнөговь аймаг, Цогтцэций сум, .... баг, .... тоот хаягт оршин суух ..... -ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, .... дүгээр хороо, .... хороолол, .... байр, ... тоот хаягт оршин суух .....-т холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, архивчдын гудамж, .... хотхон,.....р байр, ... тоот хаягт байрлах,... м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..., хариуцагч ...., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Жанар нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь 2024 оны 5 сарын 01-ний өдөр өөрийн нагац эгч болох ..... 59,500,000 төгрөгийг зургаан сарын хугацаатайгаар зээлж авсан. Гэвч зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул ..... хүүхэд болох .... банкнаас зээл авхуулж, өөрөө зээлийг нь төлж, зээл гаргуулсан мөнгөөр .... авсан мөнгөө өгөхөөр болсон. Учир нь нэхэмжлэгч нь нийгмийн даатгалын төлдөггүй учир банкны бага хүүтэй зээл гарах боломжгүй байсан. Харин ....хувьд нийгмийн даатгалын шимтгэл төлдөг боловч барьцаа хөрөнгөгүй байсан тул өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө .... шилжүүлсэн. Ингэхдээ 2025.02.26-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлж өгсөн. Худалдсан үнийн хувьд анх орон сууцны захиалгын гэрээний үнийн дүнгээс бага байж болохгүй байсан тул тус үнийн дүнгээр буюу 78,342,000 төгрөгөөр худалдаж байгаа гэж тусгасан. Анх байгуулж байсан захиалгын гэрээ нь одоогоор нэхэмжлэгчид байгаагүй тул хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй байгаа. Мөн одоогоор тус байранд нэхэмжлэгчийн аав нь амьдарч байгаа. Талууд дээрх худалдах, худалдан авах гэрээг байгуулахдаа анхнаасаа худалдах зорилгоор байгуулаагүй, зээлийн барьцаа хөрөнгө болгож шилжүүлсэн учир талуудын хооронд 2025 оны 02 сарын 26-ны өдөр байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, ...... тоот хаягт байрлах, .... м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хэзээ зээл авсан, төлж барагдуулсан гэдгийг нарийн сайн мэдэхгүй, ээж мэдэж байгаа гэжээ.
3. Нэхэмжлэгчээс шүүхэд төлөөлөх итгэмжлэл, депозит дансны дэлгэрэнгүй хуулга, иргэний үнэмлэхийн хуулбар, 2025 оны 02 сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн болно.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
1. Нэхэмжлэгч .... нь талуудын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, ..... тоот хаягт байрлах, .... м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
1.1 Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...миний бие нийгмийн даатгалын шимтгэл төлдөггүй тул бага хүүтэй зээл авах боломжгүй байсан, тиймээс хариуцагчаар банкнаас зээл авхуулахын тулд түүний нэр дээр барьцаа хөрөнгө бий болгохоор өөрийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөө худалдах, худалдан авах гэрээ байгуулж шилжүүлж өгсөн, анхнаасаа худалдах зорилго байгаагүй...” гэсэн агуулгаар тайлбарласан.
2. Хариуцагч .... нь шүүхэд бичгээр хариу тайлбар гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн тайлбарыг гаргажээ.
3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн бүртгэлийн 0598 дугаартай худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г нэг талаас .... нөгөө талаас .... нар байгуулж, тус гэрээгээр худалдагч тал болох ...нь үл хөдлөх эд хөрөнгийн ....дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 21-р хороо, ..... тоот хаягт байрлах, 71.22 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцны зориулалттай эд хөрөнгийг худалдан авагч тал болох .... 78,342,000 төгрөгөөр худалдахаар тохиролцон гэрээ байгуулсан үйл баримт тогтоогдов.
Гэрээний 3.2 дахь хэсэгт төлбөрийг 2025 оны 02 сарын 26-ны өдөр худалдагч тал .... бэлэн мөнгөөр бүрэн төлсөн, тооцоогүй гэх агуулгыг дурджээ. /хэргийн 10-р тал/
4. Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний дагуу дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх хариуцагч ..... нэр дээр шилжсэн, одоо түүний нэр дээр байгаа талаар талууд маргаагүй.
5. Дээрх хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан бөгөөд талууд 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ /үл хөдлөх эд хөрөнгө/-г байгуулсан эсэхтэй маргаангүй, харин нэхэмжлэгчийн зүгээс дээрх гэрээгээр үл хөдлөх эд хөрөнгө худалдах зорилго байгаагүй, зээлийн барьцаанд тавиулахын тулд л шилжүүлсэн учир гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, өмчлөх эрхээ буцаан шилжүүлж авна гэж маргажээ.
6. Нэхэмжлэгч нь дээрх агуулгаар талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах шаардах эрхийн үндэслэлээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж тодорхойлж байна.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.
Нэхэмжлэгч нь “...өөрийн нагац эгчээс 59,500,000 төгрөгийг зургаан сарын хугацаатайгаар зээлж авчихаад зээлээ хугацаанд нь төлж чадаагүй тул хариуцагчаар банкнаас зээл авхуулж, өөрөө зээлийг нь төлж, зээл гаргуулсан мөнгөөр эгчээс авсан мөнгөө өгөхөөр болсон..., ...хариуцагч ..... нь нийгмийн даатгалын шимтгэл төлдөг боловч барьцаа хөрөнгөгүй байсан тул өөрийн үл хөдлөх эд хөрөнгөө .... шилжүүлсэн...” гэсэн тайлбарыг,
хариуцагч нь банкнаас зээл авсан гэдгийг нарийн сайн мэдэхгүй, ээж мэдэж байгаа гэдэг тайлбарыг тус тус гаргадаг боловч эдгээр тайлбаруудад үндэслэж талуудын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээг тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Тодруулбал, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаа шиг худалдах, худалдан авах гэрээгээр худалдах эд хөрөнгийн үнийг бага үнийн дүнгээр буюу тухайн орон сууцыг анх захиалан бариулсан захиалгын гэрээний үнийн дүнгээр байгуулсан гэх үйл баримт, тус орон сууцыг хариуцагч нь зээлийн барьцаанд барьцаалж холбогдох этгээдээс зээл авсан эсэх, хариуцагчийн авсан гэх зээлийн төлбөрийг нэхэмжлэгч нь буцаан төлж барагдуулж, барьцааны зүйлийг чөлөөлсөн зэрэг үйл баримт нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдон тогтоогдсонгүй. Нэхэмжлэгч талын зүгээс талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсанаас хойш өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийн нэр өөрчлөгдснөөс өөрөөр эд хөрөнгө худалдан авагчийн эзэмшил, ашиглалтад бодитоор шилжээгүй, нэхэмжлэгч нь хөдөө орон нутагт амьдардаг болохоор одоогоор нэхэмжлэгчийн аав амьдарч байгаа гэх тайлбарыг гаргадаг боловч тус тайлбар нь мөн л хэргийн бусад баримтаар нотлогдон тогтоогдоогүй.
7. Хэдийгээр нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор 2024 оны 5 сарын 01-ний өдөр өөрийн нагац эгч гэх ......59,500,000 төгрөгийг зээлж авсан гэх депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч 2024 оны 5 сарын 01-ний өдөр “Зээлийн эргэн төлөлт ХААНААС:300000 .......” гэсэн гүйлгээний утгатайгаар 59,500,000 төгрөгийн орлого орж ирсэн /хэргийн 7-р тал/ байгаагаас үзэхэд нэхэмжлэгчийн тайлбарладаг шиг ..... мөнгө зээлсэн бус ..... нь нэхэмжлэгч .....зээлийн төлбөртэй байсан мэт харагдахаар эргэлзээтэй, тодорхойгүй баримт байх тул тус баримтад үндэслэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.
8. Иймд дээр дурдсан үндэслэлээр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгч ..... хариуцагч ..... холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Хан-..... тоот хаягт байрлах, 71.22 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56.1-т заасан үндэслэлгүй тул мөн хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ....гийн хариуцагч ......т холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулж, Хан-Уул дүүрэг, 21-р хороо, архивчдын гудамж, фемида хотхон, ...... тоот хаягт байрлах, 71.22 м.кв орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг буцаан шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ...... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 549,660 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.БИЛГҮҮН