2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 10 сарын 15 өдөр

Дугаар 192/ШШ2025/08276

 

 

 

 

  

    2025              10            15                                              192/ШШ2025/08276

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, ***тоот хаягт оршин суух, ***паспортын дугаартай, БНХАУ-ын иргэн Х.В /***/-ий нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, ***тоот хаягт байрлах ”***” ГХОХХК /РД:***/-д холбогдох,

            Нэхэмжлэлийн шаардлага: 450,000 юань буюу 223,200,000 /хоёр зуун хорин гурван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Мэнджаргал /ШТЭД:3057/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд:

1.1. Гадаадын хөрөнгө оруулалттай “***” ХХК нь ашиглалтын тусгай зөвшөөрлийн дагуу жонш олборлох үйл ажиллагаа явуулдаг. БНХАУ-ын иргэн Х.В нь “***” ХХК-тай хамтран ажиллаж байгаад 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдөр өөрийн хариуцаж байсан уул уурхайн төслийн ажил, тоног төхөөрөмж зэрэг бүх материал, техник хэрэгслүүдийг “***” ХХК-д хүлээлгэж өгсөн. Ажлаа хүлээлгэж өгөхдөө өмнөх цалин, урамшуулал, хувь, шимтгэл болон бусад бүх зардлуудыг хэлэлцээрийн үндсэн дээр тохиролцож “***” ХХК нь Х.Вд 500,000 юанийн нөхөн төлбөрийг 3 хувааж олгохоор тооцоо нийлсэн.

1.2. Ийнхүү тохиролцохдоо 2019 оны 12 дугаар сарын 19-нд 50,000 юань, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 250,000 юань, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдөр үлдэгдэл 200,000 юань тус тус өгөхөөр 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хэлцэл байгуулж, тохиролцсон. Хэлцлийн дагуу хариуцагч нь нэхэмжлэгчийг Монгол улсаас гарахад нь 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр түүний Хөдөө аж ахуйн банкны дансанд 50,000 юань шилжүүлсэн боловч үлдэх 450,000 юанийг төлөөгүй.

1.3. Өнгөрсөн хугацаанд Ковид-19 цар тахал гарсан учир Х.В БНХАУ руу буцсан, “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал Гуан Вэй /Guan Wei/-тэй холбогдож чадаагүй, хэлцлийн дагуу надад өгөх ёстой 450,000 юань өгөөгүйд маш их гомдолтой байгаа учир 450,000 юань буюу 223,200,000 төгрөгийг “***” ХХК-иас гаргуулан шийдвэрлэж өгнө үү...гэжээ.

1.4. Нэхэмжлэгч нь хариуцагч “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал, уул уурхай хариуцсан инженер, тэсэлгээчин зэрэг ажил хийж байгаад гэрээгээ цуцалсан. Ингэхдээ тооцоо нийлсэн акт үйлдэж 500,000 юанийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон.  Талуудын хооронд үүссэн харилцааг хөдөлмөрийн гэрээний харилцаа гэж үзэхгүй байгаа. Харин хөдөлмөрийн гэрээний харилцаа дуусгавар болоод, тооцоо нийлсэн актын 2 дугаар зүйлд заасан бичиг баримтуудаа хүлээлгэж өгөөд, тооцоо нийлсэн.

1.5. Энэ нэхэмжлэлийн шаардлагаар талуудын хооронд үүссэн өмнөх гэрээний харилцаа дуусаад, шинээр үүссэн мөнгөн төлбөрийн үүргийг шаардаж байгаа. Үгийн шууд утгыг харахаар хөдөлмөрийн харилцааг зогсоосон бөгөөд сард авдаг байсан цалингийн хэмжээ 2018 оны 04 дүгээр сараас эхлээд ажилласан хугацааг экспортонд ачуулахаар гаргасан жоншны хувиар тооцож гаргасан гэж тайлбарладаг. 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний 5 дугаар зүйлд бичигдсэн “***” ХХК нь компани мөн эсэх нь тодорхойгүй байгаа. Иймд хэлцэл хийсэн тал төлбөрийг хариуцах ёстой гэж үзэж байна.

1.6. 450,000 юанийг нэхэмжлэл гаргах үеийн Монголбанкнаас тогтоосон ханшаар тооцсон. Учир нь хэлцэл дээр 500,000 юанийг хэлцэл хийх үеийн ханшаар тооцох эсэх талаар тохиролцож заагаагүй. Хөөн хэлэлцэх хугацааны хувьд 2023 онд Х.В нь Ковид-19 дуусангуут Монгол улсад орж ирсэн ба хариуцагч “***” ХХК-ийн захирал эмэгтэйн хүргэн нь байсан ба “хадам ээж өгнө гэсэн” гэж хэлсэн байдаг. Иймд Иргэний хуульд заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн тусгайлсан хугацаа үйлчлэхгүй. Учир нь нэхэмжлэгч гэрээний үүрэг шаардаагүй...гэв.

            2. Хариу тайлбар, татгалзлын үндэслэлд:

2.1. “***” ХХК, түүний хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч БНХАУ-ын иргэн Г.Ж нь БНХАУ-ын иргэн Х.Втай 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай хэлцлийг аргагүй байдалд, хүчинд автаж байгуулсан. Нэхэмжлэгч нь манай компанид анх хөрөнгө оруулж хамтран ажиллаад, уул уурхайн бүтээгдэхүүн болох хүдэр авна гэж аман байдлаар тохиролцсон. Улмаар компанийн гүйцэтгэх удирдлагаар ажиллаж, манай компанийн Дорноговь аймгийн Айраг сум, Дай уул нэртэй газар оршин 100 гектар талбай бүхий **уурхайн үйл ажиллагааг хариуцдаг байхдаа компанид их хэмжээний хохирол учруулсан. Түүнчлэн ажиллаж байх хугацаандаа тогооч Монгол эмэгтэйтэй дотно харилцаа үүсгэж, үүнээс нь болж байнга маргаан үүсдэг байсан.

2.2. Х.Вы энэ бусармаг үйлдлийг компанийн хувьцаа эзэмшигч, эцсийн өмчлөгч Г.Ж тэвчиж дийлээгүй маргаан үүсгэж, уурхайгаас явахыг шаардахад 2-3 удаа түүнд зодуулж зөөлөн эдийн гэмтэл авч байсан. Сүүлдээ 500,000 юань өгвөл явна гэсэн учир арга буюу гэрээ байгуулсан. Түүнийг хурдхан Монгол улсаас явуулахын тулд гэрээг байгуулж, гэрээнд 50,000 юанийг хил гарснаар өгнө гэж зааснаас хүч хэрэглэж хийсэн гэдэг нь харагдана. Хэлцэл байгуулснаас хойш бид нэг жилийн хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй шалтгаан нь түүнтэй дахин зууралдахыг хүсээгүй юм.

2.3. Гэрээ байгуулснаас хойш өнөөдрийг хүртэл энэ мөнгийг өгнө гэдгийг хүлээн зөвшөөрсөн үйл баримт байхгүй, олон жил өнгөрсний дараа нэхэмжилж байгаа нь хуульд заасан шаардах эрхийн хугацаа дууссан гэж үзэж байна. Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1, 75.2.3 дахь хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Хэдийгээр нэхэмжлэгч талаас Ковид-19 гарсан хүндэтгэн үзэх шалтгаантай гэж тайлбарлаж байгаа ч итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шаардлага гаргах бүрэн боломжтой байсан. Өнөөдрийг хүртэл Ковид-19 болоод нэхэмжлэл гаргаж чадаагүй гэвэл учир дутагдалтай. Учир нь нэхэмжлэл гаргах хугацаанд Ковид-19 цар тахлын нөхцөл байдал нөлөөлөөгүй. 2023 онд нэхэмжлэгч Монгол улсад ирээд уулзсан гэж байх боловч баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно уу...гэв.

3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Х.Вы Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар, “***” ХХК нь ажилтан Х.Втай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн гэрээний хуулбар, орчуулгын хамт, Мөнгөн шилжүүлгийн лавлагаа, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, “***” ХХК-ийн улсын бүртгэлийн мэдээлэл, Монголбанкнаас зарласан валютын ханшийн мэдээлэл,

4. Хариуцагч талын гаргасан нотлох баримт: “***” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний болон компанийн дүрмийн хуулбар болон холбогдох баримтууд, төлөөлөгчид олгосон итгэмжлэл, БНХАУ-ын иргэн Г.Ж паспортын болон Монгол улсад оршин суух үнэмлэхийн хуулбар, “***” ХХК-ийн **тоот ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийн хуулбар, Ковид-19 цар тахалтай холбоотойгоор өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн, хугацааг сунгасан, цуцалсан Монгол улсын Засгийн газрын тогтоолууд, өмгөөлөгчтэй байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний эх хувь,

5. Зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн баримтууд: Хил хамгаалах ерөнхий газраас нэхэмжлэгч Х.Вы Монгол улсад зорчих, оршин суух визний мэдээлэл, холбогдох баримтуудыг ирүүлсэн. /хх-81-138/

Монгол улсын Хил хамгаалах ерөнхий газраас нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х.Вы 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөс хойш Монгол улсын хилээр нэвтэрсэн талаарх лавлагааг тодорхойлолтын хамт ирүүлсэн байна. /хх-155-157/

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х.В нь хариуцагч “***” ХХК-д холбогдуулан 450,000 юань буюу 223,200,000 төгрөг гаргуулахаар шаардсан.

1.1. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: “Хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгож тооцоо нийлсэн, уг тооцоо нийлсэн актыг үндэслэн шаардаж байгаа, гэрээний үүрэг шаардаагүй учир хөөн хэлэлцэх ерөнхий буюу 10 жилийн хугацаа хамаарах тул шаардах эрхтэй” гэж тодорхойлсон.

            2. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгчтэй хөдөлмөрийн гэрээний харилцаатай байгаагүй, хөрөнгө оруулагч байсан. Нэрлэгдээгүй гэрээ, хамтран ажиллах гэрээ гэж хэлж байгаа нь талуудын хооронд үүссэн гэрээний үүрэг шаардаж байна гэж үзээд, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан учир шаардах эрхгүй” гэж тайлбарлан маргаж байна.  

            3. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигч талуудаас гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:

            3.1. Нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х.В нь Монгол улсад 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдрөөс өөрийн ***дугаарын паспортоор В2 төрлөөр нэг удаагийн виз олгогдон хариуцагч “***” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэж тодорхойлуулан оршин суух зөвшөөрөл авч, тус компанийн гүйцэтгэх захирлаар 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх-81-100/

            3.2. Тэрээр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Монгол улсын хилээр гарч, 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдөр буцаж орсон байх бөгөөд үүнээс хойш 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 11 удаа Монгол улсын хилээр нэвтэрсэн болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдож байна. /хх-155-157/

            3.3. Дээрх хугацаанд буюу 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Х.В нь “***” ХХК-ийн урилгаар В1 төрлөөр нэг удаагийн виз олгогдон, улмаар 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацаанд Монгол улсад түр оршин суух зөвшөөрөл Гадаадын иргэн, харьяатын газраас авчээ. /хх-123, 129/

            3.4. Зохигч талууд 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “*** ХХК нь ажилтан Х.Втай хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай” гэрээг бичгээр байгуулж, тус гэрээгээр Х.В нь “***” ХХК-тай байгуулсан бүх хөдөлмөрийн харилцаагаа 2019 оны 12 дугаар сарын 15-ны өдрөөр зогсоосныг дурдаж, мөн өдрөөс өмнө Х.В нь бүх төслийн ажлыг Жиан Чун Лианд бүрэн шилжүүлж өгөх үүрэг хүлээж, баримтыг бүрдүүлж гарын үсэг зурах, “***” ХХК нь Х.Вд 500,000 юанийн нөхөн төлбөр олгох, төлбөрийг 3 хувааж 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Х.В хилээр гарсны дараа 50,000 юань, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 250,000 юань, 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө 200,000 юань тус тус хувийн данс руу шилжүүлэхээр тохиролцож, эхний төлөлт болох 50,000 юанийг төлсөн талаар зохигчид тайлбарлаж, гэрээ болон төлбөрийн баримтыг нотлох баримтаар гаргасан байна. /хх-5-8/

            4. Талууд дээрх гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу хариуцагч талаас нэхэмжлэгчид 50,000 юань шилжүүлсэн зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас 450,000 юань гаргуулахаар шаардах эрхтэй эсэх, шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэх талаар өөр өөрийн үндэслэл заан маргаж мэтгэлцэв.

            5. Нэхэмжлэлийн үндэслэл болж буй хэлцлийг шүүх Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3 дахь хэсэгт заасан “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” үндэслэлээр өмнөх хамтран ажиллах харилцаа дуусгавар болсон гэж дүгнэх үндэслэлтэй бөгөөд Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.2 дахь хэсэгт зааснаар талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон тохиолдолд тухайн үүргийн харилцаа дуусгавар болно.

6. Талуудын 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан хэлцэл нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж заасны дагуу төлбөр барагдуулах хэлцэл байгуулсан гэж үзэх үндэслэлтэй тул мөн хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт “Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж заасны дагуу хэлцлийн дагуу харилцан тохиролцсон төлбөр болох 500,000 юанийн үлдэгдэл 450,000 юанийг нэхэмжлэгч шаардсан байна.

7. Нэхэмжлэгч нь дээрх хэлцлийн дагуу тохиролцсон төлбөрийн үлдэгдлийг хариуцагчаас шаардаж байгаа учир Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах 3 жилийн хөөн хэлэлцэх хугацаа хамаарна.

7.1. Хэлцлийн дагуу хариуцагч “***” ХХК нь 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор нэхэмжлэгч Х.Вд төлбөрийг бүрэн төлж барагдуулах үүрэг хүлээсэн ба энэ хугацаанаас хойш хуульд заасан шаардлага гаргах 3 жилийг тоолвол 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор байна.

7.2. Нэхэмжлэгч Х.В 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө Монгол улсын хилээр хэд хэдэн удаа нэвтэрч байсан болох нь Хил хамгаалах ерөнхий газрын лавлагаагаар тогтоогдсон бөгөөд тухайн гэрээний үүрэгтэй холбоотойгоор тогтоосон журмаар нэхэмжлэл гаргаагүй, “***” ХХК-иас Х.Вд энэ хугацаанд аливаа хэлбэрээр төлбөр төлж шаардлага хүлээн зөвшөөрсөн тухай баталгаа гаргасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 79 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаа тасалдаагүй байна.

7.3. Иймд хариуцагч “***” ХХК-ийн татгалзал Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт “Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй” гэж заасантай нийцэж байх тул нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х.Вы гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,273,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 75 дугаар зүйлийн 75.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “***” ХХК-иас 450,000 юань буюу 223,200,000 /хоёр зуун хорин гурван сая хоёр зуун мянган/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч БНХАУ-ын иргэн Х.В /***/-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            2.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,273,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА