| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2306000001184 |
| Дугаар | 2025/ДШМ/544 |
| Огноо | 2025-05-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.3.1., 20.16.1., 10.1-1, |
| Улсын яллагч | Ц.Сайнхүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 2025/ДШМ/544
2025 05 08 2025/ДШМ/544
Г.Д, Б.Я, Г.Б, Ө.Т,
А.Б нарт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Г.Ганбаатар, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ц.Сайнхүү,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгсүрэн,
шүүгдэгч Г.Д, түүний өмгөөлөгч М.Чинзориг,
шүүгдэгч Б.Я, түүний өмгөөлөгч Г.Цолмон, Х.Лхагвахүү,
шүүгдэгч Ө.Т, А.Б, тэдний өмгөөлөгч Л.Батжаргал,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/522 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Я, түүний өмгөөлөгч Г.Цолмон, Х.Лхагвахүү, шүүгдэгч А.Б, Ө.Т нарын өмгөөлөгч Л.Батжаргал нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Г.Д, Б.Я, Г.Б, Ө.Т, А.Б нарт холбогдох эрүүгийн 2306000001184 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ***** овгийн Г.Д, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, барилгын цахилгаанчин мэргэжилтэй, “******-******”-т механикч ажилтай, ам бүл *, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, Шар хад ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ***** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/,
2. ****** овгийн Г.Б, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, *** хамт Баянзүрх дүүргийн * дүгээр хороо, ** дүгээр гудамжны *** тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, /РД:**00000000/,
3. ******* овгийн Б.Я, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эцэг, эх, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, **** хорооллын ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн * дугаар хороо, ** байрны ** тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/1088 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, өмнөх шийтгэл тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт биечлэх эдлэх ялыг 590 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 89 дүгээр тогтоолоор эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон,
4. ******* овгийн А.Б, **** оны ** дугаар сарын **-ний өдөр ** аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүргэлтийн ажил хийдэг, ам бүл *, эх, дүүгийн хамт, Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Улаанхуаран гудамжны ** дугаар байрны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоогоор Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, Чулуутын **-** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**0000000/,
5. ***** овгийн Ө.Т, **** оны 00 дүгээр сарын 00-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хүргэлтийн ажил хийдэг, ам бүл *, эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, Сэлбийн ** дүгээр гудамжны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн ** дүгээр хороо, ** тоотод оршин суух, /РД:**00000000/,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 796 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн,
Шүүгдэгч Г.Д нь 2023 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kebab&Pub” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ятай “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүнтэй хамт явж байсан амь хохирогч Б.Тгийн нүүрэн хэсэгт 1 удаа өшиглөснөөс хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт бүхий гэмтэл үүсгэн амь насыг хохироосон гэмт хэрэгт,
шүүгдэгч Г.Б нь 2023 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kebab&Pub” rэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ттай маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт 1-2 удаа цохисноос дээд уруулд зулгаралт, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Я, Ө.Т, А.Б нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж буюу 2023 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kebab&Pub” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр Б.Я нь иргэн Г.Дтэй “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Б.Я, Ө.Т, А.Б нар бүлэглэн Г.Дий биед хүч хэрэглэн, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт,
шүүгдэгч Б.Я нь “Үнэгүй.мн” сайтад “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Икс апартмент хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр холбогдсон хохирогч Э.Цд түрүүлж урьдчилгаа мөнгөө өгсөн хүнийг оруулна гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 19-387 тоотод байхдаа Хаан банкны 5037480169 тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 950.000 төгрөгийг Голомт банкны 4325112429 тоот дансаар шилжүүлэн авч, залилсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Г.Дий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Г.Б үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
Б.Ягийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар,
А.Б, Ө.Т нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Г.Дийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Г.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Я, А.Б, Ө.Т нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
шүүгдэгч Б.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, А.Б нарыг тус бүр нэг /1/ жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар,
шүүгдэгч Б.Яг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаа /6/ сарын хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дийг ес /9/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж, нийт биечлэн эдлэх ялыг зургаа /6/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хорих ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Б.Я нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дий цагдан хоригдсон 308 хоногийг түүний эдлэх хорих ялд оруулан тооцож,
шүүгдэгч Г.Б цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон, шүүгдэгч Г.Б биечлэн эдлэх ялыг 472 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, А.Б нарыг өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тэднийг оршин суух газраас суралцаж буй сургууль, ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, А.Б нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М нь хэлэлцэхгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СД, 1 ширхэг флаш дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ө.Т, А.Б, Б.Я нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Г.Төгөлдөр, Г.Б, Ө.Т, А.Б, Б.Я нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж,
...гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ө.Т, А.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Г.Бд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Д, Б.Я нарт урьд авсан хувийн баталгаа гаргах, Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээгээр сольж, шүүгдэгч Г.Д, Б.Я нарын эдлэх ялыг тус өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Б.Я давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа боловч эрүүл мэндийн байдал минь ноцтой муудсан тул энэ байдлыг хүндэтгэн үзэж хорих ялыг маань хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү.
Эрүүл мэндийн байдлын талаар 2010 онд миний бие огцом муудаж, маш их өвдөлт өгч улмаар доошоо, дээшээ цус алдаж, эмнэлэгт хүргэгдэн хэвтэн оношлуулахад элэгний судас нарийссанаас болж дэлүүгээ мэс заслын аргаар авхуулсан, мөн дээрээс нь ходоодоо боолгосон.
Тэрнээс хойш мэс заслын нарийн мэргэжлийн эмч нарийн хяналтад байдаг бөгөөд өөрийн харъяа Баянзүрх дүүргийн эмнэлэгт мэс засалд орсноос хойш байнга өвдөж, эмнэлгээр явж хяналтад ордог байсан.
Дахин 2017 онд маш их өвдөж улсын нэгдүгээр эмнэлэгт хэвтэн оношлуулахад элэг хатууралтай болсон гэж үзэж, бас хэвтэн эмчлүүлж хяналтад байсан бөгөөд жил болгон Баянзүрх дүүргийн эмнэлгийн нарийн мэс заслын эмч нарын хяналтад мөн адил байсан.
2025 онд шүүгдэж байх хугацаанд огцом өвдөж хорих ангид ирсэн. Маш их өвдөлттэй байсан тул эмчид хандан үзүүлсэн боловч хорих ангийн эмч хэвтэх шаардлагатай гэж үзэж хорих ангийн эмнэлэгт хэвтсэн. Эмнэлэгт хэвтсэн байх хугацаанд дээрдээгүй учраас хорих ангийн эмнэлгийн нэгдсэн хурлаар орж гадуур эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж үзэж “Briliant” эмнэлэгт хэвлийн эхо, мөн ходоодны дуран хийлгэсэн. Онош нь ходоод боолгосон, ходоодны шарх, нойр булчирхайн архаг үрэвсэл, элэгний хатуурал, нарийн мэргэжлийн мэс заслын эмч нарт үзүүлэх шаардлагатай. Өдөр болгон өвчин намдаах тариа дусал, эм хэрэглэдэг, биеийн байдал маш муу байгаа тул эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хорихоос өөр ялаар сольж өгнө үү...” гэв.
Шүүгдэгч Б.Ягийн өмгөөлөгч Г.Цолмон давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Я нь дэлүүгээ авхуулж, ходоодоо боолгуулж байсан бөгөөд элэгний хатуурал, элэгний судасны нарийсал, нойр булчирхайн архаг үрэвсэл, ходоодны шарх зэрэг эрүүл мэндийн хүнд өвчлөлтэй ба байнгын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байж, тогтмол эмчилгээ хийлгэж, зохих эм тариаг байнга хэрэглэх заалттай.
Одоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид хоригдож байгаа бөгөөд шаардлагатай эмчилгээ хийлгэж чадахгүй, зохих эм тариаг хэрэглэх боломжгүй нөхцөлд, маш их турж эцсэн байдалтай, эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй нөхцөл байдалд хоригдож байна.
Шүүгдэгч Б.Ягийн эрүүл мэндийн ноцтой нөхцөл байдал болон түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн талаар үнэн зөвөөр мэдүүлсэн, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж анхан шатны шүүхээс оногдуулсан 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.Ягийн өмгөөлөгч Х.Лхагвахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх Б.Яд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг үйлдсэн, мөн хуулийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн хэсэгт гомдол гаргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.
...Б.Ягийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн тухайд,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоолоор ...залилах гэмт хэрэгт холбогдож 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар /3хх 88/,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/1088 дугаар шийтгэх тогтоолоор ...залилах гэмт хэрэгт холбогдож 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, ...нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 590 цагийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байдаг. /3хх 81/
...Б.Ягийн хохирогч нарыг залилсан үйлдлүүдийг цаг хугацааны дарааллаар тооцож үзэхэд 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн хооронд үйлдэгдсэн байдаг.
Харин тухайн залилах үйлдэлд шүүхээс шийтгэл оногдуулсан цаг хугацааг тооцож үзэхэд 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн хооронд байдаг.
Тодруулбал, Б.Я нь 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоол, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/1088 дугаар шийтгэх тогтоолоор нийт 800 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж, уг ялыг Б.Я нь биелүүлсэн байдаг.
Өөрөөр хэлбэл, дээрх 2 шүүхийн шийтгэх тогтоолоор нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэнийхээ дараагаар ... 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/522 дугаартай шүүхийн шийтгэл тогтоолд дурдсан хохирогч Э.Цгаас 950.000 төгрөг залилсан үйлдлийг үйлдсэн нөхцөл байдал байхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Э.Цгаас 950.000 төгрөг залилсан үйлдэл нь цаг хугацааны хувьд 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үйлдэгдсэн буюу 2023 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2023/ШЦТ/285 дугаар шийтгэх тогтоол, 2023 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 2023/ШЦТ/1088 дугаар шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдэх үед Э.Цгаас 950.000 төгрөгийг авсан үйлдэлтэй эрүүгийн хэргийг Э.Б.Ягийн зүгээс өөр өөр дүүрэгт шалгагдаж байгаа тухайгаа эрх бүхий албан тушаалтан болон хяналтын прокурортоо хэргүүдийг нэгтгүүлэх хүсэлтээ прокурорт гаргаж, хэргийг нэгтгэж шийдвэрлэсэн бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал ингэж хүндрэхээргүй байсныг мөн харгалзан үзнэ үү.
Б.Ягийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван алдагдуулсан” үйлдлийн тухайд, Б.Я нь Г.Дтэй хөл дээр гишгэсэн шалтгааны улмаас муудалцаж, маргалдсан үйлдлээс өөрөөр хэн нэг этгээдийг цохисон, хэн нэг этгээдийн эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол, хор уршиг учруулсан үйлдэл эс үйлдэхүй байхгүй болно.
Б.Ягийн үйлдлийн талаар гэрч нарын мэдүүлгээс товчхон дурдахад:
-А.Бын 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрчээр өгсөн “...Б.Я ах тамхиа олохгүй байна гээд замын хойд талын дэлгүүр рүү явсан, ардаас нь харж байсан чинь Б.Я ахыг дэлгүүрийн үүдэнд үл таних хоёр эрэгтэй зодож байсан...” гэх мэдүүлэг /1хх-94/,
-Ө.Тгийн 2023 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн гэрчээр өгсөн “...А.Б нь Б.Я ах дэлгүүрийн үүдэнд хүнтэй муудалцаад байна, очиж салгая гэж хэлээд бид хоёр гүйгээд очсон, тэгсэн чинь Б.Я ахыг хоёр үл таних эрэгтэй хүн зодож байсан...” гэх мэдүүлэг /1хх-92/,
Г.Дий найз Б.Ө.Тгийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрчээр өгсөн “...Г.Д сүүлд дэлгүүр рүү орсон хар бараан өнгийн хувцастай, намхан бандитай /хар бараан өнгийн хувцастай хүн нь Б.Я байсан болно/ зууралдаад зогсож байгаад Г.Д тэр залууг татсан чинь газар уначих шиг болохоор нь гүйж очоод Г.Дийг цамцнаас нь татаад болиоч ээ наадахаа аллаа гэсэн...” гэх мэдүүлэг /1хх-82/,
Б.Ягийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн гэрчээр өгсөн “...би замын хойд талын Оргилуун хүнсний дэлгүүр орох гэж яваад дэлгүүрийн үүдэнд үл таних өндөр залуугийн хөлөн дээр санамсаргүй гишгэсэн чинь тэр залуу ахын дүү чи яаж яваад байгаа юм бэ гэж хэлээд бид хоёр харилцан маргалдаж, хамар руу нэг удаа цохиж, миний куртикийг нөмрүүлээд дээрээс цохих гэхэд хамт явсан хүмүүс салгасан...” гэх мэдүүлэг /1хх 89/,
Анхан шатны шүүх Б.Яд нэг /1/ жил зургаа /6/ сарын хорих ял оногдуулсан тухайд:
...Анхан шатны шүүх Б.Ягийн дээрх 2 үйлдэлд нийт 1 жил 6 сарын хорих оногдуулж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй байна.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор миний үйлчлүүлэгч Б.Я нь А.Б, Ө.Т нарын адил Эрүүгийн хуулийн тусгай анийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэмт хэрэгт холбогдсон хэдий ч үйлдэл, эс үйлдэхүйн хувьд хэн нэг хүнтэй нийлж хэн нэг этгээдийн биед халдаагүй, хохирол, хор уршиг учруулаагүй байхад ялгамжтай байдлаар А.Б, Ө.Т нарт нэг /01/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Яд 01 жилийн хорих оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байна.
Шүүгдэгчийн эрүүл мэндийн байдлын тухайд:
Б.Я нь 6 настай байхдаа дэлүүгээ авхуулсан байдаг. Дэлүү нь хортой бодисыг шүүж боловсруулах, өвчин үүсгэгч нян, вирус зэргээс цусыг цэвэрлэн дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Дэлүү нь хортой бодис, түлэгдэлт, гэмтэл болон эсийн эдийн бусад гэмтлийн үед үхэжсэн арьсны эсүүд зэргийг шүүж устгадаг. Мөн дэлүүний эсүүд нь хүний биед хортой гадны биетүүдийг таньж, тэдний эсрэг биетүүдийг боловсруулан гаргадаг үүрэгтэй эрхтэн юм.
-Ходоодоо боолгуулсан тухайд,
-Элэгний хатууралтай, элэгний судасны нарийсал, нойр булчирхайн архаг үрэвсэл, ходоодны шарх зэрэг эрүүл мэндийн өвчлөлтэй, байнгын нарийн мэргэжлийн эмчийн хяналтад байж, тогтмол эмчилгээ хийлгэх, тогтмол эм тариа хэрэглэх шаардлагатай нөхцөл байдалд байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа цагдан хорих 461 дүгээр хорих ангид хоригдож байх хугацаандаа дээрх эрүүл мэндийн шалтгаанаас шалтгаалж биеийн байдал эрс муудаж 461 дүгээр хорих ангид эмчлүүлэх боломжгүй буюу гадуур эмчлүүлэх шаардлагатай гэсэн хорих ангийн эмчийн шийдвэрээр 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн хооронд “Бриллиант” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн болно.
Ийнхүү гадуур эмчлэгдэх хугацаанд “Бриллиант” эмнэлгээс “хэвлийн хөндийн тодосгогч бодистой компьютер томографын шинжилгээ” хийлгэсэн бөгөөд тухайн шинжилгээгээр нойр булчирхайн толгойн доод хэсгээс доош SMV тодролгүй ба 0,6 см хүртэл хэмжээтэй шохойжилтуудтай,
хэвлийн хөндийн өөхөн ислэгийн нягтрал жигд бус тархмал ихэссэн ба 1,1-1,7 см хүртэл хэмжээтэй томорсон,
элгэн доторх цөсний цоргууд өргөссөн,
дэлүү тодорхойлогдохгүй буюу байхгүй,
зүүн бөөрний perirenal зайд гялтан хальс 0,7 см хүртэл зузаарсан /байнгын хянуулах шаардлагатай/ гэсэн шинжилгээний хариу гарсан болно.
Иймд шүүгдэгч Б.Ягийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн талаар үнэн зөв мэдүүлсэн, “Залилах” гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа, “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах” гэмт хэрэгт өмнө холбогдож байгаагүй, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Б.Яд оногдуулсан 01 жил 06 сарын хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч А.Б, Ө.Т нарын өмгөөлөгч Л.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шүүгдэгч А.Б, Ө.Т болоод өмгөөлөгч миний зүгээс хэргийн үйл баримт болон зүйлчлэл, гэм буруугийн талаар маргахгүй бөгөөд анхан шатны шүүхээс тэдэнд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчлөх байр сууринаас ...2025/ШЦТ/522 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Б, Ө.Т нарын хувийн байдалтай холбоотой авагдсан иргэний үнэмлэхийн лавлагаа /3хх 30, 46/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /3хх 28, 47/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /3хх 100, 102/ зэрэг нотлох баримтууд хавтас хэрэгт тус тус авагджээ.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А.Б нь 2005 оны 07 дугаар сарын 29-ний өдөр төрсөн буюу хэрэг гарсан гэх цаг хугацаанд буюу 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 17 настай, Ө.Т нь 2005 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр төрсөн буюу хэрэг гарсан гэх цаг хугацаанд 18 нас 02 сартай байсан ба тэдгээр нь урьд өмнө ял шийтгэл эдэлж байгаагүй нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүгдэгч А.Б, Ө.Т нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэгт холбогдсон нь хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал ба харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нөгөөтээгүүр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр таван жил, түүнээс бага хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”,
мөн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 5-д “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно.”,
мөн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1-т “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэж болно.”,
мөн Монгол Улсын Үндсэн хуулийн Арванзургаадугаар зүйлийн 11-т “...Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;”,
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т “Хүүхдийн эрхийг хамгаалахад дараах зарчмыг баримтална”,
4.1.2-т “төр, иргэн, хуулийн этгээд үйл ажиллагаа явуулахдаа хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахыг эрхэмлэж, хүүхэд эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тэгш хангах;” гэж тус тус хуульчилжээ.
Дээрх хуулийн зохицуулалт болон хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд өсвөр насны шүүгдэгч А.Б, Ө.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг хэрэглэж тэдэнд ял оногдуулахгүйгээр тэнсэж хуульд заасан хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна.
Иймд өсвөр насны хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь түүний нас биед тохирсон, ёс суртахуун, сэтгэхүйн онцлогийг харгалзан, нийгэмд байр суурийг олоход туслах учиртай тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/522 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний хувьд гомдол гаргах хугацааг сайн ойлгоогүй нь улмаас хохирол төлбөртэй холбоотой гомдол гаргах байсан боловч чадаагүй. Шүүхээс хохирол төлбөрийн асуудлын талаар дүгнээгүй. Үүнд гомдолтой байна. Шүүгдэгч А.Б, Ө.Т, Б.Я нарт гомдолгүй. Шүүгдэгч Г.Д, Г.Б нарын ял хөнгөдсөн гэж үзэж байна. Мөн хохирол, төлбөр барагдуулах асуудлыг дахин хянаж өгнө үү гэж хүсэж байна.” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд албан ёсоор гомдол гаргаагүй хэдий ч хохирогчийн гэр бүлийн гишүүд, хохирогчийн төлөөлөгч нарын гомдол санал, сэтгэл дундуур байгаа байдлыг дамжуулж хэлэхээс өөр аргагүй байна. Давж заалдах гомдол гаргасан шүүгдэгч нартай холбоотой тайлбар байхгүй. Шийтгэх тогтоол нь маш их цаг хугацаа зарж гарсан, энэ хэмжээгээр хохирогчийн ар гэр сэтгэл зүйн хувьд хүнд байдалтай байгаа. Анхан шатны шүүхээс бид хохирол төлбөрийн асуудлыг шийдүүлэх талаас холбогдох баримтуудыг гаргаж, өгөөд явсан. Хохирогчийн ар гэрийн хувьд 2 хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэй, нэг өндөр настай эмэгтэй байдаг. Шүүх хуралдаанд оролцож буй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь 24 настай, сурч боловсрох насан дээрээ ах нь өөд болсноос амьдралын хүндийг үүрч яваа ганц хүн нь юм. Гэмт хэргийн хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг тооцож, олгох боломжийг хуулиар олгосон. Мөн сэтгэцэд учирсан хор хохирлын асуудлыг хуулиар зохицуулсан. Үүнд анхан шатны шүүх дүгнэлт өгөөгүй шийдсэн тул хохирогчийн хууль ёс төлөөлөгч гомдолтой байдаг. Шүүгдэгч Г.Д, Г.Б хувьд оногдуулсан ял хөнгөдсөн гэх байр суурьтай байгаа. Өөр нэмж хэлэх зүйлгүй.” гэв.
Шүүгдэгч Г.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би мөрдөн байцаалтын шат, прокурорын аль ч шатанд гэм буруу дээр маргаагүй. Ийм зүйл болсонд маш их харамсаж байна. Чин сэтгэлээсээ харамсдаг. Хохирогчийн гэр бүлийн хүмүүсийг өөрийн гэр бүл шиг санаж, эндээс гарсан ч үргэлж тусалж дэмжинэ гэж боддог. Та бүхнээс миний хүнд өвчтэй дүү, хагалгааны заалттай миний төрсөн охин, хөгшин ээжийг минь бодолцож, охиныхоо өмнө эцгийн үүргийг биелүүлэхэд, өвчтэй дүүгийнхээ эцгийнхэн нь оронд эцэг болж, хүнд өвчнөөс салгахад нь тус болж, надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгөөч гэж гуйж байна” гэв.
Шүүгдэгч Ө.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би хэрэг гарах үед 12 дугаар ангийн сурагч байсан. Намар нь их сургуульд орох байсан. Төлбөрийн чадваргүйгээс болж ирэх намар их сургуульд орохоор болсон. Иймд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч А.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед Ө.Т бид хоёр 12 дугаар ангийн сурагч байсан. Бараа буулгах ажил хийж яваад гэмт хэрэгт холбогдсондоо харамсаж, гэмшиж байна. Энэ намраас их сургуульд суралцах гэж байгаа. Сурахын хажуугаар ажил хийж, сургалтын төлбөрөө төлж, гэр бүлдээ туслах бодолтой байгаа. Иймд анхан шатны шүүхийн гаргасан шийдвэрийг өөрчилж, хөнгөрүүлж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Г.Дий өмгөөлөгч М.Чинзориг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Улсын дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 551 дүгээр тогтоолд “..гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрөх, гэм буруугаа ойлгох гэдэг ойлголтод гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж өөрийн үйлдлийн хор уршиг, үр дагаврыг ухамсарласан гэмт этгээдийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлж буй хүсэл зоригийн эерэг илэрхийллийг хэлнэ” гэж заасан.
Дээрх агуулгын хүрээнд шүүгдэгч Г.Д нь мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн одоог хүртэл хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшиж, харуусдаг учраас шүүхийн ачааллыг хүндэтгэн өмгөөлөгчийн зүгээс болон миний үйлчлүүлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаагүйг дурдаж байна.
Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцэл харгалзахгүйгээр тухайн хэргийг бүхэлд нь хянаж үздэг тул шүүгдэгч Г.Дий хувийн байдлыг товчхон дурдъя. Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэгт холбогдохоос өмнө ээж, хоёр дүүгийн хамт амьдарч байсан. Дүү н.Хүсэл нь хөгжлийн бэрхшээлтэйн улмаас ээж нь ажил хийх боломжгүй, гэртээ байдаг. Шүүгдэгч Г.Д нь 20 хэдхэн наснаасаа өөрийн амьдралыг авч явсан. Урлаг, спортын арга хэмжээнд идэвхтэй оролцож, олон амжилтуудыг гаргаж байсан нь ажиллаж байсан байгууллагын тодорхойлолтоор тогтоогддог. Түүнчлэн тухайн гэмт хэрэгт холбогдсоны дараа Г.Д нь нэг охинтой болсон боловч охин нь хөгжлийн бэрхшээлтэй төрсөн. Гэмт хэрэгт холбогдсоны улмаас тухайн охины эцэг, эх нь охинтойгоо суулгахгүй гэдгээ хэлж, хүүхдийг ээж дээр нь өгсөн. Эдгээр байдлуудыг харгалзан үзэж, шүүгдэгч Г.Дийг удаан хугацаагаар нийгмээс тусгаарлахгүйгээр, тодорхой хугацаанд хорьж, нийгэмшүүлэх нь зүйтэй гэж бодож байна. Хүний амь нас юугаар ч сольшгүй, үнэлшгүй нь үнэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч баримтын хүрээнд 14,917,000 төгрөгийг нэхэмжилсэн байдаг. Шүүгдэгч Г.Д 15,000,000 төгрөгийг төлсөн. 50,000,000 төгрөгийн хувьд энэ талаарх баримтыг бүрдүүлээгүй байдаг тул шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд тухайн баримтыг бүрдүүлээд иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээсэн. Иймд тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэгт холбогдсон, амь хохирогчид түргэн тусламж үзүүлсэн, баримтаар тогтоогдсон хохирлыг төлсөн тул түүнд оногдуулсан 9 жилийн хорих ялаас багасгаж өгнө үү.” гэв.
Прокурор Ц.Сайнхүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй тул гомдолд дараах байдлаар тайлбарыг хэлье. Нэгдүгээрт шүүгдэгч А.Б, Ө.Т нартай холбоотой асуудлын тухайд, өсвөр насны шүүгдэгчид хэрэглэх хуулийн зохицуулалтыг хэрэглэж өгнө үү гэж байна. Шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан. Тухайн гэмт хэрэг нь зорчих эрхийг хязгаарлах, хорих ял оногдуулах гэсэн сонгох санкцтай. Үүнээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэм бурууг хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдлуудыг харгалзан зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй. Гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч А.Б нь 17 нас 8 сар 7 хоногтой, шүүгдэгч Ө.Т нь 18 нас 2 сар 10 хоногтой байсан. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчийн зүгээс А.Бт өсвөр насны шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагатай холбоотой наймдугаар бүлэгт заасан журам хэрэглэх боломжтой гэж үзэн, ялыг 2 дахин багасгах саналыг гаргасан.
Шүүх яг энэ хүрээгээр шүүгдэгч А.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1, 8.4 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 дахин багасгаж оногдуулсан. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй юм.
Шүүгдэгч Ө.Тгийн тухайд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “...шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно…” гэж заасан. Шууд хэрэглэх агуулга байхгүй. Ямар нөхцөл байдалд 21 насанд хүрээгүй хүнд энэ хуулийн зохицуулалтыг хэрэглэхийг заасан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хор уршиг, түүнээс нөхөн сэргээгдсэн байдал зэргийг харгалзаж оногдуулах ёстой. Энэ хүрээнд шүүхээс шүүгдэгч Ө.Тд наймдугаар бүлэгт заасан журмыг хэрэглээгүй байна. Энэ нь хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б.Ягийн тухайд, хоёр асуудал яригдаж байна. Гэм буруу дээрээ маргахгүй, хүлээн зөвшөөрч байна. Үүнтэй холбоотой ижил төрлийн гэмт хэрэг үйлдсэн А.Б, Ө.Т нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, шүүгдэгч Б.Яд хорих ял оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж байна. Харин эсрэгээрээ ижил ял оногдуулсан тохиолдолд шударга ёсны зарчим алдагдана. Эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж харж байгаа. Учир нь, өмнө нь 2 удаагийн үйлдлээр /2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 20-ны хооронд залилах гэмт хэргээр 2 удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан. 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр үйлдсэн залилангийн хэрэг буюу өмнө нь гэм буруутайд тооцож, шийтгэсэн үйлдлүүдээс сүүлд гарсан үйлдэлд ял оногдуулсан. Өөрөөр хэлбэл залилах гэмт хэрэгт хоёр удаа шийтгүүлсэн. Сүүлийн шийтгэх тогтоолоор хоёр гэмт хэрэгт холбогдоод, түүнд ял оногдуулж байгаа. Үүнийг зөрүүлээд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн А.Б, Ө.Т нарын ялтай адил оногдуулах ёстой гэдэг нь эрүүгийн хариуцлагын зорилго болоод шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь юу байсан, гэмт хэргийн улмаас хор уршиг арилсан эсэх, сэргээгдсэн эсэх асуудалд бодитой дүгнэлт хийх ёстой гэж үзэж байгаа. Үүгээр анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна.
Шүүгдэгчийн биеийн байдлын тухайд, прокурорын зүгээс тайлбар байхгүй. Биеийн байдал үнэхээр хүнд байгаа нь нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байгаа тохиолдол тайлбар байхгүй. 2019 оны хууль зүйн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан хорих ялаас өвчний улмаас чөлөөлөх жагсаалт батлагдсан. Энэ хүрээгээр өөр тусдаа журмаар буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлд зааснаар шийдвэрлэх боломжтойг дурдъя.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн тайлбарын тухайд, хэрэгт гаргаж өгсөн баримтын хүрээнд шүүгдэгч Г.Д хохирлыг төлсөн. Анхан шатны шүүх хуралдааны явцад 50,000,00 төгрөгийг нэхэмжилсэн боловч энэ талаар баримт байхгүй байсан. Анхан шатны шүүх сэтгэл санааны хохиролтой холбоотой 50,000,000 төгрөгийн асуудал нотлогдоогүй тул хэлэлцэхгүй орхисон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хэлсэнчлэн хэрэгсэхгүй болгоогүй, хэлэлцэхгүй орхисон. Өөрөөр хэлбэл тухайн баримтуудыг бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн.
Сэтгэцийн хор уршгийн дүгнэлтийн тухайд, Шүүх шинжилгээний тухай хууль, Улсын дээд шүүхийн журам 2023 оны 07 дугаар сарын 23-ны өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Анхан шатны шүүхийн тухайн гэмт хэрэг нь 2023 оны 03 дугаар сарын 26-ны өдөр болсон тул хуулийг буцаан хэрэглэх боломжгүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Эцэст нь шүүхэд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь бүрэн нотлогдсон. Шүүх эрүүгийн хариуцлага болон хохиролтой холбоотой асуудалд үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Иймд анхан шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/522 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, тэдний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Д нь 2023 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kebab&Pub” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ятай “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас хоорондоо маргалдаж, улмаар түүнтэй хамт явж байсан амь хохирогч Б.Тгийн нүүрэн хэсэгт 1 удаа өшиглөснөөс хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт бүхий гэмтэл үүсгэн амь насыг хохироосон гэмт хэрэг,
шүүгдэгч Г.Б нь 2023 оны 03 дугаар сарын 26-наас 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kebab&Pub” rэх хаягтай үйлчилгээний газрын урд, явган хүний зам дээр иргэн Б.Ттай маргалдан, улмаар түүний нүүрэн хэсэгт 1-2 удаа цохисноос дээд уруулд зулгаралт, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Б.Я, Ө.Т, А.Б нар нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж буюу 2023 оны 03 дугаар сарын 26-ны 27-нд шилжих шөнө 00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Kebab&Pub” гэх хаягтай үйлчилгээний газрын урд, гудамж талбайд Б.Я нь иргэн Г.Дтэй “хөл дээр гишгэлээ” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар Б.Я, Ө.Т, А.Б нар нь бүлэглэн Г.Дий биед хүч хэрэглэн, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг,
шүүгдэгч Б.Я нь “Үнэгүй.мн” сайтад “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Икс апартмент хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр холбогдсон хохирогч Э.Цд “түрүүлж урьдчилгаа мөнгөө өгсөн хүнийг оруулна” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, хуурч, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 19-387 тоотод байхдаа Хаан банкны 5037480169 тоот данснаас 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн 950.000 төгрөгийг Голомт банкны 4325112429 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн “...орой 23 цагийн хооронд ээжтэй утсаар яриад гадуур явж байна гэж хэлсэн гэсэн, тэрнээс хойш дахин холбоо бариагүй...” /1хх 31/,
гэрч Б.Ө.Тгийн “...Г.Д дэлгүүр лүү орсон хар бараан өнгийн хувцастай, намхан бандитай зууралдаад зогсож байгаад тэр залууг татсан чинь газар уначих шиг болохоор нь гүйж очоод Г.Дийг цамцнаас нь татаад болиочээ наадахаа аллаа гэсэн чинь замын урд талд байсан цэнхэр өнгийн Тоуota prius 20 маркийн машинаас зөндөө олон залуучууд гарч ирээд бүгдээрээ Г.Д рүү дайраад зодоод байхаар нь Г.Дийг арай гэж салгаад хажуудаа байлгаж байсан чинь Г.Б хажуугаар орж ирээд тэд нар хоорондоо зодолдож байгаад зодолдохоо болиод салцгаасан. Тэгээд 2 машиныхаа голд зогсож байсан чинь нөгөө залуучуудын шар өнгийн хувцастай залуу нь Г.Б цохичих шиг болсон. Тэгсэн чинь Г.Б нөгөө залууг гараараа 1-2 удаа нүүр рүү нь цохисон чинь газар уначихсан. Тэгээд босох гээд яг өндийж байсан чинь Г.Д тэр залуугийн нүүр рүү баруун хөлөөрөө нэг удаа өшиглөтөл тэр залуу хойшоо саваад ухаан алдаад уначихсан. …” /1хх 82/,
гэрч Б.Чийн “...Г.Дөө хар хувцастай, 23-24 орчим насны эрэгтэй хүнтэй дэлгүүрийн гадаа ноцолдоод байх шиг байсан. ... Тэгтэл доороос нь хэсэг залуус дээшээ шатаар гараад Г.Дөөг бөөнөөрөө нийлээд зодоод байж байтал Г.Б, Ө.Т хоёр гарч ирээд нөгөө залуустай бүгдээрээ дээрээс доошоо буугаад ирэхээр нь Хонгорзул бид хоёр сандраад машинаасаа гараад юу болоод байгаа юм гээд харсан чинь тэд нар хоорондоо маргалдаад байсан. Тэгсэн чинь Г.Дөө өмсөж байсан цамцаа тайлаад машиныхаа хажууд тавиад нөгөө залуус нь Г.Д рүү дайраад байхаар нь Г.Дөө тэр залуустай машин зам дээр ноцолдоод, хэрэлдээд байхаар нь би хүмүүсээс санаа зовоод Г.Дий машины жолоочийн хажуу талын суудал дээр суусан ба нэг харсан чинь нөгөө залуус болон Г.Дөө, Г.Б, Ө.Т, Хонгорзул нар машины баруун талд явган хүний зам дээр гарчихсан байсан ба хараад байж байтал тэд нар хоорондоо цохилцоод байхаар нь машинаас буугаад харсан чинь ногоон өнгийн хувцастай залуу шонгийн модны хажууд хэвтэж байхаар нь ойртоод очсон чинь нөгөө залуусын нэг хар хувцастай, өрвөгөр үстэй залуу нь газар унасан залуугийнхаа цээжин хэсгийг нь өндийлгөхөөр нь харсан чинь тэр залуугийн нүүр нь бүхэлдээ цус болчихсон байсан…” /1хх 86/,
гэрч Б.Хын “...Г.Д нэг үл таних эрэгтэйтэй маргалдсан, тэгээд л бужигнаан болж доороос олон үл таних эрэгтэй хүмүүс гарч ирсэн. Тэгээд Г.Д машин руугаа гүйж ирсэн чинь ардаас нь үл таних эрэгтэй хүмүүс ирээд Г.Дийг зодож эхэлсэн, тэгээд хүмүүс дундуур нь орж салгасны дараа Г.Б гүйж ирээд амь хохирогчтой маргалдаж нүүр рүү нь нэг удаа цохиж газар унагаасан, тэгээд яг юу болсон талаар бол хараагүй нэг харахад амь хохирогч газар уначихсан байсан юм…” /3хх 19/,
гэрч Ц.Сийн “...Тухайн газар нь Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанхуарангийн хойд талын автобусны буудлаас зүүн тийш 100 гаран метр зайд байсан юм. Би хэргийн газарт очиж хойшлуулшгүй ажиллагаа явуулж ойр орчимд хяналтын камер байгаа эсэхийг шалгахад зам дагуу байх эмийн сангийн хяналтын камер байсан. Улмаар тухайн эмийн сангийн хяналтын камерыг шүүхэд олон хүмүүс хоорондоо зодолдож байгаа бичлэг байсан, бүр нарийн хэлбэл нэг эрэгтэй хүнийг жижиг биетэй эрэгтэй хүн нүүр рүү нь өшиглөж байгаа бичлэг бичигдсэн байсан юм. Тухайн үед надад бичлэгийг хуулж авах төхөөрөмж буюу флаш байхгүй байсан болохоор тэр өдөр үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т.Мөнхбаярын флашаар бичлэгийг хуулж авсан. Яг хэдэн минутын бичлэг байсан талаар санахгүй байна. Мөн замын урд талд байх CU үйлчилгээний газрын хяналтын камерыг шүүж үзэхэд тухайн хэрэг гарсан гэх газар руу харсан хяналтын камер байсан, тухайн хяналтын камерын бичлэгийг хуулбарлаж авах гэсэн боловч флаш хийх төхөөрөмж нь цоожтой, хуулбарлаж авах боломжгүй нөхцөл байдал үүссэн юм. Би тухайн үедээ бүр байгууллагын шатыг авч дээш авираад төхөөрөмжийг нь онгойлгох гэсэн боловч боломжгүй байсан юм. Би гар утсаараа бичлэг хийж хуулбарлаж авах гэсэн боловч нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэхгүй учраас бичлэг хийж аваагүй юм…” /3хх 23/,
хохирогч Э.Цгийн “…2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр “Үнэгүй.мн” сайтад Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, “Х апартмент хотхонд 1 өрөө байр түрээслүүлнэ” гэсэн зар 95153718 дугаарын утас байршуулсан байсан. Айл нь гараагүй байгаа төлбөрийг нь сар сард нь авна, 1 сарын төлбөр нь 850.000 төгрөг, одоо байгаа хүмүүсийнхээ барьцаа мөнгийг буцааж өгөх хэрэгтэй байгаа тул урьдчилгаа 500.000 төгрөг авах шаардлагатай байна, өөр зөндөө хүн ярьж байгаа аль түрүүлж урьдчилгаа мөнгө өгсөн хүнийг нь оруулна гэж хэлсэн тул би Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, Жанжин 19-387 тоот өөрийн төрсөн эгч Цогзолдуламын гэрт байхдаа өөрийн Хаан банкны 5037480169 тоот данснаас Мандухай гэх хүний Голомт банкны 4325112429 тоот дансанд 500.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл орой 17:00 цагийн орчимд миний утас руу залгаад барьцаа мөнгө өгөх гэсэн юм дахиад мөнгө хийгээд өгөөч, энэ хүмүүс орой 22:00 цагийн орчимд гарчих байх гэж хэлсэн тул би дахин Голомт банкны 4325112429 тоот дансанд нь 450.000 төгрөг шилжүүлсэн…” /4хх 30/,
шүүгдэгч Г.Дий яллагдагчаар өгсөн “…Г.Б руу нөгөө залуус дайраад байсан чинь Г.Б нэг залуугийн нүүр хавьцаа нь цохих шиг болсон чинь тэр залуу тонгойчихсон байхаар нь би баруун талаас нь нүүр хэсэгт нь баруун хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Гэтэл нөгөө залуу хойшоо гэрлийн шон налаад хэвтсэнээ амандаа нэг юм бувтнаад байх шиг байсан…” /1хх 249/,
шүүгдэгч Г.Б яллагдагчаар өгсөн “...надад цохиулсан залуу над руу дайраад “чи хэн юм бэ бацаан минь” гээд дайраад зодох гээд салж өгөхгүй байхаар нь сандарсандаа зүүн гараараа шанаа хавьцаа нь нэг удаа цохьсон. Гэтэл нөгөө залуу хойшоо унах шиг болсноо өндийгөөд босоод ирсэн. Тэгж байхад Г.Дөө ах нөгөө залуугийн баруун талаас гарч ирээд нүүрэнд нь нэг удаа маш хүчтэй эвгүй өшиглөсөн...” /2хх 92/,
шүүгдэгч Ө.Тгийн яллагдагчаар өгсөн “...тухайн өдөр талийгаач Б.Т ахын биед халдаж өшиглөж унагаасан гэх өндөр нуруутай эрэгтэй хүний биед халдаж, өшиглөсөн талаар хүлээн зөвшөөрч байна...” /3хх 39/,
шүүгдэгч А.Бын яллагдагчаар өгсөн “...би тухайн өндөр нуруутай залуугийн биед халдаж цохьсон. Тэр өндөр нуруутай залуу нь эхлээд Б.Я ахтай маргалдсан, би явж очсон чинь шууд над руу дайрч миний нүүр рүү цохьсон. Тэгээд л бид хоёр барьцалдаж аваад би 2-3 удаа нүүр рүү нь цохьсон юм...” /3хх 56/,
шүүгдэгч Б.Ягийн яллагдагчаар өгсөн “...тухайн өндөр нуруутай залуугийн хөл дээр гишгэж, улмаар маргаан үүссэн, ... гэхдээ би тэр өндөр нуруутай залуугийн биед халдсан зүйл байхгүй. Харин тухайн залуу нь миний биед халдаж хамранд гэмтэл учруулсан...” /3хх 74/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 959 дүгээр “...Талийгаачийн цогцост хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруу, дээд уруулд зулгаралт, цус хуралт, 2 шүдний эмтрэл, цээжинд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих хүчний үйлчлэлээр үүсгэгджээ. ... Талийгаач нь хүзүүний 1-р нугалмын бүрэн мултралын улмаас их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархи цус харваж нас баржээ...” /1хх 103-107/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 488 дугаар “...Толгойдоо бараан өнгийн саравчтай малгайг хойш эргүүлэн өмссөн, цээж хэсэгтээ бараан өнгийн 2 ханцуй хэсгээрээ цагаан бомбертой, доогуураа цайвар саарал өнгийн өмд, цагаан алаг пүүзтэй эрэгтэй хүний цохих, өшиглөх зэрэг үйлдэл нь талийгаачийн үхэлд хүргэсэн, хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт гэмтлийг үүсгэх боломжгүй байна.
...дээгүүрээ цээж нүцгэн, цайвар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн зүүн хөлөөр талийгаачийн нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөхөд талийгаачийн толгой, хүзүүний хэсгээр арагш хүчтэй савагдаж, улмаар дээш харан газарт унаж байгаагаас харахад нь талийгаачийн үхэлд хүргэсэн хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтлийг үүсгэх боломжтой байна.
Талийгаач нь хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт гэмтлийг авсанаас хойш идэвхитэй үйлдэл хөГ.Д хийх боломжгүй.
Дээгүүрээ цээж нүцгэн, цайвар өнгийн өмдтэй, цагаан өнгийн пүүзтэй эрэгтэй хүн зүүн хөлөөр талийгаачийн нүүрэн хэсэгт нэг удаа өшиглөхөд талийгаачийн толгой, хүзүүний хэсгээр арагш хүчтэй савагдаж, улмаар дээш харан газарт унаж байгаагаас харахад талийгаачийн үхэлд хүргэсэн хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтлийг үүсгэх боломжтой байна. Харин дээд уруулд зулгаралт, 2 шүдний эмтрэл, цээжинд зулгаралт гэмтлийг ямар хүн, хэзээ ямар үйлдлээр учруулсаныг тогтоох боломжгүй байна.
Талийгаачийн цогцост учирсан хүзүүний 1-р нугалмын бүрэн мултрал, их тархины суурь, баруун болон зүүн чамархай, дух, бага тархины суурийн хэсгийн аалзан хальсны цус харвалт, өнчин тархины цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 болон 3.1.5-д заагдсанаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл нь 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, дээд уруулд зулгаралт, цус хуралт, цээжинд зулгаралт гэмтлүүд нь дан дангаараа 2.6-д заагдсанаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй, 2 шүдний эмтрэл гэмтэл нь 2.4.1-д заагдсанаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” /1хх 122-128/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 314 дүгээр “...Г.Д нь сэтгэцийн ямар нэг өвчингүй байна. Г.Д нь гэмт хэрэг үйлдэгдсэнээс хойш сэтгэл санаанд нь хүчтэй өөрчлөлт, сэтгэцийн ямар нэгэн өвчтэй болсон гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна. Г.Д нь хэрэг үйлдэгдэх үеийн цаг хугацаа, тухайн үеийн үйл явдлыг ойлгож ухамсарлах чадвартай байна.” /1хх 233/,
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2024 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 813 дугаар “...Г.Д нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй байна. Г.Д нь гэмт хэрэг үйлдэгдэх үед сэтгэцийн эмгэгтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Г.Д нь гэмт хэрэг үйлдэгдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэнэтийн цочролд орсон гэх шинж тэмдэг илрээгүй байна...” /4хх 144-145/ тус тус дүгнэлтүүд,
гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 15, 2хх 23/, дуудлагын лавлагааны хуудас /1хх 16/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 17-21/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1хх 22-25/, хохирол төлбөрийн талаарх баримтууд /1хх 50-79/, яаралтай тусламжийн хуудас /1хх 95-100/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /2хх 121-122, 3хх 6-10/, хохирол төлбөр төлсөн баримтууд /2хх 138, 157, 4хх 150, 5хх 34, 35/, Голомт банкны 4325112429 тоот Б.Мандухай эзэмшигчтэй дансны хуулга /4хх 54-59/, дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /4хх 66/, хохирогч Э.Цгийн хохирол төлбөрөө авсан талаарх баримт /4хх 87/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Г.Дийг “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Г.Б “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч А.Б, Ө.Т нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэм буруутайд, шүүгдэгч Б.Яг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан”, “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Г.Дий амь хохирогч Б.Тгийн нүүрэн хэсэгт 1 удаа өшиглөсний улмаас түүний амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Г.Б иргэн Б.Тгийн нүүрэн хэсэгт 1-2 удаа цохиж, дээд уруулд зулгаралт, 2 шүдний эмтрэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Я, Ө.Т, А.Б нар бүлэглэн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт буюу гудамж талбайд Г.Дий биед хүч хэрэглэн, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Б.Ягийн “1 өрөө байр түрээслүүлнэ” гэх хуурамч зар байршуулж, зарын дагуу холбогдсон Э.Цгаас 950.000 төгрөгийг авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Б.Я “…эрүүл мэндийн байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хорихоос өөр ялаар сольж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Б.Ягийн өмгөөлөгч Г.Цолмон “…Б.Ягийн эрүүл мэнд, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж 01 жил 06 сарын хугацаагаар хорих ялыг өөрчилж, зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Б.Ягийн өмгөөлөгч Х.Лхагвахүү “…Э.Цг залилсан үйлдлийг 2023/ШЦТ/285, 2023/ШЦТ/1088 дугаар шийтгэх тогтоолууд гарах үед нэгтгэж шийдвэрлэсэн бол миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдал ингэж хүндрэхээргүй байсныг харгалзан үзнэ үү, ...ялгамжтай байдлаар А.Б, Ө.Т нарт нэг /01/ жилийн зорчих эрхийг хязгаарлах ял, Б.Яд 01 жилийн хорих оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан “Шударга ёсны зарчим”-д нийцэхгүй байна..., ...шүүгдэгч Б.Ягийн ... нөхцөл байдлыг харгалзан үзэж 01 жил 06 сарын хорих ялыг хөнгөрүүлж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн,
шүүгдэгч Ө.Т, А.Б нарын өмгөөлөгч Л.Батжаргал “…А.Б, Ө.Т нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг хэрэглэж тэдэнд ял оногдуулахгүйгээр тэнсэж хуульд заасан хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд ... 2025/ШЦТ/522 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахаар хуульчилсан.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан шийдвэрлэдэг.
Энэ хэрэгт шүүгдэгч Б.Ягийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэлбэр, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулсныг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял болгон хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой байна гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэх үедээ арван дөрвөн насанд хүрсэн ба арван найман насанд хүрээгүй байсан хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмыг тодорхойлон хуульчилсан бөгөөд энэ гэмт хэргийг үйлдэх үедээ А.Б нь 18 насанд хүрээгүй, Ө.Т 18 насанд хүрсэн байжээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүхээс арван найман насанд хүрсэн ба хорин нэгэн насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан үндэслэл, журмаар ял оногдуулж, хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэж болно” гэж заасны 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн гэдэг нь хэдийгээр насанд хүрсэн боловч оюун санаа, сэтгэхүйн хөгжлийн хувьд өсвөр насны хүүхдийн хэмжээнд, юмс үзэгдлийн мөн чанар, үр дагаврыг ухамсарлан ойлгох чадвар сул энэ нь сэтгэцийн шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудаар батлагдсан хүний хувьд хэрэглэж болдог онцгой тохиолдлыг тусгайлан хуульчилсан бөгөөд 18 насанд хүрсэн, 21 насанд хүрээгүй хүн бүрийг энэхүү ойлголтод хамааруулан үзэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл, сэтгэхүй, оюун санааны хөгжлийн хувьд насанд хүрээгүй, өсвөр насны хүүхдийн адил сэтгэж, үйлдэл хийж байгаа 18-аас 21 хүртэлх насны хүнийг энэхүү ойлголтод хамруулан ойлговол зохих бөгөөд шүүгдэгч Ө.Тг өсвөр насны хүнтэй адилтган үзэх агуулга, үндэслэл бүхий нотлох баримт хэрэгт байхгүй болно.
Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бын насанд хүрээгүй байхдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг 2 дахин багасгах талаар зөв дүгнэлт хийж, түүний биечлэн эдлэх ялыг 6 сарын хугацаагаар тогтоосныг өөрчлөн хөнгөрүүлэх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Бусад шүүгдэгч нарын хувьд анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, тэдний хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Г.Бд 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, шүүгдэгч Г.Дд 09 жилийн хорих ял, шүүгдэгч Ө.Тд 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэл бүхий болжээ.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт нэр бүхий шүүгдэгч нарыг “...нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, Г.Дий биед хүч хэрэглэн, түүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж,...” гэж гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлон ирүүлснийг шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт гэм буруутайд тооцохдоо “...нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан...” гэж өөрчлөн гэмт хэргийн шинжийг буруу тодорхойлсныг давж заалдах шатны шүүхээс зөвтгөн шийдвэрлэв.
Мөн шүүгдэгч Ө.Т, А.Б нарт зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулахдаа ялын бүсчлэлийг ойлгомжгүй тогтоосон нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “…тэднийг оршин суух газраас суралцаж буй сургууль, ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих…” гэсэн хэсгийг хасаж, Б.Яд оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар солих өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан уг заалтад шүүгдэгч Ө.Т, А.Б, Б.Я нарыг тэдний оршин сууж буй Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэсэн өөрчлөлт оруулахаар тогтоов.
Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 11 дэх заалтад “…Г.Төгөлдөр…” гэж энэ хэрэгт байхгүй хүний нэрийг бичсэн, мөн шүүгчийн туслах 5 дугаар хавтаст хэргийн 110 дугаарт дугаарлагдсан шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргасан давж заалдах гомдлыг хэрэгт үдэхгүйгээр хавсарган ирүүлсэн зэрэг нь хэдийгээр шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлөхгүй боловч энэ талаар цаашид анхаарвал зохино.
Иймд шүүгдэгч Ө.Т, А.Б нарын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан “тэнсэж, хуульд заасан хугацаагаар хянан хүмүүжүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Я, түүний өмгөөлөгч Г.Цолмон, Х.Лхагвахүү нарын тус тус гаргасан “...зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр зохих өөрчлөлтүүдийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Дий шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/522 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
1 дэх заалтын “...шүүгдэгч Б.Я, А.Б, Ө.Т нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,...” гэсэн хэсгийг “... шүүгдэгч Б.Я, А.Б, Ө.Т нарыг “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдан олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,...” гэж,
2 дахь заалтын “...Шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг /1/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаа /6/ сарын хорих ялаар,...” гэсэн хэсгийг “Шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 06 /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,...” гэж,
4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хорих ялаар тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Яд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 01 жил 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.” гэж,
5 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д, Б.Я нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.” гэж,
8 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, А.Б нарыг өөрсдийн оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, тэднийг оршин суух газраас суралцаж буй сургууль, ажил хөдөлмөр эрхэлж буй ажлын газрын хооронд зорчих, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, А.Б, Б.Я нарыг тэдний оршин суух Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэж,
9 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, А.Б нар нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Т, А.Б, Б.Я нарыг зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ягийн цагдан хоригдсон 79 хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцон, түүний биечлэн эдлэх ялаас хасаж тооцохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулсугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ө.Т, А.Б нарын өмгөөлөгч Л.Батжаргалын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б.Я, түүний өмгөөлөгч Г.Цолмон, Х.Лхагвахүү нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Б.Я 79 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй сулласугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дий шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 79 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Г.ГАНБААТАР
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР