| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 192/2025/04939/И |
| Дугаар | 192/ШШ2025/09532 |
| Огноо | 2025-11-17 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 192/ШШ2025/09532
2025 11 17 192/ШШ2025/09532
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******,*******,*******,*******,-нд холбогдох,
Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай үндсэн,
Нэхэмжлэгчтэй байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч ,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Жаргалсайхан нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Би хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******,*******, яармаг /17110/ наадамчдын зам гудамж, 404 дүгээр байр, 94 тоот хаягт байрлах 76.18 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 118,000,000 төгрөгөөр худалдаж авсан. Гэтэл хариуцагч нь уг орон сууцыг хүлээлгэж өгөхгүй байх тул хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж өгнө үү гэв.
2.Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
2.1.Нэхэмжлэгч нь миний ажиллаж байсан “Блю оушн энкор” ХХК-аас байр худалдан авсан боловч тус байр нь цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан хугацаандаа ашиглалтад ороогүйн улмаас нэхэмжлэгч нь манай гэрт ирж, байр ашиглалтад орох хүртэл өөрийнхөө байрыг өг гэж дарамтлаад байсан учраас худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Миний хувьд уг гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй гэв.
3.Хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэгчтэй байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
3.1.Нэхэмжлэгчтэй байгуулсан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгохоор ******* дахь сум дундын шүүхэд хандсан боловч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд дээрх гэрээнд заасан 118,000,000 төгрөгийг нэхэмжлэгч төлөх үүрэгтэй. Гэтэл нэхэмжлэгч нь 20,000,000 төгрөг төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй. Иймд нэхэмжлэгч үүргээ зөрчсөн учир уг гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах сөрөг нэхэмжлэл гаргаж байна гэв.
4.Нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:
4.1.Гэрээний 3.3-т зааснаар төлбөрийг бүрэн төлсөн. Тодруулбал, би 2021 оны 05 дугаар сард 2 өрөө байр захиалж 47,000,000 төгрөгийг хариуцагч өгөөд, хөдөө очиж малаа зараад дахин 10,000,000 төгрөг нэмж өгч, нийт 57,000,000 төгрөг өгсөн байсан. Гэтэл бидний захиалсан байр н.Хасбазар гэдэг хүний нэр дээр байсан. Тэгээд Blue ocean компани дээр очиж уулзахад манайх гэрээгээ цуцлаад орон сууцыг н.Хасбазарт зарсан гэсэн. Би Б.Банзрагчийг хайгаад олоогүй. Харин үндсэн компанийн хүмүүс Б.Банзрагчийг хуурах байдлаар дуудаж байж би Б.Банзрагчтай уулзсан. Уулзаад яах талаараа ярилцтал өөрийнхөө байраа өгсөн. Гэтэл өөрийнх нь байр барьцаанд байсан. Тэгээд хоёулаа хамт 2024 оны 12 дугаар сарын 05-ны өдөр банк бус дээр очоод би зээлийн үлдэгдэл төлбөр болох 28,000,000 тушаагаад Б.Банзрагч байраа чөлөөлүүлсэн. Ингээд худалдах, худалдан авах гэрээний үнийг тохиролцохдоо анх захиалсан байрыг 90,000,000 төгрөгт үнэлж, үүн дээр банк бусад төлсөн 28,000,000 төгрөгийг нэмж нийт 118,000,000 төгрөг гэж тохирч төлбөрийг бүрэн төлсөн гэж харилцан тооцож, гэрээнд тусгасан. Б.Банзрагчийн ярьж байгаа шиг ямар ч сүрдүүлэг байхгүй гэв.
5.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, худалдах, худалдан авах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хариуцагч талаас хавтаст хэрэгт итгэмжлэл, сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хариу тайлбарыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн.
Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардаж, үндэслэлээ хариуцагчаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр *******,*******, яармаг /17110/ наадамчдын зам гудамж, 404 дүгээр байр, 94 тоот хаягт байрлах 76.18 м.кв талбай бүхий 3 өрөө орон сууцыг 118,000,000 төгрөгөөр худалдаж авсан, төлбөрийг бүрэн төлсөн гэж тодорхойлж байна.
3.Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ гэрээ байгуулахдаа тухайн орон сууцыг худалдах хүсэл зориг байгаагүй, нэхэмжлэгч дарамтлаад байсан учраас гэрээг байгуулсан. Гэхдээ нэхэмжлэгч нь гэрээнд заасан 118,000,000 төгрөгийг төлөөгүй учир гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгахаар сөрөг нэхэмжлэл гарган маргаж байна.
4.Зохигч талуудын тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
4.1.******* дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 319/ШШ2025/00299 дугаар шийдвэр[1], Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 206/МА2025/00002 дугаар магадлалаар[2] , Б.Банзрагч нарын хооронд 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр улсын бүртгэлийн Ү-2206094402 дугаарт бүртгэлтэй Улаанбаатар хот, *******,*******, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 404 дүгээр байр, 94 тоот хаягт байрлалтай 76.18 м.кв, гурван өрөө орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан, 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр т үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдож, өмчлөх эрхтэй болсон, дээрх гэрээ хүчин төгөлдөр, уг гэрээний үнийн дүнд урьд Б.Банзрагчид шилжүүлсэн 47,000,000 төгрөг, 6,750,000 төгрөг, банк бусын данс руу шилжүүлсэн 28,000,000 төгрөгийг оруулан тооцсон гэж дүгнэсэн.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй” гэж заажээ.
5.1.Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт “Өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй” гэж зааснаар *******,*******, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 404 дүгээр байр, 94 тоот хаягт байрлалтай 76.18 м.кв, гурван өрөө орон сууцыг хариуцагч Б.Банзрагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй буюу хариуцагчийн “гэрээг байгуулах хүсэл зориг байгаагүй” гэх татгалзал үндэслэлгүй, “нэхэмжлэгч нь төлбөрийг бүрэн төлөөгүй” гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
5.2.Өөрөөр хэлбэл, нэгэнт шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр , Б.Банзрагч нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээнд заасан төлбөрийг “ нь бэлэн төлсөн” гэж тогтоосон байх тул Б.Банзрагч нь “гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй” гэх үндэслэлээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзах эрх үүсээгүй байна.
6.Дээр дурдсан үндэслэлээр *******,*******, Яармаг /17110/ Наадамчдын зам гудамж 404 дүгээр байр, 94 тоот хаягт байрлалтай 76.18 м.кв, гурван өрөө орон сууцыг хариуцагчийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, нэхэмжлэгчид холбогдуулан гаргасан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх”, 7.1.2-т “эд хөрөнгийн бус, түүнчлэн үнэлэх боломжгүй нэхэмжлэлд 70 200 төгрөг” гэж тус тус зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагчийн урьдчилан төлсөн 818,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Банзрагчийн хууль бус эзэмшлээс улсын бүртгэлийн Ү-2206094402 дугаарт бүртгэгдсэн, *******,*******, Яармаг /17110/, наадамчдын зам гудамж, 404 байр, 94 тоот хаягт байршилтай 76.18 м.кв талбайтай, гурван өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлсүгэй.
2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч т холбогдох 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр байгуулагдсан орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны гэрчилгээг хариуцагчийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай хариуцагч Б.Банзрагчийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч ын урьдчилан төлсөн 70,200 төгрөг, хариуцагч Б.Банзрагчийн урьдчилан төлсөн 818,150 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Банзрагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч т олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД