| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лхамсүрэнгийн Батжаргал |
| Хэргийн индекс | 168/2018/0182/э/ |
| Дугаар | 2018/ШЦТ/191 |
| Огноо | 2018-06-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Л.Мөнхбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 2018/ШЦТ/191
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Батжаргал даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******
Улсын яллагч *******
Хохирогч *******
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******-т холбогдох 1821000570167 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, “...” ХХК-д машинист ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар баг ... тоотод оршин суух, гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овогт *******.
Шүүгдэгч ******* нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн суманд хохирогч *******-гаас машины хөгжим авах гэсэн юм гэж 150.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авсан, мөн 2017 оны 05 дугаар сарын 11, 12, 25-ны өдрүүдэд хохирогч *******гийн монетон ээмэг, бөгж, кулон зэргийг Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Кибер” нэртэй барьцаат зээлийн газар барьцаанд тавьж улмаар барьцаанд тавьсан эд зүйлийг буцааж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилаж 1964.600 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би *******тай фэйсбүүкээр танилцсан. Хотод байхад нь машиндаа хөгжим авна гээд 150.000 төгрөг дансаар авсан. Дараа нь Дорнодод ирэхээр нь уулзаад мөнгө асуухад байхгүй гэхээр нь ээмэг бөгжийг нь ломбардад тавьсан. Одоогоор 1 сая төгрөг өгсөн. Хохиролд 964.600 төгрөг төлөх дутуу байгаа. Үлдэгдэл мөнгийг төлнө...” гэв.
Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “*******ын ахтай нь нэг ангид сурч байсан бөгөөд фэйсбүүкээр танилцаад харьцсан. Дараа нь машиндаа хөгжим авах гэсэн юм гээд 150.000 төгрөг авсан. Дорнодод ирэхэд уулзаад дахин мөнгө асуухад нь байхгүй гэхэд ломбардад тавих юм байна уу гээд миний ээмэг бөгжийг авсан. Тухайн үед 450.000 билүү 500.000 төгрөг байвал өгөөч гэж байсан. Сүүлдээ утсаа авахгүй байхаар нь араас нь хөөцөлдөж байгаад уулзахад мөнгө байхгүй гэсэн. Ломбарднаас асуухад эд зүйл минь үхсэн байсан. Уулзаж чадахгүй байсан учраас цагдаад өгсөн. Надад 1 сая төгрөг бэлэн өгсөн. Үлдсэн мөнгөө авмаар байна” гэв.
Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “03 дугаар сарын 10-ны өдрийн орчим ******* над руу залгаад та надад 150.000 төгрөг өгчих, би Манжуур руу хүнд машины хөгжим захих гэсэн юм гэхээр нь би *******ын Хаан банкны данс руу нь 150.000 төгрөг шилжүүлсэн. Тухайн үед ******* надад хэлэхдээ би танд цалингаа буухаар, Дорнод аймагт ирэхээр чинь өгнө гэж хэлж байсан. Би 2017 оны 05 сар гаргаад Дорнод аймагт очоод машины хэрэг гараад *******ын машинтай гадуур ажил хөөцөлдсөн. Тэр үед ******* надад байр түрээслэдэг, та надад мөнгө зээлээч гэхээр нь би бэлэн мөнгө байхгүй гэхэд ломбарданд тавих зүйл байна уу гэхээр нь би нийт 2 хос монетон ээмэг, 2 ширхэг монетон бөгжийг өгсөн. Тэгээд 2017 оны 07 сарын эхээр би *******ын ажил дээр очиж уулзахад цалингийн зээл аваад өөр зүйлд хэрэглэчихсэн, ээмэг бөгжийг чинь сунгуулсан, ямар ч байсан авч өгнө гэж хэлсэн. Анх мөнгө авахдаа машиндаа хөгжим авах гэсэн юм гэж дараа нь байрны түрээсийн мөнгө нэхэгдээд байна гэж сүүлд авахдаа мөнгөний хэрэгтэй байна гэж хэлээд авсан. Би *******т заасан хугацаандаа өгчих байх гэж итгээд эд зүйлсээ өгсөн. ******* өмнө нь надад 1 сая төгрөг өгсөн. Одоо надад 1700.000 төгрөг өгөх юм бол миний хувьд гомдол санал байхгүй. Мөн 150.000 төгрөг бэлнээр авсан учраас энэ мөнгийг нэхэмжилж байна” гэжээ. /хх-ийн 32-34 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “Бүртгэлээс үзэхэд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Отгон овогтой ******* нь монетон бөгж 2 ширхэг, монетон ээмэг 2 хос нийт 10.5 грамм бүхий үнэт эдлэлийг 450.000 төгрөгт тавьсан. Мөн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр монетон ээмэг 1 хос, монетон бөгж 1 ширхэг нийт 6.6 грамм бүхий үнэт эдлэлийг 180.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Дараа нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдөр монетон кулон 1 ширхэг, монетон гинж 1 ширхэг нийт 4.2 грамм бүхий үнэт эдлэлийг 100.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Ингээд 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн тавьсан үнэт эдлэл дээр 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр нэмж 40.000 төгрөг авсан байна. Мөн 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдөр барьцаанд тавьсан 1 ширхэг монетон ээмэг, 1 ширхэг монетон бөгжин дээр нэмж 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 65.000 төгрөг авсан байна. 2017оны 05 дугаар сарын 25-ны өдөр барьцаанд тавьсан 1 ширхэг монетон кулон, 1 ширхэг монетон гинж дээрээ нэмж 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдөр 80.000 төгрөг авсан байна. ******* гэдэг хүн дээрх эд зүйлсийг барьцаанд тавихдаа ганцаараа ирдэг байсан ба хэд хэдэн удаа нэмж мөнгө авахдаа ч ганцаараа ирсэн. Барьцаанд тавигдсан эд зүйлсийн хугацаа дууссан үед ******* эд зүйлсийн хугацааг сунгуулах талаар ямар нэгэн байдлаар ирж уулзаж, утсаар ч ярьдаггүй байсан, хугацааг сунгуулах талаар ямар нэг үйлдэл гаргаж байгаагүй. *******ын барьцаанд тавьсан эд зүйлсийн хугацааг сунгуулаагүй удсан тул үхүүлж бусдад зарж борлуулаад байгаа” гэжээ. /хх-ийн 41-42 тал/
Гэрч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сард *******тай таараад эгчийн эд зүйлийг авч өг яагаад хүний эд зүйлийг авчихаад өгөхгүй байгаа юм бэ гэж загнахад тэр би эгчид чинь бэлнээр 200.000 төгрөг өгсөн байгаа гэж хэлэхэд нь би тэр даруй эгч рүү утасдаад ******* танд 200.000 төгрөг өгсөн юм уу гэж асуухад эгч өгөөгүй, юу ч аваагүй гэж байсан” гэжээ. /хх-ийн 43 тал/
- Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 52-60 тал/
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9 тал/ зэрэг болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.
Шүүгдэгч ******* овогт ******* нь 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн суманд хохирогч *******гаас машины хөгжим авах гэсэн юм гэж 150.000 төгрөгийг Хаан банкны дансаар шилжүүлэн авсан мөн 2017 оны 05 дугаар сарын 11, 12, 25-ны өдрүүдэд хохирогч *******гийн монетон ээмэг, бөгж, кулон зэргийг Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Кибер” нэртэй барьцаат зээлийн газар барьцаанд тавьж улмаар барьцаанд тавьсан эд зүйлийг буцааж өгнө гэж урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан залилж 1964.600 /нэг сая есөн зуун жаран дөрвөн мянга зургаан зуун/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч нарын шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд гаргасан мэдүүлэг, гэрч *******, ******* нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, Вендо ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч *******-т холбогдох хэргийн талаар нотлогдвол зохих байдал бүрэн нотлогдсон, Дорнод аймгийн Прокурорын газраас зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч *******-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч *******-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирлоо төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явж байхдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Шүүгдэгч ******* нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Хохирогч ******* нь шүүгдэгч *******-аас гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1000.000 төгрөг авсан бөгөөд нэмж 1850.000 төгрөг нэхэмжилж байгаа боловч хэрэгт авагдсан баримтаас үзвэл шүүгдэгч ******* нь хохирогч *******-д 1964.600 төгрөгийн хохирол учруулсан байх тул шүүгдэгч *******-аас 1044.600 /гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 964.600 төгрөг дээр “Вендо” ХХК-д хөрөнгө үнэлүүлсний хөлс 80.000 төгрөгийг нэмж нийт 1044.600 төгрөг/ төгрөгийг гаргуулж хохирогч *******-д олгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******-ыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******-т тэнсэгдсэн 1 /нэг/ жилийн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч *******-т хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******-аас бусдад учруулсан гэм хорын хохиролд 1044.600 /нэг сая дөчин дөрвөн мянга зургаан зуун/ төгрөгийг гаргуулж Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар баг ... тоотод оршин суух хохирогч *******д олгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч *******-ын ... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТЖАРГАЛ