Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/572

 

  2025             05             14                                       2025/ДШМ/572

 

Т.Ат холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Нандин-Эрдэнэ,

нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/440 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Г.Нандин-Эрдэнийн бичсэн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 26 дугаар эсэргүүцлээр Т.Ат холбогдох эрүүгийн 2408037321140 дүгээр хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

****** овгийн Т.А, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, ойжуулагч, цэцэрлэгжүүлэгч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл *, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ** дугаар хороо, Хайрханы *-*** тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/,

- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг зургаан сарын хугацаагаар хүлээлгэсэн;

Т.А нь 2024 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байх үедээ 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр давтан согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон, мөн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэж Сонгинохайрхан дүүргийн 42 дугаар хорооны нутаг дэвсгэр, Зүүн салааны замд 20 цаг 50 минутын орчимд Тоёота приус маркийн 79-78 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ эсхүл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тээврийн прокурорын газраас Т.Аийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Т.Аийг цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг компакт дискийг хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Нандин-Эрдэнэ бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “…Шүүхээс шүүгдэгч Т.Аийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэл нь Зөрчлийн тухай хуульд заасан зөрчлийн шинжтэй гэж үзсэн атлаа цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт тухайн зөрчлийн шинжтэй үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн ямар, зүйл, заалтаар хариуцлага хүлээлгэх эсэхийг шийдвэрлэлгүй орхигдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн хуулийн шаардлагад нийцэхгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Учир нь, хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Т.А нь 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр 08 цаг 20 минутын орчимд жолоодох эрхийн үнэмлэхийн хүчинтэй байх хугацаа дууссан үедээ согтууруулах ундаа хэрэглэж буюу 1.19 хувийн согтолттой тээврийн хэрэгсэл жолоодож, уг зөрчилдөө Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 109 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар (тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан Зөрчлийн тухай хуулиар) 40 цагийн хугацаагаар албадан сургалтад хамрагдах, 20 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл шийтгэгдсэн байна.

Мөн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дахин Тоёота приус маркийн 79-78 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.81 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцож, уг үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2408023340621 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэсэн.

Дээрхээс үзэхэд, шүүгдэгч Т.Аийн 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу дээрх 2 үйлдлийн аль үйлдэлд нь нэгтгэж, Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь ойлгомжгүй байна.

Харин шүүгдэгч Т.Аийн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн үйлдэл нь зөрчлийн шинжтэй гэж үзэж, прокуророос шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах тухай прокурорын дүгнэлтийг бичиж Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн тул Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/440 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 5, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн…” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Т.Ат холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэхдээ шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, мөрдөн шалгах ажиллагааны алдааг зөвтгөлгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Прокуророос хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг тогтоох ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагааны ерөнхий нөхцөл, шаардлагыг зөрчин, хэргийг тал бүрээс нь бүрэн бодитой биш хянан шийдвэрлэхэд илэрхий саад болох нөхцөл байдлыг анзааралгүй, Т.Ат холбогдох хэргийг шүүх рүү шилжүүлсэн нь гэм буруугийн талаар болон Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх эсэхэд ноцтой нөлөөлж болох нөхцлийг орхигдуулсан гэж үзэв.

Тодруулбал, Т.А нь 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр, мөн оны 09 дүгээр сарын 26-ны өдөр тус тус согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлүүдэд тус тусад нь хэрэг нээн шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, улмаар тус тусад нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд дээрх үйлдлүүдийг нэгтгэн эрх зүйн дүгнэлт хийж, нэгдмэл байдлаар шийдвэрлэгдвэл зохих хэргийг хоёр тусад нь шийдвэрлэхэд хүрсэн, энэ нь хэргийг тал бүрээс нь бүрэн гүйцэт байдлаар хянах, үндэслэл бүхий шийдвэр гарах нөхцлийг алдагдуулсан, хэргийг нэгтгэж шийдвэрлэх хуульд заасан журмыг зөрчсөн, Т.Аийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр гаргажээ.

Т.А 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дахин Тоёота приус маркийн 79-78 УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 1.81 хувийн согтолттой жолоодож замын хөдөлгөөнд оролцож, уг үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 2408023340621 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь хоёр жилийн хугацаагаар хасаж, 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял шийтгэж шийдвэрлэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1094 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулахаас өмнө 2024 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг өмнөх үйлдэлд нь нэгтгэн шийдвэрлэх буюу Т.Аийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх боломжтой байжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6-д “хэрэг бүртгэлтийн хэргийг хаах, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах, мөрдөн байцаалтыг түдгэлзүүлэх, сэргээх, эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох, сэргээх, нэгтгэх, тусгаарлах;” гэж прокурорын бүрэн эрхийг,

мөн хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээ ижил эрүүгийн хэргийг нэгтгэх бол эхэлж эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан хэрэгт нэгтгэнэ.” гэж,

мөн зүйлийн 7 дахь хэсэгт “Прокурор энэ зүйлд заасны дагуу эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах тухай үндэслэл бүхий шийдвэр гаргана.” гэж хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ерөнхий нөхцлийг,

мөн хуулийн 32.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах;” гэж мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос гаргах шийдвэр зэргийг тус тус хуульчилжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг болон Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих” зөрчил зэрэг нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж, бүртгэгдсэн даруй шалгагдаж, хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа хийгдэх боломжтой байдаг бөгөөд мөрдөн байцаалтаар Т.Аийн дээрх үйлдлүүдийг нэгтгэж шалгалгүй, тус тусад нь гэм бурууг тогтоолгохоор шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах тогтоолыг хүчингүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Цагаатгагдсан этгээд Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/440 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Цагаатгагдсан этгээд Т.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ,

                                    ШҮҮГЧ                                         Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                         Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР