| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 192/2025/00777/И |
| Дугаар | 192/ШШ2025/07942 |
| Огноо | 2025-10-03 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 03 өдөр
Дугаар 192/ШШ2025/07942
2025 10 03 192/ШШ2025/07942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг, Мөрөн сум, 8 дугаар баг, *** тоот хаягт оршин суух, Ач хариад ургийн овогт Галдан овогтой Пын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн *** дугаар хороо, **** гудамж, өөрийн байранд байрлах “**” Улсын төсөвт үйлдвэрийн газар /цаашид “***” УТҮГ гэх/-т холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хөвсгөл аймгийн ****ажилд эгүүлэн тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.П, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н. Д/0984/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Төрбат, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Г/3033/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгч өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд тайлбарлахдаа:
1.1. Г.П 2014 оноос Хөвсгөл аймгийн Радио, ***сүлжээний газрын даргаар ажилласан. Энэ хугацаанд ажил үүргээ биечлэн, үнэнчээр, өөрийн ур чадвар, боломжоо дайчлан зохих ёсоор гүйцэтгэж байсан. Гэтэл удирдах дээд байгууллага болох “***” УТҮГ-ын захирлын тушаалаар удаа дараа ажлаас хууль бусаар халж, тухай бүр нь шүүхийн шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоосноор ажил үүргээ өнөөг хүртэл гүйцэтгэсэн.
1.2. “***” УТҮГ-ын захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаартай тушаалаар намайг ажлаас халсныг хууль бус болсон гэж үзэж байна. Учир нь намайг шүүхийн шийдвэрээр ажилдаа буцаж орж байсанд болон санал шүүмжлэл гаргаж ажилладагт тус газрын удирдлага ихээхэн таагүй ханддаг, ажлаас халах өө сэв хайдаг байсан ба миний ажлын шаардлагад дургүйцэж эсэргүүцдэг зарим ажилтны матаас ч нөлөөлдөг юм. Уг шийдвэрээр намайг Баян-Өлгий аймгийн *** БӨҮ улсын дугаартай машиныг Хөвсгөл аймгийн нэр дээр шилжүүлж аваагүй, уг машины дугаарыг цэнхэр болгоогүй, өөрийн хувийн хэрэгцээндээ ашиглаж байсан гэсэн үндэслэлээр ажлаас халсныг ихээхэн гайхаж, гомдолтой байна. Автомашины дугаарыг цэнхэр болгоогүй, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байсан гэсэн нь Хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох үндэслэл биш байна.
1.3. Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийг зөрчиж ялгаварлан гадуурхаж, дарамт үзүүлэн ажлаас хууль бусаар халахдаа хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлээ тайлбарлах, танилцуулах үүргээ ч биелүүлээгүй. Иймд миний хөдөлмөрлөх эрх бүдүүлгээр зөрчигдсөн тул Баянгол дүүрэг дэх Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах 3 талт хороонд гомдол гаргасан боловч эвлэрч зохицоогүй. Иймд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон “***” УТҮГ-ын захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаартай тушаалыг хүчингүй болгож Г.П намайг Хөвсгөл аймгийн ****ажилд буцаан тогтооно уу.
1.4. Тухайн үеийн дээд удирдлага нар намайг ажлаа сайн хийдэг гэж миний ажлыг дүгнэсэн байхад хамгийн сүүлийн захирал 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр өмнөх удирдлагатай хийсэн гэрээг дүгнэхгүйгээр өөр хүчингүй болсон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг үндэслэж ажлаас халсан байна. Ямар үндэслэлээр ажлаас халсан талаараа танилцуулж мэдэгдэхгүй байж байгаад шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш баахан баримт бүрдүүлж байгаа нь үндэслэлгүй...гэв.
2. Хариу тайлбар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Г.П ажил албан үүргээ хэрэгжүүлэх явцдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон тул хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан.
2.2. Г.П Баян-Өлгий аймагт ашиглагдаж байсан *** БӨҮ улсын дугаартай автомашиныг Хөвсгөл аймгийн ***т шилжүүлэн өгснийг хувийн хэрэгцээнд хэрэглэж, албаны цэнхэр дугаар аваагүй, ажлын хэрэгцээнд хэрэглээгүй үйлдлийг гаргасан болох нь 2024 оны 10 дугаар сард “***” УТҮГ-ын шалгалтаар явахад тогтоогдсон. Тодруулбал: 2024 оны 09 дүгээр сарын 30-ны 09:10 цагт “***” УТҮГ-ын захирал болон захирлын зөвлөлийн 4 гишүүд хүртэл хүлээгээд ирэхгүй байсан тул ажилтнуудаар нь утсаар холбоо бариулж дуудуулахад 1 цагийн дараа буюу 12 цагт албаны *** БӨҮ улсын дугаартай автомашиныг жолоодон ажил дээрээ ирсэн. Шалгалтын явцад тэрээр Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын даргын албан тушаалыг хөдөлмөрийн гэрээ, ажил үүргийн хуваарийн дагуу гүйцэтгэж чадахгүй болох нь тогтоогдсон.
2.3. Уг шалгалтын тайлангаар Г.П нь төрийн албан хаагчийн ёс зүй харилцааны соёлгүй, манлайлах ур чадваргүй, ажлын зохион байгуулалтгүй, хамт олны уур амьсгалыг бүрдүүлдэггүй, байгууллага, ажилчдын нийгмийн баталгааг хангадаггүй, ажилтнуудыг байгууллагын соёлд суралцуулдаггүй зөрчлүүд илэрсэн. Г.Пын байгууллагын албан бланкийг хуульд заасны дагуу ашигладаггүй, ноорог байдлаар ашигласан талаар баримтыг хавсаргав. Иймд Г.Пыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5-д заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан. Энэ нь хууль зөрчөөгүй.
2.4. Нэхэмжлэгчийн хамт олон нь 2014, 2021, 2024 онуудад нийт 3-4 удаа өргөдөл, хүсэлт өгсөн нь үнэн. Өргөдлийн гол агуулга нь Г.Пыг өглөө ажилдаа ирдэггүй, машиныг хувьдаа ашигладаг, хамт олны буруу үлгэр дуурайлалтай, байгууллагын өнгө үзэмжид анхаардаггүй гэх мэт гомдлууд байсан. 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шалгалтаар очиход 9 цагт ажилдаа ирээгүй байсан ба 12 цагийн үед дуудуулж байж *** дугаартай тээврийн хэрэгслийг унаж ирсэн. Улмаар 10 дугаар сарын 10-ны өдөр захирлын тушаалаар Г.Пт цалин бууруулах сахилгын арга хэмжээ авсан. Энэ байдал нь засагдаагүй байсан учраас 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан...гэв.
3. Нэхэмжлэгч талын нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Г.Пын иргэний үнэмлэхийн хуулбар, “***” УТҮГ-ын захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаар “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаалын хуулбар, “***” УТҮГ-ын захирлын 2018 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Б/14 дугаар, 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар тус тус Г.Пыг ажилд томилох тухай тушаалын хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №1 тоот Хөдөлмөрийн гэрээний хуулбар, мөн талуудын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн Үр дүнгийн гэрээний хуулбар, Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн хэрэгжилтийн хуулбар, ******сүлжээний газрын даргын ажлын байрны тодорхойлолтын хуулбар, Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 05 тоот, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 тоот албан бичгүүдийн хуулбар, Баян-Өлгий аймгийн ******сүлжээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 26 тоот албан бичгийн хуулбар, Г.Пын одон медалийн үнэмлэхүүдийн хуулбар, Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 4850 дугаар шийдвэрийн хуулбар, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 02527 дугаар шийдвэрийн хуулбар, мөн шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн ***дугаар шийдвэрийн хуулбар, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвөөс Г.Пт 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн 135 тоот албан бичгийн эх хувь хавсралт 2 хуудас баримтын хамт,
4. Хариуцагч талын нотлох баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, “***” УТҮГ-ын захирлын 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Б/155 тоот Сахилгын шийтгэл ногдуулах тухай, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **тоот Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай тушаалуудын хуулбар, “***” УТҮГ-ын Захиргаа, удирдлагын газрын дарга К.Олимпиадын Хөвсгөл аймгийн ******сүлжээний газарт ажилласан 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн тэмдэглэлийн хуулбар, Хөвсгөл аймгийн ******сүлжээний газарт хийсэн Захиргаа, дотоод үйл ажиллагааны үнэлгээний 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн тайлангийн хуулбар, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн №1 тоот Хөдөлмөрийн гэрээний хуулбар, Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний хуулбар, Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын ажилчдын хурлын тэмдэглэлүүдийн хуулбар, Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын ажилчдаас Г.Пын ажил байдлын тухай гаргасан гомдлуудын хуулбар, “***” УТҮГ-ын Ёс зүйн дэд хорооны 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн №01 тоот дүгнэлтийн хуулбар, “***” УТҮГ, Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын даргын тушаалын хэвлэмэл хуудаст Г.А гэх иргэний бичсэн өргөдөл бүхий баримтын хуулбар, Ажилчдын утасны дугаар, гэрийн хаягийн мэдээлэл бүхий хүснэгтийн хуулбар, Хөвсгөл аймгийн Автотээврийн төвөөс Аймгийн ******сүлжээний газарт 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүргүүлсэн 80 тоот албан бичгийн эх хувь хавсралт 1 хуудас баримтын хамт, https://smartcar.mn/vehicle/penalty цахим сайт-д авагдсан *** БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн мэдээлэл,
5. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулалт гурван талт хорооны 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн хуралдааны №4 тоот тэмдэглэл, шийдвэрийн хуулбарыг нэхэмжлэгч талаас, “***” УТҮГ-ын дүрэм, Хөдөлмөрийн дотоод журмын хуулбарыг хариуцагч талаас, М.Э, Г.Ннарыг гэрчээр асуусан тэмдэглэл, гэрч М.Эгаас гаргасан автомашины фото зургууд,
ҮНДЭСЛЭХ нь:
1. Г.Пын нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Г.П нь хариуцагч “***” УТҮГ-т холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ “үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлөөлөгдсөн, ажил олгогч шийдвэр гаргахдаа дуусгавар болсон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг үндэслэл болгож хууль зөрчсөн” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “Г.П ёс зүйн зөрчил удаа дараа гаргадаг, байгууллагад шилжүүлсэн тээврийн хэрэгслийн дугаарыг албаны болгож солих үүргээ биелүүлээгүй, хувьдаа ашигласан, өмнө нь сахилгын зөрчил гаргасан учир хөдөлмөрийн гэрээг биш Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг цуцалсан” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдов. Үүнд:
4.1. Г.П нь “***” УТҮГ-ын Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын даргаар ажиллахдаа хэд хэдэн удаа ажлаас чөлөөлөгдөж, шүүхийн шийдвэрээр ажилдаа эгүүлэн тогтоогдож байсан болох нь түүнийг ажилд эгүүлэн тогтоосон болон ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор олгохоор шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрүүдээр тогтоогдож байна. /хх-6-7, 48-62/
4.2. Шүүхийн шийдвэрийн дагуу Г.Пыг “***” УТҮГ-ын даргын 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн ** дугаар тушаалаар Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын даргын үүрэг гүйцэтгэгчээр томилж, 2022 онд Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж, тухайн гэрээг дуусгавар болсны дараа 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №1 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Үр дүнгийн гэрээ тус тус байгуулж, 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн хэрэгжилтийг 99,2% гэж үнэлжээ. /хх-8-15, 116, 112/
4.3. Ажил олгогч “***” УТҮГ-ын захирлын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаар “Хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Г.Пыг “..онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчин Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зөвшөөрлөөр Баян-Өлгий аймгийн *** улсын дугаартай **** автомашиныг Хөвсгөл аймгийн нэр дээр шилжүүлж аваагүй, уг автомашины дугаарыг цэнхэр болгоогүй, өөрийн хувийн хэрэгцээнд ашиглаж байсан” гэх үндэслэлээр, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.4, 20.1.10, Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 65 дугаар зүйлийн 65.4.1, 65.4.3, 65.4.4, 80 дугаар зүйлийн 80.1.5, “***” УТҮГ-ын дүрмийн 6 дугаар зүйлийн 6.4.10, Хөдөлмөрийн дотоод журмын 5 дугаар зүйлийн 5.15, 12 дугаар зүйлийн 12.4.6-д заасныг үндэслэн 2024 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож ажлаас чөлөөлсөн байна. /хх-6, 103/
4.4. Дээрх тушаалд дурдагдсан *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймгийн ******сүлжээний газарт шилжүүлж, албаны цэнхэр дугаар олгуулах тухай албан бичгийг Автотээврийн төвд хүргүүлэхээр тус байгууллагаас 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05 тоот, 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 тоот албан бичгийг, Баян-Өлгий аймгийн ******сүлжээний газраас Хөвсгөл аймгийн автотээврийн төвд 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 26 тоот албан бичгийг тус тус хүргүүлсэн болохыг нотлохоор эдгээр албан бичгүүдийн хуулбарыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргасан. /хх-19-21/
Хариуцагч талаас нэхэмжлэгчийг 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр албан бичиг хүргүүлээгүй гэх тайлбар, татгалзлаа нотлохоор Хөвсгөл аймгийн Автотээврийн төвийн 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 80 тоот албан бичгийг нотлох баримтаар гаргасан. Уг баримтад Хөвсгөл аймгийн ******сүлжээний газраас 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр албан бичиг ирүүлээгүй болохыг тодорхойлсон байна. /хх-157-158/
Нэхэмжлэгч Г.П Хөвсгөл аймгийн автотээврийн төвд дээрх албан бичгүүдийг хүргүүлсэн эсэх талаар мөн тодруулж, Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 дугаар албан бичиг, Баян-Өлгий аймгийн ******сүлжээний газрын 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 26 дугаар албан бичгийн дагуу *** улсын дугаартай **** маркийн тээврийн хэрэгслийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр *** улсын дугаар олгож бүртгэсэн талаар тайлбарласан баримтыг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргасан. /хх-164-166/
Дээрх баримтуудыг харьцуулан дүгнэвэл Хөвсгөл аймгийн ******сүлжээний газраас тус аймгийн Автотээврийн төвд хандан 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 05 тоот албан бичиг гаргасан байх боловч хүргэгдээгүй, харин 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 10 тоот албан бичиг гаргаж хүргүүлсэн бөгөөд уг баримтыг үндэслэн тээврийн хэрэгсэл 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр шилжиж бүртгэгджээ.
4.5. “***” УТҮГ-ын удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлын хэрэгжилтийг шалгах шалгалтыг 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сүлжээний газарт явуулж, 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдөр тус байгууллагын Захиргаа, дотоод үйл ажиллагааны үнэлгээний тайлан гаргаж, уг тайлангаар 9 төрлийн зөрчил илрүүлсэн байх бөгөөд уг тайланд *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлээгүй тухай зөрчил илрээгүй байна. /хх-104-111/
4.6. Дээрх шалгалттай холбоотойгоор буюу “...өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийн цахим хуралд оролцоогүй, ажлын хэсэг тухайн аймагт албан томилолтоор ажиллахад ажлын байранд байгаагүй, ажлын цагийг мөрдөн ажилладаггүй” гэх зөрчлүүдэд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 20.1.10, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэл болгон Г.П ын үндсэн цалинг 3 сарын хугацаагаар 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх-102/
Нэхэмжлэгч Г.П ын зүгээс ийм шийдвэр гарсныг мэдээгүй гэж тайлбарлах боловч уг шийдвэрийн дагуу 2024 оны 10 дугаар сараас цалин 20 хувиар бууруулсныг мэдсэн талаар шүүх хуралдааны явцад тайлбарласан. Иймд цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан ажил олгогчийн шийдвэрийг мэдсэн гэж үзэхээр байна.
4.7. Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын нэр бүхий 7 ажилтны гаргасан гомдлын дагуу “***” УТҮГ-ын Ёс зүйн дэд хороо хуралдаж, 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр №01 тоот тогтоол гарган, Г.П ыг ёс зүйн зөрчил гаргасан болон гаргаагүй гэж дүгнэх боломжгүй, нотлох баримтыг авч дахин хэлэлцэх шаардлагатай гэж дүгнэн, сахилгын арга хэмжээ аваагүй байна. /хх-131-133/
Мөн хариуцагч талаас нэхэмжлэгчийг байгууллагын хэвлэмэл хуудсыг зориулалтын бусаар ашигладаг гэх тайлбараа нотлохоор иргэн Г.Алтанзаяагийн бичсэн өргөдөл бүхий Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын хэвлэмэл хуудсын хуулбарыг нотлох баримтаар гаргасан. Нэхэмжлэгч тал уг баримтыг үгүйсгэж, няцаагаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс уг баримт Г.Пын ажлын өрөөнд байсан, Г.Ань нэхэмжлэгчийн эхнэр гэж тайлбарласан. /хх-134/
5. Зохигч талууд Г.Пыг “***” УТҮГ шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон, мөн Г.П Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын даргаар ажиллаж байсан, ажлаас чөлөөлөх тушаалын үндэслэл болсон *** улсын дугаартай тээврийн хээргслийг 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын нэр рүү шилжүүлсэн, 2024 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын шалгалтаар зөрчил илэрсэн, үүний улмаас ажил олгогчийн шийдвэрээр Г.Пт 3 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй.
Харин талуудын хооронд үүссэн болон дуусгавар болсон гэрээний харилцаа хөдөлмөрийн эсхүл онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээний аль болох, байгууллагад шилжүүлсэн тээврийн хэрэгслийн дугаарыг шилжүүлээгүй нь хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох зөрчил мөн эсэх талаар харилцан үндэслэл зааж маргав.
6. Хариуцагч “***” УТҮГ нь нэхэмжлэгч Г.Пыг Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөх шийдвэр гаргахдаа түүнийг онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчиж байгууллагад шилжүүлсэн тээврийн хэрэгслийг Хөвсгөл аймгийн нэр дээр шилжүүлж аваагүй, машины дугаарыг цэнхэр болгоогүй, машиныг хувийн хэрэгцээндээ ашигласан зэрэг үндэслэлүүд зааж, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1, 65.4.3, 65.4.4, 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсгүүд болон байгууллагын Хөдөлмөрийн дотоод журмын 5.15, 12.4.6 дахь хэсгийг тус тус үндэслэсэн байна.
6.1. Тушаалын үндэслэл болсон Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг талууд 2022 онд байгуулж, тухайн гэрээг Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын 2023 оны үйл ажиллагаа, менежментийн төлөвлөгөө бүхий уг хөдөлмөрийн гэрээг дүгнэх хүртэлх хугацаагаар байгуулж, улмаар 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн хэрэгжилтийг 99,2% үнэлснээр гэрээ биелэгдэн дуусгавар болсон гэж үзэх үндэслэлтэй.
6.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч буюу түүнээс эрх олгогдсон этгээд нь өмчлөх эрхийнхээ тодорхой хэсгийг ажилтнаар дамжуулан хэрэгжүүлэх, аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлагын түвшний ажил үүрэг гүйцэтгүүлэх зорилгоор ажилтантай онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулж болно.
Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээнд ажлын эцсийн үр дүн, хүлээх үүрэг хариуцлага, гэрээ дүгнэх журам болон ажилтанд олгох урамшуулал, хангамж, хөнгөлөлт, ашгаас олох хувь хэмжээ зэргийг тусгаж болохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсэгт хуульчилсан.
Ажил олгогчоос ажилтан Г.Пын ажлын эцсийн үр дүн болох 2023 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн тайлангийн хэрэгжилтийг дүгнэснээр онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дүгнэн дуусгавар болгож, улмаар 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №1 тоот Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Үр дүнгийн гэрээг тус тус байгуулсан байна. Иймд маргаан бүхий 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн **дугаар тушаалын үндэслэл болж буй Г.Пыг хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн гэх Онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ дуусгавар болж, уг гэрээг сунгаагүй ба шинээр байгуулаагүй байна.
6.3. Хариуцагч талаас онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээг дуусгавар болоогүй гэж маргах боловч энэ талаар нотлох баримт гаргаж, тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй. Харин уг гэрээг дүгнэж дуусгавар болгосон болох нь нэхэмжлэгч талаас нотлох баримтаар гаргасан 2023 оны ажлын тайлан дүгнэсэн баримтаар тогтоогдсон гэж дүгнэв.
7. Түүнчлэн, Хөдөлмөрийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.4.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн гэрээг дүгнэхэд ажилтан гэрээнд заасан ажил үүргээ хүндэтгэх шалтгаангүйгээр хангалтгүй биелүүлсэн” гэснийг **дугаар тушаалд үндэслэл болгосон ба хэрэгт цугларсан баримтын хүрээнд талууд хөдөлмөрийн гэрээг дүгнэсэн гэх байдал тогтоогдохгүй, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох үндэслэлийг “..*** улсын дугаартай тээврийн хэрэгслийг байгууллагын нэр дээр шилжүүлж аваагүй, автомашины дугаарыг албаны цэнхэр дугаар болгоогүй, өөрийн хувийн хэрэгцээндээ ашигласан” гэж тушаалд заасан.
7.1. Гэтэл дээрх зөрчлүүд нь тушаалд дурдагдсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох ноцтой зөрчилд хамаарахгүй байхын зэрэгцээ Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсэгт заасан “ажил олгогчийн мөнгө болон эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хариуцах, эсхүл захиран зарцуулах эрх бүхий ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон” гэх үндэслэл тогтоогдсонгүй.
7.2. Учир нь байгууллагад шилжүүлсэн автомашины улсын дугаар шилжүүлж, дугаарыг цэнхэр болгоогүй нь ажил олгогчийн мөнгө, эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг алдагдуулсан болон ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхгүй гаргасан гэж үзэхээргүй байхын зэрэгцээ *** дугаартай автомашиныг Г.П хувийн хэрэгцээндээ ашигласан гэх тушаалын үндэслэл, энэ талаар гаргасан тайлбар татгалзлаа нотлохоор хариуцагч тал Г.Н, М.Э нарыг гэрчээр асуулгасан боловч тэдний тайлбар хэрэгт нотлох баримтаар авагдсан бусад баримтуудаар давхар нотлогдоогүй. Гэрчүүдээс фото зураг гаргасан боловч тухайн баримтын эх сурвалж тодорхой бус байна.
8. Хариуцагч талаас нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргадаг, сахилгын шийтгэл хүлээсэн байхдаа дахин сахилгын зөрчил гаргасан гэх агуулгаар тайлбар гаргаж маргасан боловч Г.Пыг энэ үндэслэлээр ажлаас чөлөөлөөгүй бөгөөд Баян-Өлгий аймгийн ******сүлжээний газраас хуваарилагдсан уг *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг байгууллагын нэр дээр шилжүүлэх, дугаар солих зэрэг үүрэг нэхэмжлэгч Г.Пын хариуцаж гүйцэтгэх ажил үүрэг мөн болохыг, тийнхүү солиогүй нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний харилцааг дуусгавар болгох ноцтой зөрчил мөн болохыг хариуцагч тал нотолж чадсангүй.
9. Иймд дээрх үндэслэлээр Г.Пын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, түүнийг “***” УТҮГ-ын харьяа Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын даргын ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэлээ.
10. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул мөн хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж түүнд буцаан олгох, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Пыг хариуцагч “***” УТҮГ-ын Хөвсгөл аймгийн ******сүлжээний газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар энэ нэхэмжлэл тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч Г.Пт буцаан олгож, хариуцагч “***” УТҮГ-аас 70,200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА