| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 240904150139 |
| Дугаар | 2025/ДШМ/573 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Даваахүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/573
2025 05 14 2025/ДШМ/573
Э.Тт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор О.Даваахүү,
шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Э.Тт холбогдох эрүүгийн 240904150139 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
****** овгийн Э.Т, **** оны ** дугаар сарын **-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “*****” ХХК-ийн захирал, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн ** дугаар хороо, “*****” үйлдвэрийн төвийн бүс гудамж, ** дугаар байрны *** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/;
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан;
Шүүгдэгч Э.Т нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “River Sounds” баарны гадаа хохирогч Г.Нтай маргалдаж, улмаар түүнийг цохисноос баруун хацрын завьжинд язарсан шарх, зүүн хацар, баруун гарын дунд хуруу, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Э.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Э.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг хоёр зуун дөч /240/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Э.Тт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан 1 ширхэг “Сиди”-г Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасны дагуу хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар хамтран гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.Содномдорж гаргасан тайлбартаа: “…Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс Э.Тт нийтэд тусгай ажил хийлгэх ял буюу 240 цаг албадан ажил хийлгэх ял оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрч өмгөөлөгчийн зүгээс Э.Ттэй хамтран давж заалдах гомдол гаргасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно” гэж, 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж тус тус заасан нөхцөл байдлыг орхигдуулан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан гэж үзэж байна. Улсын яллагчийн зүгээс 800 нэгж буюу 800.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан. Э.Т нь “*******” ХХК-ийн гүйцэтгэх захирал буюу үүсгэн байгуулагч нь юм. Улсад татвар болон сард 1.000.000 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл төлдөг. Мөн 5 хүнийг ажлын байраар хангадаг. Түүний компани нь худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр өмгөөлөгчийн хувьд Э.Тийг заавал нийтэд тустай ажил хийлгэж байхаар 1000 нэгжээр торгох ял оногдуулбал 2, 3 сарын дотор төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна. Э.Т нь компанийнхаа үйл ажиллагааг нэмэгдүүлэн дахин 3-4 хүн ажилд авахаар БНХАУ-аас тоног төхөөрөмж оруулж ирэх гэж байгаа буюу ажилчдынхаа ажлын чадавхыг нэмэгдүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү. Э.Тийн гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ гэмшиж байгаа, хохирогчтой эвлэрсэн, хохирогчид 3.000.000 төгрөгийн төлбөр төлсөн, эвлэрлийн гэрээ байгуулсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу сонгох санкцтай тул энэ хүрээнд шийдвэрлэх бүрэн боломжтой гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна” гэв.
Шүүгдэгч Б.Э.Т тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Үйлдсэн гэмт хэрэгтээ харамсаж байгаа. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй.” гэв.
Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Шүүгдэгч Э.Т нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргаж оролцдоггүй, хохирогчтой эвлэрсэн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон боловч шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн учраас торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргаж байна. Шүүгдэгч Э.Тийн хувийн байдлын тухайд, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 329 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзээд анхан шатны шүүхээс 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх тул шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Т нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр шөнийн 02-03 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “River Sounds” баарны гадаа хохирогч Г.Нтай маргалдаж, улмаар түүнийг гараараа цохисноос баруун хацрын завьжинд язарсан шарх, зүүн хацар, баруун гарын дунд хуруу, зүүн сарвуунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Г.Нын “…шөнийн цэнгээний газраас гарч байгаад 3 эрэгтэй хүнтэй муудалцаад 2 эрэгтэйд нь зодуулсан. Маргаан болох үед биед байсан А30 маркын гар утас алга болсон. …эхлээд нүдний шилтэй, саарал хар өнгийн гадуур хувцастай, хэл амтай, намхан эрэгтэй эхлээд намайг цохьсон. …” /хх 32/,
шүүгдэгч Э.Тийн яллагдагчаар өгсөн “…Болор-Эрдэнэтэй муудалцаж байсан эрэгтэйг хөлөөрөө хавирч унагаад баруун гараараа толгой руу нь цохьсон. …” /хх 88/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 471 дүгээр “…Г.Нын биед баруун хацрын завьжинд язарсан шарх, зүүн хацар, баруун гарын дунд хуруу, зүүн сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. … хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. …” /хх 50-51/ дүгнэлт,
хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 24-27/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Э.Тийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Э.Тийн согтуурсан үедээ хүч хэрэглэн Г.Нын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нар хамтран “…нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ял болгон шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалсны эцэст гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулахаар хуульчилсан.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.
Мөрдөн шалгах ажиллагааны үед шүүгдэгч Э.Т, хохирогч Г.Н нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байх боловч тэдний хүсэлтийг шийдвэрлэж, хариу өгөөгүй байна.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх боловч шүүгдэгч Э.Тийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн санал, гомдолгүй нөхцөл байдлыг харгалзан торгох ял болгон хөнгөрүүлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/742 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг хоёр зуун дөч /240/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтыг хүчингүй болгосугай.
3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь шүүхээс оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй” гэсэн,
- “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай” гэсэн тус тус нэмэлт заалт оруулсугай.
4. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үдээж, шүүгдэгч Э.Т, түүний өмгөөлөгч Д.Содномдорж нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсан болохыг дурдсугай.
5. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР