| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Г.Төрболд |
| Хэргийн индекс | 183/2024/01067/И |
| Дугаар | 192/ШШ2025/09744 |
| Огноо | 2025-11-20 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 192/ШШ2025/09744
2025 11 20 192/ШШ2025/09744
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 02 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******, 11 тоот хаягт байрлах “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК (РД:5096235)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: *******,*******, 117-17с тоот хаягт оршин суух Балбар тавнан овогт Нямхишигийн Энхбат (РД:УЗ88081653),
Хариуцагч: *******,*******, 117-17с тоот хаягт оршин суух Боржигон овогт Борхүүгийн Болортуяа (РД:ХБ85032803),
Хариуцагч: *******,,, 1001 тоот хаягт байрлах “ЭХА энтертайнмент” ХХК (РД:85032803) нарт холбогдох
Зээлийн гэрээний үүрэгт 583,421,486.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.
Шүүх нэхэмжлэлийг 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээж авав.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 583,421,486.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Зээлдэгч нар нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Чингис Хаан банктай зээлийн гэрээ байгуулж, 535,000,000 төгрөгийг 120 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр орон сууцыг зээлээр худалдаж авсан. 2021 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Ковид 19-ийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 08 дугаар сарын 20-ны өдөр хүртэлх хугацааны үндсэн төлбөрөөс чөлөөлж зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Дээрх зээлээр худалдан авсан *******,, Стадион Оргил, 17-02 гудамжны 180 м2 талбайтай орон сууцыг 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдөр , нарын өмчлөлд шилжүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсон. Улсын бүртгэлийн гэрчилгээ олгогдсоны дараа тухайн худалдан авсан орон сууцыг “ЭХА энтертайнмент” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн бүртгэсэн. “ЭХА энтертайнмент” ХХК өөрсдийн байгуулсан хувийн хэвшлийн хуулийн этгээдийг тендерт оролцуулах зорилгоор барьцаа хөрөнгийн өмчлөлийг шилжүүлсэн байгаа. Чингис хаан банкнаас авсан зээл, энэхүү зээлийн гэрээтэй холбоотой шаардах эрх “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Чингис хаан банк хоёрын хооронд байгуулагдсан авлага барагдуулах гэрээний дагуу шилжсэн. 2024 оны 01 дүгээр сард нэхэмжлэл гаргаад зээлдэгч нартай удаа дараа холбогдож, зээлийн эргэн төлөлтийг шаардаж, сануулсан боловч зээлдэгч нар зээлийг төлөх эрмэлзэлгүй байсан. Эвлэрэх санал тавихад түүнийг хүлээж авахгүй, ямар нэг идэвх санаачилга гаргахгүй байсан. Нэхэмжлэл гаргасны дараа шүүгчийн туслахаас удаа дараа холбогдож, нэхэмжлэлээ гардаж авахыг шаардаж байсан боловч гардаж авахгүй байсан. Үүнтэй холбоотойгоор итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд албадан хариуцагч нарт нэхэмжлэлийг гаргуулах хүсэлтийг гаргаж түүний дагуу ажиллагаа явагдсан. Шүүх хурлыг товлосон боловч бас ирээгүй байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2 жил орчим үргэлжилж байгаа учраас бид нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байгаа гэжээ.
2.2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үндсэн болон нэхэмжлэлийн ихэсгэсэн шаардлагын хувийг хариуцагч тус бүрт гардуулсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжгүй байгаа талаар шүүхэд мэдэгдээгүй болно.
3.Нэхэмжлэгч талаас хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн тухай баримт, итгэмжлэл, “Чингис хаан банк” болон , нарын хооронд байгуулагдсан орон сууцны зээлийн гэрээ, уг гэрээний нэмэлт өөрчлөлтийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Чингис хаан банк” болон , нарын хооронд байгуулагдсан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Могул ИБИЗ” ХХК болон нарын хооронд байгуулагдсан орон сууц захиалгаар бариулах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Могул ИБИЗ” ХХК болон Чингис хаан банк нарын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000586917, 000687138 дугаар гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, ын гаргасан барьцаа хөрөнгийн өмчлөгч өөрчлөх тухай хүсэлт болон “ЭХА энтертайнмент” ХХК-ийн хүсэлт, хувь нийлүүлэгчдийн тогтоолын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн хорооны шийдвэрийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон Чингис хаан банк нарын хооронд байгуулагдсан 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн авлага барагдуулах гэрээ, түүний нэмэлт өөрчлөлтийн нотариатчаар гэрчлүүлсэн, ад хүргүүлж байсан мэдэгдэл, “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн улсын бүртгэлийн болон тусгай зөвшөөрлийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамж, зээлийн үлдэгдлийн тооцоолол, хуулбар, зээлийн дансны хуулгыг тус тус нотлох баримтаар гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 583,421,486.2 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага гаргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч нар нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Чингис хаан банк” ХХК-тай орон сууцны зээлийн болон үл хөдлөх эд хөрөнгө барьцаалах гэрээ байгуулж, 535,000,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлсэн бөгөөд зээлдэгч нар нь зээлийг эргэн төлөх хуваарийг зөрчиж, үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийг эргэн төлөөгүй. Нэхэмжлэгч компани нь “Чингис хаан банк” ХХК-аас дээрх зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлэн авсан учир зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардаж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.
3.Хариуцагч нар нь 2025 оны 10 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт “Хариуцагч, түүний төлөөлөгч буюу өмгөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргаж болно. Энэ тохиолдолд шүүх нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэнэ” гэж зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт, хэргийн оролцогчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1.Хариуцагч , нар нь 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр “Чингис хаан банк” ХХК-тай орон сууцны зээлийн гэрээ байгуулж, 535,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлдүүлэх гол нөхцөл бүхий гэрээ байгуулсан. (хавтаст хэргийн 9-12 дахь тал)
4.2.Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, улсын бүртгэлийн Ү-2206052008 дугаартай 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. (хавтаст хэргийн 16-21 дэх тал)
4.3.2021 оны 02 дугаар сарын 10-ны өдөр “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК болон “Чингис хаан банк” ХХК-ийн хооронд авлага барагдуулах гэрээ байгуулагдаж, зээлийн гэрээний шаардах эрхийг шилжүүлсэн. (хавтаст хэргийн 37-54 дэх тал)
4.4.Хариуцагч нар нь 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй. (хавтаст хэргийн 111-112 дахь тал)
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэгт “Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэж зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотолж шүүхэд гаргаж өгсөн зээл, түүний хүүгийн тооцоолол үндэслэлтэй гэж үзлээ.
6.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар хариуцагч нар нь “Чингис хаан банк” ХХК-аас 535,500,000 төгрөгийг жилийн 8 хувийн хүүтэй 120 сарын хугацаатай зээлж авсан, уг зээлийн гэрээ, барьцааны гэрээний шаардах эрхийг нэхэмжлэгч компани нь “Чингис хаан банк” ХХК-аас шилжүүлэн авсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч компани нь хариуцагч нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардах эрхтэй байна.
7.Зээлдэгч буюу хариуцагч нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, зээлийг эргэн төлөлт хийгээгүй байх тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж зааснаар гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.
8.Хавтаст хэрэгт авагдсан баримтаар “Чингис хаан банк” ХХК болон “ЭХА энтертайнмент” ХХК нарын хооронд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр улсын бүртгэлийн Ү-2206052008 дугаартай 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан байх тул Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1 дэх хэсэгт “Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч компани нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариуцагч “ЭХА энтертайнмент” ХХК-аас шаардах эрхтэй.
9.Иймд хариуцагч, нараас 583,421,486.2 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн Ү-2206052008 дугаартай 180 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс хангуулахаар шийдвэрлэлээ.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,861,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж хариуцагч, нараас 2,791,639 төгрөг, хариуцагч “ЭХА энтертаймент” ХХК-аас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгохоор хуваарилав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Чингис хаан банк” ХХК болон , нарын хооронд байгуулагдсан 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн ББГ-2016/ЗГ/13 дугаар орон сууцны зээлийн гэрээг цуцалж, хариуцагч , нараас 583,421,486.2 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-нд олгосугай.
2.Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч , нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл, эрхийн улсын бүртгэлийн Ү-2206052008 дугаарт бүртгэгдсэн *******,, Стадион оргил /17012/ гудамж, 533 байр, 101 тоот хаягт байршилтай, 180 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,861,839 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч, нараас 2,791,639 төгрөг, хариуцагч “ЭХА энтертаймент” ХХК-аас 70,200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “Монголын ипотекийн корпораци ОССК” ХХК-нд олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТӨРБОЛД