Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 2025/ДШМ/576

 

  2025             05             15                                      2025/ДШМ/576

 

Б.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Даваахүү,

хохирогч Л.Ө, түүний өмгөөлөгч Т.Баярцэцэг,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл,

нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Л.Өын гаргасан давж заалдах гомдлоор Б.Бд холбогдох эрүүгийн 2409003860465 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

***** овгийн Б.Б, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, олон улсын харилцааны менежер мэргэжилтэй, хувираа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн * дугаар хороо, ** дүгээр хороолол, ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягтай, /РД:**00000000/;

- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 268 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар,

- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 639 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн;

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Өод Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах “Э А” ХХК-ийн 2036 м.кв газар дээр баригдах 80 айлын орон сууцны төслийн хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, худалдан борлуулах эрхтэй гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэлийн 1545 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг шилжүүлэн,

мөн 2023 оны 09 дүгээр сард өөрийн амьдарч байгаа байрыг ипотекийн зээлд хамруулж өгнө гэж хуурч 1.000.000 төгрөгийг Голомт банкны 1605250680 дугаартай Т Ггэх дансаар шилжүүлэн тус тус авч, нийт 21.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Б.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Б.Бийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бий цагдан хоригдсон 202 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнийг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 06 сарын хугацаагаар хорих ялыг эдэлсэнд тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар Б.Бээс нийт 13.000.000 төгрөг гаргуулан хохирогч Л.Өод олгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Л.Ө давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/552 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ял шийтгэл хөнгөдсөн гэж үзэн гомдол гаргаж байна.

Хохирогч Л.Ө миний бие Б.Б гэгчид 2021 оны 09 сард орон сууц худалдан авахаар урьдчилгаа төлбөрт 20.000.000 төгрөг өгч залилуулсан. Мөн нэмж дахин хууртаж 1.000.000 төгрөг өгч, нийт 21.000.000 төгрөгөөр хохирсон.

Шүүхээс түүнийг гэм буруутайд тооцож, хохирол төлбөрөө барагдуулаагүй байхад 6 сар хорих ял оногдуулж, цагдан хоригдсон хоногт нь дүйцүүлж ял эдэлсэнд тооцож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Б.Б нь тухайн үед би эгчтэйгээ ажиллуулдаг компани байгаа юм гэж Баянзүрх дүүрэгт байх “Э А” ХХК-ийн барьж байгаад орхисон барилгыг намайг мэдэхгүйг далимдуулж үзүүлж, өөрийн авах ёстой байрнаасаа чамд зарна гэж хэлж мөнгө авсан. Гэтэл “Э А” ХХК-ийн барилга нь 2016 оноос хойш барилгын ажил нь зогссон барилга байсан. Үүнийг захирал Ц нь шүүх хурал дээр хэлсэн болно. Мөн Ц ч хуурч түүний өмчлөлийн орон сууцыг барьцаанд тавьж ихэнхи мөнгийг нь авч алга болсон, нэхүүлж байж 70 сая төгрөг өгсөн гэж мэдүүлсэн.

Ийм хүн хэзээ миний хохирлыг барагдуулах нь эргэлзээтэй байгаа болно. Гэтэл шүүхээс түүнийг өөхшүүлж ял шийтгэлийг хөнгөдүүлсэн гэж үзэж байна.

Анхнаасаа надад орон сууц өгөх боломжгүй гэдгээ мэдсээр байж зориуд хууран мэхэлж миний орон сууц авах мөнгийг маань шилжүүлэн авсан. Мөн байр өгөх боломжгүй атлаа дахин 2 жилийн дараа хуурч өөрийн өмчлөлийн байраа ипотект хамруулж өгнө гэж мөн л 1.000.000 төгрөгийг бусдын дансаар дамжуулж авсан. Бусдад өр төлбөртэй, данс нь хаалттай учраас ийм байдлаар авсан байдаг.

Миний бие залуу гэр бүл, хадгаламжийн мөнгөө бөөгнүүлж түүнд өгсөн. Тухайн үед энэ хүнд хууртаагүй байсан бол өөрийн гэсэн орон гэртэй, адаглаад байшин хашаатай ч болох боломжтой байсан. Шүүхэд хэрэг ирснээс хойш 8.000.000 төгрөг нэхүүлж байж хурлаас өмнө өгсөн. Үлдэгдэл төлбөрийг өнөөдрийг хүртэл өгөөгүй, утсаа ч авдаггүй. Шүүх хуралдааны явцад хохирол төлбөрийг өгнө гэж байсан боловч шүүхийн тогтоол гарсанаас хойш нэг ч удаа холбогдоогүй, хохирол төлбөр төлөх талаар ямар ч санаачлага гаргахгүй хохироож байна.

5 жилийн хугацаанд энэ хүний хойноос хөөцөлдөж хохирч ирсэн. Одоо нялх хүүхэд, эхнэр маань хөдөө ээж аав дээрээ, миний бие орон нутагт ажиллаж, бид орон гэргүй хүнд амьдарч байгаа болно.

Миний бие үндэсний шигшээ багын тамирчин бөгөөд энэ зун гадаад улсад явах дасгал сургуулилт тэмцээндээ орж чадахгүй шүүх хурал хүлээж, мөн мөнгийг маань өгөх болов уу гэж харж ирсэн. Б.Бий хувьд бусдын эд хөрөнгийг залилан авч хохироосондоо гэмшиж байгаа зүйл байдаггүй, хохирол төлөх талаар 5 жил болоход шүүхэд хэрэг ирсэнээс хойш бараг нэг жил, хэрэг шийдвэрлэгдсэнээс хойш 2 сар болж байхад хохирол төлөх талаар санаачлага гаргаагүй, цаашид миний бие хэдэн жил хохирох нь тодорхойгүй байна.

2021 оны байдлаар 20.000.000 төгрөг байрны урьдчилгаа, хашаа байшин авах боломжтой байсан бол одоо 2025 онд ямар ч боломжгүй болсон бөгөөд өнөөдрийн байдлаар мөнгийг маань бүтэн өгөхгүй 8.000.000 төгрөг өгчихөөд алга болж, хаана байгаа нь мэдэгдэхгүй зугтаж байгаа нь дэндүү хүнлэг бус өгөх санаа зорилгогүй байгаа нь харагдаж байна.

Иймд шүүхийн шийтгэх тогтоол нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй, залилагч этгээдийг өөхшүүлсэн, ял шийтгэл нь хөнгөдсөн байх тул хүчингүй болгож, ял шийтгэлийг хүндрүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хохирогч гомдолтой байдаг. 21.000.000 төгрөгийн байрны урьдчилгаа гэж өнөөдөр байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “…эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шийтгэх тогтоол нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй. Шийтгэх тогтоол гарснаас хойш өнөөдрийг хүртэл миний үйлчлүүлэгч удаа дараа шүүгдэгчтэй холбогдох гэж оролдсон. Гэтэл өнөөдөр хоосон хүнээс юу авдаг юм гэх агуулгатай зүйлийг ярьж байна. Миний үйлчлүүлэгчийн хэлж буй гол санаа нь хууль зүйн агуулгаар шүүгдэгчийг цээрлүүлсэн зүйл байхгүй байгаа нь түүний энэ үйлдлийг өөгшүүлж байна гэж үзэж байгаа. Шүүхийн шийтгэх тогтоол эрүүгийн хариуцлагын зорилго, зорилтод нийцсэн ёстой. Иймд миний үйлчлүүлэгчийн гаргасан гомдол үндэслэлтэй гэж үзэж байна.” гэв.

Шүүгдэгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие ажил хийж хохирлыг барагдуулахаар хичээж байгаа. Манай гэр бүлийн хүн “хавдар” гэсэн оноштойгоор эмнэлгээр явж байгаа. Миний бие хамт явдаг тул одоогоор ажил хийх бололцоогүй байна. Шүүхийн шатанд хохирлыг төлөх боломжтой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1, 6.1-т заасан үндэслэлийн хүрээнд бодит байдалд тохирсон шийтгэл оногдуулсан тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.

Гагцхүү хохирогчийн хувьд хохирлыг гүйцэд төлөөгүй талаар ярьж байна. Миний үйлчлүүлэгч 8.000.000 төгрөгийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлсний дараа буюу 6 сар цагдан хоригдсоны дараа хүнээс /хамаатан, садан/ зээлж, цуглуулж өгсөн талаар ярьсан. Түүнчлэн шүүх хуралдааны явцад эхнэрийнх нь биеийн байдал муу байгаа талаарх баримтыг гаргаж өгсөн. Иймд шүүх эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан ял шийтгэлийг оногдуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, богино хугацаагаар хорих ял эдлүүлэн, шүүгдэгчээс хохирол, төлбөрийг гаргуулахаар заасан нь хохирогчийн төлбөр авах боломжийг бүрдүүлж байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатын шүүхээс шүүгдэгч Б.Бд 6 сарын хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг түүний цагдан хоригдсон хоногт дүйцүүлэн, оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хүлээсэн гэх үндэслэлээр суллаж шийдвэрлэсэн. Хохирлын тухайд, хохирогч Л.Өод шүүгдэгч Б.Б нь нийт 21.000.000 төгрөгийн хохирлыг үргэлжилсэн үйлдлээр учруулсан байдаг. Дээрх төлбөрөөс 2025 оны 01 дүгээр сард хохирогчид 8.000.000 төгрөг шилжүүлж өгсөн. Үүнээс хойш төлбөр төлөгдөөгүй. Анхан шатны шүүхийн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байгаа нь өнөөдрийн шүүх хуралдаанд орж байгаагаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбарын тухайд, таслан сэргийлэх арга хэмжээ өөрчилсний дараа хохирол төлбөрийг өгсөн гэж байна. Энэ нь үндэслэлтэй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон цагдан хоригдож байхдаа шүүгдэгч Б.Б нь хохирол төлбөр төлөөгүй. 2024 оны 11 дүгээр сард түүнд авсан таслан сэргийлэх арга хэмжээг анхан шатны шүүхээс өөрчилснөөр хохирогчид нэг удаагийн гүйлгээгээр 8.000.000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 13.000.000 төгрөгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц төлөхөө шүүх хуралдаанд илэрхийлсэн. Шүүхээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино...” гэж заасны дагуу шүүгдэгчид дээрх эрүүгийн хариуцлагыг оногдуулсан гэж тайлбарласан. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон даруй шүүгдэгчээс хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөх ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хариуцан гүйцэтгэх үүрэгтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан тул хохирогчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Л.Өод Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 72 дугаар цэргийн хотхонд байрлах “Э А” ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 80 айлын орон сууцны төслийн хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, худалдан борлуулах эрхтэй гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэлийн 1545 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг шилжүүлэн,

мөн 2023 оны 09 дүгээр сард өөрийн амьдарч байгаа байрыг ипотекийн зээлд хамруулж өгнө гэж хуурч 1.000.000 төгрөгийг Голомт банкны 1605250680 дугаартай Т Ггэх дансаар шилжүүлэн тус тус авч, нийт 21.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Л.Өын “... Би 2021 оны 8 дугаар сарын сүүлээр нутгийнхаа таньдаг хүнээр дамжуулж өөрийгөө барилгын “Голден майнд пропертис” гэх компанитай удахгүй барьж байгаа байр нь ашиглалтад орно, эцсийн байдлаар 2022 оны 2 дугаар сар гэхэд ашиглалтад орно гээд танилцуулахаар нь би байранд орох сонирхолтой байгаа талаараа хэлэхэд би энэ компанийг эгчтэйгээ хамт ажиллуулдаг, тэгээд би энэ баригдаж байгаа барилгад хөрөнгө оруулалт хийгээд хэдэн өрөө авах юм, тэрний нэгэнд нь чамайг оруулж болно гээд 72 дугаар хотхоны хажууд баригдаж байгаа барилга руу дагуулж очиж харуулсан. Тэгээд би итгээд надад урьдчилгаа 20 сая төгрөг байна гэсэн чинь Б.Б гэх ах болно, бэлнээр авна гэхээр нь бэлнээр аваад гэрийнх нь ойролцоо буюу СБД-ийн 7 дугаар хороо, 11 дүгээр хороолол, 29 дүгээр байрны гадаа очсон чинь өөрөө нотариат оръё гээд төв зам хойшоо гараад 10 айлаас 3 дугаар сургууль явах зам дагуу байдаг хөшөөтэй барилгын дэлгүүрийн хажууд байх нотариат ороод надаас 20 сая төгрөг зээл авч байгаагаар гэрээ хийхэд би бэлэн 20 сая төгрөгийг нотариат дотор өгсөн. Тэгээд 2023 оны 09 дүгээр сард “чиний байр худлаа болчихлоо, ах нь өөрийнхөө амьдарч байгаа байрыг 6 хувьд оруулаад чамд суллаж өгье, чи 6 хувийн материалуудыг бүгдийг нь бүрдүүлээд хүрээд ир, тэгээд ах нь банкинд ажилладаг таньдаг хүнээрээ хурдан бүтээгээд өгье, тэгэхийн тулд нөгөө хүндээ 5 сая төгрөг өгөх хэрэгтэй байна, урьдчилгаа 2 сая төгрөгийг 1, 1 сая төгрөгөөр нь бүрдүүлээд олоод өгье” гэхээр нь би зөвшөөрөөд Голомт банкны 1605250680 Төвжаргал Гантөмөр, ээжийнх нь дүү гэх хүний данс руу Б.Б ахад 2 саяын урьдчилгаа гэж явуулсан. Тэгээд тэр цагаас хойш таг чиг болчихсон, асуухаар урдаас уурлаад тэвчээртэй бай гээд байдаг болсон. Тэгээд 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр гэрт нь орж уулзсан чинь цагдаа, шүүхээр яв, боломжгүй байна, гэрээ байгаа юм чинь ах нь ч гэсэн адилхан явна, айгаад байх юм алга, чиний өгсөн мөнгийг байранд зарцуулсан, 5 сая төгрөгийг хувьдаа хэрэглэсэн гэж хэлчихээд өөр юм яриад байхаар нь асуутал юунд яаж зарцуулах нь миний эрх гээд байсан. ... Би Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны 100 айл орчим барилгын материал авах гэж явж байх үедээ машин дотор Төрийн банкны Төвжаргал гэсэн хүний 1605250680 тоот данс руу 1.000.000 /1 сая/ төгрөгийг “Б.Б ахад 2 саяын урьдчилгаа” гэсэн гүйлгээний утгатай шилжүүлсэн. ... надад нийт 21 сая төгрөгийн хохирол учирсан. …” /1хх 44, 46, 160/,

гэрч Ц “…Би “Э А” ХХК-ийн захирал, манай компани барилга барьж, санхүүжилт 2016 оноос дутагдаж эхэлсэн. Тухайн үед барилгын салбарын банкны зээлийг Сангийн яамнаас албан ёсоор хаасан байсан. Б.Б 2020 оны орчим манай компанид санхүүжилт олж өгнө гэж танилцаж байсан. Б.Б хэлэхдээ “би санхүүжилт олж өгч чадна” гэж танилцаж байсан. Надад үргэлж машинаар тусалж, ийш тийшээ явахад ханьтай хамт явдаг байсан. Тэгээд нэг удаа би таны байрыг тавиад санхүүжилт олоод өгье гэж хэлээд миний Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 19а байрны 16 тоот байрыг “Тэлмэн Хас” ББСБ-д 250 сая төгрөгөөр надаас итгэмжлэх авч барьцаанд тавьж, надад 70 сая төгрөг өгөөд өөрөө бусад мөнгийг нь үржүүлж байна гэх зүйл ярьсаар байгаад алга болчихсон. Би энэ талаар шүүхэд хандаж, шүүхээс Б.Б төлөх шийдвэр гарсан ч бас төлөхгүй зугтаад байгаа. Түүнээс хойш Б.Бтэй би ямар ч холбоогүй байгаа. ... Манайхтай ямар ч хамтын ажиллагааны гэрээ хийж байгаагүй. Нэг удаа манай компаний тамгыг өөрийнхөө компаний тамгатай санаандгүй сольчихлоо гэж байсан. Би тэр үед хардаж байсан. ... Манай компани Б.Бий “Голден майнд пропертис” компанитай ямар ч хамтын ажиллагааны гэрээ байхгүй. Тус компани манай барилгад ямар ч хөрөнгө оруулалт, ажил гүйцэтгэл хийж байгаагүй. ...” /1хх 48/”

шүүгдэгч Б.Бий яллагдагчаар өгсөн “…Л.Ө гэх залуу хуучны танил Туул гэх эмэгтэйгээр дамжуулж надтай холбогдож байр захиална гэж 20 сая төгрөгийн урьдчилгаа бэлнээр өгсөн. Тухайн үед 20 сая төгрөгийг авахдаа нотариатын гэрээ үйлдэж хугацааг тохирсон. Захиалгын гэрээг би өөрийн компани дээр үйлдсэн, байранд орох хугацааг хэлэхэд Л.Ө хүлээнэ гэж хэлээд мөнгөө надад өгсөн. …” /1хх 10/ тус тус мэдүүлгүүд,

хохирогч Л.Өын Б.Бтэй 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан 1545 бүртгэлийн дугаартай зээлийн гэрээ /1хх 62-63/, хохирогч Л.Өын “Голд майнд пропертис” ХХК-тай байгуулсан орон сууц захиалгын гэрээ /1хх 64-69/, “Э А” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 111/2024 дугаартай “Э А” ХХК нь “Голден майнд пропертис” ХХК-ийн Б.Б, Б.Гэрэлт-Ирээдүй нартай Хамтран ажиллах гэрээ” хийж байгаагүй болно” гэх албан бичиг /1хх 152/, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 181/ШШ023/02978 дугаартай шийдвэр /хх 155-158/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Б.Бийг үргэлжилсэн үйлдлээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч Б.Бий “Э А” ХХК-ийн 2036 мкв газар дээр баригдах 80 айлын орон сууцны төслийн хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, худалдан борлуулах эрхтэй гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, улмаар 2021 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэлийн 1545 дугаартай зээлийн гэрээ байгуулан 20.000.000 төгрөгийг шилжүүлэн авсан,

мөн 2023 оны 09 дүгээр сард өөрийн амьдарч байгаа байрыг ипотекийн зээлд хамруулж өгнө гэж хуурч 1.000.000 төгрөгийг Голомт банкны 1605250680 дугаартай Т Ггэх дансаар шилжүүлэн авсан тус тус үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хохирогч Л.Ө “…2021 оны байдлаар 20.000.000 төгрөг байрны урьдчилгаа, хашаа байшин авах боломжтой байсан бол одоо 2025 онд ямар ч боломжгүй болсон бөгөөд өнөөдрийн байдлаар мөнгийг маань бүтэн өгөхгүй 8.000.000 төгрөг өгчихөөд алга болж, хаана байгаа нь мэдэгдэхгүй зугтаж байгаа нь дэндүү хүнлэг бус өгөх санаа зорилгогүй байхад шүүхийн шийтгэх тогтоол нь шудрага ёсны зарчимд нийцэхгүй, залилагч этгээдийг өөхшүүлсэн, ял шийтгэл нь хөнгөдсөн байх тул хүчингүй болгож ял шийтгэлийг хүндрүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн дөрвөн төрлийн ялаас хорих ялыг сонгож, 6 сараас 3 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээнээс 06 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний цагдан хоригдсон 202 хоногийн нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож, түүнд шийтгэх тогтоолоор оногдуулж буй 6 сарын хорих ялыг эдэлсэнд тооцож шийдвэрлэснийг буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

Харин хохирогч нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц анхан шатны шүүхээр гүйцэтгэх хуудас бичүүлж, хохирлын мөнгөө шүүгдэгчээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаар дамжуулан хуулийн дагуу зохих ажиллагааг хийлгэн гаргуулан авбал зохино.

Иймд хохирогч Л.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЦТ/552 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Л.Өын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                       

ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                         М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                         Б.АРИУНХИШИГ

                        ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР