2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 19 өдөр

Дугаар 192/ШШ2025/09706

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Т.Ариунболд даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, *********** тоот хаягт байрлах С ХХК /РД:2705443/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *********** тоот хаягт орших суух Ч овогт Бийн Н /РД:ДМ96060114/,

Хариуцагч: Баянгол дүүрэг, *********** тоот хаягт орших суух Л овогт Дийн П /РД:ДМ72031308 /,

100 га газрын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгох, 54,312,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

 

1. Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Б.Н, Д.П нарт холбогдуулан 100 га газрын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгох, 54,312,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: С " ХХК /РД:2705443/ нь 2002 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр байгуулагдаж Д.Б миний бие тус компанийнхаа захирлаар ажиллаж, өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа тогтмол явуулсаар ирсэн билээ. Д.Б миний бие М.Мтэй хуурай ах дүү бөгөөд олон жилийн өмнөөс бие биеэ танина. 2013 оны 1 сард М.М нь манайд ирээд ********* сумын нутаг **** байрлах үр тарианы зориулалттай 100га газрыг, эзэмших эрхийнхээ хамт 50,000,000 төгрөгөөр худалдах талаар ярьсан. Тэгээд М.Мийн нэр дээрх ********* сумын нутаг **** байрлах үр тарианы зориулалттай 100га газрыг, эзэмших эрхийг 50,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцож аман хэлцэл байгуулсан. М.М болон түүний эхнэр Д.П нар нь СБД-ийн 17-р хороо, дамбадаржаа 61, 852 тоот хаягт байрлах С ХХК-ийн ажлын байранд ирж ирээдүйд газрын эрх шилжүүлэн хэлцлийн төлбөрт бэлнээр 30,000,000 төгрөгийг "С " ХХК-ийн данснаас бэлнээр аван М.М болон түүний эхнэр Д. П нарт өгсөн бөгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг "С " ХХК-ийн Хаан банкны 5020010236 тоот данснаас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр М.Мийн "Хаан банк"-ны****  тоот данс руу 10,000,000 төгрөг шилжүүлж, үлдсэн 10,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж дууссан. Газрын эрх шилжүүлэх хэлцлийн төлбөр 50,000,000 төгрөгийг М.Мөд төлж дууссаны дараа газрыг эзэмших эрхийг шилжүүлэхийг асуутал М.М нь банкны барьцаанд байгаа чөлөөлөгдөхөөр нь газрын гэрчилгээ болон эзэмших эрхийг шилжүүлэхээр болсон байдаг. Д.Б миний бие М.Мийн зөвшөөрснөөр 2014 оноос эхлэн 2022 он хүртэлх хугацаанд тухайн газарт уринш хийн, рапс, ногоон тэжээл, улаан буудай зэрэг үр тариануудыг тарьж ургуулсан. 2014 оноос эхэлж тухайн эрх шилжүүлэн өгөх газрыг арчлан тордож, манаач цалинжуулан хамгаалуулж тус газарт шон 1600ш-16,000,000 төгрөг шон 1ш-10,000 төгрөг, төмөр тор 250ш- 23,750,000 төгрөг, хадаас 25 кг-62500 төгрөг 1кг-2500 төгрөг, ажилласан 2 хүний хөлсөнд 3,000,000 төгрөг, материал тээвэрлэн хүргүүлсний зардал 6,000,000 төгрөг нийт 48,812,500 төгрөгийн зардлаар хашаа барьж жил болгон засаж янзалж, сэргээн засварладаг байсан. Жил болгон ********* сумын засаг даргад тухайн газарт хийсэн ажлын тайланг өгдөг байсан. М.М эхнэр П." хамт **** тоот хаягт байрлах "С " ХХК-ийн ажлын байранд ирж 2017 онд 300 ширхэг ногоон тэжээл, 2018 онд 250 ширхэг ногоон тэжээл зээлээр авч байсан ба тухайн үед нэг боодол ногоон тэжээл 10,000 төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл М.М нь 2021 оны намар нас барсан ба уг газрын эзэмшлийн өв залгамжлагчаар хүү Б. Нг тогтоолгосны дараа болно гэсээр өнөөг хүртэл газар эзэмших эрхийг шилжүүлээгүй байна. Талийгаач М.Мөд итгэж найдсан учир энэ олон жил хүлээж, найдвар төрүүлсэн төдийгүй түүнийг нас барснаар дараагийн асуудал болох өв залгамжлалаар хөрөнгө нь шилжих асуудал шийдвэрлэгдэхээр газар болон түүний эзэмших асуудлыг шийдвэрлээд өгнө гэж Д.П ярьж тохирч дахин хүлээлгэж байгаа ч одоо хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй харин хүүд нь уг газрыг эзэмших эрх шилжсэн байсан. 2023 оны намар ********* сумын нутаг **** байрлах үр тарианы зориулалттай 100 га газарт очиж үзэхэд хууль ёсны эзэмшигч миний зөвшөөрөлгүйгээр барьсан хашааг нурааж, эвдэж сүйтгэж мөн миний эзэмшлийн газарт үр тариа тарьж ургуулсан байсан. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дох хэсэгт Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй" гэж заасан байдаг. Тус хуульд заасан хугацааны дагуу талийгаач М.Мийг нас барснаас хойш 2 жилийн дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 151/Ш320023/01924 дугаартай "Төв аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж"-аар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахааc татгалзсан. Үүний дараа дахин нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчээ өөрчлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 151/Ш32024/03227 дугаартай Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж-аар нэхэмжлэлийг буцаасан байдаг. 2023 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхээр явж байгаа боловч эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй л байна. М.М эхнэр П.Дунсалдулам хамт СБД-ийн 17-р хороо, дамбадаржаа 61, 852 тоот хаягт байрлах "С " ХХК-ийн ажлын байранд ирж 2017 онд 300 ширхэг ногоон тэжээл, 2018 онд 250 ширхэг ногоон тэжээл зээлээр авч байсан ба тухайн үед нэг боодол ногоон тэжээл 10,000 төгрөгийн үнэтэй байсан. Иймд ********* сумын Хөшөөт 2-р баг нутаг Жирмийн нуурын баруун талд байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай, нэгж талбарын 4118024304 дугаартай, 100 га газрын хууль ёсны шударга эзэмшигчээр С ХХК-г тогтоож, хариуцагч талийгаач М.Мийн эхнэр Д.Паас өвс тэжээлийн үнэ 5,500,000 төгрөг, Төв аймгийн  сумын нутаг Жирмийн 100 га газарт хашаа барьсан материалын зардалд хүү Б.Нгаас 48.812.500 төгрөг нийт 54,312,500 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д гаргуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагч Б.Н, Д.П нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: С " ХХК-ийн нэхэмжлэлтэй, Д.П, Б.Н нарт холбогдох иргэний хэрэгт Ц.Даваажаргал миний бие хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Миний бие нэхэмжлэгчийн 2024 оны 12-р сарын 18-ны өдөр гаргасан "**** нуурын баруун талд байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай, нэгж талбарын 4118024304 дугаартай, 100 га газрын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгох, 100 га газарт оруулалт хийсэн 48,812,500 төгрөг, зээлээр авсан өвс тэжээлийн үнэд 5,500,000 төгрөг нийт 54,312,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах үндэслэлээр хариу тайлбар гаргаж байна. Үүнд: 1. Газрын эзэмших эрх шилжүүлэх талаар гэрээ, хэлцэл байгуулагдаагүй талаар: Нэхэмжлэгч нь дээрх газрын хууль ёсны шударга эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ "2013 оны 1-р сард М.М нь манайд ирж дээрх газрын эзэмших эрхээ худалдах санал тавьж, улмаар 50,000,000 төгрөгөөр шилжүүлэхээр тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч компани нь тус 50,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар 2014 онд төлж дуусгасан боловч М.М болон түүний эхнэр нь газар эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн" гэж тодорхойлсон. ********* сумын нутаг Жирм дэх 100 га газарт анх М.М нь Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж хууль ёсны эзэмшигч болсон бөгөөд одоо түүний хүү Б.Нд өв залгамжлалаар тус эрх шилжсэн байна. Иймд Б.Н нь тус газрын хууль ёсны эзэмшигч юм. М.М нь нас барахаасаа өмнө буюу 2017 онд өөрийн найз Д.Бт тус болох зорилгоор өөрийн эзэмшлийн дээрх 100 га газрыг ашиглуулж эхэлсэн бөгөөд Д.Б нь тус газрыг ашиглаж, түүнээс ашиг олж байсан. Харин нэхэмжлэгч "С " ХХК-д тус газрыг ашиглах эрхийг М.М болон хариуцагч нар олгож байгаагүй. Иймд М.М болон хариуцагч нар нь Д.Б, "С " ХХК-ийн алинтай ч дээрх газрын эзэмших эрхийг худалдах талаар гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй бөгөөд газрын эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдуулж 50,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар нэхэмжлэгчээс авч байгаагүй. Дансаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн хувьд тоног төхөөрөмжийн мотортой холбоотой мөнгө байсан болохоос газрын эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдуулан авсан мөнгө биш бөгөөд энэ нь М.М болон "С " ХХК нарын хооронд "Газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан болохыг нотлохгүй байна. Иймд "С " ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр буюу хууль ёсоор дээрх газрыг эзэмшилдээ шилжүүлж аваагүй тул тэрээр Иргэний хуулийн 90.1-д заасан шударга эзэмшигч биш бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч Б.Нгаас шаардаж буй нь Иргэний хуулийн 93.1-т нийцэхгүй байна. Мөн талийгаач М.М болон хариуцагч нарын хэн аль нь газрын эзэмших эрхийг шилжүүлж өгнө гэж Д.Бт, "С " ХХК-д хэлж байгаагүй. 2. Газрыг хүрээлж барьсан хашааны зардлын хувьд: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2014 онд шон, хадаас, төмөр тор, ажилчны хөлс зэрэгт нийт 48,812,500 төгрөг зарцуулж тус газрын эргэн тойрныг хамгаалан хашаа тор татсан бөгөөд харуул хөлслөн ажиллуулж, жил бүр засан янзалж, сэргээн засварладаг байсан гэж хашаа тор татсан зардлаа хариуцагч нараас нэхэмжилсэн байна. Гэтэл Д.Б нь 2017 оноос хойш тус газарт үр тариа тарьдаг байсан бөгөөд ийнхүү үр тариа тарих нөхцөлөө бүрдүүлж, өөрийн тарьсан үр тариагаа хамгаалахын тулд өөрөө сайн дураар хашаа, тор татаж, харуул хөлслөн ажиллуулдаг байсан. Иймд хашаа, тор татахад зарцуулсан 48,812,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй юм. 3. Ногоон тэжээл зээлээр авсан тухайд: Нэхэмжлэгч нь М.М өөрийн эхнэрийн хамт тус компани үйл ажиллагаа явуулдаг байранд ирж 2017 онд 300 ширэг, 2018 онд 250 ширхэг ногоон тэжээл зээлээр авсан гэж 5,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа боловч М.М, түүний эхнэр П нар нь өөрсдөө газар тариалан эрхэлдэг, өөрсдийн гэсэн газартай, бусдаас ногоон тэжээл зээлээр авах шаардлагагүй, найздаа тус болох зорилгоор өөрийнхөө газар дээр тариалалт хийлгэж байснаас хэн нэгнээс тэжээл зээлсэн асуудал байхгүй билээ. Иймд энэ талаарх шаардлага мөн үндэслэлгүй байна. М.М нь найзаа гэж Д.Бт туслах зорилгоор газраа ашиглуулсан байхад тэрээр тус нөхцөл байдлыг ашиглаж зээлийн гэрээний хариу үүрэг, худалдах, худалдан авах гэрээгээр худалдан авсан зэргээр ор үндэслэлгүйгээр удаа дараа нэхэмжлэл гаргаж газрыг өөрийн компанидаа хууль бусаар шилжүүлэн авахаар санаархаж байна. Мөн Д.Б нь 2017 оноос эхлэн дээрх газрыг ашиглаж үндэслэлгүйгээр ашиг олж байсан бөгөөд үүнийг бид тусдаа нэхэмжлэх болно. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т тус тус заасны дагуу "С ХХК нь хууль ёсны шударга эзэмшигч болохоо буюу М.Мөөс дээрх газрын эзэмших эрхийг худалдан авсан болон ногоон тэжээлийг хүлээлгэж өгсөн болохоо нотлох үүрэгтэй бөгөөд эдгээр нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.

3. Хэрэгт авагдсан нотлох баримтууд

3.1. Нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан баримт: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, дансны дэлгэрэнгүй хуулга, итгэмжлэл.

3.2. Хариуцагч талаас шүүхэд гаргасан баримт: Итгэмжлэл, Д.Пын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Д.Пын ажлын газрын тодорхойлолт, Нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хорооны Засаг даргын Д. П, Б.Н нарын оршин суугаа хаягийн тодорхойлолт, ********* сумын Хөшөөт 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт.

3.3. Шүүхийн журмаар цуглуулсан баримтууд: Төв аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн 4118024304 дугаартай газрын бүртгэлгүй тухай лавлагаа, Төв аймаг дахь шүүхийн тамгын газрын 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 151/ШЗ2024/03227 дугаартай нэхэмжлэлийг буцаах тухай захирамжтай, С ХХК-ийн нэхэмжлэлтэй, Б.Н, Д.П нарт холбогдох иргэний хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдсэн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар, гэрч Х.Ганхүү, Н.Сүхбаатар, Ж.Пэлжид, Д.Ганболд, М.Жамбалдорж нарыг асуусан тэмдэглэл, ********* сумын Засаг даргын тамгын газрын архивын баримтаас нэгж талбарын 4118024304 дугаартай, 100 га газарт 2016-2023 онуудад газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан баримт, тайлан мэдээлэл, Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 4118024304 нэгж талбарын дугаартай 100 га газрын кадастрын зураг, захирамж, нэгж талбарын түүхчилсэн лавлагаа, гэрчилгээний хуулбар.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.    Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь

үндэслэлтэй байна.

Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2.    Нэхэмжлэгч С ХХК нь хариуцагч Д.П, Б.Н

нарт холбогдуулан ********* сумын 2-р баг, Хөшөөт, нарийн толгод 5 хаягт байрлах, нэгж талбарын ********* дугаар бүхий 100 га газрыг Үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрын эзэмшигчээр тогтоолгох, 54,312,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан байна.

Хариуцагч Д.П, Б.Н нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, шүүх хуралдаанд мэтгэлцдэг.

 

3. Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б, шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ариунболд нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... С " ХХК-ийн захирал Д.Б миний бие М.Мтэй хуурай ах дүү бөгөөд олон жилийн өмнөөс бие биеэ танина. 2013 оны 1 сард М.М нь манайд ирээд ********* сумын нутаг **** байрлах үр тарианы зориулалттай 100га газрыг, эзэмших эрхийнхээ хамт 50,000,000 төгрөгөөр худалдах талаар тохиролцож аман хэлцэл байгуулсан. М.М болон түүний эхнэр Д.П нар нь СБД-ийн 17-р хороо, дамбадаржаа 61, 852 тоот хаягт байрлах С ХХК-ийн ажлын байранд ирж ирээдүйд газрын эрх шилжүүлэн хэлцлийн төлбөрт бэлнээр 30,000,000 төгрөгийг бэлнээр М.М болон түүний эхнэр Д. П нарт өгсөн бөгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгийг "С " ХХК-ийн Хаан банкны ********* тоот данснаас 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр М.Мийн "Хаан банк"-ны ********* тоот данс руу 10,000,000 төгрөг шилжүүлж, үлдсэн 10,000,000 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлж дууссан. Газрын эрх шилжүүлэх хэлцлийн төлбөр 50,000,000 төгрөгийг М.Мөд төлж дууссаны дараа газрыг эзэмших эрхийг шилжүүлэхийг асуутал М.М нь банкны барьцаанд байгаа чөлөөлөгдөхөөр нь газрын гэрчилгээ болон эзэмших эрхийг шилжүүлэхээр болсон байдаг. Д.Б миний бие М.Мийн зөвшөөрснөөр 2014 оноос эхлэн 2022 он хүртэлх хугацаанд тухайн газарт уринш хийн, рапс, ногоон тэжээл, улаан буудай зэрэг үр тариануудыг тарьж ургуулсан. 2014 оноос эхэлж тухайн эрх шилжүүлэн өгөх газрыг арчлан тордож, манаач цалинжуулан хамгаалуулж тус газарт 48,812,500 төгрөгийн зардлаар хашаа барьж жил болгон засаж янзалж, сэргээн засварладаг байсан. Гэтэл М.М нь 2021 оны намар нас барсан ба уг газрын эзэмшлийн өв залгамжлагчаар хүү Б.Нг тогтоолгосны дараа газар эзэмших эрхийг шилжүүлээгүй байна. Талийгаач М.Мөд итгэж найдсан учир энэ олон жил хүлээж, найдвар төрүүлсэн төдийгүй түүнийг нас барснаар дараагийн асуудал болох өв залгамжлалаар хөрөнгө нь шилжих асуудал шийдвэрлэгдэхээр газар болон түүний эзэмших асуудлыг шийдвэрлээд өгнө гэж Д.П ярьж тохирч дахин хүлээлгэж байгаа ч одоо хүртэл асуудал шийдвэрлэгдээгүй, харин хүү Б.Н нь уг газрыг эзэмших эрх шилжсэн байсан. 2023 оны намар ********* сумын нутаг **** байрлах үр тарианы зориулалттай 100 га газарт очиж үзэхэд хууль ёсны эзэмшигч миний зөвшөөрөлгүйгээр барьсан хашааг нурааж, эвдэж сүйтгэж, мөн миний эзэмшлийн газарт үр тариа тарьж ургуулсан байсан. Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дох хэсэгт Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй" гэж заасан байдаг. Тус хуульд заасан хугацааны дагуу талийгаач М.Мийг нас барснаас хойш 2 жилийн дараа буюу 2023 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахааc татгалзсан. Үүний дараа дахин нэхэмжлэлийн шаардлага болон нэхэмжлэгчээ өөрчлөн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг гаргасан нэхэмжлэлийг 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 151/Ш32024/03227 дугаартай Төв аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн захирамж-аар нэхэмжлэлийг буцаасан байдаг. 2023 оноос эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд шүүхээр явж байгаа боловч эцэслэгдэн шийдвэрлэгдээгүй л байна. Иймд ********* сумын Хөшөөт 2-р баг нутаг Жирмийн нуурын баруун талд байрлах үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай, нэгж талбарын ********* дугаартай, 100 га газрын хууль ёсны шударга эзэмшигчээр С ХХК-г тогтоож, хариуцагч Д.Паас өвс тэжээлийн үнэ 5,500,000 төгрөг, ********* сумын нутаг Жирмийн 100 га газарт хашаа барьсан материалын зардалд хүү Б.Нгаас 48.812.500 төгрөг нийт 54,312,500 төгрөгийг нэхэмжлэгч С ХХК-д гаргуулж өгнө үү...гэжээ.

3.1. Хариуцагч Д.П, Б.Н нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Даваажаргал шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:... Зохигчдын хооронд газрын эзэмших эрх шилжүүлэх талаар гэрээ, хэлцэл байгуулагдаагүй. ********* сумын нута дэх 100 га газарт анх М.М нь Газрын тухай хуульд заасны дагуу эзэмших эрхийн гэрчилгээ гаргуулж, хууль ёсны эзэмшигч болсон бөгөөд одоо түүний хүү Б.Нд өв залгамжлалаар тус эрх шилжсэн байна. Иймд Б.Н нь тус газрын хууль ёсны эзэмшигч юм. М.М нь нас барахаасаа өмнө буюу 2017 онд өөрийн найз Д.Бт тус болох зорилгоор өөрийн эзэмшлийн дээрх 100 га газрыг ашиглуулж эхэлсэн бөгөөд Д.Б нь тус газрыг ашиглаж, түүнээс ашиг олж байсан. Харин нэхэмжлэгч "С " ХХК-д тус газрыг ашиглах эрхийг М.М болон хариуцагч нар олгож байгаагүй. Иймд М.М болон хариуцагч нар нь Д.Б, "С " ХХК-ийн алинтай ч дээрх газрын эзэмших эрхийг худалдах талаар гэрээ, хэлцэл байгуулж байгаагүй бөгөөд газрын эзэмших эрх шилжүүлэхтэй холбогдуулж 50,000,000 төгрөгийг бэлнээр болон дансаар нэхэмжлэгчээс авч байгаагүй. Дансаар шилжүүлсэн 20,000,000 төгрөгийн хувьд тоног төхөөрөмжийн мотортой холбоотой мөнгө байсан болохоос газрын эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбогдуулан авсан мөнгө биш бөгөөд энэ нь М.М болон "С " ХХК нарын хооронд "Газар эзэмших эрх худалдах, худалдан авах гэрээ" байгуулагдсан болохыг нотлохгүй байна. Иймд "С " ХХК нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр буюу хууль ёсоор дээрх газрыг эзэмшилдээ шилжүүлж аваагүй тул тэрээр Иргэний хуулийн 90.1-д заасан шударга эзэмшигч биш бөгөөд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигч Б.Нгаас шаардаж буй нь Иргэний хуулийн 93.1-т нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ 2014 онд шон, хадаас, төмөр тор, ажилчны хөлс зэрэгт нийт 48,812,500 төгрөг зарцуулж тус газрын эргэн тойрныг хамгаалан хашаа тор татсан бөгөөд харуул хөлслөн ажиллуулж, жил бүр засан янзалж, сэргээн засварладаг байсан гэж хашаа тор татсан зардлаа хариуцагч нараас нэхэмжилсэн байна. Гэтэл Д.Б нь 2017 оноос хойш тус газарт үр тариа тарьдаг байсан бөгөөд ийнхүү үр тариа тарих нөхцөлөө бүрдүүлж, өөрийн тарьсан үр тариагаа хамгаалахын тулд өөрөө сайн дураар хашаа, тор татаж, харуул хөлслөн ажиллуулдаг байсан. Иймд хашаа, тор татахад зарцуулсан 48,812,500 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй юм. Нэхэмжлэгч нь М.М өөрийн эхнэрийн хамт тус компани үйл ажиллагаа явуулдаг байранд ирж 2017 онд 300 ширэг, 2018 онд 250 ширхэг ногоон тэжээл зээлээр авсан гэж 5,500,000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа боловч М.М, түүний эхнэр П нар нь өөрсдөө газар тариалан эрхэлдэг, өөрсдийн гэсэн газартай, бусдаас ногоон тэжээл зээлээр авах шаардлагагүй, найздаа тус болох зорилгоор өөрийнхөө газар дээр тариалалт хийлгэж байснаас хэн нэгнээс тэжээл зээлсэн асуудал байхгүй билээ. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38.1-т тус тус заасны дагуу "С ХХК нь хууль ёсны шударга эзэмшигч болохоо буюу М.Мөөс дээрх газрын эзэмших эрхийг худалдан авсан болон ногоон тэжээлийг хүлээлгэж өгсөн болохоо нотлох үүрэгтэй бөгөөд эдгээр нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл бүхэлдээ үндэслэлгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.

4. Хавтаст хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1С ХХК-ийн захирлаар нэхэмжлэгч Д.Быг бүртгэсэн нь С ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна. /хх-5х/

4.2. С ХХК-ийн ХААН банкны 5020010236 тоот данснаас талийгаач М.Мийн ХААН банкны ********* тоот данс руу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн болох нь С ХХК-ийн ХААН банкны ********* тоот дансны хуулгаар тогтоогдож байна. /хх-8-9х/

4.3. Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 07/483 дугаартай албан бичгээр...********* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар захирамжаар ********* нэгж талбарын дугаартай газрын эзэмшигчээр Б.Нд уг газрыг шилжүүлсэн талаарх засаг даргын захирамж, газрын кадастрын зураг, түүхчилсэн лавлагаа, мэдээллийг хүргүүлэв...гэжээ.

********* сумын Засаг даргын 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/115 дугаар захирамжаар....М.Батөмөнхийн эзэмшлийн Хөшөөт баг **** байрлах үр тарианы зориулалттай, ********* нэгж талбарын дугаартай, 100 га газрыг зориулалтын дагуу өвлөх эрхийн гэрчилгээний үндсэн дээр Б.Нд 46 жилийн хугацаатай шилжүүлж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Иргэний газар эзэмших эрхийн Гэрчилгээгээр Б.Нд ********* сумын 2-р баг, Хөшөөт, нарийн толгод 5 хаягт байрлах, нэгж талбарын ********* дугаар бүхий 100 га газрыг Үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар 46 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр *********6 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон байна. /хх-195-201х/

4.4. Хариуцагч Д.П нь 2008 оны 03 дугаар сараас 2020 оны 09 дүгээр сарыг хүртэл Ю ХХК-нд дэлгүүр хариуцсан менежер, борлуулалтын менежер, ерөнхий менежерээр ажиллаж байсан болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Ю ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25/02 дугаартай албан бичгээр тус тус тогтоогдож байна. /хх-49-52х/

Энэхүү баримтаар Д.П нь ********* сумын Хөшөөт баг **** байрлах үр тарианы зориулалттай газар дээр газар тариалангийн үйл ажиллагаа явуулахад оролцож байгаагүй, өөр ажил, албан тушаал эрхлэж байсан гэдэг нь түүний шүүхэд гаргасан тайлбараар тус тус тогтоогдож байна.

 

6. Иргэний хуулийн Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч С ХХК-аас хариуцагч Д.Пын нөхөр, хариуцагч Б.Нгийн эцэг талийгаач М.Мтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулаагүй байна.

Шүүхэд гэрч ........ нар нь тайлбар өгдөг бөгөөд тэдгээрийн тайлбараас дүгнэхэд талийгаач М.М болон С ХХК, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нарын хооронд ********* сумын Хөшөөт баг **** байрлах үр тарианы зориулалттай 100 га газрыг худалдах-худалдан авах гэрээ байгуулсан талаар тодорхой баттай мэдээлэл байхгүй, зарим гэрч нар уг 100 га газрыг худалдахаар тохирч байсан, зарим гэрч нар газрыг түрээслэн ашиглаж байсан зэрэг зөрүүтэй тайлбарыг хэлсэн байна. Үүнээс үзэхэд гэрч нарын мэдүүлгээр талийгаач М.М болон С ХХК, С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б нарын хооронд маргаан бүхий 100 га газрыг худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж байсан нь тогтоогдохгүй байна.

6.1. Гэрч нарын тайлбараас талийгаач М.М нь өөрийн эзэмшлийн 100 га газрыг болон С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бт 2014-2020 оны хооронд тариалангийн зориулалтаар эзэмшүүлж, ашиглуулж байсан нь тогтоогдсон бөгөөд энэ нь ********* сумын Засаг даргын тамгын газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02/11 дугаартай албан бичгээр, 2016-2023 оны хаврын тариалалтын мэдээ гэсэн баримтаар тус тус тогтоогдож байна.

Уг хаврын тариалалтын мэдээгээр 2023 оноос хойш хариуцагч Б.Н уг 100 га газрыг тарилангийн зориулалтаар ашиглаж байгаа нь тогтоогдож байна. /хх-94-113х/

 

7. Иймд зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх боломжгүй юм.

Нэхэмжлэгч С ХХК-аас өөрийн ХААН банкны ********* тоот данснаас талийгаач М.Мийн ХААН банкны ********* тоот данс руу 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг нийт 20,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдож байх боловч уг 20,000,000 төгрөгийг талийгаач М.Мийн эзэмшлийн маргаан бүхий 100 га газрыг худалдаж авахаар шилжүүлсэн гэж үзэх боломжгүй байна. Учир нь хариуцагч Д.П нь.... Д.Бтай талийгаач нөхөр газар тариалангийн газраа ашиглуулж, хамтран ажилладаг байсан, 20,000,000 төгрөгийг моторны сэлбэг үнэ гэж шилжүүлж байсан нь газар тариалангийн ажилтай холбоотой...гэж тайлбарладаг нь С ХХК-аас өөрийн ХААН банкны ********* тоот дансны 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 10,000,000 төгрөг, 2015 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний утгад.... С ХХК-аас мотор, сэлбэг үнэ...гэж бичсэнтэй тохирч байх бөгөөд нэхэмжлэгчээс 100 га газрыг худалдан авахаар шилжүүлсэн мөнгө гэдэг нь няцаагдаж байна.

7.1. Мөн С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баас 30,000,000 төгрөгийг хариуцагч Д.Пын хамт талийгаач М.Мөд бэлнээр өгсөн гэдэг боловч хариуцагч Д.П нь бэлнээр 30,000,000 төгрөг авч байгаагүй гэдэг ба хэрэгт 100 га газрын худалдан авахаар нэхэмжлэгчээс бэлнээр 30,000,000 төгрөг өгсөн талаарх бичгийн баримт хэрэгт байхгүй байна.

 

8. Нэхэмжлэгч С ХХК-аас Иргэний хуулийн 90 дүгээр зүйлийн 90.1 дэх хэсэгт Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ гэж, 90.2 дахь хэсэгт Шударга эзэмшигч өөрийн эзэмшлээс алдсан эд хөрөнгөө гурван жилийн дотор шинэ эзэмшигчээс буцаан шаардах эрхтэй гэж зааснаар маргаан бүхий 100 га газрын шударга эзэмшигч гэж нэхэмжлэлдээ дурьддаг боловч дээрх шүүхийн дүгнэлтээр нэхэмжлэгч С ХХК-ийг маргаан бүхий 100 га газрын шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй байна.

Хариуцагч нараас С ХХК болон түүний захирал Д.Быг маргаан бүхий 100 га газрыг талийгаач М.Мөөс түрээслэж байсан гэдэг боловч тэдгээрийн хооронд түрээсийн гэрээг бичгээр байгуулж байгаагүй, энэ талаар хэрэгт баримт байхгүй байна.

Иргэний хуулийн 327 дугаар зүйлийн 327.1 дэх хэсэгт Хөдөө аж ахуйн зориулалттай газрыг уг зориулалтаар ашиглуулахаар сууцны болон аж ахуйн зориулалтаар ашиглагдах байгууламжийн хамт, эсхүл тийм байгууламжгүйгээр түрээсэлж болно гэж заасан бөгөөд талийгаач М.М болон С ХХК болон түүний захирал Д.Б нарын хооронд хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээг байгуулагдаагүй.

8.1. Шүүхээс 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр үзлэгийн хийсэн тэмдэглэлээр: Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б өөрийн ********* дугаарын утаснаас талийгаач М.Мийн ********* дугаарын утас руу 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр....50 сая төгрөгөө өгөөд олон жил боллоо, газрынхаа нэрийг шилжүүлж авмаар байна гэсэн утгатай мессежийг бичиж байсан бөгөөд талийгаач М.Мийн ********* дугаарын утаснаас хариу мессежийг Д.Бын ********* дугаарын утас руу бичээгүй байна. /хх-84-85х/

Үүнээс үзэхэд талийгаач М.М нь 50,000,000 төгрөгийг газар худалдаж авахаар авсан гэж үзэх боломжгүй юм.

8.2. Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1 дэх хэсэгт Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй гэж заасан бөгөөд хариуцагч Б.Н маргаан бүхий 100 га газрын хууль ёсны эзэмшигч гэдгийг шүүх дээрх үндэслэх хэсэгт баримтаар дурьдсан ба нэхэмжлэгч С ХХК-аас энэхүү шаардлагыг гаргах эрхтэй гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч С ХХК-аас хариуцагч нарын эцэг, нөхөр болох талийгаач М.Мийн эзэмшиж байсан 100 га газрыг 50 сая төгрөгөөр худалдан авсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул ********* сумын 2-р баг, Хөшөөт, нарийн толгод 5 хаягт байрлах, нэгж талбарын ********* дугаар бүхий 100 га газрыг Үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрын эзэмшигчээр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

9. Нэхэмжлэгч С ХХК-аас хариуцагч Д.Паас өвс тэжээлийн үнэ 5,500,000 төгрөгийг нэхэмжилдэг боловч уг өвс тэжээлийг хариуцагчид хүлээлгэн өгсөн баримт байхгүй, хариуцагч Д.П өвс тэжээлийг С ХХК болон түүний захирал Д.Баас хүлээж аваагүй талаар үгүйсгэж шүүх хуралдаанд тайлбарладаг. Мөн хэрэгт өвс тэжээлийг талийгаач М.М болон түүний эхнэр Д.Пд хүлээлгэн өгсөн талаарх бичгийн баримт авагдаагүй тул хариуцагч Д.Паас өвс тэжээлийн үнэ 5,500,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэгч С ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

10. Нэхэмжлэгч С ХХК-аас ********* сумын нутаг Жирмийн 100 га газарт хашаа барьсан материалын зардалд хариуцагч Б.Нгаас 48.812.500 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргадаг бөгөөд хариуцагч Б.Нгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргадаг.

С ХХК-аас ********* сумын нутаг Жирмийн 100 га газарт хашаа барьсан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна. Өөрөөр хэлбэл хашааны материалыг хэдэн төгрөгөөр худалдан авч, ямар иргэн, хуулийн этгээдээр ажил гүйцэтгэх гэрээний үндсэн барьж байгуулсан талаарх баримтыг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Шүүхэд гэрчээр тайлбар өгсөн гэрч *********нарын тайлбарт.хашаа байсан талаар дурьддаг боловч хэдэн метр урттай, ямар материалаар барьсан, хэн барьж байгуулсан талаар тайлбарт байхгүй байна.

Уг гэрч нарын тайлбараар маргаан бүхий 100 га газарт хашаа байсан талаар дурьддаг боловч уг хашааг хариуцагч Б.Н эвдэж сүйтгэсэн талаар тайлбарт дурьдаагүй, хариуцагч Б.Н хашааг эвдэж сүйтгэсэн нь баримтаар тогтоогдоогүй бөгөөд хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

10.1. Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх гэж зааснаар нэхэмжлэгч С ХХК-аас ********* сумын нутаг Жирмийн 100 га газарт барьсан хашааг хариуцагч Б.Н эвдэж, сүйтгэсэн гэдэг нь тогтоогдохгүй байх бөгөөд уг хашаа нь эвдэж сүйдсэн талаарх баримт хэрэгт тодорхой авагдаагүй, нэхэмжлэгч С ХХК-аас хашааны хохиролд тооцсон 48.812.500 төгрөгийн баримтыг нэг бүрчлэн тодорхой гаргаж өгөөгүй байна.

Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч С ХХК-аас ********* сумын нутаг Жирмийн 100 га газарт хашаа барьсан материалын зардалд хариуцагч Б.Нгаас 48.812.500 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

11. Шүүхээс 2024 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр үзлэг хийсэн тэмдэглэлээр: Нэхэмжлэгч С ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Б хариуцагч Д.П нарын хооронд ярьсан яриаг Си Ди бичлэгээс буулгаж үзлэг хийсэн байна. Хариуцагч Д.П уг яриаг үгүйсгэж, түүний зөвшөөрөлгүй хийсэн бичлэг гэж тайлбарладаг.

Шүүхээс хувийн хүний зөвшөөрөлгүй хийсэн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлээгүй бөгөөд энэ нь хуулийн дагуу авагдаагүй, хууль бусаар цуглуулсан нотлох баримт гэж үзэх үндэслэлтэй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дахь хэсэгт зааснаар шүүхээс нотлох баримтаар үнэлээгүй болно. /хх-75-82х/

 

12. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх цуглуулах үүрэгтэй байдаг бөгөөд талууд нотлох баримтаа анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж, шүүх хэргийг оролцогчийн гаргасан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлж хэргийг шийдвэрлэдэг.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох, нотлох баримт гаргах үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлага нотлогдохгүй байна гэж үзэх үндэслэлтэй байна.

 

13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.    Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 243 дугаар зүйлийн 243.1 дэх

хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.П, Б.Н нарт холбогдуулан ********* сумын 2-р баг, Хөшөөт, нарийн толгод 5 хаягт байрлах, нэгж талбарын ********* дугаар бүхий 100 га газрыг Үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалттай газрын эзэмшигчээр тогтоолгох, хариуцагч Д.Паас 5,500,000 төгрөг, хариуцагч Б.Нгаас 48,812,500 төгрөг нийт 54,312,500 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч С ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 502,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний Хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.АРИУНБОЛД