| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/0074/э |
| Дугаар | 84 |
| Огноо | 2018-06-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Дүүрэнбилэг |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 84
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор А.Дүүрэнбилэг,
Хохирогч Ж.Э,
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б-д холбогдох эрүүгийн....дугаартай хэргийг 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Б Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Б нь нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Эийн толгой, баруун гарын алган тус газарт модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хамрын хийдэд охиноо үзүүлэх гээд хашаанаасаа ухрах гэсэн чинь өөдөөс салаавч өгөөд хэл амаар доромжлоод машин байшин шатаана, хутга шөвөг аваад ир гээд байсан. Машины хаалга нээгээд намайг татаад буулгах гээд байсан. Б ахыг 2 цохьсон. Боль гээд намайг яв гэсэн. Би модоор толгой руу нь цохьсон. Эхнэр хүүхдийг маань айлгаад Б ахыг бас айлгаад миний машин цохиод байсан. Машинаа Номингийн үүдэнд тавьчихаад эргэж очиж яаж байгаа юм бэ гэхэд чулуу шидээд төмрөөр гар толгой руу цохиод байхаар нь хашаагаа хаачихаад явсан гэв,
Хохирогч Ж.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...намайг энэ залуу зодохоос өмнө би 4 хоногт 1 удаа ухаан алдаж унадаг байсан бол энэ залууд зодуулснаасаа хойш өдөр бүр ухаан алдаж унаж байгаа. Эмчилгээний зардал 800 000 төгрөг нэхэмжилнэ ... гэв,
Шүүгдэгч Б.Бын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...миний толгойруу төмрөөр 1 удаа цохьсон. Чулуу авч шийдэж миний хөлөнд оносон. ... би хашаанд байсан модыг аваад тэр ахын гар луу нь 1 удаа цохьсон. Мөн тэр ах миний толгойруу төмрөөр цохьчихоод араас төмрөө шидээд онохгүй болохоор нь би тэр төмрийг нь аваад буцааж тэр хүний гар луу дахин 1 удаа цохьсон гэсэн мэдүүлэг / хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Хохирогч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр залууд жийлгүүлж унаад босоод ирэхэд тэр залуу машинаасаа буугаад хашаанаасаа 1 м орчим урттай бүдүүвтэр мод гаргаж ирээд миний толгой руу нэг удаа цохьсон. Би тухайн үед толгой руугаа цохиулчихаад толгой манараад уначихсан. Намайг газар уначихсан байхад Б миний гарт массаж хийгээд байж байсан, харин намайг цохьсон залуу машинтайгаа явсан байсан. Ингээд би босоод явах гэж байхад удаагүй нөгөө залуу гартаа бас 1 м орчим урттай нарийн төмөр барьж ирээд үгийн зөрүүгүй миний толгой руу цохих гэхээр нь би баруун гараараа толгойгоо хаасан чинь төмрөөрөө миний гар луу цохиод баруун гарын алга хэсгийг урчихсан. Тэгээд л тэр залуу яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 5-7 дугаар хуудас/,
Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э хүрээд очтол хөлөөрөө цээж рүү өшиглөөд хашааруугаа үсэрч ороод мод авчраад толгой руу нь 2 гараараа цохьсон. Босоод иртэл үл таних залуу Номингийн агуулахын хажууд машинаа тавьчихаад худгийн хашлагын төмөр аваад явган буцаж ирээд толгой руу цохих гэтэл гараараа хаагаад баруун гартаа 7 оёдол тавиулсан гэсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,
Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Б өндөр нам 2 хөгшинтэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгах санаатай очсон чинь Б машиндаа суучихсан нөгөө 2 хөгшин машиных нь хаалгыг онгойлгоод зогссон байхаар нь би тэр 2 хөгшинд болиоч гэсэн чинь намайг чи юу юм бэ цаашаа яв гээд өндөр хөгшин нь нэг удаа гараараа толгойруу цохихоор нь би яваад өгсөн .... гэсэн мэдүүлэг / хх-ийн 14 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... дугаартай дүгнэлтэнд: “...2018 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудсаас үзэхэд Ж.Эийн биед баруун алганы шарх, толгойн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Ж.Эийн биед учирсан баруун алганы шарх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Толгойн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Ж.Эийг тухайн цаг хугацаанд өөрийн биеэр үзээгүй тул шинэ, хуучин аль болохыг тогтоох боломжгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 16 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-45/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь нь 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сум 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт хохирогч Ж.Этэй машин ухраахаас болж маргалдан улмаар түүний толгой, баруун гарын алган тус газарт модоор цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Бын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Хамрын хийдэд охиноо үзүүлэх гээд хашаанаасаа ухрах гэсэн чинь өөдөөс салаавч өгөөд хэл амаар доромжлоод машин байшин шатаана, хутга шөвөг аваад ир гээд байсан. Машины хаалга нээгээд намайг татаад буулгах гээд байсан. Б ахыг 2 цохьсон. Боль гээд намайг яв гэсэн. Би модоор толгой руу нь цохьсон. Эхнэр хүүхдийг маань айлгаад Б ахыг бас айлгаад миний машин цохиод байсан. Машинаа Номингийн үүдэнд тавьчихаад эргэж очиж яаж байгаа юм бэ гэхэд чулуу шидээд төмрөөр гар толгой руу цохиод байхаар нь хашаагаа хаачихаад явсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Ж.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би тэр залууд жийлгүүлж унаад босоод ирэхэд тэр залуу машинаасаа буугаад хашаанаасаа 1 м орчим урттай бүдүүвтэр мод гаргаж ирээд миний толгой руу нэг удаа цохьсон. Би тухайн үед толгой руугаа цохиулчихаад толгой манараад уначихсан. Намайг газар уначихсан байхад Б миний гарт массаж хийгээд байж байсан, харин намайг цохьсон залуу машинтайгаа явсан байсан. Ингээд би босоод явах гэж байхад удаагүй нөгөө залуу гартаа бас 1 м орчим урттай нарийн төмөр барьж ирээд үгийн зөрүүгүй миний толгой руу цохих гэхээр нь би баруун гараараа толгойгоо хаасан чинь төмрөөрөө миний гар луу цохиод баруун гарын алга хэсгийг урчихсан. Тэгээд л тэр залуу яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Э хүрээд очтол хөлөөрөө цээж рүү өшиглөөд хашааруугаа үсэрч ороод мод авчраад толгой руу нь 2 гараараа цохьсон. Босоод иртэл үл таних залуу Номингийн агуулахын хажууд машинаа тавьчихаад худгийн хашлагын төмөр аваад явган буцаж ирээд толгой руу цохих гэтэл гараараа хаагаад баруун гартаа 7 оёдол тавиулсан гэсэн..." гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: .... Б өндөр нам 2 хөгшинтэй маргалдаад зогсож байсан. Тэгэхээр нь би салгах санаатай очсон чинь Б машиндаа суучихсан нөгөө 2 хөгшин машиных нь хаалгыг онгойлгоод зогссон байхаар нь би тэр 2 хөгшинд болиоч гэсэн чинь намайг чи юу юм бэ цаашаа яв гээд өндөр хөгшин нь нэг удаа гараараа толгойруу цохихоор нь би яваад өгсөн .... гэсэн мэдүүлэг,, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн .... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Бод холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Бод холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасныг шүүгдэгчийн өмгөөлөгч ялын төрлөөр зөрүүтэй санал гаргаагүй ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан ялуудаас түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Ж.Э нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “ эмчилгээний зардал 800000 төгрөг нэхэмжилнэ ” гэсэн ба хэрэгт авагдсан нэхэмжлэлд цаашид эмчлүүлэхтэй холбоотойгоор Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилснийг шүүх хянан үзээд хохирогч Ж.Эт гэмт хэргийн улмаас гэмтсэн байдлыг цаашид зайлшгүй эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримт хэрэгт авагдаагүй, хохиролтой холбоотой зардлын баримтгүй байх тул хохирогчийг эмчлүүлэхтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, эмчилгээний зардал 800 000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бод 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 / таван зуун мянга / төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь 500000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ж.Э нь эмчилгээний зардал 800000 төгрөгийн нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэйг дурьдсугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД