| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2406038072179 |
| Дугаар | 2025/ДШМ/577 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Э.Баасанбаяр |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/577
2025 05 15 2025/ДШМ/577
Ц.Жод холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Э.Баасанбаяр,
шүүгдэгч Ц.Ж,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/608 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Жын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2406038072179 дүгээр хэргийг 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
****** овгийн Ц.Ж, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *, эх, ах нарын хамт Сонгинохайрхан дүүргийн * дугаар хороо, ** дүгээр байрны ** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** тоотод түр оршин суух, /РД:**00000000/,
- Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 227 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар 07 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр 13-ны өдрийн 64 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар,
- Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 45 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
- Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар тус тус шийтгүүлсэн,
Шүүгдэгч Ц.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Миллениум плаза дотор хохирогч Н.Мын эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 740.000 төгрөгийн хохирол,
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн 3 давхарт байрлах 302 тоот өрөөнөөс Ленова брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 325.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас Ц.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Ц.Жыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас нийт 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ял дээр Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 03 жил 08 сар 15 хоногийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 01 сар 06 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт биечлэн эдлэх ялыг 04 /дөрөв/ жил 01 /нэг/ сар 06 /зургаа/ хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Жод оногдуулсан 4 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Жоос хохирлын 325.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Сд, хохирлын 740.000 төгрөгийг гаргуулан хохирогч Н.Мд тус тус олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 2 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…727 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлж, шалгагдаж байх хугацаандаа одоогийн 2406038072179 дугаартай хавтаст хэргийг удаа дараа шат шатны байгууллагад мэдэгдэн нэмж нэгтгүүлэн шалгуулах гэсэн боловч үндэслэлгүй гэж үзэж тус тусад ялласан болно. Мөн бусдад төлөх төлбөр болон хохирлыг төлөхийг илэрхийлж, төлж барагдуулахыг амласан. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. …” гэв.
Прокурор Э.Баасанбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно...” гэж хуульчилсан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Жод ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилго, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд 1 жилийн хорих ял оногдуулсан.
Шүүгдэгч нь хохирол, төлбөрийг төлөхөө илэрхийлсэн талаар гомдолд дурдсан байна. Хохирол төлбөрийг хэрхэн, яаж барагдуулах талаар хавтаст хэрэгт авагдсан баримт байхгүй тул анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргасан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх тул шийтгэл тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ц.Ж нь 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Миллениум плаза дотор хохирогч Н.Мын эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 740.000 төгрөгийн хохирол,
2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн 3 давхарт байрлах 302 тоот өрөөнөөс хохирогч Т.Сгийн ашиглаж байсан “Ленова” брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 325.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
хохирогч Н.Мын “…хамгаалагч дээр очоод учир байдлаа хэлээд камер шүүлгэтэл манай дэлгүүрт байсан үл таних эрэгтэй хүн хүүхэдтэй эмэгтэйд хувцас үзүүлж байх хооронд сандал дээр байсан миний Айфоне 11 про гар утсыг аваад халаасандаа хийгээд намайг юм ярьж байхад яриан дундуур орж ирж барааны үнэ асуугаад гараад явсан нь хяналтын камерын бичлэгт үлдсэн байсан. Би тухайн үл таних эрэгтэй хүнээс гар утсаа авъя гэж хэлтэл надад байхгүй гэж хэлээд явах үедээ миний гар утсыг халааснаасаа гаргаж унтраагаад халаасандаа буцааж хийгээд явж байгаа нь камерт харагдаж байсан. …” /хх 6/,
хохирогчийн төлөөлөгч Т.Сгийн “... 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр … 13:00 цагийн үед 302 тоот өрөөнд буцаж орж ирээд эд зүйлээ эмхлэж байгаад ширээн дээр хаагаад үлдээсэн байсан нөүтбүүк байхгүй байгааг анзаарч нэг давхар руу буугаад жижүүр дээр очоод 3 давхарт байх хяналтын камер шүүлгэсэн. Хяналтын камерыг шүүхэд 12 цаг 47 минутын орчим хар өнгийн хувцас, цагаан малгайтай, эрэгтэй 302 тоот өрөө рүү ороод буцаж гарч ирэхдээ цүнхтэй нөүтбүүк үүрч сургуулийн хаалгаар гараад зүүн урагш гарч яваа камерын бичлэг байсан. … Би алдсан гэх нөүтбүүкээ сургуулиас 2016 онд өөрийн нэр дээр бүртгүүлэн хүлээн авч байсан. …” /хх 96/,
гэрч Л.Оы “…2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай үүдний жижүүр нөүтбүүк алдагдсан талаар хэлсэн. Тухайн нөүтбүүкийн бүртгэлийг үзэхэд 2021 онд Боловсролын яамнаас Ерөнхий боловсролын сургуулиудад тарааж өгсөн нөүтбүүк байсан. Тухайн нөүтбүүк нь 1.136.472 төгрөгийн үнэлгээтэй. Эд хариуцагчаар бага ангийн багш Т.Сд бүртгэлтэй байсан. ...” /хх 82-83/,
шүүгдэгч Ц.Жын яллагдагчаар өгсөн “…2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр би архи согтууруулах ундааны зүйл хэрэглэчихсэн үедээ … ** дугаар сургуулийн 3 давхарын өрөөнөөс Леново брэндийн нөтбүүкийг хулгайлан авч гарсан. Мөн … Мелиниум плаза төвөөс сандал дээр байсан ай фоне 11 про загварын гар утсыг хулгайлан авч гараад үл таних хүнд зарж үрэгдүүлсэн, тухайн мөнгөөрөө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. …” /хх 188/ тус тус мэдүүлгүүд,
“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 11-13, 65-67/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 15-16, 76-80/, хэргийн газар үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зураг /хх 52-54/, Нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар дунд сургуулийн итгэмжлэл /хх 91/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч Ц.Жыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч Ц.Жын хохирогч Н.Мын эзэмшлийн Айфоне 11 про загварын гар утсыг, Ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн өмчлөлийн “Ленова” брэндийн зөөврийн компьютерийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч, нийт 1.065.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч Ц.Ж “…727 дугаартай шийтгэх тогтоолоор шийтгүүлж, шалгагдаж байх хугацаандаа одоогийн 2406038072179 дугаартай хавтаст хэргийг удаа дараа шат шатны байгууллагад мэдэгдэн нэмж нэгтгүүлэн шалгуулах гэсэн боловч үндэслэлгүй гэж үзэж тус тусад ялласан болно. Мөн бусдад төлөх төлбөр болон хохирлыг төлөхийг илэрхийлж, төлж барагдуулахыг амласан. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү…” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоодог.
Шүүгдэгч Ц.Ж нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 727 дугаартай шийтгэх тогтоол гарахаас 09 хоногийн өмнө буюу 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь уг шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон байх бөгөөд шүүх Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу Ц.Жын үйлдсэн энэ гэмт хэрэгт 1 жилийн хорих ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 03 жил 01 сар 06 хоногийг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг хэмжээг тогтоосныг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхгүй.
Шүүх ял оногдуулахдаа Эрүүгийн хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журам, зарчмуудыг удирдлага болгодгоос гадна мөн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэргийг харгалзан үздэг.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн гэсэн хуулийн нөхцлийн агуулга нь шүүгдэгчийн уг илэрхийлэл бодит байдалтай хэрхэн нийцэж байгаагаар тодорхойлогдох учиртай.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэдэг нь хохирлын дүнтэй тэнцэх хэмжээний эд хөрөнгө өөрт байгаа болон боломжит хугацаанд даруй нөхөн төлөх чадвартай байдлаа баримтаар нотолсон байхыг ойлгоно.
Хавтаст хэргийн материалаас үзэхэд, шүүгдэгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нотлох баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн шийдвэрээс гарах үр дүн бодит байдалд хэрэгжих боломжтой байх нь түүний заавал биелэгдэх шинжтэй холбоотой байдаг.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Жод эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах, хорих гэсэн гурван төрлийн ялаас хорих ялыг сонгож, 06 сараас 05 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээнээс 01 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсныг өөрчлөн хөнгөрүүлэх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, уг хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц ялыг шүүгдэгчид оногдуулснаас гадна түүний ялуудыг нэгтгэхдээ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах тухай дээрх хуулийн 6.9 дүгээр зүйлүүдийн холбогдох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 3, 4, 5, 6 дахь заалтуудад үг үсэг, тоо тооцооны зэрэг техникийн шинжтэй дараах алдаануудыг гаргажээ.
Тодруулбал, хавтаст хэрэгт Т.С, Л.О нарын мэдүүлэг, ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн захирлын “итгэмжлэл олгох тухай” албан бичиг зэргээс үзэхэд “Ленова” брэндийн зөөврийн компьютер нь Нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар сургуулийн өмч байх бөгөөд уг эд зүйлсийн хохирол төлбөрийг тус сургуульд гаргуулахаар зааж шийдвэрлэх үндэслэлтэй байх тул шийтгэх тогтоолыг 6 дахь заалтад,
мөн шүүгдэгч Ц.Ж нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ЦХШЗ/829 дүгээр “яллагдагчаар шилжүүлэн цагдан хорих тухай” шүүгчийн захирамж /хх 170-172/-аар 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл нийт 72 хоног цагдан хоригдсон байхад 41 хоног гэж буруу тооцсон бичсэнийг шийтгэх тогтоолын 5 дахь заалтад тус тус өөрчлөлт оруулахаар тогтоов.
Мөн энэ шийтгэх тогтоолоор 01 жилийн хорих ял оногдуулсан атлаа 3 дахь заалтад “...энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ял...” гэж,
3 дахь заалтад шүүгдэгчийн хорих ялуудыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 04 жил 01 сар 06 хоног гэж тогтоосон атлаа 4 дэх заалтад “...Ц.Жод оногдуулсан 4 жил 01 сар 10 хоног...” гэж зөрүүтэй бичсэнийг тус тус зөвтгөн шийдвэрлэв.
Эдгээр нь шүүхийн шийдвэр тодорхой ойлгомжтой байх хуулийн шаардлагад нийцээгүй байхын зэрэгцээ, хэдийгээр шүүхээс хэргийн талаар үндэслэл бүхий шийдвэр гарахад нөлөөлөхгүй боловч цаашид анхан шатны шүүх алдаа, зөрчил гаргахгүй байхад анхаарвал зохино.
Иймд шүүгдэгч Ц.Жын “ял хөнгөрүүлж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр зохих өөрчлөлтүүдийг оруулахаар давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Ц.Жын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 2025/ШЦТ/608 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
3 дахь заалтын “...шүүгдэгч Ц.Жод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 сарын хугацаагаар хорих ял дээр…” гэснийг “...шүүгдэгч Ц.Жод энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 01 жилийн хугацаагаар хорих ял дээр…” гэж,
4 дэх заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Жод оногдуулсан 4 жил 01 сар 10 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Жод оногдуулсан 4 жил 01 сар 06 хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж,
5 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 41 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жын энэ хэрэгт цагдан хоригдсон нийт 72 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж,
6 дахь заалтын “...шүүгдэгч Ц.Жоос хохирлын 325.000 төгрөгийг гаргуулан хохирогч Т.Сд, …” гэснийг “...шүүгдэгч Ц.Жоос хохирлын 325.000 төгрөгийг гаргуулан Нийслэлийн ерөнхий боловсролын ** дугаар сургуульд, …” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.Жын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Жын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 76 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР