Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00579

 

 

 

 

 

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2019/00579

 

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00114 дүгээр шийдвэртэй нэхэмжлэгч Г.Г-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Е.Б, Х.Н- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 94 500 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Г-а, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Г-а шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Е.Б, Х.Н- нар нь надаас 42.000.000 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэй зээлж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолойн төгөл 13-1 тоот хаягтай 219 м.кв талбайтай хувийн сууц, мөн хаягт байрлах 700 м.кв газар, 13-2 тоот 638 м.кв газар, 13-3 тоот 639 м.кв газар, 13-4 тоот 700 м.кв газрыг барьцаалан барьцааны гэрээг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт баталгаажуулсан. Хариуцагч нар нь 2015 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 2.280.000 төгрөгийн хүү, 2016 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 1.470.000 төгрөгийн хүү зэргийг хаан банкны дансанд, 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр 1.500.000 төгрөгийг бэлнээр өгч, нийт 5.250.000 төгрөгийн хүү төлсөн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Е.Бтай уулзахад зээлийн гэрээг үргэлжлүүлье, удахгүй өгнө гэсэн. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 26.435.000 төгрөгийн хүү, алданги төлж, үндсэн зээлийн гэрээний хугацааг 1 жилээр сунгаж 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хүү, алданги төлөхөөр тохирлцсон боловч төлөөгүй. Зээлийн гэрээний хугацааг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан. Үндсэн зээл 42.000.000 төгрөг, зээлийн хүү 31.500.000 төгрөг, алданги 21.000.000 төгрөг, нийт 94.500.000 төгрөгийг хариуцагч нараас нэхэмжилж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Е.Б, Х.Н- нараас үндсэн зээл 38,220,000 төгрөг, алданги 19.110.000 төгрөг, нийт 57.330.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Г-ад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 37.170.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой доод төгөл 13-1 хаягт байрлах, 219 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2204074211 дугаарт бүртгэгдсэн, 000440069 гэрчилгээний дугаартай, Бахат овгийн Бередмуратын Талантын өмчлөлийн хувийн сууц, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой доод төгөл 13-1 хаягт байрлах, 700 м.кв талбайтай, 18661317355056 нэгж талбарын дугаартай, 000513168 гэрчилгээний дугаартай, Бахат овгийн Бередмуратын Талантын газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Шар хоолой доод төгөл 13-3 хаягт байрлах, 639 м.кв талбайтай, 18661317392037 нэгж талбарын дугаартай, 000513166 гэрчилгээний дугаартай, Базархул овогт Хавдлашимын Лаурагийн газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Шар хоолой доод төгөл 13-2 тоот хаягт байрлах, 638 м.кв талбайтай, 18661317371043 нэгж талбарын дугаартай, 000513169 гэрчилгээний дугаартай, Ахтай овогт Хожабергены Нурлатын газар эзэмших эрх, Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Шар хоолой доод төгөл 13-4 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, 18661317387062 нэгж талбарын дугаартай, 000513167 гэрчилгээний дугаартай, Бахат овогт Елешийн Бередмуратын газар эзэмших эрхийг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулах болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 700.650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 514.800 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Е.Бын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхтуяа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Х.Н-, Е.Б нарыг хэргийн материалтай танилцах болон шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй хэргийг шийдвэрлэсэн. Нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заалтыг зөрчиж хэргийн материалд зээлдэгч нарт мөнгө шилжүүлсэн баримт байхгүй. 42.000.000 төгрөгт тооцож авсан авто тоёота ланд крузер 80, волкэсваген тоурег машинууд нь төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгөд хамаарахгүй юм. Зээлдэгч нар мөнгөний оронд машин авсан бөгөөд уг машин нь мотор болон рулын аппарат нь доголдолтой байсан байдаг. Хэргийн бодит байдал дээр зээлдэгч гэх Х.Н-, Е.Б нар нь 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдөр 42.000.000 төгрөгийн зээлийн гэрээ биш 42.000.000 төгрөгийн үнэ бүхий машин зээлээр авч зээлийн гэрээ байгуулсан. Тиймээс 42.000.000 төгрөгийг төлөх дээр маргадаггүй. Харин бодитоор мөнгө зээлж аваагүй тул хүү алданги төлөхгүй гэж маргаж байгаа билээ. Зээлдэгч нар анхан шатны шүүхийн шийдвэрээс 19.110.000 төгрөгийн алданги гаргуулах хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Г-а давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Хариуцагч нар нь эхний гурван сарын хүү болох 5.250.000 төгрөгийг төлсөн түүнээс хойш ямар ч мөнгө төлөөгүй байгаа юм. Е.Б ирж уулзаад 2015 оны 11 дүгээр сарын 13-ны зээлийн гэрээний төлбөрийг хамтдаа тооцон "2015 оны 11 дүгээр сарын 13-наас 2016 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртлэх хүү алдангид "...26.435.000 төгрөгийг төлье, гэхдээ яг одоо мөнгө алга энэ мөнгийг 2017 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс өмнө төлнө" гэж тохиролцоод төлбөр төлөх тухай хэлцэл хийж 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээг 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүртэл сунгасан юм. Тус гэрээ болон хэлцлийг мөн л нотариатаар гэрчлүүлсэн юм. Гэтэл Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00114 дүгээр шийдвэрээр миний нэхэмжилсэн 94.500.000 төгрөгнөөс 37.170.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, 57.330.000 төгрөгийг нэхэмжлэгч надад олгохоор шийдвэрлэсэнд гомдолтой байна. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2, 222.5, 242 дугаар зүйлийн 242.3, 242.6, 242.12 дах хэсэгт заасан заалтуудыг хэрэглээгүй. Г.Г-а би Е.Баас 47.250.000 төгрөг, Х.Н-аас 47.250.000 төгрөгийг тус бүр нэхэмжилсэн юм. Иймд нотлох баримтыг үнэлэн Е.Б, Х.Н- нараас 37.170.000 төгрөгийг гаргуулан өгөхөөр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч Г.Г-а нь хариуцагч Х.Н-, Е.Б нарт холбогдуулан Е.Баас 47 250 000 төгрөг, Х.Н-аас 47 250 000 төгрөг, нийт 94 500 000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүхээс хариуцагч Е.Б, Х.Н- нар шүүх хуралдааны товыг мэдэгдсэн /хх-ийн 43-46/ боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, хүрэлцэн ирээгүйтэй холбоотой хүндэтгэн үзэх шалтгаан тогтоогдоогүй тул шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дах заалтад нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Г-а, хариуцагч Е.Б, Х.Н- нартай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 42.000.000 төгрөгийг, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл хугацаатай, сарын 3,5 хувийн хүүтэй зээлдүүлж, зээлдэгч нь зээлийг буцаан төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданги тооцохоор, зээлийн төлбөрийг Е.Б төлөхөөр тохиролцжээ. Уг зээлийн гэрээний барьцаанд;

1/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой доод төгөл 13-1 хаягт байрлах, 219 м.кв талбайтай, улсын бүртгэлийн Y-2204074211 дугаарт бүртгэгдсэн, 000440069 гэрчилгээний дугаартай, Бахат овгийн Бередмуратын Талантын өмчлөлийн хувийн сууц,

2/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Шар хоолой доод төгөл 13-1 хаягт байрлах, 700 м.кв талбайтай, 18661317355056 нэгж талбарын дугаартай, 000513168 гэрчилгээний дугаартай, Бахат овгийн Бередмуратын Талантын газар эзэмших эрх,

3/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Шар хоолой доод төгөл 13-3 хаягт байрлах, 639 м.кв талбайтай, 18661317392037 нэгж талбарын дугаартай, 000513166 гэрчилгээний дугаартай, Базархул овогт Хавдлашимын Лаурагийн газар эзэмших эрх,

4/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Шар хоолой доод төгөл 13-2 тоот хаягт байрлах, 638 м.кв талбайтай, 18661317371043 нэгж талбарын дугаартай, 000513169 гэрчилгээний дугаартай, Ахтай овогт Хожабергены Нурлатын газар эзэмших эрх,

5/ Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо, Гачуурт Шар хоолой доод төгөл 13-4 тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай, 18661317387062 нэгж талбарын дугаартай, 000513167 гэрчилгээний дугаартай, Бахат овогт Елешийн Бередмуратын газар эзэмших эрхийг тус тус барьцаалсан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний дагуу нэхэмжлэгч гэрээний үүргийн биелэлтийг хангуулахаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасантай нийцсэн байна.

Харин шүүх хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй байхад 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу хүү, алданги нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэж буруу дүгнэлт хийжээ.

Хариуцагч нар нь 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зээлийн гэрээний дагуу үндсэн зээл 42 000 000 төгрөг, 1 сарын хүү 1 470 000 төгрөг нийт 43 470 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй болох нь гэрээ болон хуульд нийцсэн. Мөн уг гэрээгээр алданги тооцохоор тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах заасантай нийцсэн байна.

Нэхэмжлэгч Г.Г-а хариуцагч Е.Б нарын хооронд 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээнд 42 000 000 төгрөгийг 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүртэл, сар бүр 3,5 хувийн хүүтэй зээлдүүлсэн мөнгийг төлж чадаагүй талаар дурдаж гэрээний хугацааг 1 жилээр сунгаж, гэрээний бусад заалт хэвээр мөрдөгдөх, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар 0.5 хувийн алданги төлөхөөр тохирсон нь хууль зөрчөөгүй, талуудын хүсэл зориг илэрхийлэгдсэн байх тул нэхэмжлэгч энэ гэрээгээр 12 сарын хүү шаардах, алданги тооцож нэхэмжлэх эрхтэй байна.

Уг гэрээнд хамтран зээлдэгч Х.Н- гарын үсэг зураагүй байгаа нь зээлийн гэрээг сунгааагүй гэж, хүү тооцсон зээлийн гэрээг бичгээр хийгээгүй гэж тус тус үзэх үндэслэлгүй болно.

Харин 2016 оны 12 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан Төлбөр төлөх тухай хэлцлийн дагуу 26 435 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй гэх шүүхийн дүгнэлт зөв байна.

Иймд хариуцагч нараас үндсэн зээл 42 000 000 төгрөг, 13 сарын хүү 19 110 000 төгрөг, нийт 61 110 000 төгрөг төлөхөөс хариуцагч Е.Б, Х.Н- нарын төлсөн 5 250 000 төгрөгийг хасч үлдэх 55 860 000 төгрөгөөс алданги тооцож, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр алданги 27 930 000 төгрөг, нийт 83 790 000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрт өөрчлөлт оруулав.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хамтран үүрэг гүйцэтгэгчдээс үүргийн гүйцэтгэлийг шаардсан болон хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу барьцаалагдсан үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангах үндэслэлтэй болохыг шүүх зөв дүгнэжээ.

Хариуцагч нарт нэхэмжлэлийг гардуулж, эрх үүрэг тайлбарлаж танилцуулсан боловч өөрсдөө үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй явдалд шүүхийг буруутгах үндэслэлгүй байхаас гадна хариуцагч талын давж заалдах гомдол, түүнд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар зэргээс үзэхэд 3 автомашины үнэ 42 сая төгрөг байсан гэж үзсэн ч автомашин худалдах, худалдан авах гэрээний үүргийг зээлийн гэрээний үүргээр солих нь хуульд харшлаагүй, Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т нийцсэн гэж үзэхээр байна. Иймд хариуцагч нарыг хэргийн материалтай танилцах болон шүүх хуралдаанд оролцох эрхийг хангалгүй, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг хянан шийдвэрлэсэн гэх хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 101/ШШ2019/00114 дүгээр шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх заалтын 57.330.000 төгрөг гэснийг 83 790 000 гэж, 37 170 000 гэснийг 10 710 000 гэж, 3 дах заалтын 514 800 гэснийг 576 900 гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 59 дүгээр зүйлийн 59.3, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 253 500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 344 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НАРАНЦЭЦЭГ

ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

Н.БАТЗОРИГ