| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/03497/И |
| Дугаар | 192/ШШ2025/07895 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/07895
2025 10 02 192/ШШ2025/07895
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: БНСУ, Сөүл хот, ***** байрлах “В К” ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 22 дугаар хороо, *** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, одоо БНХАУ, ӨМӨЗО-ны Хөххот, Сайхан дүүрэг, Их сургуулийн гудамж Чуанье зам, 1 давхар ** тоот хаягт оршин сууж буй, **ургийн овогт Цовогтой Гхолбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 1,033,000,000 /нэг тэрбум гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Б/0066/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, хариуцагчийн өмгөөлөгч П.А/2048/ нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “В К” ХК-ийг төлөөлөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өмгөөлөгчийн хамт гаргасан тайлбар:
1.1. Нэхэмжлэлийн шаардлага: БНСУ-ын хуулийн этгээд “ВК” ХК нь өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалттай “Д Г” ХХК-ийг 2008 оны 03 дугаар сарын 21-ний өдөр үүсгэн байгуулж, тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан. Улмаар уг компанийн 100 хувийн хувьцааг компанийн эзэмшиж буй эрхийн хамт худалдахаар Монгол улсын иргэн Ц.Г болон Монгол улсын хуулийн этгээд “Э К” ХХК-тай харилцан тохиролцож 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн №01 тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Тус гэрээний 2 дугаар зүйлд гэрээний хугацаа, төлбөр тооцоог зохицуулж, 2.1-т “ДГ” ХХК-ийг үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигч “ВК” ХК-ийн цор ганц хувьцаа эзэмшигч, ерөнхий захирал ***нь “ДГ” ХХК-д өөрийн эзэмшиж буй нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй 9,230,291 ширхэг хувьцаа буюу компанийн дүрмийн санд оруулсан 10,843,206,700 төгрөгийн хөрөнгөө 100 хувь Ц. Г хувьцааны анхны үнээр худалдаж шилжүүлнэ. Гэрээ нь талууд гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулснаар хүчин төгөлдөр болох бөгөөд талууд үүргээ биелүүлсэн тохиолдолд дуусгавар болно гэж тохиролцсон. Энэ гэрээг үндэслэн эрх шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах гэрээг байгуулсан.
“ВК” ХК болон Ц.Гнар №01 тоот дээрх гэрээнд заасан хувьцааны төлбөр, хугацааг харилцан тохиролцож өөрчлөн 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдөр Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээний дагуу “ВК” ХК нь 10,843,206,635.51 төгрөгийн дүрмийн сан бүхий “ДГ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа болон тус компанид Нийслэлийн Засаг даргын 2011 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 612 дугаар захирамжаар олгосон Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай нэгж талбарын дугаар 176006/0321 бүхий 12,500 м.кв газрын ашиглах эрхийг Монгол улсын иргэн Ц.Гхудалдахаар харилцан тохиролцсон. Хувьцаа худалдах, худалдан авах нийт үнэ 4,000,000,000 төгрөг байхаар, гэрээний урьдчилгаа 500,000,000 төгрөгийг 2018.07.20-ны дотор, 2,000,000,000 төгрөгийг 2018.08.30-ны дотор, үлдэгдэл 1,500,000,000 төгрөгийг 2018.10.30-ны дотор төлж дуусгахаар тохиролцон, төлбөрийг хугацаандаа төлж барагдуулаагүй тохиолдолд хувьцааг “ВК” ХК-д буцаан шилжүүлэхээр гэрээнд заасан. Ц.Г2018.06.18 болон 2018.07.02-ны өдрүүдэд төлбөр төлөх баталгааны бичгийг нотариатаар баталгаажуулан нэхэмжлэгчид гаргаж өгсөн байдаг.
Ц.Ггэрээнүүдэд заасан төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй ба “ДГ” ХХК-ийн 100 хувийн хувьцааг компанийн нэр дээрх газар ашиглах эрхийн хамт 2019.04.01-ний өдөр “ЭК” ХХК-тай хамтран ажиллах гэрээ байгуулж шилжүүлсэн байсан. Ц.Ггэрээний төлбөрийг хүү, алдангийн хамт төлөхөө амлаж, удаа дараа төлбөр төлөх баталгаа гаргаж байсан боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул Ц.Гболон түүнээс “ДГ” ХХК-ийн хувьцааг шилжүүлэн авсан “ЭК” ХХК-тай 2019.04.23-ны өдөр Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээг байгуулсан. Энэ гэрээгээр өмнө байгуулсан гэрээнүүдийг дүгнэх, уг гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдсон харилцааг зохицуулахаар зааж, гэрээний худалдан авагч талыг Ц.Гболон “ЭК” ХХК-ийг хамтад нь тодорхойлсон. “ЭК” ХХК болон Ц.Гнар гэрээний дагуу тодорхой төлбөрийг төлсөн боловч үлдэгдэл төлбөрийг хугацаандаа төлөлгүй өнөөдрийг хүрсэн. Тэд гэрээний дагуу 5,133,000,000 төгрөг төлөхөөс 2019.04.23-ны өдрөөс 2022.08.05-ны өдрийг хүртэл нийт 3,770,000,000 төгрөгийг нэхэмжлэгч хүлээн авсан бөгөөд үлдэгдэл 1,363,000,000 төгрөгийг төлөөгүй учир уг төлбөрийг гаргуулахаар шаардсан. Мөн гэрээний 5.2-д зааснаар 2022.08.06-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024.05.14-ний өдрийг хүртэл 638 хоногийн алданги 608,715,800 төгрөгийн хамт нийт 1,971,715,800 төгрөг нэхэмжилсэн...гэжээ.
1.2. Нэхэмжлэлийн өөрчилж багасгасан шаардлагад: Нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ЭК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Энхболдыг гэрчээр оролцуулсан. Тэрээр мэдүүлэг өгөхдөө 2019.04.23-ны өдрийн гэрээний дагуу “ЭК” ХХК нь 4,300,000,000 төгрөгийг хариуцан төлөхөөр, үлдэх 800,000,000 төгрөгийг Ц.Гтөлөхөөр тохиролцсон бөгөөд Ц.Г800,000,000 төгрөг төлнө гэсэн учраас уг гэрээнд түүнийг оруулсан гэж мэдүүлсэн. “ЭК” ХХК гэрээний дагуу төлсөн төлбөрөө хэрхэн яаж төлсөн болохоо баталгаажуулж, төлбөр төлсөн баримтыг гаргаж өгсөн. Уг баримтаар шилжүүлсэн гэх гүйлгээнүүд нь хэрэгт авагдсан “ВК” ХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч П Хаан банкны данстай тохирч байна. Мөн гэрчийн мэдүүлгээр хувьцаа худалдах, худалдан авах гэрээний төлбөрт тооцож олгосон Жи класс автомашиныг Ц.Гшилжүүлж өгсөн бөгөөд Ц.Гтөлбөрийг нэхэмжлэгчид төлөхөөр болсон гэж мэдүүлжээ. Иймээс 2019.04.23-ны өдрийн Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээний үлдэгдэл төлбөр 833,000,000 төгрөг болон Жи класс автомашины төлбөр 200,000,000 төгрөг, нийт 1,033,000,000 төгрөгийг хариуцагч Ц.Г гаргуулж өгнө үү...гэжээ.
1.3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын хооронд Иргэний хуулийн 243.1-д заасанд нийцсэн гэрээ байгуулагдсан. Хуульд зааснаар худалдагч нь биет байдлын доголдолгүй хөрөнгийг хариуцагчид шилжүүлээд өгчихсөн. Энэ талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч маргаангүй гэдгээ хэлсэн. Иймд худалдагч тал хугацаандаа төлбөрөө төлөхийг шаардах эрхтэй. Удаа дараа төлбөрийг шаардаж байсан бөгөөд төлбөр төлөхгүй байсан учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Хэрвээ “ЭК” ХХК нь 2019.04.23-ны өдрийн гэрээгээр төлбөрийг төлөх байсан бол энэ гэрээнд Ц.Гийг дахин худалдан авагчаар оролцох шаардлагагүй байсан. Иймд Ц.Г833,000,000 төгрөг болон автомашины 200,000,000 төгрөгийг төлөх үүрэг хүлээнэ. Ц.Гийн хувьд хүний 4,000,000,000 төгрөгийн үнэтэй газрыг өөр хүнд 10,000,000,000 төгрөгөөр зараад, өөрөө 5,700,000,000 төгрөгийн ашиг олж байгаа юм. Шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Учир нь 2022.08.05-ны өдрөөс хойш төлбөр төлөөгүй алга болсон ба энэ хугацаанаас эхэлж тооцоход хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд Ц.Г1,033,000,000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэнэ үү...гэв.
2. Хариуцагч Ц.Гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэгсүрэн шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
2.1. Ц.Гнь 2019.04.01-ний өдөр “ДГ” ХХК-ийг “ЭК” ХХК-д шилжүүлсэн бөгөөд 2019.04.08-ны өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. Мөн Ц.Гнь “ВК” ХХК-тай 2018 онд гэрээ байгуулсан ба уг гэрээтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байна. Тиймээс нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.
2.2. “ЭК” ХХК-ийн захирал Б.Этайлбарлахдаа гэрээгээр компани худалдаж аваагүй, харин тус компанийн нэр дээр байсан газрын эрхийг худалдаж авахаар тохиролцсон гэдэг. Ц.Гийн хувьд энэ харилцаанд зөвхөн зуучлагчийн үүрэгтэй оролцсон ба ямар нэг ашиг олоогүй. Тэр газар дээр “ЭК” ХХК барилга барьж, тэндээсээ БНСУ-ын “ВК” ХК-д төлбөрийг төлнө гэсэн ерөнхий агуулгатай байсан. Мөн компанийн 100 хувийн хувьцааг шилжүүлж авсан “ЭК” ХХК л төлбөр төлөх үүрэг хүлээнэ. Үүнтэй холбоотойгоор бид гэрээг өгсөн байгаа. Хэрвээ хувьцаа худалдаж авсан бол хувьцааны нэрлэсэн үнээр худалдаж авах байсан. Гэрээнд хувьцаа худалдаж авахаар бичигдсэн байгаа болохоос бодит байдал дээр газар худалдаж авсан байгаа. Энэ гэрээний төлбөр гэж Ц.Гогт төлж байгаагүй, зөвхөн “ЭК” ХХК л төлсөн. Нэхэмжлэгч тал 2019.04.23-ны өдрийн гэрээгээр Ц.Гмөнгө нэхэмжлээд байгаа. Энэ гэрээг харахаар хамгийн сүүлд төлбөр төлөх хугацаа нь 2020.05.15-ны өдөр байгаа. Тэгэхээр гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дууссан байна. Түүнчлэн 2019.04.23-ны өдрийн гэрээ өөрөө биелэгдэх боломжгүй, хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэхээр байна. Учир нь Ц.Гнь “ДГ” ХХК-ийн хувьцааг 2019.04.01-ний өдөр “ЭК” ХХК-д шилжүүлээд 2019.04.08-ны өдөр “ЭК” ХХК нь улсын бүртгэлд 100 хувь хувьцаа эзэмшигчээр бүртгүүлчихсэн байдаг. Иймд компанитай холбоотой бүх хөрөнгө “ЭК” ХХК-д шилжсэн байна. Мөн 2019.04.23-ны өдрийн гэрээнд 833,000,000 төгрөгийг Ц.Гтөлнө гэсэн үг байдаггүй. Автомашины мөнгөний хувьд гар бичмэл баримт дээрх гарын үсэг Ц.Гмөн гэдгийг тогтоох боломжгүй, Автотээврийн үндэсний төвөөс уг машиныг шилжүүлж өгсөн талаарх баримт байхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү...гэв.
3. Нэхэмжлэгч талын гаргасан нотлох баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-4/, “ВК” ХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, орчуулга, апостиль /хх-5-8/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-10-25/, нотариатын бүртгэлийн дэвтрийн хуулбар /хх-26, 36/, 2018.05.03-ны өдрийн Эрх шилжүүлэн өгөх, шилжүүлэх авах гэрээний хуулбар /хх-27-29/, Хувьцаа худалдах, худалдан авах тухай 2018.05.03-ны өдрийн гэрээний хуулбар /хх-30-35/, Хувьцаа худалдах, худалдан авах 2018.06.18-ны өдрийн гэрээний хуулбар /хх-37-44/, “ВК” ХК, Ц.Г, “ЭК” ХХК нарын 2019.04.23-ны өдөр байгуулсан Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээний хуулбар /хх-45-54/, “ЭК” ХХК-ийн огноо тодорхойгүй албан бичиг /хх-62/, Амлалтын бичгийн эх хувь /хх-63-65/, Улсын бүртгэлийн ерөнхий газар Улсын байцаагчийн 2018.07.06-ны өдрийн 1419 тоот “Бүртгэл хянасан тухай” дүгнэлтийн хуулбар /хх-171-174/, “ВК” ХК-ийн хуулийн этгээдийн бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа, хувьцаа эзэмшигчдийн нэрийн бүртгэл /хх-183-198/, “Зээлийн гэрээ” гэх 2019.07.04-ний өдрийн гар бичмэл баримтын эх хувь /хх-240/, МУ-ын иргэн Б.Эгэх гарын үсэг бүхий тодорхойлолт /хх-241/, “ЭК” ХХК-ийн гүйцэтгэх захирал, нягтлан нарын үйлдсэн 2025.09.19-ний өдрийн Төлбөр төлсөн баримтын эх хувь /хх-242-244/,
Нэхэмжлэгч талын нотлох баримтаар гаргасан “ЭК” ХХК, Ц.Гнарын 2019.04.01-ний өдөр байгуулсан 02/2019х тоот Хамтран ажиллах гэрээний хуулбар, дансны хуулгын хүснэгт, П Ж М Хаан банк дахь харилцах дансны хуулга, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байна. /хх-55-61, 66-75/
4. Хариуцагч талын гаргасан нотлох баримтууд: Төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-91-92, 132-134, 178/, Ц.Г, “ЭК” ХХК нарын 2019.04.01-ний өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээний эх хувь /хх-199-202/, мөн гэрээний талууд 2019.04.08-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээг тодотгон байгуулсан нэмэлт гэрээний эх хувь /хх-203-204/, “ВК” ХК, Ц.Г, “ЭК” ХХК нарын 2019.04.23-ны өдөр байгуулсан Хувьцаа болон хөрөнгө худалдах худалдан авах гэрээний нэмэлт гэрээний хуулбар /хх-205-208/, “ДГ” ХХК, “Гинтернэшнл” ХХК нарын 2017.10.31-ний өдөр байгуулсан Хувьцаа болон хөрөнгийг төлөөлөн худалдах, худалдан авах гэрээний хуулбар /хх-209-220/, “Ж эл ай эф” ХК-иас Х, М.У нарт 2017.03.13-ны өдөр олгосон итгэмжлэл, холбогдох баримтууд /хх-221-229/,
5. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчоос гаргасан хүсэлтийн дагуу шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд: БНСУ-ын иргэн ПЖМХаан банк ХК дахь харилцах дансны хуулгууд /хх-141-151/, Улсын бүртгэлийн ерөнхий газраас “ДГ” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-163-165/, Б.Энхболдыг гэрчээр асуусан тэмдэглэл /хх-230-233/
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
2. БНСУ-ын “ВК” ХК нь Монгол улсын иргэн Ц.Г, “ЭК” ХХК нарт холбогдуулан 2019.04.23-ны өдөр байгуулсан Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлбөрийн үлдэгдэл 1,363,000,000 төгрөг, алданги 608,715,800 төгрөг, нийт 1,971,715,800 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “ЭК” ХХК-д холбогдох нэхэмжлэлээсээ татгалзаж, хариуцагч Ц.Гхолбогдох нэхэмжлэлийн шаардлагыг 1,033,000,000 төгрөг болгон 938,715,800 төгрөгөөр нэхэмжлэлээ багасгасан байна.
2.1. “ВК” ХК нь нэхэмжлэлийн үндэслэлээ “Талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, төлбөрт нийт 5,133,000 төгрөг авахаас “ЭК” ХХК 4,300,000,000 төгрөгийг төлж барагдуулсан, харин Ц.Г833,000,000 төгрөг төлөхөөр тохиролцсон ч төлөөгүй, уг төлбөр дээр “ЭК” ХХК-ийн төлбөрийн тооцоонд оруулсан Жи класс маркийн автомашины үнэ 200,000,000 төгрөгтэй нийлүүлж 1,033,000,000 төгрөгийг Ц.Гшаардана” гэж тодорхойлсон.
3. Хариуцагч тал нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан, 2019.04.23-ны өдрийн гэрээ хүчин төгөлдөр бус, 833,000,000 төгрөгийг Ц.Гтөлөх үүрэг хүлээсэн талаар гэрээнд тусгайлан тохиролцоогүй, “ЭК” ХХК болон Ц.Гнарын байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу төлбөрийг 100% “ЭК” ХХК хариуцахаар тохиролцсон байгаа учир Ц.Гтөлбөрийг хариуцахгүй” гэж тайлбарлан маргаж байна.
4. Хавтаст хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч БНСУ-ын “ВК” ХК-ийг төлөөлөн ерөнхий захирал ***нь хариуцагч Ц.Гтэй 2018.05.03-ны өдөр Хувьцаа худалдах, худалдан авах тухай гэрээг бичгээр байгуулж, гэрээг нотариатаар гэрчлүүлсэн байна. Уг гэрээгээр худалдагч тал болох “ВК” ХК нь өөрийн үүсгэн байгуулсан “ДГ” ХХК-д өөрийн эзэмшиж байгаа нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй 9,230,291 ширхэг, компанийн дүрмийн санд оруулсан 10,843,206,700 төгрөгийн хөрөнгийг худалдан авагч Ц.Гхувьцааны анхны үнээр худалдахаар тохиролцжээ.
4.2. Дээрх гэрээг байгуулсан өдөр талууд Эрх шилжүүлэн өгөх, шилжүүлэн авах гэрээг мөн байгуулж, “ВК” ХК-иас өөрийн эзэмшлийн “ДГ” ХХК-ийн эрх, үүргийг Ц.Гшилжүүлэхээр тохиролцож, компанийн хувьцааг 100 хувь эрх шилжүүлэгчид бүрэн шилжүүлж, улсын бүртгэлийн гэрчилгээ, дүрэм, тамга тэдгийг эрх хүлээн авагч тал улсын бүртгэлийн байгууллагаас хүлээн авах хүртэл хүчин төгөлдөр байх талаар тусгасан байна.
4.3. Гэрээний зүйл болж буй “ДГ” ХХК нь 2008.03.21-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдсэн ба анхны хувьцаа эзэмшигч БНСУ-ын “ДКонсол” компани, 2008.10.23-ны өдрөөс нийт хувьцааны 80 хувийг БНСУ-ын “Д К” ХХК, 20 хувийг мөн улсын “ДКонсол” компани, 2016.02.01-ний өдрөөс “ДК” ХХК 100 хувийн хувьцаа эзэмшигчээр, 2017.01.10-ны өдрөөс БНСУ-ын “Жи” ХК 100 хувийн хувьцаа эзэмшигчээр, 2018.03.19-ний өдрөөс Монгол улсын “Г ” ХХК 100 хувийн хувьцаа эзэмшигчээр, 2018.03.23-ны өдрөөс Монгол улсын иргэн Ц.Г100 хувийн хувьцаа эзэмшигчээр, 2018.04.03-ны өдрөөс Ц.Хонгормаа 100 хувийн хувьцаа эзэмшигчээр, 2018.07.23-ны өдрөөс Ц.Г100 хувийн хувьцаа эзэмшигчээр, 2019.04.08-ны өдрөөс “Эконмтракшн” ХХК өнөөдрийг хүртэл хугацаанд 100 хувийн хувьцаа эзэмшигчээр улсын бүртгэлд бүртгэгджээ. /хх-164/
“ДГ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч байсан “Жи” ХК-ийн нэр 2017.11.30-ны өдөр “ВК” ХК болж өөрчлөгдсөн байна. /хх-192/
4.4. “ВК” ХК, Ц.Гнар дахин 2018.06.18-ны өдөр Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, талууд гэрээгээр 2008.03.21-ний өдөр үүсгэн байгуулагдсан “ДГ” ХХК-ийн 9,230,291 ам.доллар буюу 10,843,206,635.51 төгрөгийн дүрмийн сан бүхий хувьцаа, мөн компанийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороонд байрлах 13,500 м.кв талбай бүхий 2017.02.15-ны өдрөөс эхлэн 5 жилийн хугацаатай орон сууц, үйлчилгээний зориулалтаар ашиглах зөвшөөрөлтэй газар зэргийг Ц.Гшилжүүлэх, Ц.Г“ВК” ХК-д 4,000,000,000 төгрөг төлөх үүргийг тус тус хүлээхээр тохиролцжээ. /хх-37-44/
Гэрээгээр тохирсон төлбөрийг Ц.Гнь урьдчилгаа 500,000,000 төгрөгийг 2018.07.20-ны дотор, 2,000,000,000 төгрөгийг 2018.08.30-ны дотор, 1,500,000,000 төгрөгийг 2018.10.30-ны дотор тус тус шилжүүлэхээр гэрээнд зааж, талуудын үүрэг хариуцлага болон бусад нөхцөлийг гэрээгээр тохирсон бөгөөд хариуцагч Ц.Г“ВК” ХК болон тус компанийн захирал П-д гэрээний төлбөр төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
4.5. Ийнхүү 2018.06.18-ны өдрийн гэрээ байгуулагдсанаас хойш Ц.Г2018.07.23-ны өдрөөс “ДГ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр бүртгэгдэж, тэрээр 2019.04.01-ний өдөр “ЭК” ХХК-тай 02/2019х тоот Хамтран ажиллах гэрээ байгуулж, өөрийн эзэмшлийн хувьцааг “ЭК” ХХК-д 100 хувь шилжүүлэх, “ЭК” ХХК-иас Ц.Гтөлбөр 10,000,000,000 төгрөгийг тохиролцсон хугацаанд төлөх үүрэг хүлээжээ.
Уг төлбөрөөс 4,000,000,000 төгрөгийг “ЭК” ХХК нь Ц.Гийн нэрлэн заасан дансанд, түүний нэрийн өмнөөс шилжүүлэхээр гэрээний 2.2, 2.7 дахь хэсгүүдэд заасны дагуу үүрэг хүлээсэн байна.
4.6. Дээрх гэрээний талууд дахин 2018.04.08-ны өдөр Хамтран ажиллах гэрээг тодотгон байгуулсан нэмэлт гэрээ байгуулж, төлбөрийн нөхцөл тохиролцсон гэрээний заалтыг тодотгон нэмэлт оруулж, мөн гэрээний 6 дахь хэсэгт гуравдагч этгээдэд буюу Солонгосын талд төлөх төлбөрийн асуудлыг “ДГ” ХХК-ийн хувьцаа 100 хувь Ц.Г“ЭК” ХХК-д шилжсэн учир төлбөрийг 100 хувь “ЭК” ХХК хариуцахыг заажээ. Улмаар 2019.04.08-ны өдөр “ДГ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчээр “ЭК” ХХК улсын бүртгэлд бүртгэгдсэн байна. /хх-164/
4.7. “ДГ” ХХК-ийн хувьцаа “ЭК” ХХК-д шилжсэнээс хойш 2019.04.23-ны өдөр нэхэмжлэгч “ВК” ХК нь Ц.Гболон “ЭК” ХХК нартай Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний нэмэлт гэрээ байгуулж, 2018.05.03-ны өдрийн 01 тоот Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ болон 2018.06.18-ны өдрийн Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг дүгнэх, уг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулахаар тохиролцжээ.
Гэрээнд оруулсан өөрчлөлтүүд:
- 2018.05.03-ны өдрийн 01 тоот гэрээний 2.1 дэх хэсийг “ДГ” ХХК-д өөрийн эзэмшиж байгаа нэг бүр нь 1 ам.долларын үнэтэй 9,230,291 ширхэг хувьцаагаа Ц.Г4,000,000,000 төгрөгөөр худалдаж шилжүүлнэ...гэж,
- 2018.06.18-ны өдрийн гэрээний 5.1, 5.2, 5.3, 5.4 дэх заалтуудыг нэгтгэн өөрчилж: Гэрээний дагуу төлөх 4,000,000,000 төгрөгийн төлбөр дээр хугацаа алдуулсны төлбөр 300,000,000 төгрөг нэмж нийт 4,300,000,000 төгрөгийг ПЖон МХаан банкны дансанд 2019.04.23-ны өдөр 1,300,000,000 төгрөг, 2019.04.26-нд 200,000,000 төгрөг, 2019.05.01-нд 500,000,000 төгрөг, 2019.08.20-нд 300,000,000 төгрөг, үлдэгдэл 2,000,000,000 төгрөгийг 2020.12.31-нд 2,833,000,000 төгрөг болгон төлөх, хугацаандаа төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,07 хувийн алданги тооцох, төлбөр төлж дуусах хүртэл хугацаанд баталгаа болгож худалдагч тал нь үл хөдлөх хөрөнгө болон газар эзэмших эрх барьцаалах, төлбөрийг төлөөгүй тохиолдолд худалдагч тал “ДГ” ХХК-ийн хувьцааг үл маргах журмаар буцаан авах эрхтэй байх зэрэг нөхцөлийг гэрээнд тусгасан байна.
4.8. Талууд дээрх гэрээг байгуулсан өдрөөс хойш “ВК” ХК-ийн захирал ПЖ-д хариуцагч Ц.Гтөлбөр төлөөгүй, харин “ЭК” ХХК-иас 2023.04.07-ны өдрийн хооронд дансаар 3,935,600,000 төгрөг, хөрөнгөөр 185,515,600 төгрөгийн үнэ бүхий орон сууц, 200,000,000 төгрөгийн үнэ бүхий автомашин, нийт 4,321,115,600 төгрөг төлсөн гэх тооцооллыг “ЭК” ХХК гаргасныг нэхэмжлэгч тал нотлох баримтаар гаргасан. /хх-242-243/
4.9. БНСУ-ын иргэн ПЖон МХаан банк ХК дахь харилцах болон хадгаламжийн дансны хуулгуудаар түүнд “ЭК” ХХК-иас 2019.04.23-ны өдрөөс 2022.08.05-ны өдрийн хооронд 3,836,000,000 төгрөг шилжүүлсэн болох нь тогтоогдсон ба “ЭК” ХХК-иас гуравдагч этгээдээр дамжуулан 80,950,000 төгрөгийг, ПЖон Мданс руу 2023.04.07-ны өдөр 18,650,000 төгрөг тус тус төлснийг, мөн хөрөнгөөр буюу орон сууц 185,515,600 төгрөгт тооцон шилжүүлснийг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрсөн. Иймд “ЭК” ХХК-иас 4,121,115,600 төгрөгийг “ВК” ХК-д төлсөн үйл баримт тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй. /хх-142-151/
4.10. Харин “ЭК” ХХК-иас “ВК” ХК-д төлбөрт тооцон 200,000,000 төгрөгийн үнэ бүхий Жи класс маркийн автомашиныг хариуцагч Ц.Гхүлээлгэн өгсөн гэх тооцооны баримт, “ЭК” ХХК-ийн захирал Б.Э шүүхэд гэрчээр мэдүүлсэн “...би бол 4,3 тэрбум төгрөгөө л төлнө гэсэн, тэрийгээ төлж дуусгасан. Өнөөдөр намайг дуудаж байгаа нь бензийг авсан үгүй гэдгийг тодруулах гэж байна гэж ойлгосон. Тэр бензийг ПЖМинийг ав гэхэд би Солонгос хүн, энийг аваад энд унахгүй гэсэн, Ц.Г болохоор би авчихъя, аваад энэ хүнд мөнгийг нь өгчихье гэсэн, тэгээд гурвуулаа амаар тохироод салсан...” гэх тайлбар зэргийг үндэслэн нэхэмжлэгч талаас Ц.Гийн гар бичмэл бүхий Зээлийн гэрээ гэх 2019.07.04-ний өдөр үйлдсэн баримтыг нотлох баримтаар гаргасан. /хх-233, 243/
Зээлийн гэрээ гэх гар бичмэл бүхий баримтад “...200,000,000 төгрөгийг 100,000,000 төгрөгийг 7 дугаар сарын 25-нд, 100,000,000 төгрөгийг 8 дугаар сарын 25-нд П дансанд төлнө, хэрэв төлөөгүй бол Энхболдоос нэхэмжлээрэй, мөнгө зээлсэн Ц.Г” гэж бичигдэж, гарын үсэг зурсан байх бөгөөд энэ баримтад Жи класс автомашины талаар дурдаагүй байна. /хх-240/
5. Нэхэмжлэгч “ВК” ХК болон хариуцагч Ц.Г нарын хооронд Хувьцаа болон хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт нийцсэн, хэн аль нь хүсэл зоригоо илэрхийлж хуулийн хүрээнд гэрээний агуулгыг тодорхойлон байгуулж, уг гэрээний дагуу “ДГ” ХХК-ийн 100 хувь хувьцааг “ВК” ХК-иас Ц.Гшилжүүлсэн ба энэ талаар зохигчид маргаагүй.
6. Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохирсон үнийг худалдан авагчид төлж, авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг хүлээнэ.
6.1. Нэхэмжлэгч “ВК” ХК-иас “ДГ” ХХК-д эзэмшиж байсан хувьцааг хариуцагч Ц.Г бүрэн хүлээлгэн өгч, улмаар Ц.Гхувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаар улсын бүртгэлд бүртгүүлснээр гэрээний дагуу хүлээсэн үүргээ худалдагч тал биелүүлсэн байна.
6.2. Харин хариуцагч Ц.Г-ийн хувьд төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд энэ үедээ 2019.04.01-ний өдөр өөрийн эзэмшилд шилжсэн “ДГ” ХХК-ийн 100 хувь хувьцааг “ЭК” ХХК-д худалдаж, улмаар компанийн хувьцааг шилжүүлж авсан “ЭК” ХХК-иас Ц.Гтэй байгуулсан Хамтран ажиллах гэрээний дагуу түүний нэрлэн заасан хүн болох “ВК” ХК-ийн захирал ПЖон Минд 2023.04.07-ны өдрийг хүртэл хугацаанд дансаар болон хөрөнгө шилжүүлэх байдлаар төлбөр төлснийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн.
7. Талууд 2019.04.23-ны өдөр байгуулсан нэмэлт гэрээнд “ЭК” ХХК нь Ц.Гийн хамт худалдан авагчаар оролцохдоо Ц.Гийн хөрөнгө оруулагч гэж тодорхойлсон бөгөөд тэд уг гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр оролцсон байхад “Ц.Г800,000,000 төгрөгийг хариуцна гэсэн” гэх гэрч Б.Эмэдүүлгийг үндэслэж уг төлбөрийг гаргуулахаар шаардаж буй “ВК” ХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй байна.
7.1. Тодруулбал: Иргэний хуулийн 242 дугаар зүйлд гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгчдийн хүлээх үүрэг, шаардах эрхийг тодорхойлсон ба Ц.Г, “ЭК” ХХК нар дээрх гэрээний дагуу хэн нь ямар байдлаар төлбөрийг хариуцах талаар нарийвчлан заагаагүй буюу үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг тодорхойлох боломжгүй учир тэдгээрийн үүрэг тэнцүү байна.
7.2. Нэхэмжлэгч нь нэг үүрэг гүйцэтгэгчийн гаргасан тайлбарыг үндэслэн нөгөө үүрэг гүйцэтгэгчээс тусгайлан хариуцахаар тогтоогоогүй төлбөрийг шаардсан үндэслэл тодорхойгүй байхын зэрэгцээ Ц.Гболон “ЭК” ХХК нарын 2019.04.08-ны өдөр байгуулагдсан гэрээний дагуу “ЭК” ХХК нь “ДГ” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигчийн хувьд Солонгосын талд төлөх төлбөрийг 100 хувь хариуцахаар тохиролцсон байна.
7.3. Иймд 2019.04.23-ны өдрийн гэрээний төлбөрийн үлдэгдлийг Ц.Гшаардсан нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,016,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Г1,033,000,000 /нэг тэрбум гучин гурван сая/ төгрөг гаргуулах тухай БНСУ-ын “ВК” ХК-ийн нэхэмжлэлийлг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,016,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА