| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2310009891204 |
| Дугаар | 2025/ДШМ/578 |
| Огноо | 2025-05-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | З.Бат-Амгалан |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 2025/ДШМ/578
2025 05 15 2025/ДШМ/578
М.Дд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор З.Бат-Амгалан,
хохирогч Ц.Г, түүний өмгөөлөгч Д.Мөнхтуяа,
яллагдагч М.Д, түүний өмгөөлөгч Э.Баярбаатар,
нарийн бичгийн дарга О.Алтанзул нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2989 дүгээр шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор З.Бат-Амгалангийн бичсэн 2025 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 12 дугаартай эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлоор М.Дд холбогдох эрүүгийн 2310009891204 дүгээр хэргийг 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
**** овгийн М.Д, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр Завхан аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Баянгол дүүргийн ** дугаар хороо, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:**00000000/,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлаах ял,
- Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгүүлсэн,
Яллагдагч М.Д нь 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” хотхоны ** байрны ** тоотод буюу гэртээ эхнэр Ц.Гтай хэрүүл маргаан үүсгэж, улмаар хохирогч Ц.Ггийн нүүрэн тус газар гараараа цохисноос эрүүл мэндэд нь духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалгад цус хуралт бүхий гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас М.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Баримт сэлт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах хүсэлт гаргах эрхтэй” гэж, 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ.” гэж тус тус заасан.
Гэвч шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн яллагдагч, хохирогч нарын яриа бичлэгтэй гэх “скочоор нааж ороосон 1 ш саарал өнгөтэй флаш” гэх зүйлийг шүүхээс нотлох баримтаар тооцож, шүүх хуралдаанд шинжлэн судлах хууль зүйн боломжгүй байна.
Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10, 16.14 дүгээр зүйлүүдэд нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шийдвэрлэх, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг зохицуулсан ба дээрх журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, нотлох баримтаар тооцох эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой юм.
Иймд дээр дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, зөвхөн мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдэх ажиллагаа байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэлээ.
… Яллагдагч М.Дд холбогдох эрүүгийн 2310009891204 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч М.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, яллагдагчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж, яллагдагчийн өмгөөлөгч Э.Баярбаатараас гаргаж өгсөн яллагдагч, хохирогч нарын яриа бичлэгтэй гэх “скочоор нааж ороосон 1 ш саарал өнгөтэй флаш” гэх зүйлийг хэргийн хамт хүргүүлж шийдвэрлэжээ.
Прокурор З.Бат-Амгалан бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “… Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршдог.
Прокуророос яллагдагч М.Дд холбогдох хэрэгт өмнө нь яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2024 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцээд яллагдагчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “...мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн гэм буруугүйг нотолсон талаарх хохирогч Ц.Гтай ярилцсан бичлэгийг мөрдөгчид гаргаж өгсөн боловч хэрэгт хавсаргаагүй байна...” гэх мэдүүлгийг үндэслэн шүүх “тухайн харилцсан ярианы бичлэгийн эх сурвалжийг тогтоож, хэрэгт ач холбогдолтой эсэхийг шалгах” гэх үндэслэлээр прокурорт буцаасныг хүлээн авч хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.
Мөрдөгч нь шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж гүйцэтгэхийн тулд яллагдагчаас мэдүүлэг авахад “...тухайн ярианы бичлэгүүд надад байгаа, мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөхгүй, ...мөрдөгч хэт нэг талыг барьж шалгаж байна гэж боддог...” гэх мэдүүлэг өгч, “өөрийн гэм буруугүйг нотолсон талаарх баримт” гэх бичлэгийг мөрдөгчид гаргаж өгөөгүй болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Мөрдөгч энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу нотлох баримт цуглуулж, шалгаж, бэхжүүлнэ” гэж заасан.
Тодруулбал, мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад аливаа нотлох баримтыг энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэх ба яллагдагч, түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн эд зүйл, баримт бичиг, мэдээлэл, бусад баримтыг мөрдөгч хүлээн авч, тэмдэглэл үйлдэн хавтаст хэрэгт тусган хавсаргаж, тодорхой мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг.
Өөрөөр хэлбэл, яллагдагч, өмгөөлөгчийн гомдол хүсэлт гаргах, баримт, мэдээлэл гаргаж өгч буй ажиллагаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны нэг хэлбэр бөгөөд яллагдагч, түүний өмгөөлөгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил оролцож байгаа оролцогчийн хувьд өөрийн гэм буруугүйг нотолсон “бичлэг” байгаа талаар өмнөх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлж, улмаар “бичлэг”-ийг шалгах ажиллагааг хийх үндэслэлээр шүүхээс хэрэг буцсан байхад тухайн бичлэгийг зөвхөн шүүхийн шатанд гаргаж өгнө гэх үндэслэлээр мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгөхгүй байгаа нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулж буй үйлдэл гэж үзэх үндэслэл болж байна.
Гэтэл шүүх тухайн хэрэгт яллагдагч, түүний өмгөөлөгчийн хэргийг удаашруулах, саад учруулж буй үйлдэлд дүгнэлт хийхгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж гаргаж өгсөн баримтыг шалгуулахаар хэргийг прокурорт буцаасан нь бодит байдалд нийцэхгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр байна.
Иймд … шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр … прокурорын эсэргүүцэл бичсэн.” гэв.
Хохирогчийн өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2989 тоот шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч хохирогч, хохирогчийн өмгөөлөгч дараах гомдлыг гаргаж байна.
Миний үйлчлүүлэгч Ц.Г нь нөхөр болох М.Дд 2023 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “******” хотхон ** байрны ** тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэлд өртөж, М.Д нь хохирогч Ц.Гг гараараа нүүрэн тус газар цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож 2 жилийн нүүртэй тулгарч байна.
Тус хэрэгт хохирогч Ц.Г нь /хх 25/ тухай өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө 01 цагийн үед нөхөр М.Д нь гаднаас орж ирээд уурлаад миний хамаг хувцасыг шкафнаас гаргаж хаяад миний хоолойг боож, дух руу цохиж хавдсан, сэрээ барьж хацар руу хатгаж зооно гэж дарамталсан, би маш их дарамтанд амьдарч байна. Манай 2 охин маш их айдаг, бүлтэлзээд, би гэртээ ирэхээс хүртэл айдаг”,
2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгт: “М.Д нь гаднаас орж ирээд уурлаад миний хамаг хувцсыг шкафнаас гаргаж хаяад миний хоолойг боож дух руу цохиж хавдсан, сэрээ барьж хацар руу хатгаж “зооно” гэж дарамталсан, би маш их дарамтанд амьдарч байна” /хх 36/ гэжээ.
Хавтаст хэргийн 33 дугаар талд “2023 оны 02 дугаар сарын 15-ны 2535 тоот шинжээчийн дүгнэлтэд: “Ц.Ггийн биед духны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэжээ.
Хавтаст хэргийн 127 дугаар талд гаргасан гомдлыг яллагдагч М.Дгийн хүсэлтэд дарамт, шахалт, гуйлтаар нь нөхрийгөө чадах гээд худал мэдүүлсээр байтал хүлээн авахгүй байна, хоёр хүүхдийнхээ ирээдүйн төлөө гэсэн утга бүхий бичгийг М.Дгийн өмгөөлөгч Э.Баярбаатар М.Д өөрөө бичээд, өөрөө прокурорт өгч байсан. Энэ бичгийг би өөрөө гараараа бичээгүй, өмгөөлөгч Э.Баярбаатар, М.Д нар нь бичсэнийг прокурор мэдээд /хх-129/ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж дуусаагүй, хэргийн бодит байдлыг тал бүрээс бодиттойгоор үнэн зөв тогтоох зорилгоор тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн юм.
Энэ бичигтэй холбоотойгоор /хх-105/ худал мэдүүлгийг М.Д, түүний өмгөөлөгч Э.Баярбаатар нар ятгаж ийм мэдүүлгийг өгсөн бичгийнхээ дагуу худал мэдүүлэг өгүүлж, тэр бүү хэл худал мэдүүлэг өгөх зүйл анги нь 4.000.000 төгрөгөөр торгуулдаг, торгуулийн мөнгийг нь М.Д гаргана гэж байсан болно.
Тус хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 2024/ШЗ/1467 тоот захирамжаар М.Д, өмгөөлөгч Э.Баярбаатар нар нь мөрдөн байцаалтын шатанд шалгуулах бүрэн боломжтой хугацаа өнгөрсөн. Дахин Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2989 тоот захирамжаар аудио бичлэгийг уншуулах шаардлагатай гээд байгаа нь хуулинд нийцэх нотлох баримт өөрөө биш байхад шүүгч нь хэт нэг талыг баримтлан хохирогчийг илтэд буруутгаж, иргэний эрх зүйн маргааныг эрүүл мэндийн маргаантай хольж хутган ойлгож буцаасан байгаа тул захирамжийг хүчингүй болгож өгнө үү…” гэв.
Хохирогч Ц.Г тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би өөрийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг дэмжиж байна. Иргэний хэргийн асуудлыг оруулж ирж, хэргийг удаашруулаад байгаа нь надад хүндрэлтэй байна. Би энэ бүх хугацаанд дарамтад байгаа. Өмнө нь зодуулж байсан бол одоо утсаар, мессежээр дарамтлуулдаг болсон. Иймд хэргийг ялгаж салгаж, хурдан шуурхай шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Яллагдагч М.Д тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, хэргийг дахин шалгуулж өгнө үү.” гэв.
Яллагдагчийн өмгөөлөгч Э.Баярбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүгчийн захирамж хууль ёсны хийгээд үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй. Мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасанчлан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Уг үүрэг нь мөрдөгч прокурорын хуулиар хүлээсэн үүрэг. Өөрөөр хэлбэл, хэргийн бодит байдлыг тогтоохын тулд мөрдөгч, прокурорын зүгээс хуульд заасан бүхий л шаардлагатай арга хэмжээг авах, цагаатгах нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох ёстой. Яллагдагчийн зүгээс нотлох баримтыг гаргаж өгсөн. Хохирогч Ц.Г, яллагдагч М.Даваахүү нарын Холхирогшчхарилцан ярианы бичлэг нь яллагдагчийн гэм буруугүйг нотлох, цагаатгах нотлох баримт гэдгийг хүсэлтдээ дурдсан. Энэхүү хүсэлтийг анх мөрдөн шалгах ажиллагааны явцад цагдаагийн байгууллагад гаргаж байсан.
Талуудын тэгш эрхийг хангах зарчмын хүрээнд яллагдагч, түүний өмгөөлөгчийн хуулиар олгосон эрхээ эдлэх боломжийг олгож, хэргийн бодит байдлыг тогтоосон нотлох баримтын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, хэргийн үйл баримтыг мухарлаж, үйл баримтуудыг эргэлзээгүй бүрэн гүйцэт шалгасан байх ёстой.
Өмгөөлөгчийн зүгээс 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр яллагдагч болон хохирогч нарын ярианы бичлэгийг хэрэгт нотлох баримтаар хавсаргуулж, процесс ажиллагааны журмынх нь дагуу нотлох баримтаар тооцуулж, үзлэг хийлгэх тухай хүсэлтийг гаргасан боловч энэхүү нотлох баримт алга болсон. Нотлох баримт устгасан гэх агуулгаар цагдаагийн байгууллагын мөрдөгчийг тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг, мөрдөн шалгах хэлтэст гомдол гаргаж шалгуулсан. Өнгөрсөн хугацаанд тусгай субъектийн мөрдөн шалгах хэлтсээс гэмт хэргийн шинжгүй гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан. Мөн тус дүүргийн прокурорын газраас санал үндэслэлтэй хэмээн хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн. Үүнд гомдол гаргасны дагуу хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр буцаасан. Бидний зүгээс хэрэгт ач холбогдолтой, яллагдагчийг гэм буруугүй гэдгийг нотолсон ач холбогдолтой баримтыг шалгуулахаар өгөхөөр алга болгочихдог, үүнд нь гомдол гаргахаар гэмт хэрэг биш гэдэг тул тухайн нотлох баримтыг шүүхийн шатанд гаргаж өгсөн. Иймд шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх үндэслэлтэй байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлуудад хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас М.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, “…Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт яллагдагчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн яллагдагч, хохирогч нарын яриа бичлэгтэй гэх “скочоор нааж ороосон 1ш саарал өнгөтэй флаш” гэх зүйлийг шүүхээс нотлох баримтаар тооцож, шүүх хуралдаанд шинжлэн судлах хууль зүйн боломжгүй. … Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.10, 16.14 дүгээр зүйлүүдэд нотлох баримт гаргаж өгөх, нотлох баримт шалгуулах, мөрдөн шалгах ажиллагаа явуулах хүсэлтийг шийдвэрлэх, нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлэх журмыг зохицуулсан ба дээрх журмын дагуу хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэгдсэн баримтыг шүүх хуралдаанд шинжлэн судлах, нотлох баримтаар тооцох эсэх асуудлыг хянан шийдвэрлэх боломжтой…” гэсэн үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна гэж үзэв.
Хэргийн материалыг судлахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх дүгнэлт өгч болохуйц хэмжээнд шалгаж тодруулсан байх бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн яллагдагчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой байна.
Өөрөөр хэлбэл, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг шалгаж үнэлэх ажиллагааг уг хуулийн 16.15 дугаар зүйлд “...хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэж заасныг баримтлан яллагдагч М.Дгийн гэм буруутай эсэхэд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой гэж дүгнэлээ.
Түүнчлэн, яллагдагч, хохирогч, тэдний өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд шаардлагатай гэж үзсэн оролцогч нарыг оролцуулах талаар хүсэлтээ гарган шийдвэрлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмыг зөрчин цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт байгаа эсэх, тэдгээрийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудлыг хэлэлцүүлэх, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, цагаатгах үндэслэлийг шүүх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно.” гэсэн зарчимд нийцнэ.
Иймд прокурор З.Бат-Амгалангийн бичсэн эсэргүүцэл, хохирогч Ц.Ггийн өмгөөлөгч Д.Мөнхтуяагийн гаргасан давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул яллагдагч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 2989 дүгээр шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.
2. Яллагдагч М.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ М.АЛДАР
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР