2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр

2025 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 192/ШШ2025/09956

 

 

 

 

 

 

 

 

        2025            11              27                                       192/ШШ2025/09956            

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Г.Төрболд даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 05 дугаар танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,*******, “Түм их эрхэд” ХХК(РД:4280474)-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: *******,*******,*******, “Тэнүүн-Өлзий” ХХК (РД:2721317)-нд холбогдох

 

Ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 134,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ,

Хариуцагчийн өмгөөлөгч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, 134,400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах агуулгаар тодорхойлсон. Үүнд:

1.1.Хариуцагч компанитай 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/302 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, үнэт металл баяжуулах төхөөрөмж болох TU-120О скруббер нэг ширхэг, тэжээлийн бункер хийлгэхээр тохиролцож, төлбөрийг бүрэн төлсөн.

1.2.Захиалсан төхөөрөмжийг 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр анх ажиллуулахад эвдрэл гарч гэрээнд заагдсан зориулалтын дагуу ашиглах ямар ч боломжгүй болох нь мэдэгдсэн. Эвдрэл, гэмтлийн талаар 2020 оны 04 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн хариуцагч компанид удаа дараа өргөдөл, мэдэгдэл хүргүүлж, улмаар хариуцагч компанийн зүгээс засвар хийж, дахин ажиллуулах гэж оролдсон боловч анхнаасаа алдаатай хийгдсэн учир зориулалтын дагуу ашиглах боломжгүй байсан. Энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Иймд хариуцагч компани нь Иргэний хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д заасан захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх, гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан гэрээт ажлыг зохих норм, зурагт заасны дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, 4.9-т заасан биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа нийлүүлэх үүргийг зөрчсөн учир Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 225.2 дахь хэсэгт зааснаар гэрээнээс татгалзаж, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч компанид төлсөн 134,400,000 төгрөгийг шаардаж байна гэж тодорхойлжээ.

 

2.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ дараах агуулгаар тайлбарлаж байна. Үүнд:

2.1.Нэхэмжлэгч компанийн ажилчид 2020 оны 03 дугаар сард манай компани дээр ирж скруббер 120 төхөөрөмж худалдан авах санал тавьсан ба бидний зүгээс стандартын дагуу үйлдвэрлэгдсэн бэлэн байгаа төхөөрөмжийг үзүүлэхэд өөрсдийн загвараар хийлгэнэ гэсэн саналыг хэлсэн. Улмаар талууд харилцан зөвшилцсөж 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/302 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нэхэмжлэгч компанийн хүсэлтийн дагуу төхөөрөмжийн ажлын зургийг өөрчлөн батлуулж, уг ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Тухайн үед манай компанийн зүгээс танай ажлын зураг алдаатай, уг ажлын зургаар хийгдсэн тохиолдолд гол төхөөрөмж нь бусад эд ангидаа муугаар нөлөөлж болзошгүй, урт хугацаанд ажлын бүтээмж бага байх болно гэж урьдчилан хэлж, сануулсан. Скрубберыг үйлдвэрлэх явцад захиалагч талаас байнга утсаар болон биечлэн ирж уулзаж хяналт тавьж байсан. Бид 2020 оны 4 дүгээр сард нэхэмжлэгч компанийн өөрсдийнх нь гаргаж өгсөн ажлын зургийн дагуу төхөөрөмжийг хийж гүйцэтгэн бэлэн болгож, акт үйлдэн төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн. Төхөөрөмжийг хоёр талаас төлөөлөл байлцуулан ажиллуулж хүлээлцсэн. 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр танай төхөөрөмж болохгүй байна, ирж засварлаж өг гэсэн хүсэлтийг мэйлээр ирүүлсний дагуу бид 2020 оны 05 дугаар сарын эхээр механик С.Мөнхбаатар, угсралт хариуцсан ажилтан Г.Билэгт, гагнуурчин н.Буяннэмэх нарын бүрэлдэхүүнтэй баг нэхэмжлэгч компанийн уурхай дээр ажиллаж, төхөөрөмжийг хэвийн ажиллагаанд оруулсан. Манай компани гэрээгээр хүлээсэн үүргээ тогтооосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэсэн гэж үзэж байна. Төхөөрөмжийн эвдрэл гэмтэл гарах болсон үндсэн шалтгаан нь захиалагч тал өөрсдийн алдаатай ажлын зураг, захиалагчийн өгсөн зааварчилгаа нь ажлын чанар, үр дүнд муугаар нөлөөлж байгааг урьдчилан хэлж сануулсаар байтал огт арга хэмжээ аваагүй. Мөн гэрээний 5 дугаар зүйлийн 5.10-т “Гэрээт ажлыг хүлээн авснаар бараанд учрах аливаа эрсдэл захиалагч талд шилжих бөгөөд үүнээс хойш илэрсэн эвдрэл гэмтлийг гүйцэтгэгч тал хариуцахгүй” 1 дүгээр зүйлийн 1.5-д “Гэрээ нь талуудын бүрэн эрхт төлөөлөгчид гарын үсэг зурснаар хуулийн хүчин төгөлдөр болж, гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж, төлбөр тооцоог дуусгаснаар, эсхүл гэрээнд заагдсан үндэслэлээр цуцалснаар дуусгавар болно” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хэрэгжээд нэгэнт дуусгавар болсон тул гэрээнээс татгалзах тухай ойлголт мөн адил дуусгавар болсон гэж үзэж байна гэжээ.

 

3.Нэхэмжлэгчээс хавтаст хэрэгт улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 20/302 дугаар ажил гүйцэтгэх гэрээ, зураг төсөл, зарлагын баримт, кассын орлогын баримт, Хаан банкны шилжүүлгийн мэдээллийн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 20/06 хүсэлт гаргах тухай албан бичиг, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 20/08 дугаар албан бичиг, 2020 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 20/10 дугаар албан бичиг, ажлын байрны шалгалтын тайлан, тайлангийн хавсралт зураг, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн итгэмжлэл, техникийн паспорт скруббер гарын авлага, 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 21/01 дүгээр итгэмжлэл,

Хариуцагчаас хавтаст хэрэгт компанийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 20/358 дугаар итгэмжлэл, 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн эд зүйл хүлээлгэн өгсөн акт, 2020 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн элс угаах тоног төхөөрөмж худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт, 10-0004616 дугаар шинэ бүтээлийн патент, түүний хавсралтыг тус тус нолтох баримтаар гаргаж өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтээр шинжээч томилж, тус шинжээчээс 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр шинжээчийн дүгнэлтийг ирүүлсэн. Мөн хариуцагч талын хүсэлтээр С.Мөнхбаатар, П.Бямбабаяр нараас гэрчийн мэдүүлэг авсан, дуу бичлэгт үзлэг хийсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

2.Нэхэмжлэгч компани нь хариуцагч компанид холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн 134,400,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ хариуцагч компанитай 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/302 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулж, үнэт металл баяжуулах төхөөрөмж болох TU-120О скруббер нэг ширхэг, тэжээлийн бункер хийлгэхээр тохиролцож, төлбөрийг бүрэн төлсөн боловч хариуцагч компанийн гүйцэтгэсэн скруббер нь доголдолдтойн улмаас зориулалтын дагуу ашиглах боломжгүй байх тул гэрээнээс татгалзаж, төлбөрийг буцаан гаргуулахаар шаардаж байна гэж тодорхойлж байна.

 

3.Хариуцагч компани нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгч компани нь манай зургийн дагуу бус өөрсдийн зургийн дагуу скрубберыг хийлгэхээр шаардсан. Бид уг зургийн дагуу гүйцэтгэвэл гол төхөөрөмж нь бусад эд ангидаа муугаар нөлөөлж болзошгүй, урт хугацаанд ажлын бүтээмж бага байх талаар урьдчилж мэдэгдэж байсан. Иймд бид ажлыг зургийн дагуу гүйцэтгэсэн учир гэрээ дуусгавар болсон гэж тайлбарлаж байна.

 

4.Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

4.1.Зохигч талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 20/302 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр нэг талаас “Үнэт метал баяжуулах төхөөрөмж ТU-120 О скрүббер”, “Тэжээлийн бункер”-ыг тус тус ажлын зургийн дагуу гүйцэтгэж, нийлүүлэх, нөгөө талаас ажлын хөлс 134,400,000 төгрөгийг төлөхөөр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. (хавтаст хэргийн 6-10 дахь тал)

4.2.Дээрх гэрээний дагуу захиалагч тал буюу нэхэмжлэгч компанийн зүгээс нийт 134,400,000 төгрөг төлсөн. (хавтаст хэргийн 11-15 дахь тал)

4.3.Захилагч буюу нэхэмжлэгч компани нь “Үнэт метал баяжуулах төхөөрөмж ТU-120 О скрүббер”-ыг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээж авсан. (хавтаст хэргийн 62 дахь тал)

4.4.Захилагч буюу нэхэмжлэгч компани нь “Үнэт метал баяжуулах төхөөрөмж ТU-120 О скрүббер”-ын доголдлын талаар анх 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч компанид мэдэгдсэн. (хавтаст хэргийн 16, 79 дэх тал)

4.5.2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч компанийн ажилтнууд “Үнэт метал баяжуулах төхөөрөмж ТU-120 О скрүббер”-ыг засварлахаар ажилласан. (хавтаст хэргийн 19-22, 79 дэх тал)

 

5.Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр хүлээсэн үүргийн агуулгаас харахад тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсжээ.

 

6.Захиалагч буюу нэхэмжлэгч компанийн зүгээс хариуцагч команийг ажил гүйцэтгэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6-д заасан гэрээт ажлыг зохих норм, зурагт заасны дагуу чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэх, 4.9-т заасан биет байдлын болон эрхийн доголдолгүй бараа нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, зөрчсөн гэж үзэж Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж заасны дагуу гэрээнээс татгалзсан.

 

6.1.Энэ тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т “шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэж тус тус зааснаар хариуцагч компанийн зүгээс эрхийн болон биет байдлын доголдолгүй төхөөрөмжийг нийлүүлсэн болохоо нотлох үүрэгтэй.

 

6.2.Хариуцагч компани татгалзлын үндэслэлээ “нэхэмжлэгч компанийн өөрийнх нь гаргасан ажлын зургийн дагуу ажлыг гүйцэтгэсэн” гэж тайлбарлаж байх боловч хавтаст хэргийн 8-10 дахь талд авагдсан ажлын зурагт “Зурсан П.Бямбабаяр” гэж дурдсан, П.Бямбабаяр нь хариуцагч компанийн ерөнхий инженер ажилтай (хавтаст хэргийн 135 дахь тал), мөн П.Бямбабаяр нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө “…зургийн өөрчлөлтөөс биш механик гэмтэл үүссэн” гэж мэдүүлсэн, гэрээний 5.6-д “Гүйцэтгэгчээс гаргасан ажлын зураг, захиалгын хуудсыг хянан баталгаажуулснаар засварын ажил эхлүүлэх үүрэг өгнө”, шинжээчийн “Уг скрүббер ашиглалтын явцад нэхэмжлэгч компаний нотлох баримтуудад авагдсан зургуудаар тодорхой хэсгүүдэд эвдрэл гарсан байгаа нь зориулалтын дагуу үр ашигтай ажиллах боломжгүй байсан нь харагдаж байна, Шинжээчдийн ажиглалтаар уг скрубберийн торх нь хэлбэрийн хувьд тэгш хэмтэй тойрог бус байгаа ба ачаалал аван ажиллаж эхлэх үед эргэх тэнхлэгийг давж эргэснээс хөдөлгүүрийн суурь ачааллаа даагаагүй байна. Мөн зарим эд ангийн хувьд ачааллын тооцоог зөв хийгээгүйгээс болж эвдрэл гэмтлүүд гарсан байна. (Сав цүлхийх, арааны шүд эмтрэх гэх мэт бусад эвдрэлүүд)” гэх дүгнэлт зэргийг харьцуулан үзэхэд хариуцагчийн “нэхэмжлэгч компанийн өөрийнх нь гаргасан ажлын зургийн дагуу ажлыг гүйцэтгэсэн” гэх татгалзал үндэслэлгүй байна.

 

6.3.Иймд Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.3 дахь хэсэгт “Хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ” гэж зааснаар шинжээчийн дүгнэлтээр хариуцагч компанийн гүйцэтгэсэн “Үнэт метал баяжуулах төхөөрөмж ТU-120 О скрүббер” нь гэрээнд заасан зориулалтын дагуу ашиглах боломжгүй болох нь тогтоогдож байх тул хариуцагч компанийн ажлын гүйцэтгэлийг доголдолтой гэж үзнэ.

 

6.4.Нэгэнт хариуцагч компанийн гүйцэтгэсэн ажил доголдолтой учир нэхэмжлэгч компани нь Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1 дэх хэсэгт “…гүйцэтгэсэн ажилд ямар нэг доголдол байвал захиалагч энэ тухай гомдлын шаардлагыг хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол ажил хүлээн авснаас хойш зургаан сарын дотор… гаргана…” гэж зааснаар 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш 6 сарын дотор шаардлага гаргах буюу мөн хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй”, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт “Талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй” гэж тус тус заасны дагуу гэрээг цуцлахаар шаардах эрхтэй.

 

6.5.Зохигч талуудын тайлбараар нэхэмжлэгч компани нь доголдлын талаар 2020 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч компанид мэдэгдсэн, хариуцагч компанийн ажилтнууд 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр төхөөрөмжийг засварлахаар ажилласан байх боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр скрүбберыг зориулалтын дагуу ашиглах боломжгүй болохыг тогтоосноос үзэхэд Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.3 дахь хэсэгт “…ажил гүйцэтгэгч доголдлыг арилгахтай холбогдсон нэмэлт үүргээ гүйцэтгээгүй бол нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй” зааснаар нэхэмжлэгч компанийн зүгээс доголдлыг арилгах нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй байна.

 

6.6.Нэгэнт нэхэмжлэгч компани нь гэрээг цуцласан тохиолдолд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэг “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу ажлын хөлсөнд төлсөн 134,400,000 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардах эрхтэй.

 

7.Дээр дурдсан үндэслэлээр зохигч талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр байгуулагдсан 20/302 дугаар “Ажил гүйцэтгэх гэрээ”-г цуцалж, хариуцагч компаниас 134,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгож шийдвэрлэлээ.

 

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ”, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна”, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “эд хөрөнгийн чанартай үнэлж болох нэхэмжлэлд нэхэмжлэлийн үнийн дүнгээс хамаарч тэмдэгтийн хураамж нь дараах хэмжээтэй байх” гэж тус тус заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч компанийн урьдчилан төлсөн 829,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч компаниас 829,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч компанид олгоно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч “Тэнүүн-Өлзий” ХХК-аас 134,400,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Түм их эрхэд” ХХК-нд олгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Түм их эрхэд” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 829,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Тэнүүн-Өлзий” ХХК-аас 829,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Түм их эрхэд” ХХК-нд олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.ТӨРБОЛД