| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/02884/И |
| Дугаар | 192/ШШ2025/07893 |
| Огноо | 2025-10-02 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2025 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 192/ШШ2025/07893
2025 10 02 192/ШШ2025/07893
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, Үйлдвэрийн бүс, Нарны зам **** тоот хаягт байрлах “П” ХХК /РД:****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн ** дугаар хороо, Зүүн наран *** тоот хаягт байрлах “***” ХХК /РД:***/,
Хариуцагч: Баянгол дүүргийн ***дугаар хороо, Зүүн наран *** тоот хаягт оршин суух, Шаргачин ургийн овогт Ц овогтой Б/РД:****/ нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: 38,000,000 /гучин найман сая/ төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.О, хариуцагчийн өмгөөлөгч Ч.А нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Ундрахзаяа хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “П” ХХК-иас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Хариуцагч нар нь Улаанбаатар хотын Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаягдал хөнгөн цагаан, зэс боловсруулах үйлдвэр, үйлдвэрийн оффис, оффис ажилчдын байр, спорт заал, уурын зуух” зэрэг байгууламжийн гадна цахилгаан хангамжийн ажлын бичиг баримт бүрдүүлж, улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээлгэн өгнө гэсэн болзолтойгоор нийт 30,000,000 төгрөгийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр авсан боловч одоог хүртэл уг ажлаа хийгээгүй тул 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр өөр тусгай зөвшөөрөл бүхий мэргэжлийн байгууллагатай *** тоот гэрээг 8,000,000 төгрөгөөр нэмэлт гэрээ байгуулж илүү зардал гаргасан учир нийт 38,000,000 төгрөг болно. Мөн дээрх цахилгааны ажлыг дуусгаж, улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөд бүрдүүлэх манай компанийн шаардлагатай бүхий л бичиг баримтуудыг 2023 оны 09 дүгээр сарын дундуур авч яваад одоог хүртэл ямар ч шалтгаангүйгээр өгөхгүй байгаа. Иймд ажил хийхээр авсан 30,000,000 төгрөг, ажил хийгээгүйгээс үүссэн нэмэлт зардал 8,000,000 төгрөг, уг гадна цахилгаан хангамжийн ажлын улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөхөөр манай байгууллага болоод холбогдох төр захиргааны байгууллагаас авсан бичиг баримтуудыг хариуцагч нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Гадна цахилгаан хангамжийг байнгын ашиглалтад өгөхөд шаардагдах бичиг баримтуудыг хариуцагч тал гаргасан учраас энэ нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа. Хариуцагч тал энэ гэрээгээр хүлээсэн ажлыг өөрөө хийгээгүй. Шинжээч эх хувь баримт ирүүлээгүй ба эх хувиар нь ирүүлэх боломжтой байсан. Комисс хүлээж авахдаа хаанаас яаж авсан талаарх баримтыг Цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. 38,000,000 төгрөгийн зарцуулалтыг хариуцагч талаас гаргуулах, гэрчээр н.Баярмаа гэдэг хүнийг оролцуулах хүсэлтэй байна. Цахилгаанд холбогдсон гэсэн дүгнэлтийг шинжээч гаргасан болохоос биш “***” ХХК уг ажлыг хийсэн гэж дүгнэлт гаргаагүй байна...гэв.
2. Хариуцагч “***” ХХК-ийн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбар, хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:
Хариуцагч компанийн зүгээс 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр “П” ХХК-иас 30,000,000 төгрөгийг хүлээн авч Улаанбаатар хотын Налайх дүүргийн ** дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж буй “Хаягдал зэс, хөнгөн цагаан дахин боловсруулах үйлдвэр, оффис-ажилчдын амрах байр, спорт заал, уурын зуух”-ны төслийн талбайг үндсэн тэжээлтэй холбох буюу гадна цахилгаан хангамжийн ажлын баримт бичгийг бүрдүүлж, улсын комисст хүлээлгэн өгөх ажлыг гүйцэтгэхээр болсон. Ажлын дагуу барилгын талбайн гаднах үндсэн тэжээлээс татсан цахилгаан шугамыг 10/0,4кВ-ын 800 кВА чадалтай иж бүрдмэл дэд өртөөнд холбож, түүнтэй холбогдох акт, баримт бичгийг бүрдүүлж холбогдох улсын комисст хүлээлгэн өгөх хуваарийг авч, мэргэжилтнүүдийг ажиллуулж, үндсэн тэжээлд 2023 оны 11 дүгээр сарын 03-нд амжилттай холбосон. Гэвч нэхэмжлэгч байгууллагаас суурилуулсан үндсэн тэжээлээс барилгын талбайн гадна хүртэл татсан цахилгаан шугам нь өөр газар эзэмшигчдийн талбайг дайрсан зөрчил гарсан тул улсын комисс, холбогдох төрийн байгууллагаас хүлээн авсан дүгнэлт цуцлагдсан. Энэхүү асуудлыг нэхэмжлэгчийн төлөөлөгчид удаа дараа мэдэгдэж, зөрчлийг зассанаар дахин улсын комисст хүлээлгэн өгч холбогдох төрийн байгууллагаас дүгнэлт дахин гаргуулж болохыг тайлбарласан ч одоог хүртэл зөрчлийг арилгаагүй. Бидний зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ тухай бүрт нь биелүүлж, хийж гүйцэтгэсэн ажлаа тайлагнаж, хүлээсэн үүргээ биелүүлнэ гэсэн итгэлцлээр хүлээсэн ч захиалагч талаас мэдэгдэлгүйгээр нэхэмжлэл гаргасан. Мөн нэхэмжлэгч талаас энэхүү ажил гүйцэтгэх гэрээг цуцалж иргэний шүүхэд хандсан бөгөөд энэ асуудал нь тухайн гэрээтэй салшгүй холбоотой асуудал юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
“***” ХХК нь ажлыг өөрсдөө хийж гүйцэтгэсэн. Шинжээчийн дүгнэлтээр хийгдсэн гэдэг нь тогтоогдсон ба энэ нь хэргийн 97 дугаар хуудсанд авагдсан шинжээчид өгсөн тайлбараар тогтоогдоно. Үндсэн ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж 2,204,000,000 төгрөг гаргуулах тухай маргаан шүүхэд хянагдаж байгаа. Ажил гүйцэтгэх гэрээний үр дүн чухал бөгөөд үр дүн нь гараад цахилгаан эрчим хүчинд холбогдчихсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ нотлох үүрэг хүлээнэ. Мэдлэг шаардсан компанитай туслан гүйцэтгэгчтэй гэрээ байгуулаад хийлгүүлсэн нь үнэн. Шаардлагатай бүх баримтуудыг бүрдүүлээд бэлэн болсон байгаа. Ажлын үр дүн гарчихсан. Энэ үед зөвхөн доголдолтой холбоотой асуудал л яригдана. 30,000,000 төгрөгийг хэрхэн зарцуулах нь бидний асуудал юм. “***” ХХК нь үндсэн захиалагчид ажлаа хүлээлгээд өгчихсөн байгаа. Сүүлд ирсэн компани бидний хийсэн ажлыг дуусгасан байгаа шүү дээ. Одоо зөвхөн улсын комисс л ажиллах дутуу байгаа. Нэхэмжлэгч өөрөө нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хангалттай хугацаа байсан. Хэрэг хэлэлцэж эхлэхээс өмнө хүсэлт гаргах боломжтой байсан ч хүсэлтгүй гэж хэлсэн. Гэвч шүүх хуралдааны явцад өмгөөлөгч ийм зүйл ярьж байгаа нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа нотлох үүргээ биелүүлээгүй байна...гэв.
3. Нэхэмжлэгч талын гаргасан баримтууд: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-5/, “***” ХХК-ийн 2023 онд гаргасан “****” ХХК-ийн үйлдвэрийн гадна цахилгаан хангамжийн гадна цахилгааны ажлын зураг /хх-6-8/, Эрчим хүчний үндэсний төв, Зураг төслийн баримт бичиг, Магадлалын ерөнхий дүгнэлт /хх-9-12/, “Голомт банк” ХК-ийн цахим гүйлгээний баримт /хх-13-14/, “П” ХХК болон ****” ХХК нарын 2024 оны 02 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан *** тоот Угсралтын ажил гүйцэтгэх гэрээ /хх-15-19/, “Голомт банк” ХК-ийн цахим гүйлгээний баримт /хх-140/
4. Хариуцагч талын гаргасан баримтууд: Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-28, 48/, цахилгааны трасс зураг /хх-33/, 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот Техникийн нөхцөл /хх-64-67/, фото зургууд /хх-68-71/,
5. Зохигчийн хүсэлтээр шүүхийн бүрдүүлсэн баримтууд: “****” ТӨХК-иас ирүүлсэн 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот Техникийн нөхцөл, холбогдох баримтуудын хуулбар /хх-79-91/, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч дүгнэлт гаргаж шүүхэд ирүүлсэн. /хх-92-133/
Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, зохигчдын тайлбар зэргийг нэгтгэн дүгнээд
ҮНДЭСЛЭХ нь:
1. “П” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
2. Нэхэмжлэгч “П” ХХК нь хариуцагч “***” ХХК, Ц.Бнарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээнээс татгалзаж, гэрээний дагуу төлсөн төлбөр 30,000,000 төгрөг, гэрээний улмаас учирсан хохирол 8,000,000 төгрөг гаргуулах, гадна цахилгаан хангамжийг байнгын ашиглалтад өгөхөд шаардагдах бичиг баримтуудын хамт хариуцагч нараас гаргуулах зэрэг нэхэмжлэл гаргасан.
2.1. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн “цахилгаан хангамжийг байнгын ашиглалтад өгөхөд шаардагдах бичиг баримтууд гаргуулах” шаардлагыг хариуцагч биелүүлсэн гэх үндэслэлээр уг нэхэмжлэлээсээ татгалзсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар тухайн шаардлагад холбогдох нэхэмжлэлээс нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
3. Нэхэмжлэгч нь 38,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн үндэслэлээ “хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ огт биелүүлээгүй, хийх ёстой ажлыг нь өөр компаниар хийлгэж нэмэлт зардал гарсан” гэж тодорхойлсон.
3.1. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад “хариуцагчаас 38,000,000 төгрөгийн зарцуулалт, улсын комисс хүлээлцсэнтэй холбоотой баримт гаргуулах, гэрч асуулгах” зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргаж, шүүх хуралдааны явцад хүсэлт гаргаж буй хүндэтгэн үзэх шалтгааны талаар тайлбарлаагүй.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн ийнхүү шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад хүсэлт гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт нийцээгүй гэж үзсэн учир хэрэгт цугларсан баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй. Тодруулбал: зохигчид хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхээс өмнө нэхэмжлэлийн шаардлага, тайлбар татгалзлаа нотлохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт гаргах эрхтэй. Энэ эрхийн хүрээнд хэргийг хэлэлцэж эхлэхээс өмнө шүүх зохигчдоос хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлт байгаа эсэхийг тодруулахад хүсэлт байхгүй талаар хэн аль нь илэрхийлсэн боловч шүүх хуралдаанаар хэрэг хэлэлцэж байхад нэхэмжлэгчийн өмгөөлөгч тодорхой хүндэтгэн үзэх шалтгаан тайлбарлахгүйгээр гэрч асуулгах, нотлох баримт гаргуулах хүсэлт гаргасан тул түүний хүсэлтийг хэлэлцэх үндэслэлгүй гэж үзсэн болно.
4. Хариуцагч нар нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлийг “гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлснээр барилга цахилгаан эрчим хүчинд холбогдсон, барилгын үндсэн захиалагчид ажлын үр дүнг хүлээлгэж өгсөн ба энэ нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон” гэж тайлбарлан маргав.
5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:
5.1. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр аман хэлбэрээр хийгдэж, хариуцагч “***” ХХК нь нэхэмжлэгч “П” ХХК-д Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт “М” ХХК-ийн захиалгаар баригдаж буй Хаягдал зэс, хөнгөн цагаан дахин боловсруулах үйлдвэр, оффис-ажилчдын амрах байр, спорт заал, уурын зуухны барилга байгууламжийн гадна цахилгаан хангамжийн ажлын бичиг баримт бүрдүүлж, улсын комисс ажиллуулж байнгын ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч нь 30,000,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
5.2. Гэрээгээр тохирсон ажлын хөлсийг нэхэмжлэгчээс хариуцагч “***” ХХК-ийн захирал болох хариуцагч Ц.Баясгаланд дансаар шилжүүлж гэрээний үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан цахим гүйлгээний баримт, зохигчдын тайлбараар тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /хх-14/
5.3. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчийн хүсэлтээр шүүхээс шинжээч томилж, шинжээчээс “...төслийн талбай нь байнгын цахилгаан эх үүсвэрт холбогдсон, байнгын ажиллагаатай цахилгааны холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн байна” гэж дүгнэсэн ба шинжээчийн дүгнэлтэд “***” ТӨХК-иас ирүүлсэн албан бичигт зааснаар “М” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** тоот техникийн нөхцөлийн дагуу 800кВА чадал бүхий дэд өртөөг шинээр барьж, 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 24-0131 залгах зөвшөөрлийн дагуу холбогдон, цахилгаан эрчим хүчний хангах гэрээ байгуулж ажиллаж байгаа гэснийг тусгасан байна. /хх-104-105/
5.4. Нэхэмжлэгч “П” ХХК нь “***” ХХК-д 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдөр 6,000,000 төгрөгийг *** тоот гэрээний урьдчилгаа гэх утгаар шилжүүлсэн бөгөөд уг баримтыг үндэслэн хариуцагч “***” ХХК-ийн гүйцэтгээгүй ажлыг тухайн компаниар гүйцэтгүүлсэн гэж тайлбарласан.
5.5. “***” ТӨХК-иас шүүгчийн захирамжийн дагуу ирүүлсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон.
“М” ХХК-д Налайх дүүргийн Засаг даргын 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн А/220 тоот захирамжаар 000026426 тоот газар эзэмших эрхийн гэрчилгээ олгогдож, тус компанид Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах 2000 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн барилга байгууламж, бусад газрын зориулалттай газрыг 2021 оны 09 дүгээр сарын 16-ны өдрөөс 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байна.
Дээрх газарт 800кВА хүчин чадал бүхий цахилгааны шинэ холболт хийхээр 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн *** дугаартай техникийн нөхцөл гарсан байна.
6. Талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа аман хэлбэрээр хийгдсэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдал, гол нөхцөл болон үнийн талаар, мөн ажлын хөлс 30,000,000 төгрөг төлөгдсөн талаар зохигчид маргаагүй. Харин хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, хохирол шаардах эрхтэй эсэх талаар маргасан.
7. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх ба мөн хуулийн 343.2 дахь хэсэгт заасны дагуу энэ гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.
8. Хариуцагч “***” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилга байгууламжийг цахилгааны шугам сүлжээнд холбосон болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан Техникийн нөхцөл болон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон ба нэхэмжлэгч “П” ХХК-иас хариуцагчийг гэрээний дагуу ажил гүйцэтгээгүй гэх тайлбар хэрэгт цугларсан баримтын хүрээнд нотлогдоогүй.
9. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол мөн хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй. Гэвч нэхэмжлэгчээс хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн талаар болон үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон гэх нөхцөл байдал тогтоогдохгүй, гүйцэтгэсэн ажлын үр дүнгийн талаар буюу доголдлын талаар хариуцагчид мэдэгдсэн эсэх нь тодорхойгүй байх тул эдгээр үндэслэлээр “П” ХХК-ийн “***” ХХК-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Хариуцагч Ц.Б хувьд “***” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох нь тус компанийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдсон ба тэрээр “П” ХХК-тай бие даан гэрээ байгуулаагүй, “***” ХХК-ийг төлөөлөн хэлцэл хийж, тухайн хэлцлийн дагуу ажлын хөлсийг хүлээж авсан байх тул энэ нэхэмжлэлийг хариуцах этгээд биш байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “***” ХХК, Ц.Б нараас 38,000,000 төгрөг гаргуулах тухай “П” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар гадна цахилгаан хангамжийг байнгын ашиглалтад өгөхөд шаардагдах бичиг баримтуудыг хариуцагч “***” ХХК, Ц.Б нараас гаргуулах тухай нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч “П” ХХК татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 418,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталгаажуулсан хэсэгт зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА