| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/00100/э |
| Дугаар | 110 |
| Огноо | 2018-08-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ө.Мөнхнавч |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 09 өдөр
Дугаар 110
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор Ө.Мөнхнавч,
Шүүгдэгч М.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Н-т холбогдох эрүүгийн ..... дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
М.Н
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Викториа бааранд иргэн Ц.Уыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч М.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед ажлын хэдэн хүнтэй айлын хашаанд очиж хорхог хийж идээд, 0.75 граммтай архи 8-уулаа хувааж уусан. Дараа нь баар орж нэг шил архи аваад 8 хундага авчраад өгчих гэхэд манайх 4 ширхэг хундагатай, үүнээс илүү байхгүй гэж хэлсэн. Баримт авъя гэхэд падаан өгөөд өөрсдөө дэлгүүрээс нь очоод ав гэхээр нь хажуу тал руу нь шидсэн. Бармен нь надруу тос шидэхээр нь зөрүүлээд уурандаа сандалаар цохиход гараараа хаасан гэв,
Шүүгдэгч М.Нийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: Би барменаас хүний тоогоор хундага өгчих гэж хэлтэл манайд өөр хундага байхгүй гэхээр нь би тэгвэл баримтаа авъя гэж хэлтэл дэлгүүрээс очоод ав, манайх гаргаж өгөхгүй гэж хэлэхээр нь зарлагын баримтыг нь шидчихсэн чинь миний өөдөөс тос цацчихаар нь сандал аваад цохьсон ...гэсэн мэдүүлэг / хх-ийн 30-31 дугаар хуудас/,
Хохирогч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...текэн дээр байсан цэнхэр өнгийн сандалны зөөлөвч авч шидэж, миний нүүрийг гараараа маажсан. Текний урд байсан сандалыг авч шидсэн. ... Миний хохирлыг барагдуулаад надад бэлнээр 200 000 төгрөг өгсөн. ... гэсэн мэдүүлэг / хх-ийн 19 дүгээр хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ...дугаартай дүгнэлтэнд: “... Ц.Уын биед шуу ясны цуурал, тархи доргилт, дух, баруун хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн шанааны зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Ц.Уын биед учирсан шуу ясны цуурал, тархи доргилт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дух, баруун хөмсөг, баруун нүдний доод зовхи, зүүн шанааны зулгаралт гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-т зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх-ийн 9 дүгээр хуудас/,
Гэрч Ц.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би Нийг барменыг сандалаар цохьсоныг хараагүй. Харин намайг очиход бармены зүүн гарынх нь шуунаас цус гарсан байдалтай алчуураар дарчихсан байсан гэсэн мэдүүлэг / хх-ийн 23 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/ зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг Викториа бааранд иргэн Ц.Уыг хундага өгөөгүй гэх шалтгаанаар маргалдаж сандалаар гар луу нь цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч М.Нийн өгсөн: 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 17 цагийн үед ажлын хэдэн хүнтэй айлын хашаанд очиж хорхог хийж идээд, 0.75 граммтай архи 8-уулаа хувааж уусан. Дараа нь баар орж нэг шил архи аваад 8 хундага авчраад өгчих гэхэд манайх 4 ширхэг хундагатай, үүнээс илүү байхгүй гэж хэлсэн. Баримт авъя гэхэд падаан өгөөд өөрсдөө дэлгүүрээс нь очоод ав гэхээр нь хажуу тал руу нь шидсэн, бармен нь надруу тос шидэхээр нь зөрүүлээд уурандаа сандалаар цохиход гараараа хаасан ... гэсэн мэдүүлэг, Хохирогч Ц.Уын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...текэн дээр байсан цэнхэр өнгийн сандалны зөөлөвч авч шидэж, миний нүүрийг гараараа маажсан. Текний урд байсан сандалыг авч шидсэн. ... Миний хохирлыг барагдуулаад надад бэлнээр 200 000 төгрөг өгсөн. ... гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ...дугаартай дүгнэлт, Гэрч Ц.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Би Нийг барменыг сандалаар цохьсоныг хараагүй. Харин намайг очиход бармены зүүн гарынх нь шуунаас цус гарсан байдалтай алчуураар дарчихсан байсан гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Нт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч М.Н-г Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Нт холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Хохирогч Ц.У нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ Миний хохирлыг барагдуулаад надад бэлнээр 200 000 төгрөг өгсөн, гомдол саналгүй” гэсэн байх тул шүүгдэгчийг шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь 450000 төгрөгийн торгох ялыг 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Монгол Улсын Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Нт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД