| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 2410012331890 |
| Дугаар | 2025/ДШМ/571 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ууганцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ДШМ/571
2025 05 14 2025/ДШМ/571
П.Дд холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Ууганцэцэг,
шүүгдэгч П.Д, түүний өмгөөлөгч М.Жамъяндорж,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/671 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жамъяндоржийн гаргасан давж заалдах гомдлоор П.Дд холбогдох эрүүгийн 2410012331890 дүгээр хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
***** овгийн П.Д, **** оны ** дүгээр сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, ******** мэргэжилтэй, ***** ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн * дугаар хороо, ***** дугаар гудамжны **** тоотод оршин суух албан ёсны бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн *** дугаар хороо, Нийтийн байрны *** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:**00000000/;
Шүүгдэгч П.Д нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн 2 дугаар давхарт насанд хүрээгүй хохирогч М.Отой “менежерийн өрөө рүү хамт явсангүй” гэх шалтгаанаар зууралдаж, улмаар зүүн хацарт нь алгадсаны улмаас хананы ирмэг мөргөж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас П.Дийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч П.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, шүүгдэгч нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцон солихыг мэдэгдэж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол П.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн бичлэг бүхий компакт диск нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсаргаж, П.Д цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жамъяндорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…2025/ШЦТ/671 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулах:
Гомдлын үндэслэл: … Анхан шатны шүүхээс П.Дийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх, прокурор, мөрдөгч нь хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ.” гэх заалтыг зөрчсөн. Тухайлбал, насанд хүрээгүй хохирогч М.Оын болон Т.Г.Хийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын гол үндэслэлээ болгож буй нь учир дутагдалтай байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын “3. Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт хэсэг буюу шийтгэх тогтоолын 9 дэх талд гэрчүүд болох О.Ё, У.Ц Р.Ө нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхгүй байгаад зогсохгүй, П.Дийг насанд хүрээгүй хохирогч М.Оыг алгадсан эсэх талаарх гар утасны бичлэгт түүнийг яг алгадсан талаарх дүрс, яриа бичигдээгүй байхад гэм буруутайд тооцож буй нь үндэслэлгүй юм”. Дээрх гэрчийн мэдүүлгээс харахад эргэлзээ бүхий асуултууд үүснэ.
Хэрэг учрал болох үед хохирогч гэх М.Отой А.Д болон Г.Х нар хажууд байсан гэрчүүд бөгөөд А.Дийн хувьд П.Д М.Оыг цохисон талаар огт хараагүй талаараа мэдүүлдэг бол, Г.Х “П.Д багш М.Оыг алгадсан” гэж мэдүүлдэг. Гэрч Г.Х нь мэдүүлэгтээ алгадаж байх үед би утсаар бичлэг хийж байсан гэдэг. Гэвч Г.Хийн гар утсаараа хийсэн бичлэгт П.Д багш М.Оыг алгадсан дүрс авагдаагүй бөгөөд энэ талаар гэрч Ч.Нын мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэргээр нотлогдоно. Тодруулбал, гэрч Г.Хийн мэдүүлэг, түүний хийсэн утасны дүрс бичлэгээр нотлогдохгүй байгаа зэргийг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй.
П.Д багш М.Оыг алгадаж, улмаар гэмтэл учруулсан эсэхийг тал бүрээс нь эргэлзээгүй тогтоогоогүй нь П.Д багшийн эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж байгааг дурдах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл, П.Д М.Оыг алгадаж, улмаар хөнгөн гэмтэл учруулсан эсэхийг хөА.Дбөргүй тогтоогоогүй.
П.Дийн хувьд сургуулийн сурагч хутга мэсний зүйл биедээ авч явж, улмаар бусдад гэмтэл учрахаас сэргийлэх үүднээс М.Оыг хутгаа өгөхийг шаардаж, хураан авах зорилготой байсан болохоос биш, М.От халдах, гэмтээх зорилго огт агуулаагүй гэдгийг харгалзаж үзэх нь зөв юм.
Хавтаст хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар М.О нь тоглоомон хутгаа багш П.Дд өгөөгүйн улмаас менежерийн өрөө рүү дагуулан явж хутгыг хураан авах зорилгоор хохирогчийг татаж, улмаар хохирогч өөрөө явахгүй гэх явцдаа П.Дийн гараас цочин цонхны буланд толгойгоо цохиж бэртсэн үйл баримт тогтоогдож байна.
Мөн анхан шатны шүүх хуралдааны үед өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдааны нотлох баримт шинжлэн судлах үед хэрэгт хураагдсан сиди шинжлэн судалсан бөгөөд тухайн бичлэгт хохирогч, шүүгдэгч, хүүхдүүд, мөн тухай хэргийг хажуугаас хараад зогсож байсан нэг хүн бол О.Ё юм. Түүнээс авсан мэдүүлэгт бол хавтаст хэргийн 17-18 дугаар хуудаст байх бөгөөд тухайн мэдүүлэгт хохирогч шүүгдэгчийн гараас мултрах гэж зууралдаж байгаад хойшоо цонх мөргөж гэмтэл авсан талаар мэдүүлсэн байдаг. Гэтэл шүүхээс энэхүү мэдүүлгийг үнэлээгүй байдаг.
П.Дийн зүгээс хохирогч гэх М.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсанд маргахгүй. Харин тухайн хөнгөн хохирол нь П.Дийн санаатай үйлдлээс огт үүсээгүй, шалтгаант холбоогүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн субъектив тал нь субьектийн санаатай үйлдэл байхыг шаарддаг. Гэвч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар П.Д М.Оыг алгадсан эсэхийг хөА.Дбөргүй тогтоогүй, түүний санаатай үйлдлийн улмаас үүссэн эсэхийг тодорхой болгоогүй нь хуульд нийцээгүй байна.
Иймд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/671 дүгээр шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү…” гэв.
Шүүгдэгч П.Д тус шүүх хуралдаанд: “Хэлэх тайлбар байхгүй.” гэв.
Прокурор Д.Ууганцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Шүүгдэгч П.Дийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан гэж прокурорын зүгээс дүгнэж байгаа. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж заасан. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлд санаатай болон болгоомжгүй гэмт хэргийг хуульчилсан. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч П.Д нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдсон гэж үзэж анхан шатны шүүхээс санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Хэрэгт авагдсан баримтуудаар насанд хүрээгүй хохирогч М.О гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд заан мэдүүлдэг. Уг мэдүүлгийг дэмжсэн насан хүрээгүй гэрч н.Г.Хийн мэдүүлэг байдаг. Тухайн үед н.Г.Х гар утсаараа бичлэг хийж байсан боловч багш эргэж харсан учраас шууд гар утсаа доош буулгасан асуудал байгаа. Хэдий цохисон үйлдэл бичигдээгүй боловч цохисон гэдэг нь насанд хүрээгүй гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байгаа. Камерын бичлэгээс н.О.Ё хажууд нь байсан болох нь харагдаж байгаа боловч цохиж байгаа үйлдлийг нь харах боломжгүй, цааш харсан байдалтай байсан болох нь нотлогддог. Тэгэхээр насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдож байхад шүүгдэгч хуульд заасан эрхийнхээ дагуу гэм буруугаа хүлээх үүрэг хүлээхгүй мэдүүлгийг үндэслэж, хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй. Анхан шатны шүүхээс П.Дийн үйлдэлд дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлтэй. Дээрх гэмт хэрэг гарахад насанд хүрээгүй хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлсөн шалтгаант холбоотой гэж байгаа боловч хүүхдийн үйлдлийг хууль бус гэх нь зохимжгүй юм. Тухайн үед андуурал үүсэж хүүхдийг хутгаа гаргаад ир гээд улмаар сургалтын менежерийн өрөө рүү хамт явъя гэхэд нь явахгүй гэсэн учраас бугуйнаас нь барьсан. Насанд хүрээгүй хохирогчийн бугуй, хүзүүнд нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй боловч гэмтэл учруулсан. Харин насанд хүрээгүй хохирогчийн толгойд учирсан хөнгөн зэргийн хохирол шүүгдэгч П.Дийн үйлдэлтэй шууд шалтгаант холбоо тогтоогдож байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгуулахаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй. Гэрч н.О.Ён мэдүүлэг болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан гэрчүүд нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хамт байгаагүй учраас гэрчүүдийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтад тал бүрээс нь бодитой дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийтгэх тогтоол гаргасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудын талаар шалгасан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Д нь 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн ерөнхий боловсролын ** дүгээр сургуулийн 2 дугаар давхарт насанд хүрээгүй хохирогч М.Отой “менежерийн өрөө рүү хамт явсангүй” гэх шалтгаанаар зууралдаж, улмаар зүүн хацарт нь алгадсаны улмаас хананы ирмэг мөргөж, эрүүл мэндэд нь зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн бугалгад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
насанд хүрээгүй гэрч М.Оын “…багш намайг дагуулж сургалтын менежер рүү явна гээд миний гараас татахаар нь би эсэргүүцээд хойш гэдийсэн бөгөөд дээрх үйл явдал нилээн хэдэн удаа давтагдсан. …багш миний гараас татаад намайг явъя гэхээр нь би дахин эсэргүүцэж гараа татахад багш уурлаж гарынхаа алгаар миний зүүн хацарт 1 удаа алгадах үед би толгойн баруун хэсгээр цонхны булан мөргөж толгойндоо гэмтэл авахад миний уур маш их хүрч, би багштай хэрэлдээд зогсож байхад цаанаас сургалтын менежер ирээд намайг сургуулийн эмчид үзүүлсэн. …” /хх 13/,
насанд хүрээгүй гэрч А.Дийн “…П.Д багшийг над руу харах үед нь би өөр тийшээ харсан. … тэгээд би эргэж харчихаад буцаад М.О болон П.Д багш руу харахад М.Оын толгой хагарсан байсан. …” /хх 58/,
насанд хүрээгүй гэрч Г.Хийн “… М.Оын цамцнаас татаад цааш дагуулаад явсан чинь М.О эсэргүүцэл үзүүлэхэд багш П.Д уурлаад хувцаснаас нь чирээд цааш яваад байсан бөгөөд тухайн үед багш М.Оын хацар руу алгадсан. … багш, М.О нар хоёрдугаар давхарын цонхны хажууд очиж зогсоод маргалдаж байгаад М.Оын зүүн талын хацар руу баруун гараараа алгадсан чинь М.О толгойн баруун хэсгээр хана мөргөсөн. …” /хх 62-63/,
гэрч Ч.Нын “…манай ангийн 2 охин ирээд “багшаа М.Оыг П.Д багш зодоод толгойноос нь цус гарчихаж” гэж хэлэхээр нь би хичээл хийж байсан ангиасаа гараад сургуулийн эмч дээр очиход манай ангийн хүү М.Оын толгойг боогоод дараагийн хичээлд нь оруулсан гэж надад эмч хэлсэн. …” /хх 15/ тус тус мэдүүлгүүд,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 4075 дугаар “…М.Оын биед баруун зулайн хуйханд шарх, хүзүү, зүүн бугалгад цус хуралт гэмтэл тогтоогдлоо. … гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. …” /хх 24-25/ дүгнэлт,
хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 5-7/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 8-9/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 92-93/, гар утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 33/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон, дээрх нотлох баримтуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч П.Дийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.
Шүүгдэгч П.Дийн насанд хүрээгүй хохирогч М.Отой “менежерийн өрөө рүү хамт явсангүй” гэх шалтганаар зууралдаж, улмаар зүүн хацарт алгадсаны улмаас хананы ирмэг мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жамъяндорж “…насанд хүрээгүй хохирогч М.О болон Т.Г.Хийн мэдүүлгийг шийтгэх тогтоолын гол үндэслэлээ болгож буй нь учир дутагдалтай байна, … гэрч Г.Хийн мэдүүлэг, түүний хийсэн утасны дүрс бичлэгээр нотлогдоогүй, …хохирогч өөрөө явахгүй гэх явцдаа П.Дийн гараас цочин цонхны буланд толгойгоо цохиж бэртсэн үйл баримт тогтоогдсон, …мөн тухайн хэргийг хажуугаас хараад зогсож байсан О.Ёгийн мэдүүлгийг шүүхээс үнэлээгүй, … П.Д М.Оыг алгадсан эсэхийг хөА.Дбөргүй тогтоогүй, түүний санаатай үйлдлийн улмаас үүссэн эсэхийг тодорхой болгоогүй, … эрүүгийн хэргийн хэрэгсэхгүй болгож өгнө үү. …” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.
Мэдүүлгийн нотлох баримт нь мэдүүлэг өгөгч мэдүүлэг өгөх цаг хугацаанд ядарсан, согтуурсан байсан, эсхүл хэргийн талаарх хувийн ашиг сонирхол, ой тогтоолт зэрэг дотоод шалтгаанаас хамаарч хэргийн нөхцөл байдлыг үнэн зөв тусган тогтоосон байдалд тодорхой бус, эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсч болдог.
Гэрч О.Ё 2024 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр “...П.Д багш тус сурагчийг нийгмийн ажилтаны өрөө үү дагуулж явах зорилгоор өмсөж байсан хувцаснаас нь татах үед эсэргүүцэж хойш гэдийхдээ дээрх сурагч цонхны булан мөргөж толгойндоо гэмтэл авсан...” /хх 17/ гэж, 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “...би тухайн хүүхдийн баруун зулайн хуйханд шарх гэмтлийг хэрхэн учирсан, хэн учруулсан талаар мэдэхгүй, харин болон зүүн бугалганд үүссэн шархыг бол тэд нилээн зууралдаж байсан бөгөөд тухайн үед үүссэн байх л гэж бодож байна, түүнээс яг харсан зүйл байхгүй...” /хх 76/ гэж,
гэрч Р.Ө 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “...багш П.Д нь сурагч М.Оын хувцаснаас нь татсан, харин түүнийг цохиж зодоогүй...” /хх 40/ гэж, 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдөр “...би тухайн хүүхдийг өөрөө хана мөргөсөн аль эсвэл П.Д багшийг цохьсон эсэх талаар хэлж мэдэхгүй...” /хх 90/ гэж,
гэрч У.Ц 2024 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “...юу болсон талаар О.Ё ахаас сонсоход сурагч М.О өөрөө багш П.Дийн гарнаас мултрах гэж байгаад цонхны ирмэг мөргөсөн гэж сонссон...” /хх 42/ гэж тус тус мэдүүлжээ.
Насанд хүрээгүй гэрч Г.Х “… М.Оын цамцнаас татаад цааш дагуулаад явсан чинь М.О эсэргүүцэл үзүүлэхэд багш П.Д уурлаад хувцаснаас нь чирээд цааш яваад байсан бөгөөд тухайн үед багш М.Оын хацар руу алгадсан. … багш, М.О нар хоёрдугаар давхарын цонхны хажууд очиж зогсоод маргалдаж байгаад М.Оын зүүн талын хацар руу баруун гараараа алгадсан чинь М.О толгойн баруун хэсгээр хана мөргөсөн. …” /хх 62-63/ гэж тодорхой мэдүүлэг өгсний дараа гэрч О.Ё “... тухайн үед үүссэн байх л гэж бодож байна, түүнээс яг харсан зүйл байхгүй...” /хх 76/ гэж, гэрч Р.Ө “...би тухайн хүүхдийг өөрөө хана мөргөсөн аль эсвэл П.Д багшийг цохьсон эсэх талаар хэлж мэдэхгүй...” гэж тус тус өмнөх мэдүүлгээ өөрчилжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж, хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлжээ.
Өөрөөр хэлбэл, хохирогч, гэрч нарын мэдүүлгийг харьцуулан шинжлэн судлаж, эрх зүйн ухамсрыг удирдлага болгон бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг үнэлэн хэргийн үйл баримтыг тогтоосон нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.
Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг зөрчиж, хохирол, хор уршиг учруулсан этгээдийн гэм буруутай эсэхийг тогтоохдоо хохирогч, шүүгдэгч нарын хоорондын харилцаа, гаргасан зан авир, үйлдлийн өрнөл, түүнчлэн шүүгдэгчийн зүгээс тухайн үйлдэлдээ хэрхэн хандсан буюу гэм буруугийн хэлбэрийг зөв тодорхойлсны эцэст эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг.
Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгэмд аюултай, хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж /сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай/, тухайн үйлдлийг хүсэж, эсхүл хохирол, хор уршигт зориудаар хүргэсэн байхыг ойлгоно.
Хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларч, бэхжүүлэгдсэн нотлох баримтыг харьцуулан судалж үзэхэд насанд хүрээгүй хохирогч М.Оын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд насанд хүрээгүй хохирогч, гэрч нарын “багш П.Д М.Оын зүүн талын хацар руу баруун гараараа алгадахад М.О толгойн баруун хэсгээр хана мөргөсөн” талаар мэдүүлсэн мэдүүлгээс үзэхэд насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн алгадсан, зууралдсан үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой болох нь тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч П.Дийн өмгөөлөгч М.Жамъяндоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШЦТ/671 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Жамъяндоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Т.ӨСӨХБАЯР