Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2025/ДШМ/479

 

  2025             04             29                                         2025/ДШМ/479

 

Х.Аод холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч Ц.Мөнхтулга, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Ундрах,

шүүгдэгч Х.А, түүний өмгөөлөгч О.Санчирбал, Э.Ганбат, С.Оюунцэцэг

хохирогч А.Бын өмгөөлөгч Э.Батжаргал,

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.А, түүний өмгөлөөгч О.Санчирбал, Э.Ганбат, С.Оюунцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргал нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудаар Х.Аод холбогдох эрүүгийн 2108030492055 дугаар хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

**** овгийн Х.А, **** оны ** дугаар сарын **-ны өдөр Орхон аймагт төрсөн, ** настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, **-** ХХК-д ***** ажилтай, ам бүл *, эхнэр, хүүхдийн хамт, Баянзүрх дүүргийн * дугаар хороо, * дугаар хороолол, ** дугаар байрны ** тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:**00000000ы/;

Шүүгдэгч Х.А нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих *** дугаар хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус хорих ангийн ялтан А.Быг “удаан байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан баруун болон зүүн ташаан тус газарт нь тус бүр 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй, баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүгүй далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Х.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Х.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аыг 04 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Аод оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Х.Аоос 1,067,000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгож, хохирогч А.Б нь өөрт учирсан болон цаашид учрах гэм хортой холбоотой баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 6 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Х.Аод урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ, “Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хүчингүй болгож, тус өдрөөс эхлэн “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие өөрт холбогдох хэрэгт хууль зүйн туслалцаа авахаар 3 өмгөөлөгчтэй тус хэрэгт оролцохоор гэрээ хийж, өнөөдрийг хүртэл хамтран ажиллаж байгаа боловч шүүх хуралдааны үед зарим өмгөөлөгч маань хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадахгүй талаар нотлох баримтыг бүрдүүлэн шүүхэд хүргүүлсэн боловч шүүх хүлээн авалгүй хуралдааныг явуулсан нь миний болоод өмгөөлөгчийг эрхийг ноцтой зөрчсөн.

...Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт 5 удаа мэдүүлэг өгсөн нь зөрүүтэй байна. Үүнд:

-хаана зодуулсныг хаалганы хажуу талын угаалтуурын тэнд аяга угааж байхад гэж, эсхүл яагаад цохиулсныг, яаж хараад байгаа юм бэ, ямар удаан ажлаа хийдэг юм бэ гэж, эсхүл урдаас хараад зогсож бай гэж хэлж,

биеийн аль хэсэгтээ зодуулсныг баруун болон зүүн хөл рүү, мөн толгой болон цээж хэсэгт гэж, эсхүл миний хоёр талын ташаа руу гэж, хэд цохисныг 3, 3 удаа цохьсон гэж, мөн “...Т.Г, П.Б нар удаан байна гэх шалтгаанаар 2-3 удаа өшиглөхдөө гэмтлийг сэдрээсэн...” гэж хамтдаа зодсон мэт мэдүүлсэн атлаа тухайн хүмүүст холбогдох хэсэг хэрэгсэхгүй болж хэргээс гарсны дараа мэдүүлгээ өөрчилж шүүхийн хэлэлцүүлэгт “...Т.Г ахлагчид бас гал тогоонд зодуулсан, П.Б ахлагчид I-II давхар руу гарах шатны хэсэгт цохиулсан. Тэр үед хөлийн яс руу цохиогүй, цээж болон гэдэс рүү цохиж байсан...” гэж тусдаа зодсон мэтээр, мөн хөлнөөс өөр газар руу цохисон мэтээр эрс өөрчлөгдсөн.

Хохирогч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “...Б миний өмнөөс бүх зүйлийг хагалгааны эмчтэй ярьсан, гараар бичсэн бичвэрийг алба хаагч хэлж бичүүлсэн...” гэж мэдүүлсэн боловч энэ нь тухайн хугацаанд эмнэлгийн тусламж үзүүлсэн эмч, гэрч Ө.Өлзийбаатар нь “...хохирогч хагалгаа хийхээс өмнө асуумж асуухад өмнөөс нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтнууд хариулаад байсан зүйл байхгүй гэсэн мэдүүлэг хоорондоо зөрж байна.

Хохирогч нь өмнө авсан гэмтлийн тухайд, мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэгт “...би 2018 оны 04 дүгээр сард Энэтхэг улсын Бангалор хот руу аяллын визээр явсан. Мопедийн жолооч миний зүүн хөлийн шилбэ, шагайн хэсэгт зөөлөн мөргөсөн, эмнэлэгт үзүүлэхэд зөөлөн эдийн гэмтэл...” гэж хэлсэн мөртлөө дахин мэдүүлэг өгөхдөө “...2019 онд Энэтхэг улс руу явж байхдаа мопедоор баруун хөлийн шагайн хэсэгт хүрч байсан, тухайн үед ямар нэг гэмтэл үүсэж байгаагүй...” гэж огноог өөрчилж, мөргүүлсэн хэсэг гэмтэл аваагүй болгож эрс зөрүүтэй өгсөн.

Хохирогч нь дээрх ослын талаар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...би Энэтхэг улсад байхдаа осолд орж байгаагүй, дээрх мэдүүлгийг худлаа өгч байсан. Учир нь *** дугаар хорих ангийн алба хаагчдаас айгаад тэгж мэдүүлсэн...” гэх бөгөөд дээрх мэдүүлгийг шүүхийн шийтгэх тогтоолд дурдаагүй, шүүх дээрх асуудалд анхаарч үнэлэлт өгөөгүй.

Дээрх хуучин гэмтэл авсан талаар буюу өмнө нь гэрч Б.Г нь “...А.Б надад нэг удаа хэлэхдээ Энэтхэгт сурч байхдаа мопед гээд мотоциклонд дайруулж гэмтэж байсан, тэрнээс хойш хөл өвддөг болсон, өвчин намдаах эм уухаар зүгээр болдог гэж ярьж байсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Мөн хохирогч нь хорих ангид /***/ шилжиж ирээд 1-2 хоногийн дараа доголж алхаж байсан талаар гэрч Б.Г нь “...ачлагаар ирэхдээ доголж хазганаж байсныг мэдэхгүй ч ямар ч байсан 1-2 хоногийн дараа доголоод 409 дүгээр ангийн чийг гадагшилж байсан байх гэж ярьдаг байсан...” гэх мэдүүлэг,

гэрч Б.Н нь “...А.Б нь 2021 оны 10 сарын дундуур хорих ангид хуваарилагдан ирж байсан. Ирээд алба хаагчдын гал тогоонд ажиллах заалттай байсан, удалгүй 2, 3 хоноод доголоод явж чадахгүй байсан...” гэх мэдүүлгийг гэрч нар өгч байхад энэ асуудлыг авч хэлэлцээгүй, энэ талаар шалгаагүй.

Х.А миний бие шүүхийн хэлэлцүүлгийн үед шүүгчээр дамжуулж хохирогчоос 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс өмнө догдолж байсан эсэх талаар асуухад хохирогч илтэд худлаа ярьсан.

Мөн мөрдөн байцаагч П.Ганзориг нь *** дугаар хорих ангид ажиллаж 2021 оны 10 дугаар сарын 13-наас 10 дугаар сарын 21-ний 00:00 цаг хүртэлх камерын бичлэг хуулан авч хавтас хэрэгт флаш дискэнд хуулж, түүний хатуу дискэнд хуулж хавтас хэрэгт нотлох баримт болгон байршуулсан гэх нотломж байсан бөгөөд тус дискийг шүүхийн хэлэлцүүлгийн үед үзэх гэтэл диск байгаагүй нь ноцтой асуудал болсон байтал шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн.

Гэрч Б.Ань “...А.Б анх хорих ангид хуваарилагдаж ирэхдээ бага зэрэг доголдог байсан ба хөлөө яасан юм гэж асуухад би машины осолд орж байсан, тэрнээс хойш доголоод байгаа...” гэх мэдүүлэг өгсөн.

Мөн хохирогч “...Б.О, Х.А төлөөлөгч угаасаа зоддог гэж хэлсэн...” гэж мэдүүлсэн боловч гэрч Б.Оы “...би А.Быг тэндээс явахдаа юу болсон, яагаад явж чадахгүй байгаа талаар л асуусан. Тэрнээс төлөөлөгч ахмад Х.Аод зодуулсан уу гэж асуухад угаасаа зоддог гэж хэлээгүй гэсэн...” гэж мэдүүлсэн байна.

Гэмтлийн эмч гэрч Ө.Өын мөрдөн шалгах явцад өгсөн мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээс эрс зөрсөн байна.

Шүүх шинжилгээний эмч Ц.Цэнд-Очир нь шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгасан дүгнэлт нь шүүхийн хэлэлцүүлэгт мөн эрс зөрүүтэй байна.

Дээрх зөрүүтэй мэдүүлэг нь, мөн хавтаст хэрэгт авагдсан хатуу диск байхгүй байгаа нь, өмгөөлөгчдийн өгсөн хүндэтгэн шалтгааныг хүлээн авалгүй шүүх хуралдаан явуулсан зэрэгт үнэхээр гомдолтой байгаа тул дээрх гомдлыг Х.А надад ашигтай байдлаар шийдэж өгнө үү…” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд:

...1. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй талаар:

Өмгөөлөгчийн хэргийн бодит байдлыг тогтоох, талууд мэтгэлцээний үндсэн үйл баримтыг тогтоох үүднээс анхан шатны шүүх хуралд хэрэгт авагдсан, дараах нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Илтгэх хуудас “...2021.10.19-ний өдрөөс хоригдогч А.Бд өвчин намдаах эм өгсөн” /1хх 75-95/,

Хохирогч А.Бын 2021.12.07-ны өдөр өгсөн “...Тэгээд би гүрийгээд ажлаа хийж байгаад ахлагч Т.Г, П.Б нар илтгэл, рапорт өгсөнгүй, удаан явж байна гээд тус бүр 2-3 удаа өшиглөсөн. Мөн дахиад 2 хоногийн дараа ахлагч Т.Г гал тогоо цэвэрлээч гэж хэлээд хоригдол Баттогтох бид 2-ын хөл рүү өшиглөж, гараараа толгой, цээж, нуруунд цохисон” гэх мэдүүлэг /1хx 125-128/,

Гэрч Н.Аийн “...тэгээд 2021.10.20-ны өдөр А.Б нь хөл өвдөнө гэсэн зовиуртай эмчид танилцуулж, эмчийн заалтаар өвчин намдаах эм, үрэвслийн”, “2021.10.20, 23, 26-ны өдөр эмчийн заалтаар эмчилгээг хийж байсан. 2021.10.29-ний өдөр А.Б 401 дүгээр хаалттай хорихын нэгдсэн эмнэлэг рүү эмчилгээнд явсан гэх мэдүүлэг /1xx 200-201/,

Шинжээч эмч Г.Ханхүүгийн 2021.12.08-ны өдрийн №12101 дугаартай “...А.Бын биед зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн зөрүүтэй, баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн зөрүүгүй далд хугарал засах мэс заслын дараах байдал /2021.11.11/ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүснэ” гэх дүгнэлт /1хх 246-248/,

Шинжээч эмч Т.Амартүвшин, Ч.Эрдэмболор, М.Аригуунтөгс нарын 2022.04.13-ны өдрийн 308 дугаартай “...7.8 А.Б нь дээрх хугарал гэмтлийг авснаас хойш зогсох, явах үйлдэл хязгаарлагдаж, өвдөлт улам нэмэгдэж, улмаар явж чадахгүй болох хэвтэрт орох хүртэл хүндрэх шинжүүд илрэх боломжтой” гэх дүгнэлт /3хх 92-97/,

Хохирогч А.Бын 2022.10.25-ны өдрийн “...дараа 2021.10.18-ны өдөр байна уу 19-ний өдөр байх хоол оройтлоо, цэвэрлэгээ орой удаан хийлээ гэх шалтгаанаар Т.Г ахлагч миний баруун хөл рүү өөрийнхөө баруун хөлөөр ташаа хэсэгт намайг цаашаа хараад зогсож байхад өшиглөсөн ба намайг эргүүлж өөр рүүгээ харуулж байгаад баруун хөлөөрөө зүүн хөлийн дээд ташаа хэсэгт өшиглөсөн бөгөөд 1, 1 удаа өшиглөсөн юм”, “... үүнээс хойш 2021.10.20-ны өдөр байна уу, 21-ний өдөр байх хоригдлын байр байдаг хэсгийн шатны гол хэсэг буюу 1 давхараас 2 давхарт гардаг шатны эргэдэг хэсэг дээр ахлагч П.Бтай тааралдахад юу хийгээд яваад байгаа юм, гүйж яваач гэж хэлээд миний хөлний зүүн дээд ташаа хэсэгт 3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Бас өдрийг сайн санахгүй байна, дээрх 3 намайг зодсоноос хойш нийгмийн ажилтан Ө намайг дуудахаар нь өрөөнд яваад орсон чинь цэцэг усалсангүй, мөн дээрээс нь миний хөл өвдөөд доголоод, хана түшээд удаан яваад байгааг харчихаад яаж яваад байгаан гээд миний гэдэс хэсэг рүү баруун хөлийнхөө ул хэсгээр 1 удаа жийж, баруун гараараа 2 удаа миний зүүн хацарт 2 удаа алгадсан” гэх мэдүүлэг /5хх 59-66/,

Гэрч Ө.Өлзийбаатарын “...уг гэмтлийг авсан хүн хөлөө даахгүй, тулгуур эрхтэний гэмтэл тул идэвхтэй үйлдэл хийх боломжгүй, ганцаараа алхаж гишгэх боломжгүй” гэх мэдүүлэг /6хх 207-208/,

Хохирогч А.Бын 2024.04.12-ны “...би өдөр цаг, хугацааг нь сайн санахгүй байна. Ямар ч байсан Х.А, П.Б, Т.Г нар намайг зодож цохисон ба түүний дараагаар Ө өрөөндөө оруулчихаад цэцэг усалсангүй гэх шалтгаанаар миний гэдэс хэсэг рүү баруун хөлийн ул хэсгээр 1 удаа жийж, баруун гараараа 2 удаа миний зүүн хацарт алгадаж, нэг удаа зүүн ташаа хэсэгт өшиглөсөн. Ө гэх хүн миний зүүн ташаа хэсэгт 1 удаа зөөлөн өшиглөсний улмаас миний биед хүнд гэмтэл учирсан үгүйг би мэдэхгүй байна. Ямар ч байсан Х.А гэх хүн намайг цохьсоны дараагаар миний хөлийн дунд чөмөгний толгой болон салтай хэсгээр халуун оргиод өвдөөд хөдөлгөөн хийхэд хүндрэлтэй болж эхэлсэн юм” гэх мэдүүлэг /7xx 186-187/ зэрэг баримтуудаар нь Х.Аыг хохирогчийн эрүүл мэндэд санаатай хүнд гэмтэл учруулаагүй талаар мэтгэлцэж оролцож, шүүх хуралдааны явцад шинжээч эмч Г.Ханхүү нь хохирогчийн авсан дээрх гэмтлийг авсан даруйд хөдөлгөөн хийж чадахгүй талаар дурдсан боловч анхан шатны шүүхээс бодитой няцаасан дүгнэлт хийгээгүй болно.

Үйл баримтын тухайд хохирогч 2021.10.15-ны өдөр Х.Аод, 2021.10.18-нд н.Т.Гт, 2021.10.21-ний өдөр П.Б нарт гэмтэл авсан газраа өшиглүүлсэн талаараа дурдсан байна. Хэрэгт авагдсан баримтууд 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс хохирогч нь хорих ангийн эмнэлэгт хандсан бөгөөд тухайн өдрөөс өвчин намдаах эмчилгээг хийлгэж байсан байна.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын 34 дүгээр талд “хязгаарлагдах” гэх ойлголт нь үйлдэл хөдөлгөөн огт хийх боломжгүй гэсэн агуулгыг илэрхийлээгүй бөгөөд харин тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой, улмаар өвдөлт улам нэмэгдэж явж чадахгүй болох, цаашид хэвтэрт орох хүртэл хүндрэл үүсэх шинж тэмдэгүүд илрэх талаар дурдаж дүгнэсэн байна” гэсэн атлаа 2021.10.15-ны өдөр гэмтэл авсан бол 2021.10.28-ны өдөр хэвтэрт орсон цаг хугацаа болон бусад этгээдүүд зодуулсан гэх үйл баримтыг үгүйсгэж чадаагүй болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасан шинжээчийн дүгнэлтүүд болон гэрч Ө.Өлзийбаатарын өгсөн мэдүүлэгт дурдсанаар “...зүүн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй, баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүгүй далд хугарал гэмтэл” авсан хүн удаан хугацаанд алхах, гишгэх боломжгүй талаар дурдсан ч анхан шатны шүүхээс дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухайн үндэслэлийг заагаагүй байна.

Эрүүгийн хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүйн талаар заавал нотолбол зохих нөхцөл байдлуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шууд нэрлэн заасан.

Нотолгооны зүйлд хамаарах эдгээр нөхцөл байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлд заасан зорилтыг хангахад онцгой ач холбогдолтой. Эрүүгийн хэргийн талаар шинжлэн тогтоогдож, нотлогдвол зохих үйл баримт буюу нотолгооны зүйлийг зайлшгүй нотлох нь хэргийн бодит байдлыг тогтоох, гэмт үйлдлийн талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийхэд чухал шаардлагатай байтал нотолбол зохих байдлыг бүрэн тогтоогоогүй.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн талаар:

3 дугаар хавтаст хэргийн 179-194 дүгээр талд 2022.07.13-ны өдөр мөрдөгчөөс “Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл” хэрэгт бэхжүүлж, хяналтын камерын бичлэгийг хэрэгт эд мөрийн баримтаар тооцохоор тогтсон байдаг.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.19 дүгээр зүйлд заасан “Эд мөрийн баримт, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлах” үе шатанд хэрэгт авагдсан гэх сиди-г үзэхээр болтол хэрэгт авагдсан 6 ширхэг бичлэгээс олдоогүй, ажиллахгүй байхад үндэслэлгүйгээр шүүх хурлыг цааш үргэлжлүүлэн шийдвэрлэсэн болно.

Үүнтэй холбоотойгоор шийтгэх тогтоолын 6-д Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн сиди 6 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар заасан.

Гэтэл прокурорын яллах дүгнэлтийн хавсралтын 5-д “Хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад 2021.12.10-ны өдрийн 109 дугаартай прокурорын зөвшөөрлөөр ШШГЕГ-н харьяа 401 дүгээр хаалттай хорих ангийн нэгдсэн эмнэлгийн хяналтын камерын бичлэг бүхий 3 ширхэг сиди, Хаан банкны 2022.02.23-ны өдрийн 29/324 дугаартай албан бичгийн хавсралтаар ирүүлсэн 1 ширхэг сиди, хохирогчийн холбогдолтой нөхцөл байдал тогтоогдоогүй тул эд мөрийн баримтаар тооцолгүй, өмгөөлөгч Э.Батжаргалаас гаргаж өгсөн 1 ширхэг сиди зэрэгт үзлэг хийж, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдал тогтоогдоогүй тул эд мөрийн баримтаар тооцолгүй, хэрэгт хавсаргаж хүргүүлэв” гэж дурдсан нь ойлгомжгүй бөгөөд үндэслэлгүй болсон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хамаарна.

Мөн шийтгэх тогтоолын 34 дүгээр талд “...мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс хорих ангийн хяналтын камерын бичлэг бүхий сидиг хэрэгт эд мөрийн баримтаар тооцуулах тухай хүсэлтийг гаргаж байгаагүй, мөн хорих ангийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэрэгт авагдсан ба дээрх хяналтын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээс үзэхэд хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй гэж дүгнэсэн болно” гэсэн атлаа прокурорын эд мөрийн баримтаар тооцоогүй гэх сидиг, шүүх ямар хуульд заасан үндэслэлээр эд мөрийн баримтаар тооцсон гэж бичсэн нь ойлгомжгүй байна.

Нөгөөтэйгүүр дээрх бичлэгт буусан үйл баримт нь талуудын мэтгэлцэх боломжийг хязгаарласан, дүгнэлтийн хууль зүйн үндэслэл бүхий нөхцөл байдлыг анхан шатны шүүх харгалзаж үзээгүй, хэргийн оролцогчийн эрхийг үндэслэлгүйгээр хязгаарласан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-д тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/487 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх, прокурор, мөрдөгч нь яллагдагч өөрийгөө өмгөөлөх, эсхүл өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангана” гэх болон мөн хуулийн 35.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг нь яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явагдана” гэх заалтуудыг зөрчин шүүх хуралдааныг явуулж, хүнд ял оноосонд гомдолтой байна. Тухайлбал:

1. Би Х.Аын хүсэлтээр хууль зүйн туслалцаа үзүүлж, түүний өмгөөлөгчөөр мөрдөн шалгах ажиллагаанаас нь эхлэн оролцож байгаа бөгөөд шүүх хуралдаан товлох болгонд оролцож шүүх хурал хойшлуулж байсан удаагүй болно. Гэтэл халтирч унаад гэмтлийн эмнэлэгт гавал тархины мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлж байх үед шүүх хуралдаан товлогдсон тул шүүх хуралдаан хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх заалтын дагуу шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэж хүргүүлсэн байхад улсын яллагчийн “өнөөдрийн шүүх хуралд өмгөөлөгч хурал хойшлуулах хүсэлт ирүүлж байгаа нь үндэслэлгүй байна, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүх хуралдаан хойшлуулах үндэслэл 2 удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байгаа тул шүүх хуралдааныг үргэлжлүүлнэ” гэсэн саналыг хүлээн авч хурлыг үргэлжлүүлэн өмгөөлөгч намайг шүүх хуралдаанд биеэр оролцох, мэтгэлцэх боломж олгоогүй, 2 удаа хурал хойшлуулсан мэтээр үндэслэлгүй дүгнэн үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалах боломж олгоогүйд гомдолтой байгаа болно.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон эрүүгийн хуульд заасан бусад байдал/ 1.2-т гэмт хэргийг хэн үйлдсэн, 1.5-д гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хор хэмжээг, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэх заалтуудыг зөрчин хохирогчид учирсан гэх хүнд гэмтлийг Х.А учруулсан гэх байдлыг эргэлзээгүй нотолж тогтоогоогүй атлаа ял оноосонд гомдолтой байна.

3. Х.А хүнд гэмтэл учруулсан гэх байдал дараах байдлаар үгүйсгэгдэж буйг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Тухайлбал:

-Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын 1-р хэлтэст 2021.11.19-нд гаргасан “Ахлах төлөөлөгч Х.А гэх хүн хамсаатнуудтай нийлж, хүнд бэртээн, тусламж үзүүлэлгүй 10 гаруй хоног байлгаж, хэвтэрт орсны дараа эмнэлэгт хүргүүлсэн” гэх өргөдөлд /олон хүмүүс нийлж зодсон байдал авагдсан/,

-хохирогчоор 2021.12.07-нд “10 сарын 16-нд Х.А орж ирээд ямар ч шалтгаангүй харааж, баруун болон зүүн хөл, гуя, тааз хэсэг рүү тус бүр 5-6 удаа өшиглөсөн, гараараа толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон”, ахлагч Т.Г 2 хоногийн дараа гал тогоо цэвэрлэ гээд Баттогтох бид 2-ын хөл рүү өшиглөсөн, гараараа толгой цээж, нуруунд цохисон. Нийгмийн ажилтан Ө 10-р сарын 24-нд цэцэг услаагүй гээд зүүн хөл рүү 1 удаа өшиглөсөн, толгой цохисон. Ингээд 10-р сарын 26-нд босож чадахаа болиод таазнаас доош мэдээгүй болсон” гэх мэдүүлэг /1хх-125/,

-хохирогчоор 2022.01.26-нд “Энэтхэг улсад 2018 онд аяллын визээр явж байхад мопедийн жолооч миний зүүн хөлийн шилбэ шагай хэсэгт дугуйгаар мөргөсөн. Х.А төлөөлөгч “Урдаас хараад зогсож бай гээд 2 талын ташаа руу тус тус 5 удаа өшиглөсөн”, харин гэмтэл авсны дараа Т.Г, П.Б нар удаан байна гэх шалтгаанаар 2-3 удаа өшиглөөд дээрх гэмтлийг сэдрээсэн байх гэж үзэж байна” гэх мэдүүлэг /1хх 132/,

-хохирогчоор 2022.10.25-нд “Х.А “удаан байна” гэх шалтгаанаар баруун болон зүүн хөлийн дээд ташаа хэсэгт тус бүр 3, 3 удаа нэлээн хүчтэй өшиглөсөн”. Т.Г 2021.10.18-нд баруун хөл рүү ташаа хэсэгт намайг цаашаа хараад зогсож байхад өшиглөсөн бас эргүүлж өөр лүүгээ харуулж байгаад баруун хөлөөрөө зүүн хөлийн ташаа хэсэгт 1, 1 удаа өшиглөсөн. П.Б 2021.10.20-нд “юу хийгээд яваад байгаа юм” гээд зүүн хөлийн ташаа хэсэгт 3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн. Тэр 3 зодсоноос хойш нийгмийн ажилтан Ө цэцэг усалсангүй гээд доголоод явж байсан чинь яаж яваад байгаа юм гээд гэдэс хэсэг рүү баруун хөлийнхөө ул хэсгээр 1 удаа жийж, баруун гараараа 2 удаа зүүн хацарт алгадсан” гэх мэдүүлэг /5xx 59/,

-хохирогчоор 2024.04.12-нд “Намайг Х.А, П.Б, Т.Г нар зодож цохисон” түүний дараагаар Ө өрөөндөө оруулж цэцэг усалсангүй гээд гэдэс рүү 1 удаа жийж, баруун гараараа 2 удаа зүүн хацарт алгадаж, зүүн ташаа хэсэгт 1 удаа өшиглөсний улмаас гэмтэл учирсан үгүйг мэдэхгүй” гэх мэдүүлэг /7хх 186/ зэргээс хохирогчийн хүнд гэмтэл учирсан гэх эд эрхтэнг Т.Г, П.Б, Ө өшиглөж, зодож, цохисон болох нь нотлогдон тогтоогджээ. Тэгтэл Х.Аын үйлдлээс л хүнд гэмтэл учирсан гэж үзэж буй нь үндэслэлгүй.

4. Шүүх Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023.11.21-ний өдрийн 2023/ДШМ/1115 дугаартай магадлалд “Х.А, Г.П.Б, Ш.Ө нарын хэн нь хохирогч А.Бын хөлийн аль хэсэгт хэрхэн, хэдэн удаа өшиглөсөн, хэнийх нь өшиглөсөн үйлдлээс өвчний зовиур үүссэн, хэд хэдэн хүнд тодорхой цаг хугацаанд удаа дараа өшиглүүлсэн үйлдлээс өвчний зовиур, шинж тэмдэг нэмэгдсэн эсэхийг хохирогчоос тодруулахын зэрэгцээ шинжээч нараас хөлийн аль хэсэгт хэрхэн өшиглөсөн үйлдлээс уг гэмтэл учирч болох талаар тодорхой мэдүүлэг авах шаардлагатай байна” гэж заасныг бүрэн биелүүлээгүй. /7хх 42/

1. Эмч Ө.Өлзийбаатар гэрчээр “Уг гэмтлийг авсан даруй хөлөө даахгүй, тулгуур эрхтэний гэмтэл тул идэвхтэй үйлдэл хийх боломжгүй, ганцаараа алхаж гишгэх боломжгүй” гэх мэдүүлэг /6хх 207/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Г.Ханхүү “Хугарал нь зөрүүтэй хугарал бөгөөд 2 талдаа хугарсан байгаа тул алхах боломжгүй, маш их зовуурьтай байна” гэх мэдүүлэг зэргээс хамгийн сүүлд Ш.Ө өшиглөснөөс хойш хэвтэрт орсон байдлаас хүнд гэмтлийг Х.А учруулсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй эргэлзээтэй байгааг анхаарч үзнэ үү.

2. Хохирогчийн мэдүүлэг бүгд өөр хоорондоо эрс зөрүүтэй өгөгдсөн байдаг бөгөөд Х.Аод өшиглүүлсэн гэх үеэс хойш 5 хоног үйлдэл, хөдөлгөөн хийж явсан нь нотлогддог тул хүндэвтэр гэмтэл учирсан гэх үндэстэй.

Хоёр. Х.А нь Дотоод хэргийн их сургууль төгссөн, дээд боловсролтой, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 3, эхнэр, 2 настай охины хамт амьдардаг, эхнэр А.Нарангарав нь одоо 7 сартай жирэмсэн байгаа болно. Х.А нь эрхэлсэн ажилдаа амжилт гаргаж хууль зүй дотоод хэргийн сайдын тушаалаар хүндэт жуух бичиг болон салбарын тэргүүн шагнал, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албаны төлөө 1, 2 тэмдэг, Гүйцэтгэх ажлын 75 жилийн ойн медаль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 90, 95, 100 жилийн ойн медаль, сагсан бөмбөгийн спортын мастер цолтой залуу. Урд өмнө нь ял шийтгэл эдэлж байгаагүй болно.

Иймд дээр дурдсан байдлуудыг хянан үзэж, хэргийг үнэн бодитой шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 487 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Аын өмгөөлөгч Э.Ганбат миний бие энэхүү гомдлыг гаргаж байна.

Үндэслэл нь:

1. Эрүүгийн хуульд заасан аливаа гэмт хэргийн шинж нь гэм буруутай үйлдлээс үүссэн хор уршиг нь хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар шинжлэх ухааны /энэ тохиолдолд анагаах ухааны/ болон хууль зүйн үндэслэлтэй тогтоогдсон байх ёстой.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Эрүүл мэндийн хүнд хохирол”-ыг тогтоохдоо Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар батлагдсан “гэмтлийн зэрэг тогтоох журам”-ыг үндэслэн шинжээч эмч тогтоохдоо Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан хууль дээдлэх, шинжилгээг тал бүрээс нь бүрэн, бодит, шинжлэх ухааны үндэслэлтэй хийх, шинжлэх ухааны үндэслэл бүхий арга, аргачлал, үйл ажиллагааны стандарт, журмыг баримтлан тал бүрээс нь бүрэн бодитой хийж, дүгнэлт гаргах зарчмыг чанд баримтлах үүрэгтэй.

Х.Аын холбогдсон хэргийн үйл баримт нь 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болсон байх бөгөөд энэ цаг хугацаанд Хууль зүй, Дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын 2014 оны А/216, А/422 дугаартай хамтарсан тушаалаар батлагдсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам” үйлчилж байсан байх бөгөөд уг журмыг үндэслэн шинжээч эмч Ханхүү №12101 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргажээ. Ингэхдээ уг журмын 3.6.2 дахь хэсэгт заасан “Атгаал, дунд чөмөгний толгойн үе доторх тасарсан хугарал” бүхий гэмтлийг хүнд зэрэг /Эрүүл мэндийн хүнд хохирол/-т тооцож дүгнэлт гаргах ёстой атал зүүн болон баруун дунд чөмөгний “Хүзүү” хэсгийн хугарлыг дээрх журмын 3.6.2-т хамааруулж илт буруу дүгнэлт гаргажээ. Үүнийг үндэслэлгүй болохыг ойлгуулахын тулд дунд чөмөг, ясны анатомийн бүтэц, нэршлийг зургаар тайлбарлах шаардлагатай тул зургийг гомдолд хавсаргасныг үзнэ үү.

Дунд чөмөг яс нь толгой, хүзүү, их бие, доод булуу гэсэн үндсэн 4 хэсгээс бүрдэх бөгөөд толгой хэсэг нь сүүжний ясны тогоон дотор байрлаж хөлийг түнхний үеэр хөдөлгөх, эргэлдэх, нугалах, тулах үйлдэл хийдэг чухал хэсэг юм. Ийм учраас толгой хэсгийн доод хэсгээр тасарч, уг толгой нь сүүжний толгой дотор сул үлдсэн тохиолдолд үеийг толгойтой нь солихоос өөр эмчилгээний арга байхгүй тул “хүнд” хохиролд тооцохоор журамд тусгасан байдаг. Гэтэл рентген шинжилгээ болон ГССҮТөвийн өвчний түүх, эмч нарын эцсийн тавьсан онош болон шинжээч өөрийн гаргасан дүгнэлтийн 1 дэх хэсэгтээ “А.Бын зүүн дунд чөмөгний хүзүү хэсгийн зөрүүтэй хугарал, баруун дунд чөмөгний хүзүү хэсгийн зөрүүгүй далд хугарал учирчээ” гэсэн атлаа гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2-т зааснаар хүнд зэрэгт хамаарна гэсэн нь уг журмын заалтыг буруу ойлгож дүгнэлт гаргажээ. Үүнийг нотолж ГССҮТөвийн 11288 дугаартай өвчний түүхэнд /1xx 235-243/:

...рентгенд: зүүн дунд чөмөг яс хүзүүний суурь хэсгээр төвгөр дайрсан зөрүүтэй хугаралтай гэж оношилсон нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.2 дахь заалтад хамаарах “толгой нь үе дотроо тасарсан хугарал” биш болохыг 100 хувь нотолж, хүзүүний төвгөр хэсгийн хугарлыг хадах мэс засал хийжээ. Гэмтлийн зэрэг тогтоох журмаар хүнд гэмтэлд хамаарахгүй үе мөчний бусад ясны хугарлууд нь “Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах” шинжээрээ “хүндэвтэр” гэмтэлд хамаарна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүх хэргийн талаар нотолбол зохих байдлыг тал бүрээс нь бодитой, эргэлзээгүй тогтоосны эцэст, гэмт хэргийн шинжийг эргэлзээгүй тогтооход ач холбогдол бүхий нотлох баримтуудыг шинжлэх ухааны болон хууль зүйн үндэслэлтэй талаас нь нягталж үнэлсний эцэст эрүүгийн хариуцлагыг оногдуулах үүрэгтэй. Энэ тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нийцүүлэн гаргасан журмыг шинжээчийн дүгнэлттэй харьцуулж үнэлэх процесст алдаа гаргаж хэргийг эцэслэн шийдвэрлэжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх, Х.Аод авсан таслан шийдвэрлэх арга хэмжээг энэ өдрөөс өөрчилж өгнө үү...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргал давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/487 дугаартай шийтгэх тогтоолын зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

Тодруулбал, гэм буруу болон эрүүгийн хариуцлагын талаар маргахгүй, гадаад улс руу эмчилгээ хийлгэх зардал нэхэмжилснийг хангаагүй, шийтгэх тогтоолд огт дурдаагүй учир хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Шүүгдэгч Х.А нь хохирогч А.Бын биед хүнд гэмтэл санаатайгаар учруулсан байдаг. Үүнийг анхан шатны шүүх тогтоон дүгнэж шүүгдэгчийг гэм буруутайд тооцож 4 жилийн хугацаагаар хорих ялыг оноосон байдаг.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4 дэх хэсэгт “Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй” гэж заасан ба уг зүйлд заасны дагуу зайлшгүй гарах зардлыг нэхэмжилсэн. Хохирогчийн хувьд хоёр хөлний дунд чөмөгний хугаралтай, өндөр настай ээж, эмээгийн хамт амьдардаг, эмчилгээ хийлгэх мөнгөгүй учир урьдчилан гаргуулахаас өөр аргагүй байгаа юм.

Цаашид хийгдэх эмчилгээ нь дунд чөмгийн үе солих ба Тайланд руу хүсэлт гаргасан. Учир нь, судалж байгаад сайн эмчилгээ хийгдэнэ гэсэн учраас сонгосон. Монгол Улсад үе солиулах боломжтой ч 15-20 жил болдог, дахиж үе солих боломжгүй гэсэн учир Тайландыг сонгосон.

Хохирогчийн зүгээс шүүгдэгчээс хохиролд 87,341,000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд хавтаст хэрэгт Тайланд улсад байх “Bumrungrad international hospital” гэх эмнэлэгт хүсэлт гаргасны дагуу ирсэн өвчний онош, эмчилгээний төлбөрийн мэдээлэл багтсан эмнэлгийн магадлагааг эх хувиар болон орчуулгын товчоогоор Монгол хэлэнд орчуулуулсан хувийг өгсөн. Мөн Худалдаа хөгжлийн банкны арилжааны үнэ, Нийгмийн даатгалын ерөнхий газраас хийсэн шинжээчийн дүгнэлтийг тус тус өгсөн байдаг.

Гэтэл Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхээс уг шаардлагад энэ гэмт хэргийн улмаас хохирогч А.Бын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогчийн зүгээс мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүй байх тул шүүгдэгч Х.Аыг энэ гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотойгоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэснийг эс зөвшөөрч байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар уг гэмт хэргийн улмаас хохирогч хүнд гэмтэл буюу хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан нь бүхий л нотлох баримтаар тогтоогдоод байгааг шүүх дүгнэсэн ч дээрх төлбөртэй холбоотой баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхад уг баримтуудын талаар хийсэн дүгнэлт байдаггүй буюу шүүгдэгчийг бусдад төлбөр төлөх төлбөргүй гэж үзсэн нь учир дутагдалтай бөгөөд шийдвэрийн тодорхой үндэслэл болон нотлох баримтыг үнэлсэн зүйл байхгүй байна.

Энэ нь эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд заасантай нийцэхгүй байна. Хохирогчийн зүгээс өөрт учирсан хохирол болон шүүгдэгчийн гэм бурууг тогтоолгохоор эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар уг хэргийг шийдвэрлүүлсэн. Гэтэл шүүхээс хэргийг бүрэн дүүрэн шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байна. Иймд 87.341.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж өгнө үү” гэв.

Прокурор Б.Ундрах тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн эрхийг зөрчсөн гэж байна. 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдөр шүүх хуралдаан болж, өмгөөлөгч С.Оюунцэцэгээс шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт ирүүлснийг хэлэлцсэн. Тухайн хэрэг анх 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд ирж, 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлсэн. 8 дугаар хавтаст хэргийн 139-140 дүгээр хуудаст 1783 дугаартай шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг шийдвэрлэсэн шүүгчийн захирамж авагдсан. Шүүгчийн захирамжид тухайн хэрэг анхан шатны шүүхэд шилжиж ирснээс хойш 5 удаа хойшилсон. Ингэж хойшлохдоо өмгөөлөгч Э.Ганбатын хүсэлтээр 2 удаа, өмгөөлөгч О.Санчирбалын хүсэлтээр 1 удаа, хохирогчийн талын хүсэлтээр 2 удаа шүүх хуралдаан хойшилсон гэдэг дүгнэлтийг хийсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 3 дахь хэсэг агуулгын хувьд анхан шатны шүүх хуралдаан хойшилж болно. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцвол зохих хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, гэрч, шинжээч ирээгүй үндэслэл хоёр ба түүнээс дээш удаа давтагдаж эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулах нөхцөл болж байвал шүүх хуралдааныг хойшлуулахгүй байж болно гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч талаас хэдэн ч өмгөөлөгч нэг асуудлаар 2 ба түүнээс дээш удаа хүсэлт гаргасан тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулах шаардлагагүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн эрхийг зөрчөөгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, мөрдөн шалгах ажиллагаа хийгээгүй, хорих ангийн хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн атлаа хэрэгт CD хэрэгт авагдаагүй байна гэж хэллээ. Мөрдөгч, прокурор хэргийг бүрэн шалгаж, хэргийн нотолбол зохих байдлыг тогтоодог. Хуульд заасан үндэслэл журмын дагуу яллах, цагаатгах талын нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлсэн. Прокурорын зөвшөөрлийн дагуу хорих *** дугаар ангийн хяналтын камерын бичлэг хэрэгт авагдаж, үзлэг хийж, бэхжүүлсэн. Мөрдөн шалгах ажиллагааны явцад 6 ширхэг CD хэрэгт авагдсан. Хоригдол нарын өрөөнд ямар асуудал байна гэж бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл бөгөөд CD хэрэгт байхгүй. Яллах, цагаатгал тал дээр нөлөөлөх нотлох баримт биш. Мөрдөн байцаалтын шатанд цуглуулж, бэхжүүлсэн болохоос биш мөрдөгч, прокуророос нотлох баримтаар үнэлээгүй. Анхан шатны шүүх нотлох баримтаар шинжлэн судалж, үнэлээгүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэдэгт хамаарахгүй гэж үзэж байна. Өмгөөлөгч Э.Ганбат хүсэлт гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж байсан. Мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд нэг ч удаа шинжээчийн дүгнэлт, хүнд, хүндэвтэр гэмтлийн асуудлаар гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. Шинжээчийн дүгнэлт хууль, журмын дагуу гараагүй, баруун, зүүн чөмөгний ясны хугарал хүнд биш хүндэвтэр гэмтэлд хамаарна гэдэг агуулгаар өмнө нь гомдол гаргах эрх байсан. Энэ эрхээ эдлээгүй. Хэрэгт 3 шинжээчийн дүгнэлт авагдсан. Хүнд, хүндэвтэр гэмтлийн талаар яригдаагүй. Шинжээчид бүгд хүнд гэмтэл учирсан гэж дүгнэсэн. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлтээр шинжээч, хохирогчид хагалгаа хийсэн эмчийг шүүх хуралдаанд оролцуулж, тайлбар авсан. Шүүх хуралдааны тэмдэглэл нотлох баримт болдог. Шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй гарсан. Өмгөөлөгч Э.Ганбат “журмын 3.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт атгаал дунд чөмгийн толгойн үе доторх тасарсан хугарал бүхий гэмтлийг хүнд зэрэгт хамааруулж үзнэ. Гэтэл анх шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч хүндэвтэр гэмтэлд хамаарах гэмтлийг хүнд гэмтэлд оруулж тооцсон. Энэ дүгнэлтийг дараа дараагийн шинжээчид баталж, хууль зөрчиж, буруу дүгнэлт гаргасан. Хэрэгт гэмтэлтэй холбоотой баримт авагдаагүй, зөвхөн хохирогчийн гаргасан мэдүүлгийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн” гэж хэллээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээч н.Амартүвшин мэдүүлэг өгч “хүнд гэмтэл, уг гэмтэл нь хоёр талын сүүж ясны тогоо болон дунд чөмөгний толгой хэсэгт” гэж хэлсэн нь 3 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас, 5 дугаар хавтаст хэргийн 155-156 дугаар хуудаст байгаа. Үүгээр зөрүүтэй хугарал нь хүнд гэмтэлд хамаарахыг хэлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримт, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, нөхцөлд үнэлэлт, дүгнэлт хийж байж хэргийг зүйлчилдэг. Хүний биед хүнд гэмтэл учруулсан гэж үзэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хэргийн шийдвэрлэхдээ гэрч, хохирогч нарын мэдүүлэг, мэдүүлгийн эх сурвалж, мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт, шинжээчийн дүгнэлт, бусад нотлох баримтуудыг хооронд нь харьцуулж, уялдаа холбоо байна уу гэдэг дээр шүүх дүгнэлт хийсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн, буруу хэрэглэсэн болох нь тогтоогдоогүй. Шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэмжээ хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзэж байна. Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогчийн өмгөөлөгч, мөн шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэхэд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Прокуророос Х.Аыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих *** дугаар хаалттай хорих ангийн ахлах төлөөлөгчөөр ажиллаж байхдаа 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тус хорих ангийн ялтан А.Быг “удаан байна” гэх үл ялих зүйлээр шалтаглан баруун болон зүүн ташаан тус газарт нь тус бүр 3 удаа өшиглөж, эрүүл мэндэд нь зүүн дунд чөмөгт ясны хүзүүний зөрөөтэй, баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүгүй далд хугарал бүхий хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэж, шүүгдэгчийг гэм буруутайд тооцохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж зааснаар шийтгэх тогтоол гаргахдаа тухайн хэргийн хувьд дээрх асуудлуудын хүрээнд зайлшгүй дүгнэлт хийх учиртай.

Хэрэв дээрх хуулийн шаардлагыг хангаагүй бол мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй” гэж үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн гэж үзэхээр тус тус заасан.

Тухайлбал, анхан шатны шүүхийн шийдвэрт “...хохирогчийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... гэх мэдүүлгүүд нь шинжээчийн дүгнэлтүүдэд дурдагдсан тухайн гэмтлийн илрэн гарах эмнэл зүйн шинж тэмдгүүдтэй нийцэж байх тул шүүгдэгчийн өшиглөх үйлдлийн улмаас хохирогчид тус гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна...” гэсэн нь хангалттай бус дүгнэлт болжээ.

Учир нь, хохирогч, гэрч, шинжээч нарын зөрүүтэй мэдүүлэг болон шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтийг харьцуулан судлаж, аль нэгийг нь үнэлэхдээ няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүй байна.

Хохирогч А.Бын өгсөн:

2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн “...ахлагч Т.Г, П.Б нар илтгэл рапорт өгсөнгүй, удаан явж байна гээд тус бүр хөл рүү 2-3 удаа өшиглөсөн...” /1хх 126/, 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “...гэмтэл авсны дараа Т.Г, П.Б нар удаан байна гэх шалтгаанаар номхон зогсоож байгаад 2-3 удаа өшиглөхдөө дээрх гэмтлийг сэдрээсэн байх гэж үзэж байна...” /1хх 133/,

2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “...2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байна уу, 19-ний өдөр байх хоол оройтлоо, цэвэрлэгээ удаан хийлээ гэх шалтгаанаар Т.Г ахлагч миний баруун хөл рүү өшиглөсөн, эргүүлж өөр рүүгээ харуулж байгаад зүүн хөлийн дээд ташаа хэсэгт нэг нэг удаа өшиглөсөн. Үүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 20-ны өдөр билүү 21-ний өдөр байх хоригдлын байр байдаг хэсгийн 1 давхраас 2 давхарт гардаг шатны эргэдэг хэсэг дээр ахлагч П.Бтай тааралдахад юу хийгээд яваад байгаа юм, гүйж яваач гэж хэлээд миний зүүн хөлний дээд ташаа хэсэгт 3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн...” /5хх 63/,

2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн “...2021 оны 10 дугаар сарын 18 билүү 19-ний аль нэг өдөр нь Т.Г албаны гал тогоонд хоол оройтлоо, цэвэрлэгээ удаан хийлээ гэх шалтгаанаар намайг цаашаа хараад зогсож байхад баруун хөлийн ташаа хэсэгт баруун хөлөөрөө нэг удаа өшиглөхөөр нь эргээд өөдөөс нь харахад баруун хөлийн ташаа хэсэгт баруун хөлөөрөө дахиад нэг удаа өшиглөсөн. Үүнээс хойш 2021 оны 10 дугаар сарын 20 билүү 21-ний өдрийн аль нэгэнд П.Бтай хоригдлын байрны шатаар дээшээ өгсөж байгаад 1 давхараас 2 давхар руу гардаг шатны эргэдэг хэсэг дээр тааралдахад юу хийгээд яваад байгаа юм гэсэн шалтгаанаар миний зүүн хөлний дээд ташаа хэсэгт 3 удаа баруун хөлөөрөө өшиглөсөн...” /5хх 146/,

2024 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн “...ямар ч байсан Х.А, Т.Г, П.Б нар намайг цохиж зодсон...” /7хх 186/ гэсэн мэдүүлгүүд авагдсан бөгөөд хэдийгээр прокурорын шатанд Т.Г, П.Б нарын үйлдэл хэрэгсэхгүй болсон хэдий ч тэдний үйлдэл энэ хэрэгт хамааралгүй, гэм буруугүй гэж үзсэн тохиолдолд үндэслэл бүхий няцаан үгүйсгэсэн дүгнэлтийг зайлшгүй хийх шаардлагатай.

Т.Г, П.Б нарын үйлдэл хамааралтай, хохирогчийн гэмтэлтэй шалтгаант холбоотой гэж үзвэл мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийх үндэслэл болно.

Хохирогч, гэрч, шинжээч нарын зөрүүтэй мэдүүлэг болон шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтийг харьцуулан судлаж, аль нэгийг нь үнэлэхдээ няцаан үгүйсгэсэн үндэслэлийг зааж, аль нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохыг шийдвэрлэнэ.

Түүнчлэн, прокурор болон шүүгдэгч, хохирогч нарын өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хохирогч, гэрч, шинжээч нарыг оролуулах хүсэлт гаргаж, зөрүүтэй мэдүүлэг болон шинжээч нарын зөрүүтэй дүгнэлтийг шүүх хуралдаанаар шинжлэн судлаж, аль нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болох талаар мэтгэлцээн өрнүүлж, хэргийн бодит байдлыг тогтоох нь зүйтэй.

Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн тухай болон бусад баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг, мөн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанд гаргасан улсын яллагч, өмгөөлөгч нарын саналын үндэслэл, эсхүл түүнийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.

Өөрөөр хэлбэл, дээр дурдсанаар хэрэгт нэг мөр үндэслэл бүхий дүгнэлт хийж гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсний дараа давж заалдах шатны шүүх тухайн асуудлуудаар дүгнэлт хийх нь хуульд нийцнэ гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Х.А, түүний өмгөлөөгч О.Санчирбал, Э.Ганбат, С.Оюунцэцэг, хохирогчийн өмгөөлөгч Э.Батжаргал нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудад хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдаж байна.

Шүүгдэгч Х.Аод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/487 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.

2. Шүүгдэгч Х.Аод урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                Ц.МӨНХТУЛГА

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР