| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хасбаатарын Ганболд |
| Хэргийн индекс | 167/2018/00101/э |
| Дугаар | 111 |
| Огноо | 2018-08-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Энхням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 08 сарын 13 өдөр
Дугаар 111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Ганболд даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Бүжмаа,
Улсын яллагчаар хяналтын прокурор С.Энхням,
Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар Дорноговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Э-д холбогдох эрүүгийн .... дугаартай хэргийг 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Б.Э
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд дурдсанаар/
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр.... тоотод иргэн Б.Бтэй маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн талаар болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бтэй Ягийнд архи ууж байгаад маргалдаад 2 удаа цохьсон. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан. Хохирогчтой сар болгон 200 000 төгрөг өгөхөөр тохирсон гэв,
Шүүгдэгч Б.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: "...Б бид 2 нойл ороод би Бийн нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохьсон ...” гэсэн мэдүүлэг / хх-ийн 28 дугаар хуудас/,
Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б намайг уулзья гээд нойл руу дагуулаад би эхлээд ороод эргээд харсан чинь Б шууд миний нүдрүү нэг цохихоор нь миний нүд юм харахаа болиод хамгаалсан чинь Б намайг хэд хэд цохихоор нь би гарыг нь бариад одоо болио чи гээд бариад авсан чинь Б болиод би нүүрээ толинд хараад байж байсан Я, Д 2 хаалга нээгээд Б цуг гарсан..." гэсэн мэдүүлэг/хх-ийн 7-8 дугаар хуудас/,
Гэрч З.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б, Баа 2 хоёулаа ярилцаад нойлд орж учраа ололцъё гээд нойл ороод хаалгаа хаагаад түс тас гээд чимээ гарахаар нь Я бид 2 хаалгыг татаж нээгээд гаргаж ирсэн чинь Бийн хамарнаас нь цус гарчихсан, Баад ил харагдах шарх сорви байхгүй байхаар нь яаж байгаа юм гэж хэлээд Бийн хамрыг угаасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,
Гэрч Б.Ягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б.Бийг чирээд нойл руу уулзая гээд ороод түжигнээд байхаар нь би араас нь орсон чинь Бийн нүдийг цохьсон байртай Бийн нүднийх нь тэндээс цус гарч байхаар нь ...Бийн нүүрийг угаалгаад... гаргаад явуулсан... Баатай саяхан таараад нэрийг нь асуусан чинь Э гэдэг гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлтэнд: “...Б.Бийн биед тархи доргилт, баруун нүдний дотор салстын цус харвалт, баруун зүүн нүдний дээд, доод зовхины цус хуралт, зүүн нүдний доод зовхины зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Б.Бийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийт түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.Бийн биед учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэжээ /хх-ийн 22 дугаар хуудас/,
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/,
Хохирогч, яллагдагч нар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар тохиролцсон баримт зэргийг шинжлэн судлав.
Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр.... тоотод иргэн Б.Бтэй маргалдан нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу олж авсан нотлох баримтууд болох Шүүгдэгч Б.Эийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Бтэй Ягийнд архи ууж байгаад маргалдаад 2 удаа цохьсон. Хохирогчийн биед би гэмтэл учруулсан. Хохирогчтой сар болгон 200 000 төгрөг өгөхөөр тохирсон гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б намайг уулзья гээд нойл руу дагуулаад би эхлээд ороод эргээд харсан чинь Б шууд миний нүдрүү нэг цохихоор нь миний нүд юм харахаа болиод хамгаалсан чинь Б намайг хэд хэд цохихоор нь би гарыг нь бариад одоо болио чи гээд бариад авсан чинь Б болиод би нүүрээ толинд хараад байж байсан Я, Д 2 хаалга нээгээд Б цуг гарсан..." гэсэн мэдүүлэг, Гэрч З.Дийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бийн хамарнаас нь цус гарчихсан, Баад ил харагдах шарх сорви байхгүй байхаар нь яаж байгаа юм гэж хэлээд Бийн хамрыг угаасан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Ягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бийн нүдийг цохьсон байртай Бийн нүднийх нь тэндээс цус гарч байхаар нь ...Бийн нүүрийг угаалгаад... гаргаад явуулсан... Баатай саяхан таараад нэрийг нь асуусан чинь Э гэдэг гэж хэлсэн..." гэсэн мэдүүлэг, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн ... дугаартай дүгнэлт зэргээр тогтоогдож байна гэж үзлээ.
Иймд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Б.Эад холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч Т овогт Б.Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Эад холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар санал гаргасан ба шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын хэм хэмжээ зэргийг харгалзан ялын саналын хүрээнд түүнд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 10 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, эдлэх ялаас 80 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг хасч, эдлэх ялыг 220 / хоёр зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоох нь зүйтэй байна.
Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ “ Би хохирлын 800 000 төгрөгөө авчихвал өөр санал хүсэлтгүй, сар бүрийн 15-ны өдөр 200 000 төгрөг авахаар тохиролцов” гэсэн байх тул шүүгдэгчээс 800 000 төгрөгийг гаргуулж тохиролцсон хуваарь, хэмжээний дагуу хохирогчид олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Эад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрийг нөхөн төлөхөө илэрхийлсэн байдлыг ял шийтгэл хөнгөрүүлэх нөхцөлд тооцлоо.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Эыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эад 300 / гурван зуу / цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эын цагдан хоригдсон 10 хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын 80 цагаар тооцож, эдлэх ялыг 220 / хоёр зуун хорь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.
4. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь 220 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Б.Эад холбогдох хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Эаас 800 000 төгрөгийг 4 сарын хугацаанд сар бүр 200 000 төгрөгөөр гаргуулж хохирогч Б.Бт олгосугай.
7. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Эад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ГАНБОЛД