Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ДШМ/06

 

                                                                                                                                                        

 

У.А-Э, Б.Ц, С.Б,

О.О, Э.Ц, Д.Ө, Ш.А

                          нарт  холбогдох эрүүгийн хэргийн тухай

        Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Наранчимэг даргалж, шүүгч А.Сайнтөгс, Ерөнхий шүүгч О.Однямаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

          прокурор Т.Нансалмаа,

насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-Э, түүний өмгөөлөгч Ц.Гансүх, П.Наранхүү,           

   шүүгдэгч У.А-Э, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Г.Энхжаргал,

           шүүгдэгч Э.Ц өмгөөлөгч А.Очбадрал,

           шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Э.Ганбат,  Б.Чинбаатар,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Бямбасайхан нарыг оролцуулан,          

        Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхмандах даргалж шийдвэрлэсэн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/29 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгч Э.Ганбат, шүүгдэгч У.А-Э, түүний өмгөөлөгч Ч.Баднайнямбуу, Г.Энхжаргал нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч У.А-Э, Б.Ц, С.Б, О.О, Э.Ц, Д.Ө, Ш.А нарт холбогдох 2117000550053 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч О.Однямаагийн илтгэснээр  хянан хэлэлцэв.

        Монгол Улсын иргэн, 1984 оны - дүгээр сарын -нд Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн - ажилтай, ам бүл -, эхнэр, хүүхдүүдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, хувийн байрны байрны - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт У А-Э,

         Монгол Улсын иргэн, 1967 оны - дугаар сарын -нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн - ажилтай, ам бүл -, нөхөр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Б Ц,

          Монгол Улсын иргэн, 1975 оны - дүгээр сарын -нд Дорноговь аймгийн Мандах суманд төрсөн, 49 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт - ажилтай, ам бүл -, нөхөр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт С Б,

          Монгол Улсын иргэн, 1980 оны - дүгээр сарын -нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт - ажилтай, ам бүл -, нөхөр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дүгээр баг, - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх А овогт О О,

          Монгол Улсын иргэн, 1988 оны - дугаар сарын -нд Дундговь аймгийн Г-У суманд төрсөн, - настай, эмэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай тусламжийн эмч ажилтай, ам бүл -, нөхөр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг- тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Э Ц,

         Монгол Улсын иргэн, 1990 оны - дугаар сарын -нд Дундговь аймгийн Ө суманд төрсөн, - настай, эрэгтэй, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт мэдээгүйжүүлгийн эмч ажилтай, ам бүл -, эхнэр, - хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Б овогт Д Ө,

        Монгол Улсын иргэн, 1986 оны - дугаар сарын -нд Дундговь аймгийн Г суманд төрсөн, - настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, хүний бага эмч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт рентген техникч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын - дугаар баг, - тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй гэх Я овогт Ш А.

          Яллагдагч У.А-Э нь Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 6.2-т Эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, ажилтны хэрэгцээг тооцож, сул орон тоог нөхөх, ажилтныг мэргэжил, албан тушаалын хувьд ахиулах төлөвлөлт (карьер)-ийг ойрын болон дунд хугацаагаар хийж, эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу ажлын байрны тодорхойлолтыг байгууллагын бүх албан тушаал, мэргэжлээр гаргаж, өөрчлөлт ороогүй тохиолдолд 3 жил тутамд, өөрчлөлт орсон тухай бүрд шинэчлэн, шинээр тасаг, нэгж, ажлын байр үүссэн тухай бүрд шинээр боловсруулан баталгаажуулна. 6.8-т Ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, сэлгэх, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ цуцлах, хариуцлага хүлээлгэх, нөхөн төлбөр олгох, ажил амралтын цагийн зохицуулалт, ажилтан хоорондын болон удирдах албан тушаалтан, ажилтан хоорондын харилцаа, ажилтны санал, гомдол шийдвэрлэлт зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, шийдвэрийг баталгаажуулан ил тод мэдээлнэ. MNS 4621-5:2008 “Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдэл, стандартын 2.1.1-т MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын хавсралт А-ын 1.2 буюу “хууль, журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ”, Эрүүл мэндийн Сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 9.2-т “Эрүүл мэндийн удирдах ажилтан нь иргэд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарч ажиллана.”, 9.4-т “Эрүүл мэндийн удирдах ажилтан нь давуу байдлаа ашиглан, албан тушаалын тодорхойлолтын хүрээнээс хэтэрч, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний нэр төрийг өргөж үлгэрлэн манлайлж ажиллана", Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан,

          Яллагдагч Б.Ц нь Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 8.2-т “Тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал болон холбогдох тушаал шийдвэр, албан даалгавар, стандарт, эмнэл зүйн заавар, удирдамж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцно.”, 8.4-т “Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрэлт, хэрэгцээ, өргөдөл, гомдлын мөрөөр хяналт хийнэ.”, Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/565 тоот тушаалаар батлагдсан дүрмийн 2.4.1 буюу “эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны орон тооны бус гишүүн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь тухайн байгууллагын эмнэл зүйн үйл ажиллагаатай холбоотой талуудын уялдаа холбоог ханган, хамтран ажиллах үүргийг хэрэгжүүлнэ", MNS 5665-5:2006 "Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ" стандартын 15.1-т MNS 6206:2010 "Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5.1 буюу ерөнхий эмч нь мэдээгүйжүүлэг хийх эмчийг журмын дагуу томилж ажиллуулна", MNS 4621-5:2008 "Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдэл" стандартын 2.1.1, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан,

           Яллагдагч С.Б нь Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 8.2-т "Тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал болон холбогдох тушаал шийдвэр, албан даалгавар, стандарт, эмнэл зүйн заавар, удирдамж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцно.”, 8.4-т, Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрэлт, хэрэгцээ, өргөдөл, гомдлын мөрөөр хяналт хийнэ.”, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/565 тоот тушаалаар батлагдсан дүрмийн 2019 оны А/565 тоот тушаалын нэгдүгээр хавсралт "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам"-ын 3.6 болон 3.9 дахь заалтыг мөрдөөгүй, дээрх журмын хоёрдугаар хавсралтын 2.1.1.2-т зааснаар “хүний нөөцийн хангамж хүртээмж, мэргэшсэн байдлын эрсдэлийг үнэлэн, илрүүлж эмнэлгийн удирдлагын багт мэдээлэн тухайн эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаагүй”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан,

         Яллагдагч О.О нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн нэгдүгээр жижүүр эмчээр ажиллаж байхдаа Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.1.8-т "Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношлогоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна", 12.1.10-т "Яаралтай мэс засал, хавсарсан хүнд гэмтлийн тусламж, үйлчилгээг холбогдох дүрэм журам, заавар, хөтчид заасан хугацаанд хийсэн байна”, MNS 6206:2010 "Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг" стандартын 7-т "Мэргэшсэн эмч сувилагчгүй байх нь ерөнхий мэдээгүйжүүлэг хийх эсрэг заалт" 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам 13.6, 13.7, 13.8, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн ажиллах журам, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тухайн ээлжийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа сахилга хариуцлага, эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан зохион байгуулж ахлан ажиллах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан,

         Яллагдагч Э.Ц нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.16.2-т “Мэдээгүйжүүлэлтийг батлагдсан стандарт, заавар, удирдамжийн дагуу гүйцэтгэж, өвчтөний биеийн байдалд хяналт тавин, өвчний түүхэнд тэмдэглэнэ”, 12.16.4-т “Яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана”, мөн дээрх стандартын хавсралтын А-ын 1.2-т “Зөвхөн хууль журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.”, MNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэгийг мэргэшсэн мэдээгүйжүүлэгч эмч, мэргэшсэн сувилагчийн хамт техникийн ажилтны оролцоотойгоор тусгай тоноглогдсон өрөөнд гүйцэтгэнэ. Тухайн эмнэлгийн ерөнхий болон ахлах эмчийн баталсан журмын дагуу тухайн томилогдсон эмч мэдээгүйжүүлгийг явуулна. Ерөнхий хийсэн явцын тухай мэдээгүйжүүлгийн карт хөтөлж өвчний түүхэнд хавсаргана”, MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ” стандартын 15.1-т “Клиникийн болон аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын мэс засалч, туслах, хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, мэдээгүйжүүлэгч сувилагч бүрэлдэхүүнтэй хийнэ”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй” гэж заасныг тус тус мөрдөж ажиллагаагүй, дээрх стандарт, дүрэм журам, хуулийг зөрчиж мэдээгүйжүүлэх эмчийн эрхгүй атлаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд мэдээгүйжүүлэгч эмчээр орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-Э эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан, 

            Яллагдагч Д.Ө нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэгийн эмчээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” стандартын 12.16.2-д “Мэдээгүйжүүлгийг батлагдсан стандарт, заавар, удирдамжийн дагуу гүйцэтгэж, өвчтөний биеийн байдалд хяналт тавин, өвчний түүхэнд тэмдэглэнэ”, 12.16.4-т “Яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана”, МNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5 дугаар бүлэгт заасан “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэгийг мэргэшсэн мэдээгүйжүүлэгч эмч, мэргэшсэн сувилагчийн хамт техникийн ажилтны оролцоотойгоор тусгай тоноглогдсон өрөөнд гүйцэтгэнэ. Тухайн эмнэлгийн ерөнхий болон ахлах эмчийн баталсан журмын дагуу тухайн томилогдсон эмч мэдээгүйжүүлгийг явуулна. Ерөнхий хийсэн явцын тухай мэдээгүйжүүлгийн карт хөтөлж өвчний түүхэнд хавсаргана” гэж заасныг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалын тодорхойлтод заасан чиг үүргийг тус тус мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам, хуулийг зөрчсөний улмаас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд хуваарийн дагуу орох ёстой байтал мэдээгүйжүүлэгч эмчээр ороогүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-Э эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан,

          Яллагдагч Ш.А нь Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.1.5-т “Үзлэг, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө”, 12.1.6-д “үйлчлүүлэгчид оношлогоо, эмчилгээний үйлдэл, ажилбар, мэс засал хийхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн өөрөө болон үзүүлэх гэж байгаа тусламж үйлчилгээний байдлаар товч танилцуулж, холбогдох журмын дагуу зөвшөөрөл авсан байна”, 12.1.10-т “Яаралтай мэс засал, хавсарсан хүнд гэмтлийн тусламж, үйлчилгээг холбогдох дүрэм, журам, заавар, хөтчид заасан хугацаанд хийсэн байна”, MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ” стандарт, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д, 14.6-д, 18.1-д, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн сувилагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагааны журмыг тус тус мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журмыг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд орох мэс заслын багийг дуудахдаа хуваарийн дагуу орох ёстой байсан эмнэлгийн мэргэжилтнийг дуудалгүй дур мэдэн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасан нэгдүгээр жижүүр эмчийн зааварчилгаагүйгээр хагалгаанд орох эрхгүй эмчийг дуудаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-Э эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ. 

             Говьсүмбэр аймгийн прокурорын газраас: Шүүгдэгч  У.А-Э, Б.Ц, С.Б, О.О, Э.Ц, Д.Ө, Ш.А нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

                Анхан шатны шүүх: Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Ц, Б овогт С Б, А овогт О О, Я овогт Ш А нарын үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Б овогт У А-Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Э Ц Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б овогт Д Ө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-Э эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ц эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Ө эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-Э оногдуулсан 7000 /долоон мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 7 000 000 /долоон сая/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Э.Ц оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг, шүүгдэгч Д.Ө оногдуулсан 10 000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10 000 000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг тус бүр 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч У.А-Э, Э.Ц, Д.Ө нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.А-Э оногдуулсан эмчлэх эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч Э.Ц оногдуулсан эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг, шүүгдэгч Д.Ө оногдуулсан эмчлэх эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасах ялыг тэдгээрт торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолж, шүүгдэгч У.А-Э, Б.Ц, С.Б, О.О, Э.Ц, Д.Ө, Ш.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч У.А-Э, Э.Ц, Д.Ө нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох 3 273 000 /гурван сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөгийг шүүгдэгч У.А-Э, Э.Ц, Д.Ө нараас хувь тэнцүүлж буюу шүүгдэгч тус бүрээс 1 091 000 /нэг сая ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч буюу Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгээс, талийгаач Б.Н-Э оршуулгын зардал болох 10 128 653 /арван сая нэг зуун хорин найман мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-Э олгож,  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-Э нь сэтгэцэд учирсан хохирлоо нотлох баримт бүрдүүлсний эцэс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний хариуцагч буюу Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг болон шүүгдэгч У.А, Э.Ц, Д.Ө нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дотроо шаргал өнгийн шингэнтэй 20 гр шифриз 1 ширхэг, дотроо тунгалаг өнгийн бага зэргийн шингэнтэй 10 гр шприз 1 ширхэг, 2.5 гр шприз 2 ширхэг, Тиопентал натри 1г гэсэн бичиглэл бүхий бага зэргийн шингэнтэй шил 1 ширхэг, Дексаметазон-Ферейн 1 мл хүрэн өнгийн шил 1 ширхэг, Адреналин 1 мг гэсэн бичиглэл бүхий хүрэн өнгийн шил 3 ширхэг, atropine injection 1 мг гэсэн бичиглэл бүхий тарианы шил 2 ширхэг, fentanyl citrate injection 2 мг гэсэн бичиглэл бүхий тарианы шил 1 ширхэг зэргийг устгуулахаар Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст шилжүүлж, шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц, С.Б, О.О, Ш.А нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч У.А-Э, Э.Ц, Д.Ө нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

                Шүүгдэгч У.А-Э давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө манай эмнэлэг дээр харамсалтай үйл явдал болсон. Ар гэрээс нь уучлалт гуйж, харамсаж байгаагаа хэлмээр байна. Намайг анхан шатны шүүхээс зөвшөөрөлгүй эмчийг хагалгаанд оруулсан байна гэж буруутгаж байгаа. Эмнэлгийн ерөнхий эмчийн хувьд үйл ажиллагааны үүрэг нь үйл ажиллагаагаа төлөвлөх, хуваарь гаргах, зохион байгуулалтыг хангаж ажиллах үүрэгтэй байдаг. 2021 оны 06 дугаар сарын ажлын бус цагаар ажиллах эмч нарынхаа дуудагдах хуваарийг батлан мөрдөн ажиллаж байсан. Тухайн хуваарьт мэдээгүйжүүлэлтийн эмч Д.Ө дуудагдаж ажиллахаар хуваарьт орсон байгаа. Уг хагалгаанд Д.Ө эмч оролцохоос татгалзаад өөрийнхөө оронд Э.Ц эмчийг оролцуулж утсаар зааварчилгаа, зөвлөгөө өгсөн байдаг юм. Энэ талаарх мэдээллийг Д.Ө эмч Э.Ц эмчтэй солигдож орж байгаа талаар эмнэлгийн удирдлагуудад мэдээлээгүй. Харин хагалгаа дууссаны дараа шөнийн 01 цагт эмнэлгийн удирдлагуудад мэдээлсэн. Тэгэхээр энэ хагалгааны явцад мэргэжлийн бус хүнийг оролцуулсан гэх үндэслэл байхгүй гэдгээ хэлмээр байна. Хоёрдугаарт Э.Ц эмчийг хагалгаанд ор гэсэн миний зүгээс гаргасан тушаал, шийдвэр огт байхгүй. Энэ хагалгааны тухайд ямар ч хүний хувьд хагалгаанд хүүхдээ хөтлөөд, дагуулаад ороод ирнэ, хүүхэд маань ухаан саруул, эрүүл, мухар олгойн үрэвсэл гэж оношлогдоод хагалгаанд орсон. Хагалгааны үеэр тухайн хүүхэд маань нас барсан, маш их харамсалтай үйл явдал. Гэвч эмнэлгийнхээ хувьд шинжээчийн дүгнэлтээр нотлогдсон байгаа, энэ бол эмч нарын алдаа дутагдал биш, энэ бол анафилаксийн шок юм гээд 5 шинжээчийн дүгнэлтээр батлагдсан байгаа. Хавтаст хэргийн шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 тоот дүгнэлт, шинжээч Л.Ж мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 110 тоот дүгнэлт, мөн хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 653 тоот дүгнэлтүүдээр батлагдаж байгаа юм. Анафилаксийн шокоор энэ хүүхэд маань нас барсан юм байна. Анафилаксийн шок гэдэг маань гаднаас харшилж болох бодис орж ирээд судсыг тэлээд бүх амин эрхтний дутагдалд оруулаад богино хугацаанд хүүхдийг нас барах шалтгаанд хүргэсэн. Шинжээчийн дүгнэлтэд зааснаар анафилаксийн шок тухайн эмчээс үл хамааран орох явцдаа амь насанд аюултай урвал үзүүлдэг. Хоёрдугаарт нь эмийн тун найрлага буруу хийгдээгүй, эмч нар стандартад заагдсан эм, тариагаа тун хэмжээгээр нь хийсэн байсан. Ижил төрлийн эм хэрэглэж байгаад Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг байна уу, Улаанбаатар хотын эмнэлэг ч байсан ижил төрлийн эм тариа хэрэглэдэг болохоор анафилаксийн урвал хаана ч байсан гарна, ийм урвал гарсан нь эмч нарын алдаа байхгүй гэж үзэж байгаа. Миний зүгээс дарга удирдлагын хувьд мэргэжлийн бус хүнийг оруулах тушаал, шийдвэр гаргаагүй, 06 дугаар сард ажлын бус цагаар мэс заслын багт хэн, хэн ирж дуудагдах вэ гэсэн хуваарь гаргасан, тэр хуваарийнхаа дагуу мөрдөж ажиллаж байсан. Уг хуваарийн дагуу ажиллах ёстой эмч нь өөрийн шийдвэрээр өөр хүнийг оруулсан гэж мэдүүлэгтээ өгсөн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буруутгаж байгаа хууль зүйн нотлох баримт үндэслэлгүй гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгч У.А-Э өмгөөлөгч Ч.Баднайнямбуу давж гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь гэм буруугийн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлээгүй, эсхүл зохих ёсоор үзүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйдээ санаатай, харин хохирол, хор уршигт болгоомжгүй хандсан шинжтэй байдаг. Мөн эмч, эмнэлгийн байгууллагын ажилтан нь хуулиар хүлээсэн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ санаатай зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирогчийн эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан шалтгаант холбоотой байхыг шаарддаг. Гэтэл У.А-Э Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 6.2, 6.8, MNS 4621-5:2008 "Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдэл, стандартын 2.1.1-т MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын хавсралт А-н 1.2, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-н 9.2, 9.4, мөн Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг мөрдөж ажиллаагүй гэж буруутгаж байгаа ч түүний дээрх үйлдлийн улмаас талийгаач Б.Н-Э амь нас хохирсон гэж үзэх боломжгүй, шууд шалтгаант холбоогүй байна. Учир нь У.А-Э нь 2021 оны 06 дугаар сард ажлын бус цагаар дуудагдан ажиллах эмч нарын хуваарийг баталсан байдаг бөгөөд уг хуваарийн дагуу мэдээ алдуулалт бүхий хагалгаанд мэдээгүйжүүлэлтийн эмч Д.Ө нь ажиллахаар хуваарьтай байсан байна. Хэрэв У.А-Э зүгээс хуваарь гаргахдаа Д.Ө оронд Э.Ц хагалгаанд оруулахаар хуваарь гарган мөрдүүлж улмаар уг хуваарийн дагуу Э.Ц мэдээгүйжүүлэлтийг буруу хийж хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учирсан бол У.А-Э буруу болох юм. У.А-Э болон Э.Ц, Д.Ө нарын мэдүүлэг болон дээр дурдсан 6 сарын хуваарийн дагуу Д.Ө нь бүтэн унтуулгатай хагалгаанд улаан бүсээс гарч ирж орж байхаар ажил үүргийг зохицуулсан байх бөгөөд Д.Ө нь улаан бүсэд байх хугацаандаа бүтэн унтуулгатай хагалгаандаа 6 сарын хуваарийн дагуу орж байсан байна. Харин Э.Ц нь бүтэн унтуулгагүй буюу хэсгийн мэдээ алдуулалт нугасны мэдээ алдуулалт бүхий хагалгаанд 1-2 удаа орж байжээ. Өөрөөр хэлбэл У.А-Э нь Д.Ө хуваарийг өөрчлөлгүй түүнийг хагалгаандаа орж байхыг үүрэг болгосон байхад Д.Ө нь 2021 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө Б.Н-Э хагалгааг хийхэд өөрөө гарч ирж оролгүй Э.Ц утсаар заавар зөвлөгөө өгч хагалгаа хийлгэсэн байдаг. Ингэхдээ Э.Ц, Д.Ө хоёрын хэн нь ч У.А-Э энэ талаар хэлж мэдэгдээгүй, нас барсны дараа болсон үйл явдлын талаар хэлсэн байх тул У.А-Э хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж буруутгах боломжгүй. Түүний ямар буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс болж хохирогч нас барсан гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байгаагаас гадна ямар нэгэн шалтгаант холбоо тогтоогдохгүй байна. Хэрэв хохирогчийн хагалгааны талаар өмнө нь У.А-Э мэдэгдсэн ч тэрээр хагалгаанд Э.Ц оруулсан бол түүнийг буруутгах нь дамжиггүй. Гэвч дээр дурдсанаар хагалгааны талаар түүнд хэн ч мэдэгдээгүйгээс болж Д.Ө хуваарийн дагуу оруулах зохих арга хэмжээ авхуулаагүй өөрсдөө утсаар холбогдон хагалгаанд орсон болохоо мэдүүлсээр байхад хохирогчийн нас барахад гэм буруутай хэмээн буруутгах боломжгүй, тэрээр хохирогчийн амь насыг хохироход хүргэсэн ямар ч санаатай үйлдэл, эс үйлдэхүйг хийгээгүй байна.

           Мөн У.А-Э буруутгаж байгаа гэмт хэрэг дээр дурдсанаар санаатай гэмт хэрэг юм. Гэтэл түүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр өвчтөнд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохих ёсоор үзүүлэх үүргээ санаатай зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Тийм ч учраас прокурор яллах дүгнэлтийнхээ 8 дугаар хуудсанд "яллагдагч У.А-Э ...нар нь Монгол улсын хүчин төгөлдөр үйлчилж буй холбогдох хууль, журам, стандарт, дүрмийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаа хийж амь насыг нь хохироохдоо гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирол, хор уршигт хүргэсэн байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна" гэжээ. Өөрөөр хэлбэл У.А-Э эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ санаатайгаар үзүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэл байхгүй учраас улсын яллагчийн зүгээс гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Хэрэв гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр хохирол, хор уршигт хүргэсэн гэж үзэж байгаа тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх хууль зүйн үндэслэлгүй юм.

            Шүүхээс хохирогчийн амь насаа алдах болсон шалтгаан нөхцөлийг үндэслэл бүхий дүгнэж чадаагүй гэж үзэж байна. Талийгаач Б.Н-Э нь Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт 2021 оны 06 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01 цагийн орчим мухар олгойн хагалгаанд орж байхдаа түүний биед мэс заслын үед унтуулах зорилгоор хэрэглэсэн эмийн бодист хүүхдийн бие харшилж анафилаксийн шок үүсч нас барсан болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Тухайлбал Говьсүмбэр аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн № 15 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 7-д “ ... Б.Н-Э нь мухар олгой авах мэс ажилбарын явцад эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас нас баржээ" гэсэн дүгнэлт. Шинжээч Л.Ж “анафилаксийн шок гэдэг нь хэт мэдрэгшлийн ерөнхий урвал бөгөөд харшил төрүүлэгч буюу аллергин шууд цусанд орсноос /эмийн  бодисыг судсанд тарих/ медиатарын нөлөөгөөр судас өргөсөж цусны эргэлтэд хямралд орж артерийн даралт огцом унаж үхэлд хүргэдэг эмгэг юм. Энэ тохиолдолд Б.Н-Э биед мэс заслын үед унтуулах зорилгоор хэрэглэсэн эмийн бодист хүүхдийн бие харшилж шууд үхэлд хүргэсэн байна. Мэдрэгшлийн буюу анафилаксийн шок гэдэг нь маш хурдан явцтай хүний амь нас хэдхэн минут секундээр хэмжигддэг эмгэг юм. Иймээс ямар нэгэн эмийн бодис судсанд орсон даруйд үүсч шинж тэмдэг нь илэрдэг. Анафилаксийн шок үүссэн тохиолдолд амь насыг аврахад хэцүү“ гэсэн мэдүүлэг. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн №110 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 10-д “Талийгаачид яаралтай хагалгаа хийх үед гарсан хүндрэлийн үед амь насыг аврах яаралтай тусламжийг үзүүлсэн байх боловч амь нас аврагдах боломж муу байжээ” гэсэн дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдөр № 653 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 11-д “Анафилаксийн шок гэдэг нь хүний бие махбодыг хүчтэй мэдрэгшүүлсэн аллергений эсрэг биеийн оролцоотой түргэн илрэх урвалаар явагддаг, олон эрхтэн тогтолцоог хамарсан эмнэл зүйн хүнд шинж тэмдгээр илэрдэг, амь насанд аюултай байдал юм", мөн дүгнэлтийн 19-д “Анафилаксийн шок нь мэдээгүйжүүлгийн нарийн мэргэжлийн эмч орсон эсэхээс үл хамааран үүсэх бөгөөд ижил төрлийн эм тариа хэрэглэж байгаа тул эмийг хэн хийснээс үл шалтгаална. Анафилаксийн шок нь өвчтөний бие махбодоос тухайн эмийн бодисын аль нэг бүрдэл хэсэгт, эсвэл тухайн эмэнд бүхэлд нь үзүүлж буй хариу урвал юм", мөн дүгнэлтийн 23-д "...Дараагийн шатны эмнэлэгт хүргэсэн тохиолдолд ч Монгол улсад мэдээгүйжүүлэгт хэрэглэдэг мэдээгүйжүүлгийн эмийн бодисууд ижил тул хүний аминд аюултай анафилаксийн шок үүсэх эрсдэл хэвээр байх болно” гэсэн дүгнэлт болон хавтас хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл амь хохирогчийн нас барах шалтгаан нь хагалгаанд Д.Ө оронд Э.Ц орсноос болж л нас барсан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй. Хэрэв Э.Ц нь Д.Ө оронд хагалгаанд орохдоо унтуулгын бодисын тун хэмжээ найрлагыг буруу хийснээс болж өвчтөн харшилж нас барсан бол, шоконд орсон өвчтөнд шаардлагатай арга хэмжээг буруу авсан бол хохирогчийн амь насаа алдсан хор уршиг болон эмч нарын эмнэлгийн тусламж үйлчилгээг буруу үзүүлсэн үйлдэл хоёрын хооронд шууд шалтгаант холбоо үүснэ. Гэтэл шинжээчдийн удаа дараагийн дүгнэлтүүдээр унтуулгыг хэн хийснээс бус зөвхөн маш ховор тохиолддог шокийн улмаас нас барсан болохыг, мөн Э.Ц нь унтуулгын бодисын хэмжээ найрлага тунг зөв буюу ямар нэгэн алдаа гаргаагүй болохыг, мөн дараа дараагийн шатны эмнэлэгт хандсан ч унтуулгын бодис нэгэн ижил тул энэхүү эрсдэл байхыг тус тус тогтоосон байхад шүүхээс У.А-Э болон бусад шүүгдэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан мэтээр дүгнэлт хийж байгаа нь үндэслэлгүй. Анхан шатны шүүхээс У.А-Э хохирогчийн амь насаа алдсанд гэм буруутай гэж үзэхдээ нотлох баримтаар шүүгдэгч У.А-Э, Э.Ц, Д.Ө, Ш.А нарын мэдүүлэг, мөн гэрч М.М, Д.Д, Д.О нарын мэдүүлэг болон Эмнэлгийн чанар аюулгүй байдлын салбар зөвлөлийн 2023 оны 07 дүгээр сарын 12-ны өдрийн 09/23 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргийг үндэслэжээ. Гэтэл цагаатгах талын нотлох баримт буюу шинжээч Л.Ж "Б.Н-Э нь мухар олгой авах мэс ажилбарын явцад эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас нас баржээ" гэсэн 2021 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай дүгнэлт, шинжээч Г.Э, Ө.С, О.Б нарын "Мэс засалд орохын өмнө мэдээгүйжүүлгийн эм, тарианы харшлын сорил тавихгүй бөгөөд ийм стандарт журам байдаггүй. Талийгаач Б.Н-Э тарьсан унтуулгын тарианы тунг хэмжээ түүний жинд тооцон зөв дэс дарааллаар тарьсан байх бөгөөд энэ нь өвчний түүхийн мэдээгүйжүүлгийн явцын тэмдэглэлд тусгагдсан байна" гэсэн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан 2022 оны 02 дугаар сарын 01-ны өдрийн 110 дугаартай дүгнэлт, шинжээч М.Э, Ч.Э, М.А, Л.С, Н.Ба нарын 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр хийсэн "МУ-д унтуулга хийх "Цагаан мөгөөрсөн хоолойд гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг -MNS6206:2010 стандартыг мөрддөг ба энэ стандартаар унтуулгын тарианд харшлын сорил хийхгүй. Өвчний түүхийн мэдээгүйжүүлгийн хуудсанд тэмдэглэсэн эмийн бодисуудын тун хэмжээнээс харахад талийгаач Б.Н-Э MNS6206 : 2010 стандартын дагуу эмийн тун хэмжээг зөв тохируулан сонгосон байх ба хийсэн дараалал зөв байна, MNS6206 : 2010 стандартад тусгаснаар "Ерөнхий мэдээгүйжүүлгийн явцад ....тархины бор гадарга болон тархины үхэл, зүрх зогсох, харшил, шок, бронхоспазм, ларингаспазм, өвчтөн нас барах" зэрэг олон төрлийн хүндрэл гарч болно. Анафилаксийн шок гэдэг нь хүний бие махбодыг хүчтэй мэдрэгшүүлсэн аллергений эсрэг IgE эсрэг биеийн оролцоотой түргэн илрэх урвалаар явагддаг, олон эрхтэн тогтолцоог хамарсан, эмнэлзүйн хүнд шинж тэмдгээр илэрдэг, амь насанд аюултай байдал юм. Олон улсын тоо баримтаас үзэхэд 10000-20000-д 1 тохиолддог байна. Эмийн бодист хувь хүн бүр харилцан адилгүй урвал үзүүлдэг тул талийгаачид анафилаксийн шок үүсэх боломжтой, эсвэл боломжгүйг урьдчилан хэлэх боломжгүй, хагалгаа хийх үед гарсан хүндрэл буюу анафилаксийн шокын үеийн тусламж үйлчилгээг тухайн мэс засалд оролцсон эмч, сувилагч нарын баг зөв үзүүлсэн байна. Адерналин тарих, амьсгал зүрх судасны лавшруулсан дэмжлэг үзүүлэх үйлдлийг зөв хийсэн байна, мэдээгүйжүүлгийн явцын хяналтын хуудаснаас дүгнэхэд цагаан мөгөөрсөн хоолойн гуурстай ерөнхий мэдээгүйжүүлгийг стандартын дагуу үзүүлсэн байна. Стандартын дагуу тусламж үйлчилгээг үзүүлсэн ч гарч болзошгүй хүндрэлүүдийн нэг болох анафилаксийн шок үүсч амь нас эрсэдсэн байна. Дараагийн шатны эмнэлэгт хүргэсэн тохиолдолд ч Монгол Улсад мэдээгүйжүүлэгт хэрэглэдэг мэдээгүйжүүлгийн эмийн бодисууд ижил тул аминд аюултай анафилаксийн шок үүсэх эрсдэл хэвээр байх болно" гэсэн 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 653 дугаартай дүгнэлт, Эмнэлгийн даргын 2021 оны 05 дугаар сарын 31-ний өдөр баталсан ажлын бус цагаар дуудагдах хуваарь, хуваарийн дагуу Д.Ө эмчийг мэс засалд ороогүй талаар У.А-Э хэлж мэдэгдээгүй нөхцөл байдал зэрэгт бодит дүгнэлт буюу хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлтийг хийж У.А-Э гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.1-д дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байвал", 1.3-д "дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол" гэж тус тус заасан нөхцөл байдал нь хэргийн бодит байдалд нийцээгүй байх үндэслэлд хамаарна. Анхан шатны шүүхээс У.А-Э болон өмгөөлөгчид бидний зүгээс шинжлэн судалсан дээр дурдсан цагаатгах талын онцгой ач холбогдолтой бүхий нотлох баримтуудыг хэргийн үйл баримттай харьцуулан судалж нягтлан шалгаагүй, нэг бүрчлэн тал бүрээс нь бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж, дүгнэлт хийгээгүй, дээрх цагаатгах талын баримтуудыг хэрхэн няцааж байгааг, тэдгээрийг яагаад үнэлэхгүй байгаа талаараа шийтгэх тогтоолд тодорхой дүгнэхгүйгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь учир дутагдалтай юм. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан тухайн гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсвэл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж У.А-Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон түүнийг цагаатгаж өгнө үү гэв.

              Шүүгдэгч У.А-Э өмгөөлөгч Г.Энхжаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах гомдлын маань үндэслэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан эмнэлгийн хувьд гэвэл эмнэлгийн мэргэжилтний санаатайгаар тусламж үйлчилгээ үзүүлэх стандарт шаардлага, дотоод журмыг зөрчсөн түүний улмаас хохирогч нас барсан хоёрын хооронд зайлшгүй шууд шалтгаант холбоо бий болсон байхыг шаарддаг. Тухайн хэргийн хор уршиг нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотой учирсан бол шалтгаант холбоо үгүйсгэгдэнэ. Өөрөөр хэлбэл миний үйлчлүүлэгч У.А-Э хувьд эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой стандарт дүрэм, журмыг зөрчсөн үйлдэл нь 2021 оны 06 дугаар сарын 28-29-нд шилжих шөнө тус аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгааны явцад нас барсантай шууд шалтгаант холбоогүй байна. Учир нь хохирогч Б.Н-Э хагалгаанд миний үйлчлүүлэгчийн хувьд шууд оролцоогүй болох нь түүний мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг болон гэрчийн мэдүүлгээр нотлогдон тогтоогддог. Хэргийн үйл баримтаас харахад миний үйлчлүүлэгчийн үйлдэл талийгаач Б.Н-Э шаардлагатай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр үзүүлээгүй, эсхүл Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, эмчилгээ эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг санаатайгаар зөрчсөнөөс болж хохирогч нас барсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой стандарт дүрэм, журмыг зөрчсөн болох нь эмнэлгийн чанар аюулгүй байдлын салбар зөвлөлийн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 09/23 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон боловч түүний үйлдэл нь эмч, эмнэлгийн мэргэжилтний гаргасан алдаа гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Эмч, эмнэлгийн гаргасан алдааг гэмт хэрэгт тооцож болохгүй. Ийм учраас миний үйлчлүүлэгчийн эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой стандарт дүрэм, журам зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байх тул эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч эргэлзээ гарвал шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу миний үйлчлүүлэгч У.А-Э холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн давж заалдах гомдлоо дэмжиж байна гэв.

             Шүүгдэгч Д.Ө давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хэрэг болж хүүхдийн амь нас хохирсон явдалд маш их харамсаж явдаг. Хэдийгээр эмнэлзүйн хувьд ямар ч эмч тухайн хагалгаанд орсон амь насыг нь аврах боломжгүй боловч ар гэрийнхэн, ээж аавд нь хүнд хэцүү байгааг ойлгож байна. Миний бие Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчээр 9 жил 6 сар ажилласан. Залуу эмчийн хувьд эмнэлгийн байгууллагын удирдлагын шийдвэр хууль тогтоож, дүрэм журмыг баримталж ажиллаж байсан. Эмч хүний ёс зүйн хэм хэмжээг эрхэмлэж ковидын үеийн дүрэм, журмын дагуу тухайн үйлчилгээг удирдлагын амаар өгсөн болон бичгээр өгсөн үүрэг чиглэлийн дагуу ковидын улаан бүсэд үүрэг гүйцэтгэж байсан болно. Гэтэл энэ охины амь нас хохирсны дараа дарга удирдлага нар маань өөр өөрсдийнхөө ажил, нэр хүндийг хамгаалж байгаад гомдолтой байна. 2021 онд Дэлхий даяар Корона вирус идэвхтэй тархсан улс орон хөл хорио, онцгой дэглэм зарласан хүнд үе байсан. Энэ үед эмч, эмнэлгийн ачаалал ихсэж, хүн хүч дутагдсан ийм үе байсан. Удирдлагаас корона вирусны эсрэг вакцин хийлгэсэн, ачаалал даах залуу чадвартай эмч нарыг Ковидын улаан бүсэд ажиллуулж байсан. Ковидын тухай хууль, тогтоомж, зааврыг Эрүүл мэндийн сайд баталж гаргасан байгаа. Амь нас хохирсон хүүхдийн хагалгаа хийгдэх тухайн үед “Улаан бүсэд” буюу онцгой дэглэмтэй бүсэд би ажил үүрэг гүйцэтгэж байсан. Энэ үед Ковидын эрчимт эмчилгээний тасагт биеийн байдал маш хүнд өвчтөнийг зохиомол амьсгалын аппаратаар амьсгалыг нь бүрэн удирдаж байсан. Тухайн үед хүүхдийн зүрх зогслоо хурдан ир гэж байна гээд мэс заслын тасгаас сувилагч утсаар ярихад дарга удирдлагаас үүрэг өгч шийдвэр гаргасан юм байна гэж ойлгоод эмч хүний ёс зүйн хэм хэмжээнд, анафилаксийн шокын үед амь тэмцсэн байдалд ямар ч эмч очих ёстой байдаг учраас хамгаалах хувцастайгаа гарч очсон, хүүхэд нас барсан байсан. Аав ээжид нь хэлээд, удирдлагад танилцуулаад ковидын эрчимт эмчилгээнд байсан хүн руу буцаад явсан. Амь нас хохирсон хүүхэд хэзээ ямар өвчний улмаас эмнэлэгт ирсэн, ямар шийдвэр гарч хагалгаанд орсон, хагалгааны явцад юү болсон эсэхийг би мэдэхгүй. Ковидын эрчимт эмчилгээний тасгийн зохиомол амьсгалын аппаратыг Говьсүмбэр аймгийн эмнэлгийн хэмжээнд надаас өөр ажиллуулж, хянадаг ямар ч эмч байгаагүй. Энэ нь намайг “Улаан бүсэд” олон хоногоор хүнд өвчнүүдтэй ажиллах гол шалтгаан болж байсан. Тухайн үед Ковидын хууль, Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/227 дугаар тушаалыг орон даяар эмч, эмнэлгийн ажилчид мөрдөн ажиллаж байсан. Иймд миний бие ямар нэгэн тушаал шийдвэр зөрчөөгүй болно. Миний холбогдсон энэхүү асуудлыг тал бүрээс нь нягталж тухайн үед хэрэгжиж байсан Ковидын хуулиар болон бусад тушаал, захирамж шийдвэрт нийцүүлэн цагаатгаж, залуу боловсон хүчин намайг цаашид ажил хөдөлмөрөө эрхлэх боломжоор хангаж өгнө үү гэв.

            Шүүгдэгч Д.Ө өмгөөлөгч Э.Ганбат давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрийн Д.Ө холбогдох хэсгийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй болно. Мэдээгүйжүүлэгч эмч Д.Ө нь 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдөр буюу Ковид-19 цар тахлын онцгой дэглэмийг улс орон даяар баримталж, цар тахлаас урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, хууль тогтоомжууд хэрэгжиж буй үед Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн халдварын тасагт аппарат тоног төхөөрөмж /амьсгалын аппарат гэх мэт/ ашиглаж эрчимт эмчилгээ үзүүлэх үүрэг гүйцэтгэж байх үед Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт өвчтөн Б.Н-Э мэс заслын тусламж үйлчилгээ авах гэж хэвтэн эмчлүүлж байх явцдаа эмийн бодисын хэт мэдрэг урвалд орж нас барсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон байхад шүүх Д.Ө гэм буруутай үйлдлээс хохирогч нас барсан гэж дүгнэлт хийсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй болно. Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь гэм буруутай үйлдэл, хор уршиг /үхэл/ хоёрын хооронд шууд шалтгаант холбоотой байхыг шаардана. Гэтэл шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээд буюу субъектийг У.А-Э, Э.Ц эмч нар гэж зөв тогтоосон атлаа уг өвчтөнд үзлэг шинжилгээ хийх, мэс засалд орж унтуулгын бодис хэрэглээгүй, өөр албан үүргийг удирдлагаас гаргасан шийдвэрийн дагуу 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс хэрэгжүүлж улаан бүсэд онцгой дэглэм баримтлах үүрэг хүлээн ажиллаж байсан гэм буруугүй эмч Д.Ө эрүүгийн хариуцлага оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй болно. Д.Ө нь 2021 оны 06 дугаар сарын 12-оос 07 дугаар сарын 06-ны хүртэлх хугацаанд халдвартын тасагт Ковид-19 өвчнөөр өвчилсөн хүндэрсэн өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэхдээ Улсын онцгой комисс болон Эрүүл мэндийн сайдын гаргасан олон эрх зүйн акт, тушаал зааврыг мөрдөж ажиллах үүрэг хүлээсэн субъект байсан. Заримаас нь дурдвал: Эрүүл мэндийн сайдын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн А/29 тушаалаар батлагдсан “Түр заавар шинэчлэн батлах тухай” тушаал /ЭМЯ-ны вебсайтад байгаа/-ыг дагаж мөрдөж, Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль /2020.04.29/-ийн 9 дүгээр зүйлийн 9.15 дахь хэсэгт заасан короновируст халдварыг оношлох, эмчлэх, урьдчилан сэргийлэх зааврыг эрүүл мэндийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн батална гэсний дагуу батлагдсан заавар журмыг Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4.3 дахь хэсэгт заасан эмнэлгийн мэргэжилтний үүргийн дагуу /хууль тогтоомжийг мөрдөх/ ажилласан нь нотлогдож байхад өөр энгийн халдварт биш өвчин /мухар олгой/-той хүнд тусламж үйлчилгээг зохих ёсоор үзүүлээгүй гэж шүүх дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дахь хэсэгт заасан хууль ёсны зарчимд хамаарах эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй", энэ хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль /энэ тохиолдолд "Короновируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль"/-д заасан хэм хэмжээг баримтална, захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно гэсэн заалт зарчмыг хэрэглээгүй болно. Эрүүл мэндийн тухай хуульд заасан үүргээ удирдлагын онцгой дэглэмийн үед өгсөн үүрэг, хуваарийн дагуу гүйцэтгэсэн хүнийг шүүх тухайн үед түүнд огт хамааралгүй стандарт болох МNЅ5095:2017 “Мэдээгүйжүүлгийг батлагдсан стандарт, заавар удирдамжийн дагуу гүйцэтгэж, өвчтөний биеийн байдалд хяналт тавин, өвчний түүхэнд тэмдэглэнэ", яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана", "Мэдээгүйжүүлгийг мэргэшсэн эмч гүйцэтгэнэ" гэсэн өөр эмч мэргэжилтэнд буюу өвчтөн Б.Н-Э эмнэлэгт ирж Ковид-19 халдварын бус мэс заслын тусламж үйлчилгээ авах үед тусламж үзүүлэх үүрэг бүхий эмч мэргэжилтэнд хамаарах заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн /2019.09.04-ний өдрийн Эрүүл Мэндийн Сайдын тушаал №406/ 8.2-т: Эмнэлгийн мэргэжилтэн нь мөрдөгдөж буй эрх зүй, ёс зүйг баримт бичгүүдийн заалтыг чанд баримтлан ажиллана гэснийг баримтлан Хөдөлмөрийн хууль, гэрээнд заасан удирдлагаас өгсөн үүргийг биелүүлэн халдвартын улаан бүсэд ажилласан болох нь тогтоогдож, нэмэгдэл цалин хөлсөө 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 06 хүртэлх хугацаанд удирдлагын шийдвэрээр бүрэн тооцож олгосон нь нотлогдсон нь Д.Ө нь өвчтөн Б.Н-Э мэс засал хийхэд унтуулгын эмчээр оролцох ёсгүй, оролцоогүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байгаа болно. Иймд Д.Ө холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

         Шүүгдэгч Д.Ө өмгөөлөгч Б.Чинбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч болон өмгөөлөгч Э.Ганбатын гаргасан гомдлыг бүхэлд нь дэмжиж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг агуулаагүй байна гэж үзэж байгаа. Бусад гомдолтой холбогдуулан өмгөөлөгчийн санал, тайлбартай санал нэг байна. 8 хавтас 7 хүнд холбогдох энэ хэрэгт гэм буруутай гэж үзвэл анафилаксийн шок гээд шинжээчийн 3 дүгнэлт гарчихаад байхад бүгдээрээ буруутан гэсэн агуулга харагдаад байна. Энэ гэмт хэргийн шинж нь өөрөө эмнэлгийн тусламж үзүүлэх хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэсэн хоёр шинжийг агуулдаг. Энэ хэргийн хувьд хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй байна, зохих ёсоор яагаад биелүүлээгүй гэж буруутгаад байгаа дээр шинжээчийн дүгнэлт, мөн тухайн үеийн нөхцөл онцгой нөхцөл байдал байсан. Хаана ямар байдлаар ажил үүрэг гүйцэтгэж байснаар гэмт хэргийн шинж хангагдахгүй байна гэж ойлгогдох болов уу гэж бодож байна гэв.

          Шүүгдэгч Э.Ц өмгөөлөгч А.Очбадрал давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ч.Баднайнямбуу өмгөөлөгчийн гаргасан гомдол дээр тайлбар хэлье. 39.6 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан 4 өөр төрлийн шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Эхний болон хоёр дахь, гурав дахь дүгнэлтийг ижилхэн агуулгатай гаргасан. 4 дэх шинжээчийн буюу яллах дүгнэлтэд тусгагдсан шинжээчийн дүгнэлт эмнэлгийн мэргэжлийн алдаатай холбоогүй дүгнэлт байсан, орох ёсгүй юманд орсон гэдэг буюу Монгол улсын MNS 5095:2017, MNS 6206:20108, MNS 5665-5:2006 гэсэн стандартыг зөрчсөн байна гээд энэ стандартуудыг нь үзэхээр лицензгүй учраас орохгүй байсан. Эмнэлгийн эмч мэргэжилтэн ёс зүйн дүрмийг зөрчсөн гэдэг асуудлаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэтэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан энэ гэмт хэрэг эмнэлгийн мэргэжилтэн мэргэжлийн алдаа гаргахыг хэлнэ. Мэргэжлийн алдаа гэж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхдээ тунг нь хэтрүүлсэн, тунг нь багадуулсан,  нойрсуулах буюу унтуулгын тарианыхаа дарааллыг урд хойно нь оруулсан алдаа байх юм бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцогдох ёстой байсан. Гэтэл яллах дүгнэлтээр буруутгаж байгаа анхан шатны шүүх шалтгаант холбоогүй буюу ёс зүйн дүрэм зөрчсөн гэдэг байдлаар хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхэд мэтгэлцэж оролцсон. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах гэсэн боловч үйлчлүүлэгч гарын үсэг зурахгүй гэсэн. Тийм учраас давж заалдах гомдол гаргахгүй болчихоод байна шүү дээ, тэгээд би тайлбараа хэлээд байна. Хоёрдугаар үндэслэл маань харилцан зөрүүтэй хоёр нотлох баримтын нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн нотлох баримтаа анхан шатны шүүх заагаагүй. Яагаад 4 дүгнэлтээс буруутгасан ганц дүгнэлтийг авчихаад бусдыг нь яагаад нотлох баримтаар үнэлэхгүй гээд байгаа юм уу, нотлох баримт биш гээд байгаа юм уу, процессын хувьд алдаатай гээд байгаа юм уу үүнийг анхан шатны шүүх заагаагүй. Мэргэжлийн алдаа гаргасан зүйл байхгүй гэсэн дүгнэлтүүдийг бүгдийг нь тусгахгүйгээр анхан шатны шүүх шийдвэрээ гаргасан. Дээрээс нь журмаар хүнийг гэм буруутайд тооцож байгаа. Ёс зүйн дүрэм, Монгол улсын стандарт зөрчсөн гэдэг байдлаар журмаар гэм буруутайд тооцож байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Журам дотроос үүнийг зөрчих юм бол гэмт хэрэг болно шүү гэдэг байдлаар өнөөдөр эрх зүйн системд ялгаж, зааглаж өгөөгүйгээс ийм нөхцөл байдал үүсэж байна. Ёс зүйн дүрмийг хүнтэй хэрэлдлээ гэдэг байдлаар ч юм уу, ганцхан дүрэм зөрчсөн байдаг ч юм уу, өөр нэг ялимгүй зөрчил гаргаад л холбогдуулаад оруулаад ирэхэд үүнийг гэмт хэрэг болгох шинжтэй байдлаар хүнийг яллаж байгаа шүү дээ. Тэгэхээр энэ ёс зүйн журам болон бусад журмууд дээр заагдсан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдийг ялгаж салгаад энэ нь гэмт хэрэг байна гэдэг байдлаар оруулж ирсэн зүйл байхгүй, орох ёсгүй юманд орсон гэдэг байдлаар ялласан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлд гэм буруугүйгээр энэ хуульд заасан хор уршиг учруулсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй гээд заачихсан байгаа. Би бол гэм буруугүйгээр хор уршиг учруулсан гэж үздэг, яагаад гэхээр мэргэжлийн алдаа гаргаагүй. Яагаад орчихсон юм бэ гэдэг асуудал яригдаад байна, тухайн үед хүүхдийн биеийн байдлыг илаарьшуулаад эмчилгээ хийх боломжтой байсан гэдэг байдлаар тайлбар хэлээд байна, шинжээчийн дүгнэлт дээр байгаа. Шинжээчийн дүгнэлтэд тухайн хүүхдийн мухар олгойн үрэвсэл ургацгийн салст бүрхэвчийн мэдрэлийн зохицуулга алданги үүссэн, тэнд үрэвслийн голомт үүсэж улмаар ургацаг идээлэх өвчин юм, мухар олгойн цочмог үрэвслийн үед зөвхөн мэс заслын хагалгаа яаралтай хийдэг. Гомдол гаргаагүй учраас өөр тайлбар байхгүй гэв.

           Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би гомдолтой байгаа, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч, удирдлагуудад гомдолтой байгаа, насан туршдаа гомдоно. Би үр хүүхдээ алдчихлаа, хэзээ миний амьдрал дуусна, тэр цагт миний гомдол тайлагдана гэж анх цагдаад өргөдөл өгөхдөө л хэлсэн. Яг энэ гомдлоороо л дуусна, анхан шатны шүүхийн шийдвэрийг дагана. Одоо үнэн, зөв шийдээсэй гэж хүсэж байна. Тухайн үед Э.Ц эмчтэй уулзсан, У.А-Э дарга хий гэсэн, намайг тэр хагалгаанд ор гэсэн гэж хэлсэн. Миний хүүхэд 2 хөлөөрөө өөрөө алхаад орсон. Энэ хүмүүс буруутай шүү дээ, буруутай болоод дөрвөн жилийг үзэх гэж байна шүү дээ, өөрсдөө ч адилхан эцэг, эхчүүд байж, гомдолтой байна гэв.

        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ц.Гансүх давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах журмаар гаргасан гомдлуудтай уншиж танилцсан, сая шүүх хуралдаан дээр ч ярьж байгаа зүйлийг сонслоо. Тэгэхээр эндээс нэг ийм л юм харагдаад байна. Өөрөөр хэлбэл 7 настай Б.Н-Э гэдэг хүүхэд нас барсан тохиолдолд Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлэг, эмч нар ямар ч буруугүй, 7 настай хүүхэд нас барна гэдэг ихэнх тохиолдолд зүй бусаар, хөгшрөөд үхээгүй байхгүй юу, тэгэхээр мухар олгойн үрэвсэл болсон нь буруу юм байна, эсвэл аав, ээж хоёр нь Б.Н-Э гэдэг охиныг төрүүлсэн нь буруутай, бид яах вэ цагаа тулахаар эргэж, буцаж ирдэггүй газар луу явах байх, гэхдээ арай л эрт явчихсан, 7 настай хүүхэд шүү дээ. Гэтэл одоо хэн ч буруугүй гээд байх юм. Нотлох баримт шинжлэн судлахаар гарах байх, өөрөөр хэлбэл 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс эхлээд бүтэн 14 хоногийн турш Э.Ц гэдэг хүн 12 хүний хагалгаанд мэдээгүйжүүлэлтийн эмчээр орсон байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр У.А-Э, Э.Ц, Д.Ө гурав 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр уулзаад Д.Ө улаан бүс рүү орох юм байна, ил байгаа хагалгаануудын хувьд Э.Ц хариуцах юм байна гэж өөрсдөө харилцан тохиролцсон, өөрсдөө хүлээн зөвшөөрсөн. Энэ хэргийн тухайд 12-ны өдрөөс хойш 16 хоногийн дараа гарч байгаа юм. Тэгэхээр энэ хугацаанд У.А-Э гэдэг хүн Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн хагалгаануудад Э.Ц гэдэг хүндийг мэдээгүйжүүлэлтийн эмчээр эрхгүй хэрнээ орж байсан гэдгийг маш сайн мэдэж байсан, өөрөө амаар зөвшөөрөл өгсөн, хууль бус үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг харсаар байж таг дуугүй өнгөрөөд эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байсан. Өөрөөр хэлбэл хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй, энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд зааснаар зохих ёсоор биелүүлээгүй гэдэг эс үйлдэхүй байна гэж өмгөөлөгчийн хувьд харж байгаа. Удаа дараа гарсан шинжээчийн дүгнэлтээр тухайн өдөр хагалгаанд мэргэжлийн бус мэдээгүйжүүлэлтийн эмч, сувилагч 2 орсон гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоочихсон шүү дээ. У.А-Э гэдэг хүний давж заалдах гомдол болон өөрийнх нь хэлсэн үгнээс харахад хэний ч буруу байхгүй гэсэн зүйл ярьж байна. Өөрөө тухайн эмнэлгийн үйл ажиллагаанд чиг үүрэг, зохих ёсоор биелүүлэх бүх ажиллагааг удирдчихаад Э.Ц гэдэг хүнийг хагалгаанд орж байгаа гэдгийг мэдээгүй, тэгвэл 16 хоногийн турш 12 удаагийн хагалгаанд Э.Ц гэдэг хүн орж байхад мэдээгүй хүн эмнэлгийн дарга мөн юм уу, дахиад үг хэлэх боломж олдвол тайлбар хэлээрэй. Өмгөөлөгч нар нь бас нилээн сонирхолтой юм ярьсан. Гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг, болгоомжгүй хэлбэртэй биш гэж байна. Онолын хувьд аваад үзвэл гэм буруугийн холимог хэлбэр. Гэхдээ хуульд ингэж тусгаагүй ч гэсэн гэм буруугийн холимог хэлбэрээр л үйлдэгдсэн байна. У.А-Э гэдэг хүн хуваарь гаргахдаа Д.Ө мэдээгүйжүүлэлтийн эмчээр томилсон, энэ тушаалаа өөрчлөөгүй гэсэн, бодит байдал болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар тийм биш гэдэг нь тодорхой харагдаж байгаа. Хэт мэдрэгшлийн шокийн улмаас нас барсан 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. У.А-Э болон өмгөөлөгч нарынх нь ярианаас сонсоход хэт мэдрэгшлийн шок болсон үед хаана ч байсан тухайн хүн хэн ч байсан үхэх л юм байна. Шинжээчийн дүгнэлтээр тэгж гараагүй шүү дээ, хэт мэдрэгшлийн шокийн үед амь нас аврагдах боломж муутай л гэж гарсан, огт аварч болохгүй гэж гараагүй. Хохирогчийн ээж, аав хоёр юунд гомдоод байдаг вэ гэхээр мэргэжлийн эмч орсон бол хэт мэдрэгшлийн шок дөнгөж эхэлмэгц Э.Ц эмчээс арай түрүүнд ажиглаад, мэргэжлийн хүн учраас арай түрүүнд эмийг нь саармагжуулах байдаг юм уу, эмнэлгийнх нь дүрэм журмаар бүх арга хэмжээг аваад амь насыг нь аврах боломж байсан болов уу гэсэн итгэл, үнэмшил, горьдлого байсан. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон анхан шатны шүүх хуралдаан дээр энэ нь тогтоогдсон шүү дээ. Гэрчүүдийн мэдүүлгээр хүүхэд хачин болчихлоо гээд Д.Ө эмч рүү утсаар яриад, гарч ирээд талийгаачийн ээжид нь хүүхэд сонин болчихлоо, бараг нас барчихлаа шүү гэж хэлсэн. Э.Ц эмчийн хийсэн үйлдэл энэ, гэтэл мэргэжлийн мэдээгүйжүүлэгч эмч байсан бол энэ асуудал хэрхэн, яаж өрнөх байсан бэ гэдэг нь тааварлашгүй үлдэж байгаа юм. Тийм учраас шинжээчийн дүгнэлтүүдээр амь нас аврагдах боломж муутай гэснээс биш энд сууж байгаа өмгөөлөгч нарын хэлээд байгаа шиг хэт мэдрэгшлийн шок болсон бол баталгаатай үхнэ гэсэн дүгнэлт байхгүй шүү. Онолын хувьд 10000 хагалгаанд нэг удаа энэ шок болдог, 999 хүн зүгээр хагалгаанд орлоо, 10000 дахь нь үхчихсэн үү, зүгээр зүгээр гэсэн утгатай зүйл яриад байх юм. Яагаад Э.Ц эмчтэй холбоотой асуудлыг яриад байна гэхээр Э.Ц гэдэг хүн мэдээгүйжүүлэлтийн нарийн мэргэжлийн эмч биш, 2021 оны 06 дугаар сарын 20-ны өдөр эмчлэх эрхийн зөвшөөрлийн гэрчилгээ буюу лиценз нь дуусчихсан хүн байсан. Хагалгааны өрөө рүү орох ч эрхгүй, тэр битгий хэл эмч ч биш. Тэгэхээр Э.Ц гэдэг хүний хагалгааны өрөөнд орсноос эхлээд хагалгааны өрөөнөөс гаран гартлаа хийсэн бүх үйлдэл нь өөрөө ямар нэгэн эмчилгээ биш, хууль бус үйлдэл, өмгөөлөгчийн хувьд ингэж харж байгаа. Яагаад гэвэл энэ хүн эмч биш, нарийн мэргэжлийн мэдээгүйжүүлэлтийн эмч биш, энэ хүний хийсэн үйлдлүүдийг шинжээчийн дүгнэлтүүдэд дурдаад байгаа юм. Өөрөөр хэлбэл шинжээчийн дүгнэлтээр эмчилгээ зохих журмын дагуу хийгдсэн, аврах ажиллагаа нь ч тэгж хийгдсэн, мэдээгүйжүүлэлтийн 3 тариа хийсэн, гурван тарианы тунг нь тааруулж хийсэн гэж яриад байгаа юм. Гэтэл Э.Ц гэдэг хүний удирдаж хийсэн мэдээгүйжүүлэх бүх ажиллагаа ямар нэгэн эмчилгээ биш, хууль бус үйлдэл, үүнийхээ төлөө энэ хүн яагаад хариуцлага хүлээдэггүй юм. У.А-Э гэдэг эмнэлгийн дарга яагаад гэм буруугүй байдаг юм бэ, анхан шатны шүүх хуралдаан дээр иймэрхүү нөхцөл байдалтай байсан. Э.Ц эмчийн хувьд давж заалдах журмаар гомдол гаргаагүй юм байна. Хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтын хүрээнд хэрэг учрал болсон талаар бүрэн тодорхой тодруулсан, нэмж шалгах зүйл байхгүй. Д.Ө эмчийн гомдолд ямар нэгэн тайлбар байхгүй гэв.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч П.Наранхүү давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг гараад сарын дараанаас энэ хэрэг дээр хохирогчийн өмгөөлөгчөөр ажилласан. Энэ хугацаанд маш олон үйл ажиллагаа, урт цаг хугацаа, их үйл явдал өрнөсөн. Зарим чухал зүйлсүүдийг заавал хэлэх ёстой юм байна гэж ойлгож байгаа. 7 настай, бүх эрхтэн нь эрүүл зөвхөн мухар олгойн хэсэг дээр л асуудалтай байсан. Задланд нь орсон хүн надад хэлж байсан, бүх эрхтэн нь цоо эрүүл харагдаж байсан гэж хэлсэн. Миний үйлчлүүлэгч Н.Н-Э над руу байнгын сэтгэл санаа хямарсан, сэтгэл санааны хүнд байдалтайгаар холбогдож ярьдаг. Шалгаж байгаа ажиллагаатай нь холбоотой хамгийн анхны хүсэлтээ Цагдаагийн байгууллагад гаргахад цагдаа дээр тэр эм тариаг татаж аваагүй байсан, бусад ажиллагаануудыг хийгээгүй байсан, би хүсэлт гаргаж анх татуулж байсан. Энэ хугацаанд хохиролтой холбоотой баримтуудаа сайн цуглуулаад баримтжуулж байгаад өгөх хэрэгтэй гэж анх зөвлөгөө өгч эхлэхэд сэтгэл санааны хүнд байдалтай байгаа миний үйлчлүүлэгч чи миний хүүхдийг мөнгөөр үнэлэх гээд байгаа юм уу гэж хэлж байсан. Ер нь бол энэ маш хүнд асуулт, тэгээд би энэ хэргийг анхнаас нь дуустал явж байна. Өөрөөр хэлбэл хохиролтой холбоотой баримтууд дээр ч гэсэн нэг их мөнгөн төлбөр нэхээгүй байгаа шүү дээ, нэхэхгүй байгаа. Зөвхөн өмгөөллийн үйлчилгээний үүднээс бид нар сэтгэл санааны хохиролтой холбоотойгоор санаачилгаараа бичиж байгаа. Сумын төвөөсөө аврал эрээд аймгийнхаа төвийн нэгдсэн эмнэлэг дээр хүүхдээ оршуулах гээд хэн ч ирэхгүй шүү дээ. Аймгийн төвийн нэгдсэн эмнэлэг яагаад ажиллаж байгаа вэ гэхээр аймгийн статустай, магадлан итгэмжлэгдсэн учраас аврагдана гэсэн итгэлээр очиж байгаа. Хэрвээ тэнд нь стандарт сахидаггүй, стандарт нь хангагдаагүй бол магадлан итгэмжлэгдэх ёсгүй, үйл ажиллагаа явуулж болохгүй, тэнд дарга гэж хүн байх ч шаардлагагүй. Тэр эмчилгээ хийгдээгүй бол тэр хүүхэд үхсэн асуудлаар энд эмчилгээний асуудал ярихгүй байх ёстой, өөр асуудлаар ярихыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ хэрэгт хамааралтай, эмчилгээний явцад нас барчихсан нөхцөл байдалтай холбоотой бид энд зогсож байна. Үүнд хоёр этгээдийг заавал шалтгаант холбоотой гэж харж байна. Нэг нь мэдээгүйжүүлэлтийн эмч, нөгөөх нь мэдээгүйжүүлэлтийн эмчийг орохыг үүрэгдсэн удирдлага, хэргийн материал дотор байгаа учраас холбоосоор нь тайлбарлая. Хамгийн анх надаас үйлчилгээ авахдаа миний үйлчлүүлэгч Н.Н-Э надад хэлж байсан, би мэдээгүйжүүлэлтийн эмчилгээ хийсэн хүнтэй нь уулзсан, тэр хүн жирэмсэн юм байна, надад уйлаад хэлж байна, би орохгүй байх байж гэж уйлж байна, яагаад орсон юм чи гэхээр манай дарга оруулсан л гэж хэлсэн, энэ талаар өгсөн мэдүүлэг нь хэргийн материалд байгаа. Э.Ц болон У.А-Э гэж хоёр хүн шалтгаант холбоотой гэж үзэж байгаа. Э.Ц гэдэг хүн өнөөдөр давж заалдах гомдол гаргаагүйгээрээ анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байна гэж би харж байна. Өөрөөр хэлбэл гомдол хэлэлцүүлэх нөхцөл үүсгэхгүй гээд татгалзаж байна. Тэгэхээр Э.Ц холбоотойгоор өөрийн үйлдлийг анхнаасаа хүлээн зөвшөөрсөн, би орох ёсгүй байсан, намайг дарга л ор гээд оруулсан. Энэ үйлдэлтэй холбоотойгоор У.А-Э гэдэг хүн бичгээр тушаалаа гаргаад ажлын бус цагаар ажиллах хүмүүсийн хуваарийг баталчихсан байсан. Э.Ц ор гэсэн бичгийн баримт байхгүй гэж байна. Байгууллагыг зөвхөн бичгээр удирддаг юм уу, тэгвэл тэр байгууллагад дарга байх шаардлага байхгүй. Компьютер юм уу ямар нэгэн цахим эсвэл бичмэл үйл явцаар л удирдах юм байна шүү дээ. Өдөр тутмын үйл ажиллагааг удирдана гээд бүх байгууллагын дотоод журам, бүх байгууллагын хууль дээр байж байгаа. Байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг байгууллагын дарга удирддаг. Эцсийн дүнд бичгээр гаргасан тушаал, хуваарь байгаа юм бол яагаад мөрддөггүй юм бэ, мөрддөггүй юм бол яах гэж баталсан юм. Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмх замбараагүй, зохион байгуулалтгүй байдлаас үүдээд харамсалтай тохиолдол үүсэж байна. Энэ харамсалтай тохиолдол үүсээгүй бол ил, далд хүмүүс хохироод л яваад байна гэсэн үг. Миний үйлчлүүлэгчийн хувьд харахад л хайр хүрсэн, нүдийг нь хараад л сэтгэл нь сэргэдэг 7 настай охин нь байсан цаг үе үргэлж санаа, бодолд нь байна. ...Түүнээс биш анафилаксийн шок гэдэг агуулгаар азгүй ч юм уу, эсхүл яагаад ч аврах боломжгүй гэсэн мэргэжлийн ёс зүй байж болохгүй. Эцэст нь дүгнээд хэлэхэд эмнэлгийн мэргэжилтэн эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, зохих ёсоор биелүүлээгүй гэж байгаа. У.А-Э шүүгдэгчийн хувьд бичгээр гаргасныгаа зөв гэж байгаа мөртлөө амаар гаргасныг буруу гэвэл Э.Ц хэлсэн мэдүүлэг дээр байгаа намайг ор гэсэн агуулгатай өгүүлбэрүүд өнөөдөр ач холбогдолгүй болох ёстой. Гэхдээ тэр мэдүүлэг ач холбогдолтой учраас өөрийгөө хичнээн зөвтгөсөн ч гэсэн Э.Ц үйлдлээр тогтоогдоно. Тийм учраас энэ хоёр шалтгаант холбоо энд үүсэж байна гэж харж байна, шүүх бас тэгж дүгнэсэн, үүнийг зөв гэж харж байгаа гэв.

        Прокурор Т.Нансалмаа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгч нарын өмгөөлөгч нар манай шүүгдэгч нар энэ хэрэгт огт хамааралгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөөч, шийтгэх тогтоол үндэслэл бүхий гараагүй, хэргийн бодит байдалд нийцээгүй гэсэн гомдол гаргасан юм байна. Прокурорын зүгээс хэргийг 4 жил шалгаж дууссан, шаардлагатай бүх нотлох баримтуудыг хэрэгт хавсаргасан. 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ шинжээчийн дүгнэлтүүдээс 3 дүгнэлтийг өмгөөлөгч нар авч яриад байна. Энэ 3 дүгнэлтээр анафилаксийн шок буюу хэт мэдрэгч урвалд ороод нас барсан учраас энэ дүгнэлтийг шийтгэх тогтоол гаргахдаа авч үзсэнгүй л гээд яриад байх юм. Энэ дүгнэлтүүд эргэлзээтэй учраас мэргэжлийн Эмнэлгийн чанар, аюулгүй байдлын салбар зөвлөлөөс 7 хүний бүрэлдэхүүнтэй шинжээч нарын дүгнэлтийг гаргаж байгаа юм. Энэ 7 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргахаар шүүгдэгч У.А-Э, Д.Ө, Э.Ц нарыг ийм ийм заавар, журам стандартуудыг зөрчсөн буруутай байна гэж гаргаж ирсэн. Бусад 4 шүүгдэгчийн хувьд магадлалтай байна гээд анхан шатны шүүх хурлаас гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Журмаар гэмт хэрэгт тооцоод байна гэж яриад байна, ерөнхийдөө тийм агуулга гарч ирж байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 28.4 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тодорхой зааж өгсөн. Эмч, эмнэлгийн ажилтан нь үйл ажиллагаандаа Эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, техник эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллана гэж хуульдаа заагаад өгчихсөн. Дагаж мөрдөх удирдамж нь зөрчигдсөн нь Эрүүл мэндийн чанар, аюулгүй байдлын салбар зөвлөлөөс гаргасан шинжээчийн дүгнэлтээр буруутай үйлдэл гэж дүгнэсэн. Тийм учраас прокуророос яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай байна гэж үзэж байгаа юм. Шүүгдэгч У.А-Э эмнэлгийн ерөнхий эмч, дарга би ерөөсөө Э.Ц тушаал гаргаагүй гэж яриад байх юм. Д.Ө нь би тушаалынх нь дагуу улаан бүсэд ажиллаж байсан гэж яриад байдаг. Гэтэл журмаа баримталж ажиллана гэдэг зүйл Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ноцтой зөрчигдсөн. Жижүүр эмчээр ажиллах, ажлын бус цагаар ажиллах эмч нарын хуваарь гарсан. Энэ хуваарь дээр Д.Ө эмч 06 сард ажиллах ёстой байсан. Үүнээс хойш 06 дугаар сарын 12-ноос 3 эмчийн хооронд амаар тохиролцсон гэж яриад байгаа, мэдүүлэг нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Ерөнхий унтуулгатай хагалгаанд Д.Ө орно, хэсэгчилсэн буюу нугасны мэдээ алдуулалт дээр Э.Ц орно гэж яриад байдаг. Эмнэлэг дээр дагаж мөрдөх журам, тушаал, стандарт, заавар нь алдагдсан байгааг харуулаад байгаа юм. Э.Ц эмч мэргэжлийн бус эмч гэдгийг бүгд мэдэж байгаа, дарга нь ч мэддэг, Д.Ө эмч ч мэддэг. Д.Ө эмчийн хувьд аймагт ганцаараа мэргэшсэн мэдээгүйжүүлэлтийн эмч тэрийгээ мэдэж байгаа, гэтэл өөрийн хүсэлтийг удирдлагадаа тавиад би 93 настай эмээгээ улаан бүсэд эмчлэх шаардлага гарлаа гэж хэлснээс улаан бүсэд ороод эмчилгээ хийж байх явцад Э.Ц эмч утсаар ярихаар зөвлөгөө өгдөг. Өнөөдрийн хурал дээр тайлбараа хэлэхдээ Д.Ө эмч би ерөөсөө мэдээгүй байсан, хүүхдийн зүрхний тоо цөөрлөө гэхээр зааварчилгаа өгсөн гэдэг. Гэтэл орохоосоо өмнө мэдэгдэж, утсаар яриад хүүхдийн жин 24 килограмм жинтэй хүүхэд байна яах вэ гэхэд тэрийг 5-аар үржүүлээд 125 милограммаар хий гэсэн. Гэтэл 24-ийг 5-аар үржүүлэхээр 120 миллиграмм байх ёстой. Хагалгаанд ороод тракриум гэдэг эмийг 10 милограммаар хийнэ гэсэн, хийсэн, хийж эхлэхэд хүүхэд ханиалгах реакци өгөхөд 5 граммыг нэмж хийсэн. Ингээд хүүхэд шоконд орж байгаа юм, хэргийн үйл баримт ийм л зүйл болсон. Энэ бүх үйл явдлуудыг тогтоохын тулд хангалттай нотлох баримтуудыг хэрэгт авч хийсэн. Яагаад гэхээр мэргэжлийн бус эмч мэдээгүйжүүлэх эмч хийх ёсгүй, хуулиараа, стандартаараа хориглочихсон. 635 дугаартай хавтаст хэргийн материалаар дүгнэлт гаргасан юм. 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 110 дугаартай Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс гаргасан шинжээчийн дүгнэлт. Энэ дүгнэлтэд мэдээгүйжүүлгийн эмчийг оруулалгүй, мэргэжлийн биш яаралтай тусламжийн эмч хагалгаанд оруулсан нь мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоо эмчилгээний MNS 5665-5:2006 стандартад заасан мухар олгойн хагалгааг клиникийн болон нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч, туслах хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, мэдээгүйжүүлэгч сувилагч гэсэн бүрэлдэхүүнтэй хийнэ гэж заасан заалтыг зөрчсөн байна гэж дүгнэлт гаргасан. Энэ дүгнэлттэй холбогдуулаад Эмнэлгийн чанар, аюулгүй байдлын салбар зөвлөлийн дүгнэлтүүд гараад У.А-Э, Д.Ө, Э.Ц, нарыг стандарт, журам зөрчсөн байна гэж буруутгаж байгаа юм. Энэ хэрэг эс үйлдэхүйгээр илэрдэг, 3 эмчийн хувьд эс үйлдэхүйгээрээ энэ хэрэгт холбогдсон. Хохирол, хор уршиг учрах нь болгоомжгүй хэлбэрээр гардаг. Тийм учраас энэ гэмт хэргийн шинжийг бүрэн дүүрэн хангаж байна. Саяын 3 дүгнэлтийг хэлээд шүүхээс нас барсан шалтгааныг анхан шатны шийтгэх тогтоол дээр үндэслэлтэй дүгнэж чадаагүй гэж байна. Энэ 3 дүгнэлтийг үндэслээд хамгийн сүүлийн 7 хүний бүрэлдэхүүнтэй дүгнэлт нь 3 эмчийг буруутгасан заалтаар дүгнэлтээ хийгээд шийтгэх тогтоолоо гаргасан байгаа нь үндэслэлтэй гэж үзэж байгаа. Цагаатгах талын нотлох баримт болох 3 шинжээчийн дүгнэлтийг үндэслэлгүй л гээд байгаа. Шийтгэх тогтоол дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүд гарсан байгаа гэдгийг үндэслэж өгсөн. Хэргийн бодит байдалд нийцээгүй үгүйсгэсэн тухай дүгнэлтээ шүүх хийгээгүй гэх юм, цагаатгах болон яллах талын бүх дүгнэлтүүдийг харьцуулан үзэж дүгнээд шийтгэх тогтоол хууль зүйн дагуу гарсан байгаа. Тушаал, шийдвэрүүд хавсаргагдаагүй гэмт хэргийн шинжийг бичээгүй гэсэн гомдлууд бүгдээрээ хууль зүйн үндэслэлгүй байна гэдгийг хэлмээр байна. Э.Ц шүүгдэгчийн хувьд гомдол гаргаагүй учраас хариу тайлбар хэлэх шаардлага байхгүй. Тайлбарын хувьд шүүгдэгч нар энэ гэмт хэрэгт холбогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэсэн үндэслэл журмын дагуу шийдвэрлэсэн. Хуульд заасан үндэслэл журмын дагуу хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргасан гэж прокурорын зүгээс үзэж байна. Яагаад гэвэл хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт дараах нотлох баримтууд авагдсан. ...Д.Ө хувьд мэдээгүйжүүлэлтийн эмчээр ажиллаж байх хугацаандаа яаралтай тусламжийн эмч Э.Ц гар утсаар ярихад нь мэдсэн атлаа хүүхдийн биеийн жин, өндрийг асууж мэдээгүйжүүлгийн эрхгүй эмчид заавар, зөвлөгөө өгч тариа хийлгэх талаар зөвлөгөө өгсөн. Мөн хуваарийн дагуу хагалгаанд орж мэдээгүйжүүлэгч эмчээр ороогүй. Э.Ц хувьд мэдээгүйжүүлэгч эмчийн эрхгүй хэрнээ хагалгаанд мэдээгүйжүүлэх эмчээр орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс 7 настай Б.Н-Э хагалгааны явцад нас барсан байдал тогтоогдсон. Иймд анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, мөн өмгөөлөгч нарын яриад байгаа тухайн үед онцгой буюу ковидын нөхцөл байдал байсан, дэлхий даяар энэ журмыг мөрдөж ажиллаж байсан гэдэг нөхцөл байдлуудыг нь шүүхээс харж 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүх энэ зүйлд заагаагүй онцгой нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно гэж заасан нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд нь хөнгөрүүлж дүгнэлт хийсэн нь хэргийн үйл баримтад нийцсэн хууль зүйн үндэслэл бүхий байна гэж үзэж байгаа. Гомдолд дурдсанаар У.А-Э, Д.Ө нарыг цагаатгаж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн гомдлууд нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Шинжээчийн дүгнэлтүүдээр гарсан шүүгдэгч У.А-Э нь нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт, ажилтныг өөр ажил албан тушаалд шилжүүлэх, сэлгэх, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ цуцлах, хариуцлага хүлээлгэх стандарт, эмчилгээ оношилгооны түгээмэл стандартуудыг зөрчсөн, мөн Эрүүл мэндийн сайдын 106 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн, Д.Ө хувьд нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа стандарт мэдээгүйжүүлэгчийн батлагдсан стандарт, заавар, удирдамжийн дагуу гүйцэтгэж өвчтөний биеийн байдалд хяналт тавин өвчний түүхэнд тэмдэглэнэ, яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авснаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана, цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэх стандарт зэрэг Эрүүл мэндийн сайдын баталсан мэргэжлийн ёс зүйн дүрмийг зөрчсөн үйлдлүүдийг гаргасан. Э.Ц хувьд дээрх стандартуудыг зөрчсөн болох нь эмнэлгийн чанар аюулгүй байдлын салбар зөвлөлийн шинжээчийн дүгнэлтээр давхар тогтоогддог. Д.Ө өмгөөлөгч стандарт, журам, заавар манай үйлчлүүлэгч Д.Ө  хамааралгүй, ковидод байхад хүүхдэд хагалгаа хийгээгүй, ирж нүдээр ч хараагүй, үзээ ч үгүй байхад буруутгаж байгаа нь үндэслэлгүй байна гээд байгаа юм. Хүүхдийг нүдээр харж үзээгүй, биед нь үзлэг хийгээгүй байж утсаар заавар өгдөг хууль ёсны байх уу, тийм учраас 3 шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдсэн, шүүхээс шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэрэг хамааралтай бүх нөхцөл байдлыг харгалзан үзсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэж байна. Мөн шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримталсан, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэрэг хэмжээ, гэм буруугийн хэлбэрийг харгалзан үзэж эмчлэх эрхийг хасаж, торгох ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийн бодит байдалд нийцсэн үндэслэл бүхий дүгнэлт хийж шийдвэрлэсэн, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлагдсан ажиллагаа тогтоогдоогүй. Иймд анхан шатны шийтгэх тогтоол Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагад нийцсэн байх тул оролцогчдын гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн дүгнэлтийг шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ :

         Давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдлын агуулгаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.

       Мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явцад саад болж, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхүйц зөрчил тогтоогдсонгүй.

           Шүүгдэгч У.А-Э нь аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар ажиллаж байхдаа Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 6.2-т Эмнэлгийн тусламж, үйлчилгээг шуурхай, чанартай үзүүлэхэд шаардлагатай эмнэлгийн мэргэжилтэн, эмнэлгийн бусад мэргэжилтэн, ажилтны хэрэгцээг тооцож, сул орон тоог нөхөх, ажилтныг мэргэжил, албан тушаалын хувьд ахиулах төлөвлөлт (карьер)-ийг ойрын болон дунд хугацаагаар хийж, эмнэлгийн эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан хэрэгжүүлнэ. Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Төрийн захиргааны төв байгууллагаас баталсан үлгэрчилсэн загварын дагуу ажлын байрны тодорхойлолтыг байгууллагын бүх албан тушаал, мэргэжлээр гаргаж, өөрчлөлт ороогүй тохиолдолд 3 жил тутамд, өөрчлөлт орсон тухай бүрд шинэчлэн, шинээр тасаг, нэгж, ажлын байр үүссэн тухай бүрд шинээр боловсруулан баталгаажуулна. 6.8-т Ажилтныг өөр ажил, албан тушаалд шилжүүлэх, сэлгэх, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ цуцлах, хариуцлага хүлээлгэх, нөхөн төлбөр олгох, ажил амралтын цагийн зохицуулалт, ажилтан хоорондын болон удирдах албан тушаалтан, ажилтан хоорондын харилцаа, ажилтны санал, гомдол шийдвэрлэлт зэрэг хөдөлмөрийн харилцаатай холбоотой бусад асуудлыг холбогдох хууль эрх зүйн хүрээнд шийдвэрлэж, шийдвэрийг баталгаажуулан ил тод мэдээлнэ. MNS 4621-5:2008 “Эмчилгээ оношлогооны түгээмэл үйлдэл, стандартын 2.1.1-т MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын хавсралт А-ын 1.2 буюу “хууль, журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ”, Эрүүл мэндийн Сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”-ийн 9.2-т “Эрүүл мэндийн удирдах ажилтан нь иргэд, үйлчлүүлэгчдийн эрүүл мэнд, эмчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд анхаарч ажиллана.”, 9.4-т “Эрүүл мэндийн удирдах ажилтан нь давуу байдлаа ашиглан, албан тушаалын тодорхойлолтын хүрээнээс хэтэрч, эрүүл мэндийн байгууллага, эмнэлгийн мэргэжилтний нэр төрийг өргөж үлгэрлэн манлайлж ажиллана", Нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан,

        шүүгдэгч Б.Ц нь аймгийн нэгдсэн эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ажиллаж байхдаа Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 8.2-т “Тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал болон холбогдох тушаал шийдвэр, албан даалгавар, стандарт, эмнэл зүйн заавар, удирдамж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцно.”, 8.4-т “Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрэлт, хэрэгцээ, өргөдөл, гомдлын мөрөөр хяналт хийнэ.”, Монгол улсын шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/565 тоот тушаалаар батлагдсан дүрмийн 2.4.1 буюу “эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлын албаны орон тооны бус гишүүн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга нь тухайн байгууллагын эмнэл зүйн үйл ажиллагаатай холбоотой талуудын уялдаа холбоог ханган, хамтран ажиллах үүргийг хэрэгжүүлнэ", MNS 5665-5:2006 "Мухар олгойн цочмог үрэвслийн оношилгоо эмчилгээ" стандартын 15.1-т MNS 6206:2010 "Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5.1 буюу ерөнхий эмч нь мэдээгүйжүүлэг хийх эмчийг журмын дагуу томилж ажиллуулна", MNS 4621-5:2008 "Эмчилгээ оношилгооны түгээмэл үйлдэл" стандартын 2.1.1, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан,

       шүүгдэгч С.Б нь аймгийн нэгдсэн эмнэлгийн туламж үйлчилгээний чанарын албаны даргаар ажиллаж байхдаа Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа" стандартын 8.2-т "Тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар, аюулгүй байдал болон холбогдох тушаал шийдвэр, албан даалгавар, стандарт, эмнэл зүйн заавар, удирдамж, дүрэм, журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, үр дүнг тооцно.”, 8.4-т, Үйлчлүүлэгч, үйлчилгээ үзүүлэгчийн эрэлт, хэрэгцээ, өргөдөл, гомдлын мөрөөр хяналт хийнэ.”, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2019 оны А/565 тоот тушаалаар батлагдсан дүрмийн 2019 оны А/565 тоот тушаалын нэгдүгээр хавсралт "Эрүүл мэндийн тусламж үйлчилгээтэй холбоотой үүссэн тохиолдлыг бүртгэх, мэдээлэх, хариу арга хэмжээ авах журам"-ын 3.6 болон 3.9 дахь заалтыг мөрдөөгүй, дээрх журмын хоёрдугаар хавсралтын 2.1.1.2-т зааснаар “хүний нөөцийн хангамж хүртээмж, мэргэшсэн байдлын эрсдэлийг үнэлэн, илрүүлж эмнэлгийн удирдлагын багт мэдээлэн тухайн эрсдэлийг бууруулах арга хэмжээг авч ажиллаагүй”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тусгай мэргэжлийн дипломгүй, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхлэх лицензгүй эмчээр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн, ажил үүргийн хуваарийн дагуу холбогдох эмнэлгийн мэргэжилтнүүдийг ажиллуулаагүй эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан,

           шүүгдэгч О.О нь аймгийн нэгдсэн эмнэлгийн нэгдүгээр жижүүр эмчээр ажиллаж байхдаа Монгол улсын MNS 5095:2017 "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.1.8-т "Эмнэлгийн жижүүр эмч нь үйлчлүүлэгчийн оношилгоо, эмчилгээг ажлын бус цагаар бүрэн хариуцна", 12.1.10-т "Яаралтай мэс засал, хавсарсан хүнд гэмтлийн тусламж, үйлчилгээг холбогдох дүрэм журам, заавар, хөтчид заасан хугацаанд хийсэн байна”, MNS 6206:2010 "Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг" стандартын 7-т "Мэргэшсэн эмч сувилагчгүй байх нь ерөнхий мэдээгүйжүүлэг хийх эсрэг заалт" 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журам 13.6, 13.7, 13.8, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн жижүүр эмчийн ажиллах журам, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм"-ийг мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам хуулийг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд тухайн ээлжийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үйл ажиллагаа сахилга хариуцлага, эмнэлгийн тусламж үйлчилгээг удирдан зохион байгуулж ахлан ажиллах үүргээ биелүүлээгүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогч Б.Н-Э хагалгааны явцад нас барсан,

       шүүгдэгч Э.Ц нь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.16.2-т “Мэдээгүйжүүлэлтийг батлагдсан стандарт, заавар, удирдамжийн дагуу гүйцэтгэж, өвчтөний биеийн байдалд хяналт тавин, өвчний түүхэнд тэмдэглэнэ”, 12.16.4-т “Яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана”, мөн дээрх стандартын хавсралтын А-ын 1.2-т “Зөвхөн хууль журмын дагуу олгосон мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй эмнэлгийн мэргэжилтэн тухайн зөвшөөрлийн төрлөөр эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлнэ.”, MNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэгийг мэргэшсэн мэдээгүйжүүлэгч эмч, мэргэшсэн сувилагчийн хамт техникийн ажилтны оролцоотойгоор тусгай тоноглогдсон өрөөнд гүйцэтгэнэ. Тухайн эмнэлгийн ерөнхий болон ахлах эмчийн баталсан журмын дагуу тухайн томилогдсон эмч мэдээгүйжүүлгийг явуулна. Ерөнхий хийсэн явцын тухай мэдээгүйжүүлгийн карт хөтөлж өвчний түүхэнд хавсаргана”, MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ” стандартын 15.1-т “Клиникийн болон аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын мэс засалч, туслах, хагалгааны сувилагч, мэдээгүйжүүлэгч эмч, мэдээгүйжүүлэгч сувилагч бүрэлдэхүүнтэй хийнэ”, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Эрүүл мэндийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4.3-т “үйл ажиллагаандаа эрүүл мэндийн тухай хууль тогтоомж, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх ажлын стандарт, технологи, эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх удирдамжийг мөрдөж ажиллах үүрэгтэй” гэж заасныг тус тус мөрдөж ажиллагаагүй, дээрх стандарт, дүрэм журам, хуулийг зөрчиж мэдээгүйжүүлэх эмчийн эрхгүй атлаа 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд мэдээгүйжүүлэгч эмчээр орж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-Э эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан, 

    шүүгдэгч Д.Ө нь аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлэгийн эмчээр ажиллаж байхдаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа” стандартын 12.16.2-д “Мэдээгүйжүүлгийг батлагдсан стандарт, заавар, удирдамжийн дагуу гүйцэтгэж, өвчтөний биеийн байдалд хяналт тавин, өвчний түүхэнд тэмдэглэнэ”, 12.16.4-т “Яаралтай мэс засал шаардлагатай үйлчлүүлэгчийг хүлээн авсанаас хойш 2 цагийн дотор мэс засал хийх бэлтгэлийг хангана”, МNS 6206:2010 “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэг” стандартын 5 дугаар бүлэгт заасан “Цагаан мөгөөрсөн хоолой гуурстай ерөнхий мэдээгүйжүүлэгийг мэргэшсэн мэдээгүйжүүлэгч эмч, мэргэшсэн сувилагчийн хамт техникийн ажилтны оролцоотойгоор тусгай тоноглогдсон өрөөнд гүйцэтгэнэ. Тухайн эмнэлгийн ерөнхий болон ахлах эмчийн баталсан журмын дагуу тухайн томилогдсон эмч мэдээгүйжүүлгийг явуулна. Ерөнхий хийсэн явцын тухай мэдээгүйжүүлгийн карт хөтөлж өвчний түүхэнд хавсаргана” гэж заасныг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн эмчийн албан тушаалын тодорхойлтод заасан чиг үүргийг тус тус мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журам, хуулийг зөрчсөний улмаас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд хуваарийн дагуу орох ёстой байтал мэдээгүйжүүлэгч эмчээр ороогүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-Э эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан,

            шүүгдэгч Ш.А нь аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ээлжийн сувилагчаар ажиллаж байх хугацаандаа Монгол Улсын MNS 5095:2017 “Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа” стандартын 12.1.5-т “Үзлэг, оношлогоо, шинжилгээ, эмчилгээ хийх бүрд холбогдох анхан шатны бүртгэлийн маягт, хяналтын хуудсыг хөтөлнө”, 12.1.6-д “үйлчлүүлэгчид оношлогоо, эмчилгээний үйлдэл, ажилбар, мэс засал хийхийн өмнө эмнэлгийн мэргэжилтэн өөрөө болон үзүүлэх гэж байгаа тусламж үйлчилгээний байдлаар товч танилцуулж, холбогдох журмын дагуу зөвшөөрөл авсан байна”, 12.1.10-т “Яаралтай мэс засал, хавсарсан хүнд гэмтлийн тусламж, үйлчилгээг холбогдох дүрэм, журам, заавар, хөтчид заасан хугацаанд хийсэн байна”, MNS 5665-5:2006 “Мухар олгойн цочмог үрэвслийн оношлогоо эмчилгээ” стандарт, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д, 14.6-д, 18.1-д, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасгийн сувилагчийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг, Эрүүл мэндийн сайдын 2019 оны А/406 тоот тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм”, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасгийн үйл ажиллагааны журмыг тус тус мөрдөж ажиллаагүй, дээрх стандарт, дүрэм журмыг зөрчиж 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд орох мэс заслын багийг дуудахдаа хуваарийн дагуу орох ёстой байсан эмнэлгийн мэргэжилтнийг дуудалгүй дур мэдэн эмнэлгийн Хөдөлмөрийн дотоод журмын 13.6-д заасан нэгдүгээр жижүүр эмчийн зааварчилгаагүйгээр хагалгаанд орох эрхгүй эмчийг дуудаж эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-Э эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

         Шүүгдэгч У.А-Э, Э.Ц нарын үйлдсэн гэмт хэрэг хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нотлогдсон гэж анхан шатны шүүхээс хийсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Шүүгдэгч Д.Ө болон түүний өмгөөлөгч Э.Ганбат нараас ”... өвчтөн Н-Э мэс засал хийхэд унтуулгын эмчээр оролцох ёсгүй, оролцоогүй нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг үгүйсгэж байх тул холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь:

   Шүүгдэгч Д.Ө хувьд аймгийн нэгдсэн эмнэлгийн мэдээгүйжүүлгийн  эрхтэй ганц эмчээр ажиллаж байхдаа  дээрх стандарт, дүрэм журам, хуулийг зөрчсний улмаас 2021 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө аймгийн нэгдсэн эмнэлэгт мухар олгойн хагалгаа хийлгэхээр ирсэн 7 настай Б.Н-Э хагалгаанд хуваарийн дагуу орох ёстой байтал мэдээгүйжүүлэгч эмчээр ороогүй, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогч Б.Н-Э эмийн бодисын хэт мэдрэгшлийн шокийн улмаас хагалгааны явцад нас барсан гэх үйлдэл нь нотлогдоогүй буюу шүүгдэгч Д.Ө тухайн өдөр 7 настай Б.Н-Э хагалгаанд  ор гэж хэн ч хэлээгүй, түүнчлэн тухайн цаг хугацаанд улаан бүсэд ажиллаж байсан, улаан бүсээс гарч хагалгаанд орох боломжгүй талаар Эрүүл мэндийн сайдын 2021 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/227 дугаар тушаалаар батлагдсан “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд мөрдөх халдварын сэргийлэлт, хяналтын түр заавар”-т заасан болох нь шүүгдэгчийн анхан болон давж заалдах шатны шүүхэд өгсөн мэдүүлгээр нотлогдож байх тул эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй  гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

         Хэрэгт авагдсан баримтаар дэлхий нийтээр гоц халдварт корона вирусын цар тахлын үед улаан бүсэд эрчимт эмчилгээний эмчээр ажиллаж байсан нь холбогдох баримтуудаар тогтоогдож байна.

        Хагалгаа хийхээс өмнө Э.Ц нь Д.Ө утсаар зөвлөгөө авч мэдээгүйжүүлэлтийг хийсэн нь эмчилгээний стандарт зөрчигдөөгүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

        Иймд Д.Ө яллах дүгнэлтэд заасан эмнэлгийн стандарт, журмуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, өөрөөр хэлбэл, уг хагалгаанд оролцоогүй учир 7 настай Б.Н-Э нас барсан үйлдэлд шалтгаант холбоо байхгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

            Шүүгдэгч У.А-Э болон түүний өмгөөлөгч нараас “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн объектив талын шинжид хамаарах эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх үүргээ хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр биелүүлээгүй, эсвэл өвчтөнд тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн амь нас хохирсон гэж үзэх нөхцөл байдал хангалттай нотлогдон тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож байгаа нь хуульд нийцэхгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэж давж заалдсан гомдол гаргасныг хүлээн авах боломжгүй байна. Учир нь:

           Шүүгдэгч У.А-Э хувьд нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг стандарт, дүрэм, журмуудыг мөрдөж ажиллаагүйгүйгээс аймгийн нэгдсэн эмнэлэгт ганцхан байгаа мэдээгүйжүүлэгч эмч Д.Ө улаан бүсэд оруулж, оронд нь мэргэжлийн бус Э.Ц мэдээгүйжүүлэгч эмчээр хагалгаанд оруулах аман шийдвэр гаргасны улмаас тухайн өдөр 7 настай Б.Н-Э хагалгаанд орж  амь насыг нь хохироосон болох нь:

          гэрч Э.Ц “... А-Э дарга уулзаад Д.Ө эмч халдвартын улаан бүсэд эрчимт эмчилгээний тасагт хүнд хүнтэй байгаа учраас тийшээ орж ажиллах нь ээ. Энэ хугацаанд яаралтай хагалгаануудад чи орж байх нь байна шүү гэж хэлсэн” гэсэн,

           гэрч Д.Ө “... А-Э дарга Ц Ө эмч ковидын улаан бүс рүү орох нь ээ, төлөвлөгөөт хагалгаагаа зогсооно, яаралтай хагалгаа буюу олгой, кесар хагалгаандаа орж бай, хүнд хагалгаанд нь Ө орно гэдгийг хэлсэн” гэсэн мэдүүлэг,

          шүүгдэгч Э.Ц хувьд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн үйл ажиллагаанд мөрдөгдөж байгаа стандарт, дүрэм, журмуудыг зөрчиж мэдээгүйжүүлэгч эмчийн зөвшөөрөлгүй атлаа 7 настай Б.Н-Э хагалгаанд орж амь насыг хохироосон болох нь:

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-Э ”... Ц эмч надад охиныг эндсэнд маш их харамсаж байна, миний буруу, бүх хариуцлагаа би өөрөө үүрнэ, зуун хувь миний буруу гээд уйлаад байсан”  гэсэн мэдүүлэг,

          шинжээч эмч Л.Ж “... цусанд эмийн бодисын тун хэтэрсэн эсвэл хордсон эсэхийг тусгай лабораториудад тодорхойлох ёстой. Лабораторид явуулсан боловч техникийн боломжгүй гэсэн хариу ирсэн” гэсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           Харин анхан шатны шүүхээс яллагдагч Б.Ц, С.Б, О.О, Ш.А нар нь эмнэлгийн үйл ажиллагаатай холбоотой стандарт, дүрэм, журмыг зөрчсөн боловч талийгаач 7 настай Б.Н-Э хагалгаанд шууд оролцоогүй, ажил үүргийн хувьд нас барсан үйлдэлтэй шалтгаант холбоогүй болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзэж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

         Түүнчлэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-Э нь сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилснийг анхан шатны шүүх хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй гэж заасан нь буруу бөгөөд хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

           Тодруулбал, Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3, 511.4, 511.5 дахь хэсэгт тус тус заасан хэм хэмжээг буцаан хэрэглэх талаар Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн хуульд заагаагүй тул эдгээр заалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш болж өнгөрсөн үйл явдал буюу үүссэн харилцаанд хэрэглэнэ.

           Иймд шүүгдэгч Д.Ө гэм буруутайд тооцсон, түүнд ял оногдуулсан, түүнээс хохирол төлбөр гаргуулсан анхан шатны шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Д.Ө, түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, шүүгдэгч У.А-Э, түүний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

           Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2025/ШЦТ/29 дүгээр шийтгэх тогтоолын:

            тогтоох хэсгийн 1 дүгээр заалтад “...А” гэсний дараа “, Б овогт Д Ө” гэж нэмж,

             тогтоох хэсгийн 2, 3, 4, 5, 6 дугаар заалтаас шүүгдэгч Б овогт Д Ө холбоотой хэсгийг хасч,

           тогтоох хэсгийн 8 дугаар заалтын “шүүгдэгч У.А-Э, Э.Ц, Д.Ө нараас 3 273 000 / гурван сая хоёр зуун далан гурван мянга/ төгрөгийг хувь тэнцүүлж буюу тус бүрээс 1 091 000 /нэг сая ерэн нэгэн мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай”, гэснийг “шүүгдэгч У.А-Э, Э.Ц нараас хувь тэнцүүлэн тус бүр 1 636 500 /нэг сая зургаан зуун гучин зургаан мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай” гэж өөрчлөн,

           тогтоох хэсгийн 10 дугаар заалтыг “Иргэний хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д заасныг баримтлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Н-Э сэтгэцэд учирсан гэм хорын хохирол гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

          2. Д.Ө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

          3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                   Б.НАРАНЧИМЭГ

                    ШҮҮГЧ                                        А.САЙНТӨГС                          

                     ШҮҮЧ                                          О.ОДНЯМАА